Иеремиа
43 Иеремиаг бүх хүнтэй ярьж өөрсдийнх нь Бурхан Еховагийн хэлсэн энэ бүх үгийг, Ехова Бурхных нь дамжуулсан үг нэг бүрийг хэлж дуусахад 2 Хошаиагийн хүү Азариа, Кареагийн хүү Иоханан болон бүх бардам хүн Иеремиад хэлсэн нь: «Та худлаа ярьж байна! “Египет рүү явж тэнд оршин сууж болохгүй” гэж хэлүүлэхээр Ехова Бурхан маань таныг явуулаагүй. 3 Нериагийн хүү Барух биднийг халдейчуудад барьж өгч алуулах юм уу Вавилонд олзлуулахын тулд энэ үгийг танаар хэлүүлж байна».
4 Ингээд Кареагийн хүү Иоханан болон цэргийн бүх дарга нар, бүх ард иргэд Иудагийн нутагт үлд гэсэн Еховагийн үгийг сонссонгүй. 5 Улс үндэстнүүдийн дунд тархан суурьшиж байгаад Иудагийн нутагт амьдрахаар буцаж ирсэн Иудагийн бүх үлдэгсдийг Кареагийн хүү Иоханан болон цэргийн дарга нар авч явав. 6 Тэд эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хааны гүнж нарыг мөн Шафаны ач, Ахикамын хүү Гедалиад бие хамгаалагчдын ахлагч Небузараданы үлдээсэн бүх хүнийг, Иеремиа зөнчийг, Нериагийн хүү Барухыг авч явсан юм. 7 Тэд Еховагийн үгэнд оролгүй Египетийн нутагт хөл тавьж, бүр Тахпанхес хүртэл явжээ.
8 Иеремиаг Тахпанхест байхад нь Ехова түүнтэй ярьсан нь: 9 «Том чулуунууд авч тэдгээрийг иудейчүүдийн нүдэн дээр Тахпанхес дэх фараоны өргөөний үүдний тоосгон довжоонд нуугаад шохойн зуурмагаар хуч. 10 Тэгээд тэдэнд ингэж хэл. “Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна. «Би өөрийн зарц, Вавилоны хаан Небухаднезарыг* дуудаж байна. Би түүний сэнтийг өөрийн нуусан эдгээр чулуун дээр тавина. Тэрбээр энэ чулуунууд дээр асраа босгоно. 11 Тэрбээр ирж Египетийн нутаг руу дайрна. Тахлаар үхэх нь тахлаар үхэж, олзлогдох нь олзлогдож, илдэнд цавчигдах нь илдэнд цавчигдана. 12 Би Египетийн бурхдын сүмүүдэд гал тавина. Тэрбээр сүмүүдийг шатааж, бурхдыг нь олзлон авч явна. Тэрбээр хоньчин нөмрөгөө нөмөрдөг шиг, Египетийг нөмрөөд тэндээс тайван* гарч явна. 13 Тэрбээр Египетийн нутаг дахь Бет-шемешийн* багануудыг хэдэн хэсэг болгон бутална. Египетийн бурхдын сүмүүдийг галдан шатаана»”».