СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 18
ДУУ 45 Урагшаа тэмүүлцгээе!
Залуу эрчүүд ээ, Марк Тимот нарыг дуурайгаарай
«Маркийг дагуулж ирээрэй. Бурханд үйлчлэхэд минь түүний тусламж хэрэгтэй байна» (2 ТИМ. 4:11).
ГОЛ САНАА
Марк Тимот хоёрын жишээ залуу эрчүүдэд сайхан зан чанар хөгжүүлж Ехова болон хурлынхандаа илүү их үйлчлэх буюу үйлчлэлээ өргөжүүлэхэд нь хэрхэн туслах вэ?
1, 2. Марк Тимот нарт үйлчлэлээ өргөжүүлэхэд яагаад амаргүй санагдсан байж болох вэ?
ЗАЛУУ эрчүүд ээ, та нар Еховад түлхүү үйлчилж, хурлынхандаа илүү их туслахыг хүсэж байна уу? Хүсэж байгаа нь лавтай. Ах дүүстээ үйлчлэх хүсэлтэй хөвгүүд олон байгааг харах үнэхээр сайхан! (Дуу. 110:3). Гэхдээ энэ нь амаргүй санагдаж магадгүй. Үйлчлэлээ өргөжүүлэх болбол намайг юу хүлээж байгаа бол гээд тээнэгэлзэж байна уу? Эсвэл, би чадахгүй байх гэж бодоод Еховад түлхүү үйлчлэх саналыг хүлээж аваагүй юу? Үнэндээ ганцхан чамд ингэж санагддаг юм биш шүү.
2 Марк Тимот хоёрт ч ийн санагдаж байсан байх. Амьдрал нь яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй, бас чадахгүй байх гэж бодсон ч Еховад үйлчлэхийн тулд бүхнээ зориулахаар шийдсэн. Паул Барнаб хоёр миссионерын эхний аялалдаа дагуулж явах санал Маркт тавих үед тэрбээр ээжтэйгээ тохилог байшинд сайхан амьдарч байсан бололтой (Үйлс 12:12, 13, 25). Гэсэн ч дассан энэ тав тухтай орчноо орхин үйлчлэлээ өргөжүүлэхээр болсон. Эхлээд Антиох руу нүүж очсон. Дараа нь Паул Барнаб нарыг даган алслагдсан өөр газруудад үйлчилсэн (Үйлс 13:1–5). Тимот ч мөн Паулыг дэлгэрүүлэх ажилд хамт оролцохыг хүсэхэд эцэг эхтэйгээ амьдарч байсан бололтой. Тэрбээр залуу, туршлагагүй гээд Паултай хамт явахгүй байж болох л байв (1 Коринт 16:10, 11 болон 1 Тимот 4:12-той тус тус харьцуулаарай). Гэхдээ урилгыг нь хүлээж авч, улмаар чамгүй ивээл хүртсэн (Үйлс 16:3–5).
3. а) Марк Тимот хоёрыг Паул хэр их үнэлж эрхэмлэдэг байсан бэ? (2 Тимот 4:6, 9, 11). (Бас зургийг үзээрэй). б) Энэ өгүүллээр ямар ямар асуултыг ярилцах вэ?
3 Марк Тимот хоёр бүр залуугаасаа туршлага сууж, хариуцлагатай үүрэг биелүүлж сурчээ. Паул тэр хоёрыг үнэлж эрхэмлэдэг байсан. Тиймээс ч хожим нь удахгүй нас барахаа мэдээд өөр лүү нь ирэхийг гуйдаг (2 Тимот 4:6, 9, 11-ийг уншина). Тэдний ямар ямар зан чанар Паулын сэтгэлийг хөдөлгөсөн бэ? Залуу эрчүүд тэднийг хэрхэн дуурайх вэ? Эцгийн сэтгэлээр өгсөн Паулын зөвлөгөөнөөс хэрхэн ач тус хүртэх вэ?
Марк Тимот нар залуугаасаа хариуцлагатай үүрэг гүйцэтгэж Паулын хайрыг татсан (3-р догол мөрийг үзээрэй)b
МАРКИЙГ ДУУРАЙЖ ДУРТАЙЯА ҮЙЛЧЛЭЭРЭЙ
4, 5. Марк бусдад үйлчлэх хүсэлтэй байсан нь юунаас харагддаг вэ?
4 Нэг номд тэмдэглэснээр үйлчлэх гэдэг нь «хичээл зүтгэл гарган, тууштай байж» бусдад туслахыг хүсэн тэмүүлэхийг хэлдэг ажээ. Марк энэ талаар сайхан жишээ үзүүлсэн. Паул миссионерын хоёр дахь аялалдаа өөрийг нь авч явахаас татгалзахад ихэд шаналж, урам нь хугарсан байх (Үйлс 15:37, 38). Гэхдээ ингэлээ гээд ах дүүстээ үйлчлэхээ больсон уу? Үгүй.
5 Тэрбээр өөрийн хамаатан Барнабтай үйлчлэхээр болжээ. Үүнээс хойш бараг 11 жилийн дараа Паулыг Ромд анхны удаа хоригдоход түүнийг дэмжиж байсан хүмүүсийн дунд Марк байв (Флм. 23, 24). Паул Маркийн тус дэмийг өндрөөр үнэлдэг байсан нь «намайг асар ихээр тайвшруулдаг» гэж бичиж үлдээснээс нь тодорхой байна (Кол. 4:10, 11).
6. Христийн төлөвшсөн эрчүүдтэй нөхөрлөөд Марк ямар ач тус хүртсэн бэ? (Зүүлтийг үзээрэй).
6 Марк Христийн төлөвшсөн эрчүүдтэй нөхөрлөөд олон ач тус хүртсэн. Хэсэг хугацаанд Паултай үйлчилсэн тэрбээр дараа нь Вавилонд Петртэй хамтран ажилласан. Тэд маш их дотноссон тул «миний хүү Марк» гэж Петр дуудсан байдаг (1 Петр 5:13). Хамт үйлчлэх хугацаандаа Петр түүнд Есүсийн амьдрал, үйлчлэлийн талаар нарийн ширийн, сонирхолтой олон зүйлийг ярьж өгсөн бололтой. Харин Марк тэдгээрийг нь Сайн мэдээний номдоо бичжээ.a
7. Сөн Ү гэдэг Гэрч эрэгтэй Маркийг хэрхэн дуурайсан бэ? (Бас зургийг үзээрэй).
7 Марк Еховад идэвх зүтгэлтэй үйлчилж, төлөвшсөн эрчүүдтэй дотносон нөхөрлөсөн. Түүнийг хэрхэн дуурайх вэ? Чи туслах үйлчлэгч юм уу ахлагч болж үйлчлэлээ өргөжүүлэхийг хүссэн ч хараахан шаардлага хангаагүй бол сэтгэлээр бүү унаарай. Ехова болон хурлынхныхаа төлөө чадахыгаа хийхийг хичээгээрэй. Одоо ахлагчаар үйлчилдэг Сөн Ү гэдэг залуугийн жишээг анхааръя. Тэрбээр арай залуу байхдаа өөрийгөө бусад Гэрч залуустай харьцуулдаг байжээ. Зарим нь хуралдаа илүү олон даалгавар авдаг байсан. Өөрийг нь тоохгүй байгаа юм шиг санагдан сэтгэлээр унаж, энэ тухайгаа нэг удаа ахлагчдад илэн далангүй ярьжээ. Нэг ахлагч түүнд сайн үйлсийг нь хэн ч анзаарахгүй байлаа ч бусдад үйлчлэхийн тулд чадах бүхнээ хийхийг зөвлөжээ. Сөн Ү энэ зөвлөгөөг хэрэгжүүлэн настай болон өөр шаардлагатай хүмүүсийг цуглаанд унаагаараа хүргэж өгдөг болсон. Хожим нь тэрбээр: «Үйлчлэх гэдгийг би бүрэн утгаар нь ойлгосон. Ах дүүстээ туслаад баяр жаргалтай байдаг» гэж дурсжээ.
Төлөвшсөн эрчүүдтэй дотносон нөхөрлөх нь залууст ямар ач тустай вэ? (7-р догол мөрийг үзээрэй)
ТИМОТЫГ ДУУРАЙЖ БУСДАД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ САНАА ТАВИАРАЙ
8. Паул яагаад Тимотыг хамтран зүтгэгчээрээ сонгосон бэ? (Филиппой 2:19–22).
8 Эсэргүүцэл хавчлага тулгарч байсан хотуудад дахин очих болоход Паулд эр зоригтой хамтран зүтгэгчид хэрэгтэй болов. Тэгээд Еховад олон жил үнэнч үйлчилсэн Силасыг эхэндээ сонгон хамт үйлчилж байлаа (Үйлс 15:22, 40). Дараа нь Тимотыг ч сонгожээ. Үүний нэг шалтгаан нь итгэл нэгтнүүд нь түүний талаар сайнаар ярьдаг байв (Үйлс 16:1, 2). Мөн хүмүүст чин сэтгэлээсээ санаа тавьдаг хүн ажээ (Филиппой 2:19–22-ыг уншина).
9. Тимот ах дүүстээ чин сэтгэлээсээ санаа тавьдаг байсан гэж яагаад хэлэх вэ?
9 Паултай үйлчилж эхэлсэн цагаасаа л Тимот өөртөө гэхээсээ илүү бусдад санаа тавьдаг нь тодорхой харагдаж байв. Ийм учраас Паул түүнийг Берой дахь шинэ шавь нарыг урамшуулан зоригжуулж чадна гэсэн бат итгэлтэйгээр тэнд үлдээсэн (Үйлс 17:13, 14). Тимот хамт үлдсэн Силасаас их юм сурсан нь дамжиггүй. Хожим нь Паул Тесалоник дахь дагалдагчдыг зоригжуулахаар Тимотыг ганцааранг нь илгээдэг (1 Тес. 3:2; зүүлт). Дараагийн 15 жилийн хугацаанд Тимотын ах дүүсээ гэсэн хайр улам лавширсан. Тиймээс «уйлж буй хүмүүстэй хамт уйлах» ч үе байжээ (Ром 12:15; 2 Тим. 1:4). Христийн дагалдагч залуус Тимотыг хэрхэн дуурайх вэ?
10. Ү Жэ хэрхэн бусдад чин сэтгэлээсээ санаа тавьж сурсан бэ?
10 Ү Жэ гэдэг Гэрч эрэгтэй бусдадаа чин сэтгэлээсээ санаа тавьж сурсан. Залуу байхдаа итгэл нэгтнүүдтэйгээ яриа өрнүүлэх түүнд амаргүй санагддаг байжээ. Тиймээс цуглааны танхимд тэдэнтэй мэндлээд л явчихдаг байв. Ах дүүсийнхээ юуг нь үнэлж эрхэмлэдгээ хэлбэл яриа өрнүүлэх боломжтойг нэг ахлагч зөвлөжээ. Бас тэдний юу сонирхдогийг бодоорой гэсэн. Ү Жэ зөвлөгөөг нь дагасан. Өнөөдөр ахлагчаар үйлчилдэг тэрбээр: «Одоо би янз янзын насны хүнтэй сайхан яриа өрнүүлж чаддаг болсон. Бусдынхаа нөхцөл байдлыг сайн ойлгож, хэнд, яаж туслахаа мэддэг болсондоо баяртай байдаг» гэж ярьжээ.
11. Залуу эрчүүд хурлынхандаа чин сэтгэлээсээ санаа тавьж суръя гэвэл яах вэ? (Бас зургийг үзээрэй).
11 Залуу эрчүүд та нар ч бусдадаа чин сэтгэлээсээ санаа тавьж сураарай. Цуглааны өмнө болон дараа янз янзын насны, гарал үүсэл өөр хүмүүстэй ярилцаж байгаарай. Ямар байгааг нь асууж, сайн сонсоорой. Тэгвэл хэрхэн туслахаа мэдэж авна. Жишээ нь настай эхнэр нөхөр хоёрт «JW Library®» аппликейшн ашиглах талаар тусламж хэрэгтэй байж мэднэ. Эсвэл тэдэнд хамт дэлгэрүүлэх хүн хэрэгтэй байж болох юм. Тэгэхээр чи цахим хэрэгсэл ашиглахад нь туслах юм уу хамт дэлгэрүүлэхээр тохирч болохгүй нь юу билээ? Санаачилга гарган бусдадаа тусалдаг бол хурлынхандаа үлгэр дуурайл болно.
Залуу эрчүүд хурлынхандаа янз янзын аргаар тусалдаг (11-р догол мөрийг үзээрэй)
ПАУЛЫН ЗӨВЛӨГӨӨ АЧ ТУСТАЙ
12. Залуу эрчүүд яавал Тимотод өгсөн Паулын зөвлөгөөний ач тусыг хүртэх вэ?
12 Паул Тимотод илүү жаргалтай амьдарч, Бурханд бүхнээ зориулан үйлчлэхэд нь тустай зөвлөгөө өгсөн (1 Тим. 1:18; 2 Тим. 4:5). Залуу эрчүүд та нар ч эцгийн сэтгэлээр өгсөн Паулын зөвлөгөөг хэрэгжүүлэн ач тус хүртээрэй. Яавал ач тус хүртэх вэ? Тимотод бичсэн хоёр захидлыг яг надад зориулсан гэж бодоод уншаарай. Амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхийг эргэцүүлээрэй. Одоо зарим зөвлөгөөг нь ярилцъя.
13. Бурханд үнэнч байж сурахын тулд яах хэрэгтэй вэ?
13 «Бурханд үнэнч байхыг зорилго болгон өөрийгөө дасгалжуул» (1 Тим. 4:7б, зүүлт). Еховад үнэнч байж, түүнийг баярлуулах зүйлсийг хийж байхыг Паул Тимотод зөвлөсөн. Гэхдээ Бурханд үнэнч байж сурахын тулд бид маш их хичээх хэрэгтэй. Яаж? «Өөрийгөө дасгалжуул» гэж орчуулсан грек үгийг тэмцээнд оролцохоос өмнөх тамирчин хүний хатуу чанд бэлтгэлийн тухай ярихад голдуу хэрэглэдэг. Тамирчин хүнд хувийн сахилга бат хэрэгтэй. Бидэнд ч бас Еховатай дотносоход тустай юмыг хэвшил болгоход сахилга бат чухал.
14. Ямар зорилгоор Библи унших ёстой вэ? Жишээгээр тайлбарлана уу.
14 Библи унших хэвшилтэй болох гэж хичээж байхдаа Еховатай дотносох гэсэн зорилгоо битгий мартаарай. Жишээлбэл Есүс болон баян захирагч хоёрын ярианаас юу мэдэж авах вэ? (Марк 10:17–22). Тэр залуу эр Есүсийг Мессиа гэдэгт итгэдэг байсан ч дагалдагч нь болох хангалттай итгэлтэй байгаагүй. Гэсэн ч Есүс түүнийг «хайрласан». Залуу эртэй хэрхэн ярьсан нь сэтгэлийг тань хөдөлгөсөн биз ээ. Есүс түүнийг зөв шийдвэр гаргаасай гэж хүссэн нь тодорхой. Бас тэр залууг хайрлаж байгаа Еховагийн сэтгэлийг ч илэрхийлсэн (Ёох. 14:9). Энэ явдал болон өөрийн нөхцөл байдлыг эргэцүүлэн бодоод өөрөөсөө «Еховатай дотносож, бусдад илүү их үйлчлэхийн тулд би яах хэрэгтэй вэ?» гэж асуугаарай.
15. Гэрч залуус үлгэр жишээ үзүүлэх нь яагаад чухал вэ? Жишээ хэлнэ үү (1 Тимот 4:12, 13).
15 «Чи үнэнч хүмүүст... үлгэр дуурайл бол» (1 Тимот 4:12, 13-ыг уншина). Паул Тимотод унших, заах зэрэг чадвараа сайжруулаад зогсохгүй хайр, итгэл, цэвэр ариун зэрэг зан чанарыг хөгжүүлэхийг зөвлөсөн. Яагаад? Юу хийдэг нь юу ярьдгаас илүү чухал. Чи хичээл зүтгэлтэй дэлгэрүүлэх талаар илтгэл тавих даалгавар авсан гэж бодъё. Өөрөө хичээл зүтгэлтэй дэлгэрүүлдэг бол энэ талаар итгэлтэйгээр ярина. Чиний үзүүлдэг үлгэр жишээ үгийг чинь улам жинтэй болгоно (1 Тим. 3:13).
16. а) Христийн дагалдагч залуусын үлгэр жишээ үзүүлж болох ямар 5 зүйлийг Паул дурдсан бэ? б) «Үг яриагаараа» үлгэр дуурайл болохын тулд Гэрч залуус юу хийж болох вэ?
16 Паул 1 Тимот 4:12-т Гэрч залуусын үлгэр жишээ үзүүлж болох 5 зүйлийг дурдсан. Тэдгээрийг та нар нэг бүрчлэн бие даан судалж болно шүү дээ. Жишээ нь «үг яриагаараа» хэрхэн үлгэр дуурайл болох вэ? Юу яривал бусдыгаа урамшуулахыг бодоорой. Хэрэв одоо эцэг эхтэйгээ амьдардаг бол өөрийн чинь төлөө хийсэн зүйлд талархдагаа харамгүй хэлэхийг хичээвэл ямар вэ? Цуглаан дууссаны дараа, илтгэл тавьсан юм уу даалгавар биелүүлсэн хүмүүст юу нь таалагдсанаа хэлж болох юм. Цуглаан дээр хариулахдаа өөрийнхөө үгээр хэлэхийг анхаарч болохгүй нь юу билээ? Үг яриагаараа үлгэр дуурайл болохын тулд хүчин чармайлт гаргавал Еховагийн сайн үйлчлэгч болж байгааг чинь хүмүүс анзаарна (1 Тим. 4:15).
17. Гэрч залуус Еховад түлхүү үйлчлэх зорилгоо биелүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ? (2 Тимот 2:22).
17 «Залуу насны хүсэл тачаалаас зугт. Харин ... Бурхны таалалд нийцүүл» (2 Тимот 2:22-ыг уншина). Еховад түлхүү үйлчлэх зорилгоо биелүүлэхэд саад болох, түүнтэй тогтоосон харьцаанд сэв суулгахад хүргэх муу хүсэлтэйгээ тэмцэхийг Паул Тимотод зөвлөсөн. Зарим зүйлийг хийх нь буруу биш ч үүнээс болоод Еховагийн төлөө илүү ихийг хийх цаг үлддэггүйг чи анзаарсан байх. Жишээ нь спорт, интернэт, видео тоглоомд хэр их цаг зарцуулдгаа бодож үзээрэй. Ехова болон итгэл нэгтнүүддээ тэр цагаасаа зориулж болохгүй нь юу билээ? Цуглааны танхим засах, тордох ажилд оролцох эсвэл өмнөхөөсөө арай илүү дэлгэрүүлж болох юм. Ингэдэг бол Еховад түлхүү үйлчлэх зорилго тавьж, биелүүлэхэд тус болох найзуудтай болох биз ээ.
БУСДАД ҮЙЛЧЛЭХИЙН ИВЭЭЛ
18. Марк Тимот хоёр сэтгэл хангалуун амьдарсан гэж яагаад хэлэх вэ?
18 Марк Тимот нар бусдад чадах чинээгээрээ үйлчлэхийн тулд их юмаа золиосолсон ч сэтгэл хангалуун амьдарсан (Үйлс 20:35). Марк ах дүүстээ туслах зорилгоор хол газруудаар аялж байв. Бас Есүсийн амьдрал, үйлчлэлийн талаар сэтгэл хөдөлгөм түүхийг бичиж үлдээжээ. Хурлуудыг үүсгэн байгуулж, итгэл нэгтнүүдээ урамшуулахад нь Тимот Паулд тусалж байсан. Марк Тимот хоёр золиос гарган өөрт нь үйлчилснийг Ехова хараад баярласан нь лавтай.
19. Залуу эрчүүд Тимотод өгсөн Паулын зөвлөгөөг яагаад хэрэгжүүлэх хэрэгтэй вэ? Тэгвэл яах вэ?
19 Паул Тимотыг хайрладаг нь түүнд бичсэн захидлуудаас нь илт харагддаг. Агуу хүчээр удирдуулан бичсэн эдгээр захидлаас мөн Ехова залуус та нарыг маш их хайрладгийг мэдэж болно. Тэрбээр та нарыг өөрт нь үйлчлээд жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Тэгэхээр эцгийн сэтгэлээр өгсөн Паулын зөвлөгөөг хэрэгжүүлж, бусдадаа илүү их үйлчлэх хүслээ бадраахын тулд чадах бүхнээ хийгээрэй. Ингэвэл өнөөдөр сэтгэл дүүрэн амьдарна, ирээдүйд хүртэх «жинхэнэ аминаас зуурна» (1 Тим. 6:18, 19).
ДУУ 1 Еховагийн бахдам чанарууд
b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Паул Барнаб хоёртой Марк миссионерын аялалд явж байхдаа тэдэнд тус дэм болж байв. Тимот ах дүүсээ урамшуулан зоригжуулахын тулд хурлуудад дуртайяа очиж байсан.