ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ
Олон юмыг нэгэн зэрэг хийх нь зөв үү?
Чи олон юмыг нэгэн зэрэг хийж чаддаг уу?
Чи олон юмыг нэгэн зэрэг хийдэг үү? Хар багаасаа техник технологитой нөхөрлөсөн залуус том болоод техник технологитой танилцсан хүмүүсийг бодвол олон юмыг нэгэн зэрэг хийж чаддаг гэж боддог хүн олон. Гэхдээ энэ үнэхээр үнэн үү?
ҮНЭН үү, ХУДЛАА юу?
Олон юмыг нэгэн зэрэг хийхээр цаг хэмнэдэг.
Дадлага хийгээд байвал олон юмыг нэгэн зэрэг хийх чадвар сайжирдаг.
Хүүхэд залуус настай хүмүүсийг бодвол олон юмыг нэгэн зэрэг хийхдээ сурамгай.
Хэрэв чи дээрх гурвын аль нэгийг үнэн гэж бодож байгаа бол олон юмыг нэгэн зэрэг хийж чадна гэдэг «үлгэрт» итгэж байгаа хэрэг юм.
Олон юмыг нэгэн зэрэг хийнэ гэдэг үлгэр
Чи хоёр юмыг нэгэн зэрэг хийж чадна гэж боддог уу? Зарим юмыг хослуулан хийх боломжтой. Жишээлбэл, чи хөгжим сонсонгоо гэрээ сайхан цэвэрлэж чадна шүү дээ.
Гэхдээ анхаарал шаардсан хоёр ажлыг нэгэн зэрэг хийх гэж оролдвол аль аль нь үр дүнгүй болно. Тийм учраас Катерин гэдэг бүсгүй олон юмыг нэгэн зэрэг хийхийг «Олон юмыг нэгэн зэрэг замбараагүй болгох явдал» гэжээ.
«Би нэг хүнтэй юм ярьж байтал мессеж ирсэн. Тэгээд түүнийг сонсонгоо мессежийн хариу бичих гэж оролдов. Тэгсэн чинь ярьж байгаа хүний үгийг ч сайн ойлгоогүй, мессежийнхээ бараг үг болгоныг алдаатай бичээд явуулсан байлаа»—Калеб.
Техник технологийг судалдаг Шерри Тёркл: «Олон юмыг нэгэн зэрэг хийж байхад ... шинэ ажил нэмэгдэх болгонд хөтөлбөрийн бүтээмж буурдаг. Олон юмыг нэгэн зэрэг хийх нь тархины ажиллагаанд нөлөөлж эрч хүчтэй болдог юм шиг санагдаад ажлаа сайн хийж байна гэж боддог ч үнэндээ бүх юм эсрэгээр болдог» гэж бичжээ.a
«Би заримдаа хүнтэй ярингаа мессеж бичих юухан байх вэ гэж бодоод мессеж бичдэг ч бичих гэж байсан үгээ ярилцаж байгаа хүндээ хэлээд, хэлэх гэж байсан үгээ бичиж явуулаад бөөн холион бантан болгочихдог»—Тамара.
Олон юмыг нэгэн зэрэг хийх гэж оролдвол өөрсдөдөө төвөг удах нь бий. Жишээлбэл, өөр юм хийнгээ гэрийн даалгавраа хийвэл илүү их цаг зарцуулах юм уу сайн хийж чадалгүй дахиад хийх шаардлага гардаг. Аль нь ч бай, дуртай юмаа хийх цаг үлдэхгүй!
Сэтгэл засалч, сургуулийн сэтгэл зүйч Томас Керстинг: «Хүний тархийг эмх цэгцтэй мэдээллийн сантай зүйрлэвэл олон юмыг нэгэн зэрэг хийж байгаа хүний тархи эмх замбараагүй мэдээллийн сантай адил байдаг» гэж бичжээ.b
«Нэгэн зэрэг олон юмыг хийхээр гол юм орхигддог. Цаг хэмнэнэ гэж бодсон ч, харин ч өөртөө төвөг удаж бүр олон цаг зарцуулах хэрэгтэй болдог»—Тереса.
Олон ажлыг зэрэг хийх нь нэг машинаар салаа замаар явах гэж оролдохтой адил
Яах нь дээр вэ?
Нэг л зүйлд анхаарлаа хандуулж сураарай. Гэрийн даалгавраа хийнгээ мессеж бичих зэрэг олон юмыг зэрэг хийх зуршилтай бол үүнээсээ салах амаргүй байж болох юм. Библид «илүү чухал юмыг магадлахыг» зөвлөсөн байдаг (Филиппой 1:10). Аль ажил илүү чухал вэ гэдгийг магадлаад тэр ажлаа эхлээд хийгээрэй. Хийж байгаа ажлаа л анхаараарай.
«Анхаарал төвлөрөөгүй үед бидний тархи бүх юм руу сарвайж байгаа жаахан хүүхэдтэй адил байдаг. Дураар нь тавилгүй “Үгүй” гэж хэлэх хэрэгтэй»—Мариа.
Анхаарал сарниулах зүйлсээс зайлсхийгээрэй. Гэрийн даалгавраа хийж байхдаа өөрийн мэдэлгүй утсаа авчихдаг уу? Тийм бол утсаа өөр өрөөнд тавиарай. Зурагтаа унтраагаарай. Олон нийтийн сүлжээг ор тас мартаарай. «Цагаа зөв ашигла» гэж Библид байдаг шүү дээ (Колосай 4:5).
«Би нэг юманд анхаарлаа хандуулах нь хамаагүй дээр гэдгийг ойлгосон. Хийх ажлаа жагсааж бичээд хийснийгээ дараад дараагийнхыг нь хийдэг. Ингэхээр сайхан байдаг»—Оня.
Ярилцаж байгаа хүндээ хамаг анхаарлаа хандуулаарай. Хүнтэй ярилцаж байхдаа утсаараа оролдоод байвал яриаг нь ойлгохгүйгээр барахгүй маш бүдүүлэг хэрэг болно. Библи «Өөрт тань яаж хандаасай гэж хүснэ, өөрөө ч мөн бусдад тийнхүү хандаарай» гэж уриалдаг (Матай 7:12).
«Юм ярьж байхад охин дүү маань мессеж бичих юм уу утсаараа оролдоод байдаг. Тэгэхээр нь үхтэлээ уур хүрнэ гээч! Гэхдээ үнэнийг хэлэхэд, би ч хааяа тэгдэг л дээ»—Дэйвид.