«Өөрийг нь хайгч хүмүүсийг» Ехова шагнадаг
«Бурхан уруу ирж буй хүн Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой» (ЕВР. 11:6).
1, 2. а) Итгэл хайр хоёр ямар холбоотой вэ? б) Ямар асуултуудыг ярилцах вэ?
БИД Еховад хайртай. Яагаад гэвэл «эхлээд Тэр биднийг хайрласан» билээ (1 Иох. 4:19). Ехова эхний алхмыг хийж үнэнч үйлчлэгчдээ ивээх болсон нь хайрынх нь нэг илрэл юм. Бурхнаа хэдийчинээ их хайрлана, итгэл маань төдийчинээ бат бөх болно. Гэхдээ Бурхныг зүгээр нэг, байдаг гэж итгэх биш, хайртай хүмүүсээ шагнадаг гэдэгт эргэлзэлгүй итгэнэ (Еврей 11:6-г уншина).
2 Ехова бол шагнагч! Энэ нь түүний мөн чанар, үйл хэргийг харуулдаг. Өөрийг нь шаргуу хайдаг хүмүүсийг Бурхан ивээнэ гэдэгт бат итгэдэггүй бол итгэл дутуугийн шинж юм. «Итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал» гэдэг шүү дээ (Евр. 11:1). Тэгэхлээр итгэнэ гэдэг нь Бурхан ивээнэ гэдэгт огт эргэлзэхгүй байхыг хэлнэ. Ингэх нь бидэнд ямар ач тустай вэ? Ехова үйлчлэгчдээ хэрхэн шагнадаг вэ? Эдгээр асуултын хариуг мэдэж авъя.
ЕХОВА ҮЙЛЧЛЭГЧДЭЭ ИВЭЭХЭЭ АМЛАДАГ
3. Малахи 3:10-т ямар амлалт байдаг вэ?
3 Ехова Бурхан үнэнч үйлчлэгчдээ ивээхээ амладаг. Харин бид ивээлийг нь хүртэхийн тулд чадах бүхнээ хийх учиртай. «“Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна» хэмээн Библид бичжээ (Мал. 3:10). Еховад талархдагаа харуулахын тулд энэ уриалгыг дагах хэрэгтэй.
4. Матай 6:33-т байдаг Есүсийн үгэнд яагаад итгэж болох вэ?
4 Хаанчлалыг амьдралынхаа эн тэргүүнд тавивал Бурхан тусалж дэмжинэ гэдгийг Есүс шавь нартаа батлан хэлсэн (Матай 6:33-ыг уншина). Бурхан амласнаа заавал биелүүлдгийг мэддэг учраас ийн хэлжээ (Ис. 55:11). Хэрэв бид Еховад итгэдгээ үйл хэргээрээ батлан харуулдаг бол Ехова: «Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй» гэсэн амлалтаа биелүүлнэ (Евр. 13:5). Еховагийн энэ амлалт болон Матай 6:33-т байгаа Есүсийн зөвлөгөө хоорондоо нягт холбоотой.
Эрх ашгаа хойш тавивал шагнуулна гэж Есүс шавь нартаа баталсан (5-р догол мөрийг үзээрэй)
5. Петрт өгсөн Есүсийн хариу яагаад бидний итгэлийг бэхжүүлдэг вэ?
5 Элч Петр нэгэн удаа Есүсээс «Бид бүх зүйлийг орхиод Таныг дагасан. Тэгвэл бид юу хүртэх вэ?» гэж асуужээ (Мат. 19:27). Есүс ийм асуулт тавилаа гэж Петрийг зэмлээгүй. Харин эрх ашгаа хойш нь тавьсныхаа төлөө шагнал хүртэхийг нь шавь нартаа хэлж өгсөн. Тэрээр: «Миний нэрийн төлөө өөрийн гэр орноо, ах дүүсээ, эгч дүүсээ, эсвэл эцэг эхээ, хүүхдүүдээ, эсвэл эдлэн газраа орхисон хүн бүр зуу дахин ихийг хүртэх бөгөөд мөнх амийг өвлөх болно» гэжээ. Энэ нь тухайн үед хүртэх шагнал байлаа (Мат. 19:29). Харин ирээдүйд тэд Есүстэй хамт тэнгэрээс хаанчлах ажээ. Өнөөдөр Есүсийн дагалдагч бүр хурал дотор эцэг эх, ах эгч, дүү, үр хүүхэдтэй болдог. Тэд бол Бурхны Хаанчлалын төлөө хойш нь тавьсан бүхэнтэй маань харьцуулшгүй үнэтэй шагнал юм.
«СЭТГЭЛИЙН ЗАНГУУ»
6. Ехова үйлчлэгчдээ шагнана гэж амласныг мэддэг байх нь ямар ач тустай вэ?
6 Ехова Бурхны үнэнч үйлчлэгчид одоо арвин их ивээл хүртэхээс гадна ирээдүйд илүү агуу янз бүрийн ивээл хүртэхээ тэсэн ядан хүлээдэг (1 Тим. 4:8). Ехова үнэнч үйлчлэгчдээ шагнана гэж амласныг бид мэддэг учраас сэтгэлийн тэнхээтэй байж, хүнд хэцүү үеийг давдаг. «Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог гэдэгт» эргэлзэлгүй итгэдэг хүн үнэнч байдаг (Евр. 11:6).
7. Ирээдүйн найдварыг яагаад зангуутай зүйрлэдэг вэ?
7 Ууланд айлдсан номлолдоо Есүс: «Тэнгэр дэх шагнал тань агуу учир баярлацгаа, мөн баяр хөөртэй байцгаа. Учир нь та нараас өмнө байсан эш үзүүлэгчдийг тэд ийнхүү хавчсан юм» гэжээ (Мат. 5:12). Тэнгэрийн шагнал авах хүмүүсээс гадна дэлхий дээр мөнх амьдрах найдвартай хүмүүс ч баяр хөөртэй байдаг (Дуу. 37:11; Лук 18:30). Бид бүгдийн найдвар «сэтгэлийн зангуу мэт» бөгөөд бат үндэстэй, баараггүй биелнэ (Евр. 6:17–20). Далайн шуурганаар зангуугаа буулгахад хөлөг онгоц гуйж дайвдаггүй шиг, бид хүнд хэцүү үед ирээдүйн найдвараа санавал гуйвж дайвахгүй.
8. Ирээдүйн найдвараа боддог бол санаа зовох нь яагаад багасах вэ?
8 Хэрэв бид ирээдүйн найдвараа боддог бол юманд санаа зовох нь багасна. Бурхны амлалт бол шаналсан зүрхний маань шархыг анагаах тос лугаа адил юм. Еховад ачаагаа даатгавал зовлонг маань нимгэлнэ гэж бодохлоор хэчнээн тайвшрам бэ! (Дуу. 55:22). Бурхан бидэнд гуйж хүссэн, бодож төсөөлснөөс маань илүү ихийг өгч чадна. Гэхдээ бүр «хэмжээлшгүй бялхлаар» өгдөг гээд бод доо! (Еф. 3:20).
9. Еховагаас ивээл хүртэнэ гэдэгтээ яагаад итгэх ёстой вэ?
9 Шагнал хүртье гэвэл Еховад бүрэн итгэж, удирдамж зааврыг нь ягштал дагаж мөрдөх хэрэгтэй. Мосе израильчуудад «Өнөөдөр миний чамд өгч байгаа энэ бүх тушаалыг сахин мөрдөхийн тулд чи зөвхөн ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг дуулгавартай сонсох аваас, чиний Бурхан ЭЗЭНий чамд өв болгон эзэмшүүлэхээр өгч буй газар дээр ... ЭЗЭН Бурхан чинь чамд амласан ёсоороо чамайг ивээх болно» хэмээн хэлжээ (Д.хууль 15:4–6). Еховад үргэлж үнэнч байвал ивээл хүртэнэ гэдэгтээ та итгэдэг үү? Итгэх бүрэн үндэс бий.
ЕХОВА ТЭДНИЙГ ШАГНАСАН
10, 11. Ехова Иосефыг хэрхэн ивээсэн бэ?
10 Библийг бидний тусын тулд бичсэн. Бурхан үнэнч үйлчлэгчдээ хэрхэн шагнасныг харуулсан түүх энэ номд олон бий (Ром 15:4). Үүний нэг тод жишээ нь Иосефт тохиолдсон явдал юм. Эхлээд ах нарынхаа хуйвалдааны золиос болж египетчүүдэд худалдагдаад, хожим нь эзнийхээ эхнэрт гүтгүүлж шоронд оржээ. Тэглээ гээд Иосеф Еховагаас нүүр буруулсан уу? Үгүй! «ЭЗЭН Иосефтой хамт байж, түүнд хайр энэрлийг үзүүлж ... түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгожээ» (Эх. 39:21–23). Өөрт нь хэчнээн хэцүү юм тохиолдсон ч Бурхныг тэвчээртэй хүлээсэн.
11 Фараон хэдэн жилийн дараа Иосефыг шоронгоос суллаж, боол байсан түүнийг Египетийн хоёр дахь захирагч болгожээ (Эх. 41:1, 37–43). Эхнэр нь хоёр хүү төрүүлж өгөхөд Иосеф: «Бурхан миний бүх зовлонг хийгээд эцгийн минь бүх гэрийг надад мартуулсан юм» гээд ууган хүүдээ Манассе гэдэг нэр хайрлажээ. Удаах хүүдээ Ефраим гэдэг нэр өгөөд «Бурхан миний зүтгэж хөдөлмөрлөсөн газраас намайг агуу их үр бүтээлтэй болгосноос тэр болой» гэжээ (Эх. 41:51, 52). Иосеф Еховад үнэнч байсныхаа төлөө ивээл хүртээд зогсохгүй израильчууд болон египетчүүдийн амийг аварчээ. Энэ бол Еховагийн шагнал гэдгийг тэрээр мэдэж байв (Эх. 45:5–9).
12. Есүс яагаад үнэнч байж чадсан бэ?
12 Бас Есүс Христ янз бүрийн сорилтын үед Бурханд дуулгавартай байсан учраас шагнал хүртжээ. Яагаад үнэнч байж чадсан бэ? «Тэр Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлосон» гэж Бурхны Үгэнд байдаг (Евр. 12:2). Эцгийнхээ нэрийг ариусгана гэдэг нь Есүсийн хувьд баяр баясгалан байлаа. Бас Еховагийн сайшаалыг хүлээж, хосгүй завшаан эдлэх боломж түүнд олдсон. Библид Есүсийг «Бурханы сэнтийн баруун гарт заларсан» гэж бичжээ. Түүнээс гадна «Бурхан Түүнийг үлэмжийн дээдээр өргөмжилсөн бөгөөд аливаа нэрээс дээд нэрийг Түүнд соёрхов» гэжээ (Флп. 2:9).
ЕХОВА БИДНИЙ ҮЙЛ ХЭРГИЙГ МАРТДАГГҮЙ
13, 14. Өөрийнх нь төлөө хийсэн бүхнийг маань Ехова юу гэж үздэг вэ?
13 Өөрийнх нь төлөө хийсэн бүхнийг маань Ехова үнэлж эрхэмлэдэг. Биднийг авьяас чадвартаа эргэлзэх юм уу өөрийгөө голоход Бурхан гайхдаггүй. Мөнгө төгрөгөөр гачигдах, бие муудах, гуньж гутрах зэргээс болоод хүссэнээрээ үйлчилж чадахгүй үед биднийг ойлгож өрөвддөг. Бэрхшээлийн өмнө өвдөг сөхөрдөггүй үнэнч үйлчлэгчдээ өндөр үнэлдэг (Еврей 6:10, 11-ийг уншина).
14 Бас Ехова бол «залбирлыг сонсдог Нэгэн» гэдгийг санаарай. Санаа зовоосон асуудлаа хэлбэл заавал сонсоно (Дуу. 65:2). «Өршөөлийн Эцэг, мөн бүх тайвшралын Бурхан» учраас бидэнд ямар л тусламж дэмжлэг хэрэгтэй байна, тэр бүхнийг харамгүй өгнө. Заримдаа итгэл нэгтнүүдээр маань туслуулж мэднэ (2 Кор. 1:3). Хэрэв бид бусдад өрөвч сэтгэлээр ханддаг бол Ехова баярлана. «Ядуу хүнд харамгүйгээр өгөгч хүн ЭЗЭНд зээлүүлж байгаа хэрэг. Тэр хүний сайн үйлийнх нь төлөө ЭЗЭН буцааж төлнө» (Сур. 19:17; Мат. 6:3, 4). Зовлон үзэж буй нэгэндээ хүнлэг сэтгэлээр тусалж байгааг маань Ехова хараад өөрт нь зээлүүлж байна гэж үзнэ. Тэгээд хожим нь сайн үйлсийн маань төлөө биднийг шагнана.
ШАГНАЛ
15. Та ямар шагнал авахыг тэсэн ядан хүлээдэг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).
15 «Зөвт байдлын титэм нь надад зориулагдан зэхэгдсэн ажээ. Зөв шударга Шүүгч болох Эзэн намайг ... түүгээр шагнах болно» гэж Паул бичжээ. Тослогдсон бүх хүн ийм шагнал авах ирээдүйтэй (2 Тим. 4:7, 8). Харин таны авах шагнал өөр бол Бурхан таныг дутуу үнэлсэн гэсэн үг биш юм. Есүсийн «өөр хонинууд» болох сая сая хүн диваажин дэлхийд мөнх амьдрах шагналаа тэсэн ядан хүлээдэг. Тэнд тэд «элбэг амар амгалангаар баярлана» (Иох. 10:16, ШГ; Дуу. 37:11).
16. 1 Иохан 3:19, 20-ийг уншихлаар сэтгэл хэрхэн тайвширдаг вэ?
16 Заримдаа Еховагийн төлөө тийм ч их зүйл хийдэггүй юм шиг санагдаж мэднэ. Эсвэл хичээл зүтгэлийг маань Ехова үнэлдэг болов уу гэж бодож болох юм. Шагнал хүртэх зохистой хүн мөн үү гэдэгтээ эргэлзэж ч магадгүй. «Бурхан бидний зүрхнээс аугаа бөгөөд бүх юмыг мэддэгийг» хэзээ ч бүү мартаарай (1 Иохан 3:19, 20-ийг уншина). Өөрийнх нь төлөө итгэл, хайрандаа хөтлөгдөн чин сэтгэлээсээ үйлчилдэг бол хийсэн зүйл маань ялихгүй байлаа ч Бурхан өндөр үнэлж шагнал өгнө (Марк 12:41–44).
17. Бид ямар ямар ивээл хүртэж байна вэ?
17 Сатаны бузар муу ертөнцийн төгсгөл ойртсон энэ ээдрээтэй үед ч Ехова үйлчлэгчдээ ивээж байна. Яаж? Бялхам их мэдлэг олгож, эв нэгдэлтэй байлгадаг (Ис. 54:13). Есүсийн амласан ёсоор, халамжтай гэр бүлийг өгсөн. Энэ нь дэлхий даяар буй итгэл нэгтнүүд юм (Марк 10:29, 30). Түүнээс гадна ивээл сайшаалыг нь хүлээхийг хичээдэг бүх хүн жинхэнэ ёсоор сэтгэл хангалуун, амар тайван, аз жаргалтай амьдардаг. Энэ бол юутай ч харьцуулшгүй ивээл мөн (Флп. 4:4–7).
18, 19. Еховагийн үйлчлэгчид шагналынхаа талаар ямар бодолтой явдаг вэ?
18 Дэлхийн өнцөг булан бүрд буй үйлчлэгчид нь хэрхэн ивээл хүртэж буйг ярилцъя. Германд амьдардаг Бианка гэдэг Гэрч эмэгтэй: «Өдөр бүр дэргэд минь байж, санаа зовоосон асуудлаа шийдэхэд минь тусалдаг Еховадаа талархаад баршгүй! Энэ ертөнц эмх замбараагүй, хар бараан байна. Гэхдээ би Еховатай хамтран ажиллах тусам мутарт нь аюулгүй байгаагаа мэдэрдэг. Еховагийн хүслийг биелүүлэхийн төлөө эрх ашгаа хойш тавих болгонд намайг 100 дахин ивээдэг» гэж ярьсан юм.
19 Канадад амьдардаг, 70 настай Поола гэдэг Гэрч эмэгтэй нугасны ивэрхийтэй учраас хөдөлж чаддаггүй ажээ. Поола: «Хөдөлж чаддаггүй гэдэг нь дэлгэрүүлж чаддаггүй гэсэн үг биш. Би утсаар, албан бусаар гэх мэт янз бүрийн аргаар дэлгэрүүлдэг. Надад нэг дэвтэр байдаг. Өөрийгөө зоригжуулахын тулд Библи болон ном хэвлэл уншаад сонирхолтой санагдсан зүйлүүдээ бичдэг юм. Түүнийгээ “Авралын дэвтэр” гэж нэрлэсэн. Еховагийн амлалтыг байнга анхаардаг хүний хувьд сэтгэлийн хямрал түр зуурынх байдаг. Үйлчлэгч нь ямар ч нөхцөлд байсан Ехова үргэлж хамт байж, тусалж дэмждэг» гэж ярьжээ. Таны амьдрал Бианка Поола хоёрынхоос тэс өөр байж болох юм. Гэхдээ Ехова таныг болон эргэн тойрны тань хүмүүсийг хэрхэн шагнадгийг бодоорой. Ехова таныг одоо яаж шагнаж байгааг, ирээдүйд хэрхэн шагнахыг эргэцүүлж бодох нь маш чухал!
20. Еховад чин сэтгэлээсээ үйлчилдэг хүмүүс юуг тэсэн ядан хүлээдэг вэ?
20 Та Бурхандаа чин сэтгэлээсээ залбирдаг бол «агуу шагнал» хүртэнэ гэдгээ хэзээ ч бүү мартаарай. Бас «Бурханы хүслийг биелүүлээд амлагдсаныг хүлээж» авна гэдэгтээ бат итгээрэй (Евр. 10:35, 36). Тиймд итгэлээ улам бэхжүүлж, Ехова Бурхныхаа төлөө чадах бүхнээ хийж явцгаая. Ингэдэг бол Ехова биднийг шагнана (Колоссай 3:23, 24-ийг уншина).