11 дүгээр сар
11 сарын 1, бямба
Та хүүхдүүд ба нялхсаар магтуулна (Мат. 21:16).
Эцэг эхчүүд хүүхдийнхээ насанд тохируулаад хариулт бэлдэхэд нь туслаарай. Заримдаа бид гэр бүлд тохиолддог бэрхшээл юм уу ёс суртахууны сэдвээр хэлэлцүүлэг явуулдаг. Ийм үед ч хүүхэд нэг юм уу хоёр догол мөрийн асуултад хариулт бэлдэх боломжтой. Мөн гараа өргөх бүрд нь яагаад нэрийг нь дуудахгүй байж болохыг хүүхдэдээ ойлгуулаарай. Тэгвэл өөрт нь хариулах боломж олгоогүй үед сэтгэлээр унахгүй (1 Тим. 6:18). Бид бүгд Еховаг магтан алдаршуулах, итгэл нэгтнүүдээ урамшуулан зоригжуулах хариулт бэлдэх учиртай (Сур. 25:11). Заримдаа өөрт тохиолдсон явдлаа ярьдаг ч өөр лүүгээ хэтэрхий их анхаарал хандуулахаас зайлсхийх ёстой (Сур. 27:2; 2 Кор. 10:18). Харин Ехова, түүний Үг, ард түмнийх нь тухай үргэлж ярихыг хичээх учиртай (Илч. 4:11). хц23.04 х. 24–25 д/м 17–18
11 сарын 2, ням
Бусадтай адил унталгүй, харин сэргэг, ухаалаг байцгаая (1 Тес. 5:6).
Сэргэг, ухаалаг байхад хайр чухал үүрэгтэй (Мат. 22:37–39). Бурхныг хайрладаг хүн ямар ч бэрхшээлийг үл тоон дэлгэрүүлсээр байдаг (2 Тим. 1:7, 8). Бид Бурханд үйлчилдэггүй хүнийг ч хайрладаг учраас утсаар ярих, захиа бичих зэрэг бүхий л аргаар байнга дэлгэрүүлдэг. Хэсгийн маань хүмүүс хэзээ нэгэн цагт өөрчлөгдөж зөвийг үйлддэг болно гэдэгт бид найддаг (Езе. 18:27, 28). Бид ах дүүсээ ч хайрладаг. Тийм ч учраас «бие биеийнхээ урам зоригийг бадрааж» Бурхантай дотносоход нь тусалдаг (1 Тес. 5:11). Цэргүүд мөр зэрэгцэн тулалддаг шиг бид бие биеэ зоригжуулдаг. Бид ах дүүсээ санаатайгаар гомдоодоггүй, мууг муугаар хариулдаггүй (1 Тес. 5:13, 15). Хурлынхаа удирдах үүрэг гүйцэтгэдэг ах дүүсээ хүндэтгэж хайраа илэрхийлдэг (1 Тес. 5:12). хц23.06 х. 10 д/м 6; х. 11 д/м 10–11
11 сарын 3, даваа
[Ехова] хэлснээ хийхгүй гэж үү? (Тоол. 23:19, ШЕ).
Итгэлээ батжуулах нэг арга нь золиосны тухай эргэцүүлэх явдал юм. Золиос нь Бурхны амлалт биелэхийн баталгаа. Яагаад золиос хэрэгтэй болсныг болон Бурхан юуг золиосолсныг сайтар бодвол шинэ ертөнцөд үүрд мөнх амьдруулна гэсэн Бурхны амлалт биелнэ гэдэгт улам бат итгэнэ. Яагаад ингэж хэлж болох вэ? Ехова хэнийг золиосолсныг бодоорой. Есүс бол Бурхны хайртай ууган Хүү бөгөөд хамгийн дотнын найз нь юм. Ехова түүнийг тэнгэрээс дэлхий рүү илгээхэд тэрбээр төгс хүн болж төрсөн. Дэлхий дээр байхдаа Есүс олон янзын зовлон үзсэн. Эцэст нь туйлын муугаар зовж үхсэн. Ехова хэчнээн өндөр үнэ төлөө вэ! Хайр халамжтай Бурхан маань биднийг илүү сайхан боловч богинохон хугацаагаар амьдруулахын тулд хүүгээ тарчилж үхэхийг зөвшөөрнө гэж үү? (Ёох. 3:16; 1 Петр 1:18, 19). Ийм өндөр үнэ төлсөн Ехова биднийг шинэ ертөнцөд заавал үүрд мөнх амьдруулна. хц23.04 х. 27 д/м 8–9
11 сарын 4, мягмар
Үхэл ээ, чиний өргөсүүд хаана байна вэ? (Хос. 13:14).
Ехова нас барагсдыг амилуулах чин хүсэлтэй юу? Мэдээж! Нас барагсдыг ирээдүйд амилуулна гэсэн амлалтаа агуу хүчээр нь удирдуулсан олон бичигчээр Библидээ бичүүлсэн (Ис. 26:19; Илч. 20:11–13). Түүнчлэн тэрбээр амласан л бол заавал биелүүлдэг (Иош. 23:14). Үнэхээр ч нас барагсдыг амилуулах чин хүсэлтэй. Иов юу гэж хэлснийг бодоорой. Өөрийг нь үхвэл Ехова дахиад амьдруулахыг хүсэн тэмүүлдэгт итгэдэг байв (Иов 14:14, 15). Мөн нас барсан бүх үйлчлэгчдээ ч амилуулахыг тэмүүлдэг. Тэднийг амилуулаад зогсохгүй цоо эрүүл, аз жаргалтай амьдраасай гэж үнэн голоосоо хүсдэг. Харин Еховагийн тухай үнэнийг мэдэх боломжгүйгээр нас барсан олон тэрбум хүмүүсийг яах вэ? Хайр халамжтай Бурхан маань тэднийг ч бас амилуулах чин хүсэлтэй (Үйлс 24:15). Дэлхий дээрээ мөнх амьдрах боломжийг өөрийнх нь найз болох тэдэндээ олгоно (Ёох. 3:16). хц23.04 х. 9 д/м 5–6
11 сарын 5, лхагва
Бурханаар дамжуулан бид зоригтой бай[на] (Дуу. 108:13).
Найдвараа хэрхэн батжуулах вэ? Та дэлхий дээр мөнх амьдрах найдвартай бол Библиэс диваажингийн тухай бичсэн зүйлүүдийг уншаад эргэцүүлэн бодоорой (Ис. 25:8; 32:16–18). Шинэ ертөнцөд амьдрал ямар байхыг тунгаан бодоорой. Өөрийгөө тэнд байна гээд төсөөл дөө. Шинэ ертөнц дэх найдвараа тод санаж явдаг бол бидэнд тулгарч буй асуудлууд «түр зуурынх бөгөөд ялихгүй» санагдана (2 Кор. 4:17). Еховагийн өгсөн найдварын ачаар та хүчтэй болно. Хүчтэй, зоригтой байхад хэрэгтэй бүхнээр Ехова хангаж өгсөн. Тиймээс та даалгавар биелүүлж, сорилтыг тэвчиж, баяр хөөрөө алдахгүйн тулд Еховад чин сэтгэлээсээ залбирч, бие дааж судлаад удирдлага зааврыг нь хайгаарай. Итгэл нэгт ах дүүсээсээ урам зориг аваарай. Найдвараа тод санаж яваарай. Тэгвэл та «Бурхны цог жавхлант хүчний ачаар хүчирхэгжиж, бүхнийг баяр хөөртэйгөөр тэвчиж тэсвэрлэнэ» (Кол. 1:11). хц23.10 х. 17 д/м 19–20
11 сарын 6, пүрэв
Бурхандаа талархаж бай (1 Тес. 5:18).
Еховад талархах шалтгаан маш олон бий. Сайн бэлэг бүрийг Ехова өгдөг тул сайн сайхан бүхнийхээ төлөө бид талархах учиртай (Яак. 1:17). Жишээлбэл гоо үзэсгэлэнтэй дэлхий, мөн түүн дээрх гайхалтай бүтээлүүдийн төлөө талархаж болно шүү дээ. Бас амь, гэр бүл, найз нөхдийг өгч, найдвар бэлэглэсэнд нь талархах учиртай. Түүнчлэн өөртэй нь найзлах завшаан хайрласанд талархаж болохгүй нь юу билээ? Еховад талархах ямар шалтгаан надад байгаа вэ гэдгийг мэдэхийн тулд онцгой хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Учир нь өнөөдөр олон хүн ийм сэтгэлгүй, гол төлөв хүссэн юмаа олж авахыг бодохоос бус байгаа юмандаа сэтгэл ханахыг мэддэггүй. Хэрвээ бид ийм хандлагад автвал залбирал маань хүсэлт гуйлтын жагсаалт болж хувирна. Ийм болохоос сэрэмжлэхийн тулд бидний төлөө хийсэн бүхэнд нь үргэлж талархах хэрэгтэй (Лук 6:45). хц23.05 х. 4 д/м 8–9
11 сарын 7, баасан
Огт эргэлзэхгүй, итгэлтэй гуйж бай (Яак. 1:6).
Ехова хайр халамжтай Эцгийнхээ хувьд биднийг зовоосой гэж хүсдэггүй (Ис. 63:9). Гэхдээ ус, галтай зүйрлэм бэрхшээл болгоноос биднийг хамгаалахгүй (Ис. 43:2). Харин ус «гатлах» буюу бэрхшээлийг тэвчихэд туслахаа амласан. Тэгээд ч сорилт бэрхшээлээс болоод үүрд хохирохыг Ехова зөвшөөрөхгүй. Бас агуу хүчээ өгч тэвчихэд маань тусалдаг (Лук 11:13; Флп. 4:13). Тиймээс Еховагийн тусламжтайгаар бид үнэнч, тэвчээртэй байж чадна. Ехова өөрт нь найдаасай гэж хүсдэг (Евр. 11:6). Зарим сорилт дааж давшгүй мэт санагдаж болох юм. Бүр Ехова тусална гэдэгт ч эргэлзэж эхэлдэг. Гэхдээ Бурхны хүчээр бид «хана давж» чадна гэж Библид батлан хэлжээ (Дуу. 18:29). Тиймээс эргэлзэхийн оронд Ехова залбиралд маань хариулна гэж найдан итгэл төгс залбирах учиртай (Яак. 1:6, 7). хц23.11 х. 22 д/м 8–9
11 сарын 8, бямба
[Хайрын] гялбаа нь галын гялбаа агаад [«Яагийн», ШЕ] дөл билээ. Их ус хайрыг унтрааж үл чадна. Гол ч түүнийг хальж үл чадна (Сол. 8:6, 7).
Жинхэнэ хайрыг яасан сайхнаар дүрслээ вэ! Энэ үг гэрлэсэн хосуудад урам зориг хайрладаг. Та хоёр чин үнэнчээр нэг нэгнээ үргэлж хайрлаж чадна. Гэрлэсэн хүмүүс насан туршдаа бие биеэ үнэнчээр хайрлах эсэх нь өөрсдөөс нь шалтгаална. Жишээ нь мод нэмээд л байвал гал дүрэлзэн ассаар байна. Тэгэхгүй бол унтарна. Үүнтэй адилаар эхнэр нөхөр хоёр бие биеэ үргэлж хайрлахын тулд харьцаагаа сайжруулсаар байх хэрэгтэй. Гэхдээ заримдаа мөнгө төгрөгөөр гачигддаг, эрүүл мэнд мууддаг, хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд бэрхшээл тохиолддог. Ялангуяа эдгээр тохиолдолд нэг нэгнээ гэсэн хайр хөрж болох юм. Тийм ээ, «Яагийн дөлийг» унтраахгүйн тулд эхнэр нөхөр хоёрын хэн хэн нь Еховатай тогтоосон харьцаагаа сайжруулахыг хичээх ёстой. хц23.05 х. 20–21 д/м 1–3
11 сарын 9, ням
Бүү ай (Дан. 10:19).
Зоригтой болохын тулд юу хийх хэрэгтэй вэ? Эцэг эх маань зоригтой байхыг уриалдаг ч эр зоригийг өвлүүлэх боломжгүй. Зоригтой болох нь шинэ арга эзэмшихтэй адил. Шинэ аргыг эзэмшихийн тулд багшийнхаа юуг яаж хийхийг сайтар ажиглаад яг таг дуурайх хэрэгтэй. Үүнтэй адилаар бид зоригтой хүмүүсийг сайтар ажиглаад дуурайвал тэдэн шиг болно. Даниел шиг бас Бурхны Үгийг сайн мэддэг болох учиртай. Мөн Еховад санаа бодлоо ний нуугүй хэлэн байнга залбирч түүнтэй дотносох хэрэгтэй. Түүнээс гадна Ехова биднийг дэмждэгт итгэх ёстой. Ингэдэг бол итгэл маань соригдоход зоригтой байж чадна. Зоригтой хүнийг бусад нь хүндэлдэг. Бас зөв хандлагатай хүмүүс Еховаг таньж мэдэх хүсэлтэй болдог. Тиймээс бид зоригтой болохын тулд хичээх хэрэгтэй байх нь ээ. хц23.08 х. 2 д/м 2; х. 4 д/м 8–9
11 сарын 10, даваа
Аливаа юмны зөв эсэхийг магадал (1 Тес. 5:21).
«Магадлах» гэж орчуулсан грек үгийг алт, мөнгө зэрэг металлыг шалгахдаа хэрэглэдэг байжээ. Тиймээс бид уншсан сонссон зүйлээ үнэн зөв эсэхийг нь тодорхойлохын тулд шалгадаг байх хэрэгтэй. Ингэх нь бидний хувьд агуу их гамшиг ойртох тусам бүр ч их чухал болно. Тиймээс хүмүүсийн ярьсан болгонд итгэлгүй, уншсан сонссон зүйлээ Библи болон Еховагийн байгууллага юу гэж хэлдэгтэй харьцуулан сайтар бодох хэрэгтэй. Ингэвэл бид чөтгөрүүдийн ямар ч ухуулгад автахгүй (Сур. 14:15; 1 Тим. 4:1). Бурхны үйлчлэгчид агуу их гамшгийг эсэн мэнд давах ч, бидний хүн нэг бүр маргааш амьд байх эсэхээ үнэндээ мэдэхгүй (Яак. 4:14). Гэхдээ агуу их гамшгийг эсэн мэнд давах ч бай, наана нь үхэх ч бай үнэнч байвал мөнхийн амиар шагнуулна. Ийм гайхалтай найдвараа анхааран Еховагийн өдөр болоход бэлэн байцгаая! хц23.06 х. 13 д/м 15–16
11 сарын 11, мягмар
[Тэр] зарц нар[таа] ... Өөрийн нууцыг илчил[дэг] (Ам. 3:7).
Библийн зарим зөгнөл хэрхэн биелэхийг бид мэдэхгүй (Дан. 12:8, 9). Гэхдээ хэрхэн биелэхийг ойлгохгүй байгаа нь зөгнөл биелэхгүйн баталгаа болохгүй. Ехова урьдын адилаар цаг нь болохоор мэдэх ёстой зүйлийг илчилнэ гэдэгт бид эргэлздэггүй. «Амар тайван, аюулгүй байна!» гэсэн тунхаглал гарна (1 Тес. 5:3). Дараа нь дэлхийн улс төрийн хүчнүүд хуурамч шашин руу довтолж, устгана (Илч. 17:16, 17). Тэгээд Бурхны ард түмэн рүү дайрна (Езе. 38:18, 19). Эдгээр үйл явдлаас болж Хармагедон гэх эцсийн дайн болно (Илч. 16:14, 16). Энэ бүх үйл явдал удахгүй болно гэдэгт бид эргэлздэггүй. Тэр болтол бид өөрсдөө Библийн зөгнөлийг анхаарахын зэрэгцээ өрөөл бусдад ч анхаарахад нь туслан хайр халамжтай тэнгэрийн Эцэгтээ талархдагаа харуулсаар байя. хц23.08 х. 13 д/м 19–20
11 сарын 12, лхагва
Бие биеэ хайрлаж явцгаая. Яагаад гэвэл хайр нь Бурхнаас эхтэй (1 Ёох. 4:7).
Элч Паул итгэл, найдвар, хайрын тухай ярихдаа «эдгээрээс хамгийн агуу нь хайр» гэж дүгнэсэн (1 Кор. 13:13). Яагаад? Шинэ ертөнцөд Бурхны бүх амлалт биелэх цагт амлалтад нь итгэж, найдах шаардлагагүй болно. Гэхдээ Еховаг, хүмүүсийг үргэлж хайрлах учиртай. Бид хайраа мөнхөд лавшруулсаар байх болно. Түүнчлэн, хайр бол Христийн жинхэнэ дагалдагчдыг таних гол шинж юм. Есүс элч нартаа «Та нар бие биеэ хайрладаг бол үүгээр тань бүх хүн та нарыг миний шавь гэж мэднэ» гэж хэлжээ (Ёох. 13:35). Бас хайрын ачаар эв нэгдэлтэй байдаг. Паул хайрыг «эв нэгдлийн төгс холбоос» гэсэн (Кол. 3:14). Элч Ёохан итгэл нэгтнүүддээ «Бурхныг хайрладаг хүн ах дүүгээ ч хайрлах ёстой» гэж бичжээ (1 Ёох. 4:21). Бид нэг нэгнээ хайрладаг бол Бурхнаа хайрладгаа батална. хц23.11 х. 8 д/м 1, 3
11 сарын 13, пүрэв
Аливаа дарамтыг авч хаяа[рай] (Евр. 12:1).
Библид Христийн дагалдагчийн амьдралыг уралдаантай зүйрлэсэн. Барианд орсон хүмүүс мөнхийн амиар шагнуулна (2 Тим. 4:7, 8). Бариа улам бүр ойртож байгаа учраас тасралтгүй гүйсээр байхын тулд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Элч Паул барианд орохын тулд яах ёстойг бидэнд хэлж өгсөн. Тэрбээр: «Аливаа дарамтыг авч хаяад өмнөх уралдаандаа тэвчээртэй гүйцгээе» гэж уриалсан. Энэ нь Христийн дагалдагч хүн ямар ч ачаа үүрэх ёсгүй гэсэн үг үү? Үгүй. Харин хэрэггүй ямар ч ачааг хаях ёстой гэсэн утгаар хэлсэн. Ийм ачаа биднийг сатааруулж, хүч тэнхээг маань бардаг. Тэвчээртэй гүйхийн тулд хэрэггүй ачаанд юу ордгийг аль болох хурдан мэдэж аваад хаях нь зүйтэй. Ингэхдээ заавал үүрэх ёстой ачааг хаяхгүй байх ёстой. Эс тэгвээс бид уралдааны замаар гүйж чадахгүй (2 Тим. 2:5). хц23.08 х. 26 д/м 1–2
11 сарын 14, баасан
Та нар ... зөвхөн гадна талаа гоёх биш (1 Петр 3:3).
Уян хатан хүн бусдын үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг. Жишээлбэл зарим Гэрч эмэгтэй нүүрээ буддаг байхад зарим нь үгүй. Зарим Гэрч согтууруулах ундааг тохируулан хэрэглэдэг байхад зарим нь огт уухгүй гэж шийддэг. Христийн дагалдагчид бүгдээрээ эрүүл байхыг хүсдэг ч өөр өөр аргаар эрүүл мэнддээ санаа тавьдаг. Хэрэв бид өөрсдийнхөө шийдвэрийг зөв гээд бусдад тулгавал тэднийг бүдрүүлж, хагаралдуулж болзошгүй (1 Кор. 8:9; 10:23, 24). Жишээ нь, Ехова бидэнд ямар хувцас хунар өмсөхийг нэг бүрчлэн тоочихын оронд зарчмууд өгсөн. Бид уян хатан, даруу, «ухаалаг байн» Бурхны үйлчлэгчид тохирсон, зохимжтой хувцас өмсөх ёстой (1 Тим. 2:9, 10). Тиймээс бусдын анхаарлыг хэтэрхий их татсан хувцас өмсдөггүй. Ахлагчид ч Библийн зарчмыг бодоод хувцаслалт болон үс засалтын тухай дүрэм журам тогтоодоггүй. хц23.07 х. 23–24 д/м 13–14
11 сарын 15, бямба
Намайг анхааралтай сонсож, сайныг нь ид, элбэг хангалуунд өөрийгөө жаргаа (Ис. 55:2).
Ехова яавал жаргалтай амьдрахыг зааж өгсөн. Дуулиантай «мунхаг эмэгтэйн» урилгыг авч гэрт нь очсон хүмүүс нууцаар таашаал эдэлдэг. Тэгээд эцэстээ «Үхэгсдийн орны гүнд» байх болно (Сур. 9:13, 17, 18). Харин жинхэнэ «мэргэн ухааны» урилга авсан хүмүүсийн ирээдүй шал өөр! (Сур. 9:1). Бид Еховагийн хайрладаг юмыг хайрлаж, үзэн яддаг юмыг нь үзэн ядахыг сурч байгаа (Дуу. 97:10). Бас бид жинхэнэ «мэргэн ухаанаас» ач тус хүртэхийг бусдад уриалдаг болохоор сэтгэл хангалуун явдаг. Энэ нь «хотын хамгийн өндөр газраас [хүмүүсийг] дуудаж ... “Гэнэн нэгэн нь наашаа эргэгтүн!”» гэж хэлж байгаатай адил юм. Бид болон урилга авсан хүмүүс зөвхөн одоо биш үүрд мөнхөд ач тус хүртэнэ. Өөрөөр хэлбэл «оюун ухааны замаар» үүрд мөнх «амьд явна» (Сур. 9:3, 4, 6). хц23.06 х. 24 д/м 17–18
11 сарын 16, ням
Уурлахдаа удаан хүн хатан зоригтноос дээр. Сүнсээ захирдаг хүн хотыг эзлэгчээс дээр (Сур. 16:32).
Ажлын газрын хүмүүс эсвэл ангийн хүүхдүүд итгэл үнэмшлийн тань талаар асуухад яадаг вэ? Сандардаг уу? Ихэнх маань сандардаг. Гэхдээ ийнхүү асууж байгаагаас нь тухайн хүний үзэл бодол юм уу итгэл үнэмшлийнх нь талаар мэдээд сайн мэдээг хуваалцах боломж гарч болох юм. Харин зарим хүн маргалдах зорилгоор асуулт асуудаг. Үүнд нь гайхах хэрэггүй. Учир нь бидний талаар ташаа мэдээлэл сонссон хүн ч байдаг (Үйлс 28:22). Түүнээс гадна бидний амьдарч буй энэ «эцсийн өдрүүдэд» «эвлэршгүй», бүр «хэрцгий» хүмүүс их бий (2 Тим. 3:1, 3). «Хүмүүс итгэл үнэмшлийн минь талаар асуухад яавал тайван, эелдэг хариулах вэ?» гэж та бодож байж магадгүй. Юу тустай вэ? Товчхон хэлбэл дөлгөөн зан. Дөлгөөн хүн амархан уурладаггүй бөгөөд бухимдсан үедээ эсвэл юу гэж хариулахаа мэдэхгүй байсан ч биеэ барьж чаддаг. хц23.09 х. 14 д/м 1–2
11 сарын 17, даваа
Та тэднийг бүх дэлхийд хаад болгоно (Дуу. 45:16).
Заримдаа бид эд хөрөнгийг чухалчлах үзэл юм уу Бурхны хуулийг зөрчихөд хүргэх аюулаас сэрэмжлүүлсэн заавар зөвлөгөө авдаг. Еховагийн өгдөг ийм зөвлөгөөг дагах нь ач тустай (Ис. 48:17, 18; 1 Тим. 6:9, 10). Ехова агуу их гамшгийн үед ч, Мянган жилийн засаглалын үед ч хүмүүсийг томилж үйлчлэгчдээ удирдах нь эргэлзээгүй. Тэр үед та удирдлага зааврыг нь дагасаар байх уу? Өнөөдөр хэрхэн дагадгаас шалтгаална. Тиймээс Еховагийн удирдамжийг, тэр дундаа биднийг анхаарч халамжлахаар томилогдсон эрчүүдийн зааврыг үргэлж дагацгаая (Ис. 32:1, 2; Евр. 13:17). Аюулыг тойрч гарахад Ехова биднийг залж, мөнх амь руу хөтөлдөг. Тэгэхээр Хөтөч Еховадаа бүрэн итгэж, дагаж байцгаая. хц24.02 х. 25 д/м 17–18
11 сарын 18, мягмар
Та нарыг нигүүлссэн учир аварсан (Эф. 2:5).
Элч Паул Еховад үйлчлээд сэтгэл хангалуун байсан ч янз янзын бэрхшээлтэй нүүр тулж байв. Аюул ихтэй ч тэрбээр үе үе холын аянд явдаг байжээ. Замдаа «гол усны аюул, дээрэмчдийн аюултай» учирч, дайснууддаа зодуулах ч үе байсан (2 Кор. 11:23–27). Өөрсдөд нь туслах гэсэн хичээл зүтгэлийг нь итгэл нэгтнүүд нь заримдаа үнэлээгүй (2 Кор. 10:10; Флп. 4:15). Паул яагаад Еховад тасралтгүй үйлчилж чадсан бэ? Тэрбээр Судраас болон туршлагаасаа Еховаг ямар Бурхан гэдгийг сайн мэдэж авсан. Мөн Ехова Бурхан өөрийг нь хайрладгийг мэдэрсэн (Ром 8:38, 39; Эф. 2:4, 5). Өөрөө ч Еховаг их хайрладаг болсон. Хайрладгаа «ариун хүмүүст» үргэлж үйлчилснээрээ баталсан (Евр. 6:10). хц23.07 х. 9 д/м 5–6
11 сарын 19, лхагва
Дээд эрх мэдлүүдэд ... захирагд (Ром 13:1).
Библид засгийн газруудыг «дээд эрх мэдлүүд» гэсэн. Олон хүн засгийн газар хэрэгтэйг хүлээн зөвшөөрдөг бөгөөд зарим хуулийг дуртайяа дагадаг. Гэхдээ заримыг нь шударга бус эсвэл хэтэрхий ихийг шаарддаг гээд дагахаас хойш суудаг. Хүний засгийн газрууд зовлон тарьдаг, Сатаны мэдэлд байдаг, бас удахгүй устгагдах тухай Библид тэмдэглэсэн (Дуу. 110:5, 6; Ном. 8:9; Лук 4:5, 6). Мөн «Эрх мэдлийг эсэргүүцдэг хүн Бурхны тогтоосныг эсэргүүцэж байгаа хэрэг» гэжээ. Ехова нийгмийг эмх журамтай байлгахын тулд засгийн газруудад түр хугацаанд захирах эрх олгосон бөгөөд тэдэнд захирагдахыг тушаадаг. Тиймээс «бүгдэд өгөх ёстойгоо [бид] өгөх» учиртай. Үүнд татвар төлөх, хүндэтгэх, дуулгавартай байх ордог (Ром 13:1–7). Зарим хууль тохиромжгүй, шударга бус, дагахад хэцүү санагдаж болох юм. Гэсэн ч бид засгийн газарт дуулгавартай захирагддаг. Учир нь Ехова өөрийнх нь тушаалтай зөрчилддөггүй хууль дүрэмд захирагдахыг тушаадаг (Үйлс 5:29). хц23.10 х. 8 д/м 9–10
11 сарын 20, пүрэв
ЭЗЭНий Сүнс түүний дээр хүчтэйгээр бууж ирсэн (Шүү. 15:14).
Филистчүүд израйлчуудыг дарангуйлан захирч байх үед Самсон төрсөн (Шүү. 13:1). Тэд маш харгис хүмүүс учраас Израйлын ард түмэн их зовж байв. Ехова «Израилийг филистчүүдийн савраас аврахын» тулд Самсоныг сонгожээ (Шүү. 13:5). Ингэхийн тулд Самсон Еховад найдах хэрэгтэй байв. Нэг удаа Филистийн арми Самсоныг барихаар Иудагийн Лехид иржээ. Элэг нэгтнүүд нь айж, түүнийг дайснуудад тушаахаар болдог. Тэгээд хоёр шинэ олсоор Самсоныг хүлж филистчүүдэд өгсөн (Шүү. 15:9–13). Гэсэн ч тэрбээр Еховагийн агуу хүчээр хүчирхэгжиж олсыг тас татан хаяв. Дараа нь «илжигний шинэхэн эрүүний яс олж» аваад 1 000 филист хүнийг бут цохижээ! (Шүү. 15:14–16). хц23.09 х. 2 д/м 3–4
11 сарын 21, баасан
Энэ нь бидний Эзэн Христ Есүст хамаатай мөнхийн зорилгод нийцдэг (Эф. 3:11).
Библид бичсэнээр Еховагийн бүтээсэн бүхэн зорилгынх нь төлөө байдаг (Сур. 16:4, ШЕ). Бас зорилго нь «мөнхийнх» гэж бий. Яагаад «мөнхийнх» гэж хэлэх вэ? Юуны түрүүнд зорилго нь бүрэн гүйцэд биелэх хүртэл Ехова урт хугацаа олгосон. Мөн зорилго нь биелсний дараах ач тус нь ч үүрдийнх. Тэгвэл Ехова ямар санаа зорилготой вэ? Зорилгоо биелүүлэхийн тулд хэрхэн уян хатан байсан бэ? Бурхан анхны хүмүүст тэдний талаар ямар санаа зорилготойгоо хэлсэн. Тэрбээр: «Өсөн нэмэгдэж өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн газрыг эзэмш. ... бүх амьтныг захир» гэжээ (Эх. 1:28, ШЕ). Адам Ева хоёрын тэрс явдлаас болж хүн төрөлхтөн нүгэлтэй болсон ч Еховагийн санаа зорилго биелэхэд саад болоогүй. Харин Ехова тэр даруй аргаа өөрчилсөн. Хүн төрөлхтөн болон дэлхийн талаарх санаа зорилгоо биелүүлэхийн тулд тэнгэрт Хаант төр байгуулахаар болжээ (Мат. 25:34). хц23.10 х. 20 д/м 6–7
11 сарын 22, бямба
Хэрэв ЭЗЭН надад тус болоогүйсэн бол Миний сэтгэл удахгүй чимээгүйн дунд оршихсон (Дуу. 94:17).
Шантрахгүй байхад Ехова тусална. Гэхдээ тууштай байх тэр бүр амаргүй, ялангуяа олон жил сул талтайгаа тэмцэх шаардлагатай бол бүр хэцүү. Заримдаа бидний сул тал элч Петрийнхээс ч илүү засаршгүй мэт санагдаж болох юм. Гэхдээ Ехова шантрахгүй байх хүч өгнө (Дуу. 94:18, 19). Жишээ нь, нэг Гэрч эрэгтэй үнэнийг мэдэхээсээ өмнө олон жил ижил хүйстэн байжээ. Харин шийдэмгий байж амьдралын хэв маягаа өөрчилж чадсан. Гэсэн ч үе үе буруу хүсэлтэйгээ тэмцэх хэрэгтэй болдог. Бууж өгөхгүй байхад нь юу тус болсон бэ? Тэрбээр: «Ехова надад хүч өгдөг. ... Би агуу хүчнийх нь тусламжтайгаар үнэний замаар тууштай явж чадахаа ойлгосон. ... Алдаа дутагдалтай над шиг хүнд Ехова хүч өгч, өөрт нь үйлчлэх боломж олгосоор байна» гэж ярьжээ. хц23.09 х. 23 д/м 12
11 сарын 23, ням
Даруу зан хийгээд ЭЗЭНээс эмээхүйн шагнал болбоос Амь, алдар хүнд, эд баялаг юм (Сур. 22:4).
Хөвгүүд ээ, та нар Христийн төлөвшсөн дагалдагч хар аяндаа болчихгүй. Дуурайх сайн жишээг олж, хэрсүү ухааныг хөгжүүлж, итгэл даасан хүн болж, амьдралд хэрэгтэй ур чадвар эзэмшиж, ирээдүйдээ бэлдэх хэрэгтэй. Ирээдүйд юу хийх ёстойгоо бодвол заримдаа дааж давшгүй мэт санагдаж болох юм. Гэхдээ та нар чадна. Ехова туслахыг маш их хүсдэгийг санаарай (Ис. 41:10, 13). Бас хурлын ах дүүс туслах нь мэдээж. Еховагийн хүслийн дагуух хүн болбол аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарна. Залуус аа, бид та нарт хайртай! Христийн төлөвшсөн дагалдагч болохыг хичээж байгаа та нарыг Ехова арвин ихээр ивээх болтугай! хц23.12 х. 29 д/м 19–20
11 сарын 24, даваа
Гэм бурууг харахгүй өнгөр[өөрэй] (Сур. 19:11).
Та итгэл нэгтнүүдтэйгээ уулзаж, хөгжилдөөд сүүлд нь хамтдаа зургаа авхуулсан гэж төсөөлөөрэй. Бүгд сайхан гараасай гэсэндээ 1 удаа бус, 3 удаа зураг дарсан. Тэгсэн нэг залуу хоёр дахь зурган дээр хөмсгөө зангидаад гарчихсан байлаа. Та энэ зургийг устгах нь ойлгомжтой. Учир нь нөгөө хоёр зураг дээр бүгдээрээ инээмсэглэн сайхан гарчээ. Эдгээр сайхан зурагтай адил ах дүүтэйгээ хөгжилдөн өнгөрүүлсэн сайхан дурсамж бидэнд олон байдаг. Гэхдээ итгэл нэгтэн тань таныг гомдоох юм хэлсэн, эсвэл хийсэн байж болох юм. Ийм дурсамжийг яах нь зүйтэй вэ? Зургийг устгахтай адил мартаж болохгүй нь юу билээ? (Эф. 4:32). Итгэл нэгтнийхээ талаар олон сайхан дурсамжтай учраас тэгж чадна шүү дээ. Харин бид сайхан дурсамжуудаа үргэлж санаж, нандигнахыг хүсдэг. хц23.11 х. 12–13 д/м 16–17
11 сарын 25, мягмар
Эмэгтэйчүүд ... аятайхан хувцаслаж ... Бурхнаас эмээдг[ээрээ] ... өөрсдийгөө чимэх учиртай (1 Тим. 2:9, 10).
Христийн дагалдагч эмэгтэйчүүд хувцас хунараа сонгохдоо бусдын үзэл бодол, сэтгэл мэдрэмжийг нь бодолцон хүндэтгэх учиртай. Даруу хувцасладаг төлөвшсөн эгч дүүсээрээ бид бахархдаг! Христийн төлөвшсөн дагалдагч эмэгтэйчүүд бас ухаалаг байх хэрэгтэй. Ухаалаг байх гэдэг нь яахыг хэлэх вэ? Зөв бурууг ялгаж салгах, зөв шийдвэр гаргах чадвартай байхыг хэлнэ. Абигаилын жишээг бодъё. Нөхөр нь буруу шийдвэр гаргаснаас болж гэр бүлийнхнийх нь амь нас аюулд ороход Абигаил шууд арга хэмжээ авдаг. Тэрбээр ухаалаг байн тэднийгээ үхлээс аварсан (1 Сам. 25:14–23, 32–35). Мөн ухаалаг хүн хэзээ ярих, хэзээ дуугүй байхаа мэддэг. Түүнчлэн бусдад санаа тавихдаа хувийн хэрэгт нь хэтэрхий оролцдоггүй (1 Тес. 4:11). хц23.12 х. 20 д/м 8–9
11 сарын 26, лхагва
Бурхан биднийг алдаршуулна гэдэгт найдаж баярладаг (Ром 5:2).
Элч Паул энэ үгийг Ром дахь хурлынханд бичжээ. Тэндхийн ах дүүс Ехова Есүс хоёрын тухай мэдэж, итгэж, Христийн дагалдагч болсон. Бурхан тэднийг «итгэдэг учраас шударга сайнд тооцож» агуу хүчээр тосолсон (Ром 5:1). Тийм ээ, ийнхүү тэд баттай, гайхалтай найдвар өвөрлөсөн. Хожим нь Паул Эфэс дэх тослогдсон дагалдагчдад бичихдээ Бурхан тэдэнд «ямар найдвар өгснийг, ямар агуу ивээлийг ... өв болгон хүртээхээр бэлдсэнийг» хэлжээ (Эф. 1:18). Мөн Колосайн ах дүүстээ найдвар нь хаана биелэх талаар ийнхүү хэлсэн. Тэд «тэнгэрт гарч шагнал авна» (Кол. 1:4, 5). Тэгэхээр тослогдогсдын найдвар нь, тэнгэрт амилан мөнх амьтай болж Христтэй хамт захирах юм (1 Тес. 4:13–17; Илч. 20:6). хц23.12 х. 9 д/м 4–5
11 сарын 27, пүрэв
Бурхан хүний ухаанаас давуу амар тайвныг ... та нарт өгч, зүрх сэтгэл, ухаан бодлыг тань хамгаална (Флп. 4:7).
«Хамгаалах» гэж орчуулсан үг нь цэрэг дайны холбогдолтой үг хэллэг бөгөөд хотыг дайралтаас хамгаалдаг цэргүүдтэй хамааруулж хэрэглэдэг. Цэргүүд хамгаалж буйг мэддэг оршин суугчид тайван, санаа зовох юмгүй унтдаг. Үүнтэй адилаар Бурхны өгдөг амар тайван зүрх сэтгэл, ухаан бодлыг маань хамгаалахад бид аюулгүй байгаагаа мэдрээд тайван байдаг (Дуу. 4:8). Ханнагийн адилаар нөхцөл байдал маань тэр дороо сайжрахгүй байсан ч амар тайван байж чадна (1 Сам. 1:16–18). Тайван байвал саруул ухаанаар сэтгэнэ, зөв шийдвэр гаргана. Зовж шаналсан үедээ яах хэрэгтэй вэ? Нэг ёсондоо «хамгаалалтын цэргийг» дуудах боломжтой. Яаж? Бурхны өгдөг амар тайвныг мэдрэх хүртлээ залбираарай (Лук 11:9; 1 Тес. 5:17). Хэрэв танд хүнд бэрхшээл тулгарвал тасралтгүй залбираарай. Тэгвэл Еховагийн өгдөг амар тайван зүрх сэтгэл, ухаан бодлыг тань хамгаална (Ром 12:12). хц24.01 х. 21 д/м 5–6
11 сарын 28, баасан
Тэнгэрийн Эцэг минь, таны нэр ариусаасай (Мат. 6:9).
Есүс Эцгийнхээ нэрийг ариусгахын тулд зовж тарчилж, бүх доромжлол, гүтгэлгийг тэвчсэн. Тэрбээр Эцгийнхээ хэлсэн бүхнийг дуулгавартай биелүүлснээ, ичиж зовох ямар ч юм хийгээгүйгээ мэдэж байв (Евр. 12:2). Мөн туйлын хэцүү үед нь Сатан өөр лүү нь шууд довтолж байгааг ч ойлгож байлаа (Лук 22:2–4; 23:33, 34). Сатан Есүсийг үнэнч бус болгох гэж байдгаараа хичээсэн ч бүрмөсөн ялагдсан! Ийнхүү Сатан бол хорон санаат худалч гэдгийг болон хамгийн хүнд сорилт тулгарсан ч Еховад үнэнчээ харуулах үйлчлэгчид байдгийг Есүс маргаангүй баталсан! Одоо захирч буй Хаанаа та баярлуулмаар байна уу? Еховаг ямар Бурхан гэдгийг хүмүүст мэдүүлж нэрийг нь цаашид ч магтан алдаршуулаарай. Ингэвэл та Есүсийг дуурайна (1 Петр 2:21). Та ч Еховаг баярлуулж, атаат дайсан Сатаныг ичгүүргүй худалч гэдгийг нотолно! хц24.02 х. 11–12 д/м 11–13
11 сарын 29, бямба
Надад өгсөн бүх ашиг тусынх нь төлөө Би ЭЗЭНд юугаар хариулах вэ? (Дуу. 116:12).
Сүүлийн 5 жилд сая гаруй хүн баптисм хүртэж Еховагийн Гэрч болсон. Еховад өөрийгөө зориулж буй хүн Есүс Христийн шавь болж, Бурхны хүслийг амьдралынхаа эн тэргүүнд тавихаар шийддэг. Энэ нь яахаа болино гэсэн үг вэ? Есүс: «Намайг дагая гэвэл өөрийнхөө төлөө амьдрахаа боль» гэжээ (Мат. 16:24). «Өөрийнхөө төлөө амьдрахаа боль» гэж орчуулсан грек үгийг «өөртөө үгүй гэж хэлэх ёстой» гэж бас орчуулж болно. Еховад өөрийгөө зориулсан хүн хүсэлтэй нь зөрчилдөх ямар ч юманд үгүй гэж хэлэх ёстой (2 Кор. 5:14, 15). Садар самуун явдалд орооцолдох зэрэг «нүгэлт хандлагад» ч үгүй гэж хэлнэ (Гал. 5:19–21; 1 Кор. 6:18). Иймэрхүү шаардлагыг дагах танд хэцүү юү? Еховаг хайрладаг, тушаалууд нь танд тустай гэдэгт итгэдэг бол хэцүү биш ээ (Дуу. 119:97; Ис. 48:17, 18). хц24.03 х. 2 д/м 1; х. 3 д/м 4
11 сарын 30, ням
Чи бол миний таалан соёрхдог, хайрт Хүү минь билээ (Лук 3:22).
Ехова таалдаг хүндээ агуу хүчээ өгдөг (Мат. 12:18). «Агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанарыг би амьдралдаа илэрхийлж чаддаг уу?» гэж өөрөөсөө асуугаарай. Еховаг мэдэхээсээ өмнөх үеэ бодвол та илүү тэвчээртэй болж байгаагаа анзаарсан уу? Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог сайхан зан чанаруудыг хөгжүүлэх тусам Ехова таныг таалдагт улам бүр бат итгэнэ! Ехова таалдаг хүмүүстээ золиосны ач тусыг хүртээдэг (1 Тим. 2:5, 6). Хэдий бид золиосонд итгэж, баптисм хүртсэн ч Ехова намайг таалдаггүй гэж бодогдоод байвал яах вэ? Бид сэтгэл мэдрэмждээ дандаа итгэх аргагүй ч Еховад ямагт итгэж болохыг санаарай. Тэрбээр золиосонд итгэдэг хүнийг шударга сайн гэж үздэг бөгөөд ивээхээ амладаг (Дуу. 5:12; Ром 3:26). хц24.03 х. 30 д/м 15; х. 31 д/м 17