Иеремиа
2 Ехова надад айлдсан нь: 2 «Иерусалимд очиж тунхагла. “Ехова ийн айлдаж байна.
«Залуудаа надад үнэнч байсныг чинь,
Гэрлэхээр сүй тавихдаа намайг хайрладаг байсныг чинь,
Үр суулгаагүй зэлүүд газар
Намайг дагаж явсныг чинь би тод санаж байна.
3 Ехова миний хувьд Израйл ариун байсан. Ургацын минь дээж байсан»”.
“Түүнийг залгих гэсэн хэн боловч буруутан болно.
Тэдэн дээр гамшиг бууна” гэж Ехова би тунхаглаж байна».
4 Иаковын үр удам аа,
Израйлын бүх гэр бүл ээ, Еховагийн үгийг сонс.
5 Ехова ийн айлдаж байна.
«Өвөг дээдэс чинь надаас ямар алдаа олсон болоод
Надаас тэгтлээ холдож,
Ямар ч хэрэгцээгүй бурхдыг шүтэж, өөрсдөө ч хэрэгцээгүй болсон юм бэ?
6 Тэд: “Египетийн нутгаас биднийг гаргаж
Эзгүй зэлүүд газар,
Элсэн цөл, ангал хавцал,
Ган гачиг, бараан сүүдрийн нутаг,
Хүн зорчдоггүй, хэн ч амьдардаггүй газраар
Биднийг дагуулан явсан Еховагаас
Тусламж гуйцгаая” гэж хэлээгүй*.
7 Би та нарыг жимсний цэцэрлэг болсон нутагт авчирсан нь
Үр жимс, сайхан бүхнийг нь идээсэй гэснийх билээ.
Гэтэл та нар хүрч ирээд эзэмшил газрыг минь бузарлаж,
Өмч хөрөнгийг минь жигшүүрт зүйл болгосон.
8 Тахилч нар чинь: “Еховагаас тусламж гуйцгаая” гэж хэлээгүй*.
Хуулийг заах үүрэгтэй хүмүүс чинь намайг таньж мэдээгүй.
Хоньчид чинь надад тэрсэлсэн.
Зөнчид чинь Баалын нэрээр зөгнөж
Ямар ч хэрэгцээгүй бурхдыг шүтсэн.
9 “Тиймээс би хойшид ч та нартай тэмцэнэ.
Та нарын үр удамтай тэмцэнэ” гэж Ехова би айлдаж байна.
10 “Киттимийн эрэг орчмын нутгууд* руу очиж хар.
Кедар луу хүн явуулж нягтлан шалга.
Иймэрхүү явдал болж байсан эсэхийг хар.
11 Бурхдаа бурхад биш юмаар сольсон үндэстэн бий юү?
Гэтэл миний ард түмэн сүр жавхлант намайг ямар ч хэрэггүй юмаар сольсон.
12 Тэнгэр ээ, үүнийг гайхан хар.
Айн чичир” хэмээн Ехова би тунхаглаад
13 “Учир нь миний ард түмэн дараах хоёр бузар хэргийг үйлдсэн юм.
Тэд амийн усны ундарга болсон надаас холдсон.
Ус агуулж чадахгүй эвдэрхий усан санг
Өөрсдөдөө зориулж хийсэн” гэв.
14 “Израйл зарц юм уу? Эсвэл эзнийхээ гэрт төрсөн боол юм уу?
Тийм биш юм бол яагаад дээрэмчдийн олз болов?
15 Залуу арслангууд өөдөөс нь архирч
Чанга дуугаар хүрхэрлээ.
Газар нутгийг нь аймшигт балгас болголоо.
Хотуудыг нь галдан шатааж хүн амьтангүй болголоо.
16 Ноф*, Тахпанхесын оршин суугчид толгойн чинь үсийг хусаж* байна.
17 Өөрийг чинь залж чиглүүлдэг
Ехова Бурхнаа орхисноосоо болж
Чи ийм юм үзэж байгаа бус уу?
18 Одоо чи яагаад Египет рүү явж,
Шихорын* уснаас уух юм сан гэж бодно вэ?
Яагаад Ассири луу явж,
Их мөрний* уснаас уух юм сан гэж хүснэ вэ?
19 Бузар хэрэг чинь чамд сургамж болох ёстой.
Үнэнч бусаасаа болж чи зэмлэл хүлээх ёстой.
Ехова Бурхнаа орхино гэдэг
Хэчнээн муухай, эмгэнэлтэй явдал байдгийг мэд, ухаар.
Чи надаас айж эмээгээгүй” гэж Хэмжээгүй эрхт Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Ехова би айлдаж байна.
20 “Аль эрт би буулгыг чинь эвдэж
Гав, дөнгийг чинь мулталсан.
Гэвч чи: «Би танд үйлчлэхгүй» гэж хэлсэн.
Өндөр толгод бүрийн дээр, саглагар мод бүрийн доор
Чи тэрийж хэвтээд биеэ үнэлдэг байсан.
21 Чамайг суулгах үед чи хамгийн сайн үрийн улаан усан үзмийн шилмэл мод байсан.
Харсаар байтал чи яаж яваад харийн усан үзмийн муудсан мөчир болчхов оо?”.
22 “Чи биеэ хужраар* угааж, шүлтээр* цэвэрлэсэн ч
Гэм нүглийн чинь толбо надад илхэн байна” гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова би айлдаж байна.
23 “Би өөрийгөө бузарлаагүй.
Баалд мөргөөгүй” гэж чи яаж хэлж чадаж байна аа?
Хөндийд яаж явдгаа ажигла.
Юу хийснээ бод.
Чи бол урагшаа хойшоо зорилгогүй тэших
Хурдан залуу ингэтэй адил юм.
24 Зэлүүд газар ээнэгшин дассан,
Орооныхоо үеэр салхи үнэрлэх эм хулантай адил юм.
Үржлийн үед нь хэн түүнийг хорьж дийлэх вэ?
Эрэгчин нь түүнийг хайхдаа эцэж цуцахгүй.
Ороо нь орсон үед нь түүнийг олно.
25 Дэмий юмны хойноос хөөцөлдөж яваад хөл чинь нүцгэрэх вий.
Хоолой ам чинь хатах вий.
Гэвч чи: “Яах ч арга алга!
Харийн хүмүүст* хайртай болчихлоо.
Тэднийг дагана” гэсэн.
26 Хулгайч баригдахаараа шившиг болдог шиг
Израйлчууд бас шившиг болсон.
Тэд өөрсдөө ч, хаад, ноёд нь ч,
Тахилч, зөнчид нь ч ялгаагүй.
27 Тэд модонд хандан “Та бол миний аав”,
Чулуунд хандан “Та намайг төрүүлсэн” гэж хэлдэг.
Тэд надад хандахын оронд нүүр буруулсан.
Тэгсэн атлаа зовлон тохиолдохын цагт
“Ирээд биднийг авраач!” гэх болно.
28 Өөрсдөдөө зориулж бүтээсэн бурхад чинь хаана байна вэ?
Зовох цагт чинь та нарыг аварч чаддаг юм бол босоод ирэг.
Та нарын бурхад хотууд шиг чинь олон болсон шүү дээ, Иуда минь.
29 “Та нар яагаад надтай тэмцээд байгаа юм бэ?
Та нар яагаад бүгдээрээ надад тэрслээд байгаа юм бэ?” гэж Ехова би тунхаглаж байна.
30 Үр хүүхдийг чинь шийтгээд үр дүнгүй болов.
Засарч огт өөрчлөгдсөнгүй.
Улангасан дайрах арслан мэт чи
Өөрийн илдээр зөнчдөө хөнөөв.
31 Энэ үеийнхэн минь ээ, Ехова миний үгийг тунгаагаач.
Израйлчуудын хувьд би эзгүй зэлүүд газар шиг болсон уу?
Эсвэл харанхуй нөмөрсөн нутаг шиг болсон уу?
Яагаад миний ард түмэн: “Бид дураараа тэнэнэ.
Тан руу дахиж очихгүй” гэж хэлсэн бэ?
32 Залуу бүсгүй гоёлоо мартах уу?
Шинэ бэр хуримын өмсгөлөө мартах уу?
Гэтэл миний ард түмэн намайг тоймгүй олон өдөр мартсан.
33 Эмэгтэй минь, чи амрагуудыг эрж хайхдаа гарамгай юм!
Бузар булай юм хийхдээ сурамгай юм!
34 Хормой чинь гэмгүй ядуусын цусны толбо болжээ.
Тэд орон гэрт чинь дайран орж байгаагүй ч
Цус нь хормойг чинь нэлд нь будсан байгааг би харсан.
35 Гэвч чи: “Би гэмгүй.
Бурхан надад уурлахаа больсон” гэдэг.
“Би нүгэл үйлдээгүй” гэж хэлсэн болохоор чинь
Би чамайг шийтгэнэ.
36 Чи яагаад тогтворгүй байгаагаа юман чинээ бодохгүй байна вэ?
Чи Ассириас болж шившиг болсон шигээ
Египетээс болж бас шившиг болно.
37 Ийм учраас чи ч бас толгой гудайлган* явна.
Учир нь Ехова би чиний итгэл найдвар болсон хүмүүсийг голсон.
Тэд чамд огтхон ч туслахгүй».