БҮЛЭГ 9
«Садар самуун явдлаас зугтан явагтун»
«Та нар газар дээрх эрхтнүүдийг үхүүл. Энэ нь садар самуун, бузар байдал, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал юм» (КОЛОССАЙ 3:5).
1, 2. Балаам Еховагийн ард түмнийг хорлох зорилгоор юу сэдсэн бэ?
ЗАГАСЧИН загас барихаар дуртай газартаа очжээ. Яг ямар загас барихаа ч бодсон байлаа. Өөшөө сонгож, дэгээндээ хатгаад, дэгээгээ усанд хаялаа. Хэдэн хормын дараа уурга нь татагдаж хотойход утсыг нь эргүүлж хураалаа. Загасчны нүүрэнд инээмсэглэл тодорч, зөв өөш сонгосондоо баяртай байв.
2 Энэ жишээ МЭӨ 1473 онд болсон нэгэн явдлыг сануулах байх. Балаам гэгч хүн, Амласан газрын наана орших Моабын талд буудаллаад байсан Бурхны ард түмнийг ямар өөшөөр урхидахаа бодож байлаа. Балаам өөрийгөө Еховагийн зөнч гэдэг боловч, үнэндээ, шан харамж горьдон израильчуудад хараал хийхийг оролдсон шунахай хүн байжээ. Ехова Балаамд саад хийсэн тул тэрбээр израильчуудыг хараах бус, харин ч ерөөж орхижээ. Гэхдээ шунахай сэтгэлдээ дийлдсэн тэрбээр ард түмэн нь ноцтой нүгэл үйлдвэл Бурхан өөрөө тэднийг хараана гэж бодож байлаа. Тийм учраас моаб охид бүсгүйчүүдийг өөш болгон сонгожээ (Тооллого 22:1–7; 31:15, 16; Илчлэлт 2:14).
3. Балаамын сэдсэн төлөвлөгөө хэр зэрэг үр дүнтэй байсан бэ?
3 Энэ арга нь үр дүнд хүрсэн үү? Тодорхой хэмжээгээр үр дүнд хүрчээ. Олон мянган израиль эрэгтэй Балаамын тавьсан урхинд орж, «Моабын охидтой завхайрав». Түүгээр зогсохгүй, моабчуудын бурхдыг, тэр дундаа, Пеорын Баал гэдэг үржил шим болон сексийн бурхныг шүтдэг болсон. Үүний гайгаар Амласан газар руу ордгийн даваан дээр 24000 хүн амиа алджээ. Ямар эмгэнэлтэй явдал бэ! (Тооллого 25:1–9).
4. Олон мянган израиль хүн ямар учраас садар самуун явдлын урхинд орсон бэ?
4 Израильчууд юунаас болж ийм гай гамшиг үзэв ээ? Тэдний олонх нь өөрсдийг нь Египетээс чөлөөлж, цөлд байхад нь тэжээж, Амласан газрын хил хүртэл аюулгүй хөтөлж ирсэн Еховагаас хөндийрч, бузар зүрхтэй болсноос тэр ажээ (Еврей 3:12). Элч Паул энэ явдлын талаар: «Тэдний адил бид садар самууныг үйлдэхгүй байцгаая. Учир нь тэдний зарим нь садарлаж, ганцхан өдөр хорин гурван мянган хүн үхсэн юм» гэж бичжээa (1 Коринт 10:8).
5, 6. Моабын талд нүгэл үйлдсэн израильчуудаас бид ямар сургамж авч болох вэ?
5 «Тооллого» номд тэмдэглэсэн энэ үйл явдал, израильчуудад амласнаас ч илүү агуу газрын босгон дээр зогсож байгаа Бурхны орчин үеийн үйлчлэгчдэд олон талын сургамжтай (1 Коринт 10:11). Өнөөдөр дэлхий даяар олон хүн эртний моабчуудтай адил хормойн донтой болжээ. Бас жил бүр олон мянган христиан, израильчуудын алдааг давтаж, садар самуун явдлын урхинд ордог (2 Коринт 2:11). Бурхны ард түмэнтэй нэгдсэн хүмүүсийн дунд, Израилийн хуаран дахь майхандаа мидиан эмэгтэйг дагуулж ирсэн Зимри шиг муу нөлөөтэй хүмүүс мэр сэр байдаг (Тооллого 25:6, 14; Иуда 4).
6 Та өөрийгөө орчин үеийн Моабын талд байгаагаар бодож, хүсэн хүлээсэн шагналаа тун удахгүй авч, шинэ ертөнцөд орно гэж төсөөлдөг үү? Тэгдэг бол, «Садар самуун явдлаас зугтан явагтун» гэсэн тушаалыг биелүүлэн, Бурхны хайран дотор байхын тулд чадах бүхнээ хийгээрэй (1 Коринт 6:18).
Моабын тал...
САДАР САМУУН ГЭЖ ЮУ ВЭ?
7, 8. «Садар самуун» гэж юу вэ? Садар самуун үйлддэг хүн ямар хохирол амсдаг вэ?
7 «Садар самуун» гэж орчуулдаг порнея гэдэг грек үгээр Библийн шаардлага хангасан нөхөр эхнэр хоёрын бэлгийн харьцаанаас бусад бүх бэлгийн харьцааг хэлдэг. Үүнд: завхайрах, биеэ үнэлэх, гэр бүлгүй хүмүүсийн бэлгийн харьцаа, ханиасаа өөр хүнтэй ам болон хошногоор секс хийх, бэлэг эрхтнийг нь илж таалах зэргийг дурдаж болно. Мөн ижил хүйстнүүдийн бэлгийн харьцаа, малтай хурьцах гэх мэтийг хамруулдаг.b
8 Садар самуун үйлддэг хүн христиан хуралд байх эрхгүй бөгөөд мөнх амийг өвлөхгүй гэдгийг Библи тодорхой хэлдэг (1 Коринт 6:9; Илчлэлт 22:15). Тийм хүмүүс бусдын итгэлийг алдах, өөрийгөө хүндэтгэхээ болих, гэр бүлдээ маргаан дэгдээх, өөрийгөө буруутган шаналах гэх зэргээр одоо ч хохирол амсдаг. Бас хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчин, бүр цаашлаад, амь насаа алдах гэх мэтийн аюулд өртдөг (Галат 6:7, 8). Хүмүүс ийм их зовлонд унагадаг буруу замаар ордгийн учир юу вэ? Буруу замаар уруудах анхны алхмыг хийхдээ эцэстээ юунд хүрэхийг боддоггүй. Тэр алхам нь ихэнхдээ порно үзэхээс эхэлдэг.
АНХНЫ АЛХАМ БУЮУ ПОРНО ҮЗЭХ
9. Порно материал нь зарим хүний боддог шиг аюулгүй зүйл мөн үү? Тайлбарлана уу.
9 Өнөөдөр олон оронд порно материалыг сонин хэвлэл, телевизийн нэвтрүүлэг, дуу хөгжмөөр сурталчилж, Интернетээр нууж хаалгүй цацдаг болжээ.c Зарим хүн порно материалыг хал балгүй гэж боддог ч үнэндээ их аюултай. Порно үздэг хүн гар хангалга хийж зурших, «гутамшигт хүсэл тачаалд» автах, сексийн дон, гаж хүсэлтэй болох, гэр бүлийнхээ харьцаанд ан цав суулгах, улмаар хань ижлээсээ салах аюулд өртдөгd (Ром 1:24–27; Ефес 4:19). Нэгэн судлаачийн хэлснээр, сексийн дон нь «зогсолтгүй өсөж, үсэрхийлдэг, өөрөө алга болдоггүй, эмчлэхэд ихээхэн ярвигтай» хорт хавдар шиг өвчин ажээ.
Интернетэд холбогддог гэрийн компьютерээ хүний нүдэнд ил газар тавих нь ухаалаг арга юм
10. Иаков 1:14, 15-д бичсэн тайлбарыг ойлгодог хүн ямар ямар алхам хийдэг вэ? (101-р хуудасны хавсралтыг үзнэ үү).
10 Иаков 1:14, 15-д: «Хүсэл тачаалдаа автаж, уруу татагдах үедээ хүн бүр соригддог. Тэгээд хүсэл тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг. Нүгэл нь биеллээ олохлоороо үхлийг авчирдаг» гэж байдаг. Тиймээс муу хүсэл төрмөгц ангижрахын тулд тэр дор нь арга хэмжээ авах хэрэгтэй. Жишээ нь, хуял тачаал төрүүлэх юмыг санамсаргүй харчихлаа гэхэд шууд харц буруулах юм уу компьютерээ унтраах, эсвэл зурагтынхаа сувгийг солих хэрэгтэй. Хүсэл тачаалдаа дийлдэн, биеэ барих сөхөөгүй болохоосоо өмнө шаардлагатай бүх алхмыг хийгээрэй (Матай 5:29, 30).
11. Еховад найддагаа нүгэлт хүсэлтэйгээ тэмцэхдээ хэрхэн харуулж болох вэ?
11 Тэгэхлээр, биднийг өөрсдөөс маань илүү сайн мэддэг Бурхан: «Та нар газар дээрх эрхтнүүдийг үхүүл. Энэ нь садар самуун, бузар байдал, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал юм» гэж уриалдаг нь их учиртай байгаа биз (Колоссай 3:5). Энэ уриалгыг биелүүлэх нь их амаргүй байж болох ч бидэнд тэвчээртэй хандан, хайрлан халамжилдаг тэнгэрийн Эцгээсээ тусламж гуйх боломжтой гэдгийг санаж яваарай (Дуулал 68:19). Тиймээс нүгэлт хүсэл төрмөгц Бурханд залбираарай. «Хэрээс хэтэрсэн хүч» өгөхийг гуйхын зэрэгцээ, анхаарлаа өөр зүйлд төвлөрүүлэх хэрэгтэй (2 Коринт 4:7, ШЕ; 1 Коринт 9:27; мөн 104-р хуудсанд байгаа «Муу зуршлаасаа яаж салах вэ?» гэдэг хавсралтыг үзнэ үү).
12. «Зүрх» гэж юу вэ? Хамгаалах ёстойн учир юу вэ?
12 Мэргэн ухаант Соломон: «Юуны түрүүнд зүрхээ хамгаал. Учир нь түүнээс амийн булгууд ундран гардаг» гэж бичсэн (Сургаалт үгс 4:23). «Зүрх» гэдэг нь бидний дотор хүн бөгөөд Бурхны хамгийн ихээр онцолж хардаг зүйл юм. Мөнх амьтай болох эсэх маань бусдад ямар харагдахаас бус, Бурхан «зүрхийг» маань хэрхэн үнэлэхээс шалтгаална. Энэ бол их энгийн боловч туйлын чухал асуудал мөн. Бурхны үнэнч үйлчлэгч Иов эмэгтэй хүнийг тачаадан харахгүйн тулд нүдтэйгээ гэрээ хийсэн билээ (Иов 31:1). Үнэхээр сайхан жишээ байгаа биз? Иов шиг бодолтой нэгэн дуулалч: «Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүлээч» хэмээн залбирсан байдаг (Дуулал 119:37).
ДИНА НАЙЗ НӨХДӨӨ БУРУУ СОНГОСОН НЬ
13. Дина гэж ямар хүн байсан бэ? Ямар хүмүүстэй нөхөрлөсөн бэ? Энэ нь яагаад буруу байсан бэ?
13 Найз нөхөд хүнд сайнаар ч, муугаар ч нөлөөлдгийг бид 3-р бүлэгт ярилцсан (Сургаалт үгс 13:20; 1 Коринт 15:33). Бурхны эртний үйлчлэгч Иаковын охин Динаг санацгаая (Эхлэл 34:1). Эцэг эх нь түүнийг сайн хүмүүжүүлсэн боловч тэрбээр найз нөхдөө буруу сонгож, канаан нутгийн охидтой үерхэх болжээ. Канаанчууд бол моабчууд шиг садар явдлаараа зартай хүмүүс байв (Левит 18:6–25). Эцгийнхээ гэрт «хамгийн хүндтэйд» тооцогддог Шехем хүртэл бусад канаан эрчүүдийн адилаар Динаг хялбар олдох олз гэж үзэж байжээ (Эхлэл 34:18, 19).
14. Дина найз нөхдөө буруу сонгосон нь ямар үр дагаварт хүргэсэн бэ?
14 Дина Шехемтэй танилцахдаа садар самуун үйлдэнэ гэж санаагүй биз ээ. Харин Шехем, ихэнх канаанчуудын дур тачаалдаа автсан үедээ хийдэг тэр л зүйлийг хийсэн. Тэр мөчид Дина яаж ч эсэргүүцээд дийлээгүй. Шехем түүнийг «авчирж хүчирхийлэн бузарлав». Хожим нь Шехем Динад хайртай болсон гэдэг ч ингэлээ гээд бузар хэргийг нь цайруулах аргагүй байсан (Эхлэл 34:1–4). Энэ явдлаас болж зовсон хүн нь ганц Дина биш байлаа. Найз нөхдөө буруу сонгосных нь гайгаар ар гэрийнхнийг нь ичгүүр, шившиг болгосон олон үйл явдал ар араасаа өрнөсөн (Эхлэл 34:7, 25–31; Галат 6:7, 8).
15, 16. Яавал мэргэн ухаантай болох вэ? (109-р хуудасны хавсралтыг үзнэ үү).
15 Дина гашуун зовлон үзэж байж сургамж авсан. Харин Еховаг хайрлаж, дуулгавартай байдаг хүн алдаж эндэхгүйгээр сургамж авдаг бөгөөд «мэргэн хүмүүстэй хамт явдаг» (Сургаалт үгс 13:20а). Тийм хүн «сайн сайхан зам болгоныг» ухааран, өөртөө зовлон хураадаггүй (Сургаалт үгс 2:6–9; Дуулал 1:1–3).
16 Бурхны мэргэн ухаанд суралцахыг хүсэн, тэр хүслээ биелүүлэхийн тулд шаргуу залбирч, Бурхны Үг болон итгэмжит боолын ангиас гаргадаг хэвлэлийг тогтмол судалдаг хэн боловч үнэхээр мэргэн ухаантай болдог (Матай 24:45; Иаков 1:5). Бас даруу байх нь чухал. Тэгж байж Библийн зөвлөгөөг хүлээн авч, хэрэгжүүлж чадна (Хаадын дэд 22:18, 19). Зүрх бол хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй гэдгийг бид мэддэг (Иеремиа 17:9). Тэгвэл бусдыг зөвлөгөө өгөхөд нь хүлээж аваад, хэрэгжүүлдэг тийм даруу хүн үнэхээр мөн үү гэдгээ бодож үзээрэй.
17. Христиан гэр бүлд ямар нөхцөл үүсэж болох вэ? Та аав нь байсан бол охиндоо яаж тайлбарлах байсан бэ?
17 Нэг жишээ татъя. Гэрч эцэг охиноо бараа болох өөр хүнгүйгээр христиан найз залуутайгаа хоёулхнаа уулзахыг нь зөвшөөрөхгүй байлаа гэж бодъё. Тэгтэл охин нь: «Аав аа, та надад итгэхгүй байгаа юм уу? Бид ямар ч буруу юм хийхгүй дээ!» гэж хэлжээ. Охин Еховаг хайрладаг, хууль тушаалыг нь зөрчихийг хүсдэггүй байх л даа. Гэвч Бурхны нүдэнд үнэхээр «мэргэн» харагдах уу? «Садар самуун явдлаас зугтаж» байна гэж үү? Эсвэл «зүрхэндээ итгэн» мунхаглаж байна уу? (Сургаалт үгс 28:26). Энэ асуудлыг эргэцүүлэн бодоход нь аав охин хоёрт туслахын тулд та Библийн ямар ямар зарчмыг тайлбарлах байсан бэ? (Сургаалт үгс 22:3; Матай 6:13; 26:41-ийг үзнэ үү).
ИОСЕФ САДАР САМУУНААС ЗУГТСАН
18, 19. Иосефт ямар сорилт тулгарсан бэ? Хэрхэн даван туулсан бэ?
18 Бурхныг хайрлаж, садар самуунаас зугтсан нэг залуу бол Динатай эцэг нэгтэй дүү нь болох Иосеф юм (Эхлэл 30:20–24). Эгчийнх нь хийсэн гоомой алхам ямар уршиг тарьсныг тэрбээр хүүхэд байхдаа үзсэн. Иосеф энэ явдлын талаар мэддэг төдийгүй Бурхны хайран дотор байхыг хүсдэг байсан учир хожим нь Египетэд эзнийх нь эхнэр «өдөр бүр» садар самуунд уруу татахад, ятгалгад нь автаагүй юм. Тэрбээр боол байсан тул санаан зоргоор ажлаа орхих аргагүй байлаа. Тиймээс энэ асуудлыг их ухаалаг, зоримог шийдэх хэрэгтэй болжээ. Иосеф Потифарын эхнэрт үгүй гэдгээ олон удаа хэлсэн бөгөөд эцсийн эцэст зугтсан! (Эхлэл 39:7–12).
19 Хэрэв Иосеф тэр эмэгтэйг юм уу эсвэл сексийн тухай байнга боддог байсан бол Бурханд үнэнч үлдэж чадах байсан гэж үү? Юу л бол. Тэрбээр зүрхэндээ нүгэлт хүсэл хуруулдаггүй, Бурхантай тогтоосон харьцаагаа үнэлдэг хүн байв. Энэ нь Потифарын эхнэрт: «Эзэн танаас бусад юуг ч надад хориглоогүй учир нь та бол түүний эхнэр. Би яаж ийм их муухай хэрэг үйлдэж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ?» гэж хэлснээс нь харагддаг (Эхлэл 39:8, 9).
20. Ехова Иосефын амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ?
20 Ар гэрээсээ алс хол байсан хэдий ч өөрт нь үргэлж үнэнч явсан залуу Иосефт Ехова хэчнээн их баярласан бол оо! (Сургаалт үгс 27:11). Хожим нь Ехова Иосефын амьдралд оролцсон учир тэрбээр шоронгоос гараад зогсохгүй Египетийн ерөнхий сайд, хоол хүнс хариуцдаг албан тушаалтан болсон билээ (Эхлэл 41:39–49). Дуулал 97:10-т: «Өөрийн бурханлаг [«үнэнч», ШЕ] хүмүүсийн сэтгэлийг хамгаалдаг ЭЗЭНийг хайрлагч та нар, бузар мууг үзэн яд. Тэр тэднийг хорон муу хүний гараас авардаг» гэж байдаг нь юутай үнэн бэ!
21. Африкт амьдардаг Гэрч залуу Бурханд хэрхэн үнэнч байсан бэ?
21 Өнөөдөр ч гэсэн Бурхны үйлчлэгчид «мууг үзэн ядаж, сайныг хайрладгаа» үйл хэргээрээ харуулдаг (Амос 5:15). Африкт амьдардаг нэг Гэрч залууд ангийнх нь охин математикийн шалгалт өгөхөд нь тусалбал түүнтэй унтана гэдгээ хэлжээ. «Би тэр саналыг огт хүлээж аваагүй. Би Бурхандаа үнэнч байсны ачаар нэр хүндээ хугалалгүй, өөрийгөө хүндэтгэх сэтгэлээ гээгээгүй» гэж өнөөх залуу дурсжээ. Нүгэл үйлдээд «цаг зуурын жаргал» эдэлж болох ч тийм хямдхан олдсон жаргал араасаа зовлон дагуулдаг (Еврей 11:25). Бас Еховад дуулгавартай байхын шагнал болох үүрдийн жаргалтай харьцуулахад юу ч биш шүү дээ (Сургаалт үгс 10:22).
ӨРШӨӨНГҮЙ БУРХНААС ТУСЛАМЖ АВАГТУН
22, 23. а) Христиан хүн ноцтой нүгэл үйлдвэл найдвар тасарлаа гэсэн үг үү? б) Хэнээс тусламж авч болох вэ?
22 Бид төгс бус учраас махан биеийнхээ хүслийг хазаарлах, бас Бурхны өмнө зөвийг үйлдэх гэж тэмцэх хэрэгтэй болдог (Ром 7:21–25). Ехова ч үүнийг ойлгож, «тоос шороо» гэдгийг маань санаж байдаг (Дуулал 103:14). Гэхдээ христиан хүн ноцтой нүгэл үйлдэж болзошгүй юм. Тэгвэл найдвар бүрмөсөн тасарлаа гэсэн үг үү? Үгүй ээ. Нүгэл үйлдсэн хүн Давид хаан шиг гашуун үр дагавар амсах нь гарцаагүй боловч нүглээ гэмшиж, «хүлээн зөвшөөрвөл» Бурхан «уучлахад бэлэн» байдаг (Дуулал 86:5; Иаков 5:16; Сургаалт үгс 28:13).
23 Түүнээс гадна, Бурхан христиан хуралд «хүн бэлгүүд» буюу сүнслэг хоньчдыг өгсөн. Тэд тусламж үзүүлэхийг хүсдэг төдийгүй тусалж чаддаг (Ефес 4:8, ШЕ, 12; Иаков 5:14, 15). Сүнслэг хоньчид нүгэл үйлдсэн хүнийг Бурхантай тогтоосон харьцаагаа сэргээж, дахин нүгэл үйлдэхгүй байх «ухааныг олж авахад» нь тусалдаг (Сургаалт үгс 15:32).
«УХААНЫГ ОЛЖ АВ»
24, 25. а) Сургаалт үгс 7:6–23-т гардаг залуугийн «ухаан муутай» нь юунаас харагддаг вэ? б) Яаж «ухааныг олж авах» вэ?
24 Библид «ухаан муутай» болон «ухааныг олж авдаг» хүний тухай бичсэн байдаг (Сургаалт үгс 7:7). Сүнслэгээр төлөвшөөгүй, Бурханд үйлчлэх туршлага дутуугийн улмаас «ухаан муутай» хүн ухаалаг шийдвэр гаргаж чадахгүй байж мэднэ. Сургаалт үгс 7:6–23-т гардаг залуугийн адилаар урхинд амархан орж, ноцтой нүгэл үйлдэж магадгүй юм. Харин Бурханд залбирч байгаад Үгийг нь тогтмол судлан, дотор хүнээ сайтар шалгадаг хүн «ухааныг олж авдаг». Төгс бус ч гэлээ, үзэл бодол, хүсэл эрмэлзэл, зүрх сэтгэл, зорилго төлөвлөгөөгөө Бурхны хүсэл таалалд чадах чинээгээрээ нийцүүлдэг учраас ивээл хүртэж, «сайныг олдог» (Сургаалт үгс 19:8).
25 Тиймээс дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «Би Бурхны тавьдаг шаардлагыг зөв гэдэгт бүрэн итгэдэг үү? Шаардлагыг нь сахин биелүүлбэл аз жаргалтай амьдарна гэдэгт бат итгэдэг үү?» (Дуулал 19:7–10; Исаиа 48:17, 18). Өчүүхэн ч болов эргэлзэж байвал шалгаж нягтлаарай. Бурхны хуулийг үл тоомсорлох нь ямар аюултайг эргэцүүлэн бодоорой. Бас «ЭЗЭН сайн гэдгийг амсаж үзэхийн» тулд Библийн үнэний дагуу амьдарч, үнэн, зөв, цэвэр ариун, сайхан, сайн зүйлийг бодож санаж яваарай (Дуулал 34:8; Филиппой 4:8, 9). Эдгээр алхмыг хийвэл Бурхныг улам их хайрладаг болж, эрхэмлэдэг зүйлийг нь эрхэмлэж, үзэн яддаг зүйлийг нь үзэн яддаг болно. Иосеф бидэн шиг л төгс бус хүн байсан. Гэхдээ «Ваарчин» Еховагаар олон жил заалган «хэлбэржсэнийхээ» ачаар Бурхнаа баярлуулах хүсэлтэй болж, «садар самуун явдлаас зугтаж» чадсан. Та ч бас чадна (Исаиа 64:8).
26. Дараагийн бүлгээс ямар чухал сэдэв үзэх вэ?
26 Бурхан хүнд бэлгэ эрхтэн заяасан нь гэр бүлийн амьдрал зохион, ханийн жаргал эдэлж, үр хүүхэд төрүүлээсэй гэж хүссэнийх ажээ (Сургаалт үгс 5:18). Бурхан гэр бүлийг хэрхэн үздэгийг дараагийн хоёр бүлгээс үзье.
a «Тооллого» номд 24000 хүн гэж бичихдээ Еховагийн шийтгэсэн хүмүүсээс гадна шүүгчдийн цаазалсан «ард түмний ... удирдагчдыг» оруулсан бололтой. Удирдагчид нь 1000 байсан болов уу (Тооллого 25:4, 5).
b «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2006 оны 7-р сарын 15-ны дугаарын «Уншигчдын асуулт» булангаас «бузар байдал», «тачаангуй байдлын» талаарх Библийн ойлголтыг дэлгэрүүлж үзнэ үү (англи). Еховагийн Гэрчүүдийн хэвлэл.
c Энд «порно материал» гэдгээр хүний хуял тачаалыг хөдөлгөх зорилготой зураг, үг болон дуу чимээгээр дүрсэлсэн бүх төрлийн эротик материалыг хэлсэн болно. Үүнд эротик дүр төрхийг илэрхийлсэн ганц хүний зургаас эхлээд хоёр болон түүнээс олон хүний бэлгийн харьцааг дүрслэн харуулсан бүх материал орно.
d Гар хангалгын талаар 218, 219-р хуудасны хавсралтыг үзнэ үү.