Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц22 10 сар х. 24-28
  • Найдвараа батжуулъя

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Найдвараа батжуулъя
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • БИДНИЙ НАЙДВАР ЗАНГУУТАЙ АДИЛ
  • БИДНИЙ НАЙДВАР ДУУЛГАТАЙ АДИЛ
  • НАЙДВАРАА БАТЖУУЛААРАЙ
  • ИТГЭЛ НАЙДВАРТАЙДАА БАЯРЛА
  • Жинхэнэ итгэл найдварыг хаанаас олох вэ?
    Сэрцгээ!—2004
  • Еховад найдаж, зоригтой байгтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2006
  • Найдвар талаар болохгүй
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2023
  • 2023 онд өөдрөг байх шалтгаан—Библид юу гэж байдаг вэ?
    Янз бүрийн сэдвээр
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
хц22 10 сар х. 24-28

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 44

Найдвараа батжуулъя

«Мөнхийн ЭЗЭНд [«Еховад», ШЕ] найдан хүлээгтүн» (ДУУ. 27:14, МБН, 2015).

ДУУ 24 Шагналаа харж явъя!

ТОЙМa

1. Ехова бидэнд ямар найдвар өгсөн бэ?

ЕХОВА бидэнд мөнх амьдрах гайхамшигт найдвар өгсөн. Зарим хүн үхэшгүй биетэй болж тэнгэрт үүрд амьдрах найдвартай (1 Кор. 15:50, 53). Гэхдээ ихэнх хүн цоо эрүүл биетэй болж дэлхий дээрээ аз жаргалтай, үүрд мөнх амьдрах найдвартай (Илч. 21:3, 4). Тэнгэрт ч, газарт ч, хаана ч мөнх амьдрах бай бид энэ найдвараа маш их эрхэмлэдэг.

2. Бидний найдвар юунд үндэслэдэг вэ? Ингэж хэлэхийн учир юу вэ?

2 Библид бичсэн «найдах» гэдэг үгийг «сайн зүйлс болохыг хүсэн хүлээх» гэсэн утгаар ойлгож болно. Энэ найдварыг Ехова бидэнд өгсөн учраас заавал биелнэ гэдэгт бат итгэдэг (Ром 15:13). Ехова юу амласныг, бас амласнаа заавал биелүүлдгийг бид мэддэг (Тоол. 23:19). Ехова амласан болгоноо биелүүлэх хүсэлтэй, бас хүчтэй гэдэгт баттай итгэдэг. Тиймээс бидний найдварын үндэс нь хий хоосон мөрөөдөл биш, харин нотлох баримт бүхий бодит үнэн юм.

3. Энэ өгүүллээр юуны тухай авч үзэх вэ? (Дуулал 27:14).

3 Тэнгэрийн эцэг маань бидэнд хайртай, бас өөрт нь итгээсэй гэж хүсдэг (Дуулал 27:14-ийг уншина). Бид Еховад бат итгэдэг бол тулгарч байгаа сорилтыг давж, ирээдүйд юу ч тохиолдсон зоригтой, баяр хөөртэй байж чадна. Найдвар биднийг хэрхэн хамгаалдгийг авч үзье. Эхлээд найдварыг зангуу, дуулгатай адил гэхийн учрыг, дараа нь найдвараа хэрхэн батжуулахыг ярилцъя.

БИДНИЙ НАЙДВАР ЗАНГУУТАЙ АДИЛ

4. Найдварыг зангуутай зүйрлэж болохын учир юу вэ? (Еврей 6:19).

4 Элч Паул еврейчүүдэд бичсэн захидалдаа найдварыг зангуутай зүйрлэсэн (Еврей 6:19-ийг уншина). Үе үе далайгаар аялдаг байсан тэрбээр усан онгоцыг зангуугаар аргамжлан тогтоодгийг мэддэг байв. Нэг удаа аялж явахад далайн хүчтэй шуурга болдог. Далайчид зангууг усанд хаяж онгоцоо хад мөргөхөөс хамгаалахыг Паул харсан (Үйлс 27:29, 39–41). Найдвар маань зангуутай адилаар сорилтын үед Еховагаас холдохоос хамгаалдаг. Хэрэв найдвар бат бол шуурга мэт хэцүү юм учирсан ч сайхан цаг удахгүй болохыг мэддэг учраас тайван байж чадна. Есүс бидэнд хавчигдана гэж хэлснийг санаарай (Ёох. 15:20). Тэгэхлээр ирээдүйд авах шагналынхаа тухай эргэцүүлэн бодвол Еховад үнэнч байж тууштай үйлчилж чадна.

5. Үхэлтэй нүүр тулгарсан Есүс найдварынхаа ачаар хэрхэн үнэнч байж чадсан бэ?

5 Есүс тамлагдаж үхэхээ мэдэж байсан ч найдварынхаа ачаар хэрхэн үнэнч байсныг ярилцъя. МЭ 33 оны Тавь дахь өдрийн баяраар элч Петр «Дуулал» номд бичсэн зөгнөлөөс эш татаж Есүсийн итгэлтэй, тайван байсныг дүрслэхдээ «Би ... найдвар өвөрлөн амьдарна. Яагаад гэвэл та намайг Булшинд орхихгүй, өөрт тань үнэнч нэгнийг ялзруулахгүй. Та ... намайг өмнөө байлгаж баярлуулдаг» гэжээ (Үйлс 2:25–28; Дуу. 16:8–11). Есүс үхэхээ мэдэж байсан ч Бурхан өөрийг нь амилуулна гэдэгт, мөн тэнгэрт эцэгтэйгээ баяр хөөртэйгөөр дахин уулзана гэдэгтээ бат итгэж байв (Евр. 12:2, 3).

6. Леонард найдварын тухай юу гэж хэлсэн бэ?

6 Олон ах дүү нар маань Бурхны өгсөн найдварын ачаар тэвчээртэй байсан. Англид амьдарч байсан Леонард Чинн гэдэг үнэнч хүний жишээг ярилцъя. Дэлхийн I дайны үеэр цэрэгт явахаас татгалзсан учир түүнийг шоронд хорьжээ. Ганцаарчилсан хориход хоёр сар хорьсны дараа хүнд хүчир ажил хийлгэсэн. Хожим нь тэрбээр: «Хүнд бэрхийг тэвчихэд найдвар ямар их чухал болохыг би биеэрээ мэдэрсэн. Бид Есүс, элч, зөнч нарын жишээ болон Библид байдаг амлалтуудыг мэднэ. Энэ бүхний тусламжтайгаар бид ирээдүйн талаарх агуу найдварыг өвөрлөж, сорилтыг тэвчих хүчтэй болдог» гэж бичсэн. Найдвар нь Леонардад зангуу мэт тустай байсан. Бидэнд ч тийн тусалдаг.

7. Сорилт найдварыг маань хэрхэн батжуулдаг вэ? (Ром 5:3-5, Яаков 1:12).

7 Сорилтыг давсны дараа Ехова тусалсныг болон сайшааж байгааг мэдрэхээр найдвар маань улам батаждаг (Ром 5:3–5; Яаков 1:12-ыг уншина). Тиймээс сайн мэдээнд анх итгээд төрсөн тэр найдвар одоо илүү бат болсон. Сатан биднийг сорилтын өмнө өвдөг сөгдөөсэй гэж хүсдэг ч Еховагийн тусламжтайгаар амжилттай давдаг.

БИДНИЙ НАЙДВАР ДУУЛГАТАЙ АДИЛ

8. Найдварыг дуулгатай зүйрлэж болохын учир юу вэ? (1 Тесалоник 5:8).

8 Библид найдварыг дуулгатай бас зүйрлэдэг (1 Тесалоник 5:8-ыг уншина). Цэргүүд дайтах үедээ дуулга өмсөж толгойгоо хамгаалдаг. Үүнтэй адилаар бид Сатаны дайралтаас оюун ухаанаа хамгаалах хэрэгтэй. Сатан хорхой хүргэм зүйл болон буруу үзлийг сурталчилж бодол санааг маань гажуудуулахыг хичээдэг. Дуулга цэрэг хүний толгойг хамгаалдгийн адилаар найдвар бодол санааг хамгаалж Еховад үнэнч байхад тусалдаг.

9. Ирээдүйн найдвар өвөрлөөгүй хүмүүс яадаг вэ?

9 Мөнх амьдрах найдвар өвөрлөвөл зөв шийдвэр гаргана. Харин найдвар бат биш болж махан биеийн хүсэлдээ дийлдвэл мөнх амьдрах зорилгоо умартах аюултай. Эртний Коринт хотод амьдарч байсан Есүсийн зарим дагалдагчийн тухай ярилцъя. Тэд Бурхны амлалтын үндэс буюу амилах найдварт итгэхээ больсон (1 Кор. 15:12). Ирээдүйн найдвар өвөрлөөгүй хүмүүс зөвхөн хүслээ л хангахын тулд амьдардаг гэж Паул бичжээ (1 Кор. 15:32). Бурхны амлалтад итгэдэггүй өнөөгийн олон хүн одоо л жаргалтай байвал боллоо гээд юу ч хийхээс буцдаггүй. Харин бид ирээдүйн талаарх Бурхны амлалтад итгэж амьдардаг. Бидний найдвар дуулгатай адилаар оюун ухааныг маань хамгаалдаг, амин хувиа бодож хүслээ хангаж амьдрахын оронд Бурхантай дотно харьцаатай байхад тусалдаг (1 Кор. 15:33, 34).

10. Найдварыг буруу юм бодохоос хамгаалдаг гэж яагаад хэлж болох вэ?

10 Найдвар дуулгатай адилаар биднийг хамгаалж, Еховаг хэзээ ч баярлуулж чадахгүй гэж боддог болохоос сэргийлдэг. Жишээ нь зарим хүн: «Би мөнх амьдрах хүмүүсийн тоонд хэзээ ч багтахгүй байх. Би тийм ч сайн хүн биш. Бурхны хэм хэмжээнд хэзээ ч нийцүүлж амьдарч чадахгүй байх» гэж бодож магадгүй. Иовын хуурамч найз Елифаз яг ингэж бодуулахыг оролдсон. Тэрбээр: «Цэвэр байхаар хүн гээч нь юу юм бэ?» гэсэн. Цааш нь Бурхны тухай «Үзэгтүн, тэрбээр өөрийн ариун нэгнүүддээ ч итгэдэггүй бөгөөд тэнгэрүүд ч хүртэл түүний мэлмийд цэвэр биш байдаг» гэжээ (Иов 15:14, 15). Ямар ор үндэсгүй худал үг вэ! Сатан л ингэж бодуулахыг хүсдэгийг санаарай. Хэрвээ ингэж боддог болбол аажим аажмаар итгэж найдах юмгүй болно гэдгийг тэрбээр мэддэг. Тиймээс худал үгийг няцааж Еховагийн амлалтыг үргэлж анхаараарай. Ехова биднийг мөнх амьдраасай гэж хүсдэг бөгөөд зорьсондоо хүрэхэд маань тусална гэдэгт хэзээ ч бүү эргэлзээрэй (1 Тим. 2:3, 4).

НАЙДВАРАА БАТЖУУЛААРАЙ

11. Найдвар биелэх цагийг тэвчээртэй хүлээх ёстойн учир юу вэ?

11 Найдвараа дандаа бат байлгах нь тийм ч амархан биш. Бурхны амлалт биелэх цагийг удаан хүлээснээс болоод тэвчих чадалгүй болж мэднэ. Гэхдээ Ехова бол үүрдийн Бурхан. Тиймээс бидэнд удаан хүлээж байгаа мэт санагдавч Бурхны хувьд богино хугацаа юм (2 Петр 3:8, 9). Ехова амлалтаа хамгийн тохиромжтой аргаар биелүүлнэ. Гэхдээ бидний хүссэн цагт биш байж болох юм. Найдвараа бат байлгаж Еховагийн амлалт биелэх цагийг тэвчээртэй хүлээхэд юу тус болох вэ? (Яак. 5:7, 8).

12. Еврей 11:1, 6-д бичсэнээр найдвар итгэл хоёр ямар холбоотой вэ?

12 Еховатай дотно харьцаатай байвал найдвараа бат байлгаж чадна. Учир нь найдвар биелэх баталгааг Ехова өгсөн. Найдвар өвөрлөхийн тулд Ехова байдаг, бас «өөрийг нь цөхрөлтгүй хайдаг хүнийг шагнадаг» гэдэгт итгэх нь чухал гэж Библид бичжээ (Еврей 11:1, 6-г уншина). Ехова оршин байдаг гэдэгт итгэх тусам амласан бүхнээ биелүүлнэ гэдэгт улам бүр итгэнэ. Еховатай илүү дотносож найдвараа батжуулах хэдэн аргыг ярилцъя.

Залбирч, эргэцүүлэн бодох нь найдвараа бат байлгахад тустай (13–15-р догол мөрийг үзээрэй)b

13. Бурхантай яаж дотносох вэ?

13 Еховад залбирч үгийг нь уншаарай. Ехова харагддаггүй ч дотносох боломжтой. Бурхан залбирлыг маань сонсоно гэдэгт итгэдэг бид залбирч бодсоноо ярьдаг (Иер. 29:11, 12). Харин Бурхны ярихыг яаж сонсох вэ? Үгийг нь уншиж, эргэцүүлэн бодох хэрэгтэй. Ехова эрт үед өөрт нь үнэнч хүмүүст хэрхэн санаа тавьж байсныг уншихлаар итгэл найдвар улам батаждаг. Библид байдаг бүх зүйл «биднийг сургахын тулд юм. Бурхны үг тэвчээртэй байхад маань тусалж, биднийг тайвшруулдгийн ачаар бид найдвар өвөрлөж явдаг» (Ром 15:4).

14. Ехова амласнаа хэрхэн биелүүлж байсныг эргэцүүлэн бодох ёстойн учир юу вэ?

14 Ехова амлалтаа яаж биелүүлж байсныг эргэцүүлэн бодоорой. Абрахам Сара хоёрын төлөө Бурхан юу хийснийг ярилцъя. Тэд хүүхэд төрүүлж чадахааргүй өндөр настай байв. Гэхдээ Бурхан тэдэнд хүүхэдтэй болно гэж амласан (Эх. 18:10). Тэгэхэд нь Абрахам итгэсэн үү? Библид «[Тэрбээр] олон үндэстний эцэг болно гэдэгт итгэсэн» гэж бичжээ (Ром 4:18). Хүний бодлоор бол найдах аргагүй санагдсан ч Ехова амласнаа заавал биелүүлнэ гэдэгт Абрахам бат итгэсэн. Итгэл нь талаар болоогүй (Ром 4:19–21). Бидний хувьд боломжгүй мэт санагдсан үед Ехова амласнаа заавал биелүүлнэ гэдэгт бат итгэхэд энэ түүх ач тустай.

15. Бурхан бидний төлөө юу хийж ирснийг яагаад эргэцүүлэн бодох ёстой вэ?

15 Ехова таны төлөө юу хийснийг бодож үзээрэй. Бурхны Үгэнд байдаг ямар амлалт биелж ач тусыг нь хүртсэнээ эргэцүүлж бодоорой. Жишээ нь амьдрахад тань зайлшгүй хэрэгтэй зүйлсийг тэнгэрийн Эцэг өгнө гэж амласныг Есүс хэлсэн (Мат. 6:32, 33). Бас гуйх л юм бол Ехова агуу хүч өгнө гэдгийг ч батлан хэлсэн (Лук 11:13). Ехова эдгээр амлалтаа биелүүлсээр байгаа. Бас өөр ямар амлалтууд биелснийг та санаж байгаа байх. Жишээ нь Ехова таныг уучилна, тайвшруулна, бас өөртэй нь дотносоход хэрэгтэй бүхнийг өгнө гэж амласан (Мат. 6:14; 24:45; 2 Кор. 1:3). Бурхан таны төлөө өнөөдрийг хүртэл юу хийж тусалсныг эргэцүүлэх юм бол ирээдүйд таны төлөө хийхээр амласан бүхнээ ч заавал биелүүлнэ гэдэгт улам бат итгэнэ.

ИТГЭЛ НАЙДВАРТАЙДАА БАЯРЛА

16. Найдварыг гайхалтай бэлэг гэхийн учир юу вэ?

16 Мөнх амьдрах найдвар бол Бурхны өгдөг гайхалтай бэлэг юм. Бид гайхалтай ирээдүйг төсөөлж амьдардаг бөгөөд баараггүй биелнэ гэдэгт бат итгэдэг. Найдвар маань зангуутай адилаар биднийг тогтвортой байлгаж, сорилт болон эсэргүүцлийг тэвчиж, бүр үхэлтэй нүүр тулгарсан үед ч үнэнч байхад тусалдаг. Мөн дуулгатай адилаар бидний оюун ухааныг хамгаалж, муу юм бодохоос сэргийлж зөв юм хийхэд тусалдаг. Библид үндэслэсэн найдварынхаа ачаар бид Бурхантай дотно байж, Бурхан бидэнд хэчнээн их хайртайг мэдэж авна. Энэ итгэл найдвараа үргэлж бат байлгавал бид юутай ч зүйрлэмгүй ач тус хүртэнэ.

17. Найдвар өвөрлөсөн хүн яагаад баяр хөөртэй байдаг вэ?

17 Элч Паул ромчуудад бичсэн захидалдаа «Итгэл найдвартайдаа баярла» гэж уриалсан (Ром 12:12). Хэрэв эцсээ хүртэл үнэнч байвал тэнгэрт гарч мөнх амьтай болно гэдэгтээ Паул бат итгэж байсан учраас баяр хөөртэй байсан. Ехова амласнаа биелүүлнэ гэдэгт итгэдэг учраас бид ч баяр хөөртэй байна. Дуулалчийн бичсэнээр «Өөрийн Бурхан ЭЗЭНд найдагчид юутай ерөөлтэй вэ! ... Тэрбээр итгэлийг мөнхөд сахина» (Дуу. 146:5, 6).

ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?

  • Бидний найдвар биелнэ гэдэгт яагаад итгэж болох вэ?

  • Найдварыг маань зангуу, дуулгатай зүйрлэснийг юу гэж ойлгох вэ?

  • Найдвараа бат байлгахад юу тус болох вэ?

ДУУ 55 Хүсэн хүлээсэн мөнхийн амь

a Ехова бидэнд гайхамшигтай найдвар бэлэглэсэн. Энэ найдварын ачаар амьдрал маань гэрэл гэгээтэй болж, бэрхшээлийг үл тоон ирээдүйгээ бат итгэлтэй хардаг. Мөн ямар ч үед Еховад үнэнч байх хүчтэй болдог. Бас буруу юманд автаж бодол санаа гажуудахаас хамгаалдаг. Эдгээрийг энэ өгүүллээр авч үзвэл найдвар маань улам бат болно.

b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Дуулга нь цэрэг хүний толгойг хамгаалж, зангуу нь усан онгоцыг хөдөлгөөнгүй, тогтвортой байлгадаг шиг найдвар нь сорилтын үед бодол санааг маань хамгаалж биднийг тогтвортой байлгадаг. Гэрч эмэгтэй Еховад итгэлтэйгээр залбирч байна. Бурхан Абрахамд амласнаа хэрхэн биелүүлснийг Гэрч эрэгтэй эргэцүүлэн бодож байна. Өөр нэг Гэрч эрэгтэй Ехова өөрийг нь хэрхэн ивээж ирснийг дурсаж байна.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах