СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 41
Бид «агуу их өршөөнгүй Бурханд» үйлчилдэг
«ЭЗЭН бол бүгдэд сайн, Түүний өршөөлүүд Өөрийнх нь бүтээл бүхний дээр байдаг» (ДУУ. 145:9).
ДУУ 38 Еховад ачаагаа даатгая
ТОЙМa
1. Өршөөнгүй хүн яадаг вэ?
ӨРШӨӨНГҮЙ хүн бусдад сайхан сэтгэл гаргадаг, өрөвддөг, өгөөмөр ханддаг. Өршөөнгүй хүн гэхээр таны санаанд Есүсийн ярьсан сайхан сэтгэлтэй самари хүн буух биз ээ. Тэр хүн дээрэмдүүлж зодуулсан иудей хүнийг өрөвдөн энэрч, санаа тавьдаг (Лук 10:29–37). Энэ сургаалт зүйрлэлд Еховагийн өршөөнгүй сэтгэлийг тод томруун дүрсэлжээ. Өршөөнгүй сэтгэл бол Бурхны хайрын нэг илрэл юм. Тэрбээр өдөр бүр бидэнд өршөөнгүй ханддаг.
2. Өршөөнгүй хүн бас яадаг вэ?
2 Түүнээс гадна өршөөнгүй хүн үндэслэл байвал шийтгэхээ больдог. Ехова бидэнд яг ингэж өршөөнгүй ханддаг. Дуулалч: «Тэр бидний үйлдсэн нүглийн дагуу бидэнд хандаагүй» гэж бичжээ (Дуу. 103:10). Гэхдээ Ехова нүгэлтнийг хатуу сахилгажуулах ч үе бий.
3. Ямар асуултуудын хариуг мэдэж авах вэ?
3 Энэ өгүүллээр бид дараах гурван асуултын хариуг Библиэс мэдэж авна. Ехова яагаад өршөөл үзүүлдэг вэ? Сахилга батын хатуу арга хэмжээ авдаг нь өршөөнгүй сэтгэлийнх нь илрэл гэхийн учир юу вэ? Бид яавал өршөөнгүй байх вэ?
ЕХОВА ЯАГААД ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛДЭГ ВЭ?
4. Ехова яагаад өршөөл үзүүлдэг вэ?
4 Ехова өршөөл үзүүлэх дуртай. Элч Паул ариун хүчээр удирдуулан Бурхныг «агуу их өршөөнгүй» гэсэн байдаг. Энэ зүйлийн хам сэдэв нь Бурхан төгс бус үйлчлэгчдээ өршөөж агуу хүчээрээ тослон тэнгэрийн найдвар өгсөн тухай юм (Эф. 2:4–7). Гэхдээ Еховагийн өршөөл энэрэл үүгээр хязгаарлагдахгүй. Дуулалч Давид: «ЭЗЭН бол бүгдэд сайн, Түүний өршөөлүүд Өөрийнх нь бүтээл бүхний дээр байдаг» гэж бичсэн (Дуу. 145:9). Ехова хүмүүст хайртай учраас үндэслэл байвал энэрч өршөөдөг.
5. Еховагийн өршөөнгүйг Есүс яаж мэдсэн бэ?
5 Еховагийн өршөөл үзүүлэх дуртайг Есүс хэнээс ч илүү сайн мэднэ. Тэрбээр хүн төрөлхтөн бий болсон цагаас хойш тэнгэрт Эцэгтэйгээ хэдэн мянган жил хамт байсан (Сур. 8:30, 31). Эцэг нь нүгэл үйлдсэн хүнд өршөөл үзүүлснийг олон удаа харсан (Дуу. 78:37–42). Есүс сургаал заахдаа Еховагийн сэтгэл татам энэ чанарыг олон удаа онцолжээ.
Аав нь замаа алдсан хүүгээ загнаагүй, харин гэртээ ирэхэд нь хүлээн авсан (6-р догол мөрийг үзээрэй)c
6. Ехова хэр их өршөөнгүйг Есүс яаж ойлгуулсан бэ?
6 Ехова өршөөл үзүүлэх хэр дуртайг Есүс самуун хүүгийн тухай сургаалт зүйрлэлээр ойлгуулсныг бид өмнөх өгүүллээр үзсэн. Тэр хүү гэрээсээ яваад «замаа алдаж байдгаа үрэн таран хийв» (Лук 15:13). Дараа нь завхайрч явсандаа гэмшиж даруу болоод гэртээ буцаж ирсэн. Эцэг нь яасан бол? Есүс цааш нь «Эцэг нь хүүгээ холоос хараад өрөвдөж, гүйн очоод тэвэрч үнсжээ» гэж хэлсэн. Тэрбээр хүүгээ загнаагүй, харин дуртайяа уучилж гэр бүлдээ хүлээн авсан. Хүү нь маш ноцтой нүгэл үйлдсэн ч гэмшсэн учраас уучилжээ. Энэ жишээнд гардаг өршөөнгүй Эцэг бол Ехова юм (Лук 15:17–24).
7. Ехова мэргэн ухаантай учраас өршөөнгүй байдаг гэхийн учир юу вэ?
7 Ехова зүйрлэшгүй мэргэн ухаантай учраас өршөөнгүй байдаг. Еховаг мэргэн ухаантай гэдэг нь зөвхөн оюуны чадвар сайтайг нь л хэлж байгаа юм биш. Библид бичсэнээр «дээрээс ирдэг мэргэн ухаантай хүн ... өршөөнгүй, сайн юм хийдэг» (Яак. 3:17). Ехова хайр халамжтай Эцгийн хувьд төгс бус хүүхдүүдэд нь өршөөл хэрэгтэйг ойлгодог (Дуу. 103:13; Ис. 49:15). Тийм учраас нүглийг нь уучилж мөнх амьдрах боломж олгосон. Ингэж хүүхдүүдээ уучлах үндэслэл байвал өршөөдөг нь мэргэн ухаантайн шинж юм. Гэхдээ бүх юмыг өршөөгөөд байна гэсэн үг биш. Буруу юм хийвэл толгойг нь илээд өнгөрөөхгүй. Шаардлагатай бол сахилгажуулна.
8. Гэмшээгүй хүнийг яах шаардлагатай вэ? Яагаад?
8 Бурхны үйлчлэгч санаатайгаар нүгэл үйлдсэн гэж бодъё. Элч Паул: «Тийм хүнээс холбоогоо тасал» гэж агуу хүчээр удирдуулан бичжээ (1 Кор. 5:11). Тийм учраас гэмшээгүй нүгэлтнийг хурлаас хасдаг. Яагаад гэвэл Ехова ариун Бурхан. Бас ингэснээр хурлынх нь итгэл нэгтнүүдийг хамгаалдаг. Гэхдээ гэмшээгүй хүнийг хурлаас хасахыг харсан зарим хүн Еховаг өршөөнгүй хандсангүй гэж боддог. Энэ нь зөв үү? Одоо энэ тухай ярилцъя.
ХУРЛААС ХАСАХЫГ ӨРШӨӨНГҮЙ СЭТГЭЛИЙН ИЛРЭЛ ГЭХИЙН УЧИР
Хоньчин өвчтэй хонио тусгаарладаг ч халамжилсаар байдаг (9–11-р догол мөрийг үзээрэй)
9, 10. Еврей 12:5, 6-г үзэхэд хурлаас хасах нь өршөөнгүй сэтгэлийн илрэл гэхийн учир юу вэ? Жишээгээр тайлбарлана уу.
9 Хайртай итгэл нэгтнийхээ хасагдсаныг цуглаан дээр зарлахыг сонсоод сэтгэл гонсойдог. Заавал хасах ёстой байсан юм уу гэж боддог. Хүнийг хурлаас хасах нь өршөөнгүй хандаж байгаа хэрэг мөн үү? Мөн. Сахилгажуулах ёстой хүнийг сахилгажуулахгүй өнгөрөөх нь харин ч ухаалаг бус, өршөөн хайрлахгүй байгаагийн шинж юм (Сур. 13:24). Нүгэл үйлдээд гэмшээгүй хүнийг хурлаас хасах нь тэр хүнд үнэхээр тустай юу? Тийм ээ, тустай. Хурлаас хасагдсан олон хүний ярьснаар ахлагчид ийм арга хэмжээ авсан нь гэмээ ухааран амьдралаа өөрчилж Ехова руу буцаж ирэхэд нь тустай байжээ (Еврей 12:5, 6-г уншина).
10 Жишээ нь хонио халдварт өвчин туссаныг хоньчин анзаарчээ гэж бодъё. Хоньчин тэр хонийг эмнэж эдгээхийн тулд тусгаарладаг. Хонь сүргээрээ байх дуртай амьтан тул сүргээс нь салгавал тайван биш болдог. Тэглээ гээд хонио тусгаарласан хоньчныг хатуу сэтгэлтэй, харгис гэж үзэх үү? Үгүй. Тусгаарлахгүй бол өвчин халдварлана шүү дээ. Тиймээс өвчтэй хонийг тусгаарлах нь хонин сүргээ хамгаалж буй хэрэг (Левит 13:3, 4-тэй харьцуулна уу).
11. а) Хурлаас хасагдсан хүн өвчтэй хоньтой юугаараа адилхан бэ? б) Хурлаас хасагдсан хүн Еховатай эвлэрэхийн тулд яах хэрэгтэй вэ? Ахлагчид хэрхэн тусалдаг вэ?
11 Хурлаас хасагдсан хүнийг өвчтэй хоньтой зүйрлэж болох юм. Өөрөөр хэлбэл тэр хүн Еховатай тогтоосон харьцаагаа эвдэн бусниулсан буюу шууд бус утгаар өвдсөн гэсэн үг (Яак. 5:14). Халдварт өвчтэй хүн өвчнөө тараах эрсдэлтэй байдаг шиг Еховатай тогтоосон харьцаагаа эвдэн бусниулсан хүн бусдад муугаар нөлөөлөх аюултай. Тиймээс шаардлагатай үед тийм хүнийг хурлынхнаас нь тусгаарладаг. Ехова үнэнч хурлынхныг нь хайрласандаа, мөн нүгэл үйлдсэн хүнийг ухаарч гэмшээсэй гэсэндээ ийм арга хэмжээ авдаг. Хурлаас хасагдсан хүн итгэлээ батжуулахын тулд цуглаанд очиж, зөвхөн өөрөө унших зорилгоор хэвлэл авч, JW телевизийн хөтөлбөр үзэж болно. Ахлагчид хичээж мэрийж байгааг нь ажиглаад Еховатай эргээд сайн харьцаа тогтоож эрхээ сэргээлгэхэд нь туслахын тулд зөвлөгөө, удирдамж заавар өгнө.b
12. Ахлагчид нүгэл үйлдсэн хүнийг хайрлаж, өршөөсөндөө яадаг вэ?
12 Нүгэл үйлдсэндээ гэмшээгүй хүнийг л хурлаас хасах ёстой. Энэ бол хөнгөн хуумгай хандаж болохгүй, маш чухал асуудал гэдгийг ахлагчид ойлгодог. Мөн Ехова нүгэлтэнд тохирсон шийтгэл оноодгийг мэддэг учраас дуурайхыг хүсдэг (Иер. 30:11). Тэд хурлынхандаа хайртай учраас Еховатай тогтоосон харьцааг нь сэвтүүлэх юу ч хийхийг хүсдэггүй. Гэсэн ч заримдаа нүгэл үйлдсэн хүнийг хайрлаж, өршөөсөндөө хурлаас хасах шаардлагатай байдаг.
13. Коринт дахь хурлын нэг дагалдагч яагаад хурлаас хасагдсан бэ?
13 Нүгэл үйлдээд гэмшээгүй нэг дагалдагчид Паул хэрхэн хандсан тухай авч үзье. Коринт дахь хурлын тэр дагалдагч аавынхаа эхнэртэй явалддаг байлаа. Ямар аймаар юм бэ! Яг ийм нүгэл үйлдсэн хүнийг яах ёстойг Ехова эртний израйлчуудад ингэж хэлжээ. «Хэрэв эцгийнхээ эхнэртэй унтсан хүн байх аваас тэр нь эцгээ доромжилсон. Тэд хоёулаа гарцаагүй алуулах ёстой» (Лев. 20:11). Паул түүнд үхлийн ял оноо гэж хэлэх эрхгүй ч хурлаас хасахыг захижээ. Тэр хүн хурлынхандаа муугаар нөлөөлж зарим нь бүр үйлдсэн нүглийг нь ноцтой биш гэж үзэх болжээ (1 Кор. 5:1, 2, 13).
14. Паул хурлаас хасагдсан тэр хүнд хэрхэн өршөөнгүй хандсан бэ? Яагаад? (2 Коринт 2:5–8, 11).
14 Дараа нь өнөөх хүн өөрчлөгдөж үнэн голоосоо гэмшсэнийг Паул дуулжээ. Хурлыг ичгүүр шившиг болгосон ч түүнд хатуурхахыг хүсээгүйгээ Паул ахлагчдад нь хэлсэн. Тэрбээр түүнийг «дуртайяа уучилж, тайвшруулах нь зүйтэй» гэжээ. Үүнийхээ учрыг тайлбарлан «хэтэрхий их шаналгахгүйн тулд» гэсэн. Паул тэр хүнийг гэмшихлээр нь их өрөвджээ. Хэрэг хийсэндээ хэтэрхий их шаналан сэтгэлээр унаж өөрийгөө өнгөрсөн хүн гэж бодуулахыг хүсээгүй (2 Коринт 2:5–8, 11-ийг уншина).
15. Ахлагчид хатуу арга хэмжээ авахдаа ч өршөөнгүй байх боломжтой юу?
15 Ахлагчид Еховагийн адилаар энэрч өршөөх дуртай. Тэд шаардлагатай тохиолдолд хатуу арга хэмжээ авдаг. Тэгэхдээ үндэслэл байвал өршөөнгүй байх боломжтой. Харин нүгэл үйлдсэн хүнийг огт сахилгажуулахгүй байх нь өршөөж байгаа бус, хийсэн нүглийг нь өөгшүүлж байгаа хэрэг. Тэгвэл ахлагчид л өршөөнгүй байх учиртай юу?
БИД ЯАВАЛ ӨРШӨӨНГҮЙ БАЙХ ВЭ?
16. Сургаалт үгс 21:13-ыг үзэхэд бусдыг өршөөж энэрдэггүй хүнд Ехова хэрхэн ханддаг вэ?
16 Христийн дагалдагч бүр Еховаг дуурайж өршөөж энэрдэг байх учиртай. Яагаад тэр вэ? Нэг шалтгаан нь бусдыг өршөөж энэрдэггүй хүнийг Ехова сонсохгүй (Сургаалт үгс 21:13-ыг уншина). Тиймээс залбирлаа Еховад сонсгоё гэвэл бусдыг энэрч өршөөдөг байх хэрэгтэй. Зовж яваа ах дүүгээ хайхрахгүй өнгөрч хэрхэвч болохгүй. Харин өршөөж энэрэхэд үргэлж бэлэн байх ёстой. Библид «Өршөөдөггүй хүнийг өршөөлгүй шүүнэ» гэж байдгийг бид санаж явах учиртай (Яак. 2:13). Даруу байж өршөөл хүртэх хэрэгтэйгээ хэдий чинээ сайн ойлгоно, бусдыг төдий чинээ өршөөж энэрнэ. Ялангуяа нүгэл үйлдсэндээ гэмшээд хуралдаа эргэж ирсэн хүнийг өршөөж энэрэх хэрэгтэй.
17. Давид хаан Саулд хэрхэн хандсан бэ?
17 Библид гардаг жишээнүүдийг санаж явбал хатуу сэтгэлтэй байхаас зайлсхийж бусдыг энэрч өршөөнө. Жишээ нь Давид хаан үнэн голоосоо энэрч өршөөдөг байв. Саул түүнийг алах санаатай байсан ч Бурхны тосолсон хаанд өш саналгүй харин бүр энэрч өршөөсөн (1 Сам. 24:9–12, 18, 19).
18, 19. Ямар хоёр тохиолдолд Давид өршөөнгүй байж чадаагүй вэ?
18 Гэсэн ч Давид үргэлж бусдыг энэрч өршөөж чадаагүй. Нэгэн удаа хатуу сэтгэлтэй Набал гэдэг хүн Давид болон эрчүүдийг нь үл хүндэтгэн хоол хүнс өгөөгүй. Тэгэхэд нь Давид уурлан Набалын гэрийн бүх эрчүүдийг хүйс тэмтрэхээр явдаг. Харин Набалын тэвчээртэй эхнэр Абигаил нэн даруй хөдөлсний ачаар Давид хүний амь хөнөөгөөгүй юм (1 Сам. 25:9–22, 32–35).
19 Бас нэг удаа зөнч Натан ядуу хөршийнхөө хайртай хонийг булааж авсан хүний тухай Давидад ярьдаг. Давид ихэд хилэгнэн «ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Үүнийг үйлдсэн хүн үхэх ёстой» гэдэг (2 Сам. 12:1–6). Хонь хулгайлсан хүн дөрөв нугалж төлөх ёстой гэсэн Мосегийн хуулийн заалтыг тэрбээр сайн мэдэж байсан (Ег. 22:1). Үхэх ял оноож байдаг ямар хатуу сэтгэл вэ! Гэтэл үүнээс илүү ноцтой нүгэл үйлдсэнийг нь Давидад ойлгуулах гэж Натан энэ жишээг ярьсан болж таарав. Давид тэр жишээнд гарсан хүнд хатуурхсан бол Ехова Давидад энэрэнгүй зөөлөн хандсан (2 Сам. 12:7–13).
Давид хаан Натаны ярьсан жишээний хүнд өршөөнгүй хандаагүй (19, 20-р догол мөрийг үзээрэй)d
20. Давидад тохиолдсон явдлыг үзэхэд ямар хүн бусдад хатуурхаж шүүдэг вэ?
20 Давид уурлан Набал болон эрчүүдийг нь, мөн Натаны жишээнд гарсан хүнийг шүүж үхэх ёстой гэсэн. Давид уг нь сайхан сэтгэлтэй, энэрэнгүй хүн байсан ч Натаны ярьсан хүнийг яагаад тэгж хайр найргүй шүүсэн юм бол оо! Тухайн үед Давид Еховаг гомдоох юм хийж мөс чанар нь шаналж байв. Ер нь Еховатай таагүй харьцаатай болсон хүн бусдад хатуурхаж шүүдэг. Харин Еховатай дотно хүн энэрэнгүй өршөөнгүй байдаг. Есүс шавь нартаа «Бусдыг шүүдгээ боль. Тэгвэл та нарыг шүүхгүй. Учир нь бусдыг яаж шүүнэ, та нарыг тэгж л шүүнэ» гэж хатуу анхааруулжээ (Мат. 7:1, 2). Тиймээс бүгдээрээ хатуу сэтгэл гаргахаас болгоомжилж «агуу их өршөөнгүй Бурхнаа» дуурайцгаая.
21, 22. Бусдыг энэрч өршөөх ямар ямар арга байдаг вэ?
21 Бусдыг өрөвдөөд зогсохгүй өрөвдөж байгаагаа үйл хэргээрээ харуулахыг энэрч өршөөх гэнэ. Бид гэр бүл, хурлынхан, эргэн тойрныхоо хүмүүсийг сайн ажиглавал тусламж хэрэгтэй хүнийг мэдэж авна, энэрч өршөөх боломж гарна. Тайвшрал хэрэгтэй хүн байна уу? Хоол хүнс өгөх зэргээр бодитой тусламж үзүүлэх шаардлагатай хүн байна уу? Эрхээ сэргээлгэсэн хүнийг урамшуулж зоригжуулах сайн найз хэрэгтэй байгаа юм биш биз? Та бусдад сайн мэдээ түгээж тайвшруулах боломжтой юу? Энэ нь уулзсан хүн болгоноо энэрч өршөөх хамгийн сайн аргуудын нэг юм (Иов 29:12, 13; Ром 10:14, 15; Яак. 1:27).
22 Эргэн тойрноо сайн ажиглавал тусламж авах хэрэгтэй хүн цөөнгүй бий. Бид бусдыг энэрч өршөөдөг бол «агуу их өршөөнгүй Бурхан» тэнгэрийн Эцгээ хэчнээн их баярлуулах бол оо!
ДУУ 13 Талархлын залбирал
a Өршөөл энэрэл бол Еховагийн хамгийн сэтгэл татам чанаруудын нэг билээ. Бид ч өршөөнгүй байх учиртай. Энэ өгүүллээр, Ехова яагаад өршөөл үзүүлдгийг, Еховагийн сахилгажуулалт өршөөнгүй сэтгэлийнх нь илрэл гэхийн учрыг, бид бусдыг хэрхэн өршөөж энэрэхийг авч үзнэ.
b Эрхээ сэргээлгэсэн хүн Еховатай эргээд дотносохын тулд өөрөө болон ахлагчид яах хэрэгтэйг энэ дугаарын «Еховатай эргээд дотносох нь» өгүүллээс үзээрэй.
c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Аав нь замаа алдсан хүүгээ гэр лүүгээ ирж явахыг байшингийхаа дээвэр дээрээс харлаа. Тэгээд тэврэх гээд өөдөөс нь яаран гүйж байна.
d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Нүгэл үйлдсэндээ шаналсан Давид хаан Натаны ярьсан жишээний баян хүнд уурлаж үхэх ёстой хэмээж байна.