Исаиа
3 Жинхэнэ Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Ехова
Иерусалим болон Иудагаас бүх туслалцаа, хангамжийг,
Бүх талх, усны хангамжийг зайлуулна.
2 Хүчит эрс, дайчид,
Шүүгчид, зөнчид, мэргэ төлгөчид, ахлагчид,
3 Тавьтын дарга нар, хүндэт хүмүүс, зөвлөхүүд,
Увдист шидтэнүүд, чадварлаг тарничдыг устгана.
4 Би хөвгүүдийг тэдний ноёд болгож,
Ухаан муутай* хүмүүсийг тэдний захирагч болгоно.
5 Хүмүүс бие биеэ,
Хүн бүр нэг нэгнээ дарлана.
Балчир хөвгүүн настай эр лүү дайрч,
Доодос нь дээдсээ үл тоомсорлоно.
6 Хүн бүр эцгийнхээ гэрт байгаа ах дүүгээ барьж аван
«Чамд нөмрөг байна, чи бидний захирагч бол.
Энэ балгасыг чи захир» гэж хэлнэ.
7 Харин тэр татгалзан
«Би чиний шархыг боохгүй.
Гэрт минь хоол ч, хувцас ч байхгүй.
Намайг битгий ард түмний захирагч болгооч» гэнэ.
8 Иерусалим бүдэрсэн.
Иуда унасан.
Учир нь тэд үг яриа, үйл хэргээрээ Еховаг эсэргүүцсэн.
Цог жавхлант Бурхныг эсэргүүцсэн.
9 Тэдний гэм буруутайг нүүр царай нь илтгэдэг.
Тэд нүглээ Содом шиг зарлан тунхагладаг.
Тэд нүглээ нуухыг оролддоггүй.
Өөрсөд дээрээ гамшиг авчрагч тэд золгүй еэ!
10 Сайн юм тохиолдохыг зөв хүмүүст хэл.
Тэд сайн үйлсийнхээ төлөө шагнал хүртэнэ.
11 Хорон санаатан золгүй еэ!
Түүнд гай зовлон тохиолдоно.
Бусдад яаж ханддаг байсан, өөрт нь тэгж л хандах болно.
12 Миний ард түмэн хэрцгий харгалзагчдад захирагддаг.
Эмс хүүхнүүдэд толгойгоо мэдүүлдэг.
Ард түмэн минь ээ, та нар удирдагчдаасаа болж хэрэн тэнүүчилдэг.
Замаасаа төөрч будилдаг.
13 Ехова зарга мэдүүлэхээр байраа эзэлжээ.
Ард түмнүүдэд ял оноохоор зогсож байна.
14 Ехова ард түмнийхээ ахлагчид, ноёдыг шүүнэ.
«Та нар усан үзмийн талбайг галдан шатаасан.
Ядуусаас хулгайлсан юм гэрт чинь байгаа.
15 Та нар миний ард түмнийг тамлан зовоож,
Ядуусыг хайр найргүй дарлаж яаж зүрхэлнэ вэ?» гэж Хэмжээгүй эрхт Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Ехова тунхаглаж байна.
16 Ехова ийн айлдаж байна. «Сионы охид бардам.
Тэд харц дээгүүр алхдаг.
Харцаараа өдөж, гунхан алхахдаа
Хөлийнхөө гоёлыг жингэнүүлдэг.
17 Ехова Сионы охидын толгойг шархдуулна.
Ехова тэдний толгойг халзан болгоно.
18 Тэр өдөр Ехова тэдний гоёл чимгийг авч хаяна.
Хөлийн гоёл, үсний даруулга, саран хэлбэртэй чимэглэл,
19 Ээмэг, бугуйвч, гивлүүр,
20 Толгойн өмсгөл, хөлийн гинж, цээживч,
Үнэртний сав, сахиус*,
21 Бөгж, хамрын гархи,
22 Ёслолын хувцас, урт цамц, нөмрөг, түрийвч,
23 Толь, маалинган дотуур хувцас,
Толгойн ороолт, гивлүүрийг нь авч хаяна.
24 Тосны анхилуун үнэрийнх нь оронд өмхий үнэр,
Бүснийх нь оронд олс,
Сайхан үснийх нь оронд халзан толгой,
Үнэтэй хувцасных нь оронд таар,
Гоо үзэсгэлэнгийнх нь оронд им тамга байх болно.
25 Эрчүүд чинь илдэнд унана.
Дайчид чинь дайнд алагдана.
26 Оршин суугчид нь хотын хаалганы дэргэд гашуудан уйлна.
Хот өөрөө эд хөрөнгөөсөө хагацаад газар сууж буй эмэгтэй шиг болно».