Нэгдүгээр хаад
4 Соломон хаан хамаг Израйлыг захирав. 2 Өндөр албан тушаалтай хүмүүс нь дараах юм. Задокийн хүү Азариа нь тахилч*, 3 Шишагийн хөвгүүд болох Елихореф Ахиа хоёр гүүш, Ахилудын хүү Иехошафат нь хэрэг хөтлөгч, 4 Иехоиадагийн хүү Бенаиа нь цэргийн жанжин, Задок Абиатар хоёр тахилч, 5 Натаны хүү Азариа нь захирагчдын хариуцагч, Натаны хүү Забуд нь тахилч, хааны найз, 6 Ахишар нь ордны даамал, Абдагийн хүү Адонирам нь албадлагын ажилчдын хариуцагч байв.
7 Соломон Израйл даяар 12 захирагч томилжээ. Тэд сар сараар ээлжлэн хааныг болон ордныхныг хоол хүнсээр хангах үүрэгтэй байлаа. 8 Тэднийг дурдвал: Хурын хүү нь Ефраимын уулархаг нутгийг, 9 Декерийн хүү нь Маказ, Шаалбим, Бет-шемеш, Елонбет-хананыг, 10 Хеседийн хүү нь Арубботыг (түүний мэдэлд Соко, Хеферийн бүх нутаг байв), 11 Абинадабын хүү нь Дорын бүх өндөрлөгийг (тэрбээр Соломоны охин Тафаттай гэрлэсэн), 12 Ахилудын хүү Баана нь Таанах, Мегиддо мөн Иезреелийн доохон талын Заретан хотын ойролцоох Бет-шеан бүхэлдээ буюу Бет-шеанаас Абел-мехола, цаашлаад Иокмеамын бүс нутаг хүртэл, 13 Геберийн хүү нь Рамот-гилеадыг (түүний мэдэлд Гилеад дахь Манассегийн удмын Иаирын майхант тосгод, мөн Башан дахь бүс нутаг буюу хана хэрэм, зэс хөндлөвч бүхий 60 том хоттой Аргобын бүс нутаг байлаа), 14 Иддогийн хүү Ахинадаб нь Маханаимыг, 15 Ахимааз нь Нафталийг (тэрбээр Соломоны өөр нэг охин Басематыг эхнэрээ болгож авсан), 16 Хушаин хүү Баана нь Ашер ба Беалотыг, 17 Паруагийн хүү Иехошафат нь Иссахарыг, 18 Елагийн хүү Шимеи нь Бениаминыг, 19 Уригийн хүү Гебер нь Гилеадын нутаг буюу аморичуудын хаан Сихон, Башаны хаан Огийн нутгийг хариуцдаг байв. Эдгээр захирагчийг хариуцдаг бас нэг захирагч байлаа.
20 Иудачууд, израйлчууд далайн эргийн элс мэт үй олуулаа байсан бөгөөд идэж уун, баярлаж цэнгэж байлаа.
21 Соломон Их мөрнөөс* авхуулаад филистчүүдийн нутаг, цаашлаад Египетийн хил хүртэлх бүх хаант улсыг захирч байв. Тэд Соломоныг амьд байх бүхий л хугацаанд алба гувчуур өгч, түүнд зүтгэж байлаа.
22 Соломоны ордонд хэрэглэх өдөр бүрийн хүнс нь 30 кор* нарийн ширхэгтэй гурил, 60 кор гурил, 23 бордсон 10 үхэр, бэлчээрийн 20 үхэр, 100 хониноос гадна буга, зээр, эрэгчин бор гөрөөс, бордсон хөхөөнүүд байв. 24 Соломон Их мөрний баруун талд Тифсагаас Газ хүртэлх бүх нутгийг хамаг хаадтай нь захирч байсан тул газар нутагт нь амар тайван ноёлж, эргэн тойрондоо айх аюулгүй байв. 25 Соломоны үед Данаас Беершеба хүртэл иудачууд, израйлчууд энх тунх аж төрж, хүн бүр усан үзэм болон инжрийн модныхоо дор сууж байлаа.
26 Соломон тэргэнд хөллөдөг морьдын 4 000* жүчээ, 12 000 морьтой* байв.
27 Дээрх захирагчид Соломон хаан болон хамт зоог барьдаг хүмүүсийг нь хоол хүнсээр хангадаг байлаа. Захирагч бүр дааж авсан сардаа тэднийг хоол хүнсээр дутаахгүй байх үүрэгтэй байсан юм. 28 Тэд бас хүлэг морьд, хөллөгөөний морьдын арвай, сүрлийг хэрэгцээтэй газруудад нь тоо ёсоор нь нийлүүлж байлаа.
29 Бурхан Соломонд мэргэн ухаан, ялгаж салгах чадварыг асар ихээр өгч, далайн эргийн элс мэт түмэн зүйлийг ойлгох чадвартай болгосон. 30 Соломоны мэргэн ухаан дорнын болон Египетийн бүх хүний мэргэн ухааныг давж гарчээ. 31 Тэрбээр езра хүн Етан, Махолын хөвгүүд болох Хеман, Калкол, Дарда гээд өөр ямар ч хүнээс илүү мэргэн ухаантай байв. Алдар суу нь эргэн тойрных нь үндэстнүүдэд түгжээ. 32 Соломон 3 000 сургаал үг, 1 005 дуу зохиожээ. 33 Тэрбээр Ливаны хуш гээд аварга том моддоос авхуулаад хана хэрмэнд өгсөж ургадаг хиссоп хэмээх жижиг ургамлын тухай хүртэл ярьдаг байв. Бас шувууд, хэвлээр явагчид*, загас жараахай гээд амьтдын тухай ярьдаг байсан. 34 Соломоны цэцэн мэргэн үгийг сонсохоор үндэстэн үндэстний хүмүүс, тэр дундаа мэргэн ухааных нь талаар дуулсан газар газрын хаад ирдэг байлаа.