«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
3-Р САРЫН 2–8
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЭХЛЭЛ 22, 23
«Бурхан Абрахамыг сорьсон нь»
w12 1/1 23 ¶4-6
Бурхан яагаад Абрахамд хүүгээ тахил болгон өргөхийг тушаасан бэ?
Ехова Абрахамд «Чи өөрийн хүү, цорын ганц хайртай хүү Исаакаа ... шатаалт тахил болгон өргө» гэж хэлснийг бодоцгооё (Эхлэл 22:2). Энд Ехова Исаакийг Абрахамын «хайртай хүү» гэснийг анхаарууштай. Исаак нь Абрахамд хэчнээн нандин хүү байсныг Ехова сайн мэддэг байжээ. Бурхан өөрөө ч Хүү Есүсээ ихэд хайрладаг. Хүүгээ их хайрладаг учраас тэнгэрээс хоёр ч удаа Есүсийг «хайрт Хүү минь» гэж хэлжээ (Марк 1:11; 9:7).
Бас Еховагийн хэлсэн үгийг эх хэлээр нь авч үзвэл зөөлөн гуйх хэлбэрээр хэлснийг анхаарууштай. Нэгэн Библи судлаачийнхаар бол «ЭЗЭН өөрөө хэчнээн хэцүү юмыг шаардаж байгаагаа мэдсэн» учраас ийн хэлжээ. Еховагийн үгийг сонсоод Абрахам хэчнээн их шаналсныг төсөөлөөрэй. Тэгвэл хайрт хүүгээ зовж үхэхийг харсан Еховагийн сэтгэл хэчнээн их өвдсөн бол? Еховагийн хувьд ийм их зовлон үүнээс өмнө ч байгаагүй, дараа ч байхгүй биз ээ.
Тийм учраас, Абрахамд тушаасан Еховагийн үгийг эхлээд ойлгоход хэцүү байгаа ч, уг үнэнч хүнийг хүүгээ тахил болгон өргөх гэж байхад нь Ехова саад хийснийг санах учиртай. Бурхан Исаакийг аварч, Абрахамыг эцэг хүний хувьд хамгийн хэцүү зовлон амсахыг нь зөвшөөрөөгүй. Гэхдээ Ехова «Хүүгээ» хамгаалалгүй «бид бүхний төлөө тушаасан юм» (Ром 8:32). Ехова яагаад тийм их зовлон амссан бэ? «Биднийг мөнх амьдруулах» гэснийх юм (1 Ёохан 4:9). Бурхан биднийг хайрладгийн хөдөлшгүй баталгаа биш гэж үү? Хариуд нь бид ч түүнийг хайрлах ёстой биз дээ!
Эрдэнэс хайх нь
it-1 853 ¶5-6
Урьдчилан мэдэх, урьдчилан тогтоох
Урьдчилан мэдэх чадвараа цагаа олж гаргадаг. Бурхан бүх юмыг урьдчилан тогтоосон гэсэн онолын оронд урьчилан мэдэх чадвараа хэзээ гаргахаа Бурхан шийддэг гэсэн энэ санаа ч Бурхны өөрийнх нь зөв шударга хэм хэмжээнд, мөн өөрийнхөө тухай Үгэндээ бичүүлсэнтэй нь нийцэх ёстой. Бурхан бүх юмыг урьдчилан тогтоосон гэсэн онолоос ялгаатай нь, Бурхан тулгамдсан нөхцөл байдлыг харгалзан үзсэнийхээ дараа үүнд үндэслэн шийдвэр гаргадгийг харуулдаг Библийн зүйл их байдаг.
Жишээ нь, Эхлэл 11:5–8-д Бурхан газар луу анхаарлаа хандуулж, Бабелд болж байгаа явдлыг судлаад тэнд явагдаж байсан ёс бус төлөвлөгөөт ажлыг нураахаар яг тэр цагт шийдсэнийг тэмдэглэсэн байдаг. Содом болон Гоморрад бузар муу явдал гаарсны дараа Ехова «тэдний хийсэн бүхэн надад сонсогдсон хашхираан шигээ эсэхийг Би үзэж мэдье» хэмээн (тэнгэрийн элч нараар дамжуулан) судлах гэж байгаагаа Абрахамд хэлсэн (Эхлэл 18:20–22; 19:1). Бурхан Абрахамыг «сонгож авсан [сайн мэддэг болсон, ШЕ]» гэж хэлсэн удаатай. Абрахамыг хүү Исаакаа тахил болгон өргөх гэж байсан яг тэр мөчид Ехова: «Чи хүүгээ, цорын ганц хүүгээ надаас харамлаагүй тул чамайг Бурханаас эмээдгийг чинь одоо Би мэдлээ» гэж хэлсэн (Эх 18:19; 22:11, 12; бас Не 9:7, 8; Гал 4:9-тэй харьцуулаарай).
3-Р САРЫН 9–15
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЭХЛЭЛ 24
«Исаакийн эхнэр»
wp16.3 14 ¶3
«Би явна»
Абрахам Елиезерээс канаан эмэгтэйчүүдийн дундаас Исаакт эхнэр авч өгөхгүй гэдэг ам өчиг авсан. Яагаад? Канаанчууд Ехова Бурхныг хүндэтгэдэг ч үгүй, шүтдэг ч үгүй байсан. Ехова тогтоосон цагаа болохоор бузар мууг үйлддэг хүмүүсийг шийтгэх гэж байгааг Абрахам мэддэг байв. Тэрбээр хүү Исаакаа тэр хүмүүстэй орооцолдох юм уу ёс журамгүй амьдралын хэв маягт нь ороосой гэж хүсээгүй. Түүнчлэн хүүгээ Бурхны амлалт биелэхэд чухал үүрэг гүйцэтгэхийг мэдэж байв (Эхлэл 15:16; 17:19; 24:2–4).
wp16.3 14 ¶4
«Би явна»
Елиезер Хараны ойролцоох худагт ирээд Ехова Бурханд залбирсан тухайгаа тэдэнд хэлжээ. Үнэндээ Елиезер Исаактай гэрлэх бүсгүйг сонгож өгөхийг Еховагаас гуйсан хэрэг юм. Яагаад ингэж хэлж болох вэ? Тэрбээр Исаакийн эхнэр болгохоор Бурхны хүсдэг бүсгүйг худагт ирүүлэхийг гуйсан. Тэгээд уух ус гуйхад нь уг бүсгүй өөрөө хүсээд зөвхөн Елиезерт биш, тэмээнүүдэд нь бас ус өгөх хэрэгтэй гэж Бурханд хэлсэн (Эхлэл 24:12–14). Тэгвэл хэн гарч ирээд яг хүссэнийх нь дагуу хийсэн бэ? Ребека! Гэр бүлд нь Елиезерийн хэлж байгааг Ребека санамсаргүй сонссон бол ямар санагдах байсныг төсөөлөөд үз дээ!
wp16.3 14 ¶6-7
«Би явна»
Хэдэн долоо хоногийн өмнө, Елиезер яг энэ тухай Абрахамаас «Хэрэв тэр эмэгтэй намайг дагаж явахгүй бол яах вэ?» гэж асуусан. Тэгэхэд Абрахам: «Чи энэ тангарагт хамааралгүй болно» гэж хариулсан (Эхлэл 24:39, 41). Бетуелийн гэр бүлд ч энэ бүсгүйн юу хүсэх нь чухал байв. Елиезер даалгавраа биелүүлье гэсэн хичээл зүтгэлтэй байсан учраас өглөө болонгуут, шууд Ребекаг аваад Канаан руу буцмаар байгаагаа хэлсэн. Гэхдээ гэр бүл нь Ребекаг өөрсөдтэй нь хамт ядаж 10 хонохыг хүссэн. Эцэст нь тэд энэ асуудлаа шийдэхийн тулд «Бид охиноо дуудаж, түүнээс асууя» гэв (Эхлэл 24:57).
Ребекагийн хувьд амьдралынх нь чухал мөч ирлээ. Тэрбээр юу гэж хариулах бол? Аав ах хоёроороо өрөвдүүлэх гэсэндээ өөрийг нь хол, таньж мэдэхгүй газар явуулахгүй байхыг гуйх уу? Эсвэл Еховагийн удирдлагаар болж байгаа нь тодорхой харагдаж буй энэ үйл явдалд оролцохыг завшаан гэж тооцох уу? Ребекагийн хариуг үзвэл, гэнэтийн бөгөөд сүрдмээр энэ өөрчлөлтийг хэрхэн үзсэнийг нь мэдэж болно. Тэрбээр: «Би явна» гэж товч хариулсан (Эхлэл 24:58).
Эрдэнэс хайх нь
wp16.3 12-13
«Би явна»
Нэгэн орой, Ребекаг вааран саванд ус хийсний дараа нэгэн өвгөн түүн рүү гүйж ирээд «Чи надад ваартай уснаасаа жаахан уулгана уу?» гэж хэлжээ. Үнэхээр эелдэг даруухнаар гуйсан байгаа биз? Ребека түүнийг хараад хол зам туулж ирснийг нь ойлгожээ. Тийм учраас үүрч явсан усны саваа мөрнөөсөө шууд буулгаж түүнд уулгасан. Хүйтэн цэвэр усыг жаахан биш, хангалттай хэмжээгээр нь уулгасан юм. Тэгээд харсан чинь өвгөний дэргэд 10 тэмээ амарч байгаа ч тэжээлийн саванд ус байсангүй. Өөрийг нь харж буй дулаан харцыг мэдэрсэн Ребека түүнд аль болох өгөөмрөөр хандахыг хүсээд «Би бас ус утгаж, таны тэмээнүүдийг ч ханатал нь усалъя» гэж хэлжээ (Эхлэл 24:17–19).
Ребека арван тэмээг зүгээр нэг биш, ханатал нь усалъя гэснийг бодоод үз дээ. Их цангасан тэмээ нэг дор 95 литр гаруй ус уудаг! Хэрвээ арван тэмээ арвуулаа их цангасан бол Ребека олон цагаар хүнд ажил хийх хэрэгтэй байсан. Дараа нь болсон явдлыг үзвэл тэмээнүүд тийм их цангаагүй бололтой. Гэхдээ Ребека усалъя гэж хэлэхдээ тэмээнүүд нь хэр цангасныг мэдсэн үү? Үгүй. Гэхдээ Ребека энэ танихгүй өвгөнд сайхан сэтгэл гаргахад хэчнээн хүч хөдөлмөр шаардагдана, төчнөөн хүч хөдөлмөрийг дуртайяа, бүр заавал гаргая гэж бодсон. Өвгөн ч татгалзаагүй. Тэгээд Ребекаг нааш цааш гүйн усныхаа саванд ус аваад тэжээлийн саванд ус дахин дахин хийж байгааг ажигласан (Эхлэл 24:20, 21).
wp16.3 13, ftn.
«Би явна»
Хэдийн орой болсон байлаа. Библид Ребека худаг дээр олон цаг болсон гэж санагдуулах юм бичээгүй. Түүнчлэн, Ребека тэмээнүүдийг усалж дуусахад гэр бүлийнхэн нь унтаж байсан юм уу Ребекаг яагаад удаад байгааг мэдэх гэж хэн нэгэн ирсэн гэж бичээгүй.
wp16.3 15 ¶3
«Би явна»
Эцэст нь, энэ өгүүллийн эхэнд дүрсэлсэн өдөр болжээ. Тэмээн жин Негевийг хөндлөн гулд туулан явсаар нар жаргахын алдад Ребека нэгэн эрэгтэйг хээр талд алхаж байгааг харав. Уг эрэгтэй бодлогоширсон байдалтай харагдана. Ребека «тэмээнээсээ [түргэн, ШЕ] буусан» гэж Библид байдаг. Тэмээгээ хэвтэхийг хүлээлгүй буусан бололтой. Тэгээд Елиезерээс «Хээр талаар хэрэн алхаж, биднийг угтан ирж яваа тэр хүн хэн бэ?» гэж асуусан. Исаак болохыг нь мэдээд нөмрөгөө толгой дээрээ тавив (Эхлэл 24:62–65). Яагаад? Ирээдүйн нөхрөө хүндэтгэж байгаагаа илэрхийлсэн бололтой. Өнөөдрийн зарим хүнд энэхүү захирагдах сэтгэлгээ үеэ өнгөрөөсөн мэт санагдаж болох юм. Гэхдээ үнэндээ, эрэгтэй ч бай эмэгтэй ч бай, бид Ребекаг дуурайж даруу занг хөгжүүлэх хэрэгтэй. Ийм хайр татам зан чанарыг илэрхийлэх хэрэггүй хэн байх билээ дээ!
3-Р САРЫН 16–22
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЭХЛЭЛ 25, 26
«Есав ууган хүү байх эрхээ худалдсан нь»
it-1 1242
Иаков
Аавынх нь хайртай хүү Есав ширүүн догшин, тогтворгүй, хэсэж тэнэх дуртай хүн байхад Иаков «номхон дөлгөөн [евр., там] хүн болж, майхандаа суудаг», мал маллаад амар жимэр амьдардаг, гэрийн ажлыг найдвартай сайн хийдэг хүн байсан бөгөөд ээж нь түүнд ихэд хайртай байсан (Эх 25:27, 28). Там гэдэг энэ еврей үгээр Библийн бусад зүйлд Бурхны сайшаалыг хүлээсэн хүнийг хэлдэг. Жишээ нь, «цус урсгагч нар гэмгүй хүнийг үзэн яддаг бол» «гэм зэмгүй [евр., там] хүн ... сайн сайхныг» харж амьдарна гэдгийг Ехова батлан хэлдэг (Су 29:10; Ду 37:37). Бурханд үнэнч байсан Иов «гэм зэмгүй [евр., там]» хүн байсан (Иов 1:1, 8; 2:3).
it-1 835
Ууган хүүхэд, ууган төл
Эрт дээр үеэс ууган хүү гэр бүл дотор өргөмжлөгдсөн байр суурь эзэлж байсан бөгөөд өрхийн тэргүүний үүргийг залгамжилж, эцгийнхээ эд хөрөнгөөс хоёр дахин илүү хувийг өвлөж авдаг байсан (Ху 21:17). Иосеф ах нараа дайлахдаа Реубенийг ууган хүүгийн эрхийн дагуу суулгасан (Эх 43:33). Гэхдээ Библид хөвгүүдийг дандаа төрсөн дарааллаар нь бичиж ууган хүүг алдаршуулж байгаагүй. Ууган хүүгийн оронд эрхэм хүндтэй эсвэл үнэнч хүүд эхний байр суурийг оноосон нь цөөнгүй байдаг (Эх 6:10; Ш.дээ 1:28; бас Эх 11:26, 32; 12:4-тэй харьцуулаарай).
Эрдэнэс хайх нь
it-2 245 ¶6
Худал
Хорон санаатай худал хэлэхийг Библид тодорхой буруушаасан байдаг ч, энэ нь ямар нэгэн зүйлийн талаарх мэдээлэл авах эрхгүй хүнд үнэнийг хэлэх ёстой гэсэн үг биш. Есүс: «Ариун юмыг нохдод бүү өг. Сувдаа гахайн өмнө бүү хая. Хаявал дэвсэлж хаяад тан руу дайрах вий» гэсэн зөвлөгөө өгсөн (Мт 7:6). Ийм шалтгаанаар Есүс ч зарим нэг асуултад хариулахдаа бүрэн мэдээлэл өгөхгүй байх юм уу тодорхой хариулахгүй байх тохиолдол байсан. Хэрвээ тэгсэн бол гай удах байсан (Мт 15:1–6; 21:23–27; Ёох 7:3–10). Абрахам Исаак Рахаб Елиша нар Еховаг шүтдэггүй хүмүүст буруу ойлголт төрүүлж байсныг, бүрэн дүүрэн мэдээлэл өгч байгаагүйг бас ингэж үзэх ёстой нь тодорхой байна (Эх 12:10–19; 20-р бүрэг; 26:1–10; Иош 2:1–6; Яак 2:25; Х.дэ 6:11–23).
3-Р САРЫН 23–29
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЭХЛЭЛ 27, 28
«Иаков хүртвэл зохих ивээлээ хүртсэн нь»
w04 4/15 11 ¶4-5
Ребека—Бурхнаас эмээдэг, шийдэмгий эмэгтэй
Есавыг Иаковт үйлчилнэ гэдгийг Исаак мэдэж байсан эсэхийг Библид бичээгүй. Ямартай ч, Иаков ивээл хүртэхийг Ребека Иаков хоёрын хэн хэн нь мэдэж байв. Есав ангийн махаар хоол хийж авчирвал Исаак түүнийг ерөөнө гэдгийг сонсонгуут Ребека шууд арга хэмжээ авчээ. Залуугийн Ребекад байсан шийдэмгий зан, идэвх зүтгэл алга болоогүй байв. Ребека хоёр ишиг авчрахыг Иаковт «тушаав». Ребека нөхрийнхөө дуртай хоолыг хийх гэж байна. Дараа нь Иаков ивээл хүртэхийн тулд Есавын дүрд хувирах хэрэгтэй. Иаков татгалзав. Аав нь уг заль мэхийг мэдээд түүнийг хараавал яана! Гэхдээ Ребека бууж өгөлгүй «Хүү минь, чамд ирэх чиний хараалыг надад оноог» гэв. Тэгээд Ребека хоол хийж, Иаковын зүсийг хувиргаад нөхөр лүүгээ явуулжээ (Эхлэл 27:1–17).
Ребека яагаад ингэснийг Библид бичээгүй. Ребекаг буруушаадаг хүмүүс олон байдаг ч, Библи түүнийг буруушаагаагүй. Мөн Иаков ивээл хүртсэнийг мэдсэн Исаак ч түүнийг буруушаагаагүй. Харин ч Иаковыг илүү их ивээсэн (Эхлэл 27:29; 28:3, 4). Ребека хөвгүүдийнхээ талаарх Еховагийн зөгнөлийг мэдэж байв. Тиймээс хүртвэл зохих ивээлийг нь Иаковт хүртүүлэх арга хэмжээ авсан юм. Энэ нь Еховагийн хүсэл таалалд нийцсэн нь тодорхой (Ром 9:6–13).
w07 10/1 31 ¶2-3
Уншигчдын асуулт
Библийг үзвэл уг үйл явдал гэнэт гарсныг ойлгох боломжтой. Гэхдээ Ребека Иаков хоёр яагаад тийн үйлдсэнтэй холбоотой бүх юмыг дэлгэрэнгүй бичээгүй. Бурхны Үг Ребека Иаков хоёрын үйл хэргийг зөвтгөө ч үгүй, буруутгаа ч үгүй гэдгийг бид анхаарах учиртай. Энэ нь худал үг, заль мэхийг дэмждэг жишээ биш. Харин ч Библийг үзвэл тухайн нөхцөл байдлын талаар илүү их юмыг мэдэж болно.
Эхлээд, Иаков эцгийнхээ ивээлийг хүртэх эрхтэй байсан ч Есав тийм биш байсныг Библиэс мэдэж болно. Өмнө нь Иаков ухаангүй загнасан ах Есаваас ууган хүүгийн эрхийг хууль ёсоор худалдан авсан. Ах нь өлөн гэдсээ дүүргэх гэж нэг удаагийн хоолны төлөө уг эрхээ худалдсан. Есав «ууган хүү байх эрхээ ингэж үл тоомсорлов» (Эхлэл 25:29–34). Тиймээс Иаков эцэгтээ хандаж хууль ёсоор өөрт нь хамаарах ивээлийг гуйсан.
it-1 341 ¶6
Ивээл, магтаал
Эцгийн эрхт ёс захирч байх үед эцэг хүн ер нь нас барахынхаа өмнөхөн хөвгүүдээ ерөөдөг байжээ. Энэ нь маш чухал үйл явдал байсан бөгөөд хүмүүс энэ арга хэмжээг үнэ цэнтэйд тооцдог байв. Тиймээс Исаак нь Иаковыг ууган хүү Есаваа гэж бодоод ивээсэн. Исаак Есавын оронд Иаковыг Бурхны сайшаалыг хүртэж, хөгжин дэвжинэ гэж тунхагласан. Исаак хараагүй, нас өндөр болсон учраас ивээл хүртээхийг Еховагаас гуйсан нь дамжиггүй (Эх 27:1–4, 23–29; 28:1, 6; Ев 11:20; 12:16, 17). Дараа нь Исаак юу болсныг мэдсэн ч уг ивээлийг бататгаж, илүү их ивээсэн (Эх 28:1–4). Яаков нас барахынхаа өмнө эхлээд Иосефын хоёр хүүг ивээж, дараа нь хөвгүүдээ ивээсэн (Эх 48:9, 20; 49:1–28; Ев 11:21). Түүнчлэн, Мосе ч нас барахынхаа өмнө Израйл үндэстнийг бүхлээр нь ивээсэн (Ху 33:1). Дээр дурдсан бүх тохиолдолд тэдний хэлсэн зүйл зөгнөлийн утгатай байсныг хожим нь болсон явдлаас мэдэж болно. Ивээх хүн нь заримдаа ивээл хүртэх хүний толгой дээр гараа тавьдаг байсан (Эх 48:13, 14).
Эрдэнэс хайх нь
w06 4/15 6 ¶3-4
Ханьтайгаа бодол санаагаа хуваалцах арга
Исаак Ребека хоёр бодол санаагаа хуваалцах аргыг эзэмшсэн болов уу? Тэдний хүү Есавыг хитчүүдийн хоёр охинтой гэрлэсний дараа тэдний гэр бүлд ноцтой асуудал үүссэн. Ребека Исаакт «Би хитчүүдийн охидоос болж амьдрах дургүй боллоо. Хэрэв Иаков ... хитчүүдийн охидоос эхнэр авбал миний амьдрал юу болохсон билээ?» хэмээн удаа дараа хэлжээ (Эхлэл 26:34; 27:46). Ребека санаа зовж байгаагаа битүү утгатай үгээр хэлээгүй нь тодорхой.
Исаак нь Есавын дүү Иаковт канаанчуудын охидоос эхнэр авч болохгүй гэж хэлсэн (Эхлэл 28:1, 2). Ребека бодол санаагаа нөхөртөө ойлгуулсан. Энэ гэр бүл эмзэг асуудлынхаа талаар бодол санаагаа амжилттай хуваалцаж бидэнд сайн жишээ үлдээсэн. Гэхдээ гэр бүлийн хоёр, нэг шийдэлд хүрч чадахгүй бол яах вэ? Тэд юу хийж болох вэ?
w04 1/15 28 ¶6
Эхлэл номын онцлох санаа—II
28:12, 13—Иаковын зүүдэнд үзэгдсэн «шат» ямар учиртай вэ? Дээшээ гардаг чулуун шат мэт харагдсан байж болох энэ «шатаар» тэнгэр газрын хоорондох харилцаа холбоог харуулдаг. Шатаар өгсөж урууддаг Бурхны тэнгэрийн элч нар харагдсан нь тэд Еховад болон түүний сайшаалыг хүртсэн хүмүүст ямар нэгэн чухал аргаар үйлчилж буйг харуулдаг (Ёохан 1:51).
3-Р САРЫН 30—4-Р САРЫН 5
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЭХЛЭЛ 29, 30
«Иаков гэрлэсэн нь»
w03 10/15 29 ¶6
Иаков Бурхантай дотно болгох зүйлийн үнэ цэнг ойлгодог байсан
Сүйт бүсгүйн гэр бүлд төлбөр төлснөөр сүй нь хүчинтэй болдог байв. Хожим Мосегийн хуульд зааснаар бол онгон бүсгүйтэй хавьтсан хүн уг бүсгүйг худалдан авахын тулд 50 мөнгөн шекелийг төлөх ёстой байв. Эрдэмтэн Гордон Венхамынхаар бол энэ төлбөр нь «сүйт бүсгүйн хамгийн үнэтэй төлбөр» байсан бөгөөд ихэнх тохиолдолд «хамаагүй бага төлбөрийг» төлдөг байсан (Дэд хууль 22:28, 29). Иаков төлбөр төлж чадахгүй байв. Тиймээс Лабаныд долоон жил ажиллахаар болжээ. Гордон Венхам: «Эртний Вавилоны үед жирийн ажилчид нэг сар ажиллаад хагас юм уу нэг шекелийг [7 жил ажиллавал 42–84 орчим шекел] авдаг байсан учраас Иаков нь Рахелтай гэрлэхийн тулд сүйт бүсгүйн төлбөрийг нэлээн их төлөхөөр тохирсон» гэжээ. Лабан ч шууд зөвшөөрчээ (Эхлэл 29:19).
w07 10/1 8-9
«Израйлын гэрийг босгогч» эгч дүү хоёрын зовлон
Леа Иаковыг хуурахын тулд хуйвалдсан уу? Эсвэл аргагүй эрхэнд аавынхаа үгэнд орсон уу? Рахел хаана байсан бэ? Тэрбээр юу болж байгааг мэдэж байсан уу? Мэдэж байсан бол энэ явдал түүнд ямар санагдсан бэ? Рахел захиргааддаг эцгээ сөрж чадаагүй байсан болов уу? Библид эдгээр асуултын хариу байхгүй. Рахел Леа хоёр энэ явдлыг юу гэж үзсэнээс нь үл хамааран Иаков энэ заль мэхийг мэдээд уурласан. Гэхдээ хоёр охинд нь биш харин Лабанд гомдол мэдүүлж «Би Рахелын төлөө танд зарцлагдсан биш үү? Та юунд намайг мэхэлсэн бэ?» гэж асуусан. Тэгэхэд Лабан: «Эгчээс нь түрүүлж дүүг нь өгөх ёс байхгүй. Үүний төлөө долоо хоногийг гүйцээ. Тэгээд бид чамд Рахелыг нь ч өгнө. Чи түүний төлөө надад дахин долоон жил зарцлагдах болно» гэжээ (Эхлэл 29:25–27). Ийнхүү Иаков мэхлэгдэж олон эхнэртэй амьдралаа эхэлсэн. Энэ нь хорт үр дагавартай хардалтыг авчирсан.
it-2 341 ¶3
Гэрлэлт
Ёслол. Хуримын тогтсон ёс анх байгаагүй ч, Израйлд хөл хөөрцөг болсон хуримын ёслол болдог байжээ. Хуримын өдөр сүйт бүсгүй гэртээ нарийн нягт бэлтгэл хийдэг. Эхлээд усанд ороод үнэрт тосыг биедээ түрхдэг (Ру 3:3; Езе 23:40-тай харьцуулаарай). Санхүүгийн боломж бололцооноосоо хамаараад үйлчлэгч эмэгтэйчүүдийнхээ тусламжтайгаар цээжний ороолт зүүж, тансаг хатгамалтай цагаан, урт хувцас өмсдөг хүн ч байжээ (Ие 2:32; Ил 19:7, 8; Ду 45:13, 14). Боломжтой хүн нь чимэглэл болон үнэт чулуугаар гоёж (Ис 49:18; 61:10; Ил 21:2), толгойноос хөл хүрсэн хөнгөн хувцас буюу нэгэн төрлийн гивлүүрийг нөмөрдөг байжээ (Ис 3:19, 23). Энэ нь Лабан Иаковыг яаж тийм амархан хуурсан болон Иаков Рахелын оронд Леаг өгснийг мэдээгүйн учрыг ойлгоход тус болно (Эх 29:23, 25). Ребека Исаактай уулзахаар явахдаа нөмрөгөө нөмөрсөн (Эх 24:65). Энэ нь эхнэр хүн нөхөртөө буюу нөхрийнхөө эрх мэдэлд захирагдана гэдгийг бэлгэдсэн (1 Ко 11:5, 10).
Эрдэнэс хайх нь
it-1 50
Үрчлэлт
Рахел Леа хоёр хоёул шивэгчнийхээ төрүүлсэн Иаковын хөвгүүдийг өөрийн «өвөр дээр» төрсөн хөвгүүд гэж үзсэн (Эх 30:3–8, 12, 13, 24). Энэ хүүхдүүд Иаковын хууль ёсны эхнэрүүдийн өөрсдөө төрүүлсэн хөвгүүдтэй хамт өвийг авсан. Тэд эцгийнхээ төрсөн хүүхдүүд мөн байсан хэдий ч, тэднийг төрүүлсэн шивэгчид нь эхнэрүүдийнх нь эзэмшил байсан учраас энэ хөвгүүд Рахел болон Леагийнх байсан.
w04 1/15 28 ¶7
Эхлэл номын онцлох санаа—II
30:14, 15—Рахел яагаад жирэмслэх боломжоо мандарваа цэцгээр худалдсан бэ? Эрт үед мандарваа цэцгийн жимсийг мэдээ алдуулахад, таталдах өвчнөөс урьдчилан сэргийлэх юм уу уг өвчнийг намдаахад хэрэглэдэг байсан. Мөн мандарваа цэцгийн жимс бэлгийн дур хүслийг өдөөж, бэлгийн хүчийг дээшлүүлэх эсвэл жирэмслэхэд тустай гэж үздэг байсан (Соломоны дуун 7:13). Рахел яагаад мандарваа цэцэг авахыг хүссэнийг Библид бичээгүй ч, тэрбээр мандарваа цэцгийг жирэмслэхэд тустай гэж үзээд, хүүсэр гэсэн ичгүүртэй нэрийг арилгана гэж бодсон байж болох юм. Гэхдээ энэ явдлаас хойш хэдэн жилийн дараа Ехова «умайг нь нээж өгсөн» (Эхлэл 30:22–24).