ХАНДИВЫГ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ?
Бурхантай дотно болгодог дуунууд
2021 ОНЫ 11-Р САРЫН 1
Дуу хөгжим бол Еховагийн өгсөн гайхамшигтай бэлэг билээ. Сэтгэлийн чавхдасыг хөндөж, нэгийг бодогдуулж, хийж бүтээх хүсэл төрүүлдэг. Манай байгууллагаас гаргадаг дуунууд ч мөн ялгаагүй. Нарийн яривал, Еховатай дотно болгодгоороо бүр ч илүү гэж хэлж болно.
2014 оноос хойш 70 гаруй шинэ дуу төржээ. Одоогийн байдлаар, эдгээр дуунаас нэг нь гэхэд л 500 гаруй хэлээр гарчихаад байна. «Ямар хүмүүс энэ дуунууд дээр ажилладаг юм бол? Дуу яаж бүтдэг юм бол?» гэж та бодож байгаа байх.
Шинэ дуунууд хэрхэн бүтдэг вэ?
Удирдах Зөвлөлийн Сургалтын хорооны дэргэдэх Аудио/Видео оффисын хөгжмийн баг дуунуудыг бэлтгэж гаргадаг. Энэ баг нь эрэгтэй эмэгтэй нийлсэн 13 хүнээс бүрддэг. Тэд аяа зохионо, хөгжмийн техник дээр ажиллана, хуваарь гаргана, мөн бусад шаардлагатай ажлыг хийдэг. Түүнээс гадна Сургалтын хороо дэлхийн өнцөг булан бүрд байгаа итгэл нэгтнүүдийнхээ дундаас хөгжмийн зохиолчид, хөгжимчид, дуучдыг энэ ажилд татан оролцуулдаг. Тэдгээр даруухан итгэл нэгтэн маань өөрийнхөө бус, Еховагийн төлөө авьяас чадвараа зориулдаг.
Шинэ дуунууд хэрхэн бүтдэг вэ? Эхлээд Сургалтын хороо Библийн ямар зүйлд үндэслэж дуугаа зохиох вэ, сонсогчдын зүрх сэтгэлд хэрхэн хүргэх вэ гэдгийг бодолцож шийддэг. Дараа нь хөгжмийн баг дууны үг, аяыг зохиох хүмүүсийг томилно. Дууны ноорог хувилбар бэлэн болмогц Сургалтын хороо шалгаж үзээд санаа оноогоо хэлнэ. Хөгжмийн баг авсан заавар зөвлөгөөний дагуу дуугаа засварлаад эцсийн шатны бичлэг хийнэ. Дууны бичлэгийг салбарын студи, хүмүүсийн гэр гээд янз бүрийн газар хийдэг.
Ах дүүс маань шинэ дуу зохиож, бичлэг хийхдээ дуу бичлэгийн студид нотны гэх мэт олон янзын компьютерын программ ашигладаг. Бас хөгжмийн зэмсэг, миксер, өсгөгч, чанга яригч, микрофон зэрэг тоног төхөөрөмж шаардлагатай болдог. Микрофон л гэхэд нэг бүрийн үнэ нь 100–1 000 доллар байдаг. 2020 онд дуу бичлэгийн тоног төхөөрөмжид 116 000 доллар зарцуулсан.
Хандивын мөнгийг хэмнэхийн тулд яадаг вэ? Бетелд нүсэр хөгжмийн баг ажиллуулахын оронд гэрээсээ ажилладаг сайн дурынхныг оролцуулдаг. Мөн бичлэг хийхдээ найрал хөгжимчдийг цуглуулахын оронд ихэвчлэн компьютерын программ ашигладаг.
«Аврах хантааз л гэсэн үг»
Ах дүүс маань шинэ дууг сонсох маш дуртай. Германд амьдардаг Тара: «Санаа зовсон үедээ шинэ дуунуудаа сонсоод тайвширдаг. Ялангуяа эх хэлээрээ сонсохоор Еховад тэврүүлж байгаа юм шиг санагддаг» гэжээ. Казахстанд амьдардаг Дмитрий: «Манай дуунууд угаасаа Библийн зарчимтай тохирдог болохоор ямар утга агуулгатай бол гэж санаа зовох шаардлага байхгүй. Тэр бүү хэл дуунууд маань Еховатай тогтоосон харьцаагаа голлон анхаарахад их тустай байдаг» гэж ярьсан юм.
Өмнөд Африкт амьдардаг Делия: «Шинэ дуунууд миний хувьд аврах хантааз л гэсэн үг. Сэтгэлээр унасан юм уу асуудалтай тулгарсан үедээ яг миний нөхцөлд тохирсон дуу байна уу гээд хайхад гараад л ирдэг. Дөнгөж хэсгээс нь сонсоход л сэтгэл минь сэргээд явчихдаг» гэв.
Зарим нэг дуу итгэл нэгтнүүдийн маань байнга сонсох дуртай дуу нь болсон. Өмнөд Африкт амьдардаг Лерато: «“Диваажин ойрхон байна”, “Бидний хүсэн хүлээдэг шинэ ертөнц”-ийг сонсохоор хайрт ээжтэйгээ эргэн уулзах баярт мөч төсөөлөгддөг. Энэ дуунуудыг сонсох бүрийдээ хоёр гараа дэлгэн өөдөөс минь гүйж байгаа ээжийгээ харах шиг болдог» хэмээн ярив.
Шри Ланкад амьдардаг өсвөр насны охины ярьснаар нэгэн дуу түүний хувьд онцгой ач тустай байжээ. Тэрбээр: «Нэг удаа манай багш намайг Еховагийн Гэрч гэдгээс болоод ангийн хүүхдүүдийн өмнө аймаар загнасан. Би айгаад юу ч хэлж чадаагүй. Тэгээд гэртээ ирсэн хойно ээж маань “Бие дааж судалбал хүчтэй болно” (“Study Makes You Strong”) гэдэг дууг хамт сонсъё гэлээ. Судалгаа хийж, хэлэх үгээ бэлдэх хэрэгтэй юм байна гэдгийг би тэр дуунаас ойлгосон. Маргааш нь би багштайгаа ярилцсан. Багш намайг сонсоод, Еховагийн Гэрчүүд юунд итгэдгийг одоо л мэддэг боллоо гэж хэлсэн. Еховагийн байгууллага биднийг зоригжуулах олон сайхан дуу зохиож өгдөгт талархаж байна» гэжээ.
Эдгээр дууг бүтээх зардлыг хаанаас гаргадаг вэ? Дэлхий дахины үйл хэрэгт зориулсан хандиваас гаргадаг. Олон хүн donate.jw.org сайтаар хандив өргөж байгаа. Өгөөмөр сэтгэлтэй та бүхэндээ талархлаа илэрхийлье.