«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
2-Р САРЫН 3–9
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЭХЛЭЛ 12–14
«Бид бүхэнд хамаатай гэрээ»
it-1 522 ¶4
Гэрээ
Абрахамтай хийсэн гэрээ. Абрахамтай хийсэн гэрээ нь түүнийг Канаан руу явахаар Евфрат мөрнийг гатлахад хүчинтэй болсон бололтой. Энэ явдлаас хойш 430 жилийн дараа Хуулийн гэрээ байгуулагдсан (Гал 3:17). Ехова Абрахамыг Месопотамд буюу халдеин Ур хотод амьдарч байхад зааж өгөх газар луу нь яв гэж хэлжээ (Үй 7:2, 3; Эх 11:31; 12:1–3). Египетээс гарсан нь 12:40, 41-ийг (LXX) үзвэл Египет болон Канаанд нутагласан 430 жилийн эцэст, «яг энэ өдөр» Египетэд боолчлогдож байсан израйлчууд тэндээсээ гарсан гэж байдаг. Тэд МЭӨ 1513 оны Нисан сарын 14-н буюу Дээгүүр өнгөрөх баяраар Египетээс гарсан юм (Ег 12:2, 6, 7). Энэ нь Канааныг зорин явсан Абрахам Евфрат мөрнийг МЭӨ 1943 оны Нисан сарын 14-нд гаталсныг зааж байгаа бололтой. Тэр өдөр Абрахамтай хийсэн гэрээ хүчинтэй болсон биз ээ. Абрахамыг Канаан нутагт орж Шехемд хүрч ирэхэд Бурхан дахиад Абрахамд үзэгдэж «Би чиний үр хүүхдүүдэд энэ нутгийг өгье» гэж хэлсэн. Ийнхүү Бурхан Абрахамд өгсөн амлалтынхаа цар хүрээг өргөжүүлж, уг гэрээг Еденд хийсэн амлалттай холбоотойг цухуйлган, уг үр хүүхэд нь хүмүүсийн дундаас гарч ирнэ гэдгийг илчилсэн (Эх 12:4–7). Үүнээс гадна Ехова хожим нь энэ амлалтын цар хүрээг илүү өргөжүүлсэн гэж Эхлэл 13:14–17; 15:18; 17:2–8, 19; 22:15–18-д бичсэн байдаг.
w89 7/1 3 ¶4
Абрахамын тухай үнэнийг мэдэх хэрэгтэйн учир юу вэ?
Энэ нь гайхалтай амлалт байсан. Абрахам энэхүү амлалтыг дор хаяж гурван удаа сонссон (Эхлэл 18:18; 22:18). Энэ амлалтаа биелүүлэхийн тулд Бурхан хэдийн устаж үгүй болсон үндэстнийг төлөөлөх хүмүүсийг амилуулна. Ийн амилсан хүмүүсийн ихэнх нь анх алдсан Диваажинтай төстэй орчинд амьдрах учраас тэдний амьдрал тэр чигээрээ ивээл байх юм. Дараа нь тэд мөнх амьдрах ивээл хүртэхийн тулд яах хэрэгтэйг заалгана (Эхлэл 2:8, 9, 15–17; 3:17–23).
it-2 213 ¶3
Хууль
Холбогдох түүхийн баримтад үндэслэсэн зарим эрдэмтний үзлээр бол эзэмшил газрыг худалдан авагчид шилжүүлэхдээ сайн харагдах газраас газар нутгыг үзүүлж, тодорхой хилийг тогтоодог. Худалдан авагч «Би харлаа» гэж хэлбэл хууль ёсоор хүлээн авч байна гэсэн утгатай аж. Ехова Абрахамд Канаан нутгийг өгнө гэж амлахдаа эхлээд тал бүрийг нь хар гэж хэлсэн. Абрахам: «Би харлаа» гэж хэлээгүй. Учир нь Бурхан энэ амласан газрыг үр хүүхдэд нь өгнө гэснийх байж болох юм (Эх 13:14, 15). Израйлчуудын хууль ёсны төлөөлөгч Мосе уг газрыг «хар» гэсэн тушаал авчээ. Энэ үзэл нь зөв бол уг эзэмшил газар нь одоо хууль ёсоор израйлчуудад шилжиж, тэд Иошуагийн удирдлага дор уг газрыг эзэмшинэ гэсэн утгатай байж мэднэ (Ху 3:27, 28; 34:4; бас Мт 4:8-д Есүст өгсөн Сатаны саналыг үзээрэй). Үүнтэй төстэй хууль зүйн чанартай үйлдэл нь газрыг эзэмших зорилгоор тухайн газрыг хөндлөн гарах юм уу тухайн газар луу орох юм (Эх 13:17; 28:13). Үл хөдлөх хөрөнгийн худалдааны эртний зарим бичиг баримтад тухайн газрын модны тоог бичсэн байдаг (Эх 23:17, 18-тай харьцуулаарай).
Эрдэнэс хайх нь
it-2 683 ¶1
Тахилч
Салемын хаан Мелхизедек онцгой тахилч (кохен) байжээ. Библид түүний хэзээ, хаана төрж, нас барсан тухай, өвөг дээдсийнх нь тухай бичээгүй. Тэрбээр тахилчийн үүргийг эцгээсээ юм уу хэн нэгнээс өвлөж аваагүй. Бас түүний үүргийг залгамжилсан хүн байгаагүй. Тэрбээр хаан болон тахилчийн албыг зэрэг хашиж байсан. Тахилчийн үүрэг нь левичүүдийн тахилчийн үүргээс агуу байв. Учир нь Абрахамыг Мелхизедект аравны нэгийг өгөхөд Леви Абрахамын удмаас гарах гэж байсан болохоор Леви нь Мелхизедект аравны нэгийг өгсөнтэй адил юм (Эх 14:18–20; Ев 7:4–10). Тийм учраас Мелхизедек «Мелхизедектэй адил мөнхийн тахилч» байх Есүс Христийг бэлгэдэн харуулжээ (Ев 7:17).
2-Р САРЫН 10–16
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЭХЛЭЛ 15–17
«Абрам Сараи хоёрт Ехова шинэ нэр өгсөний учир»
it-1 817
Гэм буруу, буруутгах
Нөгөөтээгүүр, хүний аливааг хийх арга барил болон хийж бүтээсэн зүйл буруу байх нь бий. Учир нь бүх хүн Адамаас нүгэл болон алдаа дутагдлыг өвлөж авсан (Ро 5:12; Ду 51:5). Гэхдээ Ехова өөрөө гэм зэмгүй ч «бидний хэрхэн бүтсэнийг мэддэг. Бид бол тоос шороо юм гэдгийг Тэр санаж байдаг» бөгөөд өрөвч сэтгэлтэй (Ду 103:13, 14). Тэрбээр үнэнч, дуулгавартай Ноаг «өөрийн үеийнхний дунд гэм зэмгүй хүн» гэж үзсэн (Эх 6:9). Мөн Абрахамд «Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун» гэж тушаасан (Эх 17:1). Энэ хоёр хоёулаа төгс бус хүн байсан бөгөөд нас барсан ч «зүрхийг нь хардаг» Ехова тэднийг гэм зэмгүй гэж тооцсон (1Са 16:7; бас Х.дэ 20:3; Ш.дэ 16:9-тэй харьцуулаарай). Тэрбээр израйлчуудад «Чи өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө төгс бай» хэмээн тушаасан (Ху 18:13; 2Са 22:24). Тэрбээр гэм буруугүй Хүүгээ (Ев 7:26) золиос болгон өгсөн бөгөөд үүний үндсэн дээр, итгэлтэй, дуулгавартай хүмүүсийг «шударга сайн» буюу гэм буруугүйд тооцох боломжтой. Ийнхүү тэрбээр шударга сайн, гэм буруугүй Шүүгчийн нэр төрөө хамгаалж чадсан (Ро 3:25, 26).
it-1 31 ¶1
Абрахам
Цаг хугацаа ч өнгөрч тэд Канаанд ирээд 10-аад жил болж байгаа ч Сара хүүхэдгүй хэвээр байв. Тиймээс египет боол Хагараараа дамжуулан хүүхэдтэй болъё гэж санал болгоход Абрахам ч зөвшөөрчээ. Ингээд МЭӨ 1932 онд Абрахамыг 86 настай байхад Ишмаел төрсөн (Эх 16:3, 15, 16). Мөн л цаг хугацаа өнгөрч МЭӨ 1919 онд Абрахамыг 99 настай байхад Ехова Абрахамын гэрийнхнээс бүх эрэгтэйд хөвч хөндүүлэхийг тушааж, үүнийгээ Абрахамтай тогтоосон тусгай гэрээт харьцааг батлах тэмдэг буюу тамга болгосон. Үүний зэрэгцээ Ехова Абрам гэдэг байсан түүний нэрийг Абрахам болгон өөрчилж, учрыг нь тайлбарлан «Би чамайг олон үндэстний өвөг болгосон» хэмээжээ (Эх 17:5, 9–27; Ро 4:11). Үүнээс хойш удалгүй Еховаг ирсэн гэж бодоод Абрахамын угтан авсан, хүн болж үзэгдсэн гурван тэнгэрийн элч Сарад хандан түүнийг нэг жилийн дотор жирэмсэлж, хүү төрүүлнэ гэж амласан (Эх 18:1–15).
w09 2/1 13
Нэр ямар утга учиртай вэ?
Бурхан өөрөө, насанд хүрсэн зарим хүний нэрийг зөгнөлийн утгаар өөрчилсөн. Жишээ нь, «Эцэг өргөмжлөгдсөн» гэсэн утгатай Абрам гэсэн нэрийг «Тоо томшгүй олон үндэстний эцэг» гэсэн утгатай Абрахам болгож өөрчилсөн. Нэрийнхээ утга ёсоор Абрахам олон ард түмний өвөг дээдэс болсон (Эхлэл 17:5, 6). Бас Абрахамын эхнэр Сараиг бодоод үз дээ. Сараи гэдэг нэр нь «Тэмцэлдэх дуртай» гэсэн утгатай байсан бололтой. Бурхан түүний нэрийг «Хатан» гэсэн утгатай «Сара» болгон өөрчилж, хаадын эмэг эх болохыг нь хэлж өгөхөд Сара хэчнээн их баярласан бол оо (Эхлэл 17:15, 16).
Эрдэнэс хайх нь
it-1 460-461
Он тоолол
Ехова Абрахамд «Чиний үр удмынхан өөрсдийнх нь бүс нутагт харь хүмүүс болоод, дөрвөн зуун жилийн турш зарцлагдаж, дарлагдах болно гэдгийг баттай мэдэж ав» гэж хэлсэн (Эх 15:13; бас Үй 7:6, 7-г үзнэ үү). Ехова энэ үгээ амласан өв залгамжлагч буюу «үр» болох Исаакийг төрөхөөс өмнө хэлжээ. МЭӨ 1932 онд египет боол Хагар нь Ишмаелыг Абрахамд төрүүлж өгсөн бөгөөд МЭӨ 1918 онд Исаак төрсөн (Эх 16:16; 21:5). «Дарлагдах» хугацаа дууссан өдөр буюу Египетээс гарсан өдрөөс (Эх 15:13) 400 жилийг ухраавал МЭӨ 1913 он болно. Энэ онд Исаак таван нас хүрсэн. Тэгэхэд Исаак хөхнөөсөө гарсан бололтой. Тэрбээр хүний нутагт хэдийнээ харь хүн болчихоод байв. Энэ үед 19 орчим настай байсан Ишмаел түүнийг «дооглоход» зөгнөл ёсоор дарлагдаж эхэлсэн бололтой (Эх 21:8, 9). Ишмаел нь Абрахамын өв залгамжлагчийг дооглосон нь өнөө үед ноцтой биш юм шиг санагдаж болох ч эцгийн эрхт ёс захирч байх үед энэ нь ноцтой асуудал байжээ. Энэ явдлыг Сара хэрхэн хүлээж авснаас, мөн Хагар болон хүү Ишмаелыг нь зайлуул гэсэн Сарагийн шаардлагыг Ехова хүлээн зөвшөөрснөөс үүнийг мэдэж болно (Эх 21:10–13). Бас ариун бичээст энэ явдлыг дэлгэрэнгүй бичсэнийг үзэхэд Египетээс гарах хүртэлх 400 жилийн дарлал энэ явдлаар эхэлснийг мэдэж болно (Гал 4:29).
it-1 778 ¶4
Египетээс гарсан нь
«Дөрөв дэх үедээ». Ехова Абрахамын үр удмыг дөрөв дэх үедээ Канаан нутагтаа буцаж ирнэ гэж хэлснийг бид санах хэрэгтэй (Эх 15:16). Абрахамын гэрээ хүчинтэй болсноос израйлчуудыг Египетээс гарах хүртэлх 430 жилийн хугацаанд, тэр үеийн хүмүүс Библид бичигдсэнчлэн урт насалсныг тооцлоо ч дөрвөөс олон үе байсан. Гэхдээ израйлчуудын Египетэд байсан хугацаа нь ердөө 215 жил байсан. Тэднийг Египетэд орсноос хойших дөрвөн үеийг Израйлын нэг овог болох Леви овгийг жишээ болгон үзвэл 1) Леви, 2) Кохат, 3) Амрам, 4) Мосе юм (Ег 6:16, 18, 20).
2-Р САРЫН 17–23
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЭХЛЭЛ 18, 19
Эрдэнэс хайх нь
w88 5/15 23 ¶4-5
Бурхныг харсан хүн бий юү?
Абрахам хүн болж хувирсан Бурхны тэнгэрийн элч нартай ярилцахдаа Ехова Бурхантай шууд харьцаж байгаа юм шиг ярьсны учрыг ойлгож болохоор байна. Энэ тэнгэрийн элч Абрахамд Бурхны хэлэхийг хүссэн зүйлийг тэр чигээр нь хэлсэн бөгөөд Бурхныг төлөөлж тэнд байсан учраас Библид «[Ехова] ... Абрахамд үзэгдэв» гэж бичсэн нь зүйд нийцэж байна (Эхлэл 18:1).
Утас юм уу радио бусдад хэлсэн үгийг маань тэр чигээр нь дамжуулдаг шиг тэнгэрийн элч Бурхныг төлөөлж үгийг нь тэр чигээр нь дамжуулах чадвартайг санаарай. Тиймээс Абрахам, Мосе, Маноа болон өөр хүмүүс, хүн болж хувирсан тэнгэрийн элчтэй ярилцахдаа Бурхантай ярилцаж байгаа юм шиг ярьсны учрыг ойлгож болно. Тийм хүмүүс тэнгэрийн элчийг харж, тэнгэрийн элчийн тусгасан Еховагийн сүр жавхланг харсан ч Бурхныг харж чадаагүй. Тиймээс энэ нь элч Ёоханы: «Хэн ч, хэзээ ч Бурхныг хараагүй» гэж хэлсэн үгээс зөрдөггүй. (Ёохан 1:18). Энэ хүмүүс Бурхныг төлөөлсөн тэнгэрийн элч нарыг харснаас бус, Бурхныг өөрийг нь хараагүй.
2-Р САРЫН 24—3-Р САРЫН 1
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЭХЛЭЛ 20, 21
«Ехова амласнаа дандаа биелүүлдэг»
wp17.5 14-15
Бурхан түүнийг «Хатан» хэмээн нэрлэжээ
Сара инээсэн нь итгэл дутуу байгаагийн шинж байсан уу? Үгүй. Библид «Сара итгэсэн учир нас нь хэтэрсэн байхдаа хөл хүнд болсон. Учир нь амласан Нэгнийг үнэнч гэж үзжээ» гэж бичсэн байдаг (Еврей 11:11). Сара Еховаг мэддэг байсан бөгөөд амласан бүхнээ заавал биелүүлдгийг нь мэддэг байсан. Ийм итгэлийг хөгжүүлэх шаардлагагүй хэн байх вэ? Бид Библид гардаг Бурхны тухай илүү сайн мэдэхийн тулд хичээх хэрэгтэй. Тэгвэл Сараг хоосон юманд итгээгүйг мэднэ. Ехова амласан бүхэндээ заавал хүрдэг. Заримдаа огт төсөөлж байгаагүй аргаар амласандаа хүрдгийг нь бид хараад гайхаж цочирдсондоо инээж магадгүй.
«ЧАМД ХЭЛСЭН БҮГДИЙГ СОНС»
Сара 90 настай байхдаа, насан туршдаа хүлээж байсан баяр хөөрийг амссан. Одоо 100 хүрсэн хайртай нөхрийнхөө хүүг төрүүлчихээд байна! Абрахам хүүгээ Бурхны тушаасан ёсоор «Инээд» гэсэн утгатай Исаак гэж нэрлэсэн. Сара ядарсан ч нүүрэндээ инээмсэглэл тодруулан «Бурхан надад инээмсэглэл авчирлаа. Сонсогч хэн бүхэн надтай хамт инээх болно» гэж хэлж байгааг төсөөлөөрэй (Эхлэл 21:6). Еховагийн өгсөн энэ гайхамшигт бэлэг Сарад нас бартал нь баяр хөөр авчирсан байх. Гэхдээ энэ бэлгийг дагаад том үүрэг хариуцлага иржээ.
Исаакийг таван настай байхад, хөхнөөсөө гарсныг нь тэмдэглэн гэр бүл нь найр хийв. Гэхдээ нэг асуудал гарсан. Санааг нь зовоосон явдал болохыг Сара «харсан» гэж Библид бичсэн байдаг. Хагарын 19 настай хүү Ишмаел, жаал хүү Исаакийг дооглож байсан аж. Энэ нь зүгээр нэг тоглоом шоглоом биш байв. Хожим нь элч Паул Бурхны агуу хүчээр удирдуулан хэлэхдээ Ишмаел дүүгээ хавчсан гэжээ. Сара үүнээс болж хүүгийнх нь сайн сайханд ноцтой аюул учирч болохыг ойлгов. Исаакийг өөрийнхөө хүү гэдгээс гадна, Еховагийн санаа зорилго биелэхэд чухал үүрэг гүйцэтгэх нэгэн гэдгийг сайн мэдэж байв. Тийм учраас зориг гаргаж, Хагар болон Ишмаелыг зайлуул гэж Абрахамд шулуухан хэлсэн (Эхлэл 21:8–10; Галат 4:22, 23, 29).
Абрахам үүнийг хэрхэн хүлээж авсан бэ? «Хүүгийнх нь талаарх энэ зүйл Абрахамыг ихэд зовоов» гэж Библид байдаг. Абрахам Ишмаелаа хайрласандаа асуудлыг зөвөөр харж чадсангүй. Гэхдээ Ехова асуудлыг сайн ойлгож байсан учраас энэ хэрэг явдалд оролцсон. Библид «Бурхан Абрахамд “Чи тэр хүү, зарц бүсгүй хоёроос болж сэтгэл бүү зов. Сарагийн чамд хэлсэн бүгдийг сонс. Учир нь Исаакаас төрсөн нь л чиний үр удам гэж дуудагдах болно”» гэж хэлснийг тэмдэглэсэн байдаг. Ехова Хагар болон хүүг нь хэрэгтэй юмаар хангаж өгөхөө Абрахамд амласан. Үнэнч Абрахам Бурхны үгэнд оржээ (Эхлэл 21:11–14).
Эрдэнэс хайх нь
wp17.3 12, ftn.
«Чи бол үзэсгэлэнтэй сайхан бүсгүй»
Сара Абрахамын эцэг нэгтэй дүү байжээ. Хоёул Тера гэдэг нэг эцэгтэй ч эх ондоотой байв (Эхлэл 20:12). Өнөөдөр ийм гэрлэлт зохисгүй ч тухайн үед нөхцөл байдал өөр байсныг санах хэрэгтэй. Тэр үеийн хүмүүс Адам Ева хоёрын эдэлж байсан төгс байдалд илүү ойр байжээ. Ийм эрүүл чийрэг хүмүүс ойрын хамаатантайгаа гэрлэсэн ч үр удамд нь генийн асуудал гарахгүй байсан биз ээ. Гэхдээ үүнээс хойш 400 орчим жилийн дараа хүний амьдрах хугацаа одоогийн биднийхтэй төстэй болсон. Тэр үед бичигдсэн Мосегийн хуульд цусан төрөлдөө хүрэхийг хоригложээ (Левит 18:6).
w89 7/1 20 ¶9
Абрахам Бурхантай нөхөрлөхийг хүсдэг бүх хүнд үлгэр жишээ үлдээсэн
Абрам дахиад итгэлээ үйлээр харуулав. Библид бичсэнчлэн «Абрам ... ЭЗЭНд зориулан тэнд тахилын ширээ босгожээ» (Эхлэл 12:7). Ингээд Абрам амьтнаар тахил өргөсөн бололтой. Хожим нь Абрам тэр нутгийн өөр газарт ч итгэлтэйгээ ийн харуулжээ. Үүнээс гадна тэрбээр Еховагийн «нэрийг дуудав» (Эхлэл 12:8; 13:18; 21:33). «Нэрийг дуудах» гэсэн утгатай еврей хэллэг нь бас «нэрийг тунхаглах» гэсэн утгатай. Абрам Бурхны нэр Еховаг зоригтой тунхаглаж байгааг гэр бүлийнхнээс нь гадна канаанчууд бас сонссон нь лавтай (Эхлэл 14:22–24). Түүнчлэн, өнөөдөр Бурхантай нөхөрлөхийг хүсдэг бүх хүн итгэлтэйгээр түүний нэрийг дуудах хэрэгтэй. Нэрийг нь дуудна гэдэгт олон нийтэд дэлгэрүүлэн «Бурхны нэрийг олон түмэнд тунхаглах уруулын жимс буюу магтаалын тахилыг ... үргэлж өргөж байх» ордог (Еврей 13:15; Ром 10:10).