СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 46
Дэлхийг Диваажин болгоно гэсэн Еховагийн баталгаа
«Дэлхий дээр ерөөгдсөн хүн нь үнэний Бурханаар ерөөгдөнө» (ИС. 65:16).
ДУУ 152 Бидний хүч, бидний найдвар, бидний итгэл
ТОЙМa
1. Зөнч Исаиа элэг нэгт израйлчууддаа Еховагийн тухай юу гэж хэлсэн бэ?
ЗӨНЧ Исаиа Еховаг «үнэний Бурхан» гэж хэлсэн. «Үнэн» гэж орчуулсан үг нь үгчилбэл «амен» гэсэн үг юм (Ис. 65:16). «Амен» гэдэг нь «ёсоор болтугай», «яг үнэн» гэсэн утгатай. Хэрэв «амен» гэдэг үгийг Библид Ехова Есүс хоёрт хамааруулж хэрэглэсэн бол энэ нь ямар нэг юмыг үнэн гэж баталж байгаа хэрэг. Тэгэхлээр элэг нэгт израйлчууддаа хэлсэн Исаиагийн үг нь Еховагийн зөгнөж хэлсэн бүхэн биелдэг гэсэн утга агуулдаг. Үнэхээр ч Ехова амласан бүхнээ биелүүлдэг.
2. Бид ирээдүйн талаарх Еховагийн амлалтуудад яагаад итгэдэг вэ? Ямар асуултыг ярилцах вэ?
2 Ирээдүйн талаарх Еховагийн хэлсэн амлалтад бид ч бат итгэдэг үү? Еховагийн амлалт болгон яагаад биелдгийг Паул Исаиагаас хойш ойролцоогоор 800 жилийн дараа тайлбарласан. Тэрбээр Еховаг «худал ярьдаггүй Бурхан» гэжээ (Евр. 6:18). Голын эхээс цэнгэг болон давстай ус нэгэн зэрэг гардаггүй шиг үнэний эх булаг Ехова худал ярьдаггүй. Тиймээс Еховагийн зөгнөсөн бүхэнд, ирээдүйн талаарх амлалтуудад нь бид бүрэн итгэх боломжтой. Энэ өгүүллээр дараах асуултыг ярилцана. Ехова ирээдүйн талаар юу гэж амласан бэ? Амлалтууд нь биелэх ямар баталгаа өгсөн бэ?
ЕХОВА ЮУ ГЭЖ АМЛАСАН БЭ?
3. а) Бурхны үйлчлэгчид ямар амлалтыг машид эрхэмлэдэг вэ? (Илчлэл 21:3, 4). б) Үүнийг сонссон зарим хүн юу гэж хэлдэг вэ?
3 Дэлхий дахины бүх үйлчлэгч нь Бурхны дараах амлалтыг машид эрхэмлэдэг (Илчлэл 21:3, 4-ийг уншина). «Цаашид үхэл байхгүй болно. Цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно». Диваажинд амьдрал ямар байхыг өгүүлсэн сэтгэл тайвшруулам энэ эшлэлийг бид дэлгэрүүлэхдээ их ашигладаг. Гэхдээ энэ амлалтыг сонссон зарим хүн: «Сайхан л юм. Даанч итгэхэд хэцүү юм» гэдэг.
4. а) Ехова юу юуг мэдэж байсан бэ? б) Ехова амлалт өгөөд зогсохгүй юуг хэлж өгсөн бэ?
4 Ехова дээрх амлалтыг Ёоханаар бичүүлэхдээ биднийг энэ эшлэлийг ашиглан Хаант төрийн тухай дэлгэрүүлнэ гэдгийг мэдэж байсан. Мөн ийм «шинэ юманд» олон хүн итгэхгүй гэдгийг ч мэдэж байв (Ис. 42:9; 60:2; 2 Кор. 4:3, 4). Тэгвэл Илчлэл 21:3, 4-т байгаа амлалт биелнэ гэдэгт бид өөрсдөө хэрхэн итгэж, өрөөлд ч итгэхэд нь хэрхэн туслах вэ? Ехова ийм сайхан амлалт өгөөд зогсохгүй үүнд яагаад итгэж болохыг хэлж өгсөн.
ЕХОВА БАТАЛГАА ӨГСӨН НЬ
5. Диваажингийн тухай Бурхны амлалтад итгэж болохыг хаанаас мэдэх вэ?
5 Диваажингийн тухай Еховагийн амлалтад яагаад итгэж болохыг дараагийнх нь эшлэлд бичсэн. «Сэнтийд залрагч Нэгэн: “Би бүх юмыг шинээр хийж байна!” хэмээгээд “Бич. Учир нь энэ үг бол баталгаатай бөгөөд үнэн” гэж айлдав. Тэрээр надад “Энэ бүхэн биелсэн! Би бол Альфа ба Омега, эхлэл ба төгсгөл” [гэв]» (Илч. 21:5, 6а).
6. Илчлэл 21:5, 6-д хэлсэн Бурхны үг амлалтад нь итгэх итгэлийг маань батжуулдаг гэхийн учир юу вэ?
6 Библийн дээрх эшлэл Бурхны амлалтад итгэх итгэлийг маань батжуулдаг гэхийн учир юу вэ? «Илчлэлт. Оргил үе нь ойрхон байна!» номд «[Энэ эшлэл нь] үнэнч хүмүүсийг ирээдүйд ивээнэ гэсэн баримт бичигт зурсан Еховагийн гарын үсэгтэй адил» гэж тайлбарлажээ. Илчлэл 21:3, 4-т Бурхан амлалтаа хэлээд, дараа нь 5, 6-р зүйлд амлалт нь баттай биелнэ гэдгээ баталгаажуулж гарын үсгээ зурсан гэлтэй. Ехова энэ баталгааг өгөхдөө юу гэж хэлснийг одоо нарийвчлан үзье.
7. Бурхны баталгаа ямар үгээр эхэлдэг вэ? Энэ нь яагаад онцгой вэ?
7 Бурхны баталгаа «Сэнтийд залрагч Нэгэн ... хэмээгээд» гэсэн үгээр эхэлдэг (Илч. 21:5а). Энэ нь Ехова өөрөө ярьсныг «Илчлэл» номд тэмдэглэсэн 3-хан тохиолдлын нэг юм. Тэгэхлээр хүчирхэг тэнгэрийн элч ч биш, амилсан Есүс ч биш, Ехова өөрөө ярьж баталгаа өгсөн! Тиймээс цааш хэлэх үгэнд нь бат итгэж болно. Яагаад? Учир нь Ехова «худал хэлдэггүй» (Тит 1:2). Тийм ээ, Илчлэл 21:5, 6-д хэлсэн үг нь баттай биелнэ.
«БИ БҮХ ЮМЫГ ШИНЭЭР ХИЙЖ БАЙНА!»
8. Амлалт нь баттай биелнэ гэдгийг Ехова хэрхэн тодорхой хэлсэн бэ? (Исаиа 46:10).
8 Дараа нь Бурхан: «Би бүх юмыг шинээр хийж байна!» гэж хэлсэн (Илч. 21:5). Ехова ирээдүйд бүх юмыг шинэчилнэ. Гэхдээ түүний амлалт баттай биелдэг учраас аль хэдийн шинэчилж эхэлснээр бичжээ (Исаиа 46:10-ыг уншина).
9. а) «Бүх юмыг шинээр хийж байна» гэдэг нь Еховагийн ямар хоёр үйлдлийг хэлдэг вэ? б) Одоогийн «тэнгэр», «газрыг» яах вэ?
9 «Бүх юмыг шинээр хийж байна» гэснийг нарийвчлан ярилцъя. «Илчлэл» номын 21-р бүлгийг үзвэл энэ нь солих, сэргээх гэсэн хоёр үйлдлийг хэлдэг. Тэгвэл Ехова юуг солих вэ? Илчлэл 21:1-д «Өмнө байсан тэнгэр, газар ... үгүй болжээ» гэж бий. «Өмнө байсан тэнгэр» гэдэг нь Сатан болон чөтгөрүүдийнх нь нөлөөнд байдаг засгийн газрууд юм (Мат. 4:8, 9; 1 Ёох. 5:19). Библид «газар» буюу «дэлхий» гэдгээр дэлхийн оршин суугчдыг хэлэх нь бий (Эх. 11:1; Дуу. 96:1). Тэгэхлээр «өмнө байсан ... газар» нь өнөөгийн ёс бус нийгэм. Ехова одоогийн «тэнгэр», «газрыг» зүгээр нэг засаж янзлах бус, «шинэ тэнгэр, шинэ газраар» солино. Ийнхүү шинэ засгийн газар, шинэ нийгэмтэй болно.
10. Ехова юуг шинэчлэх вэ?
10 Илчлэл 21:5-д Ехова бүх юмыг шинэчилнэ гэж хэлсэн нь бас сэргээх гэсэн утга агуулдаг. Юуг сэргээх вэ? Дэлхийг шинэчилж, хүмүүсийг төгс болгоно. Исаиагийн хэлснийг үзвэл дэлхий бүхэлдээ Еден шиг цэцэрлэгт хүрээлэн болно. Бас бидний хүн нэг бүр өвчнөөсөө ангижирч төгс эрүүл болно. Доголон, хараагүй, сонсголгүй хүмүүс эдгэрч, тэр байтугай нас барагсад амилна (Ис. 25:8; 35:1–7).
«ЭНЭ ҮГ БОЛ БАТАЛГААТАЙ БӨГӨӨД ҮНЭН. ... ЭНЭ БҮХЭН БИЕЛСЭН!»
11. Ехова Ёоханд юу гэж тушаасан бэ? Яагаад?
11 Ехова өөр ямар баталгаа өгсөн бэ? Тэрбээр Ёоханд «Бич. Учир нь энэ үг бол баталгаатай бөгөөд үнэн» гэжээ (Илч. 21:5). Ехова зөвхөн «Бич» гээд зогсоогүй яагаад гэдгийг тайлбарлан «Учир нь энэ үг баталгаатай бөгөөд үнэн» гэж хэлсэн. Энэ нь түүний үг найдвартай, яг таг биелдгийг онцолж байна. Ёохан хэлснийх нь дагуу бичиж үлдээсэнд бид их талархдаг. Үүний ачаар Диваажингийн тухай Бурхны амлалтыг уншиж, ирээдүйд хүртэх гайхалтай ивээлийг эргэцүүлэн бодох боломжтой болсон.
12. «Энэ бүхэн биелсэн!» гэж Ехова хэлсэн нь ямар учиртай вэ?
12 Бурхан дараа нь юу гэсэн бэ? «Энэ бүхэн биелсэн!» гэсэн (Илч. 21:6). Ехова яагаад бүх амлалт нь аль хэдийн биелсэн гэж хэлсэн бэ? Учир нь түүний зорилго биелэхэд юу ч саад болохгүй. Тэрбээр амлалт нь гарцаагүй биелнэ гэдэгт биднийг бат итгээсэй гэсэндээ бас нэг баталгаа өгсөн. Тэр нь юу вэ?
«БИ БОЛ АЛЬФА БА ОМЕГА»
13. «Би бол Альфа ба Омега» гэж Ехова хэлсэн нь ямар учиртай вэ?
13 Дээр дурдсанаар Ехова Ёохантай 3 удаа ярьсан (Илч. 1:8; 21:5, 6; 22:13). Тэр болгонд «Би бол Альфа ба Омега» гэж хэлдэг. Грек цагаан толгой альфа үсгээр эхэлж, омега үсгээр төгсдөг. Ехова өөрийгөө «Альфа ба Омега» гэсэн нь юуг ч эхлүүлсэн амжилттай дуусгадгийг нь харуулдаг.
Ехова аливаа юмыг эхлүүлсэн бол дуусгадаг (14, 17-р догол мөрийг үзээрэй)
14. а) Ехова хэзээ «Альфа» гэж хэлсэн бэ? Хэзээ «Омега» гэж хэлэх вэ? б) Эхлэл 2:1–3-т ямар баталгаа байдаг вэ?
14 Ехова Адам Ева хоёрыг бүтээснийхээ дараа хүн төрөлхтөн болон дэлхийн талаарх санаа зорилгоо хэлсэн. Энэ тухай Библид «Бурхан тэднийг ерөөж, тэдэнд “Өсөн нэмэгдэж өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн газрыг эзэмш ...” хэмээв» гэж байдаг (Эх. 1:28, ШЕ). Энэ нь Ехова «Альфа» гэж хэлсэн хэрэг юм. Тэрбээр Адам, Евагийн төгс, дуулгавартай үр удмаар дэлхийг дүүргэж, бүхэлд нь Диваажин болгохоо тодорхой хэлжээ. Энэ санаа зорилгоо биелүүлэхээр Ехова «Омега» гэж хэлнэ. «Тэнгэр газрыг бүх юмтай нь» бүтээж дууссаныхаа дараа нэг баталгаа өгсөн. Үүнийг Эхлэл 2:1–3-т бичжээ (уншина). Ехова долоо дахь өдрийг ариун гэсэн. Энэ нь долоо дахь өдөр дуусахаас өмнө тэрбээр хүн төрөлхтөн болон дэлхийн талаарх санаа зорилгоо бүрэн гүйцэд биелүүлэхээ баталсан хэрэг юм.
15. Хүн төрөлхтний талаарх Бурхны санаа зорилгод саад хийж чадсан гэж Сатан яагаад бодсон байж болох вэ?
15 Адам Ева хоёр Бурханд тэрслээд нүгэлтэй болж үр удамдаа нүгэл, үхлийг өвлүүлсэн (Ром 5:12). Дэлхийг төгс, дуулгавартай хүмүүсээр дүүргэнэ гэсэн Еховагийн санаа зорилгод саад хийж чадлаа, «Омега» гэж хэлэх боломжгүй болголоо гэж Сатан бодсон байх. Бас Ехова Адам Ева хоёрыг устгаж, өөр төгс хүмүүн хос бүтээнэ гэсэн бодол түүнд төрсөн байж ч болох юм. Хэрэв Адам, Еваг устгасан бол Диавол Бурхныг худалч гэж буруутгах байсан. Яагаад? Учир нь Эхлэл 1:28-д бичсэнээр тэдний үр удам л дэлхийг дүүргэх байв.
16. Еховаг бүтэлгүйтлээ гэж муулж чадна хэмээн Сатан яагаад бодсон байж болох вэ?
16 Сатан өөр юу гэж бодсон бол? Адам Ева хоёрыг хүүхэдтэй болохыг Ехова зөвшөөрөх ч, хүүхдүүд нь харин хэзээ ч төгс болохгүй гэж бодсон байж магадгүй (Ном. 7:20; Ром 3:23). Хэрэв ийм юм болбол Диавол Еховаг бүтэлгүйтлээ гэж муулах нь дамжиггүй. Учир нь Бурхны санаа зорилго бол төгс, дуулгавартай хүмүүсээр дэлхийг дүүргэх юм.
17. Сатан болон анхны хүмүүн хос тэрслэхэд Ехова асуудлыг хэрхэн шийдсэн бэ? Эцэст нь юу болох вэ? (Бас зургийг үзээрэй).
17 Сатан болон анхны хүмүүн хос тэрсэлсний дараа Ехова асуудлыг хэрхэн шийдсэн нь Сатаныг ихэд гайхшируулсан (Дуу. 92:5). Ехова Адам, Еваг үр хүүхэдтэй болохыг зөвшөөрснөөр худалч биш гэдгээ, үнэн үг хэлдгээ харуулсан. Төлөвлөгөө нь бүтэлгүйтэх нь бүү хэл, санаа зорилго нь биелэхэд юу ч саад болж чадахгүйг баталсан. Ехова Адам Ева хоёрын дуулгавартай үр удмыг аврахын тулд «үр хүүхэд» буюу Есүсийг илгээж зорилгоо биелүүлэхээр болжээ (Эх. 3:15; 22:18, ШЕ). Ийнхүү золиос хэмээх арга хэмжээ авсан нь Сатаны санаанд багтамгүй зүйл байсан. Яагаад? Учир нь энэ арга хэмжээ амин хувиа боддоггүй хайранд үндэслэдэг (Мат. 20:28; Ёох. 3:16). Харин аминч Сатан ийн хайрлах сэтгэлгүй. Золиос хэмээх арга хэмжээний ачаар ирээдүйд юу болох вэ? Мянган жилийн төгсгөлд Еховагийн анх санаж зорьсны дагуу Адам Ева хоёрын төгс, дуулгавартай үр удам диваажин дэлхийг дүүргэнэ. Тэр үед Ехова «Омега» гэж хэлнэ.
ЕХОВАГИЙН АМЛАЛТАД ИТГЭХ ИТГЭЛЭЭ ХЭРХЭН БАТЖУУЛАХ ВЭ?
18. Бурхан ямар ямар баталгаа өгсөн бэ? («Еховагийн амлалтад итгэх 3 шалтгаан» гэсэн хавсралтыг үзээрэй).
18 Диваажингийн талаарх Бурхны амлалтад эргэлздэг хүнд энэ өгүүллээр ярилцсан зүйлд үндэслэн хэрхэн тайлбарлах вэ? Нэгдүгээрт, Ехова өөрөө амладаг. «Илчлэл» номд «Сэнтийд залрагч Нэгэн: “Би бүх юмыг шинээр хийж байна!” хэмээв» гэж байдаг. Тэрбээр амлалтаа биелүүлэх хүчтэй, хүсэлтэй, мөн мэргэн ухаантай. Хоёрдугаарт, амлалт нь зайлшгүй биелэх учир Еховагийн хувьд аль хэдийн биелсэнтэй адил юм. Тиймээс ч «Энэ үг бол баталгаатай бөгөөд үнэн. ... Энэ бүхэн биелсэн!» гэж хэлжээ. Гуравдугаарт, Ехова: «Би бол Альфа ба Омега» гэсэн нь ямар нэг юмыг эхлүүлсэн л бол амжилттай дуусгадаг гэдгийг нь баталдаг. Тэрбээр Сатаныг худалч, бүтэлгүй нэгэн гэдгийг батлан харуулна.
19. Диваажингийн талаарх Бурхны амлалтад эргэлзсэн хүнд та хэрхэн тайлбарлах вэ?
19 Та Бурхны өгсөн баталгааны талаар хүмүүст ярих болгондоо амлалтад нь итгэх итгэлээ батжуулдаг гэдгийг санаарай. Тэгвэл дараагийн удаа айлын хүнд Илчлэл 21:4-т байдаг сэтгэл тайвшруулам үгийг уншихад тэрбээр: «Сайхан л юм. Даанч итгэхэд хэцүү юм» гэвэл та яах вэ? 5, 6-р зүйлийг уншаад тайлбарлаж болохгүй нь юу билээ? Ехова амлалтаа биелүүлэхээ баталж нэг ёсондоо гарын үсэг зурсныг хэлж өгөөрэй (Ис. 65:16).
ДУУ 19 Бурхны амласан Диваажин
a Ехова дэлхийг Диваажин болгоно гэсэн ямар баталгаа өгснийг энэ өгүүллээр үзнэ. Үүнийг хүмүүст ярих тусам Еховагийн амлалтад итгэх итгэл маань улам батажна.