Заавал дахин уулзаарай!
1 «Сайхан ярилцлаа! Марталгүй дахин уулздаг юм шүү» гэсэн мөртлөө дараа нь тэр хүнээ хаана амьдардгийг нь мартдаг үе танд байсан уу? Дахиад заавал уулзъя гэвэл тэмдэглэл хөтлөх шаардлагатай.
2 Бүгдийг нь бичиж тэмдэглэх: Сонирхсон хүнтэй юу ярьснаа мартаагүй байгаа дээрээ бүх юмыг нь тэмдэглэж аваарай. Тэр хүнийхээ нэрийг юм уу, яаж таньж болохоо бичиж тэмдэглэх хэрэгтэй. Хаягийг нь зөв бичиж авсан эсэхээ магадлаарай. Таамаглаж болохгүй. Юун тухай ярьснаа, Библиэс ямар зүйл уншснаа, ямар хэвлэл өгснөө бичих хэрэгтэй.
3 Дараа уулзахдаа хариулахаар ямар асуулт үлдээснээ тэмдэглээрэй. Гэр бүлийнх нь юм уу, шашин шүтлэгийнх нь тухай мэдсэн үү? Үүнийг нь бас тэмдэглэнэ. Дараа уулзахдаа энэ тухай дурдаж, өөрт нь санаа тавьж байгаагаа илэрхийлээрэй. Эцэст нь анх уулзсан өдөр цагаа, хэзээ дахин уулзана гэж тохирсноо тэмдэглээрэй. Тэмдэглэл сайн хөтөлбөл тэр хүнээ тод санаж, уулзахаар тохирсноо мартахгүй (1 Тим. 1:12).
4 Бичиж авсан тэмдэглэлээ дэлгэрүүлэх ажилд хэрэглэдэг бүх хэрэгсэл буюу цүнх, Библи, «Оршил үгийн жишээ», ном хэвлэлтэйгээ хамт нэг дор тавиарай. Ийнхүү бүх юмаа гарын дор байлгах хэрэгтэй. Эзгүй айлын тухай, давтан уулзах хүмүүсийн тухай тус тусад нь бичвэл сайн. Тэмдэглэл сайн хөтөлсөн байлаа ч хамгийн гол нь заавал дахин уулзах хэрэгтэй!
5 Дахин уулзах хүнийхээ тухай бодох: Дэлгэрүүлэх ажилд бэлдэхдээ давтан уулзалтын тухай тэмдэглэлээ хараарай. Уулзсан хүн бүрийнхээ тухай, тэдэнтэй яаж харьцахаа бодоорой. Библийн хичээл хийхийн тулд сонирхлыг нь яаж улам их татах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Ингэж төлөвлөвөл сайн мэдээг үр бүтээлтэй дэлгэрүүлж, баяр хөөртэй үйлчилнэ (Сур. 21:5а).
6 Дараагийн удаа сонирхсон хүнтэй таарвал тэр хүний тухай тод санана гэж бодох хэрэггүй. Тэмдэглэл хөтөлж, тэмдэглэлээ дахин нэг харж, уулзсан хүнийхээ тухай үргэлж бодоод заавал дахин уулзаарай!