Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • бх бүлэг 17 х. 196-205
  • «Хамгийн ариун итгэл дээрээ өөрсдийгөө сүндэрлүүл»

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • «Хамгийн ариун итгэл дээрээ өөрсдийгөө сүндэрлүүл»
  • «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ЕХОВАГИЙН ХУУЛЬ ТУШААЛЫГ ТУСТАЙ ГЭДЭГТ ИТГЭХ ИТГЭЛЭЭ ТАСРАЛТГҮЙ БЭХЖҮҮЛЭХ НЬ
  • «ТӨЛӨВШИЛТ РҮҮ ТЭМҮҮЛЦГЭЭЕ»
  • ЕХОВАГИЙН ӨГСӨН НАЙДВАРТ АНХААРЛАА ХАНДУУЛЖ БАЙХ НЬ
  • Бурхнаараа хайрлуулж явъя
    Бурхнаараа хайрлуулж явъя
  • Еховад найдаж, зоригтой байгтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2006
  • Найдвараа батжуулъя
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
  • «Төлөвшихийн тулд зүтгэлтэй байя»
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
Илүү дэлгэрэнгүй харах
«Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
бх бүлэг 17 х. 196-205

БҮЛЭГ 17

«Хамгийн ариун итгэл дээрээ өөрсдийгөө сүндэрлүүл»

«Хамгийн ариун итгэл дээрээ өөрсдийгөө сүндэрлүүлж, ... Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь» (ИУДА 20, 21).

1, 2. Та ямар барилга барьж байгаа вэ? Чанартай барих нь ямар учраас амин чухал бэ?

ТА өөрийгөө барилга барьж байгаагаар төсөөл дөө. Энэ ажлыг эхэлснээс хойш нэлээд хугацаа өнгөрсөн бөгөөд цаашдаа ч үргэлжлэх аж. Бэрхшээл чамгүй их гарч байгаа ч та ажилдаа сэтгэл хангалуун яваа. Ажлаа чанартай хийх эсэхээс таны амь амьдрал, ирээдүй шалтгаалах учир юунд ч шантралгүй, өчүүхэн ч залхууралгүй хийхээр шийджээ. Үнэндээ, тэр барилга бол та өөрөө юм.

2 Христиан хүн өөрийгөө «сүндэрлүүлэх» буюу барьж байгуулах учиртайг шавь Иуда онцлон тэмдэглэжээ. Тэрбээр: «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь» гэж уриалаад, үүний тулд яах хэрэгтэйг тайлбарлан: «Хамгийн ариун итгэл дээрээ өөрсдийгөө сүндэрлүүл» хэмээжээ (Иуда 20, 21). Тэгвэл Бурхны хайран дотор байхын тулд итгэлээ бэхжүүлэн, өөрийгөө барьж байгуулах ямар ямар арга байна вэ? Сүнслэг барилгын ажилд чухал хэрэгтэй гурван зүйлийг авч үзье.

ЕХОВАГИЙН ХУУЛЬ ТУШААЛЫГ ТУСТАЙ ГЭДЭГТ ИТГЭХ ИТГЭЛЭЭ ТАСРАЛТГҮЙ БЭХЖҮҮЛЭХ НЬ

3–5. а) Сатан биднийг төөрөлдүүлж, Еховагийн хууль тушаалыг юу гэж бодуулахыг оролддог вэ? б) Бид Бурхны хууль тушаалыг юу гэж үзэх хэрэгтэй вэ? Энэ нь тэдгээрийг сахихад ямар ач холбогдолтой вэ? Жишээгээр тайлбарлана уу.

3 Юуны түрүүнд, Еховагийн хууль тушаалыг тустай гэдэгт итгэх итгэлээ бэхжүүлэх хэрэгтэй. Бид энэ номын тусламжтайгаар Еховагийн олон хууль тушаалыг дэлгэрэнгүй үзсэн. Та тэдгээрийг үнэлдэг үү? Сатан биднийг төөрөлдүүлж, Бурхан хууль, зарчим, хэм хэмжээ тогтоон, хүний эрх чөлөөг хааж боодог, дарамт төвөг учруулдаг гэж бодуулахыг оролддог. Тэрбээр энэ аргыг анх Еден цэцэрлэгт хэрэглэж, үр дүнд хүрснээсээ хойш тогтмол хэрэглэж байгаа (Эхлэл 3:1–6). Энэ аргад нь хууртахгүй байх эсэх маань ямар үзэл бодолтой байхаас ихээхэн шалтгаална.

4 Та сайхан цэцэрлэгт зугаалж яваад нэг хэсэг газрыг өндөр хашаагаар тусгаарласан байхыг анзаарчээ гэж бодъё. Хашаан доторх нь их сайхан харагдаж байлаа. Тиймээс та хашаа барьсан хүнийг эрх чөлөөг минь хааж боожээ гэж бодож болох юм. Тэгээд анхааралтай хартал олз хайж яваа нэг арслан байлаа! Одоо та тэр хашааг ямар учиртай барьсныг ойлгоо биз ээ. Арслангаас хамгаалсан хэрэг байж. Тэгвэл таныг барьж идэх гэж яваа ямар нэг араатан байгаа юм биз биш? Библи: «Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг» гэж сэрэмжлүүлдэг (1 Петр 5:8).

5 Сатаныг зэрлэг араатантай зүйрлэж болно. Ехова биднийг Сатаны олз болохоос сэргийлж, тэрхүү муу нэгний «заль мэхнээс» хамгаалах зорилгоор олон хууль өгсөн (Ефес 6:11). Тийм ч учраас хууль тушаалыг нь эргэцүүлэн бодох тусам тэнгэрийн Эцгийнхээ хайрыг мэдэрдэг болно. Тэгэхлээр, Бурхан биднийг аюулгүй, жаргалтай амьдруулахын тулд хууль тушаалаа өгсөн юм байна. Шавь Иаков: «Эрх чөлөөний хууль болох төгс хуулийг няхуур үздэг бөгөөд түүгээр байдаг хүн нь үйлс дотроо ерөөгдөх болно» гэж бичжээ (Иаков 1:25).

6. Бурхны хууль, зарчмыг тустай гэдэгт итгэх итгэлээ бэхжүүлэх хамгийн сайн арга юу вэ? Жишээ хэлнэ үү.

6 Хууль тогтоогч Еховад итгэх итгэлээ бэхжүүлэх, хуулийнх нь цаана байдаг мэргэн ухааныг нь ойлгох хамгийн сайн арга бол Бурхны тушаалыг сахиж амьдрах явдал юм. Тухайлбал, «Христийн хуулийг» хэрэгжүүлэн, «Миний та нарт тушаасан бүгдийг» бусдад заа хэмээсэн тушаалыг нь биелүүлэх хэрэгтэй (Галат 6:2; Матай 28:19, 20). Бас нэг чухал тушаал бол Бурхнаа шүтэж, бие биеэ босгон байгуулахын тулд итгэл нэгтнүүдтэйгээ тогтмол уулзах нь юм (Еврей 10:24, 25). Түүнээс гадна, чин сэтгэлээсээ, тасралтгүй залбирахыг Бурхан тушаасан (Матай 6:5–8; 1 Тесалоник 5:17). Эдгээр тушаалыг дуулгавартай биелүүлэх тусам Бурхныхаа хайрыг улам ихээр мэдэрч, өнөөгийн зовлонт ертөнцийн хаанаас ч олдохгүй баяр баясгаланг эдэлж, сэтгэл хангалуун явах болно. Та Бурхны хуулийг сахиад ямар ач тус хүртсэнээ эргэцүүлэн бод доо. Бурхны хуулийг тустай гэдэгт илүү итгэдэг болж байгаа биз?

7, 8. Бурханд насан туршдаа үнэнч байж чадахгүй байх гэж айдаг хүмүүсийг Библи хэрхэн зоригжуулдаг вэ?

7 Зарим хүн Бурхны хуулийг насан туршдаа сахиж чадахгүй байх, ямар нэгэн буруу юм хийчих байх гэж айдаг. Та ч гэсэн тэгж бодож байсан бол дараах үгийг санаарай. «Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн. Би чамд тустайг сурган, чамайг явах ёстой замаар чинь удирддаг. Хэрэв чи зөвхөн Миний тушаалуудад анхаарлаа хандуулбал, чиний энх амгалан байдал гол мэт, чиний үнэн зөв нь далайн давалгаа мэт байх болно» гэж Ехова амласан (Исаиа 48:17, 18). Та урьд нь энэ үгийг эргэцүүлэн бодож байсан уу?

8 Дуулгавартай байх нь бидэнд ашигтай бөгөөд хоёр ач тус авчирдгийг Ехова энд хэлсэн байна. Нэгдүгээрт, бидний энх амгалан байдлыг арвин их устай, намуун зөөлнөөр, тасралтгүй урсдаг гол мэт болно гэжээ. Хоёрдугаарт, бидний үнэн зөвийг далайн давалгаа мэт байх болно хэмээсэн. Далайн эрэг дээр зогсоод, ар араасаа тасралтгүй хөврөх давалгааг ажиглахад, өнө мөнхөд давалгаалах юм байна гэсэн сэтгэгдэл төрнө. Хэчнээн ч жил өнгөрсөн, давалгаа долгиолон ирсээр, далайн эргийг цохисоор байхыг нь ойлгоно. Үүнтэй адилаар, таны үнэн зөв байдал тасралтгүй үргэлжлэх буюу та Бурхны өмнө цаг үргэлж зөв үйлийг хийх ажээ. Хэрэв та үнэнч байхыг хичээвэл Бурхан хэзээ ч орхихгүй (Дуулал 55:22). Ийм сайхан амлалт нь Еховад болон түүний хууль тушаалыг тустай гэдэгт итгэх итгэлийг бэхжүүлэхгүй гэж үү?

«ТӨЛӨВШИЛТ РҮҮ ТЭМҮҮЛЦГЭЭЕ»

9, 10. а) Төлөвших нь христиан хүний эрхэм зорилго гэж яагаад хэлж болох вэ? б) Сүнслэг үзэлтэй хүн баяр баясгалантай байдгийн учир юу вэ?

9 Сүнслэг барилгын ажилд чухал хэрэгтэй хоёр дахь зүйл нь «төлөвшилт рүү тэмүүлэх» явдал юм (Еврей 6:1). Төлөвших гэдэг нь христиан хүн бүрийн өмнөө тавивал зохих эрхэм зорилго мөн. Бид одоо төгс болж чадахгүй ч төлөвшиж чадна. Түүнээс гадна, христиан хүн хэдийчинээ төлөвшинө, Бурханд үйлчлэхдээ төдийчинээ баяр баясгалантай болдог. Ингэж хэлэхийн учир юу вэ?

10 Төлөвшсөн христиан хүн аливаад Еховагийн үзэл бодлоор ханддаг (Иохан 4:23). Элч Паул: «Махан биеийн дагуу байгчид нь махан биеийн юмсыг боддог. Харин Сүнсний дагуу байгчид нь Сүнсний юмсыг боддог» гэж бичжээ (Ром 8:5). Махан биеийн үзэлтэй хүн хувиа хичээсэн, ухвар мөчид бодолтой, эд материалыг илүү анхаардаг учраас жинхэнэ баяр хөөрийг ойлгодоггүй. Харин сүнслэг үзэлтэй хүн «жаргалтай Бурхан» Еховад анхаарлаа хандуулдаг учир жинхэнэ ёсоор баяр хөөртэй амьдардаг (1 Тимот 1:11, ШЕ). Сүнслэг хүн Еховад таалагдахыг хамгийн их хүсдэг бөгөөд сорилттой тулгарсан ч баяр баясгалангаа алддаггүй. Учир нь сорилтыг Сатаны худалчийг баталж, тэнгэрийн Эцэгтээ чин үнэнчээ харуулж, түүнийг баярлуулах завшаан гэж үздэг (Сургаалт үгс 27:11; Иаков 1:2, 3).

11, 12. а) Паулын хэлснээр, христиан хүн сайн мууг ялгахын тулд яах ёстой вэ? «Суралцах» гэж орчуулсан үг ямар утгатай вэ? б) Хүний бие хэрхэн дасгалждаг вэ?

11 Сүнслэг буюу төлөвшсөн христиан болохын тулд дасгал сургууль хийх хэрэгтэй. Библид: «Бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддаг. Тэд дадлагажуулдаг учраас мэдрэмж нь сайн мууг ялгахад суралцжээ» гэж байдгийг авч үзье (Еврей 5:14). Паул сайн мууг ялгахад «суралцах» гэж бичихдээ нэгдүгээр зууны Грекийн тамирчдын мэддэг байсан үгийг хэрэглэсэн бөгөөд тэр үг нь «гимнастикч шиг дасгалжих» гэсэн утгатай ажээ. Дасгалжих гэж юу гэсэн үг вэ?

[201-р хуудасны зураг]

Гимнастикч дасгал сургууль хийж биеэ дасгалжуулдаг

12 Хүн эхээс төрөхөд бие нь дасгалжаагүй байдаг. Жишээ нь, нялх хүүхэд гар хөлөө ч хүссэнээрээ хөдөлгөж сураагүй байдаг. Тийм учраас, гараа савчиж байгаад нүүрээ цохичихоод айж, гайхдаг шүү дээ. Гэхдээ гар хөлөө хөдөлгөн дадлагажуулсаар биеэ дасгалжуулдаг. Хүүхэд өсөхийн хэрээр эхлээд мөлхөж сурна, дараа нь хөлд орно, тэгээд гүйж сурдаг.a Тэгвэл гимнастикч яадаг вэ? Өндөрт үсэрч, агаарт эргэлдэх уян налархай гимнастикчийг харсан хүн бүр биеэ бүрэн дасгалжуулсныг нь төвөггүй ойлгох биз ээ. Тамирчин хүн хар аяндаа ийм болчихдоггүй, олон цагаар дасгал сургууль хийж байж ийм болдог. Гэвч Библид бичсэнээр, биеийн дасгал нь «өчүүхэн тус болох» учир сүнслэг зүйлийг ялгах чадвараа сургах нь илүү чухал юм (1 Тимот 4:8).

13. Ялгах чадвараа яаж сургах вэ?

13 Сүнслэг хүн болж, Бурханд үнэнчээр үйлчлэхэд тустай, ялгах чадвараа сургахад ач холбогдолтой олон зүйлийг бид энэ номоос үзсэн. Өдөр тутмын амьдралдаа шийдвэр гаргахдаа залбирч байгаад Библийн зарчим, хуулийг эргэцүүлэн бодож байгаарай. Шийдвэр гаргах бүрдээ «Библид байдаг ямар зарчим, хууль энэ асуудалд хамаатай вэ? Тэр зарчмыг яаж хэрэгжүүлэх вэ? Ямар шийдвэр гаргавал тэнгэрийн Эцэг маань баярлах вэ?» гэж бодож байгаарай (Сургаалт үгс 3:5, 6; Иаков 1:5). Шийдвэр гаргах болгондоо ингэж боддог бол ялгах чадвараа сургаж байна гэсэн үг. Ялгах чадвараа сургадаг хүн жинхэнэ сүнслэг хүн болдог.

14. Сүнслэгээр өсөхийн тулд яах хэрэгтэй вэ? Гэхдээ юунаас болгоомжлох хэрэгтэй вэ?

14 Христиан хүн төлөвшихийн хэрээр сүнслэгээр өсөх учиртай. Бие махбодын өсөлт хоол хүнснээс шалтгаалдаг. Паул: «Бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддаг» гэж хэлсэн. Итгэлээ бэхжүүлэх нэг чухал арга бол сүнслэг бор хоолыг байнга хүртэх явдал юм. Сурч мэдсэнээ амьдралдаа оновчтой хэрэгжүүлбэл мэргэн ухаан суудаг. «Хүсэж болох ямар ч зүйлсийг түүнтэй зүйрлэхийн аргагүй» гэж мэргэн ухааны талаар Библид бичжээ. Тиймээс бид Еховагийн заадаг эрхэм үнэнийг мэдэж авахыг шимтэн хүсэх хэрэгтэй (Сургаалт үгс 8:11; 1 Петр 2:2). Гэхдээ мэдлэгтэй, мэргэн ухаантай боллоо гээд биеэ тоож, сагсуурах ёсгүй. Бардам зан гэх мэтийн сул талтай болохоос сэргийлж, өөрийгөө тогтмол шалгаж байх хэрэгтэй. Паул: «Та нар итгэл дотор байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө батал» хэмээн захижээ (2 Коринт 13:5).

15. Сүнслэгээр өсөхөд хайр ямар учраас амин чухал бэ?

15 Барилгаа барьж дуусгалаа ч, үүгээр бүх ажил дуусахгүй. Арчилж тордох, засаж янзлах зайлшгүй шаардлага гардаг. Бас нөхцөл байдлаас шалтгаалаад өргөтгөх хэрэг гарч болох юм. Тэгвэл сүнслэгээр төлөвшиж, Бурхантай тогтоосон харьцаагаа бэхжүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ? Хамгийн гол нь, хайраа хөгжүүлэх хэрэгтэй. Ехова Бурхнаа, итгэл нэгтнүүдээ илүү их хайрладаг болох нь амин чухал. Гүнзгий мэдлэг эзэмшиж, ихийг хийсэн байлаа ч, хайрладаггүй бол бид юу ч биш болно (1 Коринт 13:1–3). Харин хайр байсан цагт христиан ёсоор төлөвшиж, сүнслэгээр тасралтгүй өснө.

ЕХОВАГИЙН ӨГСӨН НАЙДВАРТ АНХААРЛАА ХАНДУУЛЖ БАЙХ НЬ

16. Сатан хүмүүсийг ямар аюултай үзэлд автуулдаг вэ? Ехова биднийг яаж хамгаалдаг вэ?

16 Барилгын ажилд чухал хэрэгтэй гурав дахь зүйлийг авч үзье. Христийн жинхэнэ дагалдагч болж өөрийгөө барьж байгуулахын тулд ухаан санаагаа хамгаалах хэрэгтэй. Энэ ертөнцийн захирагч Сатан хүмүүсийг сэтгэлээр унагаж, итгэл найдварыг нь алдуулж, урам зоригийг нь мохоон, гутранги үзэлд автуулахдаа гарамгай (Ефес 2:2). Христиан хүн тийм үзэлтэй болбол байшингийн яс мод өмхрөхтэй адил аюултай. Гэхдээ Ехова биднийг хамгаалж, найдвар өгдөг.

17. Найдвар хэр зэрэг чухал бэ? Библид найдварыг юутай зүйрлэдэг вэ?

17 Сатан болон энэ ертөнцтэй тэмцэхдээ христиан хүний өмсөх ёстой сүнслэг хуяг дуулганы талаар Библид бичсэн байдаг. Дуулга буюу «авралын найдвар» үнэхээр чухал үүрэгтэй (1 Тесалоник 5:8). Цэрэг хүн дуулга өмсөхгүйгээр тулалдаанд орвол амьд үлдэх нь юу л бол. Эрт цагт металлаар хийсэн дуулгыг эсгий юм уу арьсан малгайн гадуур өмсдөг байжээ. Дуулга нь сумыг буцаан ойлгож, илдний хүчийг хариулан, толгой тархийг хамгаалдаг. Үүнтэй адилаар, найдвар ухаан санаа, үзэл бодлыг хамгаалдаг.

18, 19. Есүс найдвараа алдахгүй байхын жишээг хэрхэн үзүүлсэн бэ? Есүсийг хэрхэн дуурайж болох вэ?

18 Есүс найдвараа алдахгүй байхын сайхан жишээ үзүүлсэн. Дэлхийд өнгөрүүлсэн эцсийн шөнөө юу үзсэнийг нь бодож үзье. Дотнын шавь нарынх нь нэг нь мөнгөнд шунасандаа Есүсээс урвадаг. Нөгөө нь түүнийг танихгүй гэж мэлздэг. Бусад нь бүгдээрээ хаяад зугтдаг. Бас элэг нэгтнүүд нь түүнийг Ромын цэргүүдийн гарт өгч, тамлан алахыг шаардаж байлаа. Бидэнд хэзээ ч учрахгүй тийм хүнд сорилтод Есүс орж байжээ гэж хэлэхэд дэгсдэхгүй болов уу. Энэ бүхнийг Есүс яаж даван туулсан бэ? Еврей 12:2-т: «Тэр Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн бөгөөд Бурхны сэнтийн баруун гарт заларсан юм» гэж байдаг. Есүс «өмнө [нь] тавигдсан баяр баясгаланг» хэзээ ч алдаагүй юм.

19 Есүсийн өмнө ямар баяр баясгалан байсан бэ? Тэрбээр зовлонг тэвчвэл Еховаг нэрээ ариусгахад нь хувь нэмэр оруулж, Сатаны худалчийг хөдөлшгүйгээр баталж чадна гэдгээ мэдэж байсан. Энэхүү найдвар Есүст баяр баясгалан болж байлаа. Түүнээс гадна, үнэнч байсныхаа төлөө Эцгээсээ шагнал хүртэж, Эцэгтэйгээ дахин хамт байх сайхан цаг яг өмнө нь байгааг ойлгож байв. Хамгийн хүнд сорилтод орж байхдаа ч энэ сайхан найдвараа алдаагүй ажээ. Бид Есүсийг дуурайх хэрэгтэй. Бидний өмнө ч гэсэн баяр баясгалан байгаа. Ехова бидэнд нэрийг нь ариусгах үйлсэд хувь нэмэр оруулах хүндтэй завшаан оноосон. Бид сорилт, хорхой хүргэм зүйлтэй тулгарсан ч, Еховаг Хэмжээгүй эрхт Эзнээ гэж хүлээн зөвшөөрч, хайран дотор нь өөрсдийгөө сахивал Сатаны худалчийг баталж чадна.

20. Найдвараа алдахгүй, өөдрөг үзэлтэй байхад юу туслах вэ?

20 Ехова үнэнч үйлчлэгчдээ шагнахыг хүсдэг төдийгүй шагнахад бэлэн байдаг (Исаиа 30:18; Малахи 3:10). Үнэнч үйлчлэгчдэдээ зүрхнийх нь зөвт хүслийг биелүүлж өгөхдөө баярладаг (Дуулал 37:4). Тиймээс, Бурхны амласан ирээдүйн найдварт анхаарлаа хандуулж байгаарай. Мөдхөн устаж үгүй болох Сатаны ертөнцийн гутранги, бузар, гажууд үзэлд хэзээ ч бүү автаарай. Хэрэв энэ ертөнц таны үзэл бодол, сэтгэл зүрхэнд нөлөөлж байгааг мэдэрвэл «бүх оюун ухаанаас дээгүүрх Бурхны амар тайвныг» гуйж, шаргуу залбираарай. Еховагийн өгөх тэр амар тайван зүрх сэтгэл, санаа бодлыг тань хамгаална (Филиппой 4:6, 7).

21, 22. а) «Үй олон хүнд» ямар гайхамшигтай найдвар байдаг вэ? б) Та ирээдүйн ямар үйл явдлыг хамгийн их хүлээж байна вэ? Та яахаар шийдсэн бэ?

21 Ирээдүйн найдвараа эргэцүүлэн бодоход үнэхээр сэтгэл хөдөлдөг. Хэрэв та «үлэмж их зовлонг» эсэн мэнд давах «үй олон хүний» нэг мөн бол тун удахгүй амьдрал тань хэрхэн өөрчлөгдөхийг бодоод үз дээ (Илчлэлт 7:9, 14). Сатан болон чөтгөрүүдийг үгүй болоход жинхэнэ ёсоор амар тайван амьдарна гэхлээр одоо санаанд багтахгүй байж болох юм. Учир нь Сатаны дарамт шахалтаас ангид амьдарч үзсэн хүн бидний дунд байхгүй шүү дээ. Гэхдээ одоогийн бүх бэрхшээл үгүй болж, Есүс Христ болон 144000 хамтран захирагчийнх нь удирдлага дор дэлхийг диваажин болгох сайхан ажлыг хийнэ гээд төсөөл дөө. Өвчин эмгэг арилж, нас барсан хүмүүсээ дахин амилахад нь угтан авч, Бурхны анхны санаа зорилгын дагуу амьдарна гэж бодоход хэчнээн сайхан! Бас төгс болохын хэрээр илүү том нэг шагнал авах цаг улам ойртоно. Тийм ээ, Ром 8:21-д бичсэнээр, «Бурхны хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд» хүрнэ!

22 Ехова таныг бодож санаснаас тань илүү эрх чөлөөтэй амьдруулахыг хүсдэг. Тэр эрх чөлөөнд хүргэх зам нь Бурханд дуулгавартай байх явдал юм. Тиймээс Еховад өдөр бүр дуулгавартай байх гэж одоо хичээж байгаа тань сайн хэрэг. Хамгийн ариун итгэл дээрээ өөрийгөө сүндэрлүүлэхийн тулд чадах бүхнээ хийгээрэй. Тэгж гэмээнэ та Бурхны хайран дотор үүрд мөнх байна!

a Хүн булчин, шөрмөсний авуур гэдэг тусгай мэдрэлийн тусламжтайгаар биеийн байрлал, гар хөлийнхөө хөдөлгөөнийг мэдэрдэг гэж эрдэмтэд үздэг. Ийм мэдрэмжтэй учраас нүдээ аньж байгаад алгаа таших гэх мэтийн үйлдэл хийж чаддаг. Нэгэн өвчтөн зогсох, явах, суух чадваргүй болсон нь ийм мэдрэмжээ алдсаных байжээ.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах