Шүүгчид
1 Иошуаг нас эцэслэсний дараа израйлчууд Еховагаас «Хэн маань эхлээд канаанчуудтай тулалдахаар явах вэ?» гэж асуухад 2 Ехова: «Иуда овгийнхон явна. Би тэр нутгийг Иудад өгч байна*» гэв. 3 Тэгээд иудачууд ах дүү симеончууддаа «Оногдсон* газар луу маань бидэнтэй хамт явж канаанчуудтай тулалдаач. Тэгвэл бид бас танай оногдсон газар луу хамт явъя» гэхэд симеончууд хамт явжээ.
4 Ингээд Иуда овгийнхныг тулалдахаар явахад Ехова канаанчууд, перизчүүдийг тэдний мэдэлд өгөв. Тэд Безект 10 000 хүнийг нь хөнөөжээ. 5 Тэд Безект захирагч Адони-безектэй халз тулгарч түүнтэй тулалдан, канаанчууд, перизчүүдийг бут цохисон юм. 6 Гэвч Адони-безек зугтжээ. Тэд түүнийг хөөж бариад гар хөлийнх нь эрхий хуруунуудыг тасдав. 7 Тэгэхэд Адони-безек: «Би 70 хааны гар хөлийнх нь эрхий хуруунуудыг тасдаж байсан. Тэд миний ширээнээс унасан юмыг түүж иддэг. Бурхан хийсэн үйлийн минь хариуг барилаа» гэв. Түүний дараа тэд Адони-безекийг Иерусалимд аваачсан бөгөөд тэрбээр тэнд нас баржээ.
8 Иудачууд дараа нь Иерусалим руу довтлоод эзлэн авчээ. Хүмүүсийг нь илдээр хөнөөж, хотыг нь галдан шатаасан юм. 9 Тэгээд тэд уулархаг нутгийн канаанчууд болох Негев, Шефелагийн оршин суугчидтай тулалдахаар явлаа. 10 Иудачууд бас Хебронд (өмнө нь Кириат-арба гэдэг байсан) суудаг канаанчуудтай тулалдан Шешаи, Ахиман, Талмаиг* бут цохижээ.
11 Тэд тэндээсээ Дебир лүү (өмнө нь Кириат-сефер гэдэг байсан) хөдлөв. 12 Калеб: «Кириат-сефер лүү довтолж эзэлсэн хүнд би охин Ахсагаа эхнэр болгон өгнө» гэжээ. 13 Калебын дүү Кеназын хүү Отниел тэр газрыг эзэлсэн тул Калеб охиноо түүнд эхнэр болгон өгчээ. 14 Ахса гэр лүүгээ явж байхдаа ааваасаа газар гуйлгахаар нөхрөө ятгав. Тэгээд Ахса илжигнээсээ буулаа*. Калеб түүнээс «Яасан бэ?» гэхэд 15 Ахса: «Намайг ерөөгөөч. Та надад өмнөд нутагт* газар өгсөн билээ. Гуллот-маимыг* ч бас өгөөч» гэжээ. Калеб охиндоо Дээд Гуллот, Доод Гуллотыг өгөв.
16 Мосегийн хадам эцэг, кен хүн Иетрогийн үр сад Иудагийн хүмүүстэй хамт дал моддын хотоос* Арадын өмнө зүгт байдаг Иудагийн цөлд очив. Кенчүүд тэнд тэдний дунд суурьшжээ. 17 Иудачууд ах дүү симеончуудтайгаа цааш яван канаанчуудын оршин суудаг Зефат руу дайрч газартай нь тэгшлэв. Тэр хотыг Хорма* гэж нэрлэжээ. 18 Дараа нь тэд Газ, Ашкелон, Екроныг харьяа нутгуудтай нь эзлэн авав. 19 Ехова иудачуудтай хамт байж, тэд уулархаг нутгийг эзлэн авчээ. Харин тал газрынхан дугуйндаа хадууртай дайны тэрэгтэй байсан тул иудачууд тэднийг хөөн зайлуулж чадаагүй юм. 20 Тэд Мосегийн амласан ёсоор Хеброныг Калебт өгсөн бөгөөд тэрбээр тэндээс Анакийн гурван хүүг зайлуулав.
21 Бениаминчууд Иерусалимд оршин суудаг иебусчүүдийг хөөн зайлуулаагүй учраас өнөөг хүртэл тэд бениаминчуудтай хамт Иерусалимд амьдарч байна.
22 Иосефын үр удам Бетел рүү довтолсон бөгөөд Ехова тэдэнтэй хамт байв. 23 Иосефын үр удам Бетелийг (урьд нь Луз гэдэг байв) тандаж байгаад 24 нэг хүнийг хотоос гарч явааг харжээ. Туршуулууд түүнд «Хот руу орох замыг зааж өгөөч. Тэгвэл амийг чинь өршөөе*» гэж хэлэв. 25 Тэр хүн хот руу орох замыг зааж өгсөнд тэд хотынхныг илдээр хөнөөж, харин зам зааж өгсөн хүнийг гэрийнхэнтэй нь чөлөөлж явуулав. 26 Зам зааж өгсөн хүн хитчүүдийн нутаг руу явж, тэндээ хот барин Луз гэж нэрлэжээ. Тэр хот өнөөг хүртэл тэр нэрээрээ байгаа.
27 Манассечууд Бет-шеан, Таанах, Дор, Иблеам, Мегиддо болон тэдгээрийн харьяа* тосгодыг эзэлж авсангүй. Учир нь канаанчууд эсэргүүцсээр байгаад тэр нутагт үлджээ. 28 Израйлчууд хүчирхэг болмогцоо канаанчуудаар албадлагын ажил хийлгэсэн ч бүрмөсөн хөөн зайлуулсангүй.
29 Ефраимчууд ч Гезерт суудаг канаанчуудыг хөөн зайлуулаагүй бөгөөд тэндхийн канаанчууд Гезертээ үлдэж тэдний дунд амьдрав.
30 Зебулунчууд Китрон болон Нахалолд оршин суудаг канаанчуудыг хөөн зайлуулсангүй. Тэндхийн канаанчууд тэндээ үлдэж зебулунчуудын дунд амьдарч албадлагын ажил хийх болов.
31 Ашерчууд Акко, Сидон, Ахлаб, Ахзиб, Хелба, Афик, Рехобын оршин суугчдыг хөөн зайлуулсангүй. 32 Ашерчууд тэндхийн канаанчуудыг хөөн зайлуулаагүй тул дунд нь оршин суув.
33 Нафталичууд Бет-шемеш болон Бет-анатад оршин суудаг канаанчуудыг хөөн зайлуулаагүй тул тэр канаанчууд тэдний дунд суурьшив. Бет-шемеш, Бет-анатын оршин суугчид нафталичуудын албадлагын ажилчид болжээ.
34 Аморичууд данчуудыг уулархаг нутагт хашиж, тал нутаг руу буух боломж өгсөнгүй. 35 Аморичууд эсэргүүцсээр байгаад Херес уул, Аиалон, Шаалбимдаа үлдэв. Гэлээ ч Иосефын үр удам хүчирхэг болмогцоо тэднийг хүнд хүчир ажилд зүтгүүлжээ. 36 Аморичуудын газар нутаг нь Акраббимын даваа болон Селагаас эхлэн уулархаг нутаг руу үргэлжилж байв.