БҮЛЭГ 11
«Бүгд гэрлэлтийг хүндлэгтүн»
«Залуудаа гэрлэсэн эхнэртээ баярлан баяс» (СУРГААЛТ ҮГС 5:18).
1, 2. Энэ бүлгээс юуны тухай үзэх вэ? Энэ асуудлаар ярилцах нь яагаад чухал бэ?
ТА гэр бүлтэй юү? Та ханьсахын жаргал эдэлж байна уу эсвэл ноцтой асуудалтай тулгараад байна уу? Та хоёр бие биеэсээ хөндийрөө юү? Хань ижилтэй боловч баяр жаргалгүй явна уу? Тийм бол, урьдын халуун дотно харьцаагаа үгүйлэн, сэтгэл дундуур явдаг байх. Та христиан хүний хувьд хайртай Бурхнаа гэр бүлийнхээ амьдралаар алдаршуулахыг хүсдэг нь лавтай. Гэтэл тэгж чадахгүйдээ сэтгэл зовж, шаналдаг биз ээ. Гэвч найдвар тасарсан гэж бүү бодоорой!
2 Урьд нь нөхөр эхнэр нэртэй боловч халуун дотно харьцаагүй шаналж явсан олон христиан өнөөдөр хань ижилтэйгээ жаргалтай сайхан амьдарч байна. Тэд харьцаагаа сайжруулж чаджээ. Та ч бас тэдэн шиг ханьтайгаа дотносож чадна. Яаж гэдгийг энэ бүлгээс үзье.
БУРХАН БОЛОН ХАНЬТАЙГАА ДОТНОСОХ НЬ
3, 4. Нөхөр эхнэр хоёр Бурхантай дотносохыг хичээдэг бол бие биетэйгээ дотносдогийг жишээгээр тайлбарлана уу.
3 Нөхөр эхнэр хоёр Бурхантай дотносохыг хичээхийн хэрээр бие биетэйгээ дотносдог. Үүнийг жишээгээр тайлбарлая. Шовх оройтой, өргөн хормойтой, өндөр уулын баруун, зүүн бэлд нөхөр эхнэр хоёрыг зогсож байна гэж бодъё. Уулын хоёр хажуугаар оргил өөд нэгэн зэрэг өгсөж эхэллээ. Тэд уулын бэлд байхдаа бие биеэсээ хол байсан нь ойлгомжтой. Гэхдээ өөдөө авирах тусам хоорондох зай нь багасаж, бие биедээ улам ойртоно. Та энэ жишээний цаад санааг ойлгож байна уу?
4 Еховад бүрэн дүүрэн үйлчлэхийн тулд хүчин чармайлт гаргахыг ууланд авирахтай зүйрлэж болох юм. Та хоёр Еховад хайртай учраас чадлаараа л «авирч» байгаа. Харин бие биеэсээ хөндийрсөн бол уулын хоёр хажуугаар авирч байгаа гэсэн үг. Гэхдээ зогсолтгүй авираад байвал яах вэ? Эхэндээ хэн хэнээсээ хол байх боловч уулын оргил өөд авирах буюу Бурхантай дотносохыг хичээх тусам бие биедээ улам ойртоно шүү дээ. Тэгэхлээр, Бурхантай дотносох нь ханьтайгаа дотносох гол арга юм. Тэгвэл энэ аргыг чухам яаж хэрэглэх вэ?
Нөхөр эхнэр хоёр Библийн мэдлэгээ хэрэгжүүлбэл харьцаагаа сайжруулна
5. а) Ехова болон ханьтайгаа дотносохын тулд яах хэрэгтэй вэ? б) Ехова гэр бүлийг хэрхэн үздэг вэ?
5 «Ууланд авирахын» тулд нөхөр эхнэр хоёр дор бүрнээ Бурхны Үгэнд байдаг гэр бүлийн талаарх зөвлөгөөг хэрэгжүүлэх хэрэгтэй (Дуулал 25:4; Исаиа 48:17, 18). Одоо, элч Паулын бичсэн: «Бүгд гэрлэлтийг хүндлэгтүн» гэсэн чухал зөвлөгөөг дэлгэрэнгүй үзье (Еврей 13:4). Хүндлэгтүн гэснийг нь бодохлоор гэр бүлийг үнэлж, эрхэмлэх ёстой байх нь. Ехова Бурхан ч гэр бүлийг үнэлж, эрхэмлэдэг.
ЕХОВАГ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХАЙРЛАН, ГЭР БҮЛИЙГ ХҮНДЭТГЭХ НЬ
6. Паулын үгийн хам сэдвийг үзвэл юу мэдэж болох вэ? Үүнийг санаж явах нь ямар учраас чухал бэ?
6 Гэр бүл бол Еховагийн санаачилсан, ариун нандин зүйл гэдгийг Бурхны үйлчлэгчид бүгдээрээ мэддэг. Та болон таны хань ч үүнийг мэдэж байгаа (Матай 19:4–6). Гэхдээ та хоёрт ноцтой бэрхшээл тулгараад байгаа бол «гэрлэлтийг хүндлэгтүн» гэсэн зөвлөгөөг мэддэг байлаа ч бие биеэ хайрлаж, хүндэтгэх сэтгэл төрөхгүй байж болох юм. Тэгвэл яах вэ? Паулын үгийг дахин нэг анхааралтай үзье. «Гэрлэлтийг хүндлэгтүн» гэсэн байна. Энд Паул Бурхны санаачилсан гэр бүл гэдэг байгууламж нь хүндэтгэлтэй юм гэсэн ерөнхий санаа хэлээгүй. Харин гэр бүлд хүндэтгэлтэй хандахыг уриалжээ.a Хэрэв та энэхүү уриалгыг санаж явбал ханиа урьдынх шигээ хүндэтгэдэг болохын тулд хүчин чармайлт гаргах учиртайгаа ойлгоно. Ингэж хэлэхийн учрыг дэлгэрэнгүй тайлбарлая.
7. а) Бид Библийн ямар ямар тушаалыг, ямар учраас биелүүлдэг вэ? б) Та дуулгавартай байдгийнхаа үрээр ямар ач тус хүртдэг вэ?
7 Та Библийн бусад тушаалыг, тухайлбал, шавь бэлдэх, цуглаанд очих гэх мэтийн тушаалыг биелүүлэх гэж хэр зэрэг чармайдгаа бод доо (Матай 28:19; Еврей 10:24, 25). Эдгээр тушаалыг биелүүлэх нь тэр бүр амар хялбар биш ээ. Учир нь хүмүүс сайн мэдээг нааштай хүлээж авдаггүй юм уу эсвэл та ажлаа тарчихаад цуглаанд явъя гэхэд их ядарсан байдаг байх. Тэглээ ч гэсэн та Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлж, цуглаандаа тогтмол очдог шүү дээ. Тэгэхлээр хэнд ч, юунд ч, бүр Сатанд ч бууж өгдөггүй хүн байна. Еховаг чин сэтгэлээсээ хайрладаг учраас л тушаалыг нь тийм дуулгавартай биелүүлдэг байж таарна (1 Иохан 5:3). Тэгээд ямар ач тус хүртдэг вэ? Дэлгэрүүлэх ажилд оролцож, цуглаанд очин Бурхныхаа хүсэл тааллыг биелүүлдгийн үрээр та сэтгэл амар, баяр хөөртэй явдаг биз ээ. Тиймдээ ч эрч хүчтэй байдаг байх (Нехемиа 8:10). Яагаад энэ бүхнийг яриад байгаа юм бол гэж та бодож байна уу?
8, 9. а) «Гэрлэлтийг хүндлэгтүн» гэсэн уриалгыг яавал биелүүлж чадах вэ? б) Гэр бүлд хүндэтгэлтэй хандахын тулд яах хэрэгтэй вэ?
8 Та Бурхныг чин сэтгэлээсээ хайрладаг учир сайн мэдээ дэлгэрүүлэх, цуглаанд очих тушаалыг шантралгүй биелүүлдэг шүү дээ. Тиймд «гэрлэлтийг хүндлэгтүн» гэсэн Библийн уриалгыг хэдий хэцүү санагдсан ч биелүүлж бас чадна (Еврей 13:4; Дуулал 18:29; Номлогчийн үгс 5:4). Хичээл зүтгэлтэй дэлгэрүүлж, цуглаанд тогтмол очдогийг тань Бурхан ивээдэг шигээ гэр бүлийг хүндэтгэх гэж хичээж мэрийвэл бас ивээнэ (1 Тесалоник 1:3; Еврей 6:10).
9 Тэгвэл гэр бүлд хүндэтгэлтэй хандахын тулд яах хэрэгтэй вэ? Хоёр биеийнхээ харьцааг сэвтүүлэх аливаа бүхнээс зайлсхийхийн зэрэгцээ харьцаагаа бэхжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй.
ГЭР БҮЛИЙГ ҮЛ ХҮНДЭТГЭСЭН ҮГ ЯРИА, ҮЙЛ ХЭРГЭЭС ЗАЙЛСХИЙХ НЬ
10, 11. а) Яавал гэр бүлийг үл хүндэтгэсэн болох вэ? б) Ханиасаа юу гэж асуух нь зүйтэй вэ?
10 Хэдэн жилийн өмнө нэг христиан эмэгтэй: «Би тэвчих хүч гуйж Еховад залбирдаг» гэж ярьсан юм. Юуг тэвчих хэрэгтэй байсан юм бол оо? «Нөхөр маань намайг үргэлж хэл амаар дайрч доромжилдог. Нүдэнд харагдахаар ил шарх сорви биед минь байхгүй л дээ. Гэхдээ нөхөр маань намайг „Чам шиг хар дараа алга“, „Чи бол хэнд ч хэрэггүй амьтан“ гэх мэтээр байнга басамжлан зүрхийг минь шархлуулсан» гэж хэлжээ. Энэ эмэгтэйн ярианаас нөхөр эхнэрийн хооронд гардаг нэг ноцтой асуудал бол бие биеэ хэл амаар дайрч доромжлох явдал гэдгийг ойлгож болно.
11 Христиан нөхөр эхнэр хоёр бие биеийнхээ сэтгэлийг эдгэшгүйгээр шархлуулах хатуу ширүүн үг хэлдэг бол ямар харамсалтай вэ! Нөхөр эхнэр хоёрын аль нэг нь эсвэл хоёулаа үгээр дайрдаг бол гэр бүлийг хүндэтгэдэг гэж хэлэх аргагүй юм. Та ийм алдаа гаргадаггүй биз дээ? «Би чамтай яаж харьцдаг вэ?» гэж ханиасаа асуугаад үзээрэй. Хэрэв бодлогогүй үг хэлж, ханийнхаа сэтгэлийг нэг бус удаа шархлуулсан бол энэ зангаа заавал засаарай (Галат 5:15; Ефес 4:31).
12. Ехова ямар хүний шүтлэгийг ашиггүй гэж үзэх вэ?
12 Ханьтайгаа хэрхэн харьцдаг тань Еховатай тогтоосон харьцаанд шууд хамаатайг санаж яваарай. Библид: «Хэрэв хэн нэгэн нь өөрийгөө шүтлэгтэй хэмээн боддог хэдий ч хэл амаа хазаарладаггүй бол өөрийн зүрхийг хуурч буй бөгөөд шүтлэг нь ашиггүй ажээ» гэж байдаг (Иаков 1:26). Үг яриа нь Бурхныг шүтэхтэй салшгүй холбоотой. Бурханд үйлчлэх нь чухал болохоос ханьтайгаа яаж харьцах чухал биш гэсэн санаа Библид огт байдаггүй. Тиймээс өөрийгөө бүү хуураарай. Ханьтайгаа зүй бусаар харьцах нь их ноцтой хэрэг мөн (1 Петр 3:7). Та авьяас чадвартай, хичээл зүтгэлтэй дэлгэрүүлэгч байж болох ч ханиа зориуд хэл амаар дайрч, гомдоодог бол гэр бүлийг үл хүндэтгэсэнтэй адил бөгөөд Бурхан таны шүтлэгийг ашиггүй гэж үзнэ.
13. Яавал ханийнхаа сэтгэлийг шархлуулах аюултай вэ?
13 Түүнчлэн, ханийнхаа зүрх сэтгэлийг өөрөө ч мэдэлгүй шархлуулахаас сэрэмжлэх хэрэгтэй. Хоёр жишээ үзье. Өрх толгойлдог христиан эмэгтэй хурлынхаа гэр бүлтэй Гэрч эрэгтэйгээс зөвлөгөө авах гэж утасдан, удаан ярьдаг гэж бодъё. Эсвэл ганц бие эрэгтэй гэр бүлтэй эмэгтэйтэй долоо хоног бүр олон цаг дэлгэрүүлдэг гэж бодъё. Энэ хоёр жишээний гэр бүлтэй христианууд хар буруу санаагүй байж болох ч хийж байгаа үйлдэл нь ханьд нь ямар санагддаг бол? «Нөхөр минь хурлын өөр эмэгтэйд тийм их цаг гаргаж, анхаарал тавьдагт би гомддог. Намайг дорд үзэж байгаа юм шиг санагддаг» гэж нэг эмэгтэй хэлжээ.
14. а) Эхлэл 2:24-т бичсэнээр, гэр бүлтэй хүний гол үүрэг юу вэ? б) Өөрийгөө хэрхэн шалгах вэ?
14 Хань ижлүүд нь гэр бүлтэй хүний чанд баримтлах ёстой Библийн үндсэн зааврыг үл тоомсорлодог бол хүмүүс энэ эмэгтэй шиг гомдох нь ойлгомжтой. Библид: «Эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлнэ» гэж байдаг (Эхлэл 2:24). Хань ижилтэй хүн эцэг эхээ урьдын адил халамжлах ёстой боловч Бурхны тушаал ёсоор ханиа бүхнээс илүү анхаарах ёстой. Бас христиан хүн итгэл нэгтнүүдээ чин сэтгэлээсээ хайрлах учиртай боловч, гол нь, ханиа хайрлах үүрэгтэй. Тиймээс ханиасаа өөр хүнд, ялангуяа, эсрэг хүйсийн хүнд дэндүү их цаг гаргаж, хэт дотносвол гэр бүлийнхээ харьцаанд ан цав суулгана. Та ийм алдаа гаргаагүй биз дээ? «Би ханьдаа зохих цаг гаргаж, анхаарал тавин, хайраа илэрхийлдэг бил үү?» гэж өөрөөсөө асууж үзээрэй.
15. Матай 5:28-д бичсэнээр, христиан хүн ханиасаа өөр, эсрэг хүйсийн хүнтэй дотносохоос сэргийлэх ёстойн учир юу вэ?
15 Түүнчлэн, христиан хүний хувьд ханиасаа өөр, эсрэг хүйсийн хүнд хэтэрхий их анхаарал тавих нь галаар тоглохтой адил юм. Зарим христиан ханиасаа өөр хүнтэй хэтэрхий дотно харьцдагийн улмаас хайр сэтгэлтэй болдог нь харамсалтай (Матай 5:28). Түүгээр зогсохгүй, гэр бүлийг үл хүндэтгэсэн ноцтой хэрэг үйлддэг нь бүр ч тоогүй. Энэ талаар элч Паулын хэлсэн үгийг үзье.
«ОР ДЭР НЬ Ч БУЗАРТААГҮЙ БАЙГ»
16. Паул нөхөр эхнэрүүдэд юу гэж тушаасан бэ?
16 Паул: «Бүгд гэрлэлтийг хүндлэгтүн» гэж уриалсныхаа дараа «Ор дэр нь ч бузартаагүй байг. Учир нь янхан эрчүүдийг болон завхайрагчдыг Бурхан шүүнэ» гэжээ (Еврей 13:4). «Ор дэр» гэдэг үгээр бэлгийн харьцааг хэлсэн байна. Бурхан гэрлэсэн хосын бэлгийн харьцааг л «бузартаагүй» буюу цэвэр ариун гэж үздэг. Тиймээс христианууд «Залуудаа гэрлэсэн эхнэртээ баярлан баяс» гэсэн зөвлөгөөг сахидаг (Сургаалт үгс 5:18).
17. а) Христиан хүн завхайрлын талаарх хүний үзэл бодолд автах ёсгүйн учир юу вэ? б) Иовын жишээг хэрхэн дуурайж болох вэ?
17 Ханиасаа өөр хүнтэй бэлгийн харьцаанд орох нь Бурхны хуулийг зөрчиж байгаа ноцтой нүгэл юм. Өнөөдөр олон хүн завхайрлыг жирийн явдал гэж үздэг болжээ. Гэлээ ч христианууд хүний үзэл бодолд автах ёсгүй. Эцсийн эцэст, хүн бус, Бурхан «завхайрагчдыг ... шүүнэ» гэдгийг бид мэддэг (Еврей 10:31; 12:29). Тиймээс Бурхныхаа үзэл бодлыг баримталдаг (Ром 12:9). Бурхны эртний үнэнч үйлчлэгч Иов: «Би нүдтэйгээ гэрээ хийсэн» гэж хэлсэн байдгийг санаарай (Иов 31:1). Христиан хүн завхайралд хүргэх зам руу орохгүйн тулд нүдээ захирч, ханиасаа өөр хүнийг тачаадан хардаггүй (219–221-р хуудасны хавсралтыг үзнэ үү).
18. а) Ехова завхайрлыг хэр зэрэг ноцтойд тооцдог вэ? б) Завхайрах, шүтээн шүтэх хоёр юугаараа адил бэ?
18 Ехова завхайрлыг хэр зэрэг ноцтойд тооцдог вэ? Мосегийн хуулиас энэ асуултын хариуг мэдэж болно. Эртний Израильд завхайрсан болон шүтээн шүтсэн хүнд үхлийн ял оноодог байсан (Левит 20:2, 10). Завхайрах, шүтээн шүтэх хоёр юугаараа адил бэ? Израиль хүн шүтээн шүтвэл Еховатай байгуулсан гэрээгээ, харин завхайрвал ханьтайгаа байгуулсан гэрээгээ зөрчин, урван тэрсэлсэн хэрэг болдог байв (Египетээс гарсан нь 19:5, 6; Дэд хууль 5:9; Малахи 2:14). Тиймээс үнэнч, шударга Ехова Бурхан тийм хүнтэй хариуцлага тооцдог байв (Дуулал 33:4).
19. Христиан хүн яавал завхай явдлыг жигшдэг болох вэ? Жишээгээр тайлбарлана уу.
19 Өнөөдөр христианууд Мосегийн хуулийг сахих шаардлагагүй. Гэхдээ Мосегийн хуулиар, завхайрлыг ноцтой нүгэл гэж үздэг байсныг эргэцүүлэн бодвол завхай явдлыг жигшдэг болно. Ингэж хэлэхийн учрыг жишээгээр тайлбарлая. Та сүмд очиж, хиймэл шүтээний өмнө сөхөрч суугаад залбирах уу? «Юу гэж дээ!» гэж та хэлэх байх. Гэтэл их хэмжээний мөнгө амлавал яах вэ? «Тэгсэн ч гэсэн үгүй!» гэж хэлнэ биз дээ? Хиймэл шүтээн шүтэж Ехова Бурхнаасаа урвана гэж бодохоос ч христиан хүнд жигшил зэвүүцэл төрдөг. Үүнтэй адилаар, завхай явдалтай орооцолдон, Бурхан болон ханиасаа урвах тухай бодохоосоо ч жигшин зэвүүцэх учиртай (Дуулал 51:1, 4; Колоссай 3:5). Бид Сатаны бах тавыг хангаж, Ехова Бурхнаа болон Бурхны санаачилсан гэр бүл гэдэг ариун зүйлийг үл хүндэтгэн, нүгэл үйлдэхийг яасан ч хүсэхгүй.
ГЭР БҮЛИЙНХЭЭ ХАРЬЦААГ БЭХЖҮҮЛЭХ НЬ
20. Нөхөр эхнэр хоёр юунаас болж бие биеэсээ хөндийрдөг вэ? Ийм хосыг юутай зүйрлэж болох вэ?
20 Гэр бүлийг үл хүндэтгэсэн үйлдлээс зайлсхийх талаар ярилцлаа. Одоо, ханиа урьдынх шигээ хүндэтгэдэг болохын тулд яах хэрэгтэйг ярилцъя. Гэр бүлийг байшин гэж бодвол нөхөр эхнэр хоёрын сэтгэлийн үг, анхаарал халамж, хайр хүндэтгэлээ илэрхийлэх бусад үйлдлийг чимэглэлийн эд зүйлтэй зүйрлэж болно. Хэрэв та хоёр бие биетэйгээ дотно байдаг бол танай гэр бүлийг донжийг нь олж чимсэн, өнгө будаг нь тохирсон, сэтгэлд дулаахан, сайхан байшинтай зүйрлэж болно. Харин бие биеэ хайрлаж халамжлахаа болин, холдож хөндийрсөн бол танай гэр бүл гялайж гялтайх юмгүй, хүйт даасан, ханхай хоосон байшин мэт болсон байж мэднэ. Гэхдээ та «Гэрлэлтийг хүндлэгтүн» гэдэг Бурхны тушаалыг биелүүлэхийг хүсэж байгаа учир энэ байдлаа засмаар байгаа биз дээ? Тэгээд ч үнэтэй, чухал юмыг засаж тордоод, өөд нь татаад авч болдог шүү дээ. Гол нь, засах аргаа мэдэх хэрэгтэй. Библид: «Гэр орон мэргэн ухаанаар сүндэрлэж, оюун ухаанаар тогтдог. Мэдлэгийн хүчээр өрөөнүүд чинь эрхэм нандин баялгаар дүүрнэ» гэж байдаг (Сургаалт үгс 24:3, 4). Энэ зарчмыг нөхөр эхнэр хоёр хэрхэн хэрэгжүүлж болох вэ?
21. Нөхөр эхнэр хоёр харьцаагаа яаж бэхжүүлж болох вэ? (131-р хуудасны хавсралтыг үзнэ үү).
21 Жаргалтай гэр бүл буюу сайхан байшинг дүүргэдэг «эрхэм нандин баялгийг» жинхэнэ хайр, Бурхнаас эмээх сэтгэл, бат итгэл гэх зэргийн чанар бүрдүүлдэг (Сургаалт үгс 15:16, 17; 1 Петр 1:7). Эдгээр зан чанарын ачаар нөхөр эхнэрийн харьцаа бат бэх байдаг. Гэхдээ өрөөнүүдээ эрхэм нандин баялгаар чухам яаж дүүргэхийг та дээрх зүйлээс анзаарав уу? «Мэдлэгийн хүчээр» гэсэн байна. Тийм ээ, Библийн мэдлэгээ хэрэгжүүлж л чадвал хүн үзэл бодлоо өөрчилж, ханиа урьдынх шигээ хайрлан хүндэтгэдэг болно (Ром 12:2; Филиппой 1:9). Тиймээс, ханьтайгаа хамт Библи унших, эсвэл «Харуулын цамхаг» сэтгүүл болон Библид үндэслэсэн бусад ном хэвлэлээс нөхөр эхнэрүүдэд зориулсан материал уншиж судлах нь гэрээ гоёх эд зүйлийг олж авч байгаатай адил юм. Тэгээд Бурхныг хайрлах хайрандаа хөтлөгдөн, сурч мэдсэнээ хэрэгжүүлбэл өнөөх чимэглэлийн зүйлээр өрөөнүүдээ чимлээ гэсэн үг. Үүний ачаар та хоёр урьдынх шигээ халуун дотно харьцаатай болох биз ээ.
22. Гэр бүлийнхээ харьцааг бэхжүүлэхийг хичээдэг хүн яагаад сэтгэл хангалуун байдаг вэ?
22 Урьдынхаа олон сайхан чимэглэлийн зүйлийг нэг нэгээр нь байранд нь эргүүлж тавихад ихээхэн хүчин чармайлт, цаг зав шаардагдах нь ойлгомжтой. Гэхдээ та өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийн, «Бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл» гэсэн Библийн тушаалыг биелүүлбэл сэтгэл хангалуун болно (Ром 12:10; Дуулал 147:11). Хамгийн гол нь, гэр бүлийг хүндэтгэхийг чин сэтгэлээсээ хичээдэг хүн Бурхны хайран дотор өөрийгөө сахиж чадна.
a Энэ нь еврей христиануудад Паулын уриалсан хэдэн зүйлийн нэг байсныг хам сэдвээс нь мэдэж болно (Еврей 13:1–5).