Иеремиа
51 Ехова ийн айлдаж байна.
«Би хөнөөлт салхи босгож
Вавилон руу, Леб-камаигийн* оршин суугчид руу туух гэж байна.
2 Би шигшигчдийг Вавилон руу явуулахад
Тэд түүнийг шигшиж газар нутгийг нь хоосолно.
Гамшгийн өдөр тэд тал бүрээс нь түүн рүү дайрна.
3 Харваач нь нумаа бүү хөвчлөг.
Хайрст хуягаа өмссөн нэг ч хүн бүү босог.
Залуусыг нь бүү өрөвд.
Их цэргийг нь устга.
4 Халдейчуудын нутагт тэд алагдан унана.
Нэвт жадлагдан гудамжнуудад нь хэвтэнэ.
5 Израйл, Иуда хоёр бэлэвсрээгүй, тэнгэрийн цэргийн жанжин Ехова Бурхандаа хаягдаагүй юм.
Харин халдейчуудын* нутаг Израйлын Ариун Нэгний өмнө асар их гэм буруутай.
6 Вавилоноос гар.
Амиа авран зугт.
Түүний гэм нүглээс болж бүү устгагд.
Еховагийн өшөө авах цаг болжээ.
Хийсэн хэргийнх нь хариуг түүнд өгөх гэж байна.
7 Вавилон Еховагийн мутар дахь алтан аяга байв.
Тэрбээр дэлхийг бүхэлд нь согтоосон.
Үндэстнүүд дарсанд нь согтсон.
Тийм учраас тэд солиорсон.
8 Вавилон гэнэт унаж, сүйрэв.
Түүний төлөө цурхиран уйл!
Шархан дээр нь гавар түрх, эдгэх ч юм билүү».
9 «Бид Вавилоныг эмчлэх гэж оролдсон ч тэр эдгэсэнгүй.
Түүнийг орхиод тус тусын нутаг руугаа буцацгаая.
Түүний гэм нүгэл тэнгэрт тулсан.
Үүлэнд хүрсэн.
10 Ехова бидний төлөө шударга ёсыг авчирсан.
Сионд очиж Ехова Бурхныхаа юу хийснийг ярьцгаая».
11 «Сумаа зүлгэ, дугуй бамбайгаа ав*.
Ехова Вавилоныг устгахаар шийдсэн тул
Медегийн хаадын цөсийг хөөргөсөн.
Учир нь Ехова өшөө авах гэж байна, сүмийнхээ төлөө өшөө авах гэж байна.
12 Вавилоны хэрмийн харалдаа туг босго.
Хамгаалалтыг чангатгаж, харуул манаа тавь.
Отох нуувч бэлд.
Ехова дайны төлөвлөгөө боловсруулсан.
Вавилоны оршин суугчдын талаар айлдсанаа хэрэгжүүлэх гэж байна».
13 «Их усан дээр оршин суудаг,
Арвин их эрдэнэстэй эмэгтэй минь,
Амьд явах хугацаа чинь дууслаа, ашиг олох хөг чинь өнгөрлөө.
14 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова өөрөөрөө тангараглан
“Би чамайг хүнээр дүүргэнэ. Царцаа шиг тоймгүй олон тэд
Чамайг ялсандаа баярлан хашхирна” гэж айлдав.
15 Тэр бол хүч чадлаараа газар дэлхийг бүтээж,
Мэргэн ухаанаараа үржил шимтэй газрыг бий болгож,
Оюун ухаанаараа тэнгэрийг дэлгэсэн Нэгэн юм.
Аянга цахилгаантай бороог илгээж*,
Агуулахаасаа салхи гаргадаг.
17 Хүн бүр нь ухвар мөчид бөгөөд мэдлэггүй.
Төмрийн дархчуул нь сийлмэл шүтээнээс болж шившиг болно.
Учир нь цутгамал* шүтээн нь хуурамч.
Дотор нь амийн хүч* байхгүй.
18 Тэдгээр нь утгагүй хоосон, инээд хүрэм зүйл юм.
Тооцоо бодох өдөр тэд устгагдана.
Түүний нэр бол тэнгэрийн цэргийн жанжин Ехова».
20 «Чи бол миний хувьд бороохой, тулалдааны зэвсэг юм.
Чамаар би үндэстнүүдийг хядна.
Чамаар би хаант улсуудыг сөнөөнө.
21 Чамаар би морийг морьтонтой нь хядна.
Чамаар би дайны тэргийг эвдэж, дайчдыг нь хядна.
22 Чамаар би эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг хядна.
Чамаар би хөгшид, хүүхдүүдийг хядна.
Чамаар би залуус, бүсгүйчүүдийг хядна.
23 Чамаар би хоньчныг сүрэгтэй нь хядна.
Чамаар би тариачныг үхэр малтай нь хядна.
Чамаар би захирагчид, түшмэдийг хядна.
24 Та нарын нүдэн дээр Сионд үйлдсэн бүх бузар хэргийнх нь хариуг
Би Вавилонд, Халдейн бүх хүнд өгнө» гэж Ехова айлдаж байна.
25 «Устгагч уул аа, дэлхийг бүхэлд нь устгагч аа,
Би чамайг эсэргүүцэж байна.
Би чам руу мутраа сунган чамайг хадан дээрээс өнхрүүлнэ.
Чамайг шатсан уул болгоно» гэж Ехова айлдаж байна.
26 «Хүмүүс чамаас булангийн юм уу тулгуур чулуу авахгүй.
Учир нь чи үүрд эзгүйрнэ» гэж Ехова тунхаглаж байна.
27 «Энэ нутагт туг босго.
Үндэстнүүдийн дунд эвэр бүрээ үлээ.
Түүнтэй хийх дайнд үндэстнүүдийг бэлд.
Арарат, Минни, Ашкеназын хаант улсуудыг цуглуул.
Цэрэг элсүүлэх даргыг томил.
Хүлэг морьдыг язганасан царцаа мэт ирүүл.
28 Түүнтэй хийх дайнд үндэстнүүдийг бэлд.
Медегийн хаад, захирагчид, түшмэдийг томил.
Тэдний захиргаанд байгаа бүх газар нутгийг бэлд.
29 Газар хөдөлж, доргин чичирнэ.
Вавилоны газар нутгийг оршин суугчгүй, аймшигт балгас болгохын тулд
Ехова Вавилоны талаар бодож төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлнэ.
30 Вавилоны дайчид тулалдахаа больсон.
Тэд бэхлэлт цайздаа сууцгаана.
Хүч чадлаа алджээ.
Эмэгтэй хүн шиг болжээ.
Вавилоны байшингууд шатаж,
Цоож цуурга нь эвдэрчээ.
31 Нэг зарлага нөгөө зарлага руу,
Нэг элч нөгөө элч рүү гүйн очиж,
Хот тал бүрээсээ эзлэгдсэнийг Вавилоны хаанд мэдээлнэ.
32 Гармууд дайсны гарт орсныг,
Папирусан завинууд галд шатсаныг,
Цэргүүд айн сүрдэж байгааг дуулгана».
33 Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова:
«Вавилоны охин үтрэм адил юм.
Түүнийг гишгэчих цаг боллоо.
Тун удахгүй түүнийг ургац мэт хураах цаг ирнэ» хэмээн айлдаж байна.
34 «Вавилоны хаан Небухаднезар* намайг ховдоглон идсэн.
Намайг самууруулсан.
Намайг хоосон сав шиг доош нь тавьсан.
Том могой мэт тэрбээр намайг залгисан.
Миний сайн сайхан бүхнээр гэдсээ дүүргэсэн.
Намайг усаар зайлсан.
35 “Вавилон намайг шархдуулсныхаа шанг хүртэх болтугай!” гэж Сионы оршин суугч хэлнэ.
“Халдейн оршин суугчид цусыг минь урсгасныхаа горыг амсах болтугай!” гэж Иерусалим хэлнэ».
36 Тиймээс Ехова ийн айлдаж байна.
«Би чиний хэрэг заргыг өмгөөлж,
Чиний өмнөөс өшөө авна.
Тэнгисийг нь ширгээж, худгийг нь хуурай болгоно.
37 Вавилон чулуун овоо,
Чононцрын үүр,
Аймшигт балгас, доог тохуу болно.
Тэнд нэг ч хүн амьдран суухгүй.
38 Тэд бүгдээрээ залуу арслан шиг архирна.
Арслангийн гүег шиг хүрхэрнэ».
39 «Хүсэл нь оволзох үед би тэднийг хөөргөн
Найр хийж, согтооно.
Тэд хэзээ ч сэрэхгүйгээр
Үүрд нойрсоно» гэж Ехова тунхаглаж байна.
40 «Би тэднийг хурганууд мэт,
Хуц, ухна мэт нядалгаанд тууна».
41 «Шешах* эзлэгдэж,
Дэлхий дахинаа шагшигдаж байсан улс сүйджээ!
Вавилон нь үндэстнүүдийн дунд аймшигт балгас болжээ!
42 Далай тэнгис Вавилоныг нөмөрчээ.
Давлагаанууд нь түүнийг хучжээ.
43 Хотууд нь аймшигт балгас, усгүй газар, цөл болжээ.
Нэг ч хүн амьдардаггүй, хэн ч дамжин өнгөрдөггүй газар болжээ.
44 Би Вавилоны Белийг шийтгэх гэж байна.
Залгисан юмыг нь амнаас нь гаргана.
Үндэстнүүд түүн рүү цутгахаа болино.
Вавилоны хэрэм нурна.
45 Ард түмэн минь ээ, тэндээс гарцгаа!
Еховагийн дүрэлзсэн уур хилэнгээс зугтаж амиа авар!
46 Энэ нутагт дуулдах мэдээнээс болж бүү ай, бүү зүрх алд.
Нэг жилд нь нэг мэдээ ирнэ.
Дараа жилд нь өөр мэдээ ирнэ.
Нутаг оронд хүчирхийлэл гарсан тухай, нэг удирдагч нөгөөгөө эсэргүүцсэн тухай мэдээ байх юм.
47 Тиймээс Вавилоны сийлмэл шүтээнүүдийг устгах
Өдөр, цаг минь болох гэж байна.
Газар нутаг нь бүхэлдээ гутамшиг болно.
Алагдсан хүмүүс нь бүгд Вавилоны дунд хэвтэнэ.
48 Умард зүгээс устгагчид ирэх учир
Тэнгэр, газар, тэдгээрт байгаа бүхэн
Вавилоныг унахад баярлан хашхирна» хэмээн Ехова тунхаглаж байна.
49 «Вавилон зөвхөн израйлчуудыг хөнөөсөн юм биш.
Бүх газрын хүмүүс Вавилонд алагдаж унасан юм.
50 Илднээс зугтаж буй та нар яваад л бай, бүү зогс!
Алс хязгаарт байхдаа Еховаг дурсан сана.
Иерусалимын тухай бод».
51 «Бид доромжлолыг сонсоод ичсэн.
Харийнхан Еховагийн өргөөний ариун газар луу дайран орсон учраас
Бид нүүр хийх газаргүй болсон».
52 «Сийлмэл шүтээнүүдийг нь устгах
Өдөр, цаг минь болох гэж байна.
Шархадсан хүмүүс нь нутаг даяар ёолно» гэж Ехова тунхаглаж байна.
53 «Вавилон тэнгэрт гарлаа ч,
Өндөр цамхгуудаа бэхэллээ ч
Би тэдэн рүү устгагчдыг явуулна» хэмээн Ехова тунхаглаж байна.
54 «Сонсогтун! Хашхирах дуу Вавилоноос гарч байна.
Халдейчуудын нутгаас их сүйрлийн дуу сонсогдож байна.
55 Ехова Вавилоныг устгаж,
Чанга дууг нь намжаана.
Дайсны чимээ далайн давлагаа шиг байх болно.
Дуу хоолой нь тод сонсогдоно.
56 Устгагч Вавилонд ирнэ.
Вавилоны дайчид баригдаж
Нум нь хугарна.
Ехова өшөө авдаг Бурхан учраас
Шанг нь заавал хүртээнэ.
57 Би ноёд, мэргэдийг нь,
Захирагчид, түшмэд, дайчдыг нь согтооно.
Тэд хэзээ ч сэрэхгүйгээр үүрд нойрсоно» гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова нэртэй Хаан тунхаглаж байна.
58 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна.
«Вавилоны хэрэм өргөн хэдий ч бүрмөсөн нурна.
Хаалганууд нь өндөр хэдий ч галд шатна.
Ард түмнүүд дэмий хөдөлмөрлөнө.
Үндэстнүүд галд устах зүйлийн төлөө эцэж туйлдана».
59 Иудагийн хаан Зедекиагийн засаглалын дөрөвдүгээр онд Махсеиагийн ач, Нериагийн хүү Сераиаг Зедекиа хаантай хамт Вавилон руу явах гэж байхад нь Иеремиа зөнч түүнд нэгэн тушаал өгчээ. Сераиа нь хангамж хариуцсан түшмэл байлаа. 60 Иеремиа Вавилон дээр буух бүх гамшгийг, Вавилоны тухай бичигдсэн энэ бүх үгийг хуйлмал цаасан дээр буулгав. 61 Иеремиа Сераиад хэлсэн нь: «Чи Вавилоныг нүдээрээ үзэхээрээ энэ бүх үгийг чанга уншаарай. 62 Дараа нь “Ехова минь ээ, та энэ хот устгагдаж, оршин суугчгүй, хүн амьтангүй болж, үүрд эзгүйрнэ гэж хэлсэн билээ” гээрэй. 63 Номоо уншиж дуусгаад чулуу уяж Евфрат мөрөн рүү шидээрэй. 64 Тэгээд “Миний буулгах гамшгаас болж Вавилон ийнхүү живэх бөгөөд дахин хэзээ ч гарч ирэхгүй. Оршин суугчид нь эцэж туйлдана” гэж хэлээрэй».
Иеремиагийн үг үүгээр төгсөв.