Эцэг эхчүүд ээ! Хүүхдээ нялх балчраас нь сургаарай
«ХАРАГТУН, үр хүүхэд бол ЭЗЭНээс ирдэг бэлэг, умайн үр жимс бол шагнал юм» гэж Библид байдаг (Дуу. 127:3). Тийм болохоор христиан эцэг эх хүүхдээ төрөхөд баяр хөөрөөр бялхдаг нь зүйн хэрэг.
Шинэ хүн төрөхөд баяр хөөр болдог ч хариуцлага нэмэгддэг. Хүүхдээ эрүүл саруул бие бялдартай хүн болгож өсгөе гэвэл шим тэжээлтэй хоол унд тогтмол өгөх хэрэгтэй. Харин жинхэнэ шүтлэгийн талд бат зогсдог хүн болгоё гэвэл Бурхны Үгэнд байдаг зарчмыг зааж сургах хэрэгтэй (Сур. 1:8). Хэзээнээс эхлэн сургах вэ? Хэрхэн сургах вэ?
ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД УДИРДЛАГА ЗААВАР ХЭРЭГТЭЙ
Эртний Израилийн Зора хотод амьдардаг Дан овгийн Маноагийнхны тухай ярилцъя. Тэднийх хүүхэдгүй ажээ. Нэгэн удаа Еховагийн тэнгэр элч Манаогийн эхнэрт хүүтэй болох гэж байгааг нь дуулгав (Шүү. 13:2, 3). Нөхөр эхнэр хоёрын магнай тэнийсэн биз ээ. Гэхдээ нэг юм санааг нь зовоожээ. Маноа: «Эзэн минь, төрөх гэж буй хөвгүүнд юуг үйлдвэл зохихыг бидэнд түүгээр сургахын тулд Таны илгээсэн Бурханы хүнийг дахин бидэнд ирүүлж соёрхооч» хэмээн залбирав (Шүү. 13:8). Маноа ба түүний эхнэр төрөх гэж буй хүүхдээ сургаж хүмүүжүүлэх талаар санаа зовсон аж. Тэгээд хүү Самсондоо Бурхны хуулийг заасан нь эргэлзээгүй. Хичээл зүтгэлийнхээ үр шимийг ч үзсэн. «ЭЗЭНий Сүнс [Самсоныг] хөдөлгөж эхлэв» гэж Библид бичжээ. Самсон Израилийн шүүгчийн хувьд олон гайхамшигт үйлс бүтээсэн юм (Шүү. 13:25; 14:5, 6; 15:14, 15).
Маноа ирээдүйн хүүхдээ хүмүүжүүлэх талаар удирдлага заавар гуйж залбирсан
Хүүхдийг хэзээнээс эхлэн сургах хэрэгтэй вэ? Тимотод ээж Юник, эмэг эх Лой нь «Ариун Бичээсүүдийг» «бага наснаас» нь заасныг Библид бичсэн байдаг (2 Тим. 1:5; 3:15). Энэ нь Тимотыг бүр нялх байхаас нь сургаж эхэлсэн гэсэн үг юм.
Христиан эцэг эхчүүд хүүхдээ «бага наснаас» нь сургахын тулд Бурхнаас удирдлага заавар гуйхын зэрэгцээ яаж сургахаа урьдчилан төлөвлөх хэрэгтэй. «Хичээл зүтгэлтэй хүний төлөвлөгөөнүүд үнэхээр ашиг тусаа өгнө» гэж Сургаалт үгс 21:5-д бичжээ. Эцэг эх нь хүүхдээ төрөхөөс өмнө бэлтгэлээ сайтар базаадаг. Хүүхдэд хэрэгтэй зүйлсийн жагсаалт ч гаргах нь бий. Бас Еховагийн тухай хэрхэн заахаа төлөвлөх нь чухал. Хүүхдээ дөнгөж төрмөгц зааж сургах зорилго тавих нь зүйтэй.
Нэгэн номд «Хүүхэд төрсний дараах хэдэн сар бол уураг тархины хөгжлийн шийдвэрлэх үе юм. Энэ хугацаанд суралцах үйлийн үндэс болдог синапсууд буюу мэдрэлийн эсийн холбоосууд 20 дахин нэмэгддэг» гэж бичжээ («Early Childhood Counts—A Programming Guide on Early Childhood Care for Development»). Хүүхдийн оюун ухааны хөгжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг энэ богинохон хугацааг алдалгүй ашиглаж Еховагийн тухай, тогтоосон хэм хэмжээнийх нь тухай зааж сургах нь хэчнээн чухал бэ!
Эхлэгчээр үйлчилдэг нэг ээж: «Би охиноо дөнгөж нэг сартай байхад дэлгэрүүлэх ажилдаа авч явдаг байлаа. Юу болж байгааг охин маань ойлгохгүй ч гэсэн багаасаа харсан зүйл нь заавал хэрэг болно гэж би боддог. Миний охин хоёр нас хүрээд огт айлгүй танилцуулга тараадаг болсон» гэж ярьсан юм.
Хүүхдийг бүр багаас нь сургахад үр дүн сайтай байдаг. Гэхдээ энэ нь дардан замаар явахтай адилгүйг эцэг эхчүүд ойлгодог.
«ЗОХИСТОЙ ЦАГИЙГ ЗОЛЬЖ АВАГТУН»
Хүүхдийн анхаарал сарнимтгай байдаг учир тэдэнд зааж сургана гэдэг тийм ч амар юм биш. Сониуч зантай тэд хорвоотой танилцахыг үргэлж хичээж байдаг. Эцэг эхчүүд заах гэж байгаа зүйлдээ хүүхдийнхээ анхаарлыг хандуулахын тулд яах хэрэгтэй вэ?
Мосегийн юу гэж хэлснийг бодъё. Дэд хууль 6:6, 7-д «Өнөөдөр миний чамд тушааж байгаа энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж, хөвгүүддээ хичээнгүйлэн зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай» гэж байдаг. Эцэг эх дахин дахин зааж сургах хэрэгтэйг энэ зүйл харуулдаг. Жаахан хүүхдийг зулзаган модтой зүйрлэж болно. Тийм модыг тогтмол услах шаардлагатай байдаг. Том хүн хүртэл дахин дахин давтаж байж чухал юмыг тогтоодог шүү дээ. Тэгвэл хүүхдэд дахин дахин заах нь бүр ч хэрэгтэй биз дээ?
Эцэг эхчүүд хүүхдэдээ Бурхны тухай үнэнийг заахын тулд зориуд цаг гаргах хэрэгтэй. Зав чөлөө муутай болсон энэ нийгэмд амьдарч буй бидний хувьд хүүхдийнхээ төлөө цаг гаргана гэдэг үнэхээр ярвигтай. Гэхдээ элч Паул чухал зүйлийн төлөө «зохистой цагийг зольж авахыг» христиануудад зөвлөсөн байдаг (Еф. 5:15, 16, ШЕ). Чухам яаж? Нөхөр нь ахлагч, эхнэр нь байнгын эхлэгч нэг гэр бүл энэ зөвлөгөөг хэрхэн сахидгийг авч үзье. Хүүхдээ сургаж хүмүүжүүлэх, хуралд хүлээсэн үүргээ биелүүлэх, ажил төрлөө хийх гэх мэтийн олон ажлыг амжуулна гэдэг нөхөрт нь амаргүй байжээ. Тэд охиноо хүмүүжүүлэх «зохистой цагийг» хэрхэн «зольж авдаг» вэ? Нөхөр: «Өглөө бүр ажилдаа явахынхаа өмнө би охиндоо „Библийн тухай өгүүлдэг миний ном“ юм уу „Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь“ товхимлыг эхнэртэйгээ хамт уншиж өгдөг юм. Бас орой унтахаас нь өмнө ном уншиж өгдөг. Дэлгэрүүлэхдээ охиноо авч явдаг. Багаас нь сургах энэ боломжийг алдахгүй байхыг хичээж байна» гэж ярьжээ.
«ДАЙЧНЫ ГАРТ БУЙ СУМ»
Христиан эцэг эхчүүд үр хүүхдээ аливаа юманд хариуцлагатай ханддаг хүн болоосой гэж хүсдэг нь мэдээж. Гэхдээ хамгийн гол нь Бурхныг үнэн голоосоо хайрладаг хүн болгох гэж бага балчраас нь сургаж хүмүүжүүлдэг (Марк 12:28–30).
Дуулал 127:4-т «Дайчны гарт буй сумтай адил залуу хүний үр хүүхдүүд тийм байдаг билээ» гэж бичжээ. Энд хүүхдийг сумтай зүйрлэсэн байна. Харваач байгаа онилж байгаад сумаа тавьдаг. Нэгэнт тавьсан сумыг буцаах аргагүй. Хүүхэд нас тийм ч удаан үргэлжлэхгүй учир эцэг эхчүүд энэ ахархан хугацааг цаг алдалгүй ашиглаж Библийн зарчмыг үр хүүхдийнхээ оюун ухаан, зүрх сэтгэлд хоногшуулах ёстой.
Элч Иохан: «Миний хүүхдүүд үнэн дотор явж байгааг сонсохоос илүү эрхэм баяр баясгалан гэж надад байхгүй билээ» хэмээн сүнслэг хүүхдүүдийнхээ тухай бичжээ (3 Иох. 4). «Үнэн дотор явж байгаа» хүүхэдтэй христиан эцэг эхчүүд ч ийм сэтгэгдэлтэй байдаг.