Алдааг юү гэж үзэх ёстой вэ?
Доон Маргаретa хоёр охиныдоо зочилжээ. Насаараа тогооч байсан Маргарет хоёр зээгийнхээ хамгийн дуртай бяслагтай макарони хийж өгөхөөр болжээ.
Бүгдээрээ ширээнд суухад Маргарет хийсэн хоолоо авчраад ширээний голд тавилаа. Тагийг нь сөхөөд хартал нүд нь орой дээрээ гарав. Дотор нь бяслагийн сүмснээс өөр юу ч байсангүй. Маргарет хоолныхоо гол орц болох гоймонг мартчихжээb.
Хүн хэдэн ч настай, ямар ч туршлагатай бай, алдаа гаргадаг, бодлогогүй үг хэлчихдэг. Хэдий зөв юм хийсэн ч цагаа олоогүй үе бий. Эсвэл хийх ёстой юмаа мартдаг. Алдсан бол яах нь зөв бэ? Алдаа гаргахгүй байж болдог болов уу? Эдгээр асуултад хариу авахын тулд алдааг юү гэж үзэх хэрэгтэйг мэдэж авъя.
АЛДААНД ХАНДАХ ХАНДЛАГА—ХҮНИЙ БА БУРХНЫ
Хүн сайн үйл хийгээд бусдаар магтуулахыг, талархлын үг сонсохыг хүсдэг. Нөгөөтээгүүр, санамсаргүй алдах юм уу гаргасан алдааг маань хүн анзаараагүй үед яах ёстой вэ? Алдаагаа хүлээх хэрэгтэй. Ингэхийн тулд даруу байх нь чухал.
Өөрийгөө хэт чухалд үзвэл алдаагаа юман чинээ бодохгүй, буруугаа хүлээхгүй байх юм уу бусдад тохож мэднэ. Ийм зан авир муу л үр дагаварт хүргэнэ. Тухайн асуудал шийдэгдэхгүй. Бас гэмгүй хүн буруутгагдаж мэднэ. Гаргасан алдаагаа одоо нууж чадлаа ч эцэстээ «бидний хүн бүр тайлангаа Бурханд өгнө» гэдгийг санах хэрэгтэй (Ром 14:12).
Ехова алдаанд наанатай цаанатай ханддаг. «Дуулал» номонд Бурхны тухай «өрөвч, нигүүлсэнгүй, ... Тэр үргэлж тэмцэлдэхгүй, уураа ч мөнхөд хадгалахгүй» гэж бичсэн байдаг. Тэрээр төгс бусыг маань ойлгодог, «бид бол тоос шороо юм гэдгийг Тэр санаж байдаг» (Дуулал 103:8, 9, 14).
Өршөөнгүй эцэг Ехова Бурхан биднээс алдаанд хэрхэн хандаасай гэж хүсдэг вэ? Өөртэй нь адилхан үзэлтэй байгаасай гэж хүсдэг (Дуулал 130:3). Үгээрээ дамжуулан бидэнд бусдын алдааг бас өөрийнхөө алдааг хэрхэн үзэх талаар заавар зөвлөгөө хайрын сэтгэлээр өгдөг.
АЛДААНД ХЭРХЭН ХАНДАХ ЁСТОЙ ВЭ?
Хүн алдаа гаргахлаараа бусдыг буруутгаж өөрийгөө өмөөрөх гээд байдаг. Та үг яриагаараа бусдыг гомдоосон бол уучлалт гуйж алдаагаа засан тэр хүнтэй эвтэй байгаарай. Та буруу юм хийгээд эвгүй байдалд орж байсан уу? Эсвэл бусдыг эвгүй байдалд оруулсан уу? Өөртөө дургүй хүрч бусдыг буруутгахын оронд гаргасан алдаагаа засахыг хичээж болно шүү дээ. Хүн алддаг л юм чинь гээд зүтгээд байвал асуудлыг улам л дэвэргэнэ. Харин алдаанаасаа суралцаж түүнийгээ засаж залруулж, хийх хэрэгтэй юмаа хийгээрэй.
Нэгнийгээ алдаа гаргахад дургүйцлээ илэрхийлэх амархан. Ийм үед «Өөрт тань яаж хандаасай гэж хүснэ, өөрөө ч мөн бусдад тийнхүү ханд» гэсэн Есүсийн зөвлөгөөг дагах нь ач тустай (Матай 7:12). Та ямар ч алдаа гаргасан, бусдаар уучлуулах юмсан, алдааг минь битгий тоогоосой гэж хүснэ биз дээ? Тэгвэл бусдад сайхан сэтгэл гаргаж болно шүү дээ (Эфэс 4:32).
БАГА АЛДАХАД ТУСТАЙ ЗАРЧМУУД
Хүн юунаас болж алдаа гаргадаг вэ? Нэгэн толь бичигт тайлбарласныг үзвэл, «буруу дүгнэснээс, мэдлэг дутуугаас, хайхрамжгүй хандсанаас болж» алддаг ажээ. Эдгээрийн аль нэгээс болоод алдаж болзошгүйг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ Библийн чухал зарчмыг хэрэгжүүлбэл алдах нь бага байна.
Нэг зарчим нь Сургаалт үгс 18:13-т бий. Тэнд «Сонсохоосоо өмнө хариу хэлэх нь хүнд өөрт нь мунхаг хэрэг ба ичгүүр билээ» гэсэн байдаг. Хүлээцтэй байн хүний яриаг дуустал нь сонсож, хэлэх үгээ бодвол юманд сэтгэлийн хөдөлгөөнөөр хандахгүй. Хүний ярихыг анхааралтай сонсож, хэрэг явдлын талаар мэдэх нь маш чухал. Ингэвэл буруу дүгнэлт хийхгүй.
Библид бас «Боломжтой бол, та нараас шалтгаалж байгаа бол бүх хүнтэй эвтэй бай» гэсэн зарчим бий (Ром 12:18). Бие биеэ дэмжиж, амар тайван байхын тулд чадах бүхнээ хийгээрэй. Бусадтай хамтарч ажиллаж байхдаа тэдэнд санаа тавьж, хүндэтгэлтэй хандаж, магтаж сайшаан, урамшуулан зоригжуулаарай. Ингэвэл бусдын бодлогогүй үг яриа, үйлдлийг уучлахад амархан болно. Ноцтой асуудлыг ч эвтэйхэн шийдэж болдог.
Алдааг өөдрөгөөр харахыг хичээгээрэй. Хийсэн хэрэг, хэлсэн үгэндээ шалтаг тоочихын оронд сайхан зан чанар хөгжүүлэх боломж гарлаа гэж үзээрэй. Илүү тэвчээртэй, сайхан сэтгэлтэй, биеэ барьдаг, дөлгөөн зантай, амар тайвныг эрхэмлэдэг, хайрлах сэтгэлтэй болоорой (Галат 5:22, 23). Алдаагаа давтахгүй байхад эдгээр зан чанар тустай. Бас алдаагаа хүлээж байна гээд өөрийгөө хэт их буруутгаж болохгүй. Алиа хошин зан хурцадмал байдлыг намжаадаг.
ЗӨВ ҮЗЭЛТЭЙ БАЙХЫН АЧ ТУС
Зөв үзэлтэй байвал алдаа гаргалаа гэхэд сэтгэлээр унахгүй. Өөрийгөө ч бусдыг ч буруутгахгүй. Алдаанаасаа суралцахыг хичээвэл илүү ухаан сууна, бусдын хайр хүндэтгэлийг хүлээнэ. Сэтгэлээр хэт унахгүй, өөрийгөө засаршгүй муу хүн гэж бодоод байхгүй. Бусад хүн ч гэсэн алдаанаасаа суралцдагийг ойлгохлоор тэдэнтэй харьцахад амар болдог. Хамгийн гол нь бид Бурхнаа дуурайн бусдыг хайрлаж, дуртайяа уучилж сурна (Колосай 3:13).
Өгүүллийн эхэнд дурдсан Маргарет алдаа гаргаад гэр бүлээрээ байх сайхан цагийг балласан уу? Үгүй ээ. Харин ч бүгдээрээ хоолоо амтархан иджээ. Хожим нь хоёр зээ нь өвөө эмээтэйгээ хамт хоол идсэн тэр дурсамжтай явдлаа үр хүүхдүүддээ ярьсан байна. Ингээд бодоход тийм ч сүртэй юм биш байжээ!