Бие биеэ уучил
«Нэг нэгнээ хүлцэж, бие биеэ уучил» (КОЛ. 3:13).
1, 2. Бусдыг чин сэтгэлээсээ уучилдаг эсэхээ бодож үзэх хэрэгтэйн учир юу вэ?
ЕХОВА нүглийг юу гэж үздэг, биднийг нүгэл үйлдэхэд ямар санагддагийг Библиэс мэдэж болно. Бас алдаж эндсэн хүнийг Бурхан уучлахад бэлэн байдгийг Судар хэлж өгдөг. Давид Манассе хоёрыг Ехова ямар учраас уучилсныг бид өмнөх өгүүллээр үзсэн билээ. Тэд үйлдсэн нүгэлдээ гэмшиж, Еховад хэргээ хүлээн, алдаагаа дахин давтахгүй байхаар шийджээ. Чин сэтгэлээсээ гэмшсэнээ батлан харуулсан тэднийг Ехова дахин ивээх болсон.
2 Энэ өгүүллээр, бид өөрсдөө бусдыг чин сэтгэлээсээ уучлах хэрэгтэйг ярилцана. Хэрэв та Манассегаас болж дотны хүнээ алдсан бол яах байсан бэ? Манассег уучилж чадах байсан уу? Өнөөгийн нийгэмд хууль бус явдал, хүчирхийлэл гаарч, аминч үзэлтэй хүн улам бүр олширсон нь ингэж асуухад хүргэж байна. Ийм нийгэмд амьдардаг христиан хүн бусдыг уучилж сурах хэрэгтэйн учир юу вэ? Бусдад хэл амаар доромжлуулж, шударга бус явдлын золиос болбол уураа дарж, Еховагийн үзэл бодлоор хандаж, чин сэтгэлээсээ уучлахад юу тус болох вэ?
УУЧ СЭТГЭЛТЭЙ БАЙХЫН УЧИР
3-5. а) Уучилдаг байх хэрэгтэйн учрыг сонсогчдодоо ойлгуулахын тулд Есүс ямар үлгэр ярьж өгсөн бэ? б) Матай 18:21–35-д байдаг Есүсийн ярьсан үлгэрийн гол санаа нь юу вэ?
3 Биднийг гомдоосон хүн христиан хурлын гишүүн ч бай, үгүй ч бай, уучлах нь амин чухал юм. Чин сэтгэлээсээ уучилдаг бол гэр бүл, найз нөхөд, бусад хүнтэй эв найртай, Еховатай дотно харьцаатай байж чадна. Хүн хэчнээн олон удаа гомдоолоо ч чин сэтгэлээсээ уучлах нь жинхэнэ христиан хүний үүрэг гэдгийг Библид бичсэн байдаг. Ямар учраас заавал уучлах ёстойг ойлгуулахын тулд Есүс их өртэй байсан боолын тухай ёгт үлгэр ярьсан.
4 60 сая өдрийн цалинтай тэнцэх хэмжээний өртэй байсан нэг боолыг эзэн нь өршөөн хэлтрүүлжээ. Өргүй болсон боол гадагш гарч, өөрт нь 100 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний өртэй өөр нэг боолыг олов. Тэр боол тэвчин хүлээхийг гуйсан боловч асар их хэмжээний өрөө тэглүүлсэн өнөөх боол түүнийг шоронд хийчихдэг. Эхний боолд өршөөл үзүүлсэн эзэн: «Би чамайг өршөөсний адил чи бас анд нөхөр чинь болох тэр боолыг өршөөх ёстой байсан бус уу?» хэмээн асуугаад «ихэд хилэгнэн уурлаж, өр ширээ бүгдийг буцаан төлөх хүртэл нь [хатуу сэтгэлтэй боолыг] зандалчинд тушаажээ» (Мат. 18:21–34).
5 Есүс юу ойлгуулах гэж энэ үлгэрийг ярьсан бэ? Тэрбээр: «Хэрэв та нарын нэг бүр чинь ах дүүгээ зүрх сэтгэлээсээ уучлахгүй бол Миний тэнгэрлэг Эцэг ч та нарт мөн тэгж хандах болно» хэмээжээ (Мат. 18:35). Тэгэхлээр Есүсийн хэлэх гэсэн санаа тодорхой байна. Хүн төгс бусын гайгаар насан туршдаа нүгэл үйлддэг тул Еховагийн шаардлагыг бүрэн хангаж хэзээ ч чадахгүй. Гэлээ ч Ехова биднийг уучлахад бэлэн байдаг. Үйлдсэн нүглийг маань ор тас мартаж чадна. Тийм учраас, Еховатай анд нөхөр байя гэвэл бусдын алдаа дутагдлыг уучилдаг байх ёстой. Есүс «Ууланд айлдсан номлолдоо» энэ тухай хэлсэн байдаг. Тэрбээр: «Хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг тань та нарыг мөн уучилна. Харин хэрэв та нар хүмүүсийг уучлахгүй бол Эцэг тань мөн та нарын алдааг уучлахгүй» гэжээ (Мат. 6:14, 15).
6. Бусдыг уучлах амаргүй байдгийн учир юу вэ?
6 «Хэлэхэд амархан ч хийхэд хэцүү шүү дээ» гэж та бодох байх. Яагаад гэвэл хүн гомдохлоороо уурлаж бухимдана, надаас урвачихлаа гэж бодно, зохих шийтгэлийг нь оноох хэрэгтэй гэж үзнэ, эсвэл бүр өшөө авмаар санагдаж магадгүй. Намайг гомдоосон хүнийг хэзээ ч уучилж чадахгүй гэж бодож явдаг хүмүүс ч бий. Танд бас тэгж санагддаг бол Еховад дуулгавартай байж бусдыг уучилж сурахын тулд яах нь зүйтэй вэ?
УЧИР ШАЛТГААНЫГ БОДОЖ ҮЗЭХ НЬ
7, 8. Таагүй хандсан хүнийг яавал уучлах вэ?
7 Хүн бидэнд муугаар хандахад юм уу эсвэл тэгж санагдсан үед уур маш их хүрдэг. Нэг залуу уурласан үедээ яасан тухайгаа ийн бичжээ. «Нэг удаа би ... бөөн уур болсон амьтан, хэзээ ч эргэж ирэхгүй гэж хэлээд хаалгаа тас саван гарсан юм. Тэгэхэд зуны сайхан өдөр байв. Нарийн зөрөг замаар байгаль дэлхийн сайхныг гайхан биширч явсаар аяндаа тайвширлаа. Хэдэн цагийн дараа би гэдэг хүн буруугаа ухаарч, хайлсан тугалга шиг болчихоод эргэж ирж билээ». Энэ жишээнээс харахад, тайвшрахаа хүлээж, нөхцөл байдлыг нухацтай бодвол хожим нь амаа барих юм хийхгүй байх нь ээ (Дуу. 4:4; Сур. 14:29; Иак. 1:19, 20).
8 Хэчнээн хичээгээд ч тайвшрахгүй бол яах вэ? Яагаад уурлаад байгаагаа бодож үзээрэй. Тантай шударга бус, бүдүүлэг харьцсанаас болоод уу? Эсвэл таныг санаатайгаар гомдоосон юм шиг санагдаад байна уу? Тэр хүн танд үнэхээр муу юм хийчихсэн хэрэг үү? Ямар учраас уурлаж бухимдаад байгаагаа ойлговол ухаалаг байж, Библийн зарчмын дагуу зөв зохистой хандаж чадна (Сургаалт үгс 15:28; 17:27-г уншина уу). Өөрийнхөөрөө бодоод явахын оронд бодит байдлыг сайтар ойлговол уучлахад илүү амар болох биз ээ. Үргэлж ингэх нь хэцүү байж болох ч Бурхны үг танд «зүрхний[хээ] бодол хийгээд санааг» шалгаж, уучлах дуртай Еховаг дууриахад тус болно (Евр. 4:12).
УУРЛАХЫН ХЭРЭГ БАЙНА УУ?
9, 10. а) Та уурлахлаараа яадаг вэ? б) Уураа тэр дор нь гаргалгүй ууч сэтгэлээр ханддаг байх нь ямар ач холбогдолтой вэ?
9 Хүний амьдралд уур хүрмээр юм бишгүй тохиолддог. Жишээ нь, та машинаа унаад явж байжээ. Тэгтэл нэг машин ирээд таны машиныг шүргэх шахвал яах вэ? Зарим хүн дэлбэртлээ уурлаад жолооч руу омогдон дайрдаг. Харин христиан хүн ингэхийг яасан ч хүсэхгүй.
10 Уурлаж омогдохын оронд хэсэг азнаад, юунаас болсон байж болохыг бодож үзнэ. Өөрөө анхаарал болгоомжгүй явснаас болоод алдаа гаргасан байж болох шүү дээ. Эсвэл нөгөө жолоочийн машин эвдэрсэн байж мэднэ. Энэ жишээний гол санаа юу вэ? Хүн аливаа зүйлийн учрыг ойлгож, уужим сэтгэл гаргаж, уучлахад бэлэн байвал уураа дарж чадна. Номлогчийн үгс 7:9-д «Уур тэнэгийн цээжинд оршдог учраас уурлах сэтгэлийг бүү урьтал болго» гэж бичжээ. Тэр хүн намайг санаатайгаар гомдоосон гэж бодогдох үе олон байдаг. Гэвч төгс бусаасаа болоод тийм алдаа гаргасан ч юм бил үү. Эсвэл тухайн үед юу болсныг сайн ойлгоогүйгээс та тэгж бодсон байх. Юунаас болоод буруу зөрүү ярьсан, хийснийг нь та мэдэхгүйгээс хойш хайраа илэрхийлж, чин сэтгэлээсээ уучлаарай. Ингэвэл та илүү их жаргалтай хүн болно (1 Петр 4:8-ыг уншина уу).
«АМАР ТАЙВАН ... ТА НАРТ БУЦАЖ ИРНЭ»
11. Сайн мэдээнд маань хүмүүс яаж ч хандсан бид ямар байх ёстой вэ?
11 Дэлгэрүүлж явахад уулзсан хүн тань бүдүүлэг харьцвал уураа яаж барих вэ? Есүс 70 хүнийг дэлгэрүүлэх ажлаар явуулахдаа ямар ч айлд орсон «Энэ айлд амар тайван байх болтугай» гэж хэлэхийг захидаг. Тэрбээр: «Хэрэв амар тайвны хүн тэнд байвал, амар тайван түүн дээр орших болно. Хэрэв үгүй бол, тэр нь та нарт буцаж ирнэ» гэж хэлжээ (Лук 10:1, 5, 6). Хүмүүс мэдээг маань нааштай хүлээж авбал бид баярладаг. Бидний хүргэдэг мэдээ амьдралд нь тустай учраас тэр юм. Харин зарим хүн ширүүн харьцдаг. Тэгвэл яах вэ? Тийм үед ч тайван байх хэрэгтэй гэж Есүс хэлсэн. Тэгэхлээр гэрийн эзнийг яаж ч хандсан бид тайван л байх хэрэгтэй. Адилхан уурлавал Есүсийн хэлснийг хэрэгжүүлж чадахгүй шүү дээ.
12. Ефес 4:31, 32-т бичсэнээр бид яах ёстой вэ?
12 Зөвхөн дэлгэрүүлэхдээ биш, ямар ч үед тайван байж сураарай. Ер нь бусдын хийсэн буруу хэргийг нүдээ аниад өнгөрүүлэх юм уу тийм ч сүртэй юм болоогүй гэж бодохыг чин сэтгэлээсээ уучлах гэж ойлгож болохгүй. Харин тэр хүний талаар муу юм бодохгүй, уураа дотроо хадгалахгүй, тайван амгалан байвал жинхэнэ ёсоор уучилж байна гэсэн үг. Зарим хүн өөртөө тохиолдсон таагүй явдлыг дахин дахин бодоод баяр баясгалангаа алддаг. Ийм бодолд бүү автаарай. Бусдад уурлаад байвал жаргалтай байж чадахгүй шүү дээ. Тийм учраас, уучламтгай байгаарай! (Ефес 4:31, 32-ыг уншина уу).
ЕХОВАГИЙН ҮЗЭЛ БОДЛООР ХАНД
13. а) Христиан хүн яавал дайсныхаа толгой дээр «галтай нүүрс овоолж» байгаа хэрэг болох вэ? б) Уурлаж буй хүнд эелдэг дөлгөөн хандах нь ямар сайн талтай вэ?
13 Итгэгч биш хүн бидэнтэй таагүй харьцах үе байдаг. Ийм л үед христиан ёсоор биеэ авч явах нь чухал. Элч Паул: «„Хэрэв дайсан чинь өлссөн бол түүнийг хоолло. Хэрэв тэр цангасан бол түүнд уух юм өг. Учир нь чи ингэснээрээ түүний толгой дээр галтай нүүрс овоолж байгаа хэрэг“. Бузар муугаар бүү дийл, харин бузар мууг сайнаар дийлэгтүн» хэмээн бичжээ (Ром 12:20, 21). Уурлаж буй хүнтэй эелдэг боловсон харьцвал тэр хүн зөөлөрч, бүр сайнаар ч хандаж болох юм. Тэр хүнийг ойлгож, энэрэнгүй сэтгэл гаргавал Библийн үнэнийг мэдэх хүсэлтэй болох ч юм бил үү. Юутай ч, эелдэг, дөлгөөн байдаг бол хүмүүс таныг ямар учраас биеэ зөв авч явдгийг сонирхох болно (1 Петр 2:12; 3:16).
14. Хүн хэчнээн муухай хандсан ч уучлах хэрэгтэйн учир юу вэ?
14 Найзалж нөхөрлөх ёсгүй хүн заримдаа байдаг. Итгэл нэгтэн байснаа нүгэл үйлдээд гэмшилгүй хурлаас хасагдсан хүн тэдний нэг юм. Хэрэв тийм хүн таныг гомдоосон бол уучлах нь амаргүй байж болох юм. Тэр байтугай гэмшсэн байлаа ч сэтгэлийн шарх анихад хугацаа хэрэгтэй учир тийм амар уучилж чадахгүй байх. Гэлээ ч тэр хүнийг уучлахад туслахыг Еховагаас шаргуу гуйгаарай. Тэр хүн дотроо ямар бодолтой явдгийг та мэдэхгүй шүү дээ. Ехова л мэднэ. Тэрбээр хүний доторхыг шалгаж, тэвчээртэй ханддаг (Дуу. 7:9; Сур. 17:3). Тийм учраас, Библид «Хэнд ч хэзээ ч бузар мууг бузар муугаар бүү хариул. Бүх хүний өмнө юу нь зөв болохыг л харгалзан үзэж бай. Хэрэв боломжтой бол, та нараас шалтгаалж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун. Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь „«Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө» гэж Эзэн айлдав“ гэж бичигджээ» гэсэн байдаг (Ром 12:17–19). Төгс бус хүмүүс нэг нэгнээ зөв шүүж чадахгүй (Мат. 7:1, 2). Харин Ехова зөв шударгаар шүүж чадна.
15. Яавал гомдол тайлагдах вэ?
15 Хэрэв танд муу юм хийсэн хүн гэмшсэн ч уучлахад хэцүү байвал яах вэ? Тэр ч бас ямар нэгэн байдлаар зовж байгааг санаарай. Тэр хүн тантай л адилхан төгс бус шүү дээ (Ром 3:23). Ехова төгс бус бүх хүнийг өрөвддөг. Тийм учраас, өөрийг тань гомдоосон хүний төлөө залбираарай. Хэдийчинээ их залбирна, гомдол тэр хэрээр тайлагдана. Зүй бусаар харьцсан хүнд уурласан бол бухимдлаа дотроо хадгалаад явах ёсгүйг Есүсийн хэлсэн үг тодорхой харуулдаг. Тэрбээр: «Дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир» хэмээн айлджээ (Мат. 5:44).
16, 17. Ахлагчид нүгэл үйлдсэн хүнийг гэмшсэн гэж үзвэл та яах ёстой вэ? Яагаад?
16 Ехова христиан ахлагчдад ноцтой нүгэл үйлдсэн хүний хэргийг хянан шийдвэрлэх хариуцлагатай үүрэг оноосон. Тэд бүх зүйлийг Бурхан шиг мэдэхгүй ч гэсэн, Библид үндэслэн, ариун сүнсээр удирдуулан тухайн хэргийг шийдэхийг зорилго болгодог. Тэгэхлээр тусламж гуйн залбирч байгаад гаргасан энэ шийдвэрийг Еховагийн үзэл бодолд нийцсэн гэж үзэх нь зүйтэй (Мат. 18:18).
17 Бурханд үнэнч байдаг эсэх маань ийм үед харагдана. Ахлагчид нүгэл үйлдсэн хүнийг гэмшсэн гэж үзсэн бол та тэр хүнийг уучилж, хайрлаж чадах уу? (2 Кор. 2:5–8). Ялангуяа та юм уу танай гэрийнхэн тэр хүнээс болж хохирсон бол ингэх нь амаргүй. Гэхдээ Ехова энэ асуудлыг ахлагчдаар дамжуулан шийдсэн гэдэгт итгэвэл та түүнийг чин сэтгэлээсээ уучилж чадна (Сур. 3:5, 6).
18. Чин сэтгэлээсээ уучлах нь ямар сайн талтай вэ?
18 Бусдыг чин сэтгэлээсээ уучилдаг байх нь олон талын ашигтай. Ууч сэтгэлтэй бол гуньж гутрахгүй, уурлаж бухимдахгүй. Энэ нь эрүүл мэндэд тустай. Мөн хүмүүстэй сайн харьцаатай байна. Харин уучилж өршөөх дургүй хүн өвчин эмгэг тусахдаа амархан, бусадтай таарамжгүй, уур уцаартай байна. Чин сэтгэлээсээ уучилдаг хүн, хамгийн гол нь, тэнгэрийн Эцэг Еховатайгаа сайн харьцаатай байдаг (Колоссай 3:12–14-ийг уншина уу).