СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 26
ДУУ 43 Сэрэмжтэй, итгэлтэй, хүчтэй байгтун
Мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрч даруу байгаарай
«Төгс хүчит Нэгний үйлсийг ухааршгүй» (ИОВ 37:23, ШЕ).
ГОЛ САНАА
Бид мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрч, мэддэгээ анхаарч, Еховад итгэж найдвал саад бэрхшээлийг давж чадна.
1. Ехова бидэнд ямар чадвар хайрласан бэ? Яагаад?
ЕХОВА биднийг бодож сэтгэх, шинэ юм сурах, сурч мэдсэнээ хэрхэн ажил болгохыг ойлгох чадвартайгаар бүтээсэн. Яагаад ингэж бүтээсэн бэ? Тэрбээр «Бурхны тухай мэдлэгийг олж аваасай», оюун ухаанаа дайчлан өөрт нь үйлчлээсэй гэж биднээс хүсдэг (Сур. 2:1–5, ШЕ; Ром 12:1).
2. а) Бид юуг хүлээн зөвшөөрөх ёстой вэ? (Иов 37:23, 24). (Бас зургийг үзээрэй). б) Ингэх нь бидэнд яагаад сайн бэ?
2 Хэдийгээр бид шинийг сурах чадвартай ч мэддэг юм маань хязгаартай (Иов 37:23, 24-ийг уншина). Иовын жишээг бодъё. Ехова олон асуулт тавихад тэрбээр өчнөөн олон юмыг мэддэггүйгээ ухаарсан. Иймээс даруу, зөв үзэлтэй болжээ (Иов 42:3–6). Бүгдийг нэг бүрчлэн мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх нь бидэнд ч сайн. Ийн даруу байвал зөв шийдвэр гаргахад зайлшгүй мэдэх шаардлагатай бүхнийг Ехова зааж өгнө гэдэгт итгэлтэй байж чадна (Сур. 2:6).
Иовын адилаар мэдэхгүй юмаа хүлээн зөвшөөрөх нь бидэнд сайн (2-р догол мөрийг үзээрэй)
3. Энэ өгүүллээр юу үзэх вэ?
3 Энэ өгүүллээр, бид юу мэддэггүй болон мэдэхгүй байх нь бидэнд хэрхэн нөлөөлдгийг үзнэ. Мөн зарим зүйлийг мэдэхгүй нь яагаад сайн гэдгийг ярилцана. Ингэснээр «мэдлэгээр төгс Нэгэн» Ехова бидэнд зайлшгүй хэрэгтэй юмыг мэдүүлдэг гэдэгт итгэх итгэл маань батажна (Иов 37:16, ШЕ).
ТӨГСГӨЛ ХЭЗЭЭ ИРЭХ
4. Матай 24:36-д бичсэнээр бид юу мэдэхгүй вэ?
4 Матай 24:36-г уншина. Бид энэ тогтолцооны төгсгөл хэзээ ирэхийг мэдэхгүй. Есүс ч дэлхий дээр байхдаа «тэр өдөр, цагийг» мэдэхгүй байсан.a Тэрбээр элч нартаа ямар нэг үйл явдал хэзээ болохыг Ехова л «шийдэх эрхтэйг» хожим нь хэлсэн (Үйлс 1:6, 7). Ехова энэ тогтолцооны төгсгөл хэзээ болохыг аль хэдийн товлосон ч, үүнийг мэдэх эрх бидэнд байхгүй.
5. Төгсгөл хэзээ ирэхийг мэддэггүй нь бидэнд хэрхэн нөлөөлж магадгүй вэ?
5 Бид төгсгөл ирэх цагийг хэр удаан хүлээхээ мэдэхгүй. Үүнээс болж бидний, ялангуяа Еховагийн өдрийг олон жил хүлээж байгаа хүний тэвчээр алдрах юм уу урам хугарч болох юм. Эсвэл удаан хүлээж байгааг мэддэг гэрийнхэн юм уу бусад хүн элэглэн дооглоход бидэнд хэцүү санагддаг (2 Петр 3:3, 4). Хэрэв тэр өдөр, цагийг мэддэг бол тэвчиж чадна, бусдын доог тохууг тоохгүй өнгөрөөж чадна гэсэн бодол танд төрж болох юм.
6. Төгсгөл хэзээ ирэхийг мэдэхгүй байх нь яагаад сайн бэ?
6 Үнэндээ, Ехова төгсгөл ирэх цагийг илчлээгүй нь өөрийг нь хайрлаж, өөрт нь итгэдгээ батлах боломж олгож байгаа хэрэг юм. Бид зөвхөн тодорхой хугацаанд, төгсгөл болтол Еховад үйлчилнэ гэж боддоггүй. «Еховагийн өдөр» ирэх цагийг анхаарахын оронд тэр өдөр ямар сайн юмс болохыг анхаарах нь зүйтэй. Ингэдэг бол Еховатай улам дотносож, түүнд итгэх итгэл маань батажна. Бас таалалд нь багтахын тулд чадах бүхнээ хийнэ (2 Петр 3:11, 12).
7. Бид юу мэддэг вэ?
7 Мэддэг юмаа анхаарах нь чухал. Эцсийн өдрүүд 1914 онд эхлэхийг мэдэхэд тустай зөгнөлүүдийг Ехова Библид бичүүлсэн. Бас үүнээс хойш дэлхийн нөхцөл байдал ямар болохыг дэлгэрэнгүй хэлж өгсөн. Тиймээс бид «Еховагийн агуу өдөр ойрхон байгаа» гэдэгт итгэдэг (Зеф. 1:14, ШЕ). «Хаант төрийн тухай ... сайн мэдээг» аль болох олон хүнд тунхаглаасай гэж Ехова биднээс хүсдэгийг бас мэддэг (Мат. 24:14). Сайн мэдээ 240 орчим улс оронд 1 000 гаруй хэлээр тунхаглагдаж байна. Энэ чухал ажлыг идэвх зүтгэлтэй хийхэд «тэр өдөр, цагийг» мэдэх шаардлага бидэнд байхгүй.
ЕХОВА БИДНИЙ ТӨЛӨӨ ЮУ ХИЙХ
8. «Бурханы үйлс» гэдгээр юуг хэлдэг вэ? (Номлогчийн үгс 11:5).
8 Бид «Бурханы үйлс» болгоныг мэдэхгүй (Номлогчийн үгс 11:5-ыг уншина). «Бурханы үйлс» гэдгээр хүсэл тааллаа биелүүлэхийн тулд түүний хийдэг болон зөвшөөрдөг зүйлийг хэлдэг. Ехова зарим үйл явдал болохыг яагаад зөвшөөрдгийг, бас бидэнд туслахын тулд яг юу хийхийг бид мэддэггүй (Дуу. 37:5). Үүнийг Библид бичихдээ ураг эхийн хэвлийд хэрхэн бүрэлдэхийг мэддэггүйтэй зүйрлэсэн. Эрдэмтэд энэ талаар одоо ч бүрэн гүйцэд ойлгодоггүй.
9. Ехова юу хийхийг яг таг мэдэхгүйн улмаас бид яаж магадгүй вэ?
9 Ехова бидний төлөө юу хийхийг бид яг таг мэдэхгүйн улмаас заримдаа шийдвэр гаргахдаа эргэлздэг. Жишээ нь энгийн амьдрах, дэлгэрүүлэгчийн хэрэгцээ ихтэй газар нүүж очих зэрэг эрх ашгаа хойш нь тавин байж үйлчлэлээ өргөжүүлэх нь зөв эсэхэд тээнэгэлздэг. Мөн бид хичээсэн ч Еховад түлхүү үйлчлэх зорилгоо биелүүлж чадаагүй юм уу дэлгэрүүлэх ажилд шамдан оролцсон ч үр дүн гараагүй, эсвэл байгууллагын том төсөлд оролцож байтал саад учирч ажил зогссон байж болох юм. Ийм үед Ехова биднийг таалахгүй байна гэсэн бодол төрж мэднэ.
10. Ехова бидний төлөө юу хийхийг мэдэхгүй байх нь ямар чухал зан чанар хөгжүүлэхэд тустай вэ?
10 Ехова бидэнд хэрхэн туслахыг мэдэхгүй байх нь үнэндээ даруу гэх мэт чухал зан чанарыг хөгжүүлэхэд тустай. Бидэнд юу хамгийн сайныг тэрбээр мэддэг гэдгийг бид ойлгодог болсон (Ис. 55:8, 9). Бас аливааг амжилттай хийхийн тулд түүнд бүрэн итгэж, найдах хэрэгтэйг ойлгосон. Дэлгэрүүлэх ажил юм уу байгууллагын төсөл сайн үр дүнд хүрвэл Еховад л алдар, магтаалыг өргөдөг (Дуу. 127:1; 1 Кор. 3:7). Хэрэв ямар нэг юм санаснаар болоогүй бол бүх юм Еховагийн мэдэлд байгааг санах хэрэгтэй (Ис. 26:12). Бид чадахыгаа хийвэл тэрбээр үлдсэнийг нь хийнэ гэдэгт найддаг. Эрт үеийнх шигээ гайхамшиг үйлдэхгүй ч хэрэгтэй удирдлага заавар өгнө гэдэгт нь итгэдэг (Үйлс 16:6–10).
11. Бид ямар чухал зүйлийг мэддэг вэ?
11 Мэддэг зүйлээ бодоорой. Ехова бол хайр халамжтай, үнэнч шударга, мэргэн ухаантай Бурхан. Өөрийнх нь болон итгэл нэгтнүүдийнхээ төлөө хийсэн бүхнийг маань өндөр үнэлдэг. Мөн үнэнч үйлчлэгчдээ заавал шагнадаг (Евр. 11:6).
МАРГААШ ЮУ БОЛОХ
12. Яаков 4:13, 14-т бичсэнээр бид юу мэдэхгүй вэ?
12 Яаков 4:13, 14-ийг уншина. Бид маргааш юу болохыг мэддэггүй нь яахын аргагүй үнэн. Энэ нийгэмд амьдрах хугацаанд санаанд оромгүй явдал гэнэт тохиолдох нь бий (Ном. 9:11). Тиймээс бодож төлөвлөсөн зүйл маань бүтэх эсэхийг, бүр тэр хүртэл амьд байх эсэхээ ч мэдэхгүй.
13. Маргааш юу тохиолдохыг мэдэхгүйгээс болж бид яаж мэдэх вэ?
13 Маргааш юу тохиолдохыг мэдэхгүйн улмаас зовлонтой санагдаж болох юм. Яагаад? Юу болох бол гэж санаа зовсоор баяр хөөргүй болж мэднэ. Эмгэнэлтэй, санаанд оромгүй явдал гэнэт болоход гашуудах юм уу уурлан бухимддаг. Бас найдаж байсан зүйл маань биелэхгүй болохоор сэтгэлээр унаж, урам хугардаг (Сур. 13:12).
14. Бидний аз жаргал юунаас шалтгаалдаг вэ? (Бас зургийг үзээрэй).
14 Бид ямар ч зовлонг тэвчсэнээр тэнгэрийн Эцэгтээ хайрын үүднээс үйлчилдэг болохоос бус, амин хувийнхаа төлөө үйлчилдэггүй гэдгээ батална. Ехова биднийг бүх бэрхшээлээс хамгаална, амьдралд маань юу тохиолдохыг урьдаас төлөвлөдөг гэж бодох ёсгүйг Библид бичсэн түүхүүд харуулдаг. Бидний аз жаргал ирээдүйд юу болохыг мэдэх эсэхээс шалтгаалахгүйг Ехова мэддэг. Харин түүний удирдлага зааврыг эрж хайж, дуулгавартай байх эсэхээс шалтгаалдаг (Иер. 10:23). Шийдвэр гаргахдаа Еховаг анхаардаг бол ирээдүйн тухай хэтэрхий их санаа зовохгүй. Яаковын адилаар «Ехова хүсвэл бид амьд байж, үүнийг юм уу түүнийг хийнэ» гэж хэлнэ (Яак. 4:15).
Еховагийн удирдлага зааврыг эрж хайж, дуулгавартай байх нь жинхэнэ хамгаалалт юм (14, 15-р догол мөрийг үзээрэй)b
15. Бид ирээдүйн тухай юу мэддэг вэ?
15 Бид маргааш юу болохыг мэдэхгүй ч, тэнгэр газрын алинд ч бай мөнх амьдруулна гэсэн Еховагийн амлалтыг мэддэг. Бас тэрбээр худал хэлдэггүй бөгөөд амлалтууд нь биелэхэд юу ч саад болохгүйг мэддэг (Тит 1:2). Зөвхөн Ехова л «эхлэлээс төгсгөлийг тунхаглаж, хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс мэдүүлдэг». Тийм ээ, түүний хэлсэн үг урьд нь ч биелсэн, ирээдүйд ч биелнэ (Ис. 46:10). Түүнчлэн биднийг хайрлахад нь саад хийх зүйл нэг ч үгүй шүү дээ (Ром 8:35–39). Бидэнд юу ч тохиолдсон бай тэвчихэд хэрэгтэй мэргэн ухаан, хүчийг Ехова өгч, тайвшруулна. Тэрбээр тусална, ивээнэ гэдэгт бид бат итгэдэг (Иер. 17:7, 8).
ЕХОВА БИДНИЙГ МАШ САЙН МЭДДЭГ
16. Ехова юуг мэддэг нь гайхалтай вэ? (Дуулал 139:1–6).
16 Дуулал 139:1–6-г уншина. Бүтээгч маань бидний тухай бүгдийг мэддэг. Биднийг яагаад ийн боддог, мэдэрдэг болсныг ойлгодог. Бас юу хэлж ярьж, хийдгээс гадна яагаад гэдгийг ч мэддэг. Давид хааны бичсэнээр биднийг хаана ч байсан тэрбээр дэргэд маань байдаг, туслахад үргэлж бэлэн байдаг. Орчлонт ертөнцийн Хэмжээгүй эрхт Эзэн, тэнгэр газрын төгс хүчит Бүтээгч бидэнд ингэж их санаа тавьдаг нь гайхалтай биш гэж үү? «Та намайг маш сайн мэддэг нь үнэхээр гайхалтай! Үүнийг ойлгоход ухаан хүршгүй!» гэж Давид хэлжээ (Дуу. 139:6, ШЕ).
17. Ехова биднийг маш сайн мэддэг гэдгийг хүлээн зөвшөөрөх яагаад амаргүй байж болох вэ?
17 Өсөж хүмүүжсэн орчин, ахуй соёл, урьдын итгэл үнэмшлээсээ болж Ехова бол бидэнд санаа тавьдаг хайр халамжтай Эцэг гэдгийг ойлгоход хэцүү санагдаж болох юм. Эсвэл өмнө нь ноцтой алдаа гаргаж байсан учраас Ехова намайг мэдэхийг хүсэхгүй, надаас хол хөндий байдаг гэж бодогдож магадгүй. Давидад ч ийм сэтгэгдэл төрж байсан (Дуу. 38:18, 21). Аль эсвэл Бурхны зөв буруугийн хэм хэмжээний дагуу амьдралын хэв маягаа өөрчлөх гэж чин сэтгэлээсээ хичээж байгаа хүн: «Бурхан намайг үнэхээр ойлгодог юм бол яагаад байгаагаар минь хүлээж авахгүй, өөрчлөгдөхийг шаарддаг юм бэ?» гэж бодож болох юм.
18. Ехова биднийг өөрсдөөс маань ч илүү мэддэгийг хүлээн зөвшөөрөх нь яагаад сайн бэ? (Бас зургийг үзээрэй).
18 Ехова биднийг өөрсдөөс маань ч илүү мэддэг, өөрсдөө анзаардаггүй сайн талыг анзаардаг гэдгийг бид хүлээн зөвшөөрдөг болж чадна. Тэрбээр алдаа гаргадгийг маань хардаг ч яагаад гэдгийг ойлгодог тул биднийг хайрласаар байдаг (Ром 7:15). Яваандаа өөрчлөгдөж ямар сайн хүн болохыг маань анхаардгийг бид ойлговол түүнд үнэнчээр, баяр хөөртэйгөөр үйлчлэх урам зоригтой болно.
Шинэ ертөнцөд баяр жаргалтай амьдарна гэдэгт итгэх итгэлийг маань Ехова батжуулан өнөөгийн бэрхшээлийг давахад тусалдаг (18, 19-р догол мөрийг үзээрэй)c
19. Бид Еховагийн тухай юу юуг мэддэг вэ?
19 Бид дараахыг мэддэг. Ехова бол хайр. Энэ бол туйлын үнэн (1 Ёох. 4:8). Тэрбээр биднийг хайрласандаа зөв буруугийн хэм хэмжээг тогтоож, үргэлж бидний сайн сайхныг боддог. Биднийг мөнх амьдраасай гэсэндээ золиос өгсөн. Энэ бэлгийн ачаар бид төгс бус ч гэлээ Еховад тааллынх нь дагуу үйлчилж чаддаг (Ром 7:24, 25). Мөн «Бурхан бидний зүрхнээс агуу бөгөөд бүх юмыг мэддэг» (1 Ёох. 3:19, 20). Ехова биднийг нэгд нэгэнгүй мэддэг, хүсэл тааллыг нь биелүүлж чадна гэдэгт маань итгэдэг.
20. Яавал мэдэхгүй юмнаас болж хэтэрхий их санаа зовохгүй вэ?
20 Зайлшгүй мэдэх шаардлагатай бүхнийг Ехова хэлж өгдөг. Үүнийг даруухнаар хүлээн зөвшөөрвөл бид мэдэхгүй зүйлээс болж хэтэрхий их санаа зовохгүй байхын зэрэгцээ илүү чухал зүйлийг анхаарч чадна. Ингэснээр «мэдлэгээр төгс Нэгэн» Еховад бүрэн итгэдгээ харуулна (Иов 36:4, ШЕ). Одоо бидэнд мэдэхгүй юм байгаа ч, ирээдүйд агуу Бурхныхаа тухай шинэ юмыг мөнхөд мэдэж авсаар, Бурхнаараа үүрд заалгасаар байх тэр цагийг тэсэн ядан хүлээдэг (Ном. 3:11).
ДУУ 38 Еховад ачаагаа даатгая
b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Аав хүү хоёр зайлшгүй хэрэгцээтэй юмаа үүргэвчиндээ хийж, болзошгүй гамшигт бэлдэж байна.
c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Амьдралд нь бэрхшээл тулгарсан Гэрч эрэгтэй өөрийгөө шинэ ертөнцөд баяр жаргалтай амьдарч байгаагаар төсөөлж байна.