Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • гб бүлэг 11 х. 128-141
  • Гэрийнхэнтэйгээ нэгдмэл байх нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Гэрийнхэнтэйгээ нэгдмэл байх нь
  • Гэр бүлийн аз жаргалын нууц
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • НӨХӨР ТАНЬ ӨӨР ШҮТЛЭГТЭЙ БОЛ
  • ЭХНЭР ТАНЬ ӨӨР ШҮТЛЭГТЭЙ БОЛ
  • ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХ НЬ
  • ЭЦЭГ ЭХ НЬ ӨӨР ШАШИН ШҮТДЭГ БОЛ
  • ХОЙД ЭЦЭГ ЭХЭД ТУЛГАРДАГ БЭРХШЭЭЛ
  • ЭД БАЯЛАГ ГЭЖ ЯВААД ТАНАЙХ ХУВААГДАХ ГЭЭД БАЙНА УУ?
  • Жаргалтай айл гэр
    Библиэс юу мэдэж авах вэ?
  • Насаараа ханилахад туслах хоёр түлхүүр
    Гэр бүлийн аз жаргалын нууц
  • Бурханд таалагддаг гэр бүлийн амьдрал
    Бурхан биднээс юу шаарддаг вэ?
  • Жаргалтай айл гэр
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
Гэр бүлийн аз жаргалын нууц
гб бүлэг 11 х. 128-141

БҮЛЭГ АРВАН НЭГ

Гэрийнхэнтэйгээ нэгдмэл байх нь

1. Гэр бүлүүд юунаас болоод хуваагддаг вэ?

ГЭР БҮЛИЙН гишүүд нэг нэгнээ хайрладаг, ойлгодог, эвтэй байдаг бол жаргалтай амьдардаг. Танайх ийм айл байх. Харамсалтай нь, олон гэр бүл ямар нэг шалтгааны улмаас хуваагдмал байдаг. Юунаас болдог юм бол? Гурван шалтгааныг авч үзье. Зарим гэр бүл шашин шүтлэгийн хувьд хуваагдмал байдаг. Заримд нь хойд эцэг эх, дагавар хүүхэд бие биеэ ойлгохгүйн зовлон гардаг. Харин зарим хүн наад захын хэрэгцээгээ хангах гэж эсвэл илүү баян чинээлэг болох гэж гэрээсээ хол явдаг. Гэхдээ нэг гэр бүлд төвөгтэй зүйл өөр нэгэнд нь төвөг болдоггүй байж болох юм. Энэ нь юутай холбоотой вэ?

2. Хүмүүс гэр бүлийн талаарх зөвлөгөөг хаанаас авдаг вэ? Харин найдвартай удирдлага өгдөг ямар эх булаг байдаг вэ?

2 Нэгдүгээрт, үзэл бодолтой нь холбоотой. Бусдын үзэл бодлыг ойлгохыг чин сэтгэлээсээ хичээвэл эвтэй байхын тулд яах хэрэгтэйг мэдэж авна. Хоёр⁠дугаарт, хаанаас заавар зөвлөгөө авдагтай нь холбоотой. Олон хүн ажлын газрынхан, хөршүүдийнхээ юм уу сонин сэтгүүлийн зөвлөгөөг дагах зэргээр хүний зааврыг анхаардаг. Харин зарим хүн өөрт нь хэрэгтэй зөвлөгөө Бурхны Үгэнд байдгийг олж мэдээд сахиж мөрддөг. Энэ нь гэр бүлээрээ нэгдмэл байхад ямар ач тустай вэ? (2 Тимот 3:16, 17).

НӨХӨР ТАНЬ ӨӨР ШҮТЛЭГТЭЙ БОЛ

130-р хуудасны зураг

Нөгөө хүний үзэл бодлыг ойлгохыг хичээгээрэй

3. а) Өөр шашин шүтдэг хүнтэй гэрлэх талаар Библид юу гэж байдаг вэ? б) Гэрч биш ханьтай христиан хүнд хамаатай ямар зарчим байдаг вэ?

3 Өөр шашин шүтдэг хүнтэй гэрлэхийг Библид эрс буруушаадаг (Дэд хууль 7:3, 4; 1 Коринт 7:39). Гэхдээ та гэрлэснийхээ дараа Библийн үнэнийг хү⁠лээж авсан, харин нөхөр тань хүлээж аваагүй бол яах вэ? Тийм байлаа ч та хоёрын гэрлэлт хүчин төгөлдөр хэвээрээ (1 Коринт 7:10). Библи гэр бүлийн холбоог үүрдийнх гэж сургадаг бөгөөд бэрхшээлээс шантрахыг бус, хамтын хүчээр давахыг нөхөр эхнэрүүдэд уриалдаг (Ефес 5:28–31; Тит 2:4, 5). Гэхдээ нөхөр тань Библийн сургаалд итгэдэг боллоо гэж эсэргүүцдэг бол яах вэ? Цуглаанд явахад саад хийдэг, айлаар дэлгэрүүлэхэд дургүйцдэг бол яах вэ?

4. Өөр шүтлэгтэй ч нөхрийнхөө сэтгэлийг ойлгодог эхнэр хүн яах вэ?

4 «Нөхөр минь яагаад ингэдэг юм бол?» гэж бодож үзээрэй (Сургаалт үгс 16:20, 23). Чухам юу хийдгийг тань мэддэггүй учраас санаа зовдог ч юм бил үү. Та эрхэмлэж сахидаг ёс заншлыг нь дагахаа больсон болохлоор хамаатан садан нь нөхрийг тань зовоож байж мэднэ. Нэг эрэгтэй: «Гэртээ ганцаархнаа үлдэхлээр хэнд ч хэрэггүй болчихсон юм шиг л санагддаг байж билээ» гэжээ. Энэ хүн шашнаас болоод эхнэрээ алдах нь гэж боддог болсон ч ганцаардаж яваагаа хэлэхээс зовдог байжээ. Та Еховаг хайрладаг болсон бол ханиа хайрлах сэтгэл тань хувираагүйг батлан харуулах хэрэгтэй байж мэднэ. Ханийнхаа төлөө цаг гаргаж байгаарай.

5. Нөхөр нь өөр шүтлэгтэй бол христиан эхнэр дүн нуруу алдахгүйн тулд яах хэрэгтэй вэ?

5 Гэхдээ ухаалаг байя гэвэл илүү чухал нь юу вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Бурхны Үг: «Эзэний таалалд нийцүүлж нөхөртөө захирагдагтун» хэмээн уриалдаг (Колоссай 3:18). Энэ зүйл хараат бус байхаас сэрэмжлүүлдэг. Үүнээс гадна, «Эзэний таалалд нийцүүлж» гэснийг бодохлоор Бурхны таалалд нийцүүлэн нөхөртөө захирагдаж, дүн нуруу алдахгүй байх хэрэгтэй байх нь.

6. Христиан эхнэр ямар ямар зарчмыг санаж явах хэрэгтэй вэ?

6 Цуглаанд явах, итгэл үнэмшлийнхээ талаар хүмүүст гэрчлэх нь христиан хүний орхигдуулж болохгүй чухал үйл хэрэг юм (Ром 10:9, 10, 14; Еврей 10:24, 25). Гэтэл хэн нэг хүн Бурхны өгсөн тодорхой тушаалыг биелүүлэхийг хоригловол яах вэ? Есүсийн элч нар: «Бид хүнийг дагахаасаа илүү Бурханыг дагах ёстой» гэж хэлсэн байдаг (Үйлс 5:29). Бид олон юман дээр тэднийг дууриаж болно. Та Еховаг гэсэн хайрандаа хөтлөгдөн бүх талаар чин үнэнч байх уу? Еховагийн шаардлагыг юуны түрүүнд биелүүлдэг ч нөхрөө хайрлаж хүндэтгэн, сэтгэлийг нь бодолцохыг хичээдэг үү? (Матай 4:10; 1 Иохан 5:3).

7. Христиан эхнэр ямар байя гэж бат шийдэх ёстой вэ?

7 Цаг үргэлж ийм байх амаргүйг Есүс хэлсэн. Гэ⁠рийнхэн нь жинхэнэ шашныг эсэргүүцэхлээр христиан хүнд тэднээсээ тусгаарлагдсан мэт санагдахыг Есүс «илд» авчрах гэдэг үгээр илэрхийлсэн (Матай 10:34–36). Энэ үгийн үнэнийг нэг япон эмэгтэй биеэрээ үзжээ. Нөхөр нь 11 жил эсэргүүцэж, хатуу ширүүн харьцсан байна. Хаалгаа түгжчихээд гэртээ оруулаагүй үе олон байв. Гэвч эмэгтэй шантарсангүй. Хурлын найз нөхөд нь ч тусалдаг байж. Тасралтгүй залбирч, 1 Петр 2:20-ийг бодон их урамшдаг байжээ. Тууштай байх юм бол нөхөртэйгөө хамт Еховад үйлчлэх цаг ирнэ гэж найддаг байв. Хожим нөхөр нь үнэнийг хүлээн авчээ!

8, 9. Бусад асуудлаар нөхрийнхөө сэтгэлд нийцье гэвэл христиан эхнэр яах нь зүйтэй вэ?

8 Ханийнхаа ойлголтыг засахын тулд аль чадахаа хийгээрэй. Жишээ нь, нөхөр тань итгэл үнэмшлийг тань хүлээн зөвшөөрдөггүй байлаа гэхэд бусад асуудлаар сэтгэлд нь нийцтэй байхыг хичээгээрэй. Орон гэрээ цэвэр цэмцгэр байлгаж, царай зүс, хувцас хунараа анхаарч байгаарай. Хайрлаж, талархдагаа харамгүй илэрхийлээрэй. Шүүмжлэхийн оронд дэмжиж яваарай. Тэргүүнээ хэмээн хүндлээрэй. Таныг гомдоосон байлаа ч хариу авах хэрэггүй (1 Петр 2:21, 23). Төгс хүн байдаггүйг санаарай. Маргалдлаа гэхэд түрүүлж уучлал гуйн даруу байгаарай (Ефес 4:26).

9 Цуглаанд явдаг гээд хоол цайгаа оройтуулах учиргүй. Гэртээ байдаггүй үеэр нь дэлгэрүүлж болох байх. Мөн сонсох янзгүй байхад нь нөхөртөө дэлгэрүүлэх гэж бүү зүтгээрэй. Элч Петр: «Эхнэрүүд ээ, та нар нөхөртөө захирагд. Ингэх нь нөхрүүдийн чинь зарим нь үгийг дагахгүй байгаа ч гэсэн, тэд эхнэрүүдийнхээ үггүйгээр, биеэ авч явах байдлаар аврагдана. Тэд та нарын журамт байдал болоод эелдэг зан байдлыг чинь ажиглана шүү дээ» гэж зөвлөснийг христиан эхнэр дагадаг (1 Петр 3:1, 2). Христиан эмэгтэйчүүд Бурхны сүнсний үр жимсийг илүү сайн илэрхийлж сурахыг хичээдэг (Галат 5:22, 23).

ЭХНЭР ТАНЬ ӨӨР ШҮТЛЭГТЭЙ БОЛ

10. Эхнэр нь өөр шашин шүтдэг бол христиан нөхөр яах учиртай вэ?

10 Хэрвээ нөхөр нь христиан, эхнэр нь өөр шашин шүтдэг бол яах вэ? Ийм тохиолдолд яах хэрэгтэйг Библид бичжээ. «Хэрэв ах дүү нарын нэг нь итгэгч биш эхнэртэй байгаад, тэр эмэгтэй өөртэй нь амьдрахыг хүсвэл тэр эмэгтэйг бүү орхи» гэж зөвлөжээ (1 Коринт 7:12). «Эхнэрээ хайрлагтун» гэж бас байдаг (Колоссай 3:19).

11. Гэрч биш эхнэртэй өрхийн тэргүүн хэрхэн хэрсүү байж, эхнэрийнхээ ая эвийг олох вэ?

11 Эхнэр тань өөр шүтлэгтэй бол юу хүсэж явдгийг нь онцгой анхаарч, хүндэтгэж байгаарай. Та хэдийгээр дургүй байлаа ч эхнэр тань юу шүтэж, юу хийхээ өөрөө шийдэх эрхтэй, насанд хүрсэн хүн. Таныг итгэл үнэмшлийнхээ талаар ярингуут хүлээж аваад, өнөөг хүртэл шүтэж ирсэн зүйлээ орхино гэж битгий бодоорой. Эхнэр болон хадмуудынхаа сахидаг зан заншлыг хуурамч шашинтай холбоотой гэж шууд хэлэхийн оронд хүлээцтэй хандаж, Библид үндэслэн тайлбарлаж ойлгуулахыг хичээгээрэй. Та хурлын үйл хэрэгт ихээхэн цаг зарцуулдаг бол өөрийг нь тоохоо больжээ гэж бодон Еховаг шүтэхийг тань эсэргүүцэж болох юм. Энэ нь цаанаа «Надад илүү их цаг гаргаж байгаач!» гэж хэлээд байгаа хэрэг байж мэднэ. Тэвчээртэй байгаарай. Эхнэрээ хайр халамжаар дутаахгүй байвал тантай хамт Еховад үйлчилдэг болж болох юм (Колоссай 3:12–14; 1 Петр 3:8, 9).

ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХ НЬ

12. Эцэг эх өөр өөр шашин шүтдэг бол хүүхэд хүмүүжүүлэхдээ Библийн зарчмыг хэрхэн баримтлах вэ?

12 Эцэг эх нь өөр өөр шүтлэгтэй бол хүүхдээ ямар шашинтай хүн болгох вэ гэсэн асуудал тулгардаг. Ийм тохиолдолд Библийн зарчмыг хэрхэн баримтлах вэ? Библид бичсэнээр, хүүхэд хүмүүжүүлэх үүрэг гол нь эцэгт оногддог ч эх нь бас үүрэг хүлээдэг (Сургаалт үгс 1:8; Эхлэл 18:19; Дэд хууль 11:18, 19-тэй харьцуулна уу). Христийг тэргүүнээ гэж үздэггүй эцэг хүн ч гэр бүлийн тэргүүн мөн.

13, 14. Хүүхдээ цуглаанд авч явах юм уу хүүхэдтэйгээ Библийн хичээл хийхийг нөхөр нь хориглодог бол эхнэр хүн яах вэ?

13 Эхнэр нь хүүхдэдээ итгэл үнэмшлийнхээ талаар ярихад зарим нөхөр дургүйцдэггүй. Харин зарим нь дургүйцдэг. Таныг хүүхдээ цуглаанд авч явахыг зөвшөөрдөггүй, бүр гэртээ хүүхэдтэйгээ Библийн хичээл хийхийг хориглодог бол яах вэ? Ийм тохиолдолд та Ехова Бурхандаа үйлчлэх, нөхрийнхөө эрх мэдлийг хүндэтгэх, хүүхэд хүмүүжүүлэх үүрэг хүлээдгээ санаж дүн нуруу алдахгүй байх хэрэгтэй болно. Яаж?

14 Та энэ талаар залбирдаг нь лавтай (Филиппой 4:6, 7; 1 Иохан 5:14). Гэхдээ эцсийн эцэст та өөрөө л шийдвэр гаргана. Нөхрийнхөө ая эвийг олж, эрх мэдлийг нь хүндэтгэдэг бол яваандаа тэгтлээ их эсэргүүцэхээ болих байх. Хүүхдээ цуглаанд авч явахыг эсвэл хүүхэдтэйгээ Библийн хичээл тогтмол хийхийг хориглодог байсан ч хүүхдэдээ зааж сургах боломж олддог. Үр хүүхэд тань тодорхой хэмжээгээр Еховаг хайрладаг, Бурхны Үгэнд итгэдэг, эцгээ ч, эхээ ч хүндэтгэдэг, халамжтай, ажилч хичээнгүй хүн болж хүмүүжихэд таны үг яриа, үлгэр жишээ ач холбогдолтой. Хүүхэд зөв хүмүүжилтэй хүн болж байгааг нөхөр тань яваандаа анзаараад хичээл зүтгэлийг тань үнэлдэг болж болох юм (Сургаалт үгс 23:24).

15. Хүүхэд хүмүүжүүлэхэд Гэрч эцэг ямар үүрэгтэй вэ?

15 Хэрэв та Гэрч, эхнэр тань Гэрч биш бол үр хүүхдээ «Эзэний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүлэх» үүрэг танд оногдоно (Ефес 6:4). Ингэхдээ эхнэрээ энэрч хайрлан, үзэл бодлыг нь харгалзан үзэх хэрэгтэй.

ЭЦЭГ ЭХ НЬ ӨӨР ШАШИН ШҮТДЭГ БОЛ

16, 17. Эцэг эхийнхээсээ өөр шашин шүтдэг хүүхэд Библийн ямар зарчмуудыг санаж явах хэрэгтэй вэ?

16 Насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийнхээсээ өөр шашин шүтэх нь өнөө үед түгээмэл болсон. Хэрэв чи тийм хүүхэд бол чамд тустай зөвлөгөө Библид бий.

17 Бурхны Үгэнд «Хүүхдүүд ээ, Эзэн дотор эцэг эхээ дага. Учир нь энэ бол зөв юм. „Эцэг эхээ хүндэл“» гэж байдаг (Ефес 6:1, 2). Эцэг эхээ хүндэтгэх нь чухал боловч бас жинхэнэ Бурхныг хүндэтгэх ёстойг мартаж болохгүй. Хүүхэд өсөж томрон насанд хүрэхийн хэрээр гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг өөрөө хүлээх болдог. Энэ нь төр засгийн төдийгүй Бурхны хуультай ч нийцдэг. «Бидний хүн бүр өөрийнхөө тайланг Бурханд өгөх болно» гэж Библид байдаг (Ром 14:12).

18, 19. Хүүхэд шүтдэг шашнаа эцэг эхдээ яаж илүү сайн ойлгуулах вэ?

18 Шашин шүтлэгийнхээ улмаас амьдралын хэв маягаа өөрчлөхөд эцэг эхэд чинь юу бодогдохыг ойлгох гэж хичээгээрэй. Библи судалж, мэдлэгээ амьдралдаа хэрэгжүүлээд эцэг эхээ илүү их хүндэтгэдэг, илүү дуулгавартай, хүсэлт шаардлагыг нь сэтгэл гаргаж биелүүлдэг болбол эцэг эхэд чинь таатай байх биз ээ. Нөгөө талаар, шүтдэг шашин, эрхэмлэдэг ёс заншлыг нь дагахаа болилоо гэхэд эцэг эх чинь уламжлуулж өвлүүлэх гэсэн үнэт зүйлийг нь үл тоомсорлолоо гэж бодож магадгүй. Бас чамайг хүмүүсийн тэр бүр дагадаггүй юмны хойноос явлаа гэж эсвэл шашнаас болоод хүний дайтай амьдрах боломжоо алдах нь гэж санаа зовж болох юм. Түүнчлэн, хүүхэд өөрийгөө зөвтгөөд, өөрсдийг нь буруутгаад байх шиг санагдвал эцэг эхийнх нь дургүй хүрч мэднэ.

19 Тиймээс аав ээжийгээ хурлынхаа ахлагч юм уу төлөвшсөн христиантай аль болох хурдан уулзуулаарай. Мөн Еховагийн Гэрчүүд юу заадгийг, ямар хүмүүс болохыг ойлгуулахын тулд цуглаанд уриарай. Аажимдаа эцэг эх чинь өөрчлөгдөж, хатуурхахаа больж мэднэ. Библид үндэслэсэн ном хэвлэлийг устгах, цуглаанд явахыг эрс хориглох зэргээр эцэг эх чинь ширүүн эсэргүүцдэг байлаа ч өөр хаа нэгтээ хэвлэлээ унших, итгэл нэгтнүүдтэйгээ ярилцах, албан бусаар дэлгэрүүлэх боломж гардаг шүү дээ. Бас Еховад залбирч болно. Үүнээс илүү их юм хийх боломж олдохгүй бол зарим хүүхэд насанд хүрч, тусдаа амьдрах цагаа хүлээдэг. Танайхан ямар ч байлаа гэсэн, «Эцэг эхээ хүндэл» хэмээсэн тушаалыг битгий мартаарай. Гэрийнхэнтэйгээ эвтэй байхыг ямагт хичээгээрэй (Ром 12:17, 18). Хамгийн гол нь, Бурхантай сайн харьцаатай байгаарай.

ХОЙД ЭЦЭГ ЭХЭД ТУЛГАРДАГ БЭРХШЭЭЛ

20. Хойд эцэг эхтэй хүүхдэд ямар сэтгэл төрж болох вэ?

20 Олон гэр бүлд тулгардаг хамгийн төвөгтэй юмны нэг нь шашин шүтлэгтэй холбоотой бус, хойд эцэг эх, дагавар хүүхдийн асуудал гардагтай холбоотой аж. Эцэг эхийн нэг нь эсвэл хоёулаа дагавар хүүхэдтэй айл олон болжээ. Хойд эцэг эхтэй хүүхдэд атаархал, уур уцаар, төрсөн эцэг эхээсээ урвасан болох вий гэсэн айдас төрдөг байж болох юм. Үүнээс болоод сайхан сэтгэлтэй хойд эцэг эхээ тоохгүй байж мэднэ. Ийм гэр бүл жаргалтай амьдрахын тулд яах хэрэгтэй вэ?

138-р хуудасны зураг

Төрсөн ч бай, дагавар ч бай, хүүхдээ Библийн зарчмаар хүмүүжүүлээрэй

21. Хойд эцэг эх Библийн зарчмыг баримтлах хэрэгтэйн учир юу вэ?

21 Жирийн гэр бүлийн баримталдаг Библийн зарчмыг баримталбал ийм онцлогтой гэр бүл ч бас ач тус хүртдэг. Библийн зарчмын дагуу амьдардаггүй байсан ч саадыг даваад байх шиг санагдаж болох юм. Гэхдээ хожим нь харамсаж халаглаж мэднэ (Дуулал 127:1; Сургаалт үгс 29:15). Хойшдын ач тусыг нь бодож Библийн зарчмыг ба⁠римтлах нь мэргэн ухаалаг хэрэг. Гэрийнхний тань үг, үйлдлийн цаана юу байдгийг ойлговол хэрсүү байгаагийн шинж. Тиймээс мэргэн ухаантай, хэрсүү байгаарай. Мөн бусдынхаа сэтгэлийг ойлгоорой (Сургаалт үгс 16:21; 24:3; 1 Петр 3:8).

22. Хойд эцэг эхтэйгээ эвтэй байх нь хүүхдэд ямар учраас хэцүү байдаг вэ?

22 Урьд нь тэднийхэнтэй найз нөхөд явахад элэгсэг дотно харьцдаг байсан хүүхэд одоо таныг хойд эцэг (эх) нь болоход тэс өөр харьцдаг болсон байж мэднэ. Хүүхдүүд эцэг эхээсээ тусдаа амьдардаг болсон ч тэднийгээ санаж үгүйлж явдаг. Тийм болохлоор төрүүлсэн эцэг эхээ гэсэн сэтгэлийг минь булаачих вий, тэднээсээ урвасан болох вий гэж шаналдаг байж мэднэ. Зарим хүүхэд: «Та ямар миний аав (ээж) юм уу!» гээд түс тас хэлчихдэг. Ийм үг сонсоход гомдмоор боловч «уурлах сэтгэлийг бүү урьтал болгоорой» (Номлогчийн үгс 7:9). Хэрсүү байж, хүүхдийн сэтгэлийг ойлговол зөв харьцаж чадна.

23. Дагавар хүүхдийг яаж сахилгажуулах вэ?

23 Сахилгажуулахдаа ч хэрсүү байж, хүүхдийг ойлгох хэрэгтэй. Бас тууштай байх нь чухал (Сургаалт үгс 6:20; 13:1). Хүүхэд бүр адилгүй учир тохирох арга олох нь зүйтэй. Эхэндээ төрсөн эцэг эх нь сахилга батын арга хэмжээ авч байх нь сайн байдгийг зарим хойд эцэг эх хэлдэг. Гэхдээ яаж сахилгажуулах тухайд эцэг эх нэг саналтай байхын зэрэгцээ тогтсон журмаа тууштай баримтлах шаардлагатай. Хүүхдүүдээ төрсөн, дагавар гэж ялгаварлах учиргүй (Сургаалт үгс 24:23). Дуулгавартай байхыг шаардах нь зүйн хэрэг боловч төгс бус гэдгийг нь харгалзан үзэх хэрэгтэй. Юм л бол шийтгэх хэрэгтэй гэж битгий бодоорой. Хайрын сэтгэлээр сахилгажуулаарай (Колоссай 3:21).

24. Хойд эцэг эх, дагавар хүүхдүүдийн хооронд гарч болох ярвигтай асуудлаас хэрхэн сэргийлэх вэ?

24 Гэр бүлээрээ ярилцвал элдэв таагүй явдлаас урьдчилан сэргийлнэ. Амьдралын хамгийн чухал зүйлийг анхаарахад ч ач холбогдолтой (Филиппой 1:9–11-тэй харьцуулна уу). Бас гэр бүлийн зорилгодоо хүрэхэд хүн бүр ямар хувь нэмэр оруулж болохоо ойлгоно. Түүнчлэн, илэн далангүй ярилцах нь биеэ яаж авч явахаа мэдэхэд тустай. Охин хүүхдэд хойд эцэг, нэг эцэг эхээс төрөөгүй ах, эрэгтэй дүүгийнхээ дэргэд, харин хөвгүүдэд хойд эх, нэг эцэг эхээс төрөөгүй эгч, охин дүүгийнхээ дэргэд яаж хувцаслаж, биеэ хэрхэн авч явах ёстойг нь ойлгуулах хэрэгтэй (1 Тесалоник 4:3–8).

25. Эв эеийг сахихын тулд хойд эцэг эх, дагавар хүүхдүүд ямар байх хэрэгтэй вэ?

25 Хойд эцэг эхэд тулгардаг бэрхшээлийг давахад тэвчээр хэрэгтэй. Хүнийг таньж мэдэхэд хугацаа хэрэгтэй байдаг. Дагавар хүүхдээрээ хайрлуулж, хүндлүүлэх амаргүй боловч боломжтой. Хойд эцэг эх, дагавар хүүхдийн эвтэй байх гол түлхүүр нь Еховад таалагдах гэсэн чин хүсэл, мэргэн болон хэрсүү ухаан юм (Сургаалт үгс 13:16). Эдгээр нь өөр янз бүрийн бэрхшээлийг давахад ч тустай.

ЭД БАЯЛАГ ГЭЖ ЯВААД ТАНАЙХ ХУВААГДАХ ГЭЭД БАЙНА УУ?

26. Эд мөнгөнд хандах хандлага, мөнгө төгрөгний асуудлаас болж гэр бүл хэрхэн хуваагддаг вэ?

26 Эд мөнгөнд хандах хандлага, мөнгө төгрөгний асуудлаас болж гэр бүл хуваагдах гээд байдаг. Харамсалтай нь, мөнгөнөөс болж маргадгийн улмаас, баяжих эсвэл одоогийнхоосоо арай дөнгүүр амьдрах гэж хүсдэгийн улмаас зарим гэр бүл хуваагдахад хүрчээ. Хоёулаа ажил хийдэг нөхөр эхнэр хоёр «миний мөнгө, чиний мөнгө» гэдэг болчихвол бас аюултай. Хэрэлдэж маргадаггүй юм гэхэд ажил ажил гэж яваад байвал хамт байхаасаа байхгүй нь их болох талтай. Өрхийн тэргүүнүүд илүү их мөнгө олох гэж хэдэн сараар, бүр хэдэн жилээр гэрээсээ хол байх нь сүүлийн үед дэлхий даяар нийтлэг болжээ. Үүнээс болж ноцтой асуудал гардаг.

27. Гэр бүлд тулгарсан мөнгө төгрөгний гачигдлыг давахад тустай ямар зарчим Библид байдаг вэ?

27 Айл бүрийн амьдрал ахуй, хэрэгцээ шаардлага өөр учир бүгдэд нь тохирох нэг дүрэм гэж байхгүй л дээ. Гэхдээ Библийн зөвлөгөө тустай. Тухайлбал, Сургаалт үгс 13:10-т бичсэнээр, «зөвлөгөөг ав[даг]» буюу тухайн асуудлаар зөвлөгөө хайдаг, өөрийнхөөрөө зүтгэлгүй, нөгөөгийнхөө үзэл бодлыг харгалзан үздэг бол дэмий юмаар хөөцөлдөж өөрсдийгөө зовоохгүй. Түүнээс гадна, хэр хэмжээндээ тохируулж төсөв гаргах нь санаа нэгтэй байхад тустай. Айл гэрийн зардал нэмэгдэхэд өрхийн тэргүүнээс гадна эхнэр нь хэсэг хугацаанд ажил хийх хэрэг гардаг. Ялангуяа, хүүхэдтэй юм уу өөр хэн нэгнийг харж ханддаг айлд ийм шаардлага гардаг. Тийм нөхцөлд нөхөр нь эхнэртээ зориулж цаг гаргаж байх ёстой. Ганцаараа хийчихдэг байсан зарим ажилд нь хүүхдүүдтэйгээ хамт тусалж, эхнэрээ хайрлан халамжилж байх учиртай (Филиппой 2:1–4).

28. Ямар сануулгыг анхаарах нь гэр бүлээрээ нэгдмэл байхад тустай вэ?

28 Энэ нийгэмд амьдрахад мөнгө хэрэгтэй ч хүнийг жаргаадаггүй, амь өгдөггүй гэдгийг битгий мартаарай (Номлогчийн үгс 7:12). Эд баялгийг хэтэрхий их анхаарвал Бурхантай тогтоосон харьцаа ч сүйрнэ, сэтгэл санааны хохирол ч амсана (1 Тимот 6:9–12). Харин үндсэн хэрэгцээгээ хангах гэсэн хүчин чармайлтыг маань ивээнэ гэж амласан Еховад найдаж, эхлээд Бурхны Хаанчлал болон түүний зөвт байдлыг хайх нь хэчнээн сайхан бэ! (Матай 6:25–33; Еврей 13:5). Танайх ямар нэг байдлаар хуваагдмал байлаа ч сүнслэг үйл хэргийг эн тэргүүнд тавьж, Бурхантай эвтэй байхыг бүхнээс илүү хичээдэг бол амьдралын хамгийн чухал асуудлаар нэгдмэл байх биз ээ.

АЙЛ ГЭРИЙГ НЭГДМЭЛ БАЙХАД БИБЛИЙН ДАРААХ ЗАРЧИМ ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?

Христиан хүн хэрсүү болон мэргэн ухаанд суралцдаг (Сургаалт үгс 16:21; 24:3).

Шашин шүтлэгээрээ ялгаатай ч христиан хүн ханиа хайрлаж, хүндэтгэдэг (Ефес 5:23, 25).

Христиан хүн Бурхны хуулийг хэзээ ч санаатай зөрчдөггүй (Үйлс 5:29).

Христианууд эв эеийг эрхэмлэдэг (Ром 12:18).

Яаран бүү уурлаарай (Номлогчийн үгс 7:9).

ЖУРАМТАЙ ГЭР БҮЛ ХҮНДЭТГЭЛ ХҮЛЭЭЖ, АМАР ТАЙВНЫГ ЭДЭЛДЭГ

Албан ёсоор гэрлээгүй атлаа хамт амьдардаг хү⁠мүүс орчин үед олон болжээ. Еховатай танилцаад удаагүй байгаа хүн ийм амьдралтай байж магадгүй. Нутаг оронд нь ийм явдлыг буруушаадаггүй байж болох ч энэ нь хууль ёсных биш ээ. Библийн зарчмаар бол гэр бүлээ хуулийн дагуу батлуулах шаардлагатай (Тит 3:1; Еврей 13:4). Гэр бүлд нэг л нөхөр, нэг л эхнэр байна гэсэн Библийн зарчмыг христиан хурлын гишүүд баримтал⁠даг (1 Коринт 7:2; 1 Тимот 3:2, 12). Энэ шаардлагыг хангах нь гэр бүл нэгдмэл байх эхний алхам юм (Дуулал 119:165). Ехова амьдралаас тасархай эсвэл хүнд ачаа болохоор шаардлага тавьдаггүй. Зааж сургадаг бүхэн нь бидний сайн сайхны төлөө байдаг (Исаиа 48:17, 18).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах