Дурсах цуглаанд урих кампанит ажил 3-р сарын 17-ноос эхэлнэ
1. 3-р сарын 17-ноос ямар кампанит ажил эхлэх вэ?
1 Жил бүр болдог Дурсах цуглаан Есүсийн үхлийг тунхаглах зорилготой (1 Кор. 11:26). Тиймээс бид аль болох олон хүнийг Дурсах цуглаанд ирээсэй, Ехова хайрын сэтгэлээс золиос гэдэг бэлэг өгснийг мэдээсэй гэж хүсдэг (Иох. 3:16). Энэ жил Дурсах цуглаанд урих кампанит ажил 3-р сарын 17-ны Бямба гаригт эхэлнэ. Та боломжоо бүрэн дайчлан кампанит ажилд оролцох уу?
2. Урилга тараахдаа юу гэж хэлж болох вэ?
2 Юу гэж хэлэх вэ?: Оршил үг товчхон байх тусам сайн. Жишээ нь: «Сайн байна уу? Бид жилд ганцхан удаа болдог нэг чухал арга хэмжээнд танай гэр бүлийг урьж байна. Энэ арга хэмжээг 4-р сарын 5-нд дэлхий даяар явуулна. Есүсийн үхэл бидэнд ямар хамаатай, Есүс одоо юу хийж байгаа талаар Библид үндэслэсэн илтгэл үнэ төлбөргүй сонсоорой. Энэ арга хэмжээ хаана, хэзээ болохыг урилга дээр бичсэн байна» гэж хэлж болно. Кампанит ажлын үеэр Бямба, Ням гаригт дэлгэрүүлэхдээ тохиромжтой бол бас сэтгүүл тараах нь зүйтэй.
3. Аль болох олон хүн урихын тулд яах хэрэгтэй вэ?
3 Аль болох олон хүн уриарай: Бидний зорилго бол аль болох олон хүн урих явдал юм. Тиймээс, Библи судалдаг, сонирхдог хүмүүс болон хамаатан садан, ажлын хамт олон, сургуулийн хүүхдүүд, хөршүүд, танилуудаа заавал уриарай. Урилгаа хэсгээр хэрхэн тараах тухайд ахлагчид заавар өгнө. Дурсах цуглаанд урих жил бүрийн кампанит ажил үр дүнд хүрдэг. Өнгөрсөн жил нэг эмэгтэй Дурсах цуглаан болох танхимд иржээ. Зохицуулагч түүнийг урьсан хүнтэй нь уулзуулж тусалъя гэсэнд эмэгтэй өөрийг нь урьсан хүнийг танихгүй гэжээ. Эмэгтэй яг тэр өдөр айлаар дэлгэрүүлсэн Гэрчээс урилга авсан байжээ.
4. Кампанит ажилд түлхүү оролцохын учир юу вэ?
4 Таны өгсөн урилгыг аваад Дурсах цуглаанд ирэх хүн гарах байх. Хүмүүс яаж ч хүлээж авсан, зүтгэл гаргаж явсан тань гэрчлэл болно шүү дээ. Таны тараасан урилга Есүсийг одоо захирч байгаа хүчирхэг Хаан гэдгийг тунхаглана. Та кампанит ажилд хичээнгүйлэн оролцвол золиос гэдэг бэлгийн төлөө гүнээ талархдагаа бүх ажиглагч буюу хэсгийнхээ хүмүүст, итгэл нэгтнүүддээ, хамгийн гол нь Еховад батлан харуулна (Кол. 3:15).