Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • гб бүлэг 12 х. 142-152
  • Айл гэрийг сүйрүүлдэг бэрхшээлийг давах нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Айл гэрийг сүйрүүлдэг бэрхшээлийг давах нь
  • Гэр бүлийн аз жаргалын нууц
  • Дэд гарчгууд
  • АРХИДАН СОГТУУРАХЫН БАЛАГ
  • ГЭРИЙНХЭН НЬ ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
  • ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ҮР ДАГАВАР
  • ГЭР БҮЛЭЭ ХҮЧИРХИЙЛЭХГҮЙН ТУЛД
  • ТУСДАА БАЙХ УУ, ЦУГ БАЙХ УУ?
  • ЗОВЛОН ДУУСНА
Гэр бүлийн аз жаргалын нууц
гб бүлэг 12 х. 142-152

БҮЛЭГ АРВАН ХОЁР

Айл гэрийг сүйрүүлдэг бэрхшээлийг давах нь

1. Зарим айл цаанаа ямар зовлонтой вэ?

ХУУЧИН машиныг сайхан угааж, өнгөлжээ. Өнгөц харахад гялалзаад яг л шинэ юм шиг. Гэвч үнэндээ доторх эд анги нь зэвэнд идэгдэж байгаа аж. Зарим айл ийм машинтай адилхан. Тийм айлын хүмүүсийг өнгөц харахад сайн сайхан яваа мэт боловч инээмсэглэлийнх нь цаана айдас, шаналал нуугдаж байдаг аж. Ийм айлыг нэг төрлийн «зэв» идэж, амар тайвныг нь эвдэн бусниулж байдаг гэлтэй. Архидалт, хүчирхийллийг зэвтэй адилтгаж болно.

АРХИДАН СОГТУУРАХЫН БАЛАГ

2. а) Согтууруулах ундаа хэрэглэх талаар Библид юу гэж байдаг вэ? б) Архинд донтох гэж яахыг хэлдэг вэ?

2 Согтууруулах ундаа тааруулж хэрэглэхийг Библи хориглодоггүй боловч архидан согтуурахыг буруушаадаг (Сургаалт үгс 23:20, 21; 1 Коринт 6:9, 10; 1 Тимот 5:23; Тит 2:2, 3). Архинд донтохыг согтохтой адилтгах аргагүй. Донтсон хүн тааруулж ууж чаддаггүй бөгөөд архинаас өөрийг бодохоо больдог. Насанд хүрэгчид, бүр хүүхэд залуус ч архинд донтдог нь харамсалтай.

3, 4. Архичин хүний хань ижил, үр хүүхэд ямар зовлон үздэг вэ?

3 Согтууруулах ундааг хэтрүүлж хэрэглэх нь айл гэрийн амгалан тайван байдлыг алдагдуулах аюултайг эрт үед Библид бичсэн байсан (Дэд хууль 21:18–21). Архинд донтсон хүний гэр бүлийнхэн бүгдээрээ зовдог. Хань ижил нь архи уухыг нь болиулах гэж, таах аргагүй авирлахад учрыг нь олох гэж аргаа бардаг.a Архи дарс, мөнгө төгрөгийг нь нуух, архийг нь асгах, гэр бүл, амь амьдралаа бодохыг гуйх, сүсэг бишрэлтэй болохыг ятгах гэх мэтээр яаж ч оролдсон, нөгөөх нь уугаад байхлаар урам нь хугарч, цөхрөнгөө бардаг. Бас байнга айж түгшдэг, уурлаж бухимддаг, сандарч тэвддэг, өөрийгөө буруутгадаг, хүндэтгэдэггүй болж мэднэ.

4 Архинд донтсон хүн үр хүүхдээ ч зовоодог. Зарим хүн хүүхдээ зоддог бол зарим нь хүчирхийлдэг. Эцэг эх нь архи уудгийн бурууг хүүхэд өөртөө тохдог байж мэднэ. Архичин эцэг эхийн туйлбаргүй зангаас болоод хүүхэд хүнд итгэхээ больдог. Ар гэрийнхээ зовлонг хүмүүсээс нууж, дотроо шаналж явсаар эрүүл мэндээрээ хохирдог (Сургаалт үгс 17:22). Өөртөө итгэлгүй, өөрийгөө хүндэтгэдэггүй хүн болж өсдөг.

ГЭРИЙНХЭН НЬ ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

5. Архинд донтсоныг нь ухааруулахын тулд яах хэрэгтэй вэ? Яагаад хэцүү байдаг вэ?

5 Архинд донтохыг бүрэн эмчлэх арга байхгүй ч огт уухгүй бол тодорхой хэмжээгээр үр дүнд хүрдгийг олон мэргэжилтэн хүлээн зөвшөөрдөг (Матай 5:29-тэй харьцуулна уу). Харин архинд донтсон хүн өөрийгөө архичин гэж үздэггүй учир эмчилгээ хийлгэх хэрэгтэйг нь ухааруулах тун амаргүй. Гэхдээ гэрийнхэн нь архидалтаас болж учруулдаг хор хохирлыг нь арилгаад байхын оронд өөрсдийг нь яаж зовоодгийг ойлгуулах юм хийвэл архинд донтсон хүн дутагдлаа олж харж магадгүй. Нэг туршлагатай эмч: «Миний бодлоор, хамгийн сайн арга бол гэрийнхэн нь өдөр тутмын ажил амьдралаа аль чадахаараа хэвийн үргэлжлүүлэх явдал юм. Ингэвэл архичин хүн гэрийнхнээсээ ямар их ялгаатайгаа илүү их мэдэрдэг» гэж хэлжээ.

6. Гэр бүлийнх нь хэн нэг хүн архинд донтсон бол хамгийн найдвартай зөвлөгөөг хаанаас авах вэ?

6 Архинд донтсон хүний гэр бүлийнхнийг аль болох амгалан тайван амьдрахад тус болох зөвлөгөө Бурхны Үг Библид байдаг (Исаиа 48:17; 2 Тимот 3:16, 17). Ийм гэр бүлд тус болсон хэдэн зарчмыг үзье.

7. Архинд донтсон хүний бурууг хэн хүлээх вэ?

7 Бүх бурууг өөртөө тохдогоо болиорой. Библид «Хүн бүр өөрийн ачааг үүрнэ», «Бидний хүн бүр өөрийнхөө тайланг Бурханд өгөх болно» гэж байдаг (Галат 6:5; Ром 14:12). Архичин хүн: «Та нар надтай сайхан харьцдаг байсан бол би уухгүй л байх байсан» гэх мэтээр ярьж гэрийнхнээ буруутгаж мэдэх юм. Үүнийг нь хүлээн зөвшөөрөөд байвал уухыг нь өөгшүүлсэнтэй ижил хэрэг болно. Хүн амьдралын нөхцөл юм уу бусдын буруугаас болж хохирсон эсвэл архинд орсон байлаа ч хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг өөрөө л хүлээнэ (Филиппой 2:12-той харьцуулна уу).

8. Архидсаных нь горыг яаж амсуулах вэ?

8 Горыг нь амсуулж байхад буруудахгүй. Уур уцаартай хүн ямар байдгийг хэлсэн Библийн сургаалт үг архинд донтсон хүний тухайд ч үнэн байдаг. «Хэрэв та түүнийг аварвал дахин аврах хэрэг гарна» (Сургаалт үгс 19:19). Архидан согтуурсны үр дагаврыг өөрт нь амсуулах хэрэгтэй. Завааруулсан юмаа өөрөө цэвэрлэж, маргааш нь даргадаа өөрөө учраа хэлэх ёстой.

146-р хуудасны зураг

Гэр бүлийн бэрхшээлийг давахад христиан ахлагчид үнэтэй тусламж үзүүлдэг

9, 10. Архичин хүний гэрийнхэнд тусламж хэрэгтэйн учир юу вэ? Ялангуяа, хэнээс тусламж авах вэ?

9 Бусдаас тусламж аваарай. Сургаалт үгс 17:17-д «Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг. Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг» гэж бий. Архичин хүнтэй хамт амьдардаг хүн сэтгэлийн зовуурьтай явдаг учир тусламж авах хэрэгтэй. «Анд найзуудаасаа» тусламж авахаас ичиж зовох хэрэггүй (Сургаалт үгс 18:24). Танд тулгараад байгаа асуудлыг сайн ойлгодог эсвэл адилхан зовлон туулсан хүнтэй ярилцвал юу хийхийг, юу хийх хэрэггүйг хэлж, тустай зөвлөгөө өгөх болов уу. Гэхдээ итгэл хүлээсэн, «нууцыг задруулдаг[гүй]» хүнтэй ярилцах нь ухаалаг (Сургаалт үгс 11:13).

10 Христиан ахлагчдад найдаарай. Христиан хурлын ахлагчид бол тусалж дэмжих найдвартай эх булаг гэж үзэж болно. Энэ эрчүүд Бурхны Үгийг сайн мэддэг, зарчмыг нь баримталж сурсан төлөвшсөн хүмүүс юм. Тэд «салхинаас хоргодох газар мэт, шуурганаас халхлах халхавч мэт, хуурай газрын усны суваг мэт, ангасан газар дахь өндөр хадны сүүдэр мэт» байдаг (Исаиа 32:2). Ахлагчид хурлыг бүхэлд нь муу нөлөөнөөс хамгаалаад зогсохгүй зовж яваа гишүүн нэг бүрийг тайвшруулж, сэргээж, халамжлан анхаардаг. Тиймээс тэднээс тусламж аваарай.

11, 12. Архинд донтсон хүний гэр бүлийнхэнд хэн хамгийн сайн туслах вэ? Яаж тусалдаг вэ?

11 Хамгийн гол нь, Еховагаас тусламж аваарай. «ЭЗЭН эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг бөгөөд ... авардаг» гэсэн сэтгэл тайвшруулам үг Библид байдаг (Дуулал 34:18). Гэр бүлийн тань хэн нэгэн архинд донтсоноос болж таны зүрх эмтрэн шаналдаг бол Ехова «ойр... байдаг» гэдгийг санаарай. Танайханд ямар хэцүү байдгийг Ехова ойлгодог (1 Петр 5:6, 7).

12 Библид бичүүлсэн Еховагийн үгэнд итгэх нь энэ зовлонг давахад тустай (Дуулал 130:3, 4; Матай 6:25–34; 1 Иохан 3:19, 20). Үгийг нь судалж, зарчмынх нь дагуу амьдардаг бол Бурхан ариун сүнсээ өгнө. Ариун сүнс өдөр тутмын бэрхшээлийг давах «хэрээс хэтэрсэн хүч» өгдөг (2 Коринт 4:7, ШЕ).b

13. Айл гэрийг сүйрүүлдэг өөр нэг аюул нь юу вэ?

13 Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь айл гэрийг сүйрүүлдэг өөр нэг балаг тарьдаг. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэл юм.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ҮР ДАГАВАР

14. Гэр бүлийн хүчирхийлэл хэзээ эхэлсэн бэ? Өнөөдөр байдал ямар байна вэ?

14 Хүний түүхэнд гарсан анхны хүчирхийлэл бол гэр бүлийн хүчирхийлэл буюу ах дүү Каин Абел хоёрт тохиолдсон явдал юм (Эхлэл 4:8). Тэр цагаас хойш хүн төрөлхтөн гэр бүлийн хүчирхийллээс ангид байсангүй. Нөхөр нь эхнэрээ, эхнэр нь нөхрөө зодох, эцэг эх нь бага насны хүүхдээ хэрцгийгээр зодох, насанд хүрсэн хүүхдүүд нь настай эцэг эхтэйгээ зүй бусаар харьцах нь их болжээ.

15. Гэр бүлийн хүчирхийлэл хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

15 Гэр бүлийн хүчирхийллийн үр дагаврыг биед үлдсэн сорвиор хэмжих аргагүй. Нөхөртөө зодуулдаг нэг эмэгтэй: «Өөрийгөө хэчнээн их буруутгаж, хэчнээн их ичиж зовдог гээч. Ихэнхдээ орноосоо босмооргүй санагдаж, болсон явдлыг хар дарсан зүүд байсан болоосой гэж боддог юм даа» хэмээжээ. Ийм гэр бүлд өссөн юм уу гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан хүүхэд хожим гэр бүлээ хүчирхийлдэг болох нь бий.

16, 17. Сэтгэл санааны дарамт юунаас үүдэлтэй вэ? Сэтгэл санааны дарамтад орсон хүн яадаг вэ?

16 Гэр бүлийн хүчирхийллийн өөр нэг хэлбэр нь үг хэлээр дайрч доромжлох явдал юм. Сургаалт үгс 12:18-д «Илдээр дүрэхтэй адил бодлогогүй ярьдаг хүн байдаг» гэдэг. «Илдээр дүрэх» гэснийг бодож үзвэл харааж зүхэх, аашилж зандрах, байнга шүүмжлэх, доромжлон гутаах, бие махбодод нь халдана гэж сүрдүүлэх зэрэг нь гэр бүлийн хүчирхийлэлд багтдаг байх нь. Хүчирхийллээс үүдэлтэй сэтгэлийн шарх хүний нүдэнд харагддаггүй.

17 Ялангуяа, хүүхдээ байнга шүүмжилдэг, мэдлэг чадварыг нь үнэлдэггүй, дорд үзэн дарамталдаг эцэг эх байдаг нь даанч тоогүй. Үүнээс болоод хүүхэд өөртөө итгэлгүй хүн болдог. Ямар ч хүүхдийг сахилгажуулах хэрэгтэй нь үнэн. Гэхдээ «Эцгүүд ээ, хүүхдийнхээ сэтгэлийг мохоохгүйн тулд тэднийг бүү уурлуул» гэж Библид байдаг (Колоссай 3:21).

ГЭР БҮЛЭЭ ХҮЧИРХИЙЛЭХГҮЙН ТУЛД

151-р хуудасны зураг

Бие биеэ хайрлаж, хүндэтгэдэг христиан хос асуудлыг даруй шийддэг

18. Хүчирхийлэл хаанаас эхтэй вэ? Гэр бүлээ хүчирхийлэхээ бол⁠ьё гэвэл Библид бичсэнээр яах хэрэгтэй вэ?

18 Хүний үйлдэл эхлээд толгой тархи, зүрх сэтгэлд биеллээ олдог (Иаков 1:14, 15). Хүчирхийлэгч хүн засаръя гэвэл бодол санаагаа өөрчлөх хэрэгтэй (Ром 12:2, ШЕ). Ингэх боломжтой юу? Боломжтой. Бурхны Үг хүнийг өөрчлөх чадалтай. «Цайзтай» зүйрлэм бодол санааг нь ч үндсээр нь өөрчилдөг (2 Коринт 10:4; Еврей 4:12). Библийн сургаалыг зөв ойлговол хүн эрс өөрчлөгддөгийг «шинэ хүнийг өмсөхтэй» зүйрлэж болно (Ефес 4:22–24; Колоссай 3:8–10).

19. Христиан хүн ханьдаа хэрхэн хандах ёстой вэ?

19 Ханьдаа зөв хандах нь. Бурхны Үг: «Нөхрүүд ... эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрладаг хүн өөрийгөө хайрладаг» гэж сургадаг (Ефес 5:28). Бас «хэврэгхэн сав мэт үзэн хүндэтгэх» учиртай (1 Петр 3:7, ШЕ). Эхнэрүүдэд «нөхрөө ... хайрлаж», «гүн хүндэтгэ» гэж сургадаг (Тит 2:4; Ефес 5:33, ШЕ). Нөхөр хүн Бурхнаас эмээдэг бол эхнэрээ зодох юм уу үг хэлээр дайрч доромжилчихоод эхнэрээ хүндэтгэдэг гэж хэлж чадахгүй шүү дээ. Нөхрөө аашилж хашхичдаг, ёжилж егөөддөг юм уу байнга загнаж зандардаг эмэгтэйг нөхрөө үнэн сэтгэлээсээ хайрлаж, хүндэтгэдэг гэж хэлэх аргагүй.

20. Хүүхэд хүмүүжүүлэх үүргийг эцэг эхэд хэн оноосон бэ? Хүүхдийн хэрээс хэтэрсэн юм шаардах ёсгүйн учир юу вэ?

20 Үр хүүхдэдээ зөв хандах нь. Хүүхэд эцэг эхээрээ хайрлуулж, халамжлуулах эрхтэй. «Үр хүүхэд бол ЭЗЭНээс ирдэг бэлэг, ... шагнал» гэж Библид байдаг (Дуулал 127:3). Ехова энэ бэлгийг анхаарч халамжлах үүргийг эцэг эхэд оноосон. Библид «хүүхэд насны... зан», «мунхаг байдал» гэж бичсэн байдаг (1 Коринт 13:11; Сургаалт үгс 22:15). Хүүхэд нь мунхаг зан гаргахад эцэг эх гайхах хэрэггүй. Хүүхэд бол хүүхэд шүү дээ. Хүүхдийнхээ нас, хэр чадлаас хэтэрсэн юм шаардах учиргүй (Эхлэл 33:12–14-ийг үзнэ үү).

21. Бурхны хуулиар бол настай эцэг эхдээ хэрхэн хандах ёстой вэ?

21 Өндөр настай эцэг эхдээ зөв хандах нь. Левит 19:32-т «Буурлын өмнө босон зогсож, настанг дээдэл» гэж байдаг. Настангуудыг өндөр үнэлж, хүндэтгэх учиртайг Бурхны Хуулийн энэ заалт тодорхой харуулдаг. Өтөлж хөгшрөхийн эрхээр өвчин хуучтай, бодож сэтгэх, хөдөлж явах нь удаан болсон хүнийг хүндлэхэд амаргүй санагддаг байж болох юм. Эсвэл хэтэрхий их юм шаардаад байх шиг санагддаг бол хүндлэхэд бас амаргүй байж мэднэ. Гэхдээ үр хүүхэд нь «эцэг эхийнхээ ачийг хариулах» учиртай гэж Библид байдаг (1 Тимот 5:4). Тэгэхлээр, эцэг эхээ хүндэтгэх үүрэгтэй. Материаллаг хэрэгцээг нь ч хангах шаардлага гарч мэднэ. Настай эцэг эхдээ гар хүрэх гэх мэтээр зүй бус хандах нь Бурхны Үгийг илт зөрчсөн хэрэг болно.

22. Гэр бүлээ хүчирхийлэхгүйн тулд гол нь юуг, яаж сурах вэ?

22 Биеэ захирч сурах нь. «Мунхаг хүн уур уцаараа барьж үл чадна. Харин мэргэн хүн уурыг барьдаг» гэж Сургаалт үгс 29:11-д байдаг. Яавал биеэ барьж сурах вэ? Бухимдаж явахын оронд асуудлыг даруй шийдэж байгаарай (Ефес 4:26, 27). Биеэ барьж чадахгүйгээ мэдвэл байгаа газраасаа явах нь дээр. Ариун сүнс өгч, биеэ барихад туслахыг Бурхнаас гуйж залбираарай (Галат 5:22, 23). Явган явах, дасгал хийх нь тайвшрахад тустай байж болох юм (Сургаалт үгс 17:14, 27). «Уурлахдаа удаан» байхыг хамаг чадлаараа хичээгээрэй (Сургаалт үгс 14:29).

ТУСДАА БАЙХ УУ, ЦУГ БАЙХ УУ?

23. «Уур хилэнд» автахлаараа хань ижил үр хүүхдээ хүчирхийлж мэдэхээр догшин авир гаргадаг, үүндээ гэмшдэггүй христиан хүнийг яах вэ?

23 Библийг үзвэл Бурхны буруушаадаг зүйлийн тоонд «дайсагнал, маргаан, ... уур хилэн» ордог бөгөөд «ийм зүйлсийг үйлдэгчид нь Бурханы хаанчлалыг өвлөхгүй» (Галат 5:19–21). Өөрийгөө христиан гэдэг атлаа «уур хилэнд» автахлаараа хань ижил үр хүүхдээ хүчирхийлж мэдэхээр догшин авир гаргадаг, үүндээ гэмшдэггүй хүн хурлаас хасагдаж болзошгүй (2 Иохан 9, 10-тай харьцуулна уу). Ийм зарчим баримталдаг нь христиан хурлыг цэвэр ариун байлгахын тулд юм (1 Коринт 5:6, 7; Галат 5:9).

24. а) Хүчирхийлэлд өртдөг хүн ямар шийдвэр гаргаж болох вэ? б) Найз нөхөд, ахлагчид хэрхэн тусалж болох вэ? Яах ёсгүй вэ?

24 Зодож нүддэг, засрах шинжгүй хань ижлээсээ болж зовж шаналдаг христианууд яадаг вэ? Зарим хүн тодорхой шалтгааны улмаас хамт амьдардаг. Зарим нь бие махбод, сэтгэл санаа, сүнслэг байдал, бүр амь насанд аюултай гэж үзээд тусдаа байдаг. Ямар шийдвэр гаргах нь тухайн хүний хэрэг боловч гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг Еховагийн өмнө хүлээнэ (1 Коринт 7:10, 11). Найз нөхөд, хамаатан садан, христиан ахлагчид сайн санасандаа туслах юм уу зөвлөгөө өгөхийг хүсэж болох ч тэг ингэ гэж шахаж шаардах ёсгүй. Хүн өөрөө л шийдэх учиртай (Ром 14:4; Галат 6:5).

ЗОВЛОН ДУУСНА

25. Гэр бүлийн талаарх Еховагийн санаа зорилго юу вэ?

25 Ехова Бурхан гэр бүлийг Санаачлагч билээ. Бурхны санаа зорилгоор бол гэр бүл архидалт, хүчирхийллээс болж зовох ёсгүй байлаа. Харин ч хайр, амар тайван ноёлсон, гишүүн бүрийнх нь сэтгэл санаа, оюуны болон сүнслэг хэрэгцээ хангагдах учиртай газар байх байв. Гэвч хүн нүгэлтэй болсноос хойш гэр бүлийн амьдрал сүйрч эхэлсэн (Номлогчийн үгс 8:9-тэй харьцуулна уу).

26. Еховагийн шаардлагыг биелүүлдэг хүмүүсийг ямар ирээдүй хүлээж байна вэ?

26 Ехова гэр бүлийн талаарх санаа зорилгоо өөрчлөөгүй нь ямар сайн юм бэ! Шинэ ертөнцөд хүмүүс «аюулгүй амьдарч, хэн ч тэднийг айлгахгүй» гэж Бурхан амладаг (Езекиел 34:28). Тэр цагт айл гэрийг сүйрүүлдэг архидалт, хүчирхийлэл гэх зэргээс болж хүн төрөлхтөн зовж шаналахгүй. Өнөө үед зарим хүн айдас, шаналлаа нуух гэж инээмсэглэдэг бол шинэ ертөнцөд «элбэг амар амгалангаар баярлан» инээмсэглэнэ (Дуулал 37:11).

a Эдгээр нь архинд донтсон эмэгтэй хүнд бас хамаатай.

b Зарим оронд архинаас гаргах эмчилгээний төв, эмнэлэг байдаг бөгөөд архичид болон ар гэрийнхэнд нь зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тийм тусламж авах эсэхээ хүн өөрөө шийддэг. Еховагийн Гэрчүүд ямар ч эмчилгээг сурталчилдаггүй. Эмчилгээ хийлгэхээр бол Библийн зарчимтай зөрчилддөг юмнаас болгоомжлох хэрэгтэй.

ГЭР БҮЛИЙГ БУСНИУЛДАГ БҮХНЭЭС ХОЛ ЯВАХАД БИБЛИЙН ДАРААХ ЗАРЧИМ ХЭРХЭН ТУСАЛДАГ ВЭ?

Согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэхийг Ехова буруушаадаг (Сургаалт үгс 23:20, 21).

Хүн бүр хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг хүлээдэг (Ром 14:12).

Биеэ захирахгүй бол Бурханд таалагдахгүй (Сургаалт үгс 29:11).

Жинхэнэ христиан хүн настай эцэг эхээ хүндэтгэдэг (Левит 19:32).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах