Та боломжийг ашиглах уу?
Удахгүй болох Дурсах цуглаанаар талархлаа илэрхийлэх боломж олдоно
1. Дурсах цуглааны үеэр бидэнд ямар онцгой боломж олдох вэ?
1 4-р сарын 14-ний Дурсах цуглааны үеэр бидэнд Еховагийн сайхан сэтгэлд талархах сэтгэлээ хөгжүүлж түүнийгээ илэрхийлэх хосгүй боломж олдоно. Ехова Есүс хоёр талархах сэтгэлийг юу гэж үздэгийг Лук 17:11–18-д бичсэн байдаг. Уяман өвчнөөсөө салсан арван хүнээс ганц нь л боломжийг алдалгүй талархлаа илэрхийлдэг. Золиос хэмээх бэлгийн ачаар ирээдүйд бүх өвчин эдгэрч хүмүүс мөнх амьдрах боломжтой болно. Ингэж их ивээсэнд нь бид Еховад өдөр бүр талархана. Талархсан сэтгэлээ ирэх хэдэн долоо хоногт хэрхэн илэрхийлж болох вэ?
2. Золиосонд талархах сэтгэлийг хэрхэн хөгжүүлэх вэ?
2 Талархах сэтгэлийг хөгжүүлэх нь: Талархъя гэсэн сэтгэл бодлоос төрдөг. Дурсах цуглаантай холбоотой тусгай хуваарийн дагуу Библиэ унших нь золиосонд талархах сэтгэлийг хөгжүүлэхэд тустай. Библи унших хуваарь «Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь» товхимолд бий. Мөн энэ хуваарь Дурсах цуглаан болохоос өмнө jw.org сайтад тавигдана. Энэ хуваарийн дагуу гэр бүлээрээ уншиж хэлэлцүүлэх нь ямар вэ? Ингэвэл золиосонд талархах сэтгэл маань лавширна. Энэ нь бидний үйл хэрэгт ч нөлөөлнө (2 Кор. 5:14, 15; 1 Иох. 4:11).
3. Дурсах цуглааны улирлаар талархсан сэтгэлээ илэрхийлэх ямар ямар арга байна вэ?
3 Талархах сэтгэлээ илэрхийлэх нь: Талархах сэтгэл үйлээр илэрдэг (Кол. 3:15). Уяман өвчтэй хүн хүчин чармайлт гаргаж Есүсийг олж уулзан талархлаа илэрхийлсэн. Тэрбээр гайхамшигтайгаар эдгэснээ бусдад урам зоригтой ярьсан нь эргэлзээгүй (Лук 6:45). Та золиосонд талархах сэтгэлдээ хөтлөгдөн Дурсах цуглаанд хүмүүсийг урих аянд хичээл зүтгэлтэй оролцох уу? Дурсах цуглааны улиралд туслах эхлэгчээр үйлчлэх юм уу дэлгэрүүлэх ажилд түлхүү оролцох нь талархлаа илэрхийлэх бас нэг сайн арга юм. Бид талархах сэтгэлдээ хөтлөгдөн Дурсах цуглааны орой хүрэлцэн ирсэн хүмүүсийг угтан авч тэдний тавьсан асуултад хариулах биз ээ.
4. Энэ удаагийн Дурсах цуглааныг харамсах юмгүй өнгөрөөе гэвэл яах вэ?
4 Энэ удаагийн Дурсах цуглаан сүүлчийнх байх уу? (1 Кор. 11:26) Үүнийг бид мэдэхгүй. Ямар ч байсан Дурсах цуглаан болоод өнгөрвөл талархлаа илэрхийлэх хосгүй боломж бас өнгөрнө гэдгийг бид мэднэ. Та боломжийг ашиглах уу? Амнаас маань гарах талархлын үг, зүрхний маань эргэцүүлэл золиосыг өгсөн Нэгэн болох Еховад тааламжтай байх болтугай (Дуу. 19:14).