Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц24 5 сар х. 26-31
  • Хэрхэн үерхэх вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Хэрхэн үерхэх вэ?
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ҮЕРХЭХ ЗОРИЛГО
  • НЭГ НЭГНЭЭ САЙН ТАНЬЖ МЭДЭЭРЭЙ
  • БОДОХ ЁСТОЙ ӨӨР ЗҮЙЛ
  • ҮЕРХЭЖ БУЙ ХОСЫГ БУСАД НЬ ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ?
  • Хань болох хүнээ хэрхэн олох вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Гэр бүлтэй болоход бэлтгэх нь
    Гэр бүлийн аз жаргалын нууц
  • Еховад найдаж шийдвэр гаргах нь
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2023
  • Еховад таалагдах шийдвэр гаргая
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
хц24 5 сар х. 26-31

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 22

ДУУ 29 Үнэнч явъя

Хэрхэн үерхэх вэ?

«Асар үнэтэй, ... зүрх сэтгэл дэх нуугдмал хүн» (1 ПЕТР 3:4).

ГОЛ САНАА

Үерхэж буй хосууд яавал зөв шийдвэр гаргах вэ? Хурлынхан нь тэднийг хэрхэн дэмжих вэ?

1, 2. Зарим хүн үерхлийн талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

ҮЕРХЭХ хугацаа ер нь баяр жаргалтай, сэтгэл догдлом үе юм. Та яг одоо үерхэж байгаа бол энэ үеийг сэтгэл дүүрэн өнгөрүүлэхийг хүсэх нь ойлгомжтой. Үнэхээр ч олон хос аз жаргалаар бялхаж байсан. Этиопын Гэрч эмэгтэй Тсионa: «Амьдралын минь хамгийн жаргалтай мөчүүдийн нэг бол нөхөртэйгөө үерхэж байсан үе. Бид чухал зүйлүүдийг ч ярилцаж, инээж хөхрөлдөж ч байсан. Хайрлах, хайрлуулах хүнээ олсноо ойлгоод би их баяртай байж билээ» гэжээ.

2 Нидерландын нэг Гэрч эрэгтэй Алессио: «Үерхэж байхдаа эхнэртэйгээ улам сайн танилцаад их сайхан байсан. Гэхдээ бэрхшээл ч биднийг тойроогүй» гэжээ. Энэ өгүүллээр, үерхэх явцад тулгарах зарим бэрхшээл болон үерхэхтэй холбоотой Библийн зарчмуудыг ярилцана. Мөн тэднийг хурлынхан нь хэрхэн дэмжих талаар бодно.

ҮЕРХЭХ ЗОРИЛГО

3. Ямар зорилгоор үерхэх вэ? (Сургаалт үгс 20:25).

3 Үерхэх сайхан ч, энэ нь гэрлэлтэд хүргэх маш чухал алхам. Хосууд насан туршдаа нэг нэгнээ хайрлаж, хүндлэхээ хуримынхаа өдөр Еховагийн өмнө тангарагладаг. Ямар нэг тангараг өргөхийн өмнө бид тухайн асуудлыг нухацтай бодох ёстой (Сургаалт үгс 20:25-ыг уншина). Энэ нь гэрлэлтийн тангаргийн хувьд ч үнэн. Үерхсэнээр хосууд бие биеэ сайн таньж мэдэн, зөв шийдвэр гаргаж чадна. Зарим нь гэрлэхээр шийддэг байхад, нөгөө зарим нь үерхэхээ болихоор шийддэг. Больсон нь үр дүнгүй үерхсэн гэсэн үг үү? Үгүй, харин ч үерхсэний ачаар зөв шийдвэр гаргасан.

4. Бид үерхлийн талаар яагаад зөв үзэлтэй байх ёстой вэ?

4 Бид үерхлийн талаар зөв үзэлтэй байх нь яагаад чухал вэ? Ганц бие хүн зөв үзэлтэй бол гэрлэх бодолгүйгээр үерхэхгүй. Ганц бие хүмүүс төдийгүй бид бүгд үерхэх зорилгыг санаж байх учиртай. Жишээлбэл зарим хүн үерхэж байгаа хүмүүсийг заавал гэрлэх ёстой гэж боддог. Ийм үзлээр хандах нь ганц бие итгэл нэгтнүүдэд маань яаж нөлөөлдөг вэ? АНУ-д амьдардаг ганц бие Гэрч эмэгтэй Мелисса: «Хурлынхны зарим нь үерхэж буй Гэрчүүдийг заавал гэрлэх ёстой гэж боддог нь дарамт болдог. Тиймээс зарим хос үерхэхээ болих ёстойгоо ойлгосон ч чаддаггүй. Зарим нь бүр үерхэхээсээ ч цааргалдаг. Ийм дарамт сэтгэлийг их зовоодог» гэжээ.

НЭГ НЭГНЭЭ САЙН ТАНЬЖ МЭДЭЭРЭЙ

5, 6. Үерхэж байхдаа хосууд нэг нэгнийхээ талаар юу мэдэж авах ёстой вэ? (1 Петр 3:4).

5 Хэрэв та хэн нэгэнтэй үерхэж байгаа бол гэрлэх эсэхээ шийдэхэд яах нь тустай вэ? Нэг нэгнээ сайн таньж мэдээрэй. Үерхэж эхлэхээсээ өмнө нөгөө хүнийхээ талаар зарим нэг зүйлийг мэдэж авсан байх. Гэхдээ одоо «зүрх сэтгэл дэх нуугдмал хүнийг» нь таних боломж гарлаа (1 Петр 3:4-ийг уншина). Өөрөөр хэлбэл тухайн хүний Бурхантай тогтоосон харьцаа, зан ааш, үзэл бодлыг нь илүү их таньж мэднэ гэсэн үг. Цаашдаа дараах асуултуудын хариуг авах нь зүйтэй. «Энэ хүн сайн хань болох уу?» (Сур. 31:26, 27, 30; Эф. 5:33; 1 Тим. 5:8). «Бид бие биеэ хайрлаж, халамжилж чадах болов уу? Нэг нэгнийхээ сул талыг тэвчиж чадах уу?» (Ром 3:23). Ийн танилцах явцдаа, хоорондоо хэр төстэй нь бус, харин нэг нэгнийхээ ялгаатай зүйлд дасан зохицож байгаа эсэх нь чухал гэдгийг санаарай.

6 Үерхэж байхдаа нөгөө хүнийхээ талаар өөр юу мэдэх ёстой вэ? Сэтгэл тань хэт татагдахаас өмнө ямар зорилготой зэрэг чухал асуудлуудын талаар ярилцахыг хүсэх байх. Харин эрүүл мэнд, мөнгө төгрөг юм уу сэтгэлийн гүн шарх учруулсан урьдын явдал зэрэг хувийн асуудлын талаар яах вэ? Үерхэж эхлэнгүүтээ энэ бүхнийг ярилцахгүй нь лавтай (Ёох. 16:12-той харьцуулаарай). Хэрэв танд ямар нэг хувийн боловч онцгой асуудлын тухай ярихад арай эрт юм шиг санагдвал үүнийгээ нөгөө хүндээ ойлгуулаарай. Гэхдээ түүнд зөв шийдвэр гаргахад энэ мэдээлэл шаардлагатай учир яваандаа шударгаар ярьж өгөх хэрэгтэй.

7. Нэг нэгнээ сайн мэддэг болохын тулд яах вэ? («Алсын зайн үерхэл» гэсэн хавсралтыг үзээрэй). (Бас зургийг үзээрэй).

7 Тухайн хүн дотроо чухам ямар хүн бэ гэдгийг хэрхэн мэдэх вэ? Нэг арга нь асуулт асууж, анхааралтай сонсох юм. Үнэнч шударга байж, илэн далангүй ярилцаарай (Сур. 20:5; Яак. 1:19). Ингэхийн тулд хамт хоол идэх, олон нийтийн газраар алхах, дэлгэрүүлэх зэргээр ярилцах боломж бүрдүүлээрэй. Бас гэрийнхэн, найзуудтайгаа цагийг хамтдаа өнгөрүүлж болно. Мөн янз янзын нөхцөлд, өөр өөр хүмүүстэй хамт байвал тухайн хүн хэрхэн биеэ авч явахыг ажиглах боломжтой. Нидерландын Ашвин яг ингэжээ. Алисиатай үерхэж байсан тухайгаа «Бид нэг нэгнийхээ тухай сайн мэдэх боломж бүрийг хайдаг байсан. Хоол, гэр орны ажил хийх зэрэг ихэнхдээ энгийн юмыг хамтдаа хийнэ. Ийм үеэр бид нэг нэгнийхээ давуу болон сул талыг мэдэж авдаг байв» гэжээ.

Зургууд: 1. Үерхэж буй хос кафед суугаад инээмсэглэн ярилцаж байна. 2. Өөр нэг хос ах дүүстэйгээ цугласан үед хамт хоол хийж байна. 3. Гэрч залуу бүсгүй хоёр утсаар дүрсээ харан ярилцаж байна. Тэд jw.org сайт дахь «Гэрлэсний дараах амьдрал ямар байх бол?—1-р хэсэг» өгүүллийг судалж байна. Залуугийнх нь өмнө Библи нээлттэй байна.

Хэрэв та хоёр ярилцах боломж бүрдүүлэх юмыг хамтдаа хийдэг бол нэг нэгнээ сайн таньж мэднэ (7, 8-р догол мөрийг үзээрэй)


Алсын зайн үерхэл

Та хоёр бие биеэсээ хол амьдарч, утсаар юм уу дүрсээ харан ярилцдаг байлаа ч энэ өгүүлэлд гарсан олон зөвлөгөөг дагах боломжтой. Ярилцахдаа үнэнч шударга байж, анхааралтай сонсдог байгаарай. Нэг нэгнийхээ талаар зарим зүйлийг ойлгоход амаргүй байж болох тул боломж гарвал биечлэн уулзаарай. Ярилцах шаардлагатай өөр зүйл ч гарч мэднэ. Жишээлбэл та нүүх боломжтой юу? Нүүхэд бэлэн үү? Мөн өөр соёлд дасаж, хэлийг нь сурч чадах уу? Үерхэх хугацаандаа нэг нэгэнтэйгээ уулзах болон гэрлэсний дараа ч ханийнхаа гэр бүлийнхэн, найз нөхөдтэй нь уулзахад шаардагдах зардлыг гаргаж чадах уу? (Лук 14:28).

8. Үерхэж буй хүмүүс хамтдаа Библи судлах нь ямар ач тустай вэ?

8 Түүнээс гадна, тодорхой сэдвээр Библиэс хамт судалдаг бол нэг нэгнээ улам сайн таньж мэднэ. Хэрэв та хоёр гэрлэвэл Бурхнаа шүтэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавьдгаа харуулж гэр бүлийн хичээл хийх цаг гаргах хэрэгтэй болно (Ном. 4:12). Тиймээс одоо үерхэж байх үедээ гэр бүлийн хичээл хийх цагийг хуваарьтаа оруулж болохгүй нь юу билээ? Мэдээж та хоёр хараахан гэр бүл болоогүй, эрэгтэй нь ч эмэгтэйнхээ тэргүүн болоогүй. Гэхдээ тогтмол хамт судалдаг бол бие биеэ Бурхантай хэр дотныг мэдэх боломжтой. АНУ-д амьдардаг Макс, Лэйса гэдэг хос өөр нэг ач тусыг ойлгожээ. Макс: «Үерхээд удаагүй байхдаа бид үерхэл, гэрлэлт, гэр бүлийн амьдрал гэсэн сэдвээр байгууллагын ном хэвлэлээс судалж эхэлсэн. Ийнхүү судалснаар амаргүй ч ярилцах шаардлагатай олон чухал сэдвээр ярилцаж чадсан» гэжээ.

БОДОХ ЁСТОЙ ӨӨР ЗҮЙЛ

9. Үерхэж байгаагаа хэнд хэлэхээ шийдэхдээ юуг бодолцох хэрэгтэй вэ?

9 Үерхэж байгаагаа хэн хэнд хэлэх хэрэгтэй вэ? Үүнийг та хоёр л мэднэ. Эхэндээ цөөхөн хүнд хэлэхээр шийдэж болох юм (Сур. 17:27). Ингэвэл илүү дутуу асуулт, дарамт шахалтаас зайлсхийж чадна. Гэхдээ хэнд ч хэлэхгүй бол хүмүүс мэдчих байх гэж айгаад бусдаас хөндийрч магадгүй. Энэ нь аюултай. Тиймээс ядаж сайн зөвлөгөө өгөх, өөр бусад талаар тусламж үзүүлж чадах хүмүүст хэлэх нь ухаалаг юм (Сур. 15:22). Жишээлбэл гэр бүлийнхэн, төлөвшсөн найзууд юм уу эсвэл ахлагчдад хэлж болно.

10. Үерхэж байхдаа Еховагийн таалалд нийцүүлэн хэрхэн биеэ авч явах вэ? (Сургаалт үгс 22:3).

10 Хэрхэн цэвэр ариун үерхэх вэ? Сэтгэлтэй болохын хэрээр нэг нэгэндээ улам бүр татагдана. Ёс суртахууны хувьд үргэлж цэвэр ариун байхын тулд яах вэ? (1 Кор. 6:18). Хоёулхнаа байх, архи дарс хэтрүүлж уух болон шалиг үг ярианаас зайлсхийгээрэй (Эф. 5:3). Эдгээр нь тачаал төрүүлж, буруу юм хийхэд хүргэдэг. Еховагийн хэм хэмжээг эрхэмлэж, бие биеэ хүндэтгэхийн тулд яах хэрэгтэйг тогтмол ярилцдаг байх нь зүйтэй (Сургаалт үгс 22:3-ыг уншина). Этиопт амьдардаг Давит Алмаз хоёрт юу тус болсныг анхааръя. Тэд: «Хүн ихтэй газар юм уу найзуудынхаа дунд цагийг өнгөрүүлдэг байсан. Машиндаа ч, гэртээ ч хоёулхнаа огт үлдэж байгаагүй. Тийм учраас сорилтод орж болзошгүй нөхцөл байдалд ороогүй» гэжээ.

11. Хайраа илэрхийлэх талаар хосууд юуг бодолцох хэрэгтэй вэ?

11 Хайраа илэрхийлэх талаар юу хэлэх вэ? Яваандаа бие биедээ улам хайртай болоход үүнийгээ зохистой байдлаар илэрхийлэх нь буруу биш. Гэхдээ болгоомжтой байхгүй бол бэлгийн дур хүсэл оргилж зөв шийдвэр гаргахад хэцүү болно (Сол. 1:2; 2:6). Бас биеэ барьж чадахгүй, Еховад таалагдахгүй юм хийхэд хүргэж болзошгүй (Сур. 6:27). Тиймээс үерхэж эхлэхдээ л Библийн зарчмыг бодолцон хайраа хэрхэн илэрхийлэх талаар юуг хязгаарлахаа ярилцаарай (1 Тес. 4:3–7).b Өөрсдөөсөө «Бид хоёрын бие биедээ хайраа илэрхийлж байгааг хараад манай нутгийнхан юу гэж бодох бол? Бас хайраа илэрхийлж байгаа үйлдэл маань бид хоёрт ёс бус юм хийх хүсэл төрүүлэх юм биш биз?» гэж асуугаарай.

12. Санал зөрөлдөөд байвал хосууд юуны тухай бодох хэрэгтэй вэ?

12 Санал зөрөлдвөл яах вэ? Үе үе санал зөрөлдөөд байвал бие биедээ тохирохгүй гэсэн үг үү? Тийм байх албагүй. Хос болгонд санал зөрөх юм гардаг. Хэрэв хосууд хамтдаа хичээж зөрчилдөөнөө шийдэж чаддаг бол бат бэх гэр бүлийг бүрдүүлнэ. Тиймээс одоо асуудлаа яаж шийдэж байгаа тань ирээдүйд та хоёр жаргалтай амьдрах эсэхийг харуулна. Өөрсдөөсөө «Бид нэг нэгнээ хүндэтгэж, асуудлаа тайван ярилцаж чаддаг уу? Сул талаа хүлээн зөвшөөрч, засаж сайжруулахыг хичээдэг үү? Дуртайяа буулт хийж, уучлалт гуйж, бас уучилдаг уу?» гэж асуугаарай (Эф. 4:31, 32). Гэсэн хэдий ч байнга зөрчилдөж, маргалддаг бол гэрлэсний дараа ч нөхцөл байдал сайжрахгүй л болов уу. Хэрэв тэр хүн танд тохирохгүй гэдгийг ойлговол үерхэхээ болих нь та хоёрын хэн хэнийх нь хувьд зөв шийдвэр юм.

13. Хэр удаан үерхэхээ шийдэхэд яах нь зүйтэй вэ?

13 Хэр удаан үерхэх вэ? Яаран шийдвэр гаргавал муу үр дагавартай байж болох юм (Сур. 21:5). Тиймээс нэг нэгнээ сайн таньж мэдэх хүртэл хангалттай хугацаагаар үерхэх нь зүйтэй. Гэхдээ хугацаагаа дэмий сунгаад байх шаардлагагүй. Библид «Хүлээгдсэн итгэл найдвар зүрхийг өвчлүүлдэг» гэж бий (Сур. 13:12). Түүнчлэн удаан үерхэх тусам бэлгийн дур хүслээ тэвчихэд хэцүү болж мэднэ (1 Кор. 7:9). Ер нь хэр удаан үерхэж байгаагаа анхаарахын оронд өөрөөсөө «Шийдвэрээ гаргахын тулд нөгөө хүнийхээ талаар өөр юу мэдэх хэрэгтэй вэ?» гэж асуугаарай.

ҮЕРХЭЖ БУЙ ХОСЫГ БУСАД НЬ ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ?

14. Үерхэж буй хосыг бусад нь хэрхэн дэмжих вэ? (Бас зургийг үзээрэй).

14 Хэрэв эрэгтэй эмэгтэй хоёрын үерхэж байгааг мэдвэл бид хэрхэн туслах вэ? Хоол идэх, гэр бүлийн хичээл хийх юм уу амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ урьж болох юм (Ром 12:13). Ингэвэл хосууд бие биеэ илүү сайн таньж мэднэ. Тэдэнд бараа болох хүн, машин унаа эсвэл хоёулхнаа ярилцах газар хэрэгтэй байна уу? Тийм бол та тусалж болохгүй нь юу билээ? (Гал. 6:10). Дээр дурдсан Алисиа нөхөр Ашвинтайгаа юунд талархдагаа ярьжээ. Алисиа: «Хоёулаа тайван ярилцах газар хэрэгтэй бол манайд ирээрэй гэж ах дүүс маань хэлэхэд их баярласан» гэжээ. Хэрэв үерхэж буй хос танаас хамт байхыг гуйвал дуртайяа туслаарай. Хоёулхныг нь үлдээхгүй байхыг анхаараарай. Гэхдээ тэр хоёрт аминчлан ярилцах нөхцөл, цаг хэрэгтэйг бас бодоорой (Флп. 2:4).

Үерхэж буй хос олуулаа цугласан үед бусдаас бага зэрэг зайтай суугаад хувийн зүйлээ ярилцаж байна.

Хэрэв эрэгтэй эмэгтэй хоёрыг үерхэж байгааг мэддэг бол бид хэрхэн дэмжихээ бодож болох юм (14, 15-р догол мөрийг үзээрэй)


15. Найзууд нь өөр яаж дэмжих вэ? (Сургаалт үгс 12:18).

15 Өөр яаж дэмжих вэ? Шаардлагатай үед ярьж, шаардлагагүй үед дуугүй байх хэрэгтэй. Заримдаа бүр биеэ барьж юу ч дуугарахгүй байх хэрэг гарч мэднэ (Сургаалт үгс 12:18-ыг уншина). Хааяа хэл загатнаад үерхэж байгааг нь хүмүүст яримаар санагдаж болох юм. Гэхдээ энэ мэдээгээ тэд өөрсдөө хуваалцмаар байгаа ч юм билүү? Бид тэдний талаар хов жив ярих юм уу хувийн асуудлаар нь шүүмжлэх ёсгүй (Сур. 20:19; Ром 14:10; 1 Тес. 4:11). Түүнчлэн гэрлэх ёстой гэсэн утгатай үг хэлэх юм уу асуулт асуувал эвгүй байдалд оруулж магадгүй. Элизэ гэдэг Гэрч бүсгүй болон нөхөр нь ийн дурсжээ. «Бид хоорондоо ерөөсөө яриагүй байхад хуримын төлөвлөгөөний талаар хүмүүс асуухад их эвгүй санагддаг байсан».

16. Хосууд үерхэж байгаад боливол бид яах ёстой вэ?

16 Хэрэв хосууд үерхэж байгаад болихоор шийдвэл бид яах нь зүйтэй вэ? Хувийн асуулт асуух юм уу хэн нэгнийг нь буруутгахаас зайлсхийх ёстой (1 Петр 4:15). Леа гэдэг Гэрч эмэгтэй: «Бид хоёрыг яагаад үерхэхээ больсныг хүмүүс янз янзаар таамаглан ярьж байсныг сонсоод би үнэхээр их шаналсан» гэжээ. Дээр дурдсанаар, үерхэж байгаад больсон нь үр дүнгүй үерхсэн гэсэн үг биш ээ. Харин ч зорилгоо биелүүлсэн буюу зөв шийдвэр гаргасан. Гэсэн ч ийм шийдвэр гаргаад тэд сэтгэлээр унаж, ганцаардаж болох юм. Тиймээс бид хэрхэн дэмжих талаар бодох нь зүйтэй (Сур. 17:17).

17. Одоо үерхэж байгаа бол яах хэрэгтэй вэ?

17 Тэгэхээр үерхэх нь бэрхшээлийг тойрдоггүй ч сэтгэл догдлом сайхан үе байдаг. Жессика: «Үнэнийг хэлэхэд үерхэнэ гэдэг амаргүй ажил. Гэхдээ үүнд цаг хүчээ зориулсан маань огт талаар болоогүй ээ» гэжээ. Хэрэв та хоёр одоо үерхэж байгаа бол нэг нэгнээ сайн таньж мэдэхийг хичээгээд л байгаарай. Тэгвэл үерхсэний үр дүн гарах буюу зөв шийдвэр гаргаж чадна.

ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?

  • Ямар зорилгоор үерхэх вэ?

  • Үерхэж буй хос нэг нэгнээ хэрхэн сайн таньж мэдэх вэ?

  • Хурлынхан нь үерхэж буй хосыг хэрхэн дэмжих вэ?

ДУУ 11 Еховаг баярлуулъя

a Зарим нэрийг өөрчлөв.

b Бусдын бэлэг эрхтнийг илж таалах нь нэг төрлийн садар самуун явдал бөгөөд ийм юм хийсэн хүнийг хурлын ахлагчид эрх зүйн хороогоор авч хэлэлцдэг. Түүнчлэн хүний хөх илж таалах, мессежээр болон утсаар ёс журамгүй яриа өрнүүлсэн байвал нөхцөл байдлаас нь шалтгаалан мөн эрх зүйн хороогоор оруулж болох юм.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах