СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 11
ДУУ 142 Бүх хүнд дэлгэрүүлцгээе
Хичээл зүтгэлтэй дэлгэрүүлсэн Есүсийг дуурайя
«Эзэн 70 хүнийг сонгоод очих гэж буй хот тосгод руугаа хоёр хоёроор нь илгээв» (ЛУК 10:1).
ГОЛ САНАА
Есүсийг дуурайж хичээл зүтгэлтэй дэлгэрүүлэх 4 аргыг ярилцана.
1. Еховагийн үйлчлэгчид юугаараа ялгардаг вэ?
ЕХОВАГИЙН үйлчлэгчид сайн мэдээг хичээл зүтгэлтэй дэлгэрүүлдэг. Үүгээрээ өөрсдийгөө Христийн дагалдагч гэдэг хүмүүсээс тэд ялгардаг (Тит 2:14). Гэвч заримдаа дэлгэрүүлэх урам зориг тань мохож болох юм. Нэг хичээнгүй ахлагч: «Хааяа би дэлгэрүүлэх ямар ч хүсэлгүй болчихдог» гэжээ. Танд ч ингэж санагдаж байсан байх.
2. Хичээл зүтгэлтэй дэлгэрүүлэхэд заримдаа яагаад амаргүй байдаг вэ?
2 Дэлгэрүүлэхээс өөр аргаар Еховад үйлчлэх нь заримдаа илүү сайхан санагдаж болох юм. Яагаад? Бид байгууллагын барилга барих юм уу засаж тордох, гамшигт нэрвэгдэгсдэд туслах, ах дүүсээ урамшуулан зоригжуулахаараа хийсэн ажлын үр дүн нүдэнд шууд харагддаг тул сэтгэл хангалуун байдаг. Ийнхүү ах дүүстэйгээ хамтран ажиллахдаа хайр, амар тайвныг мэдэрдэг. Бас хийсэн зүйлд маань хүмүүс талархдаг. Нөгөөтээгүүр, олон жил дэлгэрүүлж байгаа хэсэгт маань сонсох хүн маш цөөхөн, зарим нь бүр дургүйцдэг байж болох юм. Төгсгөл ойртохын хэрээр хүмүүс биднийг бүр их эсэргүүцдэг болж мэднэ (Мат. 10:22). Хичээл зүтгэлээ алдахгүйгээр зогсохгүй улам идэвхтэй дэлгэрүүлэхэд маань юу тус болох вэ?
3. Лук 13:6–9-д бичсэн жишээнээс Есүсийн тухай юу мэдэж болох вэ?
3 Есүсийн жишээнээс хэрхэн хичээл зүтгэлтэй дэлгэрүүлэхийг мэдэж авна. Дэлхий дээр үйлчилж байхдаа түүний идэвх зүтгэл хэзээ ч сулраагүй. Цаг хугацаа өнгөрөх тусам улам л идэвхтэй дэлгэрүүлсэн (Лук 13:6–9-ийг уншина). Жимс ургуулдаггүй инжрийн модыг 3 жил арчилж тордсон цэцэрлэгч шиг Есүс иудейчүүдэд 3 жилийн турш дэлгэрүүлсэн ч ихэнх нь нааштай хандаагүй. Гэхдээ цэцэрлэгч жимс ургана гэж найдаж байсны адил тэрбээр дэлгэрүүлэхээ болиогүй. Харин ч хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөхийн тулд бүр ч их хичээсэн.
4. Есүсийн талаарх ямар 4 зүйлийг ярилцах вэ?
4 Есүс, ялангуяа сүүлийн 6 сар хэрхэн хичээл зүтгэл гаргасныг уг өгүүллээр ярилцана (Лук 10:1). Есүсийн юу заасныг судалж, юу хийснийг дуурайх нь хичээл зүтгэлтэй дэлгэрүүлэхэд тустай. Тэрбээр 1) Еховагийн хүслийг боддог, 2) Библийн зөгнөлийг анхаардаг, 3) Еховагийн тусламжид найддаг, 4) сонсох хүн байгаа гэсэн өөдрөг үзэлтэй байсныг ярилцъя.
ЕХОВАГИЙН ХҮСЛИЙГ БОДСОН
5. Есүс Бурхны хүслийг боддог байсан нь юунаас харагддаг вэ?
5 «Хаант төрийн тухай сайн мэдээ» тунхаглахыг Бурхан өөрөөс нь хүсдэгийг Есүс мэддэг байсан тул идэвхтэй дэлгэрүүлсэн (Лук 4:43). Энэ ажил амьдралынх нь хамгийн чухал зүйл байв. Үйлчлэлийнхээ сүүлийн саруудад ч «хот, тосгодоор орж сургаалаа заасан» (Лук 13:22). Мөн илүү олон шавиа дэлгэрүүлэх ажилд сургасан (Лук 10:1).
6. Дэлгэрүүлэх нь байгууллагын бусад ажилтай холбоотой гэхийн учир юу вэ? (Бас зургийг үзээрэй).
6 Ехова Есүс хоёр сайн мэдээ дэлгэрүүлээсэй гэж хүсдэг учир энэ нь өнөөдөр ч бидний хийдэг гол ажил юм (Мат. 24:14; 28:19, 20). Дэлгэрүүлэх болон байгууллагын бусад ажил хоорондоо нягт холбоотой. Жишээлбэл барилгын юм уу Бетелийн ажил сайн мэдээ тунхаглах ажлыг дэмжих зорилготой. Гамшгийн үеэр тусламжийн ажил зохион байгуулдаг нь ах дүүсээ зөвхөн зайлшгүй хэрэгцээт зүйлээр хангаад зогсохгүй цуглаан хийх, дэлгэрүүлэхэд нь тусалж байгаа хэрэг. Дэлгэрүүлэх нь Еховагийн хийгээсэй гэж хүсдэг хамгийн чухал ажил гэдгийг санадаг бол тогтмол дэлгэрүүлэх хүсэл бадарна. Унгарын Янош гэдэг ахлагч: «Байгууллагын ямар ч үүрэг даалгавар дэлгэрүүлэх ажлыг орлохгүй. Энэ бол хийх ёстой гол ажил гэдгийг дандаа санадаг» гэжээ.
Ехова Есүс хоёр сайн мэдээ дэлгэрүүлээсэй гэж хүсдэг учир энэ нь өнөөдөр ч бидний гол ажил юм (6-р догол мөрийг үзээрэй)
7. Ехова яагаад дэлгэрүүлээд л байхыг биднээс хүсдэг вэ? (1 Тимот 2:3, 4).
7 Бид Еховатай адил аль болох олон хүнийг сайн мэдээ сонсож, хүлээж аваасай гэж боддог бол илүү хичээл зүтгэлтэй дэлгэрүүлнэ (1 Тимот 2:3, 4-ийг уншина). Тиймээс ч амь аврах мэдээг үр дүнтэй дэлгэрүүлэхийг бидэнд заадаг. Жишээ нь «Хүмүүсийг хайрлаж, шавь болгоё» товхимолд шавь бэлдэх зорилгоор яриа эхлэхэд тус болох бодитой зөвлөгөөнүүд бий. Хүмүүс сайн мэдээг одоохондоо хүлээж аваагүй ч агуу их гамшиг дуусахаас өмнө бодлоо өөрчилж магадгүй. Бидний ярьж байсныг тэр үед санаад Еховад үйлчилдэг болж мэднэ. Иймээс бид дэлгэрүүлээд л байх хэрэгтэй.
БИБЛИЙН ЗӨГНӨЛИЙГ АНХААРСАН
8. Есүс Библийн зөгнөлийг мэддэг байсан тул цагаа зөв ашигласан гэж яагаад хэлэх вэ?
8 Есүс Библийн зөгнөлүүд хэрхэн биелэхийг ойлгодог байв. Зөгнөл ёсоор 3 жил хагасын хугацаанд дэлгэрүүлэхээ мэдэж байсан (Дан. 9:26, 27). Бас хэзээ, хэрхэн үхэхээ ч мэдэж байв (Лук 18:31–34). Тиймээс ажлаа гүйцэлдүүлэхийн тулд цагаа хамгийн зөв ашиглаж идэвхтэй дэлгэрүүлсэн.
9. Библийн зөгнөл хичээл зүтгэлтэй дэлгэрүүлэх урам зоригтой болгодгийн учир юу вэ?
9 Библийн зөгнөлийг ойлгож, эргэцүүлдэг бол хичээл зүтгэлтэй дэлгэрүүлэх урам зоригтой болно. Энэ тогтолцоо удахгүй сүйрэхийг бид мэддэг. Эцсийн өдрүүдэд хүмүүс ямар болох, ямар үйл явдлууд өрнөх талаарх Библийн зөгнөл нүдэн дээр маань биелж байна. Англи-Америкийн эзэнт гүрэн Орос болон түүний холбоотнуудтай өрсөлдөж, «эцсийн цагийн» Өмнө ба Умард зүгийн хаадын тухай зөгнөл биелж байна (Дан. 11:40). Мөн Даниел 2:43–45-д гардаг баримлын тавхай нь Англи-Америкийн эзэнт гүрнийг төлөөлдгийг бид бас мэддэг. Эдгээр зөгнөлийг судлаад Бурхны Хаант төр хүний засгийн газруудыг тун удахгүй устгана гэдэгт бат итгэдэг. Библийн зөгнөлүүд ямар цаг үед амьдарч байгааг маань ойлгуулж, дэлгэрүүлэх ажлаа яаравчлан хийх ёстойг сануулдаг.
10. Библийн зөгнөл биднийг хэрхэн урам зоригтой болгодог вэ?
10 Түүнчлэн бид Библийн зөгнөлөөс мэдэж авсан сайхан ирээдүйнхээ тухай хүмүүст ярьдаг. Доминиканд үйлчилдэг Керри: «Ирээдүй сайхан болох талаарх Еховагийн сэтгэл дулаацуулам амлалтуудыг бодохоор бусдад яримаар санагддаг. Хүмүүс янз янзын зовлон туулж байгааг хараад тэдгээр амлалт зөвхөн надад биш тэдэнд ч хэрэгтэйг ойлгодог» гэжээ. Мөн зөгнөлүүдээс Ехова дэлгэрүүлэх ажлыг маань дэмждэгийг ойлгоод энэ ажлаа шантралгүй хийх урам зоригтой болдог. Унгарт амьдардаг Лейла: «Ямар ч хүн Еховагийн тусламжаар өөрчлөгдөж чадахыг Исаиа 11:6–9-өөс би мэдэж авсан. Тиймээс сайн мэдээг сонсохгүй юм шиг санагдсан хүмүүст ч дэлгэрүүлдэг» гэжээ. Замбид амьдардаг Гэрч эрэгтэй Кристофер: «Марк 13:10-т зөгнөсний дагуу сайн мэдээ дэлхий даяар түгж байна. Энэ зөгнөл биелэхэд хувь нэмэр оруулж байгаа минь завшаан билээ» гэжээ. Библийн ямар зөгнөл танд дэлгэрүүлсээр байх урам зориг хайрладаг вэ?
ЕХОВАГИЙН ТУСЛАМЖИД НАЙДСАН
11. Есүс хичээл зүтгэлтэй дэлгэрүүлсээр байхын тулд яагаад Еховад найдах хэрэгтэй байсан бэ? (Лук 12:49, 53).
11 Үргэлж хичээл зүтгэлтэй дэлгэрүүлэхэд нь Ехова тусална гэдэгт Есүс найдаж байв. Тэрбээр хүмүүстэй эвтэйхэн харьцдаг байсан. Гэвч Хаант төрийн тухай мэдээнд дургүйцэж, хүчтэй эсэргүүцэх хүн гарахыг мэдэж байсан (Лук 12:49, 53-ыг уншина). Үнэхээр ч шашны удирдагчид түүнийг хөнөөхийг удаа дараа оролдсон юм (Ёох. 8:59; 10:31, 39). Гэхдээ Ехова өөртэй нь хамт байдгийг мэддэг тул дэлгэрүүлэхээ болиогүй. Тэрбээр: «Би ганцаараа биш. Намайг илгээсэн Эцэг надтай хамт байдаг. ... Би үргэлж таалалд нь нийцүүлдэг учир ганцааранг минь орхиогүй» гэжээ (Ёох. 8:16, 29).
12. Эсэргүүцэл тулгарсан ч дэлгэрүүлсээр байхад нь Есүс шавь нараа хэрхэн бэлдсэн бэ?
12 Еховагийн тусламжид найдахыг Есүс шавь нартаа захижээ. Хавчлага тулгарахад ч тусална гэдгийг дахин дахин батлан хэлсэн (Мат. 10:18–20; Лук 12:11, 12). Мөн үүний зэрэгцээ анхаарал сэрэмжтэй байхыг сануулдаг (Мат. 10:16; Лук 10:3). Мэдээг нь сонирхохгүй хүмүүсийг хүчлэх хэрэггүйг хэлсэн (Лук 10:10, 11). Бас хавчигдвал зугтахыг зөвлөсөн (Мат. 10:23). Есүс хичээл зүтгэлтэй, Еховад найддаг байсан ч аюулд өртөхөөс болгоомжилдог байв (Ёох. 11:53, 54).
13. Ехова танд тусална гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ?
13 Өнөөдөр ч эсэргүүцлийг үл тоон зүтгэл гарган дэлгэрүүлэхэд Еховагийн тусламж хэрэгтэй (Илч. 12:17). Ехова танд тусална гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ? «Ёохан» номын 17-р бүлэгт бичсэн Есүсийн залбирлыг бодъё. Тэрбээр элч нарыг нь харж хандахыг гуйн залбирахад Ехова гуйлтыг нь биелүүлсэн. Хавчлагыг үл тоон идэвхтэй дэлгэрүүлэхэд нь элч нарт хэрхэн тусалсныг «Үйлс» номд бичжээ. Есүс бас элч нарыг сонсоод итгэх хүмүүсийг харж хандахыг Еховагаас гуйсан. Тэдний тоонд та ч орно. Ехова Есүсийн залбиралд одоо ч хариулж байгаа. Элч нарт тусалсан шигээ танд ч тусална (Ёох. 17:11, 15, 20).
14. Идэвх зүтгэл маань сулрахгүй дэлгэрүүлсээр байж чадна гэхийн учир юу вэ? (Бас зургийг үзээрэй).
14 Төгсгөл ойртохын хэрээр сайн мэдээ тунхаглах нь улам хэцүү болж магадгүй. Гэхдээ идэвх зүтгэл сулрахгүй байхад хэрэгтэй бүх тусламжийг бид авна (Лук 21:12–15). Есүс болон шавь нарыг дуурайн бид хүмүүсийг албаддаггүй, тэдэнтэй маргалддаггүй. Чөлөөтэй дэлгэрүүлэх боломжгүй улс оронд ч ах дүүс маань өөрсдөдөө бус, Еховад найддаг учир сайн мэдээг дэлгэрүүлсээр байна. Ехова I зууны үйлчлэгчдээ хүчирхэгжүүлсэн шиг өнөөдөр ч өөрийнх нь санаж зорьсон хэмжээнд хүртэл «сайн мэдээ тунхаглах ажлаа гүйцээх» хүчийг бидэнд өгнө (2 Тим. 4:17). Еховад найдвал идэвх зүтгэлтэй дэлгэрүүлсээр байж чадна гэдэгт та итгээрэй.
Чөлөөтэй дэлгэрүүлэх боломжгүй газарт ч хичээл зүтгэлтэй дэлгэрүүлэгчид анхаарал болгоомжтой байн сайн мэдээ тунхагладаг (14-р догол мөрийг үзээрэй)a
ӨӨДРӨГ БАЙСАН
15. Есүс дэлгэрүүлэх ажлын талаар өөдрөг үзэлтэй байсан нь юунаас харагддаг вэ?
15 Есүс дэлгэрүүлэх ажлын талаар өөдрөг үзэлтэй байсан тул урам зоригтой дэлгэрүүлсэн. Жишээлбэл МЭ 30 оны сүүлээр олон хүн сайн мэдээ сонсож байгааг тариа нь боловсорч хураахад бэлэн болсон талбайтай зүйрлэсэн (Ёох. 4:35). Ойролцоогоор жилийн дараа шавь нартаа «Ургац арвин ... байна» гэжээ (Мат. 9:37, 38). Хожим нь бас «Ургац арвин боловч ажилчид цөөн байна. Тиймээс ургацын Эзнээс ажилчдыг явуулахыг гуй» гэж онцлон хэлсэн (Лук 10:2). Тэрбээр сайн мэдээ хүлээж авах хүмүүс байгаа гэдэгт огтхон ч эргэлзээгүй. Үнэнд итгэсэн тэднийг хараад ихэд баярласан (Лук 10:21).
16. Есүсийн татсан жишээнээс бид дэлгэрүүлэх ажлын талаар өөдрөг үзэлтэй байхад тустай юуг ойлгох вэ? (Лук 13:18–21). (Бас зургийг үзээрэй).
16 Есүс тунхаглаж байгаа мэдээнийхээ талаар өөдрөг үзэлтэй байхыг шавь нартаа заасан. Энэ нь тэднийг хичээл зүтгэлтэй байхад тус болсон. Түүний ярьсан 2 жишээг анхааръя (Лук 13:18–21-ийг уншина). Тэрбээр гичийн үрээр жишээ татан Хаант төрийн тухай мэдээ гайхмаар түгэн тархаж, үүнд юу ч саад болохгүйг тайлбарласан. Мөн хөрөнгөөр жишээ татан Хаант төрийн тухай мэдээ өргөн далайцтай түгж, үүнийг хүлээж авсан хүмүүс шууд анзаарагдахгүй байж болох ч өөрчлөгдөхийг хэлсэн. Ийнхүү ярьж ажил нь заавал амжилтад хүрэхийг Есүс шавь нартаа ойлгуулжээ.
Бид Есүсийн адилаар сайн мэдээ хүлээж авах хүн байгаа гэсэн өөдрөг үзэлтэй байдаг (16-р догол мөрийг үзээрэй)
17. Бид яагаад дэлгэрүүлэх ажлаа өөдрөгөөр хардаг вэ?
17 Дэлгэрүүлэх ажлын үр дүн дэлхий даяар ямар байгааг бодож үзвэл хичээл зүтгэлтэй дэлгэрүүлээд л байх хүсэл бадарна. Жил бүр сая сая хүн Дурсах цуглаанд сууж, Библийн хичээл заалгадаг. Хэдэн зуун мянган хүн бидний адилаар дэлгэрүүлэгч болж, баптисм хүртдэг. Цаашид хэр олон хүн сайн мэдээ хүлээж авахыг бид мэдэхгүй ч, агуу их гамшгийг давах үй олон хүнийг Ехова цуглуулж байгааг мэддэг (Илчлэл 7:9, 14). Ургацын Эзэн хураах ургац байгаа гэж үздэг тул бид дэлгэрүүлсээр байх учиртай.
18. Хүмүүс юуг анзаараасай гэж бид хүсдэг вэ?
18 Есүсийн шавь нар үргэлж хичээл зүтгэлтэй дэлгэрүүлдгээрээ бусдаас ялгардаг байсан. Элч нарын зоригтой ярьж байгааг харсан хүмүүс «Есүстэй хамт байсныг нь ойлгодог» байв (Үйлс 4:13). Хүмүүс биднийг ч Есүс шиг хичээл зүтгэлтэй дэлгэрүүлдэг гэж үзэх болтугай.
ДУУ 141 Амар тайвныг эрхэмлэдэг хүнийг хайцгаая
a ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч эрэгтэй шатахуун түгээх станц дээр нэг залууд болгоомжтой дэлгэрүүлж байна.