СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 40
ДУУ 28 Шинэ дуу
Ехова бол бидний «баяр баяслын ... эх булаг»
«Би ... баяр баяслын минь эх булаг болсон Бурхан руу очно» (ДУУ. 43:4, ШЕ).
ГОЛ САНАА
Юунаас болж баяр хөөрөө алдаж болзошгүйг болон яавал дахин баяр хөөртэй болохыг ярилцана.
1, 2. а) Хүн бүр жаргалтай амьдарч чаддаг уу? б) Энэ өгүүллээр юуны тухай ярилцах вэ?
ХҮМҮҮС аз жаргалтай амьдрахыг зорьдог. Гэвч дандаа жаргалтай байж чаддаггүй. Нөхцөл байдал сайжрахгүй нь гэж боддог, гуньж гутардаг хүн олон бий. Еховагийн үйлчлэгчдийн дунд ч ийм хүн байдаг. Яагаад гэвэл «эцсийн өдрүүдэд» амьдардаг бидэнд санаа зовоох, сэтгэлээр унагах «хэцүү» асуудлууд тулгардаг (2 Тим. 3:1).
2 Энэ өгүүллээр, юунаас болж баяр хөөргүй болдгийг, тийм үед яавал дахин баяр хөөртэй болохыг ярилцана. Гэхдээ эхлээд жинхэнэ аз жаргал, баяр баясал хэнээс эхтэйг ярилцъя.
ЖИНХЭНЭ АЗ ЖАРГАЛ, БАЯР БАЯСЛЫН ЭХ БУЛАГ
3. Бүтээлээс нь Еховагийн тухай юу мэдэж авах вэ? (Бас зургийг үзээрэй).
3 Ехова үргэлж жаргалтай байдаг. Биднийг ч жаргалтай байгаасай гэж хүсдэг. Түүний бүтээсэн зүйлсээс баяр жаргалтай Бурхан гэдэг нь илэрхий харагддаг. Жишээ нь үзэсгэлэнтэй дэлхий, тоо томшгүй янз янзын өнгө, тоглож буй өхөөрдөм хөөрхөн амьтад, төрөл бүрийн амттай хоол хүнс зэргийг бод доо. Бурхан үнэхээр бидэнд хайртай бөгөөд жаргалтай амьдраасай гэж хүсдэг!
Baby elephant: Image © Romi Gamit/Shutterstock; penguin chicks: Vladimir Seliverstov/500px via Getty Images; baby goats: Rita Kochmarjova/stock.adobe.com; two dolphins: georgeclerk/E+ via Getty Images
Өхөөрдөм хөөрхөн амьтдын тоглож байгаагаас Ехова бол баяр баясгалантай Бурхан гэдэг нь харагддаг (3-р догол мөрийг үзээрэй)
4. а) Ехова энэ ертөнцийн зовлон шаналлыг мэддэг ч яагаад жаргалтай байдаг вэ? б) Ехова бидэнд юу бэлэглэдэг вэ? (Дуулал 16:11).
4 Ехова «жаргалтай Бурхан» хэдий ч энэ ертөнцөд байгаа зовлон шаналал бүхнийг анзаарч мэддэг (1 Тим. 1:11). Гэхдээ баяр хөөрөө алддаггүй. Учир нь тэрбээр зовлон зүдүүр түр зуурынх гэдгийг мэддэг ба үүнд цэг тавих цагаа товлочихсон байгаа. Тэгээд тэр цаг иртэл тэвчээртэй хүлээдэг. Бидний юу туулж явааг ойлгодог, бас туслахыг хүсдэг. Хэрхэн тусалдаг вэ? Нэг арга нь баяр баясгалан бэлэглэдэг (Дуулал 16:11-ийг уншина). Энэ бэлгийг Хүү Есүстээ хэрхэн өгснийг анхааръя.
5, 6. Есүс яагаад жаргалтай байдаг вэ?
5 Еховагийн бүх бүтээлийн дундаас Есүс хамгийн жаргалтай нь билээ. Яагаад ингэж хэлэх вэ? Хоёр шалтгаан бий. 1) Тэрбээр «үл үзэгдэх Бурхны дүр» бөгөөд Эцгийнхээ зан чанарыг бүх талаар төгс илэрхийлдэг (Кол. 1:15; 1 Тим. 6:15). 2) Аз жаргалын эх булаг болох Эцэгтэйгээ хамт хамгийн олон жил амьдарсан.
6 Түүнчлэн Есүс Эцгийнхээ хүслийг ямагт биелүүлдэг учир баяр хөөртэй байдаг (Сур. 8:30, 31; Ёох. 8:29). Үнэнч үйлчилсэн тэрбээр Еховагийн хайр, сайшаалыг хүртсэн (Мат. 3:17).
7. Бид яавал жинхэнээсээ баяр хөөртэй байх вэ?
7 Бид ч аз жаргалын эх булаг Еховатай ойртон дотносож жинхэнээсээ баяр хөөртэй байх боломжтой. Илүү их цаг гарган Еховаг таньж мэдэж, түүнийг дуурайх тусам улам бүр жаргалтай болно. Бас хүслийг нь биелүүлж, сайшаалыг нь хүртсэнээ мэдрэхлээрээ баярладаг (Дуу. 33:12).a Гэхдээ заримдаа хэдэн өдөр эсвэл бүр олон өдөр баяр хөөргүй явдаг бол яах вэ? Еховагийн сайшаалыг алдсан гэсэн үг үү? Үгүй ээ! Бид төгс бус, бас хааяа сэтгэлээр унадаг, хямардаг, уй гашууд автдаг. Ехова үүнийг ойлгодог (Дуу. 103:14). Одоо, юунаас болж баяр хөөрөө алддагийг, яавал дахин баяр хөөртэй болохыг ярилцъя.
ХЭРХЭН ҮРГЭЛЖ БАЯР ХӨӨРТЭЙ БАЙХ ВЭ?
8. Амьдралд тулгарах бэрхшээл бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
8 Саад 1: Амьдралд бэрхшээл тулгарах. Та хавчлага, байгалийн гамшиг, ядуурал, өвчин юм уу өтөлж хөгширснөөс болж зовж байна уу? Ийм бэрхшээл тулгарахаар, ялангуяа өөрөө хийж чадах юм бараг эсвэл огт байхгүй бол амархан баяр хөөргүй болдог. Библид ч «Зүрх шаналгаатай бол урам зориг мохдог» гэж бичсэн байдаг (Сур. 15:13, ШЕ). Бабис гэдэг ахлагч 4 жилийн дотор ахыгаа, аав ээжийгээ алджээ. Тэрбээр: «Би их ганцаардаж, ямар ч хүч тамиргүй болсон. Их завгүйгээсээ болоод тэдэндээ зориулж хангалттай цаг гаргаагүй гэсэн бодол заримдаа төрөхөд элэг эмтрэх шиг болдог» гэжээ. Амьдралд тулгарах асуудал, бэрхшээл үнэхээр тамир тэнхээ барж, урам зоригийг мохоодог.
9. Яавал дахин баяр хөөртэй болох вэ? (Иеремиа 29:4–7, 10).
9 Яавал дахин баяр хөөртэй болох вэ? Бодит байдлыг хүлээн зөвшөөрч, талархах сэтгэлтэй байвал баяр хөөртэй болно. Ямар ч асуудал, бэрхшээлгүй л бол аз жаргалтай байна гэсэн үзлийг энэ ертөнцийнхөн сурталчилдаг. Гэхдээ энэ бол үнэн биш. Жишээ нь Ехова Вавилонд олзлогдсон иудейчүүдэд нөхцөл байдалтайгаа эвлэрээд чадах бүхнээ хийгээрэй гэсэн (Иеремиа 29:4–7, 10-ыг уншина). Үүнээс юу ойлгох вэ? Нөхцөл байдлыг өөрчилж чадахгүйгээ хүлээн зөвшөөрч, одоо байгаа сайн сайхан бүхэндээ талархаарай. Ехова хамт байна, тусална гэдгийг санаарай (Дуу. 63:7; 146:5). Осолд орж бие нь саажсан Эфи: «Ехова, гэр бүлийнхэн, хурлынхан маань надад их тус дэм болсон. Хэрэв би буугаад өгчихвөл тэдэнд талархаагүй хэрэг болно гэж боддог. Би Ехова болон найзууддаа талархдагаа харуулмаар байна» гэжээ.
10. Бэрхшээл тулгарсан ч яагаад баяр хөөртэй байж чадах вэ?
10 Бидэнд юм уу гэрийнхэнд маань зовлон учирсан эсвэл амьдрал хүссэнээр болохгүй ч баяр хөөртэй байх боломжтой (Дуу. 126:5).b Учир нь баяр хөөртэй байх нь нөхцөл байдлаас шалтгаалдаггүй. Эхлэгчээр үйлчилдэг Мариа: «Асуудал, бэрхшээл тулгарахад баяр хөөртэй байна гэдэг нь сэтгэл мэдрэмжээ хүчээр дарна гэсэн үг биш. Харин Еховагийн амлалтыг мартахгүй байна гэсэн үг. Баяр хөөрөө алдахгүй байхад Эцэг маань тусална» гэж ярьжээ. Хэчнээн хэцүү бэрхшээл тулгарсан ч бүх зовлон түр зуурынх гэдгийг санаарай. Яг л элсэн дээрх мөртэй адил. Салхи салхилаад л алга болно.
11. Паулын жишээ танд урамтай санагдсан уу? Яагаад?
11 Ехова ивээхээ больсон учраас бэрхшээл тулгарч байна гэж бодогдвол яах вэ? Зовлон амсаж явсан Еховагийн үнэнч үйлчлэгчдийн талаар эргэцүүлэх нь тустай. Элч Паулын жишээг бодъё. Есүс түүнийг «үндэстнүүд, хаад, Израйлын хөвгүүдэд» үнэнийг тунхаглуулахаар сонгосон (Үйлс 9:15). Юутай их завшаан бэ! Гэсэн ч Паулыг зовлон бэрхшээл тойроогүй (2 Кор. 11:23–27). Еховагийн сайшаалыг алдсан учраас түүнд ар араасаа бэрхшээл учирсан уу? Мэдээж үгүй! Харин ч Ехова ивээсний ачаар тэвчиж чадсан (Ром 5:3–5). Та өөрийнхөө тухай бодоорой. Зовлон туулж байгаа ч тэвчиж, үнэнч байгаа. Тэгэхээр Еховагийн сайшаалыг алдаагүй гэдэгтээ итгээрэй.
12. Хүсэн хүлээсэн зүйл биелэхгүй болбол яаж магадгүй вэ?
12 Саад 2: Хүсэн хүлээсэн зүйл биелэхгүй байх (Сур. 13:12). Бид Еховад хайртай, талархдаг учир түүнд илүү их үйлчлэх зорилго тавьдаг. Гэхдээ биелшгүй зорилго тавивал сэтгэлээр унаж мэднэ (Сур. 17:22). Холли гэдэг эхлэгч: «Би Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд сурах юм уу гадаадад үйлчлэх эсвэл Рамапо дахь барилгын ажилд оролцох хүсэлтэй байлаа. Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөж, зорилгоо биелүүлж чадахгүй болоод сэтгэлээр их унасан. Хийхийг хүссэн юм байсан ч хийж чадахгүй бол сэтгэл гонсойно шүү дээ» гэжээ. Олон хүнд ийн санагддаг.
13. Еховад хүссэнээрээ үйлчилж чадахгүй байгаа бол биелүүлж чадах ямар зорилго тавьж болох вэ?
13 Яавал дахин баяр хөөртэй болох вэ? Ехова ихийг шаарддаг Бурхан биш гэдгийг санаарай. Өөрт нь үйлчлэхдээ юу хийсэн гэдэгт үндэслэн биднийг дүгнэдэггүй. Даруу, үнэнч байхыг л биднээс хүсдэг (Мика 6:8; 1 Кор. 4:2). Юу хийж байгаагаас маань илүүгээр бодол санаа, хүсэл эрмэлзэл, зан чанарыг анхаардаг. Тэгэхээр Еховагийн шаарддаггүй юмыг өөрөөсөө шаардах нь зөв үү? Үгүй! Хэрэв та Еховад хүссэнээрээ үйлчилж чадахгүй байвал хийж чадах юмаа анхаараарай. Жишээ нь залуучуудыг сургах юм уу настай хүмүүст тусалж чадах уу? Хэн нэгнийг урамшуулах зорилгоор уулзах, утсаар ярих юм уу мессеж илгээвэл ямар вэ? Ач холбогдолтой, биелүүлж чадах ийм зорилго тавиад хүчин чармайлт гаргавал Ехова таныг ивээж баяр хөөртэй болгоно. Бас удахгүй бий болох шинэ ертөнцөд огт төсөөлж байгаагүй аргаараа Еховад үүрд үйлчилнэ гэдгээ санаарай! Дээр дурдсан Холли: «Би хийж чадахгүй юмаа бодоод сэтгэлээр унахлаараа “Би чинь мөнх амьдарна шүү дээ” гэж боддог. Еховагийн төлөө хийхийг хүссэн бүхнээ ирээдүйд түүний тусламжаар хийж чадна» гэжээ.
14. Өөр юунаас болж баяр хөөргүй болдог вэ?
14 Саад 3: Өөрийгөө баясгахыг л бодох. Хүссэнээ биелүүлбэл жинхэнэ ёсоор жаргалтай, сэтгэл хангалуун байна гэсэн үзэл олон нийтийн сүлжээнээс харагддаг. Дуртай юмаа хийж, хүссэн юмаа худалдан авч, аялж зугаацахыг голлон анхаарахыг уриалдаг. Ийнхүү баярлаж баясах нь буруу биш. Ехова ч биднийг жаргалтай байгаасай гээд сайн сайхан бүхнийг бүтээсэн шүү дээ. Гэхдээ хүссэнээ биелүүлээд явлаа ч баяр хөөртэй болдоггүйг олон хүн ойлгосон. Эхлэгчээр үйлчилдэг Эва: «Өөрийгөө баясгахыг л боддог бол хэзээ ч сэтгэл хангалуун болохгүй» гэжээ. Тийм ээ, зөвхөн өөрийгөө баярлуулж, баясгахыг боддог бол сэтгэл хангалуун бус болж, урам нь хугардаг.
15. Соломон хааны жишээнээс юу мэдэж авах вэ?
15 Өөрийгөө баясгах гэж амьдардаг бол гунигт үр дагаварт хүрдгийг Соломон хааны жишээ харуулдаг. Тэрбээр амттай, шимтэй хоол хүнс идэж, сайхан дуу хөгжим сонсож, мөнгөөр авч болох бүхнийг аван хүслээ хангавал жаргалтай амьдарна гэж бодсон. Тэгээд санаж зорьсон бүхнээ биелүүлсэн ч сэтгэл нь ханаагүй. Тэрбээр: «Харсан зүйлээсээ нүд уйддаг. Сонссон юмнаасаа чих залхдаг» гэж бичсэн (Ном. 1:8; 2:1–11, ШЕ). Жинхэнэ жаргал авчирдаг гэж хүмүүсийн боддог зүйлс хуурамч мөнгөтэй адил. Хуурамч мөнгөөр юу ч авч чаддаггүй шиг тэдгээр нь жинхэнэ ёсоор жаргалтай болгодоггүй.
16. Бусдад тусалдаг хүн баяр хөөртэй болдог гэж яагаад хэлэх вэ? (Бас зургийг үзээрэй).
16 Яавал дахин баяр хөөртэй болох вэ? Есүс: «Авахаасаа өгөх нь илүү жаргалтай» гэж хэлсэн (Үйлс 20:35). Алекос гэдэг ахлагч: «Би бусдад бага ч болов тус болохыг хичээдэг. Бусдын төлөө ихийг хийх тусам өөрийнхөө хүслийг анхаарахаа больж, улмаар жаргалтай болдог» гэжээ. Та бусдын төлөө юу хийж чадах вэ? Зовлон амсаж байгаа нэгнээ анзаарвал урам зориг хайрлахыг хичээгээрэй. Бэрхшээлийг нь үгүй хийж чадахгүй байлаа ч анхааралтай сонсож, сэтгэлийг нь ойлгож, Еховад ачаагаа даатгахыг сануулбал тайвшруулж чадна (Дуу. 55:22; 68:19). Бас Ехова хамт байгаа, орхихгүй гэдгийг сануулаарай (Дуу. 37:28; Ис. 59:1). Хоол хийж өгөх, хамт гадуур алхах зэргээр бодитой тусламж үзүүлээрэй. Хамт дэлгэрүүлбэл сэтгэл санаа нь дээрдэх байх. Еховагийн мутар дахь багаж болж итгэл нэгтнүүдээ тайвшруулаарай. Өөрөөсөө илүү бусдыг анхаардаг бол жинхэнэ ёсоор баяр хөөртэй байна! (Сур. 11:25).
Өөрийн хүслийг бус, бусдын хэрэгцээ шаардлагыг анхаараарай (16-р догол мөрийг үзээрэй)c
17. Бид яавал жинхэнэ ёсоор жаргалтай байх вэ? (Дуулал 43:4).
17 Бид тэнгэрийн Эцэгтэйгээ улам дотносохыг хичээдэг бол жинхэнэ ёсоор жаргалтай байна. Ехова бол «баяр баяслын ... эх булаг» гэж Библид батлан хэлжээ (Дуулал 43:4-ийг уншина, ШЕ). Тиймээс танд юу ч тулгарсан айж, санаа зовох хэрэггүй. Цаашдаа ч баяр баяслын дундаршгүй эх булаг Еховагаа анхаарч явцгаая! (Дуу. 144:15).
ДУУ 155 Мөнхийн баяр бахдал
a «Ехова биднийг баяр хөөртэй болгодог» гэсэн хавсралтыг үзээрэй.
b Жишээ нь, jw.org сайт дахь «2023 оны Удирдах Зөвлөлийн тайлан мэдээ №5» видеоноос Деннис Кристенсен, Ирина Кристенсений ярилцлагыг үзээрэй.
c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч эмэгтэй дэлгүүр хэсээд өөртөө олон юм авчээ. Харин урамшуулан зоригжуулах шаардлагатай настай Гэрч эмэгтэйд баглаа цэцэг худалдан авч бэлэглээд илүү жаргалтай байна.