8 дугаар сар
8 сарын 1, баасан
Зөв шударга хүний зовлон зүдгүүр их байдаг, Харин ЭЗЭН түүнийг тэр бүгдээс нь авардаг (Дуу. 34:19).
Энд хоёр чухал зүйл бичсэнийг анхаараарай. 1) Зөв шударга хүнд зовлон учирдаг. 2) Ехова биднийг зовлонгоос авардаг. Яаж? Нэг арга нь энэ ертөнцийн амьдралыг бодитоор нь ойлгоход туслах явдал юм. Ехова өөрт нь үйлчилдэг хүн баяр хөөртэй байхыг бидэнд батлан хэлсэн нь үнэн. Гэхдээ өнөөдөр санаа зовох ямар ч юмгүй амьдарна гэсэн баталгаа өгөөгүй шүү дээ (Ис. 66:14). Харин ч ирээдүйдээ анхаарлаа төвлөрүүлж амьдрахыг уриалсан. Учир нь тэр цагт Еховагийн хүссэнээр бид үүрд мөнх жаргалтай амьдарна (2 Кор. 4:16–18). Харин одоохондоо өөрт нь үйлчилсээр байхад өдөр бүр тусалдаг (Гаш. 3:22–24). Библид гардаг болон өнөөгийн үнэнч үйлчлэгчдээс юу сурч болох вэ? Бидэнд гэнэт бэрхшээл тулгарч болзошгүй. Хэрэв бид Еховад найддаг бол биднийг үргэлж дэмжинэ (Дуу. 55:22). хц23.04 х. 14–15 д/м 3–4
8 сарын 2, бямба
Дээд эрх мэдлүүдэд ... захирагд (Ром 13:1).
Дээд эрх мэдлүүдэд захирагдах амаргүй үед ч дуулгавартай байсан Иосеф Мариа хоёроос сурах юм бий (Лук 2:1–6). Мариаг 9 сартай жирэмсэн байхад тэр хоёрын дуулгавартай байх эсэх нь соригдов. Ромын захирагч Август хүн амын тооллого явуулах болж, Иосеф Мариа хоёр уулархаг газраар 150 километр зам туулж Бетлехемд очих ёстой болов. Энэ нь ялангуяа Мариад амаргүй байлаа. Мариа болон хэвлий дэх хүүхдийнхээ аюулгүй байдалд тэд санаа зовсон байх. Замдаа хүүхэд нь төрөх болбол яах вэ? Мариа ирээдүйн Мессиаг хэвлийдээ тээж байсан. Энэ бүхэн нь засгийн газарт захирагдахгүй байх шалтаг болсон уу? Санаа зовох юм их байсан ч Иосеф Мариа хоёр зарлигийг дагасан. Дуулгавартай байсан тэднийг Ехова ивээжээ. Тэд Бетлехемд аюулгүй хүрч Мариа хүүхдээ эрүүл саруул төрүүлсэн. Ийнхүү Библийн зөгнөл ч биелсэн! (Мика 5:2). хц23.10 х. 8 д/м 9; х. 9 д/м 11–12
8 сарын 3, ням
Бие биеэ урамшуулан зоригжуулж байя (Евр. 10:25).
Цуглаан дээр хариулна гэхээр л сандардаг бол яах вэ? Сайн бэлдэх нь их чухал (Сур. 21:5). Уншиж байгаа өгүүллийн утга санааг сайн ойлгох тусам хариулахад амар байна. Түүнчлэн товч хариулаарай (Сур. 15:23; 17:27). Цөөн үгээр хариулбал бага сандрах нь ойлгомжтой. Өөрийнхөө үгээр товчхон хариулбал судалж буй зүйлээ сайн бэлдэж, ойлгосноо харуулна. Хэрвээ дээрх зөвлөгөөнүүдийг дагасан ч дэндүү их сандарсандаа ганц хоёроос илүү хариулж чаддаггүй бол яах вэ? Чадах бүхнээ хийх гэсэн хичээл зүтгэлийг тань Ехова өндөр үнэлнэ гэдэгт итгээрэй (Лук 21:1–4). Ехова бидний хэрээс хэтэрсэн юм шаарддаггүй шүү дээ (Флп. 4:5). Юу хийж чадахаа бодож үзээд, түүнийгээ биелүүлэх зорилго тавьж, тайван байхад туслахыг гуйгаарай. Эхэндээ ганцхан богино хариулт хэлэх зорилго тавьж болох юм. хц23.04 х. 21 д/м 6–8
8 сарын 4, даваа
Хуяг, ... дуулг[аа] ... өмсье (1 Тес. 5:8).
Паул биднийг, иж бүрэн хувцаслаж зэвсгээ агссан, сонор сэрэмжтэй цэргүүдтэй зүйрлэсэн. Дайны үеэр цэрэг хүн тулалдаанд ороход хэзээд бэлэн байдаг. Бид ч мөн адил, итгэл болон хайрыг хуяг мэт, найдвараа дуулга мэт өмсөж Еховагийн өдөр болоход хэзээд бэлэн байх учиртай. Цэрэг хүн хуяг өмссөнөөр зүрхээ хамгаалдаг шиг бид итгэл, хайрыг хөгжүүлснээр бэлгэдлийн зүрхээ хамгаална. Ингэх нь Бурханд үйлчилж, Есүсийг дагасаар байхад тустай. Итгэлтэй хүн Еховаг бүхий л зүрхээрээ хайвал шагнуулна гэдгээ мэддэг (Евр. 11:6). Тиймээс бэрхшээл тулгарсан ч удирдагч Есүстээ үнэнч байж чадна. Амьдралд тулгарах бэрхшээлийг давахын тулд итгэлээ батжуулах хэрэгтэй. Ингэхийн тулд хавчлага тулгарах юм уу мөнгө төгрөгөөр гачигдсан ч үнэнч байсан орчин үеийн хүмүүсийн жишээг судлаарай. Ийнхүү Хаант төрийг эн тэргүүнд тавьж амьдралаа энгийн болгосон хүмүүсийг дуурайвал эд хөрөнгөний урхинаас зайлсхийж чадна. хц23.06 х. 10 д/м 8–9
8 сарын 5, мягмар
Үүл харуулдагч нэгэн хурааж үл чадна (Ном. 11:4).
Биеэ барих гэдэг нь сэтгэл хөдлөл, үйл хэргээ хянах чадвар юм. Зорилгоо биелүүлэхэд, ялангуяа биелүүлэхэд хэцүү эсвэл хүсэл төрөхгүй үед биеэ захирах шаардлагатай байдаг. Энэ зан чанар агуу хүчний нөлөөгөөр бий болдог учраас Еховагаас агуу хүчийг нь гуйж залбирах хэрэгтэй (Лук 11:13; Гал. 5:22, 23). Тохиромжтой нөхцөл бүрдэхийг л бүү хүлээгээрэй. Өнөөгийн энэ нийгэмд ямар нэгэн юмыг хийхэд яг тохирсон нөхцөл бүрдэнэ гэж огт байхгүй л болов уу. Нөхцөл байдал төгс төгөлдөр болохыг хүлээх юм бол бид хэзээ ч зорилгоо биелүүлж чадахгүй. Юмыг багаас нь эхлээрэй. Зорилго биелшгүй мэт санагдаад хичээх хүсэл төрөхгүй байж болох юм. Хэрвээ танд бас ингэж санагдаж байгаа бол зорилгоо биелүүлэхийн тулд шат дараалсан зорилт тавиарай. Хэрэв та сайн зан чанар хөгжүүлэх зорилготой бол эхлээд ялихгүй гэмээр юман дээр илэрхийлж болохгүй нь юу билээ? Хэрэв та Библийг бүхэлд нь унших зорилго тавьсан бол хэдхэн минут унших хуваарь гаргаж болно шүү дээ. хц23.05 х. 29 д/м 11–13
8 сарын 6, лхагва
Шударга зөв хүмүүсийн жим болбоос үүрийн гэгээ мэт агаад, Тэр нь өдрийг авчрах хүртэл улам тод гэрэлтсээр байх болно (Сур. 4:18).
Ехова биднийг байгууллагаараа дамжуулан бэлгэдлийн хоол ундаар тогтмол хангаж байна. Ийнхүү «Ариун Их Замаар» яваад л байхад маань тусалдаг (Ис. 35:8; 48:17; 60:17). Библийн хичээл заалгаж эхэлсэн хүнийг «Ариун Их Зам» дээр хөл тавьсан гэж хэлж болно. Харамсалтай нь зарим хүн жаахан явж байгаад замаас гардаг. Харин зарим нь эцсийн зогсоол хүртэл явахаар бат шийддэг. Эцсийн зогсоол гэдэг нь юу вэ? Тослогдсон хүмүүс «Ариун Их Замаар» явсаар тэнгэр дэх «Бурхны диваажинд» очно (Илч. 2:7). Харин дэлхий дээр амьдрах найдвартай хүмүүс 1000 жилийн засаглалын эцэст төгс болно. Хэрэв та өнөөдөр энэ замаар явж байгаа бол эргэж бүү хараарай. Эцсийн зогсоол хүртэл замаасаа бүү гараарай. хц23.05 х. 17 д/м 15; х. 19 д/м 16–18
8 сарын 7, пүрэв
Эхлээд Бурхан биднийг хайрласан учир бид хайрладаг (1 Ёох. 4:19).
Ехова таны төлөө юу хийснийг эргэцүүлэн бодвол түүнд өөрийгөө зориулахаар шийдэх нь зүйн хэрэг юм (Дуу. 116:12–14). Библид Еховаг «сайн, төгс бэлэг бүхнийг» өгдөг гэж бичсэн нь үнэхээр оножээ (Яак. 1:17). Хамгийн агуу бэлэг нь золиос болгон өгсөн Хүү Есүсийнх нь амь юм. Бодоод үз дээ! Золиосны ачаар л та Еховатай дотносох боломжтой, үүрд мөнх амьдрах найдвартай болсон (1 Ёох. 4:9, 10). Еховад өөрийгөө зориулснаар агуу хайрынх нь илрэл болох золиосонд, мөн таны төлөө хийсэн бүхэнд нь талархдагаа илэрхийлнэ (Д.хууль 16:17; 2 Кор. 5:15). хц24.03 х. 5 д/м 8
8 сарын 8, баасан
Цэх шулуунаар алхагч нэгэн ЭЗЭНээс эмээдэг (Сур. 14:2).
Энэ ертөнцийн ёс суртахууны хэм хэмжээний талаарх бидний бодол Лотынхтой адилхан. Лот «хорон муу хүмүүсийн эрээ цээргүй хэргээс болж асар их шаналж байсан». Учир нь тэнгэрийн Эцэг нь ийм явдлыг үзэн яддагийг мэддэг байлаа (2 Петр 2:7, 8). Тэрбээр Бурхнаас эмээдэг, түүнийг хайрладаг байсан учраас эргэн тойрныхоо хүмүүсийн ёс суртахуунгүй байдлыг үзэн яддаг байв. Бидний эргэн тойронд ч Еховагийн хэм хэмжээг үл тоодог хүмүүс олон бий. Гэсэн хэдий ч бид Бурхнаа хайрлаж, түүнээс эмээдэг бол ёс суртахууны хувьд цэвэр байж чадна. Ехова «Сургаалт үгс» номдоо зөвлөгөө бичүүлж бидэнд ёс суртахууны хувьд цэвэр байх хүсэл төрүүлдэг. Эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу гэлтгүй бид бүгдээрээ эдгээр зөвлөгөөг эргэцүүлэн боддог бол ач тус хүртэнэ. Хэрэв бид Еховагаас эмээдэг бол муу юм хийдэг хүнтэй нөхөрлөхөөс зайлсхийнэ. хц23.06 х. 20 д/м 1–2; х. 21 д/м 5
8 сарын 9, бямба
Намайг дагая гэвэл өөрийнхөө төлөө амьдрахаа больж, тарчлаах шонгоо өдөр бүр үүрч, намайг үргэлж дага (Лук 9:23).
Та гэр бүлийн эсэргүүцэлтэй тулгарсан байж магадгүй. Эсвэл Бурхны Хаант төрийн үйл хэргийг амьдралынхаа эн тэргүүнд тавихын тулд илүү их мөнгө, эд хөрөнгөтэй болох боломжоо золиосолсон байж болох юм (Мат. 6:33). Тийм бол өөрийнх нь төлөө хийсэн бүхнийг тань Ехова мэддэгт итгээрэй (Евр. 6:10). Есүсийн хэлсэн үг үнэн гэдгийг та биеэрээ мэдэрсэн байх. Тэрбээр: «Сайн мэдээний төлөө гэр орон, ах эгч дүү, эцэг эх, үр хүүхэд, эдлэн газраа орхисон хүн өнөө үед гэр орон, ах эгч дүү, эх, үр хүүхэд, эдлэн газрыг 100 дахин их авах бөгөөд хавчигдана. Ирэх үед мөнх амьдарна» гэжээ (Марк 10:29, 30). Таны хүртсэн ивээл золиосолсон зүйлтэй тань харьцуулахад хавьгүй илүү биз ээ (Дуу. 37:4). хц24.03 х. 9 д/м 5
8 сарын 10, ням
Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг. Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг (Сур. 17:17).
Иудей дэх Христийн дагалдагчид өлсгөлөнд нэрвэгдсэнийг Сирийн Антиох дахь хурлынхан сонсоод «Иудей дэх ах дүүдээ чадах чинээгээрээ туслахаар болж цуглуулсан юмаа ... явуулсан» (Үйлс 11:27–30). Хэдийгээр хол амьдарч байсан ч Антиох дахь Христийн дагалдагчид өлсгөлөнд нэрвэгдсэн ах дүүстээ туслахаар бат шийдсэн (1 Ёох. 3:17, 18). Бид ч гамшигт нэрвэгдсэн ах дүүсийнхээ талаар сонсвол өрөвч сэтгэлээ илэрхийлэх боломжтой. Тусламжийн ажилд хэрхэн оролцож болохыг ахлагчдаас асууж, дэлхий дахины үйл хэрэгт зориулан хандив өргөх юм уу тэдний төлөө залбирч болох юм. Ах дүүст маань бүр наад захын хэрэгцээгээ хангахад нь ч бас тусламж хэрэгтэй болж магадгүй. Ирээдүйд Хаан Есүс Христ хүмүүсийг шүүхээр ирэхээрээ ах дүүсээ өрөвдөн тусалж буй бидэнд «Хаант төрийг өвлөн ав» гэж хэлнэ (Мат. 25:34–40). хц23.07 х. 4 д/м 9–10; х. 6 д/м 12
8 сарын 11, даваа
Та нарын ухаалгийг бүх хүн мэдээсэй (Флп. 4:5).
Есүс Еховаг дуурайж уян хатан билээ. Тэрбээр «төөрсөн хонь мэт израйлчуудад» дэлгэрүүлэх даалгавар аваад уян хатан байсан. Нэг удаа харь үндэстний эмэгтэй: «Чөтгөр охиныг минь эзэмдэж тарчилган зовоодог юм» гэж Есүст хэлээд эдгээж өгөхийг гуйв. Есүс өрөвдөж, охиныг нь эдгээжээ (Мат. 15:21–28). Өөр нэг жишээг бодъё. Өмнө нь Есүс: «Надад итгэдгээ ... үгүйсгэдэг хэнийг ч би ... миний шавь биш гэнэ» гэжээ (Мат. 10:33). Гэхдээ Петр өөрийг нь танихгүй гэж 3 удаа мэлзэхэд Есүс түүнийг шавиа биш гэж үзсэн үү? Үгүй. Петрийг гэмшиж байгааг, бас үнэнч хүн гэдгийг нь сайн мэдэж байсан. Амилсныхаа дараа Есүс Петрт үзэгдэхдээ түүнийг уучилснаа, мөн хайрладгаа батлан хэлсэн нь лавтай (Лук 24:33, 34). Ехова Бурхан болон Есүс Христ уян хатан зан чанартай. Харин бид яах вэ? Ехова биднийг ч ухаалаг буюу уян хатан байгаасай гэж хүсдэг. хц23.07 х. 21 д/м 6–7
8 сарын 12, мягмар
Цаашид үхэл байхгүй болно (Илч. 21:4).
Диваажингийн талаарх Бурхны амлалтад эргэлздэг хүнд хэрхэн тайлбарлах вэ? Нэгдүгээрт, Ехова өөрөө амладаг. «Илчлэл» номд «Сэнтийд залрагч Нэгэн: “Би бүх юмыг шинээр хийж байна!” хэмээв» гэж байдаг. Тэрбээр амлалтаа биелүүлэх хүчтэй, хүсэлтэй, мөн мэргэн ухаантай. Хоёрдугаарт, амлалт нь зайлшгүй биелэх учир Еховагийн хувьд аль хэдийн биелсэнтэй адил юм. Тиймээс ч «Энэ үг бол баталгаатай бөгөөд үнэн. ... Энэ бүхэн биелсэн!» гэж хэлжээ. Гуравдугаарт, Ехова: «Би бол Альфа ба Омега» гэсэн нь ямар нэг юмыг эхлүүлсэн л бол амжилттай дуусгадаг гэдгийг нь баталдаг (Илч. 21:6). Тэрбээр Сатаныг худалч, бүтэлгүй нэгэн гэдгийг батлан харуулна. Хэрэв нэг хүн «Сайхан л юм. Даанч итгэхэд хэцүү юм» гэвэл Илчлэл 21:5, 6-р зүйлийг уншаад тайлбарлаж болохгүй нь юу билээ? Ехова амлалтаа биелүүлэхээ баталж нэг ёсондоо гарын үсэг зурсныг хэлж өгөөрэй (Ис. 65:16). хц23.11 х. 7 д/м 18–19
8 сарын 13, лхагва
Би чамайг агуу үндэстэн болго[но] (Эх. 12:2, ШЕ).
Абрахамыг 75 настай, хүүхэдгүй байхад Ехова түүнд дээрх амлалтыг өгсөн. Абрахам энэ амлалт биелэхийг харсан уу? Бүрэн гүйцэд биелэхийг нь харж чадаагүй. Евфрат мөрнийг гаталсны дараа, 25 жил хүлээсний эцэст гайхамшгаар хүү Исаак нь төрсөн. Түүнээс хойш 60 жилийн дараа ач хүү Есав Иаков нар нь төржээ (Евр. 6:15). Гэхдээ үр удам нь агуу үндэстэн болж, амласан газрыг өвлөхийг Абрахам хараагүй. Гэсэн хэдий ч үнэнч байж, Бүтээгчтэйгээ дотно байсан (Яак. 2:23). Тэрбээр амилахаараа үнэнч, тэвчээртэй байсных нь ачаар бүх үндэстэн ивээл хүртсэнийг мэдээд ямар их баярлах бол оо! (Эх. 22:18). Эндээс юу ойлгох вэ? Бид Еховагийн бүх амлалт биелэхийг харж чадахгүй байж магадгүй. Гэхдээ Абрахам шиг тэвчээртэй байвал Ехова биднийг одоо шагнаад зогсохгүй амласан шинэ ертөнцдөө бүр ч их ивээнэ гэдэгт итгэлтэй байна (Марк 10:29, 30). хц23.08 х. 24 д/м 14
8 сарын 14, пүрэв
Тэрээр ЭЗЭНийг эрэлхийлэх тусам Бурхан түүнийг амжилттай байлгав (Ш.дэд 26:5).
Уззиа хаан бага залуудаа даруу байжээ. Тэрбээр жинхэнэ Бурхнаас эмээдэг байсан. 68 насалсан түүнийг амьдралынх нь ихэнх үеүдэд Ехова ивээсэн (Ш.дэд 26:1–4). Уззиа олон дайснаа ялж, Иерусалимын хамгаалалтыг бэхжүүлжээ (Ш.дэд 26:6–15). Энэ бүхнийг хийхэд Ехова тусалсанд тэрбээр баярласан нь эргэлзээгүй (Ном. 3:12, 13). Хүмүүс Уззиа хааны тушаалыг дагадаг байсан. Энэ нь түүнийг хүссэн бүхнээ хийж болно гэж бодоход хүргэсэн юм болов уу? Нэг өдөр тэрбээр бардамнан Еховагийн сүм рүү орж, тахилын ширээнд утлага уугиулахаар завддаг. Энэ нь хааны хийх зүйл биш байв (Ш.дэд 26:16–18). Тэргүүн тахилч Азариа хориглоход Уззиа ихэд уурласан. Харамсалтай нь тэрбээр Еховад үнэнч байхаа больж, шийтгүүлэн уяман өвчин тусдаг (Ш.дэд 26:19–21). Уззиа даруу хэвээрээ байсан бол амьдрал нь шал өөр байх байсан! хц23.09 х. 10 д/м 9–10
8 сарын 15, баасан
Хөвчөө таслуулсан хүмүүс[ээс] ... айсандаа ... холдож хөндийрөв (Гал. 2:12).
Элч Петр агуу хүчээр тослогдсоныхоо дараа ч сул талтайгаа тэмцэх шаардлагатай байсан. Тэрбээр МЭ 36 онд хөвч хөндүүлээгүй харь үндэстэн Корнелыг агуу хүчээр тослогдохыг харсан. Энэ нь «Бурхан хэнийг ч алаг үздэггүй» бөгөөд харь үндэстний хүн ч Христийн дагалдагч болох боломжтойг харуулсан явдал байв (Үйлс 10:34, 44, 45). Петр харь үндэстнүүдтэй хооллодоггүй байсан ч энэ явдлын дараа тэдэнтэй чөлөөтэй хооллодог болжээ. Харин зарим иудей шавь нар харь үндэстнүүдтэй хооллож болохгүй гэж үздэг байв. Ийм үзэлтэй хүмүүсийг Антиохт ирэхэд нь Петр тэднийг гомдоох вий гэж айсандаа ч юм уу харь үндэстэн итгэл нэгтнүүдтэйгээ хооллохоо больсон. Хоёр нүүр гаргасан энэ явдлыг Паул хараад Петрийг олны өмнө зэмлэдэг (Гал. 2:13, 14). Ийм алдаа гаргасан ч Петр шантраагүй. хц23.09 х. 22 д/м 8
8 сарын 16, бямба
Бурхан та нарыг ... тууштай байхад тусална (1 Петр 5:10).
Өөрийгөө шударгаар шалгаад сул талаа анзаарсан бол та сэтгэлээр бүү унаарай. «Сайхан сэтгэлтэй» Есүс ахиц гаргахад тань тусална (1 Петр 2:3). Элч Петр: «Бурхан ... бүрэн гүйцэд сургана. Бурхан та нарыг батжуулна» гэж батлан хэлжээ. Петр нэг удаа өөрийгөө Бурхны Хүүтэй хамт байх зохисгүй хүн гэж үзсэн (Лук 5:8). Харин Ехова Есүс хоёр хайрын сэтгэлээр тусалсны ачаар Христийг тууштай дагасан. Ингэснээрээ Петр «Аврагч Есүс Христийн үүрдийн Хаант төрд орох» шагнал хүртжээ (2 Петр 1:11). Ямар гайхалтай завшаан бэ! Хэрэв Петр шиг тууштай байж, Еховагаар дуртайяа заалгавал та ч гэсэн мөнх амьдрах шагнал хүртэнэ. «Итгэдгийнхээ ачаар аврагдана» (1 Петр 1:9). хц23.09 х. 31 д/м 16–17
8 сарын 17, ням
Тэнгэр, газ[рыг] ... бүтээсэн Нэгнийг шүтэцгээ (Илч. 14:7).
Эрт үед байсан асрын хашаан доторх ил талбайд тахилчид үүрэгт ажлаа гүйцэтгэдэг байв. Тэнд шатаалт тахилын том зэс ширээ болон ариун үйлчлэлийн өмнө тахилчдын гар хөлөө угаадаг усны зэс сав байсан (Ег. 30:17–20; 40:6–8). Дэлхий дээр буй тослогдогсод бэлгэдлийн сүмийн хашаан дотор үнэнчээр үйлчилдэг. Усны том сав нь тэдэнд, цаашлаад Христийн бүх дагалдагчдад ёс суртахууны хувьд цэвэр ариун байж, Бурхнаа таалалд нь нийцүүлэн шүтэхийн чухлыг сануулдаг. Тэгвэл «үй олон хүн» хаана Еховаг шүтдэг вэ? Элч Ёохан тэднийг «сэнтийний ... өмнө зогсож» «сүмд нь өдөр шөнөгүй [Бурханд] үйлчилж байхыг» харсан. Үй олон хүн дэлхий дээр, бэлгэдлийн сүмийн хашааны гаднах талбайд ийнхүү үйлчилдэг (Илч. 7:9, 13–15). Бэлгэдлийн агуу сүмд нь үйлчлэх гайхалтай завшаан хайрласан Еховад бид хэчнээн их талархдаг гээч! хц23.10 х. 28 д/м 15–16
8 сарын 18, даваа
Бурхан амласан учир ... итгэл нь улам бүр батаж[сан] (Ром 4:20).
Ехова биднийг ахлагчдаар батжуулдаг (Ис. 32:1, 2). Тиймээс сэтгэл санааг тань зовоох юм байвал ахлагчдад хэлээрэй. Тэдний тусламжийг талархан хүлээж аваарай. Ехова ахлагчдаар туслуулан таныг хүчтэй болгоно. Тэнгэрт эсвэл дэлхий дээрх үзэсгэлэнт диваажинд мөнх амьдрах Библи дэх хосгүй найдвар бас бидэнд тасралтгүй үйлчлэх хүч өгдөг (Ром 4:3, 18, 19). Энэ найдварын ачаар сорилтыг тэвчих, сайн мэдээг тунхаглах, хуралд янз бүрийн даалгавар биелүүлэх хүчтэй болдог (1 Тес. 1:3). Элч Паул ч энэхүү найдварын ачаар хүчирхэгжсэн. «Зовж», «сандарч тэвдэн», «хавчигдаж», «цохиулж» явсан тэрбээр үхлийн аюулд ч өртөж байжээ (2 Кор. 4:8–10). Паул найдвараа анхаарч тэвчих хүчтэй болсон (2 Кор. 4:16–18). Тэрбээр тэнгэрт мөнх амьдрах найдвараа анхаардаг байв. Найдварын тухай тунгаан боддог байснаараа Паул өөрийгөө «өдрөөс өдөрт шинэчлэгдэж байгааг» мэдэрчээ. хц23.10 х. 15–16 д/м 14–17
8 сарын 19, мягмар
ЭЗЭН Өөрийн хүмүүст хүчийг хайрлах болно. ЭЗЭН Өөрийн хүмүүсийг амар амгалангаар ерөөнө (Дуу. 29:11).
Та «Еховагийн хариу өгөх цаг мөн үү?» гэж өөрөөсөө асуугаарай. Залбирлынхаа хариуг яг одоо л авмаар байна гэж бидэнд санагдаж магадгүй. Гэхдээ Ехова хамгийн тохиромжтой цагийг мэддэг (1 Петр 5:6, 7). Бид залбирлынхаа хариуг тэр даруй авахгүй бол Ехова «Үгүй» гэж байна хэмээн бодож магадгүй. Харин үнэндээ «Одоо биш» гэж хэлж байж болох юм. Жишээ нь нэг гэрч залуу өвчнөө эдгээж өгөхийг гуйсан. Гэхдээ эдгээгүй. Хэрэв Ехова гайхамшгаар эдгээчихвэл эдгэрсэн учраас л Еховад үйлчилж байгаа гэж Сатан түүнийг гүтгэнэ (Иов 1:9–11; 2:4). Бас Ехова бүх өвчнийг эдгээх цагаа аль хэдийн товлосон (Ис. 33:24; Илч. 21:3, 4). Тэр цаг болтол гайхамшгаар өвчнөөс ангижирна гэж бид боддоггүй. Тиймээс Гэрч залуу Еховагаас өвчнөө тэвчих хүч, сэтгэлийн амар тайван өгөхийг болон өөрт нь үнэнч үйлчилсээр байхад туслахыг гуйж болох юм. хц23.11 х. 24 д/м 13
8 сарын 20, лхагва
Тэр бидний үйлдсэн нүглийн дагуу бидэнд хандаагүй, Бидний гэм буруугийн дагуу бидэнд хариу өгөөгүй (Дуу. 103:10).
Самсон ноцтой алдаа гаргасан ч бууж өгөөгүй. Тэрбээр филистчүүдтэй тэмцэх Еховагийн өгсөн даалгаврыг гүйцэтгэх боломж хайж байв (Шүү. 16:28–30). Самсон: «Филистчүүдээс өшөөгөө авъя» хэмээн Еховагаас гуйсан. Жинхэнэ Бурхан гуйлтыг нь сонсож гайхалтай хүч чадлыг нь сэргээдэг. Үүний дүнд Самсон урьдынхаасаа илүү олон филист хүнийг хөнөөжээ. Хэдийгээр Самсон алдаа гаргаж горыг нь амссан ч Еховагийн хүслийг биелүүлсээр байсан. Бид ч алдаанаасаа болж зэмлүүлэх юм уу завшаанаа алдвал бууж өгөхгүй байх ёстой. Ехова биднийг уучлахыг хүсдэгийг санаарай (Дуу. 103:8, 9). Бид алдаа гаргаж магадгүй. Гэхдээ Ехова Самсонд хүч өгсөн шигээ бидэнд ч хүслийг нь биелүүлэх хүч өгнө. хц23.09 х. 6 д/м 15–16
8 сарын 21, пүрэв
Тэсвэр хатуужилтай болбол Бурхны таалалд нийцдэг. Бурхны таалалд нийцдэг хүн найдвар өвөрлөдөг (Ром 5:4).
Тэсвэр хатуужилтай байвал Бурхны таалалд нийцдэг. Энэ нь, зовж байгааг тань Ехова таалдаг гэсэн үг биш. Харин тэвчээртэй, үнэнч байгаа таныг хараад баярладаг гэсэн үг. Тэвчсэнээрээ Еховаг баярлуулна гэж бодохоор сайхан биш гэж үү? (Дуу. 5:12). Абрахам олон сорилт, бэрхшээлийг тэвчсэнээрээ Бурхны таалалд нийцсэнийг санаарай. Ехова түүнийг анд найзаа гэж үзсэн, шударга сайнд тооцсон (Эх. 15:6; Ром 4:13, 22). Биднийг ч ялгаагүй. Ехова хэр их ажил хийдэг эсвэл хэр чухал үүрэг гүйцэтгэдгийг бус, үнэнчээр тэвчдэгийг маань анхаарч сайшаадаг. Нас сүүдэр, нөхцөл байдал, авьяас чадвараасаа үл хамааран бид бүгд тэвчээртэй байж чадна. Та яг одоо сорилт, бэрхшээлийг үнэнчээр тэвчиж байна уу? Хэрвээ тийм бол Еховаг баярлуулж байгаа гэдгээ бодоод сэтгэл тайван байгаарай. Бурхны таалалд нийцэж байгаа гэдгийг ойлговол найдвар маань улам бат болно. хц23.12 х. 11 д/м 13–14
8 сарын 22, баасан
Эр хүн гэдгээ харуул (Х.дээд 2:2).
Христийн дагалдагч эрэгтэй бусадтай сайн харьцахыг сурах ёстой. Харьцаа сайтай хүн бусдыг сайн сонсож, бас үзэл бодол, сэтгэл мэдрэмжийг нь ойлгодог (Сур. 20:5). Хүний дууны өнгө, нүүрний хувирал, дохио зангааг мэдэрдэг. Та нар хүмүүстэй уулзаж, харьцдаггүй бол эдгээрийг сурч чадахгүй. Хэрвээ э-мэйл, мессеж бичих зэргээр дандаа ухаалаг төхөөрөмж ашигладаг бол харьцах чадвар сайжрахгүй. Тиймээс хүмүүстэй биечлэн уулзаж, харьцаж байгаарай (2 Ёох. 12). Төлөвшсөн эрчүүд бас өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ хэрэгцээг хангаж чаддаг байх ёстой (1 Тим. 5:8). Ямар нэгэн ажлын ур чадвартай болох нь ажилд ороход тустай (Үйлс 18:2, 3; 20:34; Эф. 4:28). Хөдөлмөрч байж, эхэлсэн ажлаа дуусгадаг бол хүмүүс анзаарч та нарыг өндөр үнэлнэ. Ийм хүн ажилд ороод зогсохгүй ажлаа ч алдахгүй. хц23.12 х. 27 д/м 12–13
8 сарын 23, бямба
Еховагийн өдөр ирэх нь хулгайч шөнө ирдэгтэй адил (1 Тес. 5:2).
Библид «Еховагийн өдөр» гэдгээр Ехова дайснуудаа устгаж, ард түмнээ аврах цаг үеийг хэлдэг. Эрт цагт Ехова зарим үндэстнийг шийтгэж байсан (Ис. 13:1, 6; Езе. 13:5; Зеф. 1:8). Өнөө үед улс төрийн удирдагчид Агуу Вавилон руу дайрахад «Еховагийн өдөр» эхлэх бөгөөд эцэст нь Хармагедон гэдэг дайн болно. Тэр «өдрийг» эсэн мэнд давахын тулд одооноос бэлтгэх хэрэгтэй. Есүсийн зааснаар бид «агуу их гамшгийг» эсэн мэнд давахын тулд бэлдээд зогсохгүй бүр «бэлэн байх» учиртай (Мат. 24:21; Лук 12:40). Паул агуу хүчээр удирдуулан тесалоникчуудад бичсэн эхний захидалдаа Христийн дагалдагчдыг Еховагийн шүүх агуу өдрийг эсэн мэнд давах бэлтгэлтэй байхад тустай хэд хэдэн жишээ татсан. Паул яг тухайн үед Еховагийн өдөр ирэхгүй гэдгийг мэдэж байсан (2 Тес. 2:1–3). Гэсэн ч тэр өдөр маргааш болох гэж байгаа мэт бэлэн байхыг ах дүүстээ уриалсан бөгөөд бид ч үүнийг нь дагах учиртай. хц23.06 х. 8 д/м 1–2
8 сарын 24, ням
Хайрт ах дүү нар минь, ... гуйвж дайвахгүй, тууштай байцгаа (1 Кор. 15:58).
Японы Токио хотод 1970-аад оны сүүлээр тэнгэрт тулам өндөр, 60 давхар байшин баригдаж байв. Үүнийг харсан хүмүүс газар хөдлөлт болоход байшин тэсэж үлдэх болов уу гэж бодсон. Тэсвэрлэж чадахуйц баригдсаных нь нууц юу вэ? Инженерүүд барилгыг бат бөх бөгөөд газар хөдлөлтөөс үүссэн долгионыг өөртөө шингээхүйц уян хатан чанартайгаар барьжээ. Христийн дагалдагчид энэ өндөр байшинтай адилхан. Юугаараа адил вэ? Христийн дагалдагч хүн тууштай бөгөөд уян хатан байх хэрэгтэй. Ийм хүн Еховагийн хууль болон хэм хэмжээг гуйвж дайвахгүй, чанд баримталдаг. Мөн «дуулгавартай», үнэнч байдаг. Нөгөөтээгүүр, тийм хүн нөхцөл байдлыг харгалзан үзээд уян хатан байдаг буюу «зөрж гөждөггүй» (Яак. 3:17). Христийн дагалдагч хүн ийнхүү дүн нуруутай байдаг бол хэт хатуу юм уу хайхрамжгүй байхаас болгоомжилно. хц23.07 х. 14 д/м 1–2
8 сарын 25, даваа
Та нар түүнийг хэзээ ч хараагүй боловч хайрладаг (1 Петр 1:8).
Есүс Сатан Диаволын сорилтыг, тэр дундаа Бурханд үнэнч бус болгох гэсэн шууд дайралтыг нь эсэргүүцэх ёстой байлаа (Мат. 4:1–11). Золиос төлж чадахгүй болгохын тулд Сатан Есүсээр нүгэл үйлдүүлэхээр эрс шийдсэн байв. Дэлхий дээр үйлчилж байхад нь Есүст өөр олон сорилт тулгарчээ (Лук 4:28, 29; 13:31). Дайснууд нь түүнийг хавчиж, алахыг завдсан (Марк 9:33, 34). Бас шавь нарынхаа алдаа дутагдлыг тэвчих шаардлагатай байв. Үхэх ял оноох шүүх хурал дээр түүнийг тамлан зовоож, дооглон доромжилсон. Дараа нь шон дээр тарчлан зовоож, гэмт хэрэгтэн мэт гутамшигтайгаар цаазалсан (Евр. 12:1–3). Амиа тавих эцсийн мөчид тэрбээр Еховагийн хамгаалалтгүй ганцаараа тэвчих хэрэгтэй болсон (Мат. 27:46). Есүс амиа золихын тулд туйлын их зовсон нь тодорхой. Бидний төлөө амиа дуртайяа өгснийг нь эргэцүүлэн бодохлоор түүнийг улам их хайрлахгүй гэж үү? хц24.01 х. 10–11 д/м 7–9
8 сарын 26, мягмар
Адгуу хүн үнэхээр ядууралд хүрнэ (Сур. 21:5).
Бусадтай сайн харилцаатай байхад тэвчээр хэрэгтэй. Тэвчээртэй хүн бусдын яриаг анхааралтай сонсож чаддаг (Яак. 1:19). Бас хүмүүстэй эвтэй байдаг. Тэвчээртэй байвал бухимдсан үедээ түргэдэж, бодлогогүй үг хэлэхгүй. Түүнчлэн гомдсон ч амархан уурлахгүй. Өшөө авахын оронд «хүлээцтэй хандаж, бие биеэ дуртайяа уучилдаг» (Кол. 3:12, 13). Тэвчээртэй байх нь илүү зөв шийдвэр гаргахад бас тустай. Тэвчээртэй хүн яарахын оронд зөв сонголт хийхийн тулд судлах цаг гаргадаг. Жишээлбэл бид ажил хайж байхдаа эхлээд олдсоныг нь хийе гэж магадгүй. Харин тэвчээртэй бол гэр бүлд болон Еховатай тогтоосон харилцаанд яаж нөлөөлөх талаар бодох цаг гаргана. Ийм хүн буруу шийдвэр гаргахаас зайлсхийж чадна. хц23.08 х. 22 д/м 8–9
8 сарын 27, лхагва
Миний биед өөр хууль байдаг. Нүглийн энэ хууль оюун ухаанд минь байдаг Бурхны хуультай дайтаж, намайг хоригдлоо болгодог (Ром 7:23).
Хэрэв та нүгэлт хандлагаасаа болоод сэтгэлээр унадаг ч Еховад өөрийгөө зориулахдаа юу гэж амласнаа эргэцүүлэн бодвол хорхой хүргэм зүйлийг тэвчих шийдвэр тань батажна. Яаж? Еховад өөрийгөө зориулсан хүн өөрийнхөө төлөө амьдрахаа болино. Өөрөөр хэлбэл Еховад таалагдахгүй хүсэл, зорилгоо хойш тавина (Мат. 16:24). Тиймээс сорилт тулгарвал яах вэ гэж бодож цагаа үрэхгүй. Учир нь та шийдвэрээ аль хэдийн гаргасан. Еховад л үнэнч байна гэдгээ амласан. Түүнд таалагдах юмыг л хийнэ гэсэн шийдвэрээсээ няцахгүй. Яг Иов шиг. Туйлын хүнд сорилт учирсан ч тэрбээр: «Би өөрийн үнэнч байдлаа өөрөөсөө холдуулахгүй» гэсэн (Иов 27:5). хц24.03 х. 9 д/м 6–7
8 сарын 28, пүрэв
ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд, Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр байдаг (Дуу. 145:18).
«Хайр[ын] ... Бурхан» Ехова бидэнтэй хамт байдаг! (2 Кор. 13:11). Тэрбээр хүн нэг бүрийг анхаардаг. «Хайр энэрлээрээ [биднийг] хүрээлдэг» гэдэгт бид итгэдэг (Дуу. 32:10). Хэрхэн хайрладгийг маань эргэцүүлэн бодох тусам Ехова улам ойр санагдаж, түүнтэй дотносно. Тэгээд чөлөөтэй залбирч, хайр нь ямар чухал болохыг түүнд хэлдэг. Бас биднийг ойлгодог, туслахыг хүсдэг гэдгийг нь мэддэг учраас санаа зовоосон бүх зүйлээ хэлдэг (Дуу. 145:19). Хүйтэн өдөр галын дулаан илчинд татагддаг шиг бид Еховагийн халуун сэтгэлийн хайранд татагддаг. Хайр нь маш их хүчтэй ч уян зөөлөн. Тиймээс Еховагаар хайрлуулж аз жаргалаар бялхаарай. Хүн нэг бүр хайрынх нь хариуд «Би [Еховад] хайртай» хэмээн баяртайгаар дуу алдах болтугай! (Дуу. 116:1). хц24.01 х. 31 д/м 19–20
8 сарын 29, баасан
Таны нэрийг ... мэдүүлсэн (Ёох. 17:26).
Есүс Бурхны нэр бол Ехова гэдгийг мэдүүлээд л болчихоогүй. Иудейчүүд Бурхны нэрийг угаасаа мэддэг байсан. Харин Есүс Эцгээ хэнээс ч илүү «таниулсан» (Ёох. 1:17, 18). Жишээлбэл Еврей Сударт Еховаг өршөөнгүй, өрөвч гэж байдаг (Ег. 34:5–7). Есүс энэхүү үнэнийг самуун хүү болон эцгийнх нь тухай сургаалт зүйрлэлээр урьд өмнөхөөс илүү тодорхой болгож өгсөн. Эцэг нь гэмшсэн хүүгээ ирж явааг «холоос хараад» гүйн очиж тэврэн, чин сэтгэлээсээ уучилсныг уншихлаар Ехова хэчнээн их өршөөнгүй, өрөвч гэдгийг маш сайн ойлгодог (Лук 15:11–32). Еховаг чухам ямар Бурхан гэдгийг танихад нь Есүс хүмүүст ийнхүү тусалсан. хц24.02 х. 10 д/м 8–9
8 сарын 30, бямба
Бурхан биднийг тайвшруулсан шиг ... хүмүүсийг тайвшруул[аарай] (2 Кор. 1:4).
Ехова зовж буй хүнийг тайвшруулж, сэргээдэг. Бид Еховаг хэрхэн дуурайх вэ? Нэг арга нь бусдыг өрөвдөж, тайвшруулахад тустай зан чанарыг хөгжүүлэх юм. Энэ нь ямар зан чанар вэ? Бид үргэлж бие биеэ хайрлаж, «тайвшруулж байхын» тулд яах вэ? (1 Тес. 4:18). Бие биеэ гэсэн сэтгэл, ах дүү шигээ хайрлах хайр, сайхан сэтгэлийг хөгжүүлэх хэрэгтэй (Кол. 3:12; 1 Петр 3:8). Эдгээр нь яагаад тустай вэ? Ах дүүгээ өрөвдөж, тэднийгээ гэсэн сэтгэлтэй болбол зовж буй нэгнийгээ тайвшруулах хүсэл өөрийн эрхгүй төрнө. Есүс: «Зүрх сэтгэл нь юугаар дүүрнэ, түүнийгээ ярьдаг. Сайн хүний зүрх сэтгэл сайн юмаар дүүрэн байдаг» гэжээ (Мат. 12:34, 35). Шаардлагатай үед нь ах дүүгээ тайвшруулах нь хайрладгаа илэрхийлэх чухал аргуудын нэг яах аргагүй мөн. хц23.11 х. 10 д/м 10–11
8 сарын 31, ням
Хэрсүү ухаантнууд ойлгоно (Дан. 12:10).
Библийн зөгнөлийг ойлгоё гэвэл тусламж авах хэрэгтэй. Дараах жишээг бодъё. Та таньж мэдэхгүй газраар найзтайгаа аялж байна. Гэхдээ найз тань тэр газрыг болон аль замаар явж хаа хүрэхээ сайн мэддэг. Тиймээс хамт явахыг зөвшөөрсөнд та найздаа баярлах байх! Үүн шиг Ехова ямар цаг үед амьдарч байгааг маань, бас цаашид бидэнд юу тохиолдохыг мэддэг. Тиймээс Библийн зөгнөлийг ойлгохын тулд даруу байж Еховагаас тусламж авах хэрэгтэй (Дан. 2:28; 2 Петр 1:19, 20). Еховаг үр хүүхдэдээ сайн сайхныг хүсдэг эцэг эхтэй адилтгаж болно (Иер. 29:11). Гэхдээ хүмүүн эцэг эхээс ялгаатай нь Ехова ирээдүй ямар болохыг яг таг хэлж чаддаг. Тэрбээр ирээдүйд болох чухал үйл явдлуудыг бидэнд мэдүүлэхийн тулд Үгэндээ зөгнөлүүдийг бичүүлсэн (Ис. 46:10). хц23.08 х. 8 д/м 3–4