Исаиа
65 «Намайг асууж сураглаагүй хүмүүст би өөрийгөө мэдүүлсэн.
Намайг хайгаагүй хүмүүст би өөрийгөө илчилсэн.
Нэрийг минь дуудаж байгаагүй үндэстэнд би: “Наашаа хараарай! Наашаа хараарай!” гэж хэлсэн.
2 Хүслээ дагадаг,
Буруу замаар явдаг
Зөрүүд ард түмэн рүү би өдөржин мутраа сунгасан.
3 Тэд нүүрэн дээр минь намайг байнга доромжилж,
Цэцэрлэгт өргөл өргөн, тоосгон дээр тахилаа шатаадаг.
4 Тэд булшин дунд сууж,
Нууц газруудад* хоног төөрүүлдэг.
Гахайн мах идэж,
Аяган дахь бузар юмныхаа шөлийг уудаг.
5 “Наанаа зогсож бай. Над руу битгий ойрт.
Би чамаас ариун*” гэж тэд хэлдэг.
Тэд өдөржин шатах гал адил уурыг минь хүргэсээр л байна*.
6 Энэ нь миний өмнө бичигдсэн юм.
Би зүгээр суухгүй.
Би тэдэнд шанг нь хүртээнэ.
Шанг нь бүрэн хүртээнэ.
7 Тэдний болон эцэг өвгөдийнх нь гэм нүглийн улмаас шанг нь хүртээнэ» гэж Ехова айлдаж байна.
«Тэд уулан дээр тахил шатааж,
Толгод дээр намайг доромжилж байсан учир
Би хамгийн түрүүнд тэдэнд хөлсийг нь бүрэн төлнө».
8 Ехова ийн айлдаж байна.
«Багц усан үзмээс дарс гарахаар бол
“Наадхаа битгий хая, дотор нь сайн юм байна” гэж хэлдэг шиг
Зарц нарынхаа төлөө би бас тэгнэ.
Би тэднийг бүгдийг нь устгахгүй.
9 Би Иаковаас үр удмыг,
Иудагаас миний уулсыг өвлөгчдийг төрүүлнэ.
Миний сонгосон хүмүүс үүнийг эзэмшиж,
Миний зарц нар энд амьдарна.
10 Удирдлага зааврыг минь хайдаг миний ард түмний төлөө
Шарон нь хонины бэлчээр,
Ахорын хөндий нь үхрийн хэвтэр болно.
11 Харин та нар Еховаг орхисон.
Миний ариун уулыг мартсан.
Та нар азын бурханд ширээ засаж,
Хувь тавилангийн бурханд найруулсан дарс аягалдаг.
12 Тиймээс би та нарыг илдэнд тушаана. Энэ нь та нарын хувь тавилан болно.
Та нар бүгдээрээ сөхрөн унаж алагдана.
Учир нь дуудахад минь та нар хариулаагүй.
Ярихад минь та нар сонсоогүй.
Та нар дургүй бүхнийг минь сонгож,
Бузар муу гэж миний үздэг бүхнийг хийгээд л байсан».
13 Тиймээс Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийн айлдаж байна.
«Миний зарц нар иднэ. Харин та нар өлсөнө.
Миний зарц нар ууна. Харин та нар цангана.
Миний зарц нар баярлана. Харин та нар ичнэ.
14 Миний зарц нарын сэтгэл санаа сайхан байж баярлан хашхирна.
Харин та нар сэтгэлийн зовлон шаналлаас болж орилж чарлана.
Гуниг цөхрөлөөс болж цурхиран уйлна.
15 Миний сонгосон хүмүүс та нараас хойш нэрээр чинь хараана.
Хэмжээгүй эрхт Эзэн Ехова та нарыг бүгдийг чинь үхэлд тушаана.
Харин өөрийнхөө зарц нарт өөр нэр өгнө.
16 Газар дэлхий дээр өөрийнхөө төлөө ивээл гуйдаг хүн бүр
Үнэний* Бурхнаас ивээл хүртэнэ.
Газар дэлхий дээр тангараг өргөдөг хүн
Үнэний* Бурхнаар тангараглана.
Урьдын зовлон мартагдаж,
Миний мэлмийгээс далдлагдана.
17 Би шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээж байна.
Урьдын юмс дурсагдахгүй,
Сэтгэл зүрхийг шаналгахгүй.
18 Юу бүтээж байгааг минь хараад үүрд баярлан баяс.
Би баяр хөөрийн төлөө Иерусалимыг,
Баясал цэнгэлийн төлөө оршин суугчдыг нь бүтээж байна.
19 Би Иерусалимыг хараад баярлана, ард түмнээ үзээд баясна.
Тэнд уйлаан майлаан, зовлонт хашхираан сонсогдохоо болино».
20 «Төрөөд хэдхэн хоноод үхдэг хүүхэд гэж байхгүй болно.
Насныхаа тоог гүйцээлгүй үхдэг хөгшин хүн гэж үгүй болно.
Зуу хүрээд нас барсан хүнийг хүүхдээрээ явчихлаа гэнэ.
Зуу насалсан байлаа ч нүгэлтэн л бол хараал хүртээд үхнэ*.
21 Хүмүүс байшин бариад тэндээ амьдарна.
Усан үзэм тариалж, жимсийг нь иднэ.
22 Тэдний барьсан байшинг өөр хүн эзэгнэхгүй.
Тэдний тарьсныг өрөөл бусад нь цөлмөхгүй.
Учир нь миний ард түмэн мод шиг урт насална.
Миний сонгосон хүмүүс хөдөлмөрийнхөө үр шимийг бүрэн хүртэнэ.
23 Тэд дэмий хөдөлмөрлөхгүй.
Төрүүлсэн хүүхэд нь ч зовохгүй.
Учир нь тэд ч, үр удам нь ч
Еховагийн ивээлийг хүртсэн ард түмэн юм.
24 Дуудахаас нь өмнө би тэдэнд анхаарлаа хандуулна.
Ярьж дуусаагүй байхад нь би тэдэнд хариулна.
25 Чоно хурга хоёр хамт идээшилнэ.
Арслан үхэр мэт сүрэл иднэ.
Могой шороогоор хооллоно.
Тэдгээр нь миний ариун уулан дээр хэнийг ч, юуг ч хорлохгүй, сүйтгэхгүй» хэмээн Ехова айлдаж байна.