Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц25 5 сар х. 14-19
  • Үргэлж байх хотыг хайгаарай

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Үргэлж байх хотыг хайгаарай
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ТАНЫГ ХЭЗЭЭ Ч ХАЯХГҮЙ НЭГЭНД ИТГЭ
  • УДИРДАЖ БУЙ ХҮМҮҮСТ ДУУЛГАВАРТАЙ БАЙ
  • АХ ДҮҮГИЙН ЁСООР ХАЙРЛАЖ, ЗОЧЛОМТГОЙ БАЙ
  • ИРЭЭДҮЙД ЮУ БОЛОХ ВЭ?
  • Эцэс хүртэл тэвчээртэй, үнэнч байхад тустай захидал
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Еховад найдаж шийдвэр гаргах нь
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2023
  • Мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрч даруу байгаарай
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Ах дүүстэйгээ дотно байх нь бидэнд сайн!
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
хц25 5 сар х. 14-19

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 21

ДУУ 40 Эхлээд Хаанчлалыг хайгтун

Үргэлж байх хотыг хайгаарай

«Бид ирээдүйд баригдах хотыг шаргуу хайж байгаа» (ЕВР. 13:14).

ГОЛ САНАА

«Еврей» номын 13-р бүлгээс бидэнд одоо болон ирээдүйд тустай юу мэдэж авах вэ?

1. I зуунд Иерусалим хот яахыг Есүс зөгнөсөн бэ?

ЕСҮС Христ нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө нэг зөгнөл хэлсэн. Энэ нь Иерусалим хот болон сүм нь сүйрэхэд анхны удаа биелэх байв. Тэрбээр Иерусалим нэг өдөр «цэрэгт бүслэгдэнэ» гэж сэрэмжлүүлжээ (Лук 21:20). Ийм юм болсныг харвал тэр даруй зугтах ёстойг дагалдагчдадаа хэлсэн (Лук 21:21, 22). Есүсийн үг биелж Ромын цэргүүд Иерусалимыг бүсэлжээ.

2. Элч Паул Иудей, Иерусалим дахь Христийн еврей дагалдагчдад юу гэж сануулсан бэ?

2 Ромын цэргүүд Иерусалимыг бүслэхээс хэдхэн жилийн өмнө элч Паул нэг чухал захидал бичсэн. Энэ нь одоогийн «Еврей» ном юм. Иудей, Иерусалим дахь Христийн дагалдагчдад удахгүй болох үйл явдалд бэлэн байхад тустай зөвлөгөөг уг захидлаараа өгчээ. Яг юу болох гэж байсан бэ? Иерусалим хот устгагдана. Христийн дагалдагчид амиа аваръя гэвэл гэр орон, эрхэлж буй худалдаа наймаагаа орхих ёстой байв. Тиймээс Паул Иерусалимын талаар «үргэлж байх хот одоо бидэнд байхгүй» гээд цааш нь «Харин бид ирээдүйд баригдах хотыг шаргуу хайж байгаа» гэж бичжээ (Евр. 13:14).

3. «Жинхэнэ суурьтай хот» гэж юу вэ? Яагаад хайх хэрэгтэй вэ?

3 Иерусалим, Иудейг орхиж явахаар шийдсэн Христийн дагалдагчдыг хүмүүс буруутгаж, дооглон тохуурхсан байх. Гэхдээ ийм шийдвэр гаргаснаараа тэд амиа аварсан. Өнөөдөр ч хүмүүс биднийг мунхаг гэж шоолж болох юм. Учир нь бид нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг хүн шийднэ гэдэгт найддаггүй, эд мөнгийг чухалчилдаггүй. Яагаад? Бид энэ тогтолцоо түр зуурынх гэдгийг мэддэг бөгөөд «жинхэнэ суурьтай хот» болох Бурхны Хаант төрийг хайдаг (Евр. 11:10; Мат. 6:33).a Тус өгүүллээр 1) Паулын зөвлөгөө Христийн I зууны дагалдагчдад Бурхны Хаант төрийг хайсаар байхад хэрхэн тус болсныг, 2) Паул хойшид болох үйл явдалд тэднийг бэлэн байлгахын тулд яасныг болон 3) түүний зөвлөгөө өнөөгийн бидэнд ямар тустайг ярилцана.

ТАНЫГ ХЭЗЭЭ Ч ХАЯХГҮЙ НЭГЭНД ИТГЭ

4. Христийн дагалдагчдад Иерусалим хот яагаад чухал байсан бэ?

4 Христийн дагалдагчдад Иерусалим нь чухал хот байв. МЭ 33 онд энд Христийн дагалдагчдын хурал үүссэн бөгөөд Удирдах Зөвлөл ч энд байсан. Үүнээс гадна олон дагалдагч өөрийн гэсэн орон байр, хурааж хуримтлуулсан эд хөрөнгөтэй байлаа. Гэтэл Есүс тэдэнд Иерусалимаас, бүр Иудейгээс бүрмөсөн явах шаардлагатай болохыг анхааруулсан (Мат. 24:16).

5. Паул Христийн дагалдагчдыг удахгүй болох үйл явдалд бэлэн байлгахын тулд яасан бэ?

5 Паул удахгүй болох үйл явдалд Христийн дагалдагчдыг бэлэн байлгахын тулд Ехова Иерусалимыг хэрхэн үздэг болсныг ойлгуулсан. Ехова сүм дэх тахилчдын үйлчлэлийг сайшаахаа, бас тэнд өргөдөг тахилуудыг хүлээж авахаа больсныг Паул сануулжээ (Евр. 8:13). Хотын ихэнх оршин суугч Мессиаг үгүйсгэсэн. Сүм нь Еховагийн цэвэр шүтлэгийн төв байхаа больж, устгагдахаар болсон (Лук 13:34, 35).

6. Еврей 13:5, 6-д байдаг Паулын сануулгыг цагаа олсон гэж яагаад хэлэх вэ?

6 Паулыг еврейчүүдэд захидлаа бичиж байх үед Иерусалим хот цэцэглэн хөгжиж байлаа. Тухайн үеийн Ромын нэгэн зохиолч Иерусалимыг «Дорно дахины хамгийн алдартай хот» гэж хэлсэн байдаг. Газар газрын иудейчүүд жил бүр баяр наадам тэмдэглэхээр тийшээ явна. Энэ нь эдийн засгийн хөгжилд сайнаар нөлөөлсөн. Христийн зарим дагалдагч ч мөнгөө арвижуулсан. Тиймээс Паул: «Мөнгийг бүү хайрла, харин байгаа юмандаа сэтгэл хангалуун бай» хэмээн зөвлөсөнд гайхах зүйл үгүй. Тэгээд дараа нь «Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч хаяхгүй» гэсэн Еховагийн баталгааг Судраас эш татсан (Еврей 13:5, 6-г уншина; Д.хууль 31:6; Дуу. 118:6). Энэ баталгаа Иерусалим, Иудей дэх Христийн дагалдагчдад хэрэгтэй байв. Яагаад? Учир нь захидлыг хүлээж авсныхаа дараахан гэр орон, арилжаа наймаа, эд хөрөнгийнхөө ихэнхийг орхиж явах шаардлага гарсан. Дараа нь амаргүй ч гэлээ хаа нэг газар амьдралаа шинээр эхлэх хэрэгтэй болох байв.

7. Еховад итгэх итгэлээ яагаад одооноос батжуулах ёстой вэ?

7 Сургамж. Удахгүй юу болох вэ? «Агуу их гамшгаар» энэ ёс бус тогтолцоо устгагдана (Мат. 24:21). Бид Христийн I зууны дагалдагчдын адилаар сонор сэрэмжтэй, бэлтгэлтэй байх хэрэгтэй (Лук 21:34–36). Агуу их гамшгийн үеэр Ехова ард түмнээ хэзээ ч хаяхгүй гэдэгт бат итгэн гэр орон, эд хөрөнгөө орхиж явах хэрэгтэй болж магадгүй. Харин бид одоо ч Еховад бат итгэдгээ харуулах боломжтой. Та өөрөөсөө «Гаргасан шийдвэр болон зорилго минь эд баялагт бус, надад санаа тавина гэж амласан Бурханд найддагийг харуулдаг уу?» гэж асуугаарай (1 Тим. 6:17). Хэдийгээр I зуунд болсон явдал бидэнд сургамжтай нь үнэн боловч ирээдүйд болох «агуу их гамшиг» урьд хожид байгаагүй хэцүү цаг байх болно. Тиймээс тэр цаг болоход бид яг яах ёстойгоо хэрхэн мэдэх вэ?

УДИРДАЖ БУЙ ХҮМҮҮСТ ДУУЛГАВАРТАЙ БАЙ

8. Есүс шавь нартаа ямар заавар өгсөн бэ?

8 Еврейчүүд Паулаас захидал аваад хэдэн жил өнгөрсний дараа Ромын арми Иерусалим хотыг бүслэв. Энэ нь зугтах цаг болсны дохио байв. Удахгүй хот устгагдана (Мат. 24:3; Лук 21:20, 24). Гэхдээ хаашаа зугтах вэ? Есүс: «Иудейд байгаа хүмүүс уул руу зугтаг» гэсэн (Лук 21:21). Харин тэр хавьд уул олон байсан. Тэгэхээр яг аль руу нь зугтах вэ?

9. Христийн дагалдагчид аль уул руу зугтахаа яагаад бодсон байж болох вэ? (Бас газрын зургийг үзээрэй).

9 Христийн дагалдагчид Самари, Галил, Ливаны уулс, Хермон уул болон Иордан голын цаадах уулс руу зугтах боломжтой байв (Газрын зургийг үзээрэй). Уулархаг эдгээр нутгийн зарим хот хоргодоход аюулгүй санагдсан байх. Жишээлбэл Гамла гэдэг хот өндөр уулан дээр байдаг бөгөөд тийшээ дайрахад маш хэцүү. Зарим иудей хүн энэ хотыг хамгийн аюулгүй гэж бодсон. Гэтэл ромчууд тийшээ дайрч, хот болон ихэнх оршин суугчийг нь устгасан түүхтэй.b

I зууны Израйлын хотууд болон уулсыг газрын зурагт харуулжээ. Иерусалимын хойд хэсэгт Ливан, Галил, Самари, Гилеадын уулс, Хермон уул, Табор уул болон Гамла, Цезариа, Пелла хотууд байна. Өмнөд хэсэгт нь Иудей, Абаримын уулс болон Масада хот байна. Мөн МЭ 67–73 онд Ромын цэргүүдийн дайрч өнгөрсөн болон эзэлсэн газруудыг харуулсан байна.

Христийн дагалдагчдын зугтаж очих боломжтой уул олон байсан ч бүгд аюулгүй гэсэн үг биш байв (9-р догол мөрийг үзээрэй)


10, 11. а) Ехова удирдлага заавраа хэрхэн өгсөн байж болох вэ? (Еврей 13:7, 17). б) Христийн дагалдагчид удирдаж буй хүмүүст дуулгавартай байсныхаа ачаар яасан бэ? (Бас зургийг үзээрэй).

10 Ехова Христийн дагалдагчдыг хуралд хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг хүмүүсээр удирдуулж байсан бололтой. Түүхч Евсев хожим нь «Иерусалим дахь дагалдагчид томилогдсон эрчүүдэд Бурхны илчилснийг хүлээн авчээ. Тэд ... дайн эхлэхээс өмнө зугтаж, Перийн Пелла гэдэг хотод суурьших ёстой байв» гэж бичжээ. Пелла нь тун тохиромжтой сонголт юм. Учир нь Иерусалимаас холгүй орших бөгөөд хүрч очиход харьцангуй амар байв. Мөн ихэнх оршин суугч нь харь үндэстнүүд тул эрх чөлөөний төлөө ромчуудтай тэмцэгч иудейчүүдийн нөлөөнд автаагүй хот ажээ (Газрын зургийг үзээрэй).

11 Христийн дагалдагчид «Удирдаж байгаа хүмүүстээ дуулгавартай бай» гэсэн Паулын зөвлөгөөг дагасан (Еврей 13:7, 17-г уншина). Тиймээс амиа аварсан. Бурхны Хаант төр буюу «жинхэнэ суурьтай хотыг ... хүлээж» байсан хүмүүсийг Бурхан орхиогүйг түүх баталдаг (Евр. 11:10).

Христийн I зууны дагалдагчид эд зүйлээ бариад уулархаг нутгаар алхаж байна.

Пелла нь аюулгүй хотуудын ойрхон нь байв (10, 11-р догол мөрийг үзээрэй)


12, 13. Хүнд хэцүү үед Ехова ард түмнээ хэрхэн удирддаг вэ?

12 Сургамж. Ехова удирдах үүрэгтэй хүмүүсээр ард түмэндээ тодорхой заавар өгүүлдэг. Тэрбээр ард түмнээ хүнд хэцүү цагт нь үнэнч эрчүүдээр удирдуулсан жишээ Библид олон байдаг (Д.хууль 31:23; Дуу. 77:20). Өнөөдөр ч үнэнч эрчүүдээр удирдуулдгийн баталгаа мундахгүй их ээ.

13 Жишээлбэл КОВИД-19 цар тахал дэгдэхэд удирдах үүрэгтэй хүмүүс ахлагчдад цуглаанаа хэрхэн зохион байгуулж Еховаг шүтэх зааврыг өгч байв. Цар тахал дэгдээд удаагүй байхад чуулганы хөтөлбөрийг интернэт, зурагт, радиогоор 500 гаруй хэлээр цацсан. Ийнхүү Еховагаас удирдлага заавар тасралтгүй ирж байсан учир бид эв нэгдэлтэй байж чадсан. Ирээдүйд бидэнд ямар ч сорилт бэрхшээл тулгарсан, зөв шийдвэр гаргахад нь Ехова удирдах үүрэгтэй хүмүүст үргэлж тусална гэдэгт бид итгэдэг. Агуу их гамшигт бэлтгэлтэй байж, тэр хэцүү цагт ухаалаг байхын тулд бид Еховад найдаж, удирдах үүрэгтэй эрчүүдэд дуулгавартай байх хэрэгтэй. Өөр ямар зан чанар хэрэгтэй вэ?

АХ ДҮҮГИЙН ЁСООР ХАЙРЛАЖ, ЗОЧЛОМТГОЙ БАЙ

14. Еврей 13:1–3-т бичсэнээр Иудейн тогтолцоо устгагдахын өмнөх жилүүдэд Христийн дагалдагчид ямар зан чанар илэрхийлэх ёстой байсан бэ?

14 Агуу их гамшгийн үед бид нэг нэгнээ хэзээ хэзээнээс илүү хайрлах хэрэгтэй. Иерусалим, Иудейд амьдарч байсан Христийн дагалдагчдын жишээг дуурайх учиртай. Тэд бие биеэ цаг ямагт хайрладаг байсан (Евр. 10:32–34). Гэхдээ Иудейн тогтолцоо устгагдахын өмнөх жилүүдэд «ах дүүгийн ёсоор» хайрлаж, «зочломтгой байхыг» улам их хичээх ёстой байв (Еврей 13:1–3-ыг уншина).c Бид ч энэ тогтолцоо дуусах үед ах дүүсээ улам их хайрлах ёстой.

15. Еврей дагалдагчид хотоос зугтсаныхаа дараа яагаад ах дүүгийн ёсоор хайрлаж, зочломтгой байх хэрэгтэй байсан бэ?

15 Иерусалимыг бүсэлсэн Ромын арми хотыг гэнэт орхиж явахад Христийн дагалдагчид бага сага юмаа аваад зугтсан (Мат. 24:17, 18). Тэд аян замдаа ч, Пеллад ирээд амьдралаа төвхнүүлэхдээ ч бие биедээ туслах хэрэгтэй байв. Хэрэгцээтэй юмаар гачигдаж байсан тул нэг нэгэндээ санаа тавьж, байгаагаа хуваалцаад чин сэтгэлээсээ хайрладаг, зочломтгой гэдгээ баталсан (Тит 3:14).

16. Тусламж хэрэгтэй итгэл нэгтнүүддээ хайраа хэрхэн илэрхийлэх вэ? (Бас зургийг үзээрэй).

16 Сургамж. Бид хайрандаа хөтлөгдөн нэг нэгэндээ хэрэгтэй үед нь тусалдаг. Дайн дажин, байгалийн гамшгаас болж дүрвэсэн итгэл нэгтэндээ дуртайяа тусалдаг хүн олон бий. Тэд зайлшгүй хэрэгцээтэй юмыг нь өгч, Еховад тасралтгүй үйлчлэхэд нь тусалж, урам зориг хайрладаг. Дайны улмаас гэр орноо орхиж явахад хүрсэн украин Гэрч эмэгтэй: «Ехова итгэл нэгтнүүдээр маань дамжуулан биднийг удирдан чиглүүлж, санаа тавьж байсан. Украинд ч, Унгарт ч, одоо энд Германд ч тэд сайхан сэтгэлээр тусалж байна» гэжээ. Ах дүүстээ зочломтгой хандаж, хэрэгтэй юмыг нь өгдөг бол Еховатай хамтран ажиллаж байгаа хэрэг (Сур. 19:17; 2 Кор. 1:3, 4).

Настай Гэрч хос нутагт нь дүрвэж ирсэн нэг гэр бүлийг найрсгаар хүлээж аван гэртээ оруулж байна. Тэр гэр бүл ганц чемодан, хэдэн цүнхтэй иржээ.

Дүрвэсэн итгэл нэгтнүүдэд маань бидний тусламж хэрэгтэй (16-р догол мөрийг үзээрэй)


17. Ах дүүгийн ёсоор хайрлаж, зочломтгой байхыг одоо сурах нь яагаад чухал вэ?

17 Агуу их гамшгийн үед бид нэг нэгэндээ бүр ч их туслах хэрэгтэй болох нь ойлгомжтой (Хаб. 3:16–18). Тэр үед ах дүүгийн ёсоор хайрлаж, зочломтгой байх нь амин чухал учраас Ехова биднийг одооноос сургадаг.

ИРЭЭДҮЙД ЮУ БОЛОХ ВЭ?

18. I зууны еврей дагалдагчдыг хэрхэн дуурайх вэ?

18 Дуулгавартай байж уул руу зугтсан Христийн дагалдагчид Иерусалим сүйрэхэд аврагдсаныг түүх баталдаг. Тэд бүх юмаа орхиж явсан ч Ехова тэднийг хэзээ ч орхиогүй. Энэ явдал бидэнд ямар сургамжтай вэ? Ирээдүйд юу болохыг бид яг таг мэдэхгүй. Гэхдээ зааврыг дагахад бэлэн бай гэсэн Есүсийн анхааруулгыг мэддэг (Лук 12:40). Бас «Еврей» номд бичсэн Паулын зөвлөгөө I зуунд тустай байсан шиг өнөөдөр ч тустай. Түүнчлэн биднийг хэзээ ч орхихгүй, хаяхгүй гэж Ехова өөрөө амласан (Евр. 13:5, 6). Тиймээс үүрдийн ивээл хүртээх, үргэлж байх хот Бурхны Хаант төрийг шаргуу хайж байцгаая! (Мат. 25:34).

ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?

  • Еховад итгэх итгэлээ яагаад одоо батжуулах хэрэгтэй вэ?

  • «Агуу их гамшгийн» үед дуулгавартай байх нь яагаад чухал вэ?

  • Ах дүүгийн ёсоор хайрлаж, зочломтгой байхыг одоо сурах нь яагаад чухал вэ?

ДУУ 157 Үүрдийн амар тайван

a Библи бичигдэж байх үед ихэвчлэн хаан нь хотоо захирдаг байсан. Ийм хотыг хаант төр гэж үздэг байв (Эх. 14:2).

b Энэ явдал Христийн дагалдагчид Иудей, Иерусалимаас зугтсаны дараахан буюу МЭ 67 онд болсон.

c «Ах дүүгийн ёсоор ... хайрлах» гэж орчуулсан үг нь гэрийнхнээ гэсэн хайрыг хэлдэг. Харин Паул хурлынхнаа гэсэн халуун хайрыг энэ үгээр илэрхийлжээ.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах