Ханиасаа хагацсан бол
Нөхөр нь «өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрлах» ёстой, эхнэр нь «нөхрөө гүн хүндэтгэх» ёстой гэж Библид тодорхой бичсэн байдаг. Нөхөр эхнэр хоёр «нэг бие» гэдгээ санаж тус тусын үүргээ биелүүлэх учиртай (Еф. 5:33; Эх. 2:23, 24). Зэрэгцээ хоёр модны үндэс өөр хоорондоо сүлжилдэн ургадгийн адил цаг хугацаа өнгөрөх тусам хосууд бие биедээ ижилдэн дасаж, улам хайртай болдог.
Харин хань нь нас барахад тэдний хоорондох эрхэм нандин харьцаа тасардаг. Үлдэж хоцорсон нэг нь уй гашууд автаж, ганцаардан, тэр байтугай уурлаж бухимдах юм уу өөрийгөө буруутгадаг. Нөхөртэйгөө 58 жил ханилсан Даниелла, ханиа алдсан олон хүнийг таньдаг аж.a Тэрбээр: «Би энэ зовлонг урьд нь ойлгодоггүй байжээ. Өөрөө амсаж үзэхээс нааш мэддэггүй юм байна» хэмээн нөхрийгөө нас барсны дараа ярьсан юм.
БАРАГДАШГҮЙ МЭТ САНАГДАХ УЙ ГАШУУ
Хань ижлээсээ хагацах үед хүн сэтгэл санаагаар хамгийн их хямардаг гэж зарим судлаач үздэг. Хагацахын зовлон үзсэн олон хүн үүнтэй санал нэг байдаг. Милли олон жилийн өмнө бэлэвсэрчээ. Тэрбээр 25 жил ханилсан нөхрөө алдаад сэтгэл санаа нь ямар байсан тухайгаа ярихдаа «Эрэмдэг зэрэмдэг болчихсон юм шиг л санагдсан» гэсэн юм.
Бэлэвсрээд олон жил болсон ч шаналж гашуудсан хэвээрээ байгаа эмэгтэйчүүдийг Сюзан урьд нь ойлгодоггүй байв. 38 жил өмөг түшиг болж явсан нөхрийгөө нас барсны дараа энэ зовлонг өөрийн биеэр мэдэрчээ. 20 гаруй жил өнгөрсөн ч «Өдөр бүр түүнийхээ тухай боддог» гэж хэлсэн юм. Нөхрөө дэндүү их санадаг учир байнга уйлдаг ажээ.
Ханиа алдахын зовлон удаан үргэлжилдэг бөгөөд дааж давшгүй байдгийг Библид бичжээ. Сараг нас барахад Абрахам түүний «төлөө гашуудан уйлсан» (Эх. 23:1, 2). Амилалтад итгэдэг байсан хэр нь эхнэрийнхээ хойноос ихэд гашууджээ (Евр. 11:17–19). Иаков хайртай эхнэрээ бодсоор байсан. Олон жилийн өмнө нас барсан Рахелынхаа талаар хөвгүүддээ дурсан ярьдаг байжээ (Эх. 44:27; 48:7).
Библид бичсэн эдгээр явдлаас юу мэдэж болох вэ? Ханиасаа хагацсан хүмүүс олон жил шаналж гашууддаг. Уйлж унжин, гуньж гутарсан үед нь арчаагүй дорой гэж дүгнэхийн оронд ямар том гарз хохирол үзсэнийг нь ойлгодог байх учиртай. Тэднийгээ өрөвдөн энэрч, тусалж дэмжсээр байя.
ӨНӨӨДРӨӨРӨӨ АМЬДРАХ НЬ
Бэлэвсэрсэн хүний хувьд ганц бие болж амьдрах амаргүй. Ханилаад олон жил болохлоор нөхөр нь эхнэрээ гуньж гутарсан, уурлаж бухимдсан үед нь сэтгэл санааг нь тайвшруулж сурдаг. Харин нас барвал эхнэртээ үзүүлдэг байсан хайр халамж нь ч үгүй болно. Үүнтэй адилаар, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эхнэр хүн нөхрөө яаж сэтгэл амар, баяр баясгалантай явуулахаа мэддэг болдог. Зөөлөн гараараа илж, энхрий ялдам үг хэлж, анхаарал халамж тавьдгийг нь юугаар ч орлуулшгүй. Харин эхнэр нь нас барвал амьдрал хоосорчихсон юм шиг санагддаг. Тийм учраас, ханиа алдсан хүмүүс ирээдүйдээ санаа зовох юм уу цаашдаа юу болох бол гэж айдаг. Тийм хүмүүст Библийн ямар зарчим тус болох вэ?
Хагацал зовлонгоо тэвчин өнөөдрөөрөө амьдрахад тань Бурхан тусална
«Маргаашийн төлөө бүү санаа зов. Учир нь маргааш маргаашдаа санаа тавих болно. Өдөр бүрийн зовлон тухайн өдөртөө хангалттай» (Мат. 6:34). Есүсийн хэлсэн энэ үг гол нь материаллаг хэрэгцээгээ хангахтай холбоотой ч хагацал үзсэн олон хүнд зовлонгоо тэвчихэд нь тус болдог. Чарлз эхнэрээ нас барснаас хойш хэдэн сарын дараа «Би Монийкоо дэндүү их үгүйлдэг. Заримдаа бүр байх суух газраа олж яддаг. Хэн ч ингэх л байх. Гэхдээ сэтгэлийн шарх яваандаа эдгэх байлгүй дээ» хэмээн бичжээ.
Чарлз цаг хугацаа өнгөрөхийг тэвчээртэй хүлээх хэрэгтэй байжээ. Хэрхэн тэвчсэн бэ? Тэрбээр: «Маргаашдаа санаа зоволгүй, өнөөдрөөрөө амьдрахад Ехова надад тусалдаг» гэж ярьсан юм. Чарлз уй гашууд хэт их автаагүй. Сэтгэлийнх нь зовлон ганцхан шөнийн дотор арилаагүй ч туйлдаж цөхрөөгүй ажээ. Та өнчрөл хагацал үзсэн бол маргаашдаа санаа зоволгүй, өнөөдрөөрөө амьдрахыг хичээгээрэй. Маргааш таныг ямар нэг сайхан юм хүлээж байгаа ч юм бил үү.
Үхэл бол Еховагийн анхны санаа зорилго биш, харин «Диаволын үйлс» юм (1 Иох. 3:8; Ром 6:23). Сатан хүмүүсийг эрхэндээ байлгаж, ямар ч найдваргүй болгохын тулд үхлээр айлгадаг (Евр. 2:14, 15). Хэрэв хүн жинхэнэ ёсоор аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрах хамаг найдвараа алдвал, тэр байтугай, Бурхны байгуулах шинэ ертөнцөд ч жаргал үзэхгүй гэж бодвол Сатан баярлана. Хүмүүс Адамын нүглийн үр дагавраас, цаашилбал Сатаны тэрс явдлаас болоод хань ижлээсээ хагацаж, уй гашууд автдаг (Ром 5:12). Сатаны учруулсан хор уршгийг Ехова бүрмөсөн арилгаж, үхэл гэдэг аймшигт зэвсгийг устгана. Ханиасаа хагацахын зовлон үзсэн тан шиг хүмүүсийг Сатан дахин хэзээ ч айлгахгүй.
Нас барагсдыг шинэ ертөнцөд амилсны дараа хүмүүсийн харьцаанд олон өөрчлөлт гарах нь тодорхой. Жишээ нь, аав ээж, өвөө эмээ, өвөг дээдэс нь амилахлаараа үр хүүхэд, ач гуч нартайгаа хамт аажим аажмаар төгс болно гээд бодоод үз дээ. Өтөлж хөгшрөх гэдэг ойлголт байхгүй болно. Тэр үед залуу үеийнхэн ахмад үеийнхнээ одоогийнхоос өөрөөр үздэг болох биз ээ. Хүмүүсийн хоорондох харьцаа ийнхүү өөрчлөгдсөний дүнд бие биетэйгээ улам элгэмсэг дотно болно.
Нас барагсад амилахтай холбоотой янз бүрийн асуулт гарч болох юм. Жишээ нь, зарим хүн хоёроос олон удаа ханиасаа хагацсан байдаг. Ирээдүйд нөхрүүд юм уу эхнэрүүд нь амилах үед юу болох бол? Садукайчууд нэгэн асуулт тавьсан нь долоон нөхрөө алдсан эмэгтэйн тухай байлаа (Лук 20:27–33). Тийм хүмүүс яах бол? Бид энэ талаар мэдэхгүй учир таамаглал дэвшүүлэх юм уу санаа зовохын оронд Еховад найдах хэрэгтэй. Бидний хувьд нэг зүйл тодорхой. Ирээдүйд Еховагийн хийх юм бүхэн сайн сайхан байх учир айж эмээх хэрэггүй.
АМИЛАХ НАЙДВАР БОЛ ТАЙВШРАХ ҮНДЭС МӨН
Нас барсан ойр дотны маань хүмүүс амилах талаар Бурхны Үгэнд тодорхой бичсэн байдаг. Үхэгсдийг амилуулж байсан тухай Библиэс уншихлаар «Булшинд байгчид бүгдээрээ [Есүсийн] дууг сонсон, гарч ирнэ» гэдэгт бид улам итгэдэг (Иох. 5:28, 29). Шинэ ертөнцийн оршин суугчид үхлийн нойрноос сэрсэн хайртай дотны хүнтэйгээ уулзаад баяр хөөрөөр бялхана. Амилсан хүмүүс тэр үед ямар их баярлахыг төсөөлөхийн аргагүй.
Олон тэрбум хүн амилахад хүн төрөлхтөн урьд хожид байгаагүй их баяр баясгалан эдэлнэ (Марк 5:39–42; Илч. 20:13). Ирээдүйд болох энэ гайхамшигт үйл явдлын талаар төсөөлөхлөөр хайртай дотны хүнээ алдсан бүх хүн тайвширдаг.
Нас барагсад амилах тэр цагт уй гашуу нь тайлагдаагүй хүн байх болов уу? Байхгүй. Исаиа 25:8-д бичсэнээр Ехова «үхлийг мөнхөд залгина». Тийм учраас үхлийн үр дагавар ч үгүй болно. Уг зөгнөлд цааш нь «Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчина» гэж байдаг. Нас барагсад амилах цагт та хайртай ханиа алдан зовж шаналж байсан үеэ дахин хэзээ ч санахгүй.
Шинэ ертөнцөд Бурхны хийх бүхнийг хэн ч бүрэн ойлгож чадахгүй. «Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг, Миний зам та нарын замаас, Миний бодол та нарын бодлоос өндөр билээ» гэж Ехова айлдсан байдаг (Ис. 55:9). Нас барагсдыг амилуулна гэсэн Есүсийн амлалтад итгэдэг бол Абрахамын адилаар Еховад бүрэн дүүрэн найддаг гэсэн үг. Яг одоо христиан хүн бүрийн хийх ёстой зүйл бол Бурхны шаардлагыг биелүүлэх явдал юм. Тэгсэн цагт амилах хүмүүстэй хамт шинэ ертөнцөд амьдрах зохистой хүнд тооцогдоно (Лук 20:35).
НАЙДАХ ҮНДЭС
Найдвараа тод санаж явбал ирээдүйдээ санаа зовохгүй. Ихэнх хүн ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж чаддаггүй. Харин Ехова хүмүүст гайхалтай найдвар өгдөг. Ехова хэрэгцээ шаардлагыг маань хэрхэн хангаж, хүсэл мөрөөдлийг маань яаж биелүүлэхийг бид мэдэхгүй. Гэхдээ заавал биелүүлж өгнө гэдэгт эргэлзэх хэрэггүй. Элч Паул: «Харагдаж байгаа найдвар нь найдвар биш юм. Хүн харж буй зүйлдээ найдахын хэрэг юу байна? Харин бид харахгүй байгаа зүйлдээ найдвал түүнийгээ тэвчээртэйгээр хүлээдэг» гэж бичжээ (Ром 8:24, 25). Та Бурхны амлалтад бат найддаг бол зовлонгоо тэвчиж чадна. Тэвчээртэй байсан цагт Еховагийн амласан сайхан ирээдүйг үзнэ. Библид «Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө» гэж байдаг. Тийм ээ, Бурхан «бүх амьтны хүслийг» хангана (Дуу. 37:4; 145:16; Лук 21:19).
Ирээдүйн талаарх Еховагийн амлалтад итгэж найддаг бол баяр баяслаар цалгина
Есүсийн үхэх цаг ойртоход элч нар нь гуньж гутран, айж түгшсэн. Тэгэхэд нь Есүс: «Та нар зүрхээ бүү зовоо. Бурханд итгэ, мөн Надад итгэ» гэж хэлэн тэднийг тайвшруулсан. Цааш нь, «Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ» гэжээ (Иох. 14:1–4, 18, 27). Үе үеийн тослогдсон дагалдагчид нь энэ үгийг санан зовлон бэрхшээлийг тэвчиж, итгэл найдвараа бөхөөлгүй явж ирсэн. Нас барагсад амилах цагт хайртай хүнтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байгаа хүмүүс тэдний адилаар итгэл найдвараа алддаггүй. Ехова Есүс хоёр тэднийг өнчрүүлж орхихгүй. Та үүнд өчүүхэн ч бүү эргэлзээрэй!
a Нэрсийг өөрчлөв.