Иеремиа
29 Энэ бол Иерусалимаас Вавилон руу Небухаднезарын авч явсан олзлогдогсдын ахлагчид, тахилчид, зөнчид, бүх ард олонд Иеремиа зөнчийн илгээсэн захидал юм. 2 Иекониа хаан, эх хатан, ордны түшмэд, Иуда ба Иерусалимын ноёд, гар урчууд, дархчуудыг* Иерусалимаас явсны дараа тэрбээр захидлаа бичжээ. 3 Вавилоны хаан Небухаднезар луу Иудагийн хаан Зедекиагийн илгээсэн элч буюу Шафаны хүү Еласа, Хилкиагийн хүү Гемариа нараар уг захидлыг өгч явуулсан ажээ. Ингэж бичсэн байлаа.
4 «Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова Иерусалимаас Вавилон руу цөлсөн бүх хүндээ хандан хэлсэн нь: 5 “Байшин барьж тэндээ амьдарцгаа. Цэцэрлэг байгуулж жимсийг нь идэцгээ. 6 Эхнэр авч охид хөвгүүдтэй болцгоо. Хөвгүүддээ эхнэр авч, охидоо хадамд гаргацгаа. Тэд ч бас охид хөвгүүдтэй болог. Та нар өнөр өтгөн болцгоо. Хүн амаа бүү цөөрүүл. 7 Миний цөлж явуулсан тэр хотын сайн сайхны төлөө ажилла. Тэр хотын төлөө Еховад залбир. Хот амар амгалан байвал та нар амар амгалан байна. 8 Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна. «Та нарын дунд байгаа зөнчид, мэргэ төлгөчдийн үгэнд бүү хуурт. Зүүдэлсэн зүүдээ ярихыг нь битгий сонс. 9 Учир нь “Тэд миний нэрийг барин худал зөгнөл хэлж байна. Би тэднийг илгээгээгүй” гэж Ехова айлдаж байна»”».
10 «Ехова ийн айлдаж байна. “Вавилонд 70 жил болсны чинь дараа би та нарыг анхаарч, энд буцааж авчирна гэсэн амлалтаа биелүүлнэ”.
11 Ехова ингэж тунхаглаж байна. “Би та нарын төлөө хийх гэж байгаа юмаа сайн мэдэж байна. Би та нарт гай зовлонг биш, амар тайвныг өгнө. Тэгснээр та нар сайхан ирээдүйтэй гэдэгтээ итгэж болно. 12 Та нар намайг дуудаж, надад хандан залбирахад би та нарыг сонсоно”.
13 “Та нар намайг эрж хайх бөгөөд олно. Учир нь та нар намайг хамаг л зүрх сэтгэлээрээ эрж хайх юм. 14 Би та нарт олдоно” гэж Ехова айлдаж байна. “Би олзлогдогсдыг цуглуулна. Би бүх үндэстний дундаас, та нарыг тараан хаясан газруудаасаа та нарыг цуглуулна. Цөлж явуулсан газраасаа та нарыг буцааж авчирна” гэж Ехова айлдаж байна.
15 Гэвч та нар: “Ехова Вавилонд бидний төлөө зөнчдийг томилсон” гэж хэлсэн.
16 Давидын сэнтийд заларч буй хаанд, энэ хотод амьдардаг бүх хүнд буюу та нартай хамт олзлогдож яваагүй ах дүү нарт чинь Ехова айлдаж байна. 17 “Тэнгэрийн цэргийн жанжин Ехова: «Би тэдэн рүү илд, өлсгөлөн, тахал илгээж, тэднийг муу инжир шиг, идэхийн аргагүй болж муудсан инжир шиг болгоно» гэж айлдаж байна”.
18 “Би тэднийг илд, өлсгөлөн, тахлаар зовоож, бүх хаант улсын жихүүдсийг төрүүлэм зүйл болгоно. Би тэднийг үндэстнүүдийн дунд тараан хаяхад үндэстнүүд тэднийг хараан зүхэж, хачирхан гайхаж, исгэрэн шүгэлдэж, зэмлэн буруушаах болно. 19 Учир нь би зарц нараа буюу зөнчдөө дахин дахин явуулж үг хэлүүлсэн боловч тэд сонсоогүй юм” гэж Ехова айлдаж байна.
“Та нар ч бас сонсоогүй” гэж Ехова айлдаж байна.
20 Тиймд Иерусалимаас Вавилон руу Ехова миний цөлж явуулсан та нар бүгдээрээ үгийг минь сонсоцгоо. 21 Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова би, миний нэрийг барин та нарт худал зөгнөл хэлж байгаа Колаиагийн хүү Ахаб, Маасеиагийн хүү Зедекиа нарын талаар айлдаж байна. “Би тэднийг Вавилоны хаан Небухаднезарын* гарт өгөхөд тэрбээр та нарын нүдэн дээр тэднийг хөнөөнө. 22 Тэдэнд тохиолдсон явдлаас болж Вавилон дахь Иудагийн олзлогдогсод: «Чамайг Ехова Вавилоны хааны галд шарагдсан Зедекиа, Ахаб нар шиг болгог!» гэж хараадаг болно. 23 Учир нь тэд Израйлд шившигтэй зүйл хийж, хөршийнхөө эхнэртэй завхайрч, миний тушаагаагүй худал үгийг миний нэрээр хэлсэн.
«Би мэднэ, би бол гэрч» хэмээн Ехова айлдаж байна”».
24 «Чи Нехеламын Шемаиад ингэж хэл. 25 “Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова ийн айлдаж байна. «Чи Иерусалимд байгаа бүх хүнд, Маасеиагийн хүү Зефаниа тахилчид, бүх тахилч нарт дараах захидлыг өөрийнхөө нэрээр бичсэн. 26 “Еховагийн өргөөний ажлыг удирдуулан, зөнч шиг авирладаг галзуу солиотнуудыг харгалзуулан, тэднийг дөнгөлүүлж гинжлүүлэхээр Ехова чамайг Иехоиада тахилчийн оронд тахилч болгосон билээ. 27 Гэтэл та нарын дунд зөнч шиг авирладаг Анатотын Иеремиаг чи яагаад зэмлэсэнгүй вэ? 28 Тэрбээр Вавилонд байгаа бидэнд хүртэл «Та нар удна. Байшин барьж тэндээ амьдарцгаа. Цэцэрлэг байгуулж жимсийг нь идэцгээ...» гэсэн захидал бичсэн шүү дээ”»”».
29 Зефаниа тахилч энэ захидлыг Иеремиа зөнчид уншиж өгч байлаа. 30 Тэр үед Ехова Иеремиад хэлсэн нь: 31 «Олзлогдсон бүх хүнд ийм мэдээ хүргэ. “Нехеламын Шемаиагийн талаар Ехова ийнхүү айлдаж байна. «Би Шемаиаг илгээгээгүй байхад тэрбээр та нарт зөгнөл хэлж худал юманд итгүүлэхийг завдсан учраас 32 Ехова ийнхүү айлдаж байна. “Би Нехеламын Шемаиаг болон үр удмыг нь шийтгэнэ. Энэ ард түмний дунд байгаа түүний удмын нэг ч хүн амьд үлдэхгүй. Ард түмнийхээ төлөө миний хийх сайн сайхныг тэр үзэхгүй. Учир нь тэрбээр Еховад тэрслэх явдлыг өдөөсөн юм” гэж Ехова айлдаж байна»”».