Нэгдүгээр Самуел
26 Дараа нь Зифийн хүмүүс Саулыг Гибеад байхад нь очоод «Давид Иешимоны* эсрэг талд буй Хахила ууланд бүгж байна» гэлээ. 2 Тиймээс Саул Зифийн цөлд буй Давидыг эрж олохоор Израйлын шилдэг 3 000 цэргийг аваад Зиф рүү хөдлөв. 3 Тэрбээр Иешимоны эсрэг талын Хахила ууланд, замын хажууд буудаллажээ. Тэр үед Давид Зифийн зэлүүд газарт орогнож байсан бөгөөд Саул мөшгөж ирснийг сонсов. 4 Тэгээд Саулыг үнэхээр ирсэн эсэхийг мэдэхээр туршуулуудаа явууллаа. 5 Дараа нь Давид Саулын хуарагнасан газар луу явж, Саул болон түүний жанжин, Нерийн хүү Абнерын унтаж байгаа газрыг харав. Саул хуарангийн голд унтаж, цэргүүд нь эргэн тойронд нь буудалласан байв. 6 Тэгээд Давид хит хүн Ахимелех болон Зеруиагийн хүү Иоабын ах Абишаид «Хэн надтай хамт Саулын хуаран руу явах вэ?» гэхэд Абишаи: «Би хамт явъя» гэлээ. 7 Давид Абишаи хоёрыг шөнө дунд цэргүүд дээр очиход Саул хуарангийн голд унтаж байв. Жад нь толгойнх нь хажууд газарт зоогдоостой байлаа. Абнер болон цэргүүд нь түүний эргэн тойронд унтаж байв.
8 Абишаи Давидад «Бурхан өнөөдөр таны дайсныг гарт тань тушааж байна. Одоо би түүнийг энэ жадаар ганц л сүлбээд газартай нь хадахыг надад зөвшөөрнө үү. Би ганц л сүлбэнэ» гэхэд 9 Давид: «Түүнд битгий хор хүргэ. Еховагийн тосолсон хүн рүү дайраад гэм буруугүй үлдэх хүн байна уу?» гэж Абишаид хэлэв. 10 Тэрбээр цааш нь «Амьд Бурхан Еховагаар тангараглая. Ехова түүнийг хөнөөнө. Эсвэл цаг нь болохоороо өөрөө үхэх юм уу дайтаж яваад алуулна. 11 Еховагийн тосолсон хүн рүү дайрвал Ехова яавч таалахгүй! Тиймээс одоо чи толгойнх нь хажууд байгаа жад, усны савыг ав. Тэгээд хоёулаа буцаад явъя» гэлээ. 12 Тэгээд Давид Саулын толгойн хажууд байсан жад, усны савыг аваад буцав. Ехова Саулын цэргүүдийг гүн нойронд автуулсан учраас бүгд нам унтаад тэр хоёрыг хэн нь ч харсангүй, мэдсэнгүй, нэг нь ч сэрсэнгүй. 13 Давид Саулын буудалласан газраас зайдуу, нөгөө талд нь гарч, уулын орой дээр зогслоо. Тэдний байсан газрын хооронд нэлээд зайтай байжээ.
14 Давид Саулын цэргүүдийг болон Нерийн хүү Абнерыг дуудаж «Абнер аа, сонсож байна уу?» гэхэд Абнер хариуд нь «Хааныг сэрээж зүрхэлдэг хэн бэ, чи?» гэв. 15 Давид Абнерт «Та чинь эрэлхэг дайчин биз дээ? Тантай эн зэрэгцэх хүн Израйлд байхгүй. Хааны тань амийг нэг цэрэг хөнөөх гэж байхад та яагаад хамгаалсангүй вэ? 16 Та үүргээ биелүүлж чадсангүй. Амьд Бурхан Еховагаар тангараглая. Та нар Еховагийн тосолсон эзнээ хамгаалаагүй учраас үхэх ёстой. Хааны толгойн хажууд байсан жад, усны сав хаана байна вэ? Хар даа!» гэж хэлжээ.
17 Саул Давидын дууг таниад «Миний хүү Давид аа, энэ чинь чи мөн үү?» гэхэд Давид: «Хаантан минь, би мөн байна» хэмээн хариулав. 18 Давид бас «Би юу хийсэн болоод, ямар гэм хийсэн болоод эзэн минь та зарцаа мөшгөнө вэ? 19 Эзэн минь, хаантан минь, зарцынхаа өчихийг сонсооч. Хэрэв таныг миний эсрэг босгосон нэгэн нь Ехова бол би түүнд идээн өргөл өргөнө. Хэрэв хүмүүс таныг миний эсрэг өдөөн хатгасан бол Ехова тэднийг шийтгэг. Яагаад гэвэл тэд намайг “Явж, өөр бурхдад үйлчил” гэж байгаа юм шиг Еховагийн ард түмнээс* салгасан. 20 Еховагийн оршихуйгаас хол энэ газарт цусыг минь бүү урсгаач! Израйлын хаан ууланд ятуу барих гэж байгаа мэт ганц нохой бөөс эрэхээр гарсан гэж үү?» гэв.
21 Хариуд нь Саул: «Би нүгэл үйлджээ. Давид хүү минь, одоо би чамд хор хүргэхгүй болохоор буцаад ир. Яагаад гэвэл чи өнөөдөр миний амийг эрхэмлэн нандигнасан. Би үнэхээр мунхаг юм хийж, ноцтой алдаа гаргасан байна» гэхэд 22 Давид: «Хаан таны жад энэ байна. Хүн явуулж жадаа авхуулна уу. 23 Ехова хүн бүрд зөв шударга, үнэнч байдлынх нь хариуг өгдөг. Ехова өнөөдөр таныг миний гарт тушаасан ч би Еховагийн тосолсон нэгэн рүү дайрч зүрхлээгүй юм. 24 Би таны амийг нандигнасантай адил Ехова бас миний амийг нандигнаж, намайг бүх зовлонгоос минь аврах болтугай!» гэлээ. 25 Тэгэхэд нь Саул Давидад «Миний хүү Давид аа, Бурхан чамайг ивээх болтугай! Чи гарцаагүй агуу үйлс бүтээж, амжилт олно» гэж хэлэв. Ингээд Давид тэндээс явж, Саул гэр лүүгээ буцжээ.