Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц25 10 сар х. 24-29
  • Бусдын төлөө залбирахаа бүү март

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бусдын төлөө залбирахаа бүү март
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ЯАГААД БУСДЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРАХ ВЭ?
  • БИДНИЙ ЗАЛБИРАЛ ТЭДЭНД ХЭРЭГТЭЙ
  • ХУВЬ ХҮНИЙ ТӨЛӨӨ ЗАЛБИРАХ НЬ
  • ДАРУУ БАЙГААРАЙ
  • Залбирч Бурхантай ойр дотно болоорой
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Еховатай дотносохын тулд хэрхэн залбирах вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Залбирал бол хосгүй завшаан
    Библиэс юу мэдэж авах вэ?
  • Залбирал бол Бурхантай дотно харьцаа тогтоох арга
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
хц25 10 сар х. 24-29

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 43

ДУУ 6 Бурхны үйлчлэгчийн залбирал

Бусдын төлөө залбирахаа бүү март

«Бие биеийнхээ төлөө залбир. ... Шударга сайн хүний шаргуу гуйлт их үр нөлөөтэй» (ЯАК. 5:16).

ГОЛ САНАА

Бусдын төлөө залбирах нь яагаад чухал гэдгийг, хэрхэн залбирахыг ярилцана.

1. Ехова бидний залбирлыг чухалд үздэг нь хэрхэн харагддаг вэ?

ЗАЛБИРАЛ бол гайхалтай бэлэг. Дараахыг бодож үзээрэй. Ехова тэнгэрийн элч нартаа янз янзын ажил даалгадаг (Дуу. 91:11). Мөн Хүүдээ маш чухал үүрэг даалгавар оноодог (Мат. 28:18). Гэхдээ бидний залбирлыг сонсох үүргийг хэн нэгэнд хариуцуулдаг уу? Үгүй. «Залбирлыг сонсдог Бурхан» Ехова бидний хүн нэг бүрийг чих тавин сонсдог (Дуу. 65:2, ШЕ).

2. Бусдын төлөө залбирах талаар Паул ямар сайн жишээ үзүүлсэн бэ?

2 Бид санаа зовнилоо Еховад илэн далангүй хэлдэг ч, бусдын төлөө ч бас залбирах учиртай. Элч Паул яг ингэдэг байсан. Жишээ нь Эфэс дэх хурлынханд «Би та нарын төлөө Бурханд үргэлж талархдаг» гэж бичсэн (Эф. 1:16). Мөн хувь хүний төлөө ч залбирдаг байв. Жишээлбэл Тимотод «Би Бурхандаа талархаж, ... чамайг үргэлж санан дурсдаг бөгөөд чиний төлөө өдөр шөнөгүй залбирдаг» гэжээ (2 Тим. 1:3). Санааг нь зовоосон асуудал Паулд олон байсан (2 Кор. 11:23; 12:7, 8). Гэвч цаг гарган бусдын төлөө залбирдаг байв.

3. Бид бусдын төлөө залбирахаа яагаад мартчихдаг вэ?

3 Бид заримдаа бусдын төлөө залбирахаа мартчихдаг. Яагаад? Сабринаa гэдэг Христийн дагалдагч эмэгтэй нэг шалтгааныг нь хэлжээ. Тэрбээр: «Өнөөдөр хүмүүс ямар ч зав чөлөөгүй амьдардаг. Бид ер нь тулгарч байгаа асуудлаа анхаараад өөрсдийнхөө л тухай залбирдаг» гэжээ. Та бас ингэдэг үү? Тийм бол энэ өгүүлэл тустай. 1) Бусдын төлөө залбирах нь яагаад чухал гэдгийг, 2) хэрхэн залбирахыг ярилцъя.

ЯАГААД БУСДЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРАХ ВЭ?

4, 5. Бусдын төлөө залбирах нь «их үр нөлөөтэй» гэж яагаад хэлэх вэ? (Яаков 5:16).

4 «Их үр нөлөөтэй» (Яаков 5:16-г уншина). Бусдын төлөө залбирах нь үнэхээр үр нөлөөтэй юү? Тийм ээ. Элч Петр өөрийг нь үгүйсгэхийг Есүс мэдэж байв. Тиймээс түүнд «Итгэлээ бүү алдаасай гэж би чиний төлөө Бурханд залбирч, шаргуу гуйсан юм» гэж хэлдэг (Лук 22:32). Паул бас бусдын төлөө залбирахын ач тусыг ойлгодог байсан. Ромын шоронд шударга бусаар хоригдож байхдаа тэрбээр: «Та нарын залбирлын ачаар нүүр тулан уулзана гэж найдаж байна» хэмээн Филемонд бичжээ (Флм. 22). Үнэхээр ч энэ нь биелж, тэрбээр удахгүй суллагдаж, дахин дэлгэрүүлэх боломжтой болсон.

5 Ехова гуйлт болгоныг маань биелүүлнэ гэж бодох ёсгүй нь мэдээжийн хэрэг. Харин үйлчлэгчдийнхээ хэр чин сэтгэлээсээ залбирч байгааг анхаардаг. Тэгээд зарим тохиолдолд гуйлтыг нь биелүүлдэг. Үүнийг ойлгодог бол шаргуу залбирч, асуудлаа Еховад итгэлтэйгээр даатгана (Дуу. 37:5; 2 Кор. 1:11).

6. Бусдын төлөө залбирахын өөр ач тус юу вэ? (1 Петр 3:8).

6 Илүү «өрөвч энэрэнгүй» болоход тустай (1 Петр 3:8-ыг уншина). Өрөвч сэтгэлтэй хүн бусдын зовлонг анзаараад зогсохгүй туслахыг хүсдэг (Марк 1:40, 41). Майкл гэдэг ахлагч: «Би бусдын хэрэгцээ шаардлагын тухай залбирахаараа зовлонг нь илүү сайн ойлгож, тэднийг улам их хайрладаг. Тэд үүнийг мэдэхгүй байлаа ч би тэдэнтэй илүү ойр байгаа юм шиг санагддаг» гэж ярьжээ. Ричард гэдэг ахлагч өөр нэг ач тусыг хэлсэн. «Хэн нэгний төлөө залбирахаар туслах хүсэл илүү их төрдөг» гээд цааш нь «Тэр хүнд бодитой тусламж үзүүлнэ гэдэг бол Еховагаас гуйсныхаа дагуу өөрөө ч үйлдэж байгаа хэрэг» гэжээ.

7. Бусдын төлөө залбирах нь бэрхшээлийнхээ талаар зөв үзэлтэй байхад тустай гэхийн учир юу вэ? (Филиппой 2:3, 4). (Бас зургийг үзээрэй).

7 Бэрхшээлийнхээ талаар зөв үзэлтэй байхад тустай (Филиппой 2:3, 4-ийг уншина). Диаволын захирдаг энэ ертөнцөд амьдардаг бидний хүн нэг бүрд бэрхшээл учирдаг (1 Ёох. 5:19; Илч. 12:12). Харин бусдын төлөө байнга залбирдаг бол «дэлхий даяарх итгэл нэгт ах дүү [маань] адилхан зовлон эдэлж байгааг санана» (1 Петр 5:9). Катерин гэдэг эхлэгч: «Ах дүүсийнхээ төлөө залбиръя гэхэд, зовлон туулж яваа надаас өөр нэгэн байгааг санадаг. Тиймээс асуудал, бэрхшээлээ хэтэрхий анхаарахгүй байж чаддаг» гэж ярьжээ.

Зургууд: Өөрсдөө зовлон бэрхшээлтэй ч бусдын төлөө залбирч буй итгэл нэгтнүүд. 1. Жаахан охин орон дээрээ суугаад залбирч байна. Дугуй зурагт, үерийн улмаас гэрээ орхин завинд суугаад зугтаж буй гэр бүлийг харуулжээ. 2. Тэд хамтдаа залбирч байна. Дугуй зурагт, шоронд хоригдож буй Гэрч эрэгтэйг харуулжээ. 3. Тэрбээр шоронгийн өрөөндөө залбирч байна. Дугуй зурагт, эмнэлгийн орон дээр хэвтэж буй тамир муутай настай Гэрч эмэгтэйг харуулжээ. 4. Тэрбээр залбирч байна. Дугуй зурагт, эхний зурагт гарсан жаахан охиныг харуулжээ. Ангийнхан нь төрсөн өдрийн баяр тэмдэглэж байхад тэрбээр ганцаараа сууж байна.

Бусдын төлөө залбирах нь өөрт тулгарч буй бэрхшээлийг хэтэрхий анхаарахгүй байхад тустай (7-р догол мөрийг үзээрэй)d


БИДНИЙ ЗАЛБИРАЛ ТЭДЭНД ХЭРЭГТЭЙ

8. Хэн хэний төлөө залбирах вэ?

8 Хэн хэний төлөө залбирах вэ? Өвчин эмгэгтэй хүмүүс, сургууль дээрээ үе тэнгийнхнийхээ доог тохуу болж, дарамтлагддаг хүүхдүүд, хөгшрөхийн зовлон амсаж байгаа хүмүүс бий. Гэр бүлийнхний юм уу засгийн газрын эсэргүүцлийг тэвчиж буй итгэл нэгтэн олон (Мат. 10:18, 36; Үйлс 12:5). Зарим нь үймээн самуун дэгдсэнээс болж орон гэрээ орхин зугтах хэрэгтэй болдог. Өөр зарим нь байгалийн гамшигт өртөн зовдог. Бид тэдгээр ах дүүгээ нэг бүрчлэн мэдэхгүй байж болох юм. Гэхдээ тэднийхээ төлөө залбирвал «Бие биеэ хайрла» гэсэн Есүсийн тушаалыг дагаж байгаагаа харуулна (Ёох. 13:34).

9. Еховагийн байгууллагад удирдах үүрэг гүйцэтгэдэг хүмүүс болон эхнэрүүдийнх нь төлөө яагаад залбирах хэрэгтэй вэ?

9 Мөн Еховагийн байгууллагад удирдах үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийн төлөө залбираарай. Тухайлбал Удирдах Зөвлөлийн гишүүд, тэдний туслахууд, Салбарын хорооны гишүүд болон хэлтсийн хариуцагчид, дүүрэг хариуцагчид, хурлын ахлагчид, туслах үйлчлэгчид юм. Ихэнх нь өөрсдийн гэсэн зовлонтой ч бидэнд тус дэм болохын тулд нөр их хөдөлмөрлөдөг (2 Кор. 12:15). Жишээ нь Марк гэдэг дүүрэг хариуцагч: «Би настай эцэг эхээсээ хол амьдардаг юм л даа. Тэдний маань бие муу. Хэдийгээр эгч хүргэн ах хоёр маань тэдэнд санаа тавьдаг ч би өөрөө олигтой тусалж чадахгүй байгаадаа сэтгэл зовдог» гэжээ. Хичээнгүй үйлчилдэг ийм ах дүүгийнхээ ямар зовлон туулж байгааг мэддэг ч бай, үгүй ч бай бид тэдний төлөө залбирч байх хэрэгтэй (1 Тес. 5:12, 13). Бас эхнэрүүдийнх нь төлөө ч залбираарай. Үнэнчээр дэмждэг тэдний ачаар нөхрүүд нь үүрэг даалгавраа биелүүлж чаддаг.

10, 11. Ах дүүсийнхээ төлөө ерөнхийд нь залбирах нь Еховад таалагддаг уу? Тайлбарлана уу.

10 Дээр ярилцсанаар бид ах дүүсийнхээ төлөө ерөнхийд нь залбирдаг. Жишээ нь тодорхой нэг хүнийг бодолгүй, шоронд хоригдсон юм уу үхэл хагацал үзэж буй хүмүүст тусалж, тайвшруулахыг Еховагаас гуйж болох юм. Ахлагчаар үйлчилдэг Доналд: «Маш олон ах дүү зовлон амсаж байгаа. Тиймээс нэгийг нь ч үлдээхгүйн тулд заримдаа ерөнхийд нь залбирдаг» гэжээ.

11 Ийм залбирал Еховад таалагдах уу? Мэдээж! Гол нь бид итгэл нэгтнүүдэд маань юу хэрэгтэйг нэг бүрчлэн мэддэггүй. Тиймээс нийт ах дүүсийнхээ төлөө ерөнхийд нь залбирах нь зүйтэй (Ёох. 17:20; Эф. 6:18). Ийнхүү залбирснаараа «ах дүүгийн барилдлагыг хайрладгаа» батална (1 Петр 2:17).

ХУВЬ ХҮНИЙ ТӨЛӨӨ ЗАЛБИРАХ НЬ

12. Ажигч байх нь илүү тодорхой залбирахад тустай гэж яагаад хэлэх вэ?

12 Ажигч байгаарай. Итгэл нэгтнүүдийнхээ төлөө ерөнхийд нь залбирахаас гадна тодорхой нэг хүний нэрийг дурдан залбирах нь зүйтэй. Танай хуралд архаг хууч өвчтэйгөө тэмцэж байгаа хүн байна уу? Буруу юм хийлгэх гэсэн ангийнхаа хүүхдэд дарамтлагдаад сэтгэлээр унасан хүүхдийг мэдэх үү? «Еховагийн зааж сургасны дагуу хүүхдүүдээ хүмүүжүүлэхийг» чармайж байгаа ганц бие эцэг, эх байгаа юу? (Эф. 6:4). Ажигч байвал бусдынхаа зовлонг сайн ойлгож, тэдний төлөө залбирах хүсэл төрнө (Ром 12:15).b

13. Танихгүй нэгнийхээ төлөө хэрхэн залбирах вэ?

13 Нэрийг нь хэлээрэй. Бид нэг ч удаа уулзаж байгаагүй нэгнийхээ нэрийг хэлээд залбирч чадна. Жишээ нь Крым, Эритрей, Орос, Сингапур зэрэг улсын шоронд хоригдож буй ах дүүгийнхээ тухай бодъё. Тэдний нэрийг jw.org сайтаас мэдэх боломжтой.c Дүүрэг хариуцагчаар үйлчилдэг Брайн: «Шоронд байгаа ах дүүсийнхээ нэрийг бичиж аваад чангаар хэлэх нь тэднийгээ санаж, залбирахад тустай байдгийг ойлгосон» гэжээ.

14, 15. Хэрхэн тодорхой залбирах вэ?

14 Тодорхой залбираарай. Дээр дурдсан Майкл: «Би jw.org сайтаас шоронд байгаа ах дүүсийнхээ талаар уншаад тэдний оронд өөрийгөө тавьж төсөөлөхийг хичээдэг. Ханийнхаа төлөө санаа зовж, хэрэгтэй бүх юм нь байгаа эсэхийг мэдмээр санагдах байх. Ингэж төсөөлөхөөр гэр бүлтэй итгэл нэгтнийхээ төлөө хэрхэн тодорхой залбирахаа ойлгодог» гэж ярьжээ (Евр. 13:3, зүүлт).

15 Шоронд байгаа ах дүүс маань өдөр бүрийг хэрхэн өнгөрүүлж байгааг бодвол бас өөрөөр хэрхэн тодорхой залбирахаа мэдэж авна. Жишээ нь, харгалзагч нар нь зөөлөн хандаасай, Еховаг чөлөөтэй шүтэхийг нь эрх мэдэлтнүүд зөвшөөрөөсэй гэж гуйж болно (1 Тим. 2:1, 2). Мөн үнэнч байгаа сайхан жишээг нь хурлынхан нь хараад урамшин зоригжоосой, биеэ зөв авч явахыг нь итгэгч бус хүмүүс ажиглаад сайн мэдээг хүлээж аваасай гэж залбирч болох юм (1 Петр 2:12). Өөр янз янзын сорилтыг тэвчиж байгаа итгэл нэгтнүүдийнхээ төлөө ч ийм маягаар залбирч болно. Ажигч байж, нэрийг нь хэлж, тодорхой залбирдаг бол «бие биеэ ... илүү их хайрладгаа» харуулна (1 Тес. 3:12).

ДАРУУ БАЙГААРАЙ

16. Бусдын төлөө залбирахдаа хэрхэн даруу байх вэ? (Матай 6:8).

16 Дээр ярилцсанаар, биднийг залбирахад бусдын нөхцөл байдал өөрчлөгдөж болох юм. Харин даруу байх хэрэгтэй. Еховад мэдээгүй юмыг нь хэлж өгөх юм уу, эсвэл асуудлыг хэрхэн шийдэхийг зөвлөж байгаа юм шиг залбирах ёсгүй. Тусламж хэрэгтэй үйлчлэгчдэд нь юу хэрэгтэйг тэднийг ч, биднийг ч мэдэхээс өмнө Ехова мэдэж байдаг (Матай 6:8-ыг уншина). Тэгвэл бусдын төлөө яагаад залбирах ёстой вэ? Энэ өгүүлэлд дурдсан шалтгаануудаас гадна бид чин сэтгэлээсээ санаа тавьдаг учраас тэр юм. Тэднийг гэсэн хайрандаа хөтлөгдөн залбирдаг. Өөрийг нь дуурайн бие биеэ хайрлаж буй үйлчлэгчдээ хараад Ехова туйлын их баярладаг.

17, 18. Итгэл нэгтнүүдийнхээ төлөө залбирахыг ямар жишээгээр тайлбарлаж болох вэ?

17 Залбирсан ч үр дүнгүй юм шиг санагдаж болох ч, ингэснээрээ бид ах дүүстээ хайртайгаа харуулна, Ехова ч үүнийг анхаардаг. Дараах жишээг төсөөлөөрэй. Охин хүү хоёртой нэг айл байжээ. Дүү нь хүнд өвдөхөд охин ааваасаа «Миний дүүг эдгээгээд өгөөч, их өвдөөд байна шүү дээ» гэж гуйв. Аав нь хүүгийнхээ биеийн байдлыг сайн мэдэж байгаа бөгөөд хайртай хүүгээ сайн асарч сувилж байгаа. Гэхдээ дүүдээ ихэд санаа зовоод ийнхүү гуйж буй охиноо хараад маш их баярлах нь ойлгомжтой.

18 Үүнтэй адилаар нэг нэгэндээ санаа тавьж, бие биеийнхээ төлөө залбирахыг Ехова бидэнд уриалдаг. Тэгдэг бол бид амин хувиа бодолгүй бусдадаа санаа тавьдгаа тодорхой харуулна, Ехова ч үүнийг анхаарна (2 Тес. 1:3; Евр. 6:10). Мөн бидний залбирлын ачаар бусдын маань нөхцөл байдал сайжирч болохыг энэ өгүүллээр ярилцлаа. Тэгэхээр нэг нэгнийхээ төлөө залбирахаа мартахгүй байцгаая.

ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?

  • Залбирал маань «их үр нөлөөтэй» гэж яагаад хэлэх вэ?

  • Ах дүүсийнхээ төлөө яагаад ерөнхийд нь залбирах ёстой вэ?

  • Хувь хүний төлөө тодорхой залбиръя гэвэл яах вэ?

ДУУ 53 Эв нэгдэлтэй үйлчилцгээе

a Зарим нэрийг өөрчлөв.

b jw.org сайтаас «Такэши Шимизү: Ехова бол “залбирлыг сонсдог Нэгэн”» видеог үзээрэй.

c Шоронд хоригдож буй итгэл нэгтнүүдийнхээ нэрийг jw.org сайтын «Итгэл үнэмшлийнхээ улмаас хоригдож буй Еховагийн Гэрчүүд (Газар нутгаар нь жагсаав)» гэсэн хэсгээс хараарай.

d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Өөрсдөө зовлон бэрхшээлтэй ч бусдын төлөө залбирч буй итгэл нэгтнүүд.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах