Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • бх бүлэг 10 х. 110-120
  • Гэр бүл бол халамжит Бурхны бэлэг

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Гэр бүл бол халамжит Бурхны бэлэг
  • «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ГЭР БҮЛ БОЛОХЫН УТГА УЧИР
  • ИРЭЭДҮЙН ХАНИА ЯАЖ СОНГОХ ВЭ?
  • ӨӨРИЙГӨӨ БЭЛДЭХ НЬ
  • НАСАН ТУРШДАА ХАНИЛАХ НЬ
  • Гэр бүл бол Бурхны бэлэг
    Бурхнаараа хайрлуулж явъя
  • Амьдралын ханиа сонгоход Бурхны удирдлага
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2001
  • Гэрлэсний дараа
    Бурхнаараа хайрлуулж явъя
  • Гэр бүлтэй болоход бэлтгэх нь
    Гэр бүлийн аз жаргалын нууц
Илүү дэлгэрэнгүй харах
«Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
бх бүлэг 10 х. 110-120
[119-р хуудасны зураг]

БҮЛЭГ 10

Гэр бүл бол халамжит Бурхны бэлэг

«Гурамсалж гөрсөн сур тийм ч амар тасардаггүй» (НОМЛОГЧИЙН ҮГС 4:12).

1, 2. а) Шинэхэн хосын талаар заримдаа ямар бодол төрж болох вэ? Яагаад ийм бодол төрдөг вэ? б) Энэ бүлэгт ямар асуултуудыг авч үзэх вэ?

ТА хуримд очих дуртай юу? Хурим гэдэг хүний амьдралд тохиолдох олон сайхан үйл явдлын нэг билээ. Хуримын өдөр гоёлоо өмссөн хос ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр харж, баяр хөөрөөр бялхаж байдаг.

2 Гэвч өнөөдөр хүмүүс гэр бүлийн талаар буруу ойлголттой болсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гал голомтоо асааж байгаа шинэхэн хосод сайн сайхныг хүсэвч «Энэ хоёр маань жаргалтай сайхан амьдрах болов уу? Насан туршдаа ханилах уу?» гэж бодогдох үе байж болох юм. Энэ асуултын хариу нөхөр эхнэр хоёр Бурханд итгэж, зөвлөгөөг нь хэрэгжүүлэх эсэхээс шалтгаална (Сургаалт үгс 3:5, 6). Эдгээр алхмыг хийвэл Бурхны хайран дотор өөрсдийгөө сахиж чадна. Одоо, «Гэр бүл болохын утга учир юу вэ? Ханиа яаж сонгох вэ? Гэр бүл болоход өөрийгөө яаж бэлдэх вэ? Яавал насан туршдаа ханилах вэ?» гэсэн дөрвөн асуултад Библи ямар хариу өгдгийг үзье.

ГЭР БҮЛ БОЛОХЫН УТГА УЧИР

3. Гэр бүл болох асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүйн учир юу вэ?

3 Ганц хүн айл болдоггүй учир гэр бүлтэй болж байж л жаргал эдэлнэ гэж зарим хүн боддог. Гэхдээ ингэж бодох нь ташаа юм. Есүс ганц бие байсан бөгөөд ганц бие байхын давуу талыг мэдээд зогсохгүй ганцаараа амьдарч чадах хүмүүст тэр хэвээрээ байхыг уриалсан (Матай 19:11, 12). Элч Паул ч мөн ганц бие байхын давуу талыг онцолжээ (1 Коринт 7:32–35). Гэхдээ Есүс Паул хоёр гэрлэхгүй байхыг шаардсан юм биш. Тэгээд ч «гэр бүл болохыг хориглох» нь «чөтгөрүүдийн номлол» гэж Библид бичсэн байдаг (1 Тимот 4:1–3). Гэвч ганц бие хүн юунд ч сатааралгүйгээр Еховад үйлчлэх давуу талтай. Тиймээс гэр бүл болох асуудалд хөнгөн хуумгай хандаж, найз нөхдийнхөө шахалтаар гэрлэх нь ухаалаг хэрэг биш ээ.

4. Нөхөр эхнэр хоёрын сайн харьцаа үр хүүхэд өсгөхөд ямар ач холбогдолтой вэ?

4 Тэгвэл гэр бүл болохын утга учир юу вэ? Гэр бүл бол халамжит Бурхны бэлэг билээ (Эхлэл 2:18). Гэр бүлтэй болох нь жаргалтай амьдрах нэг үндэс бөгөөд зохих хэмжээгээр сайн талтай. Тухайлбал, халуун дотно харьцаатай нөхөр эхнэр хоёр жаргалтай амьдарч, бас үр хүүхдээ сайхан орчинд хайрлан өсгөж, сурган хүмүүжүүлж, удирдан чиглүүлэх үүргээ биелүүлж чаддаг (Дуулал 127:3; Ефес 6:1–4). Гэхдээ үр хүүхэд төрүүлэн, өсгөж хүмүүжүүлэхийн тулд л гэр бүлтэй болдог юм биш ээ.

5, 6. а) Номлогчийн үгс 4:9–12-т бичсэнээр, дотно нөхөрлөлийн ач тус юу вэ? б) Ямар гэр бүлийг гурамсалж гөрсөн суртай зүйрлэж болох вэ?

5 Энэ бүлгийн гол зүйлийг хам сэдэвтэй нь авч үзье. «Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр болой. Тэгвэл тэд ажил үйлсээ сайнаар эргүүлэх болно. Хэрэв тэд хамтдаа ойчих аваас нэг нь нөхрөө босгоно. Харин ганцаар байгч унахын цагт түүнийг босгох хүн үгүй тул хөөрхийлөлтэй. Түүнчлэн хэрэв хоёулаа хамтдаа хэвтэх аваас дулаахан байдаг бол харин ганцаараа хэрхэн дулаацах билээ? Гоонь хүнийг хэн нэгэн нь дийлж чадах бөгөөд хоёул байх аваас түүнийг няцааж чадна. Гурамсалж гөрсөн сур тийм ч амар тасардаггүй» гэжээ (Номлогчийн үгс 4:9–12).

6 Уг нь, энд найз нөхөртэй байхын ач тусыг онцолжээ. Хүний хань хамгийн дотнын найз нь байдаг. Нөхөр эхнэр хоёр бие биедээ тус дэм, өмөг түшиг болж, нэг нэгнийхээ сэтгэл санааг дэмжиж амьдардаг. Гэхдээ нөхөр эхнэр хоёрын харьцааг улам бэхжүүлдэг нэг зүйл бий. Хоёроор гөрсөн сур тасрахдаа амархан байдаг бол гурамсалж гөрсөн сур тийм ч амар тасардаггүйг дээрх зүйлд тэмдэглэжээ. Нөхөр эхнэр хоёрын хэн хэн нь Еховад таалагдахыг гол зорилгоо болгодог бол тийм гэр бүлийг гурамсалж гөрсөн суртай зүйрлэж болно. Тэдний амьдралд Ехова чухал байр суурь эзэлдэг бөгөөд гэр бүлийн харьцаа нь бат бөх байдаг.

7, 8. а) Бэлгийн хүсэлтэйгээ тэмцэж байгаа ганц бие христиануудад Паул юу гэж зөвлөсөн бэ? б) Гэрлэсэн хүмүүсийн талаар Библид юуг илэн далангүй бичсэн бэ?

7 Бас гэр бүлтэй болбол бэлгийн хэрэгцээг зүй ёсоор нь хангаж болдог. Хань ижилтэй хүн бэлгийн амьдралаас таашаал авах нь зүйн хэрэг (Сургаалт үгс 5:18). Бэлгийн дур хүсэл их хүчтэй байдаг идэр залуу үеэ өнгөрөөсөн ч гэсэн ганц бие хүн хуял тачаалтайгаа тэмцэх шаардлагатай байж болох юм. Тийм хүслээ хазаарлан, биеэ барьж байхгүй бол бузар юманд уруу татагдаж, зохисгүй юм хийж болзошгүй. Паул Бурхны ариун сүнсээр удирдуулан, ганц бие хүмүүст: «Биеэ захирч чадахгүй бол гэрлэ. ... Учир нь шатаж байснаас гэрлэх нь илүү дээр» гэж зөвлөжээ (1 Коринт 7:9; Иаков 1:15).

8 Ямар ч шалтгаантай байсан, гэр бүл болох асуудалд нухацтай хандах хэрэгтэй. Паулын бичсэнээр, гэрлэсэн хүн «махан биедээ зовлонтой болдог» (1 Коринт 7:28). Учир нь гэр бүлтэй хүнд ганц бие хүмүүст тулгардаггүй бэрхшээл тулгардаг. Тэгвэл гэр бүлтэй болохыг хүсдэг хүн аль болох бага зовж, сайхан амьдрахын тулд яах хэрэгтэй вэ? Нэг арга нь ханиа зөв сонгох явдал юм.

ИРЭЭДҮЙН ХАНИА ЯАЖ СОНГОХ ВЭ?

9, 10. а) Итгэгч бус хүнтэй дотно харьцаа тогтоохын аюулаас сэрэмжлүүлэн Паул ямар жишээ татсан бэ? б) Бурхны зөвлөгөөг үл тоомсорлон, итгэгч бус хүнтэй гэрлэх нь ямар аюултай вэ?

9 Ариун сүнсээр удирдуулсан элч Паул: «Үл итгэгчдийн хамт нэг буулганд бүү орогтун» гэж бичсэн нь ирээдүйн ханиа сонгохдоо баримталбал зохих зарчим юм (2 Коринт 6:14). Тэрбээр хөдөө аж ахуйн сэдэвтэй жишээ татжээ. Хүч чадал, бие цогцын хувьд эрс ялгаатай хоёр өөр малыг нэг буулганд оруулбал хоёулаа зовдог. Үүнтэй адилаар, итгэгч хүн үл итгэгч хүнтэй нэг буулганд орох буюу гэр бүл болбол зөрчил гарах нь гарцаагүй. Нэг нь Еховагийн хайран дотор өөрийгөө сахихыг хүсдэг байхад нөгөө нь энэ тухай огтхон ч бодохгүй явдаг учир амьдралынх нь зорилго зөрчилдөж, улмаар харьцаанд нь ан цав гарах аюултай. Тиймээс Паул «зөвхөн Эзэн дотор» гэрлэхийг христиануудад зөвлөжээ (1 Коринт 7:39).

10 Зарим христиан ганцаардан ганьхарч явснаас итгэгч бус хүнтэй ханилсан нь дээр гэж боддог. Зарим нь бүр, Библийн зөвлөгөөг үл тоомсорлон, Еховад үйлчилдэггүй хүнтэй гэрлэдэг. Гэвч энэ алхам гашуун үр дүнд хүргэх нь олонтаа. Тэд ханьтай болсон хэдий ч, амьдралынхаа хамгийн чухал зүйлийг хуваалцаж чадахгүй, урьдынхаас ч илүү ганцаарддаг. Гэхдээ олон мянган ганц бие христиан гэр бүлийн асуудлаарх Бурхны зөвлөгөөг хүлээн авч, үнэнчээр сахидаг нь магтууштай (Дуулал 32:8). Тэд гэрлэх хүсэлтэй боловч итгэл нэгтнүүдийнхээ дундаас тохирох хүнийг олтлоо ганц бие явдаг.

11. Ирээдүйн ханиа ухаалгаар сонгохын тулд яах хэрэгтэй вэ? (114-р хуудасны хавсралтыг үзнэ үү).

11 Гэхдээ Еховад үйлчилдэг л бол хэн ч байсан, таарч тохирно гэж бүү бодоорой. Хэрэв та гэрлэхийг хүсдэг бол ааш зангийн хувьд тохирох, сүнслэг зорилго нэгтэй, Бурхныг тан шиг хайрладаг хүнийг сонгоорой. Энэ сэдвээр итгэмжит боолын анги ашигтай зөвлөгөө өгдөг бөгөөд тэдгээрийг Бурханд залбирч байгаад эргэцүүлэн бодож, шийдвэр гаргахдаа удирдлага болгох нь зүйтэйa (Дуулал 119:105).

12. Олон оронд гэр бүл болох ямар уламжлал байдаг вэ? Библид хэний жишээ байдаг вэ?

12 Эцэг эхчүүд ирээдүйн хүргэн, бэрээ сонгодог уламжлал олон оронд байдаг. Эцэг эх хүн ухаан сууж, туршлага хуримтлуулсан байдаг учир хүүхдийнхээ хань ижлийг зөв сонгож чаддаг гэж тэд үздэг ажээ. Ер нь, ийм аргаар гэр бүл болох нь ихэнхдээ бүтэмжтэй байдаг. Бурхны эртний үйлчлэгчид ч энэ аргыг хэрэглэдэг байсан. Жишээ нь, Абрахам хүү Исаактаа эхнэр олуулахаар зарцаа явуулж байснаас нь хүргэн, бэрээ сонгодог уламжлалтай оронд амьдардаг христиан эцэг эхчүүд санаа авууштай. Абрахам хүүдээ нэр цуутай, бэл бэнчин сайтай айлын охин хайгаагүй. Гол нь, Еховаг шүтдэг хүмүүсийн дундаас л тохирох бүсгүй олох гэж их хичээсэнb (Эхлэл 24:3, 67).

НАДАД ЯМАР ХҮН ТОХИРОХ ВЭ?

Библийн зарчим: «Хоёулаа нэг бие махбод болдог» (Матай 19:5).

Дараах асуултыг бодож үзнэ үү

  • Гэр бүл болоход насанд хүрч, бие гүйцсэн байх нь яагаад чухал бэ? (1 Коринт 13:11; Матай 19:4, 5).

  • Би гэрлэх насанд хүрсэн ч гэсэн нэг хэсэгтээ ганц бие байвал ямар ашигтай вэ? (1 Коринт 7:32–35).

  • Гэрлэхээр шийдвэл Еховад үнэнч гэдгээ баталсан хүнийг сонгох нь яагаад чухал бэ? (1 Коринт 7:39).

  • Ирээдүйн ханиа сонгоход нь христиан эмэгтэйд дараах зүйлүүд хэрхэн туслах вэ? (Дуулал 119:97; 1 Тимот 3:1–7).

  • Ирээдүйн эхнэрээ сонгоход нь христиан эрэгтэйд Сургаалт үгс 31:10–31 хэрхэн туслах вэ?

ӨӨРИЙГӨӨ БЭЛДЭХ НЬ

13–15. а) Сургаалт үгс 24:27-гийн зарчим эхнэртэй болохыг хүсдэг хүнд ямар ач тустай вэ? б) Хань нөхөртэй болохыг хүсдэг эмэгтэй өөрийгөө хэрхэн бэлдэх вэ?

13 Хэрэв та гэрлэх чин хүсэлтэй бол үнэхээр бэлэн эсэхээ бодох хэрэгтэй. Гэр бүл болох нь хайр сэтгэлтэй учран, хань ижилтэй болж, бэлгийн хэрэгцээгээ ханган, үр хүүхэд төрүүлэх төдий хэрэг биш ээ. Нөхөр, эхнэр болбол хариуцлагатай үүрэг хүлээнэ гэдгээ ухамсарлах хэрэгтэй.

14 Эхнэр авахыг хүсдэг хүн «Байшин барихаасаа өмнө гаднах ажлаа цэгцэлж, хээр талд буй юмсаа бэлэн болго» гэсэн зарчмыг нухацтай бодох хэрэгтэй (Сургаалт үгс 24:27). Энэ зарчмын гол санаа юу вэ? Эрт цагт эр хүн «байшин барих» буюу эхнэр авч гэр бүлтэй болохыг хүсвэл: «Эхнэрээ тэжээж, халамжлахад бэлэн үү? Үр хүүхэдтэй болбол, өсгөн хүмүүжүүлж чадах уу?» гэдгээ бодох ёстой байв. Эр нөхрийн үүргээ биелүүлэхийн тулд юуны түрүүнд, «хээр тал» буюу талбайдаа ажилладаг байжээ. Энэ зарчим өнөөдөр ч хуучраагүй байна. Гэр бүлтэй болохыг хүсдэг хүн хариуцлага хүлээхэд бэлэн байх учиртай. Ажил хөдөлмөр эрхлэх чадвартай байгаа цагтаа ажил хийх ёстой. Гэр бүлийнхээ бие махбод, сэтгэл санаа, сүнслэг хэрэгцээг хангадаггүй хүнийг итгэгч бус хүнээс ч бүр дор юм гэж Библид бичсэн байдаг (1 Тимот 5:8).

15 Эмэгтэй хүн ч мөн адил, хань нөхөртэй болохоор шийдвэл тодорхой үүрэг хүлээхээ зөвшөөрч байна гэсэн үг. Эр нөхөртөө тусалж, ар гэрээ авч явахад нь тустай, эхнэр хүнд байх ёстой ур чадвар, зан чанарыг Библид бичсэн байдаг (Сургаалт үгс 31:10–31). Үүрэг хариуцлага хүлээх бэлтгэлээ хангаагүй хэр нь яаран гэр бүл болох нь ханиа халамжлан анхаарахыг бодоогүй, хувиа хичээсэн хэрэг болно. Гэр бүлтэй болохыг хүсдэг хэн боловч, гол нь, Библийн зарчмыг амьдралд хэрэгжүүлэх чадвартай байх хэрэгтэй.

16, 17. Гэрлэхээр бэлдэж байгаа бол Библийн ямар ямар зарчмыг эргэцүүлэн бодох хэрэгтэй вэ?

16 Гэр бүл болох бэлтгэлээ хангах нэг алхам бол Бурхан нөхөр эхнэрүүдэд ямар үүрэг оноосныг эргэцүүлэн бодох явдал юм. Тухайлбал, христиан эрэгтэй, өрхийн тэргүүн хүн ямар байх ёстойг мэдэх учиртай. Өрхийн тэргүүн байх гэдэг нь хатуу ширүүн захирагч байна гэсэн үг биш ээ. Харин ч тэргүүний эрхээ эдлэхдээ Есүсийг дуурайна гэсэн үг (Ефес 5:23). Түүнчлэн, христиан эмэгтэй, эхнэр хүн ямар үүрэг хүлээдгийг ойлгох хэрэгтэй. Та нөхрөө тэргүүн гэж дуртайяа хүлээн зөвшөөрөх үү? (1 Коринт 11:3). Христиан эмэгтэй Бурхан болон Христийн хуульд захирагддаг (Галат 6:2). Хэрэв нөхөртэй болбол тэр хүний «хуульд» бас захирагдах хэрэгтэй болно. Тэгвэл төгс бус хүний эрх мэдлийг хүндэтгэн, дуулгавартай байж, захирагдаж чадах уу гэсэн асуулт зайлшгүй гарна. Чадмааргүй санагдвал ганц бие байсан нь дээр.

17 Бас гэр бүлтэй хүн ханийнхаа хэрэгцээ шаардлагыг анхаарах үүрэгтэй (Филиппой 2:4). Паул: «Та нарын хүн бүхэн өөрийгөө хайрлах шиг эхнэрээ хайрлах ёстой. Мөн эхнэр нь нөхрөө хүндэтгэх ёстой» гэж зөвлөжээ. Эр хүнд эхнэрийнх нь гүн хүндэтгэл, эмэгтэй хүнд эр нөхрийнх нь хайр халамж зайлшгүй хэрэгтэй байдгийг ийнхүү бичжээ (Ефес 5:21–33, ШГ).

Үерхдэг христианууд бие биетэйгээ уулзахдаа бараа болох хүн байлгах нь ухаалаг хэрэг

18. Хүнтэй үерхэхдээ биеэ барьдаг байх хэрэгтэйн учир юу вэ?

18 Тэгэхлээр, хүнтэй үерхэнэ гэдэг бол зүгээр нэг зугаацахын нэр бус, бие биетэйгээ дотно танилцан, ааш зангаа мэдэлцэж, хоёр биедээ тохирох эсэхээ мэдэх хариуцлагатай үе юм. Үерхдэг хүмүүс бие биедээ татагддаг учир нэг нэгнээ энхрийлэн янаглах хүсэл их хүчтэй төрж магадгүй. Тиймээс бас биеэ барьж сурах хэрэгтэй. Бие биедээ үнэхээр хайртай бол хэн хэнийхээ сүнслэг байдалд аюул учруулах ямар ч зүйлийг хийхгүй (1 Тесалоник 4:3–7). Тиймээс та үерхдэг хүнтэй бол биеэ захирч байгаарай. Энэ чадвар гэр бүлтэй болох ч бай, үгүй ч бай, насан туршид тань хэрэг болно.

НАСАН ТУРШДАА ХАНИЛАХ НЬ

19, 20. Гэр бүлийн талаарх христиан хүний ойлголт хүмүүсийн нийтлэг ойлголтоос ямар ялгаатай вэ? Жишээгээр тайлбарлана уу.

19 Насан туршдаа ханилахын тулд ханьдаа үнэнч байх шийдвэр төгс байх ёстой. Ном зохиол, кино жүжгийн үйл явдал нь сэтгэлтэй хосуудыг гэр бүл болж байгаагаар төгсдөг. Гэтэл үнэндээ энэ нь хамтын амьдралын төдийгүй Еховагийн үүрд мөнх байлгахаар санаачилсан байгууламжийн эхлэл юм (Эхлэл 2:24). Үүнийг ихэнх хүн өөрөөр ойлгодог нь харамсалтай. Зарим газар гэр бүл болохыг хоёр уяаг холбож зангидахтай зүйрлэж ярьдаг аж. Энэ зүйрлэл нь тэдний нийтлэг ойлголтыг харуулдгийг анзаардаггүй ч байж болох юм. Уяаг чанга зангидахыг гэр бүл болохтой, хэрэг гарвал амархан тайлж болохыг гэр бүлээсээ салахтай адилтгасан гэлтэй.

20 Өнөөдөр олон хүн гэр бүлийг үүрдийнх биш, зуурдынх гэж үздэг. Хүмүүс, нэг талаас, бие махбод, сэтгэл санааныхаа хэрэгцээг хангана гэж найдаад, нөгөө талаас, бэрхшээл тулгармагц салж болно гэж бодоод яаран гэр бүл болдог. Гэхдээ Библид дотно нөхөрлөлийг, ялангуяа, нөхөр эхнэрийн харьцааг суртай зүйрлэсэн байдаг. Сонирхолтой нь, Номлогчийн үгс 4:12-т «сур» гэж орчуулсан еврей үг нь «олс» гэсэн үг ажээ. Усан онгоцны олс ширүүн шуурганд ч эрч нь харьж тасардаггүй, бат бөх байх ёстой аж. Үүнтэй адилаар, гэр бүл ч гэсэн бат бөх байх учиртай. Есүс: «Бурхны хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг» гэж хэлсэн билээ (Матай 19:6). Хэрэв та гэрлэхийг хүсдэг бол ийм үзэл бодолтой байх хэрэгтэй. Гэхдээ гэр бүлтэй байх нь дааж давшгүй хүнд юм биш ээ.

21. Ханьдаа яаж хандах хэрэгтэй вэ? Хэний жишээг дуурайх хэрэгтэй вэ?

21 Гэр бүлтэй хүн ханьдаа зөв хандах буюу сайн талыг нь харж, хичээл зүтгэлийг нь үнэлдэг байх хэрэгтэй. Тэгвэл гэр бүл аз жаргалын эх булаг болно. Төгс бус хүний сайн талыг үргэлж харна гэхлээр амьдралаас тасархай юм шиг санагдаж магадгүй. Тэгвэл Ехова төгс Бурхан атлаа төгс бус бидний сайн талыг олж хардаг шүү дээ. Дуулалч: «ЭЗЭН, хэрэв Та гэм бурууг тэмдэглэвээс, өө, ЭЗЭН, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ?» гэж хэлсэн байдаг (Дуулал 130:3). Тэгэхлээр, нөхөр эхнэр хоёр Еховаг дуурайн, ханийнхаа сайн талыг харж, сул талыг нь уучилж өршөөж байх ёстой (Колоссай 3:13).

22, 23. Абрахам Сара хоёр нөхөр эхнэрүүдэд ямар жишээ үзүүлсэн бэ?

22 Нөхөр эхнэр хоёр амьдралын хатуу хүтүүг хамтдаа давахын хэрээр илүү аз жаргалтай болдог. Библид олон жил ханилан суусан Абрахам Сара хоёрын жишээ байдаг. Тэдэнд олон саад бэрхшээл тохиолдож байжээ. Тухайлбал, Сара 60 гарсан хойноо цэцэглэн хөгжсөн Ур хотоос гарч, тав тухтай гэр орноо орхин, үлдсэн амьдралаа майханд сууж өнгөрөөх болоход ямар байсныг төсөөлөөд үз дээ. Гэсэн ч тэрбээр нөхөртөө захирагдаж, туслагч нь байх үүргээ ухамсарлан, Абрахамын гаргасан шийдвэрийг дэмждэг байсан. Сара сэтгэл «дотроо» ч нөхрөө эзэн хэмээн боддог байсан. Тэгэхлээр, нөхөртөө чин сэтгэлээсээ захирагддаг эмэгтэй байжээ (Эхлэл 18:12; 1 Петр 3:6). Эр нөхрөө гүнээ хүндэтгэхийн сайхан жишээ биш гэж үү?

23 Гэхдээ Абрахам Сара хоёр үргэлж санал нэг байсан гэсэн үг биш ээ. Нэгэн удаа Сара «Абрахамыг ихэд зовоосон» үг хэлдэг. Гэвч Абрахам Еховагийн тушааснаар, эхнэрийнхээ саналыг даруухнаар хүлээн авч, эцэст нь, гэр бүлээрээ их ивээл хүртсэн (Эхлэл 21:9–13). Шинэхэн хосуудад ч, ханилж суугаад олон жилийн нүүрийг үзэж байгаа нөхөр эхнэрүүдэд ч Бурханд үнэнч Абрахам Сара хоёрын жишээ их сургамжтай.

24. Ямар гэр бүл Ехова Бурхныг алдаршуулдаг вэ? Яагаад?

24 Нөхөр нь эхнэрээ хайрладаг, эхнэр нь нөхрөө хүндэтгэдэг, амьдралынхаа бүх хүрээнд Еховагийн хүсэл тааллыг эн тэргүүнд тавихыг хичээдэг сайхан гэр бүл христиануудын дунд олон бий. Хэрэв та гэрлэхийг хүсэж байгаа бол ирээдүйн ханиа ухаалгаар сонгон, өөрийгөө сайн бэлдэж, Ехова Бурхныг алдаршуулах, амар тайван, хайр бялхсан гэр бүл зохиох зорилго тавиарай. Тийм гэр бүлтэй хүн Бурхны хайран дотор өөрийгөө сахиж чадна.

a «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2001 оны 5-р сарын 1-ний дугаарын 15–18-р хуудаснаас «Амьдралын ханиа сонгоход Бурхны удирдлага» гэсэн гарчигтай өгүүллийг үзнэ үү.

b Эрт цагт Бурхны үйлчлэгчдийн дунд олон эхнэртэй хүмүүс байжээ. Ехова эртний үйлчлэгчдэдээ болон израильчуудад олон эхнэртэй байхыг нь зөвшөөрдөг байсан. Бурхан гэр бүлийн ийм хэлбэрийг санаачлаагүй боловч ийм гэр бүлийг зохицуулах арга хэмжээ авсан байв. Гэхдээ одоо зөвшөөрдөггүйг нь христианууд ойлгодог (Матай 19:9; 1 Тимот 3:2).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах