Еховагийн зан чанарыг эрхэмлэх нь
«Хайрлагдсан хүүхдүүд адил Бурханыг дуурайгчид болцгоо» (ЕФ. 5:1).
1. а) Ехова ямар зан чанартай вэ? б) Бурхны зан чанарыг судлах нь ямар ач тустай вэ?
ЕХОВАГИЙН тухай бодохлоор ямар зан чанар нь хамгийн түрүүнд таны санаанд орж ирдэг вэ? Олон хүн хайр, шударга зан, мэргэн ухаан, хүчийг нь боддог. Гэхдээ Ехова өөр олон сайхан зан чанартайг бид мэднэ. Тэдгээрийг жагсааж бичвэл дөч хол давна. Манай ном хэвлэлд тус бүрийг нь дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Гэр бүлээрээ юм уу бие дааж судалбал Еховагийн олон сайхан зан чанарыг мэдэж болно гээд бод доо! Мэдэж авахын ач тус нь юу вэ? Тэнгэрийн Эцгийнхээ зан чанарыг илүү их үнэлж эрхэмлэдэг болно. Улмаар түүнтэй ойр дотно болж, дагаж дууриах хүсэл бүр ч их оргилно (Иош. 23:8; Дуу. 73:28).
2. а) Еховагийн зан чанарыг илүү их үнэлж эрхэмлэх боломжтойг жишээгээр хэлнэ үү. б) Энэ болон дараагийн хоёр өгүүллээр юу үзэх вэ?
2 Тэгвэл «үнэлж эрхэмлэх» гэдэг нь юу гэсэн үг вэ? Аливаа зүйлийн жинхэнэ үнэ цэнийг ойлгох гэсэн үг юм. Юмыг таньж мэдэхийн хэрээр улам их үнэлдэг. Дараах жишээг бодъё. Ширээн дээр идэж үзээгүй шинэ хоол байна. Эхлээд үнэрлэж үзээд, бага багаар амссаар сайхан амттай хоол гэж дүгнэнэ. Эцэст нь өөрөө хийхээр шийднэ. Ингэж л шинэ хоолыг үнэлдэг болно. Үүнтэй адилаар, Еховагийн зан чанарыг судалж мэдэн, эргэцүүлэн бодож, дагаж дууриавал улам илүү үнэлж эрхэмлэнэ (Еф. 5:1). Бид Бурхны гол чанаруудыг анхаардаг хэр нь бусдыг нь тэр бүр онцолж үздэггүй байж болох юм. Тэгвэл тэдгээрийг илүү их эрхэмлэдэг болоход энэ болон дараагийн хоёр өгүүлэл тусална. «Энэ зан чанарыг илэрхийлнэ гэж яахыг хэлдэг вэ? Ехова хэрхэн илэрхийлдэг вэ? Бид Еховаг яаж дууриах вэ?» гэсэн асуултын хариуг мэдэж авцгаая.
ЕХОВА ЭЛГЭМСҮҮ
3, 4. а) Та ямар хүнийг элгэмсүү гэх вэ? б) Еховаг элгэмсүү зантай гэхийн учир юу вэ?
3 Эхлээд элгэмсүү зангийн тухай авч үзье. Ямар хүнийг элгэмсүү гэх вэ? «Эелдэг сайхан зантай, халгаж дөлөхөөргүй, ярилцахад амар хүнийг» гэж та хэлэх байх. Ер нь элгэмсүү хүн үү, үгүй юү гэдэг нь үг яриа, дохио зангаа, царай зүснээс нь харагддаг.
4 Еховаг элгэмсүү зантай гэхийн учир юу вэ? Хэдийгээр тэрбээр орчлонт ертөнцийг бүтээсэн төгс хүчит Бүтээгч боловч бидний залбирлыг сонсоод, хариулахад бэлэн гэдгээ батлан хэлдэг (Дуулал 145:18; Исаиа 30:18, 19-ийг уншина уу). Бид Бурхантай хэзээ ч, хаана ч ярих боломжтой. Айж бишүүрхэлгүй, чөлөөтэй харьцдаг. Тэглээ гээд Ехова биднийг загнахгүй (Дуу. 65:2; Иак. 1:5). Ехова халгаж цэрвээд байхаар Бурхан биш гэдгийг Библи уншсан хэн ч ойлгоно. Тухайлбал, дуулалч Давид «ЭЗЭНий мэлмий» бидэн рүү «чиглэсэн байдаг» бөгөөд түүний «баруун мутар» биднийг «түшдэг» гэж бичжээ (Дуу. 34:15; 63:8). Зөнч Исаиа Еховаг хоньчинтой зүйрлэн, «Өөрийн мутарт хургануудаа цуглуулан цээжиндээ тэвэрдэг» гэсэн (Ис. 40:11). Нялх хурга халамжит хоньчныхоо өвөрт шигддэг. Ехова биднийг яг тэр хурга шиг өөртэй нь ойр дотно байгаасай гэж хүсдэг гээд бодоод үз дээ! Үнэхээр халгаж цэрвээд байхааргүй Эцэг юм. Яаж Ехова шиг болох вэ?
АХЛАГЧ ХҮНД БАЙХ ЁСТОЙ ЧАНАР
5. Ахлагч хүн элгэмсүү байх нь яагаад чухал бэ?
5 Өөр өөр улс оронд амьдардаг хичээл зүтгэлтэй Гэрчүүдээс «Та ахлагч хүний ямар зан чанарыг хамгийн их үнэлдэг вэ?» гэж асуужээ. Дийлэнх нь: «Хэзээ ч, хэнтэй ч харьцахад бэлэн байдгийг нь үнэлдэг» гэж хариулсан юм. Ер нь христиан хүн бүр ийм л байх учиртай. Ялангуяа ахлагчид үүнийг онцгой анхаарах шаардлагатай (Ис. 32:1, 2). Энэ чанар ахлагч хүнд байх ёстой гэж үздэгийнхээ учрыг нэг Гэрч эмэгтэй тайлбарлан: «Ахлагч хүн хэчнээн олон сайхан зан чанартай байгаад, элгэмсүү биш бол итгэл нэгтнүүд нь дотносож ярилцахгүй шүү дээ» хэмээн ярьсан юм. Голыг нь олоод хэлсэн байгаа биз? Яавал элгэмсүү хүн болох вэ?
6. Элгэмсүү байя гэвэл яах хэрэгтэй вэ?
6 Элгэмсүү байя гэвэл юуны өмнө хүнд чин сэтгэлээсээ санаа тавих хэрэгтэй. Ахлагч хүн бусдад санаа тавьж, тэдний төлөө өөрийгөө зориулахад бэлэн байдаг бол итгэл нэгтнүүд нь, түүний дотор хүүхдүүд ажиглаж мэдэх нь лавтай (Марк 10:13–16). Арван хоёр настай Карлос: «Би цуглаанд очихлоороо эелдэг зантай, үргэлж инээмсэглэж явдаг ахлагчдыг хараад л байдаг. Надад тийм хүн гоё санагддаг» гэжээ. Би цэрвэж халгаад байхаар хүн биш шүү дээ гэж ярихаас илүүгээр, амьдрал дээр харуулах нь ахлагчдад хамгийн чухал (1 Иох. 3:18). Чухам яаж?
7. Чуулганы пайз ярилцах боломж олгодгийн учир юу вэ? Үүнээс юу ойлгож болох вэ?
7 Саяхны нэг жишээг ярилцъя. Гэрч эрэгтэй хилийн чанадад болсон чуулганд оролцоод, гэр лүүгээ онгоцоор буцаж явжээ. Тэр үед энгэртээ чуулганы пайз зүүсэн байлаа. Тэгтэл онгоцны үйлчлэгч пайзан дээрх «Бурхны Хаанчлал ирэх болтугай» гэсэн үгийг уншаад мөнөөх Гэрчид «Харин тийм ээ, ирээсэй. Тантай энэ талаар жаахан ярилцмаар байна» гэж хэлэв. Ингээд тэд сайхан ярилцаж, онгоцны үйлчлэгч манай сэтгүүлийг дуртайяа авчээ. Танд ч иймэрхүү явдал тохиолдсон байж болох юм. Чуулганы пайз ямар учраас ярилцах боломж олгодог вэ? Пайз зүүнэ гэдэг нь «Над дээр ирээд, хаа хүрэх гэж байгааг минь асуугаарай» гэж хэлснээс өөрцгүй. Пайз бол итгэл үнэмшлээ хуваалцахад бэлэн гэдгээ мэдүүлэх тэмдэг юм. Ахлагч хүн итгэл нэгтнүүдтэйгээ ярилцахад ямагт бэлэн байдаг бол пайз зүүсэнтэй адилхан. Яавал ийм болох вэ?
8. Ахлагчид бусдад үнэн сэтгэлээсээ санаа тавьдаг нь юунаас харагдах вэ? Энэ нь хурлынханд ямар санагддаг вэ?
8 Нутаг нутгийн заншил өөр ч христиан ах дүүсээ инээмсэглэж угтаад, халуун дотноор гар барин мэндчилбэл тэдэндээ үнэн сэтгэлээсээ санаа тавьж байна гэсэн үг болно. Харин хэн нь эхлэх вэ? Есүсийн яасныг санаарай. Тэрбээр шавь нар луугаа дөхөж очоод тэдэнтэй ярьсныг Матай тэмдэглэн үлдээжээ (Мат. 28:18). Үүн лүгээ адил, ахлагчид санаачилга гаргаж итгэл нэгтнүүд дээрээ очиж ярилцах нь зүйтэй. Тэгвэл хурлынханд ямар санагдах бол? 88 настай эхлэгч эмэгтэй: «Хаанчлалын танхимд орж ирэхэд минь ахлагчид сайхан инээмсэглээд, урмын үг хэлэхэд өөрийн эрхгүй хайр хүрдэг юм» гэж хэлжээ. Өөр нэг Гэрч эмэгтэй: «Ахлагч хүн инээмсэглэсээр угтах нь бусад хүнд тийм ч онцгой санагддаггүй байх л даа. Харин миний хувьд их чухал» хэмээсэн юм.
ЗАВ ГАРГААД ИТГЭЛ НЭГТЭНТЭЙГЭЭ ЯРИЛЦААРАЙ
9, 10. а) Ехова бидэнд хэрхэн үлгэр дууриал болдог вэ? б) Ахлагчид уриалагхан байхын тулд яах хэрэгтэй вэ?
9 Уриалагхан байж хэн нэгэнд цаг зав гаргадаг хүнээс хэн ч халгаж дөлөхгүй. Энэ талаар Ехова гайхалтай үлгэр дууриал болдог. «Тэр бид бүхний хэнээс нь ч холгүй» байдаг (Үйлс 17:27). Ахлагч хүн цуглааны өмнө юм уу дараа янз бүрийн насны итгэл нэгтэнтэйгээ ярилцах цаг зав гаргадаг байх хэрэгтэй. Эхлэгчээр үйлчилдэг нэг эрэгтэй: «Ахлагч надтай мэндлээд, юу хэлэхийг минь сонсох гэж хүлээхлээр намайг хүндэтгэдэг юм байна гэж ойлгодог» гэжээ. Еховад 50 шахам жил үйлчилж буй христиан эмэгтэй: «Ахлагчид цуглааны дараа надтай ярих гэж цаг зав гаргахлаар би өөрийгөө үнэ цэнэтэй хүн гэдгээ мэдэрдэг» хэмээн ярьсан юм.
10 Христиан хоньчид олон үүрэг хүлээдэг нь ойлгомжтой. Гэхдээ цуглаан дээр итгэл нэгтнүүдтэйгээ ярилцах цаг зав гаргах гол зорилгоо мартаж болохгүй.
ЕХОВА НҮҮР ТАЛ ХАРДАГГҮЙ
11, 12. а) Нүүр тал харахгүй байх гэж яахыг хэлдэг вэ? б) Еховагийн талаар Библид юу гэж бичсэн бэ?
11 Ехова нүүр тал хардаггүй. Энэ нь түүний олон сайхан зан чанарын нэг юм (Үйлс 10:34). Нүүр тал харахгүй байх гэж яахыг хэлдэг вэ? Хүн бүрд шударга хандаж, ялгаварлан гадуурхахгүй байхыг хэлнэ. Хүнийг дотроо л ялгаварладаггүй бол гаднаа ялгаварлахгүй. Нүүр тал хардаггүй хүн бусдын гадаад байдал, хөрөнгө чинээг бус, харин хувь хүнийхээ хувьд хэн болохыг нь анхаардаг.
12 Ехова нүүр тал харахгүй байх талаар хамгийн сайн үлгэр дууриал болдог. Библид түүнийг «нүүр тал хардаггүй», «хүнийг алагчилдаг ч үгүй» гэж бичсэн байдаг (Үйлс 10:34, 35; Дэд хууль 10:17-г уншина уу). Мосегийн үед болсон явдал үүнийг баталдаг.
Ехова алаг үзээгүйд Зелофехадын охид талархсан (13, 14-р догол мөрийг үзнэ үү)
13, 14. а) Зелофехадын таван охинд ямар асуудал тулгарсан бэ? б) Ехова нүүр тал хардаггүй нь юунаас харагддаг вэ?
13 Израильчуудыг Амласан газар луу орох гэж байтал Манассе овгийн Зелофехад гэдэг хүний таван охинд шийдэхэд бэрх асуудал тулгарчээ. Юу байсан юм бол? Эцэг нь нас барсан учир тэд эцгийнхээ газрыг өв болгон авч чадахгүйд хүрчээ. Яагаад? Мосегийн хуулиар бол газрыг зөвхөн хөвгүүдэд өвлүүлдэг байв. Гэтэл Зелофехад нэг ч хүүгүй юмсанж (Тоол. 26:33, 52–55). Тэгвэл газрыг нь хамаатан саданд нь өгөх болов уу? Охид нь яах бол?
14 Эгч дүү тав Мосе дээр очоод, «Хүүгүй байснаас болж бидний эцгийн нэр бүлийнхээ дотроос яагаад хасагдах ёстой билээ?» хэмээн асуугаад, «Эцгийн маань ах дүү нарын дунд бидэнд өв өгөөч» гэж гуйсан. Тэгэхэд нь Мосе: «Ийм л хуультай. Та нарт туслах арга даан ч алга даа» гэж хэлсэн үү? Үгүй, харин «тэдний хэргийг ЭЗЭНий өмнө аваачив» (Тоол. 27:2–5). Ехова ямар хариу өгсөн бэ? «Зелофехадын охидын хэлж буй нь зөв юм. Чи тэдэнд эцгийнх нь ах дүү нарын дунд өвлөгдөх эзэмшлийг зайлшгүй өгөх ёстой. Чи тэдний эцгийн өвийг тэдэнд шилжүүлэн өгтүгэй» гэж тушаасан. Түүгээр ч зогсохгүй, «Хэрэв хүн үхэхдээ хүүгүй байвал, түүний өвийг та нар охинд нь шилжүүлэн өгөгтүн» хэмээн зааварлажээ (Тоол. 27:6–8; Иош. 17:1–6). Түүнээс хойш ийм асуудалтай тулгарсан бүх израиль эмэгтэйчүүд эд хөрөнгө өвлөж авдаг болжээ.
15. а) Ехова ард түмэндээ, ялангуяа, туслах хүнгүй хүмүүст хэрхэн ханддаг вэ? б) Ехова нүүр тал хардаггүйг харуулах өөр ямар түүх Библид байдаг вэ?
15 Үнэхээр нүүр тал харалгүй, шударга хандсан байгаа биз? Ехова бусад израильчуудыг хүндэтгэдгийнхээ адилаар, туслах хүнгүй ядарсан энэ таван эмэгтэйг хүндэтгэсэн (Дуу. 68:5). Ехова бүх үйлчлэгчээ хүндэтгэж, хэнийг ч алаг үздэггүйг харуулах олон түүх Библид байдгийн нэг нь энэ юм (1 Сам. 16:1–13; Үйлс 10:30–35, 44–48).
БИД ЕХОВАГ ДУУРИАЖ ЧАДНА
16. Яавал Ехова шиг нүүр тал хардаггүй болох вэ?
16 Яавал Ехова шиг нүүр тал хардаггүй болох вэ? Хүнийг дотроо л ялгаварлахгүй бол гаднаа ялгаварлахгүй гэдгийг санаарай. Бид бүгдээрээ өөрсдийгөө нүүр тал хардаггүй гэж боддог. Гэхдээ өөрийгөө чин үнэнээр нь дүгнэх тэр бүр амаргүй байдгийг та хүлээн зөвшөөрөх байх. Бусдыг алаг үздэг үү үгүй юү гэдгээ мэдэхийн тулд яах хэрэгтэй вэ? Есүс өөрийнх нь талаар улс амьтан юу ярьж байгааг сонирхож: «Хүмүүс Хүний Хүүг хэн гэж ярьж байна?» хэмээн үнэнч нөхдөөсөө асуудаг шүү дээ (Мат. 16:13, 14). Есүсийг дууриаж болохгүй нь юу билээ? Ний нуугүй үнэнээр нь хэлчихдэг найзаасаа «Би хэнийг ч ялгалгүй шударга ханддаг уу? Хүмүүс намайг нүүр тал хардаггүй хүн гэж хэлэх үү?» гэж асуугаарай. Хэрэв хүмүүсийг яс үндсээр нь ялгаварладаг эсвэл хөрөнгө мөнгөтэй, мэдлэг боловсролтой хүнийг илүү их хүндэлдэг гэж найз тань хэлбэл яах хэрэгтэй вэ? Ийм дутагдлаа засаж, нүүр тал хардаггүй болоход туслахыг Еховагаас гуйж шаргуу залбираарай (Мат. 7:7; Кол. 3:10, 11).
17. Бусдыг алагчилдаггүйн илрэл юу вэ?
17 Бид нүүр тал хардаггүй Ехова Бурхнаа дууриан итгэл нэгт бүх ах дүүдээ хүндэтгэлтэй хандан, хайрлаж энэрэхийг хүсдэг. Жишээ нь, итгэл нэгтнээ гэртээ урих болбол яс үндэс, ядуу татуу, өнчин бэлэвснээр нь ялгадаггүй (Галат 2:10; Иаков 1:27-г уншина уу). Түүнээс гадна, Хаанчлалын тухай сайн мэдээг бүх л хүнд, түүний дотор гадаадаас ирсэн хүмүүст дэлгэрүүлдэг. Еховагийн байгууллага Библид үндэслэсэн ном хэвлэлийг 600 орчим хэлээр гаргадаг нь нүүр тал хардаггүйн гайхалтай баталгаа мөн!
18. Та Еховагийн элгэмсүү, нүүр тал хардаггүй занг үнэлж эрхэмлэдгээ хэрхэн харуулъя гэж бодож байна вэ?
18 Еховагийн элгэмсүү зан хийгээд нүүр тал хардаггүйг нухацтай бодохлоор эдгээр зан чанарыг улам их үнэлж эрхэмлэдэг болно. Улмаар итгэл нэгтнүүддээ төдийгүй итгэгч бус хүмүүст Ехова Бурхан шигээ элгэмсүү хандаж, алагчлахгүй байх хүсэл төрдөг.
«ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд ... ойр байдаг» (Дуу. 145:18) (9-р догол мөрийг үзнэ үү)
«Та нарын Бурхан ЭЗЭН ... хүнийг алагчилдаг ч үгүй» (Д.хууль 10:17) (17-р догол мөрийг үзнэ үү)