Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц24 10 сар х. 24-29
  • Эргэлзээг хэрхэн арилгах вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Эргэлзээг хэрхэн арилгах вэ?
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ЭРГЭЛЗЭЭГ ХЭРХЭН АРИЛГАХ ВЭ?
  • ЕХОВА НАДАД САНАА ТАВЬДАГ УУ?
  • МИНИЙ ШИЙДВЭР ЗӨВ БАЙСАН УУ?
  • БИ ЕХОВАД ХЭРЭГТЭЙ ХҮН ҮҮ?
  • Еховад найдаж шийдвэр гаргах нь
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2023
  • Ехова бол «амьд Бурхан» гэдгийг мартахгүй байя
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрч даруу байгаарай
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Ехова «эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг анагаадаг»
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
хц24 10 сар х. 24-29

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 43

ДУУ 53 Эв нэгдэлтэй үйлчилцгээе

Эргэлзээг хэрхэн арилгах вэ?

«Аливаа юмны зөв эсэхийг магадал» (1 ТЕС. 5:21).

ГОЛ САНАА

Еховад үйлчлэхэд муугаар нөлөөлдөг эргэлзээг хэрхэн арилгах вэ?

1, 2. а) Еховагийн үйлчлэгчид заримдаа юунд эргэлзэж магадгүй вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

ЯМАР ч насны хүнд эргэлзэхa үе байдаг. Дараах 3 хүний жишээг бодъё. Ехова өөрийг нь үнэхээр анхаардагт эргэлздэг нэг залуу баптисм хүртэх шийдвэр гаргаж чаддаггүй. Мөн хижээл насны Гэрч эрэгтэй залуу байхдаа эд хөрөнгийн хойноос явалгүй Хаант төрийг эн тэргүүнд тавихаар шийдсэн байна. Харин одоо гэр бүлийнхнийхээ хэрэгцээг арай ядан хангадаг учраас зөв шийдвэр гаргасандаа эргэлзэж эхэлсэн. Хүч тэнхээ нь харьж яваа настай Гэрч эмэгтэй өмнөх шигээ хийж чадахаа больсондоо сэтгэлээр унадаг. Танд ч «Ехова намайг анзаарч хардаг юм болов уу? Еховагийн төлөө золиос гаргах хэрэг үнэхээр байсан уу? Би одоо ч Еховад хэрэгтэй юү?» гэсэн бодол үе үе төрдөг үү?

2 Ийнхүү эргэлзээд явбал итгэл суларч, Еховад үйлчлэхээ болиход ч хүрч мэднэ. Энэ өгүүллээр, 1) Ехова биднийг анхаардаг, 2) өмнө нь гаргасан шийдвэрээ зөв, 3) өөрийгөө Еховад хэрэгтэй хүн гэдэгт эргэлзвэл Библийн зарчмыг эргэцүүлэх нь хэрхэн тус болохыг ярилцъя.

ЭРГЭЛЗЭЭГ ХЭРХЭН АРИЛГАХ ВЭ?

3. Эргэлзээг хэрхэн арилгах вэ?

3 Эргэлзэж явдаг асуултынхаа хариултыг авахын тулд Бурхны Үгийг судлах нь чухал. Ингэвэл итгэл батжиж, Бурхантай дотносож, «итгэл үнэмшлээ тууштай баримталж» чадна (1 Кор. 16:13).

4. Хэрхэн «аливаа юмны зөв эсэхийг магадлах» вэ? (1 Тесалоник 5:21).

4 1 Тесалоник 5:21-ийг уншина. Библид «Аливаа юмны зөв эсэхийг магадал» гэж уриалсныг анхааръя. Хэрхэн магадлах вэ? Ямар нэг зүйлд эргэлзвэл, энэ талаар Библид юу гэж байдгийг үзээд харьцуулаарай. Жишээ нь Бурхан өөрт нь санаа тавьдаг гэдэгт эргэлздэг залууг саная. Өөрийнхөө бодож байгааг үнэн гэж шууд хүлээн зөвшөөрөх нь зөв үү? Үгүй. Еховагийн юу гэж бодож байгааг мэдээд «зөв эсэх[ээ] магадлах» хэрэгтэй.

5. Эргэлзэж байгаа зүйлийн талаар Ехова юу хэлэхийг «сонсъё» гэвэл яах хэрэгтэй вэ?

5 Бид Бурхны Үгийг уншихдаа Еховаг «сонсдог». Гэхдээ тодорхой нэг зүйлийн талаарх түүний үзэл бодлыг мэдье гэвэл хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Библид юу гэж байдгийг хайгаад судлаарай. Ингэхдээ Еховагийн байгууллагаас гаргадаг судалгааны хэрэгслүүдийг ашиглаарай (Сур. 2:3–6). Үзэл бодлыг нь мэдэхэд туслахыг Еховагаас гуйгаарай. Тэгвэл өөртөө тохирсон Библийн зарчим, мэдээллийг олж авна. Мөн тан шиг бодолтой байсан хүмүүсийн жишээг Библиэс судлах нь тустай.

6. Эргэлзээг арилгахад цуглаан хэрхэн тус болдог вэ?

6 Бид цуглаанд очиж бас Еховаг «сонсдог». Цуглаанд тогтмол суудаг бол илтгэл юм уу хэн нэгний хариултаас эргэлзээгээ арилгахад яг хэрэг болох юмыг сонсож магадгүй (Сур. 27:17). Одоо, дээрх 3 нөхцөлд төрсөн эргэлзээг хэрхэн арилгахыг ярилцъя.

ЕХОВА НАДАД САНАА ТАВЬДАГ УУ?

7. Зарим хүн юу гэж эргэлздэг вэ?

7 «Ехова намайг үнэхээр анзаардаг болов уу?» гэж та бодож байсан уу? Өөрийгөө өчүүхэн, хэн ч биш гэж бодохоор орчлонт ертөнцийн Бүтээгчтэй найз болно гэдэг боломжгүй мэт санагдаж магадгүй. Давид хаанд ч ийм бодол төрсөн байх. Тэрбээр хүнд санаа тавьдаг Еховаг бишрэн магтаад «Өө, ЭЗЭН, хүн гэгч нь юу болоод Та түүнийг мэддэг юм бэ? Хүний хүү гэгч нь юу болоод Та түүний тухай боддог юм бэ?» гэж асуудаг (Дуу. 144:3). Дээрх асуултын хариуг Библийн хаанаас мэдэх вэ?

8. 1 Самуел 16:6, 7, 10–12-ыг үзвэл Ехова хүний юуг хардаг вэ?

8 Ехова бусдын тоож хардаггүй хүмүүсийг анзаарч хардгийг бид Библиэс мэдэж авдаг. Жишээлбэл Ехова Иессийн хөвгүүдийн нэгийг Израйлын ирээдүйн хаанаар томилох зорилгоор Самуелыг явуулдаг. Иесси 8 хүүгийнхээ долоог Самуелтай уулзуулсан боловч бага хүү Давидаа дуудаагүй.b Гэтэл Ехова Давидыг сонгосон (1 Самуел 16:6, 7, 10–12-ыг уншина). Тэрбээр Давидыг чухам ямар хүн гэдгийг, өөрийг нь хэр их хайрладгийг мэдэж байв.

9. Ехова танд санаа тавьдаг гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ? (Бас зургийг үзээрэй).

9 Ехова танд санаа тавьдгаа аль хэдийн хэрхэн харуулсныг бодоорой. Тэрбээр танд л яг тохирсон зөвлөгөө өгдөг (Дуу. 32:8). Таныг сайн мэддэг байж л тийм зөвлөгөө өгнө биз дээ? (Дуу. 139:1). Зөвлөгөөг нь хэрэгжүүлж, ач тус хүртэхлээрээ үнэхээр санаа тавьдагт нь итгэнэ (Ш.дээд 28:9; Үйлс 17:26, 27). Хүчин чармайлт гаргаж байгааг тань Ехова хардаг. Бас таны сайхан зан чанарыг мэддэг бөгөөд найз болъё гэдэг (Иер. 17:10). Энэ урилгыг нь хүлээж аваасай гэж хүсдэг (1 Ёох. 4:19).

Гэрч охин бие даан судалж байна. Библи нь нээлттэй, таблетаараа зурган кино үзэж байна.

«Хэрэв чи [Еховаг] хайвал, Түүнийг олно» (Ш.дээд 28:9). (9-р догол мөрийг үзээрэй)c


МИНИЙ ШИЙДВЭР ЗӨВ БАЙСАН УУ?

10. Өмнө гаргасан шийдвэрээ бодоод хэрхэн эргэлзэж мэдэх вэ?

10 Зарим хүн өмнө гаргасан шийдвэрээ бодоод зөв байсан эсэхэд эргэлздэг. Тэд Еховад түлхүү үйлчлэхийн тулд ирээдүйтэй ажлын саналаас татгалзсан юм уу бизнес эрхэлж амжилт гаргах боломж байсан ч ашиглаагүй байж болох юм. Тэр цагаас хойш хэдэн арван жил өнгөрчээ. Өөр шийдвэр гаргасан танилууд нь одоо их мөнгөтэй, хангалуун амьдарч байгаа юм шиг харагдана. Тэгээд «Еховагийн төлөө ингэж золиос гаргах хэрэг үнэхээр байсан уу? Олон сайхан боломжоо алдсан юм биш биз?» гэж эргэлзэж магадгүй.

11. 73-р дууллыг бичигч яагаад сэтгэлээр унасан бэ?

11 Та ч ийнхүү эргэлздэг бол 73-р дууллыг бичигчид ямар санагдсаныг бодоорой. Хүмүүс эрүүл саруул, баян чинээлэг, санаа зовох юмгүй амьдарч байгаа юм шиг түүнд харагджээ (Дуу. 73:3–5, 12). Амжилттай мэт яваа тэднийг хараад Еховад хичээл зүтгэлтэй үйлчилж байгаа нь ямар ч утгагүй санагдсан. Энэ бодлоосоо болж сэтгэлээр унаж «өдөр бүр зовсон» (Дуу. 73:13, 14, ШЕ). Ийм зовлонгоос хэрхэн салсан бэ?

12. Дуулал 73:16–18-д бичсэнээр дуулалч эргэлзээгээ хэрхэн арилгасан бэ?

12 Дуулал 73:16–18-ыг уншина. Дуулалч Еховагийн ариун газарт очдог. Тайван орчинд саруул ухаанаар эргэцүүлж чадсан. Зарим хүн тав тухтай амьдарч байгаа юм шиг харагддаг ч ирээдүй нь ямар ч баталгаагүйг ухаарчээ. Тэгээд сэтгэл нь тайвширч, Еховад үйлчлэх нь хамгийн зөв шийдвэр байсныг ойлгосон. Ингээд Еховадаа үйлчлээд байх шийдвэрээ дахин батжуулжээ (Дуу. 73:23–28).

13. Өмнө гаргасан шийдвэрээ зөв гэдэгт эргэлздэг бол яах вэ? (Бас зургийг үзээрэй).

13 Та ч мөн Бурхны Үгийн тусламжтайгаар сөрөг бодлоосоо салж чадна. Яаж? Танд байгаа сайн юм, түүний дотор тэнгэрт хураасан эд хөрөнгийнхөө үнэ цэнг тунгаан бодож, үүнийгээ Еховад үйлчилдэггүй хүмүүсийн энэ ертөнцөөс авдаг зүйлтэй харьцуулаарай. Тэдэнд ирээдүйн найдвар гэж байхгүй учраас одоогийн тав тухтай амьдралаа л чухалчилдаг. Харин Ехова таны төсөөлж чадахааргүй тийм их ивээл хүртээхээ амладаг (Дуу. 145:16). Бас, хэрэв өөр шийдвэр гаргасан бол өнөөдрийн тань амьдрал ямар байхыг хэлж мэдэхгүй шүү дээ. Баттай зүйл нь гэвэл, Бурхныг болон бусдыг гэсэн хайрандаа хөтлөгдөн шийдвэр гаргавал сайн юмнаас хоцорно гэж үгүй.

Гэрч эрэгтэй дэлгүүрийн цонх угааж байхдаа өөрийгөө Диваажинд байгаагаар төсөөлж байна. Тэрбээр дүүрэн жимстэй тэрэг түрээд эхнэртэйгээ алхаж, хажууханд нь буга идээшилж байгаагаар ургуулан бодож байна.

Еховагийн амласан ивээлийг анхаараарай (13-р догол мөрийг үзээрэй)d


БИ ЕХОВАД ХЭРЭГТЭЙ ХҮН ҮҮ?

14. Зарим хүн юунаас болоод санаа зовдог вэ? Юу гэж бодоход хүрдэг вэ?

14 Еховагийн зарим үйлчлэгч өтөл нас, өвчин хууч, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас хүссэнээрээ үйлчилж чаддаггүй. Тиймээс өөрийгөө Еховад үнэ цэнтэй хүн гэдэгт эргэлздэг байж болох юм. Тэд: «Би одоо ч Еховад хэрэгтэй юү?» гэж бодож магадгүй.

15. 71-р дууллыг бичигч юунд итгэлтэй байсан бэ?

15 71-р дууллыг бичигчид ч адилхан сэтгэгдэл төржээ. Тэрбээр: «Миний хүч чадал барагдах үед намайг бүү хаяач» гэж залбирсан (Дуу. 71:9, 18). Гэхдээ Бурхандаа үнэнч үйлчилж байвал өөрийг нь удирдаж, дэмжинэ гэдэгт итгэсэн хэвээр байв. Тэнхээ чадал хязгаартай ч өөрт нь үйлчлэхийн тулд чадах бүхнээ хийдэг хүнийг Ехова таалдгийг дуулалч ойлгожээ (Дуу. 37:23–25).

16. Настан буурлууд Еховад хэрэгтэй гэхийн учир юу вэ? (Дуулал 92:12–15).

16 Настан буурлууд аа, Ехова таныг хэрхэн үздэгийг бодоорой. Чадал тэнхээ муудсан ч үнэнч үйлчлэхэд тань тэрбээр тусална (Дуулал 92:12–15-ыг уншина). Хийж чадахгүйгээ бус, чадахыгаа анхаараарай. Жишээ нь та үнэнч байхын үлгэр дуурайл үзүүлж, чин сэтгэлээсээ санаа тавин бусдыгаа зоригжуулж чадна. Мөн олон жилийн туршид Ехова таныг хэрхэн дэмжиж ирснийг, амлалтууд нь биелнэ гэдэгт бат итгэдгээ яриарай. Түүнээс гадна чин сэтгэлийн залбирал тань бусдад хэчнээн их тус хүргэдгийг бүү мартаарай (1 Петр 3:12). Нөхцөл байдлаас үл хамааран Ехова болон бусдын төлөө хийж чадах юм бид бүгдэд бий.

17. Өөрийгөө бусадтай яагаад харьцуулах ёсгүй вэ?

17 Еховагийн төлөө ихийг хийж чадахгүйдээ сэтгэл гонсойдог бол хийж байгаа бүхнийг тань тэрбээр өндөр үнэлдэгт итгээрэй. Та бусдын хийж байгаатай өөрийнхийгөө харьцуулах хандлагатай байж магадгүй. Тэгэх хэрэггүй! Яагаад? Ехова биднийг бусадтай харьцуулдаггүй (Гал. 6:4). Мариа өндөр үнэтэй анхилуун үнэрт тосоор Есүсийг тосолсон (Ёох. 12:3–5). Нөгөөтээгүүр ядуу бэлэвсэн эмэгтэй хоёр жижиг зоос хандивласан (Лук 21:1–4). Есүс тэр хоёрыг харьцуулаагүй, харин хэн хэн нь итгэлтэйгээ баталсан гэж үзсэн. Тийм ээ, тэрбээр Эцгээ төгс дуурайсан юм. Иймээс Ехова ч өөрт нь итгэж, хайрласандаа хийсэн бүхнийг тань, тэр нь хэчнээн ялихгүй мэт санагдсан ч өндөр үнэлдэг шүү.

18. Эргэлзээгээ арилгахад юу тус болох вэ? (Бас «Еховагийн Үг эргэлзээгээ арилгахад тустай» гэсэн хавсралтыг үзээрэй).

18 Бид бүгд л хааяа эргэлздэг. Харин энэ өгүүллээр үзсэнчлэн Библийн тусламжтайгаар эргэлзээгээ арилгаж чадна. Тиймээс эргэлзэхээ больж, бат итгэлтэй байхын тулд хичээгээрэй. Ехова таныг анзаарч хардаг. Өөрт нь үйлчлэхийн тулд золиосолсон бүхнийг тань өндөр үнэлж, шагнана гэсэн амлалтаа биелүүлнэ. Үнэнч бүх үйлчлэгчээ эрхэмд үзэж, хайрлан халамжилдагт нь итгээрэй.

Еховагийн Үг эргэлзээгээ арилгахад тустай

  • Ехова танд санаа тавьдаг

    «Би чамтай хамт байгаа тул бүү ай! Өөрийнхөө талаар бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан. Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална. Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална» (Ис. 41:10).

    «Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн. Би чамд тустайг сурган, чамайг явах ёстой замаар чинь удирддаг» (Ис. 48:17).

  • Ехова өөрт нь үйлчлэх шийдвэрийг тань өндөр үнэлдэг

    «Хүү минь, хэрэв зүрх чинь мэргэн байвал миний зүрх ч гэсэн баяр жаргалтай байх болно» (Сур. 23:15).

    «Мөнгийг бүү хайрла, харин байгаа юмандаа сэтгэл хангалуун бай. Учир нь тэрээр: “Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч хаяхгүй” гэж айлдсан билээ» (Евр. 13:5).

  • Ехова өөрийнх нь төлөө хийдэг бүхэнд тань баярладаг

    «Хүн бүр ЭЗЭН Бурханыхаа өгсөн ивээлийн хэрээр, чадлынхаа хэрээр өргөгтүн» (Д.хууль 16:17).

    «Та нар Бурхны нэрийг хайрладаг учир ариун хүмүүст үйлчилсэн, одоо ч үйлчилж байгаа. Шударга Бурхан та бүхний үйл хэрэг, тэр хайрыг мартахгүй» (Евр. 6:10).

ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?

  • Ехова бидэнд санаа тавьдагт яагаад итгэж болох вэ?

  • Өмнө гаргасан шийдвэрээ зөв гэдэгт эргэлздэг бол яах вэ?

  • Еховад хэрэгтэй хүн гэдэгтээ эргэлзвэл яах вэ?

ДУУ 28 Шинэ дуу

a ҮГИЙН ТАЙЛБАР: Энэ өгүүллээр, Ехова өөрийг нь эрхэмд үздэг эсвэл өмнө нь гаргасан шийдвэрээ зөв гэдэгт зарим хүн эргэлздэгийг ярилцана. Ийнхүү эргэлзэх нь Ехова болон амлалтуудад нь итгэх итгэл дутмаг байгаагийн шинж биш ээ.

b Ехова Давидыг яг хэдэн настай байхад нь сонгосныг Библид бичээгүй ч өсвөр настай байсан бололтой.

c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч охин Еховагийн үзэл бодлыг мэдэхийн тулд Библиэс зөвлөгөө хайж байна.

d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч эрэгтэй гэрийнхнээ тэжээхийн тулд хар бор ажил хийж байна. Харин Диваажинд амьдрах найдвараа үргэлж бодож явдаг.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах