Шүүгчид
3 Канаанчуудтай хийсэн дайнуудын алийг нь ч үзээгүй израйлчуудыг сорихоор Еховагийн үлдээсэн үндэстнүүд нь 2 (энэ нь дайтаж үзээгүй Израйлын шинэ үеийнхэнд дайн тулаан үзүүлэх гэснийх байв) 3 филистчүүд таван ноёнтойгоо, бүх канаанчууд, сидончууд, Баал-хермоноос Лебо-хамат* хүртэлх Ливан ууланд оршин суудаг хивичүүд юм. 4 Тэр үндэстнүүд израйлчуудад сорилт болох байв. Ингэснээр израйлчууд Еховагийн Мосегоор эцэг өвгөдөд нь өгүүлсэн хууль тушаалыг дагах эсэх нь шалгагдах байлаа. 5 Израйлын ард түмэн канаанчууд, хитчүүд, аморичууд, перизчүүд, хивичүүд, иебусчүүдийн дунд амьдрав. 6 Израйлчууд тэдний охидтой гэрлэж, охидоо ч тэдэнд өгч, бас бурхдыг нь шүтжээ.
7 Ийнхүү израйлчууд Еховагийн бузар муу гэж үздэг зүйлсийг хийж, Ехова Бурхнаа умартаж, Баалыг болон ариун шонгуудыг* шүтэв. 8 Үүнээс болж Ехова уурлан хилэгнэж израйлчуудыг Месопотамийн* хаан Кушан-ришатаимын эрхшээлд орууллаа. Тэд Кушан-ришатаимд найман жил боолчлогдов. 9 Израйлчууд Еховагаас тусламж гуйсанд Ехова тэднийг аврахаар Кеназын дүү, Калебын хүү Отниелыг томилжээ. 10 Ехова түүнд агуу хүчээ өгч Израйлын шүүгч болгов. Отниелыг Месопотамийн* хаан Кушан-ришатаимтай тулалдахаар явахад Ехова ялалт байгуулахад нь тусалсан юм. 11 Үүнээс хойш Израйл 40 жил дайн дажингүй байв. Тэгээд Кеназын хүү Отниел нас баржээ.
12 Израйлчууд Еховагийн бузар муу гэж үздэг зүйлсийг дахин хийх болов. Еховагийн бузар муу гэж үздэг зүйлсийг хийснээс нь болоод Ехова тэднийг Моабын хаан Еглоны эрхшээлд оруулжээ. 13 Еглон аммончууд, амалекчуудтай хүч хавсарч израйлчууд руу довтлон дал моддын хотыг нь эзэлж авав. 14 Израйлчууд Моабын хаан Еглонд 18 жил боолчлогджээ. 15 Тэгээд Еховагаас тусламж гуйхад нь Ехова тэднийг аврахаар бениамин хүн, Герагийн хүү, солгой гарт Ехүдийг томилов. Тэд Моабын хаан Еглонд өгөх алба гувчуураа Ехүдэд өгч явуулжээ. 16 Ехүд хоёр талдаа иртэй, тохой* урт илд хийж, хувцасныхаа дотор баруун гуяндаа бүсээр тогтоосон байв. 17 Тэрбээр Моабын хаан Еглон дээр очоод алба гувчуураа өгөв. Еглон маш тарган хүн байлаа.
18 Ехүд алба гувчуураа өгч дуусаад, алба гувчуур зөөж ирсэн хүмүүстэйгээ явав. 19 Тэгээд Гилгал дахь сийлмэл чулуун шүтээнүүдтэй газар* хүрснээ Ехүд ганцаараа буцаж яван хаан дээр очоод «Хаантан, танд хэлэх нууц мэдээ байна» гэж хэллээ. Тэгэхэд хаан: «Чшш!» гэв. Зарц нар нь бүгд гарчээ. 20 Тэр үед хаан дээврийнхээ сэрүүн өрөөнд сууж байсан бөгөөд ганцаараа үлдсэнийх нь дараа Ехүд түүнд дөхөж очоод «Танд дуулгах Бурхны мэдээ байна» гэлээ. Тэгэхэд хаан суудлаасаа босож зогсов. 21 Ехүд зүүн гараараа баруун гуян дахь илдээ гаргаж ирээд хэвлий рүү нь дүрэхэд 22 илд нь бариултайгаа далд оров. Илдээ хэвлийгээс нь сугалж аваагүй учраас хааны харвин илдийг хучиж, гэдэс дотор нь цувжээ. 23 Ехүд тэр өрөөний хаалгуудыг хааж, түгжээд тагтаар* нь гарч явав. 24 Түүнийг явсны дараа хааны албатууд ирж өрөөний хаалгануудыг түгжээтэй байгааг хараад «Хаан дотоод өрөөндөө бие засаж байгаа юм байна» гэцгээв. 25 Хаалгаа онгойлгохгүй удсанд зарц нарынх нь санаа зовж, хаалгыг түлхүүрдээд ортол хаан нь шалан дээр үхчихсэн хэвтэж байлаа.
26 Зарц нарыг яах ийх учраа олохгүй байх хойгуур Ехүд зугтаж, шүтээний газрыг* өнгөрөн Сеирад саадгүй хүрчээ. 27 Тэрбээр тэнд буюу Ефраимын уулархаг нутагт очоод эвэр бүрээ үлээв. Тэгэхэд израйлчууд түүнтэй хамт уулнаас буун иржээ. Ехүд тэргүүнд нь явсан юм. 28 Ехүд тэдэнд «Та нарын дайсан болох моабчуудыг ялахад Ехова туслах тул намайг дагагтун!» гэхэд тэд Ехүдийг даган явж, моабчуудыг зугтаалгахгүйн тулд Иорданы гармуудыг эзлэн авчээ. Тэд хэнийг ч гармаар гаргасангүй. 29 Тэр үед израйлчууд Моабын 10 000 хүчит, зоригт эрсийг хөнөөв. Тэднээс нэг нь ч зугтаж чадаагүй юм. 30 Ийнхүү тэр өдөр израйлчууд моабчуудыг эрхшээлдээ оруулжээ. Түүнээс хойш Израйл 80 жил дайн дажингүй байв.
31 Ехүдийн дараагаар Израйлыг аварсан хүн бол Анатын хүү Шамгар юм. Тэрбээр 600 филист эрийг үхрийн шилбүүрээр алсан хүн билээ.