Үйлс
25 Фест муждаа хүрэлцэн ирж, ажлаа авчихаад гурав хоногийн дараа Цезариагаас Иерусалим руу явжээ. 2 Ахлах тахилчид болон иудейчүүдийн дунд нөлөө бүхий хүмүүс Фестэд Паулын талаар зарга мэдүүлж, 3 Паулыг Иерусалим руу явуулж өөрсдөд нь тус болохыг гуйжээ. Тэд Паулыг отож байгаад замд нь алах санаатай байв. 4 Харин Фест тэдэнд Паул Цезариад хорионд байх ёстой хэмээгээд өөрөө удахгүй буцахаа хэлж 5 «Тэр хүн буруу юм хийсэн нь үнэн юм бол танай удирдагчид надтай хамт очоод зарга мэдүүлж болно шүү дээ» гэжээ.
6 Тэгээд Фест тэнд 10 орчим хоноод Цезариа руу буцжээ. Маргааш нь шүүгчийн суудалдаа суугаад Паулыг авчруулав. 7 Иерусалимаас ирсэн иудейчүүд Паулыг ирэхэд тойрч зогсоод түүнд олон ноцтой хэргийг тулгаж буруутгасан ч нотолж чадсангүй.
8 Паул өөрийгөө өмгөөлж «Би иудейчүүдийн Хууль, сүм, Цезарийн эсрэг ямар ч нүгэл үйлдээгүй» гэж хэллээ. 9 Фест иудейчүүдэд тал засах гэсэндээ Паулд «Та Иерусалимд очиж хэргээ шүүлгэмээр байна уу?» гэхэд 10 Паул: «Би Цезарийн төлөөлөгчийн* өмнө зогсож байна. Уг нь намайг энд л шүүх ёстой. Би иудейчүүдэд ямар ч гэм хийгээгүй. Та өөрөө ч үүнийг сайн мэдэж байгаа. 11 Хэрэв би буруу юм хийсэн байгаад үхэх ял авах ёстой юм бол амь гуйхгүй. Харин энэ хүмүүс намайг ор үндэсгүй буруутгаж байгаа бол тэдэнд тал засах гэж намайг тэдний гарт өгөх эрх хэнд ч байхгүй. Би Цезарьт давж заалдана!» гэжээ. 12 Тиймээс Фест зөвлөхүүдтэйгээ хэлэлцээд «Та Цезарьт давж заалдана гэсэн. Таныг Цезарь луу явуулна» гэж хэлэв.
13 Хэд хоногийн дараа Агрийп хаан, Бернике хоёр өөртэй нь уулзахаар Цезариад хүрэлцэн ирж 14 хэд хоноход Фест, Паулын хэргийг хаанд танилцуулав.
«Феликс нэг хүнийг хорионд үлдээгээд явсан юм. 15 Намайг Иерусалимд байхад ахлах тахилчид, иудейчүүдийн ахлагчид тэр хүний талаар зарга мэдүүлж, надаар шүүлгэж яллуулах гэсэн ч 16 буруутгагдаж байгаа хүнийг буруутгагчтай нь нүүрэлдүүлж, өөрийгөө өмгөөлөх боломж олголгүй буруутгагчид өгч найр тавих нь Ромын хуульд нийцэхгүй гэж би хэлсэн. 17 Тэгээд тэднийг ирсний маргааш би шүүгчийн суудалдаа даруй сууж, өнөөх хүнийг ирүүлэхийг тушаав. 18 Буруутгагчид нь босоод ярьж эхэлсэн ч энэ нь миний бодож байсан шиг ноцтой хэрэг биш байсан. 19 Харин тэд шашин шүтлэгийнхээ асуудлаар зөрчилдөж, Есүс гэдэг үхсэн хүнээс болж маргасан юм байжээ. Паул тэр Есүсийг амьд гэж зүтгэж байлаа. 20 Би уг хэргийг хэрхэн шийдэхээ мэдэхгүй тул Иерусалимд очиж хэргээ шийдүүлэх эсэхийг нь Паулаас асуухад 21 тэрээр Эзэн хааны шийдвэрийг хүлээж хорионд байх хүсэлтэйгээ мэдэгдсэн учир Цезарь луу явуултлаа хорихоор шийдсэн юм» гэж хэлэв.
22 Тэгэхэд Агрийп хаан: «Би тэр хүний юу ярихыг сонсмоор байна» гэхэд Фест: «Маргааш тантай уулзуулъя» гэв. 23 Маргааш нь Агрийп хаан, Бернике хоёр мянгатын дарга нар болон хотын нэр нөлөө бүхий хүмүүстэй хамт шүүхийн танхимд ихэд сүржин орж ирэхэд Фестийн тушаалаар Паулыг дуудаж ирүүллээ. 24 Фест: «Хаан Агрийп болон энд хүрэлцэн ирсэн эрхмүүд ээ! Та бүхний харж байгаа энэ хүнийг амьд явах эрхгүй гэж иудейчүүд бүх нийтээрээ хашхирч, Иерусалимд ч, энд ч надад зарга мэдүүлсэн юм. 25 Гэхдээ үхэх ял авах хэрэг хийгээгүйг нь би ойлгосон. Энэ хүн Эзэн хаанд давж заалдахыг хүссэн учир би явуулахаар шийдсэн. 26 Гэхдээ түүний талаар Эзэндээ бичих юм олдоогүй учир та бүхний өмнө, ялангуяа Агрийп хаан таны өмнө ирүүллээ. Ингэж хянан шалгавал бичих юм олдох болов уу гэж бодож байна. 27 Хоригдлыг явуулахдаа ямар хэргээр буруутсаныг мэдэгдэхгүй байх нь зүйд нийцэхгүй шүү дээ» хэмээв.