Дэлгэрүүлэх ажлын бүлгийн ач тусыг хүртэх нь
1. Дэлгэрүүлэх ажлын бүлэг ном судлалын хэсэгтэй юугаараа адилхан бэ?
1 Ном судлалын хэсгийн зарим онцлогийг та санадаг уу? Цөөхүүлээ, арай тухтай цугладаг байсан. Бие биетэйгээ дотносон нөхөрлөж, сүнслэг тусламж үзүүлэхэд илүү амар байсан (Сур. 18:24). Ном судлалын хэсгийн харгалзагч хүн бүрийн нөхцөл байдлыг мэдэж, хувьчлан санаа тавьж байсан (Сур. 27:23; 1 Петр 5:2, 3). Дэлгэрүүлэх ажлын бүлгээс бас тийм ач тус хүртэж болно.
2. Бүлгийнхээ хүмүүстэй дотносон нөхөрлөхийн тулд хэрхэн санаачилга гаргаж, бие биеэ сүнслэгээр дэмжих вэ?
2 Санаачилга гаргаарай: Дэлгэрүүлэх ажлын бүлэг нь хүмүүсийнхээ тооны хувьд ном судлалын хэсгийнхтэй адил. Нэг бүлгийн хүмүүс «хамтдаа» дэлгэрүүлж, дотно нөхөрлөх боломжтой (Флп. 1:27). Та бүлгийнхээ хүмүүсээс хэдтэй нь дэлгэрүүлж үзсэн бэ? Энэ талаар «өргөнөөр нээлттэй байж» болохгүй нь юу билээ? (2 Кор. 6:13). Түүнээс гадна, бүлгийнхээ хэн нэгнийг Гэр бүлийн Библийн хичээлдээ юм уу, оройн хоолонд урьж болох юм. Зарим хурлын дэлгэрүүлэх ажлын бүлгүүд зочин илтгэгчийг хоолонд ээлжээр урьдаг. Илтгэгч ирж чадахгүй байлаа ч хариуцаж авсан долоо хоногтоо хамтдаа хооллож, бие биеэ урамшуулдаг.
3. Дэлгэрүүлэх ажлын бүлгийн хүрээнд тусламж авах ямар боломж байдаг вэ?
3 Хурал долоо хоногт хоёрхон удаа цугладаг болсон ч, энэ нь дэлгэрүүлэгчид сүнслэг тусламж бага авна гэсэн үг биш юм. Бүлэг болгонд томилогдсон харгалзагчид хүн нэг бүрд санаа тавьж, дэлгэрүүлэх ажилд сургадаг. Танай бүлгийн харгалзагч одоохондоо тантай дэлгэрүүлж амжаагүй байгаа бол хамт дэлгэрүүлэхээр тохирч болно шүү дээ. Бас үйлчлэлийн харгалзагч сард нэг удаа бямба, ням гаригт нэг бүлэгтэй хамтран ажилладаг. Жижиг хурал цөөхөн бүлэгтэй байдаг учир үйлчлэлийн харгалзагч жилд хоёр удаа эргэлт хийж болох юм. Үйлчлэлийн харгалзагч танай бүлэгт эргэлт хийвэл хамт дэлгэрүүлэх төлөвлөгөө гаргах боломжтой юу?
4. а) Дэлгэрүүлэх ажлын цуглааныг хэрхэн явуулах вэ? б) Гэрт тань дэлгэрүүлэх ажлын цуглаан явуулах боломжтой эсэхийг бодож үзэх хэрэгтэйн учир юу вэ?
4 Ер нь хагас, бүтэн сайнд дэлгэрүүлэх ажлын цуглааныг бүлэг бүлгээр явуулах нь сайн байдаг. Хэд хэдэн газар, бараг адилхан цагт цугладаг бол дэлгэрүүлэх ажлын цуглаанд очиж, хэсэг рүүгээ явахад дэлгэрүүлэгчдэд амар байна. Түүнчлэн цуглааны хөтлөгч хамт явах хүмүүсийг хурдан хуваарилж, дэлгэрүүлэгчид ч цаг алдалгүй хэсэг рүүгээ явна. Бас хариуцсан хүмүүстээ санаа тавихад нь бүлгийн харгалзагчид амар байдаг. Зарим тохиолдолд, хэд хэдэн бүлэг нийлж цуглах нь тохиромжтой байж болох юм. Сарын эхний бямба гаригт юм уу, «Харуулын цамхаг» судлалын цуглааны дараа дэлгэрүүлэх ажлын цуглаанд хурлаараа суухаар бол бүлэг бүлгээрээ хуваагдан сууж болох юм. Ингэвэл дэлгэрүүлэх ажлын цуглааныг дуусгаж залбирахаас өмнө бүлгийнхээ хүмүүсийг хуваарилах цаг бүлгийн харгалзагчдад олдоно («Танайд цуглаан явуулах боломжтой юу?» хавсралтыг үзнэ үү).
5. Ном судлалын цуглаан гэж байхаа больсон ч юунд итгэж болох вэ?
5 Ном судлалын цуглаан гэж байхаа больсон ч, өөрийнх нь хүсэл тааллыг биелүүлэхэд хэрэгтэй бүхнийг Ехова өгсөөр байна (Евр. 13:20, 21). Тэрбээр санаа тавьдаг учраас бид юугаар ч дутахгүй (Дуу. 23:1). Дэлгэрүүлэх ажлын бүлэг олон сайн талтай. Санаачилга гарган «өгөөмрөөр тарьвал» «өгөөмрөөр хураана» (2 Кор. 9:6).
[6-р хуудасны хавсралт]
Танайд цуглаан явуулах боломжтой юу?
Цуглах газар хүрэлцэхгүйгээс болоод бямба, ням гаригт зарим хурлын бүлгүүд нийлж цугладаг. Дэлгэрүүлэх ажлын цуглаан бол хурлын үйл ажиллагааны нэг хэсэг учраас гэрт тань цуглаан явуулах боломжтой бол энэ нь үнэхээрийн завшаантай хэрэг юм. Танайд цуглаан явуулах боломжтой юу? Гэрээ энгийн гээд битгий голоорой. Ахлагчид ном судлал хаана явуулах тухай шийдэхдээ авч үзэж байсан хүчин зүйлүүдийг болон гэрийн тань байршлыг харгалзан үзнэ. Танайд дэлгэрүүлэх ажлын цуглаан явуулах боломжтой гэж үзвэл бүлгийнхээ харгалзагчид мэдэгдээрэй.