-
Есүс нас барсан хүмүүсийг дахин амилуулсан ньБиблийн тухай өгүүлдэг миний ном
-
-
ӨГҮҮЛЛЭГ 92
Есүс нас барсан хүмүүсийг дахин амилуулсан нь
ЧИНИЙ харж байгаа энэ охин 12 настай. Есүс түүний гараас барьжээ. Хажууд нь охины аав ээж хоёр байна. Тэд ямар учраас тийм баяр хөөртэй байгааг чи мэдэх үү? Мэдэж авцгаая.
Охины эцэг нь Иайр гэдэг нэр хүндтэй хүн байлаа. Нэгэн өдөр охин нь өвдөж, яваандаа хэвтэрт оров. Түүний бие сайжирсангүй. Харин ч улам муудсаар байлаа. Жаахан охиноо үхэх нь гэж санасан Иайр болон түүний эхнэр маш их түгшиж байв. Тэр бол тэдний цорын ганц охин юм. Ингээд Иайр Есүсийг хайхаар явав. Учир нь Есүсийн үйлдсэн гайхамшгийн тухай дуулсан байжээ.
Иайр Есүсийг олон түмний дунд байхад нь олж, олны дундуур зүтгэсээр яваад, Есүсийн хөлд ойчлоо. Тэгээд: «Миний охины бие тун муу байна. Манайд очоод, охиныг минь эдгээж өгөөч» гэж гуйсанд Есүс очъё гэж хэлэв.
Тэднийг явахад цугласан олон бүчин шахаж байлаа. Есүс гэнэт зогсов. «Хэн надад хүрэв?» гэж асуулаа. Өөрөөс нь хүч гарахыг мэдэрсэн учраас өөрт нь хэн нэгэн хүрснийг ойлгожээ. Гэвч хэн хүрсэн юм бол? 12 жил хүндээр өвдөж байгаа нэг эмэгтэй байлаа. Тэр дөхөж очоод, Есүсийн хувцсанд хүрээд эдгэжээ!
Есүс өвчтэй хүмүүсийг амархан эдгээчихэж байгааг үзсэн учраас Иайр жаахан тайвширчээ. Гэтэл гэнэт нэг хүн хэл хүргэж ирэв. «Есүст бүү төвөг уд. Охин чинь нас барчихлаа» гэж тэр хэллээ. Есүс үүнийг сонсоод, Иайрт: «Бүү зов, охин чинь зүгээр болно» гэв.
Тэднийг Иайрын гэрт ирэхэд хүмүүс уйлж, гашуудаж байлаа. Гэвч Есүс: «Битгий уйл. Хүүхэд үхээгүй. Зүгээр л унтаж байна» гэлээ. Тэгэхэд нь тэд охины үхсэнийг мэдэж байсан тул Есүсийг шоолон инээлджээ.
Есүс охины эцэг эх хоёрыг, бас гурван элчээ дагуулан, хүүхдийн байгаа өрөөнд оров. Есүс охины гараас барьж: «Бос!» гэлээ. Тэгтэл охин, зураг дээр дүрсэлсний адил амь оров. Тэр босоод, өрөөн дотуур алхлаа! Ээж аав хоёр нь тийм их баяр хөөртэй байгаа нь ийм учиртай.
Иайрын охин бол Есүсийн амилуулсан анхны хүн биш ээ. Библид бичсэнээр анхны хүн бол Найн хотын бэлэвсэн эмэгтэйн хүү юм. Хожим нь Есүс, Мариа Марта хоёрын ах Лазарыг бас амилуулсан билээ. Есүс Бурхны томилсон Хаан болж захирах үедээ нас барсан олон олон хүнийг дахин амилуулах болно. Сайхан байгаа биз?
-
-
Есүс олон хүнийг хооллосон ньБиблийн тухай өгүүлдэг миний ном
-
-
ӨГҮҮЛЛЭГ 93
Есүс олон хүнийг хооллосон нь
АЙМШИГТ явдал болов. Дөнгөж сая Баптисм хүртээгч Иоханыг алчихлаа. Хааны эхнэр Херодиа түүнд дургүй байжээ. Тэгээд Иоханы толгойг хаанаар авахуулж чаджээ.
Есүс үүнийг сонсоод, маш их гашуудаж, зэлүүд газар уруу ганцаараа явлаа. Гэтэл үй олон хүн түүнийг дагав. Есүс тэднийг хараад, ихэд өрөвдлөө. Тэгээд тэдэнд Бурхны Хаанчлалын тухай ярьж, өвчтэй нэгнийг нь эдгээв.
Тэр үдэш Есүсийн шавь нар ирээд: «Орой болчихжээ. Энэ газар хүн амьтангүй зэлүүд юм. Хүмүүсийг тараан явуулаач. Тэгвэл тэд ойр хавийн гацаанаас өөрсдөдөө хоол хүнс худалдан авна шүү дээ» гэв.
Есүс: «Тэднийг явуулах хэрэггүй. Та нар тэдэнд идэх юм өг» гэж хариулаад, Филипээс: «Энэ бүх хүнд хүрэлцэх хоол хүнс хаанаас худалдан авч болох вэ?» гэж асуув.
Филип: «Хүн бүрд жаахан жаахан юм авахад л маш их мөнгө хэрэг болно» гэж хариулав. Андрей: «Энэ хүүд таван талх, хоёр загас л байна. Тэглээ гээд ийм олон хүнд хүрэлцэхгүй шүү дээ» гэлээ.
«Хүмүүсийг зүлгэн дээр суулга» гэж Есүс хэлэв. Тэгээд хоол өгсөнд нь Бурханд талархаад, талхаа хэсэглэн хуваав. Дараа нь шавь нар нь талх, загасыг бүх хүнд өглөө. Тэнд 5 000 эрэгтэй, өөр олон мянган хүүхэд, эмэгтэйчүүд байлаа. Бүгд цадталаа иджээ. Шавь нар хоолны үлдэгдлийг цуглуулахад 12 сагс дүүрсэн байлаа!
Есүс шавь нараа Галилын тэнгисийг гатлуулахаар завинд суулгав. Шөнө хүчтэй шуурга дэгдэж, тэнгисийн давалгаа завийг ийш тийш нь шидэж байлаа. Шавь нар маш их айжээ. Тэгтэл шөнө дундын хирд нэг хүн өөрсдийг нь чиглээд, усан дээгүүр явж байхыг тэд харлаа. Тэд юу харж байгаагаа ойлгохгүй байсан тул айсандаа хашгиралдав.
«Айсны хэрэггүй. Би байна!» гэж Есүс хэллээ. Гэсэн ч тэд итгэж чадахгүй байв. Петр: «Эзэн минь, үнэхээр та мөн юм бол усны мандал дээгүүр алхаж, тань уруу очихыг надад тушаагаач» гэлээ. Есүс хариуд нь: «Ир!» гэв. Тэгэхэд нь Петр завинаасаа гарч, усан дээгүүр алхлаа! Гэнэт тэр айн, живж эхэлсэн боловч Есүс аврав.
Хожим нь Есүс олон мянган хүнийг дахин хоолложээ. Энэ удаад долоон талх, цөөхөн жижиг загасаар хооллосон юм. Тэгэхэд ч бас хоол хүнс бүх хүнд хүрчээ. Есүс хүмүүст тэгж их санаа тавьдаг нь гайхалтай биш гэж үү? Түүнийг Бурхны томилсон Хаан болж захирах үед бид хэзээ ч, юунд ч санаа зовохгүй болно!
-