Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц22 12 сар х. 16-21
  • Зовлон тохиолдсон ч амар тайван байх нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Зовлон тохиолдсон ч амар тайван байх нь
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ӨВЧИН ТАХАЛ ГАРАХАД
  • ГАМШИГ БОЛОХОД
  • ХАВЧИГДАХ ҮЕД
  • «АМАР ТАЙВНЫ БУРХАН ТА НАРТАЙ ХАМТ БАЙХ БОЛНО»
  • Зовлонг тэвчихэд нь ах дүүстээ туслаарай
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
  • Амар тайван байхын тулд яах хэрэгтэй вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
  • Есүсийг дуурайж тайван байцгаая
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2019
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
хц22 12 сар х. 16-21

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 51

Зовлон тохиолдсон ч амар тайван байх нь

«Санаа зовох хэрэггүй, айх хэрэггүй» (ЁОХАН 14:27).

ДУУ 39 Амар тайвныг эрхэмлэе

ТОЙМa

1. Бурхны амласан амар тайван гэж юу вэ? Ямар ач тустай вэ? (Филиппой 4:6, 7).

ЭНЭ ертөнцийнхний огт ойлгодоггүй амар тайван гэж бий. Энэ бол Бурхны амласан амар тайван буюу тэнгэрийн Эцэгтэйгээ дотно байдаг хүмүүсийн амар амгалан байдал юм. Бид Бурхны амар тайвны ачаар аюулгүй байгаагаа мэдэрнэ (Филиппой 4:6, 7-г уншина). Бас Бурхны хайрладаг хүмүүстэй нөхөрлөж сайн найзууд болдог. Түүнчлэн «Амар амгалангийн Бурхантай» маш дотно байдаг (1 Тес. 5:23). Тэнгэрийн Эцгээ илүү сайн мэдэж, итгэж найдан, дуулгавартай байдаг бол зовлон учирсан үед Бурхны амар тайвны ачаар сэтгэл тайвширдаг.

2. Бид Бурхны тусламжтайгаар амар тайван байж чадна гэхийн учир юу вэ?

2 Өвчин тахал, байгалийн гамшиг, тогтворгүй байдал, хавчлага зэрэг зовлон учрах үед Бурхны тусламжтайгаар амар тайван байж чадах болов уу? Ийм зовлон учрахад өөрийн эрхгүй айдас төрдөг. Гэсэн хэдий ч Есүс дагалдагчдадаа «Санаа зовох хэрэггүй, айх хэрэггүй» гэж зөвлөжээ (Ёох. 14:27). Ах дүүс маань Есүсийн энэ зөвлөгөөг дагадаг. Тэд Еховагийн тусламжтайгаар хүнд бэрх сорилт тулгарах үед ч амар тайван байдаг.

ӨВЧИН ТАХАЛ ГАРАХАД

3. Цар тахал хүмүүсийн амар тайван байдалд ямар нөлөө үзүүлдэг вэ?

3 Цар тахал хүний амьдралыг орвонгоор нь эргүүлдэг. КОВИД-19 олон хүнд хэрхэн нөлөөлснийг бодоорой. Нэг судалгаанд хамрагдсан хүмүүсийн талаас илүү хувь нь корона цар тахлын үед нойр муутай болсон байна. Бас сэтгэл түгшсэн, гутарсан, архи болон мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсэн, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, амиа хорлох гэсэн хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Хэрвээ танай нутагт цар тахал гарсан бол Бурхны ачаар хэрхэн санаа зовоо больж, амар тайван байх вэ?

4. Эцсийн өдрүүдийн тухай хэлсэн Есүсийн зөгнөлийг мэддэг хүн амар тайван байдаг гэхийн учир юу вэ?

4 Эцсийн өдрүүдэд юу болохыг Есүс хэлэхдээ «энд тэндгүй ... тахал гарна» гэжээ (Лук 21:11). Үүнийг мэдэх нь амар тайван байхад тустай гэхийн учир юу вэ? Бид цар тахал гарахад гайхдаггүй. Яагаад гэвэл Есүсийн хэлсэн зөгнөл биелж байна. Тийм учраас эцсийн өдрүүдэд амьдардаг хүмүүст өгсөн «Айж түгших хэрэггүй» гэсэн Есүсийн зөвлөгөөг дагах нь зөв гэдгийг бид ойлгодог (Мат. 24:6).

Таблет барьсан Гэрч эмэгтэй чихэвчээр бичлэг сонсож байна.

Гэрч эмэгтэй Библийн бичлэг сонсоод цар тахлын үеэр амар тайван байж чадсан (5-р догол мөрийг үзээрэй)

5. а) Цар тахал дэгдвэл Филиппой 4:8, 9-ийн дагуу бид юу гэж залбирах ёстой вэ? б) Нэг Гэрч эмэгтэй Библийн бичлэг сонсоод ямар ач тус хүртсэн бэ? Бид юу сурч болох вэ?

5 Цар тахлаас болж бид яах ийхийн завдалгүй санаа зовж, айж түгшиж болох юм. Дэзи гэдэг Гэрч эмэгтэй яг ингэсэн байна.b Түүний авга ах, үеэл, эмч бүгд КОВИД-19 өвчнөөр нас барахад өвчин тусаад настай ээждээ халдаачих вий гэж айж байв. Бас ажилгүй болчихвол хоол, байрны мөнгөгүй болчихно гэж санаа зовсон. Иймэрхүү элдэв юм бодоод нойр муутай хонодог болжээ. Гэхдээ яваандаа тайвширсан. Яаж? Тэрбээр амар тайван байж, өөдрөг юм бодоход туслаач гэж Еховагаас онцлон гуйж залбирсан (Филиппой 4:8, 9-ийг уншина). Бас Библийн бичлэг тавьж Еховагийн ярихыг сонсдог байв. Тэрбээр: «Библи уншигчдын намуухан дуу намайг тайвшруулж Еховагийн нигүүлсэнгүй сэтгэлийг мэдрүүлдэг байв» гэжээ (Дуу. 94:19).

6. Бие даан судалж, цуглаанд явах нь ямар ач тустай вэ?

6 Цар тахлын үеэр урьд нь хийдэг байсан зарим зүйлээ хийж чадахгүй болж магадгүй. Гэхдээ Библи судлах болон цуглаанд суухаа больж болохгүй. Таныхтай адил зовлон амссан ах дүүс Еховад үнэнч байсан түүхийг хэвлэлээс унших юм уу видео үзээрэй (1 Петр 5:9). Цуглаанд суух нь өөдрөг сайн юмыг Библиэс олж мэдээд боддог болоход тустай. Бас бусдыг урамшуулан зоригжуулж, өөрөө ч урамшин зоригжино (Ром 1:11, 12). Үйлчлэгчид нь өвчтэй, айдастай, ганцаардсан үед Ехова тэдэнд хэрхэн тусалсныг эргэцүүлэн бодвол итгэл тань бэхжиж, танд ч тусална гэдэгт итгэнэ.

7. Элч Ёоханаас та юу мэдэж авсан бэ?

7 Ах дүүстэйгээ холбоотой байхыг хичээгээрэй. Цар тахлаас болж итгэл нэгтнүүдтэйгээ байхдаа ч зай барих зааврыг дагах шаардлагатай байж болох юм. Ийм үед элч Ёохан таны санаанд орох байх. Тэрбээр найз Гаитайгаа биечлэн уулзахыг хүсэж байлаа (3 Ёох. 13, 14). Гэхдээ Гаитай нэг хэсэг уулзах боломжгүй учраас чадахыгаа хийсэн. Тэрбээр Гаид захиа бичсэн. Хэрвээ та ах дүүстэйгээ биечлэн уулзах боломжгүй бол утсаар, видеогоор холбогдох юм уу, мессеж бичээрэй. Итгэл нэгтнүүдтэйгээ холбоотой байдаг бол илүү тайван байж, аюулгүй байгаагаа мэдэрнэ. Хэрвээ сэтгэл тань хэтэрхий их түгшээд байвал ахлагчдаас тусламж гуйгаарай. Тэд танд урам зориг хайрлана (Ис. 32:1, 2).

ГАМШИГ БОЛОХОД

8. Гамшиг тохиолдоход хүн яадаг вэ?

8 Хэрэв та үер ус, газар хөдлөлт, гал түймэрт өртсөн бол сэтгэл тань удаан хугацаагаар түгшиж магадгүй. Хэрэв та гэр орон, эд зүйлээ юм уу хайртай хүнээ алдсан бол эмгэнэн гашуудаж, ямар ч найдваргүй болсон мэт санагдаж, бүр уурлаж ч магадгүй. Энэ нь эд юмыг чухалчилдаг юм уу бат итгэлгүй гэсэн үг биш. Хүнд бэрх сорилт тулгарсан учраас ингэдгийг ойлгодог хүмүүс бий (Иов 1:11). Гэхдээ хэчнээн хэцүү санагдсан ч та тайван байж чадна. Яаж?

9. Гамшиг болохоос өмнө бэлтгэлтэй байхад маань Есүс хэрхэн тусалсан бэ?

9 Есүс юу гэж зөгнөснийг санаарай. Гамшигт хэзээ ч өртөхгүй гэж бодож явдаг хүмүүс байдаг. Харин бид эцсийн өдрүүдэд янз бүрийн гамшиг улам ихсэхийг, бас гамшигт нэрвэгдэж болзошгүйгээ мэддэг. Есүс дагалдагчдадаа төгсгөлийн цаг болохоос өмнө «газар хүчтэй хөдөлж», өөр олон гамшиг болно гэж зөгнөсөн (Лук 21:11). Бас «ёс бус байдал ихэснэ» гэсэн. Үнэхээр ч гэмт хэрэг, хүчирхийлэл, террорист халдлага ихэссэн (Мат. 24:12). Харин Еховаг тоодоггүй хүмүүс л зовно гэж Есүс огт хэлээгүй. Үнэндээ Еховагийн үнэнч үйлчлэгчид ч ийм гамшигт нэрвэгддэг (Ис. 57:1; 2 Кор. 11:25). Ехова гайхамшгаар бүх гамшгаас биднийг аврахгүй байж болох ч амар тайван байхад тустай бүхнээр хангана.

10. Бурханд итгэдэг хүн гамшиг болохоос өмнө бэлтгэлээ базаадаг гэхийн учир юу вэ? (Сургаалт үгс 22:3).

10 Урьдчилан бэлдээд бүх юмаа төлөвлөсөн бол гамшиг болоход айж сандрахгүй. Гэхдээ бэлтгэл хангадаг хүнийг Еховад итгээгүй гэж үзэх үү? Огтхон ч үгүй. Харин ч Ехова бидэнд санаа тавина гэдэгт итгэж найддагаа харуулж байгаа хэрэг юм. Яагаад ингэж хэлж болох вэ? Бурхны Үг бидэнд гамшиг болохоос өмнө бэлтгэлтэй байхыг уриалдаг (Сургаалт үгс 22:3-ыг уншина). Бас Бурхны байгууллага ном сэтгүүл, цуглаан чуулган, цагт нь өгдөг зарлалаараа бэлтгэлтэй байхын чухлыг олон удаа онцолж байсан.c Бид Еховад найддаг уу? Найддаг бол гамшиг болохоос өмнө яг одооноос зөвлөгөөг нь дагана.

Машиндаа сууж буй Гэрч эмэгтэй газрын зураг барьсан байна. Хажууд нь цэвэр ус болон зайлшгүй хэрэгтэй зүйлс байна.

Гамшиг болохоос өмнө бэлтгэл хангах нь ач тустай (11-р догол мөрийг үзээрэй)d

11. Та Маргарэтаас юу сурах вэ?

11 Маргарэт гэдэг Гэрч эмэгтэйд тохиолдсон явдлыг ярилцъя. Гэрээс нь холгүй газар хээрийн түймэр гарахад дүрвэн зугтахаас өөр аргагүй болов. Гэхдээ олон хүн нэг зэрэг зугтаж байгаа учраас зам түгжрэв. Маргарэт ч машиндаа байж байтал орчин тойрон нь нэл хар утаа болов. Гэхдээ тэрбээр бэлтгэлтэй байсан учраас амьд гарч чадсан. Цүнхэндээ гамшиг болоход аль замаар явахыг заасан газрын зураг хийсэн байв. Тэр байтугай тэр замаар урьдчилаад явж үзсэн байлаа. Ингэж бэлтгэсэн учраас аюулаас амь мултарч чадсан.

12. Бид яагаад аюулгүй байхад тустай зөвлөгөөг дагадаг вэ?

12 Биднийг хамгаалж, дэг журамтай байлгахын тулд эрх баригчид хөл хорих, нүүлгэн шилжүүлэх юм уу эсвэл өөр бусад арга хэмжээ авч болох юм. Зарим хүн эд юмаа алдчих вий гэж бодоод энэ тушаалыг дагахаас хойш суудаг. Харин Христийн дагалдагчид яадаг вэ? Библид «Эзэнд таалагдъя гэвэл хүний бий болгосон эрх мэдлийг хүлээн зөвшөөр. Эрх мэдэлтэй нэгэн буюу хаанд, ... хааны явуулсан захирагчдад захирагд» гэж байдаг (1 Петр 2:13, 14). Бурхны байгууллага ч бидэнд аюулгүй байхад тустай удирдлага заавар өгдөг. Бас гамшгийн үед холбоо барихын тулд утасныхаа дугаарыг ахлагчдад өгөхийг үе үе сануулдаг. Та утасныхаа дугаарыг өөрчилсөн бол ахлагчид хэлсэн үү? Бидэнд хаанаас дайжих, хаана хоргодох, зайлшгүй хэрэгцээтэй зүйлийг яаж авах, хэзээ яаж бусдад туслах талаар заавар өгч болох юм. Хэрвээ бид зааврыг нь дагахгүй бол өөрсдийнхөө ч, ахлагчдын ч амь насанд аюул учруулж болзошгүй. Эдгээр үнэнч хүн биднийг үргэлж анхаарч халамжилдгийг санаарай (Евр. 13:17). Маргарэт: «Ахлагчид болон байгууллагын зааврыг дагасан учраас амиа аварсан гэдэгт би итгэдэг» гэжээ.

13. Дайжин зугтсан Христийн дагалдагчид баяр хөөртэй, амар тайван байж чадсаны учир юу вэ?

13 Гамшиг, дайн дажин, үймээн самуунаас болж дайжин зугтсан олон ах дүүс маань шинэ газар дасан зохицож, Еховад үйлчлээд л байхын тулд чадах бүхнээ хийсэн. Тэд хавчлагаас болж тархан явсан Христийн I зууны дагалдагчидтай адилаар «сайн мэдээг» тасралтгүй тунхагладаг (Үйлс 8:4). Дэлгэрүүлэх нь хүнд хэцүү байдлаа бус Хаант төрийн ажлыг анхаарахад тустай байдаг. Тиймээс ч баяр хөөртэй байж, амар тайвныг мэдэрдэг.

ХАВЧИГДАХ ҮЕД

14. Хавчлага шахалтаас болж амар тайван байхаа больдог гэхийн учир юу вэ?

14 Хавчигдахлаар амар тайван байхад тустай олон зүйлийг хийж чадахаа больдог. Хавчлага шахалтгүй үед бид баривчлагдана гэж айх юмгүйгээр хамтдаа цугларч, чөлөөтэй дэлгэрүүлж, өдөр тутмын ажлаа хийгээд жаргалтай, сэтгэл хангалуун байдаг. Харин энэ бүхнээ хийж чадахгүй болохоор сэтгэл маань түгшиж, цаашдаа юу болох бол гээд айн эмээж болох юм. Гэхдээ энэ нь байдаг л зүйл юм. Харин болгоомжлох хэрэгтэй. Есүс дагалдагчдадаа хавчлагаас болж бүдэрч болзошгүйг хэлж байсан (Ёох. 16:1, 2). Тэгэхээр хавчигдсан ч тайван байхын тулд яах вэ?

15. Бид хавчигдсан ч яагаад айх шаардлагагүй вэ? (Ёохан 15:20; 16:33).

15 Бурхны үгэнд «Христ Есүсийн дагалдагчийн ёсоор Бурханд үнэнч амьдрахыг хүсдэг хүн бүр хавчигдах нь гарцаагүй» гэж байдаг (2 Тим. 3:12). Дэлгэрүүлэх ажлыг хорьсон гэдэгтэй эвлэрэхэд Андрей хэмээх Гэрч эрэгтэйд хэцүү санагдав. Тэгээд «Манайд Еховагийн Гэрч маш олон байдаг шүү дээ. Бүгдийг нь баривчилж чадна гэж үү?» гэж боджээ. Гэхдээ ингэж бодож байсан ч тайвширч чадаагүйгээр барахгүй бүр сэтгэл нь түгшсэн. Бусад ах дүү нь, баривчлагдахгүй гэж өөрсдийгөө хуурахын оронд бүхнийг Еховагийн мутарт даатгасан ажээ. Тэд хэзээ ч баривчлагдаж магадгүй гэж бодож байсан ч Андрей шиг их түгшиж айгаагүй. Тиймээс Андрей тэднийг дуурайж Бурханд бүхнээ даатгахаар шийдсэн. Хавчлага дуусаагүй ч гэсэн удалгүй тайвширч, одоо ч баяр хөөртэй үйлчилж байна. Бид ч бас ийм байж чадна. Есүс хавчигдах нь гарцаагүй гэдгийг бидэнд хэлсэн. Гэвч үнэнч байж чадахыг маань бас батлан хэлсэн (Ёохан 15:20; 16:33-ыг уншина).

16. Бид хавчигдвал ямар зааврыг дагах ёстой вэ?

16 Үйл ажиллагааг маань хориглох юм уу хязгаарлахад салбар эсвэл ахлагчид заавар өгч магадгүй. Энэ нь бидэнд хамгаалалт болдог. Мөн зааврын ачаар бэлгэдлийн хоол ундыг тасралтгүй авч, чадлынхаа хэрээр дэлгэрүүлдэг. Яагаад ийм заавар өгснийг ойлгохгүй байсан ч дагахыг хичээгээрэй (Яак. 3:17). Дуулгах шаардлагагүй хүмүүст ах дүүсийнхээ юм уу хурлынхаа үйл ажиллагааны тухай мэдээллийг бүү өгөөрэй (Ном. 3:7).

Гэрч эрэгтэй өдрийн хоолны цагаар хамт ажилладаг хүнтэйгээ ярилцаж байхдаа утсандаа татаж авсан Библийг ашиглаж байна.

Хүнд хэцүү цагт ч амар тайван байя гэвэл яах хэрэгтэй вэ? (17-р догол мөрийг үзээрэй)e

17. I зуунд амьдарч байсан элч нартай адилаар бид яахаар бат шийдэх ёстой вэ?

17 Бурхны ард түмэн «Есүсийн талаар сайтар гэрчлэх даалгавартай» учраас Сатан тэдэнтэй дайтдаг (Илч. 12:17). Гэхдээ Сатан болон түүний удирддаг ертөнцийнхнөөс бүү айгаарай. Хавчигдсан ч дэлгэрүүлж, заах ажилд оролцвол баяр хөөртэй, амар тайван байдаг. I зуунд, иудейн эрх баригчид элч нарт дэлгэрүүлэхээ болихыг тушаахад тэд Бурханд захирагдахаар шийддэг. Тэгээд дэлгэрүүлээд л байсан учраас баяр хөөрөө алдаагүй (Үйлс 5:27–29, 41, 42). Манай үйл ажиллагааг хязгаарлавал бид ухаалаг байж дэлгэрүүлэх хэрэгтэй нь ойлгомжтой (Мат. 10:16). Гэхдээ чадах бүхнээ хийвэл Еховад таалагддагаа, амь аврах мэдээ хүргэж байгаагаа мэддэг учраас тайван байна.

«АМАР ТАЙВНЫ БУРХАН ТА НАРТАЙ ХАМТ БАЙХ БОЛНО»

18. Хэн биднийг жинхэнэ ёсоор амар тайван болгох вэ?

18 Хамгийн хэцүү цагт ч амар тайван байх боломжтой гэдэгт итгэлтэй байгаарай. Ийм үед Бурхнаас өөр хэн ч өгч чадахгүй Бурхны амар тайван бидэнд хэрэгтэй гэдгийг санаарай. Өвчин тахал, гамшиг, хавчлага тулгарахад Еховад найдаарай. Байгууллагаас нь бат зуураарай. Бидний өмнө буй гайхалтай ирээдүйдээ анхаарал хандуулаарай. «Тэгвэл амар тайвны Бурхан та нартай хамт байх болно» (Флп. 4:9). Дараагийн өгүүллээр зовж яваа итгэл нэгтнүүддээ хэрхэн тусалбал тэд Бурхны амар тайвныг мэдрэх тухай ярилцана.

... ХЭРХЭН АМАР ТАЙВАН БАЙХ ВЭ?

  • Өвчин тахал гарахад

  • Гамшиг болоход

  • Хавчигдах үед

ДУУ 23 Ехова бол бидний хүч чадал

a Ехова өөрийг нь хайрладаг хүнийг амар тайван болгоно гэж амладаг. Бурхны амласан амар тайван гэж юу вэ? Бид хэрхэн амар тайван байх вэ? Өвчин тахал, гамшиг, хавчлага тулгарахад Бурхны амар тайван бидэнд тустай гэхийн учир юу вэ? Энэ өгүүллээс дээрх асуултуудын хариуг авна.

b Зарим нэрийг өөрчлөв.

c «Та гамшигт бэлдсэн үү?» гэсэн видеог үзээрэй.

d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч эмэгтэй шаардлагатай үед дайжин зугтах бэлтгэл хангасан.

e ЗУРГИЙН ТАЙЛБАР: Дэлгэрүүлэх ажлыг маань хязгаарласан улсад амьдардаг Гэрч эрэгтэй болгоомжтой дэлгэрүүлсээр байна.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах