12 дугаар сар
12 сарын 1, даваа
Үхэгсэд амил[на] (Лук 20:37).
Ехова нас барагсдыг амилуулах хүч чадалтай юу? Тэгэлгүй яах вэ! Ехова бол «Төгс хүчит» Бурхан (Илч. 1:8). Тиймээс ямар ч дайсныг, тэр байтугай бүр үхлийг ч устгах хүчтэй (1 Кор. 15:26). Бурхан нас барагсдыг амилуулах чадалтайн бас нэг баталгаа бол хэмжиж тооцоолохын аргагүй ойн тогтоолттой. Тэрбээр од болгоныг нэрээр нь дууддаг (Ис. 40:26). Мөн нас барсан бүх хүн түүний ой тойнд байдаг (Иов 14:13; Лук 20:38). Амилуулах хүн бүрийн нарийн ширийн бүхнийг, тухайлбал гадаад төрх байдал, зан чанар, туулж өнгөрүүлсэн амьдрал, ой санамж зэргийг нэг бүрчлэн санадаг. Тэгэхээр Ехова нас барагсдыг амилуулах чин хүсэлтэй, хүч чадалтай учраас тэднийг амилуулна гэсэн амлалтад бид итгэдэг. Итгэх бас өөр нэг шалтгаан бий. Ехова нас барагсдыг аль хэдийнээ амилуулж байсан. Тэрбээр Библи бичигдэж байх үед Есүс болон өөр хэдэн үнэнч хүмүүст нас барагсдыг амилуулах чадвар хайрлаж байв. хц23.04 х. 9–10 д/м 7–9
12 сарын 2, мягмар
Та нар хүмүүстэй давсаар амт оруулсан мэт эелдэг ярьж бай (Кол. 4:6).
Бид эвийг нь олж, эелдэг яривал нөгөө хүн сайн сонсоно, яриа маань ч үргэлжилнэ. Харин маргалдах юм уу итгэл үнэмшлийг маань дооглон тохуурхах зорилготой хүнтэй яриагаа үргэлжлүүлэх шаардлагагүй (Сур. 26:4). Гэхдээ ийм хүн олон таарахгүй, ихэнх нь биднийг сонсох биз ээ. Дөлгөөн занг хөгжүүлэхийг зорих нь үнэхээр их ач тустай. Шударга бус шүүмжлэлд өртөх юм уу хэцүү асуултуудад хариулахдаа дөлгөөн байхад туслахыг Еховагаас гуйн залбираарай. Дөлгөөн байвал санал нийлэхгүй хүнтэй маргалдахаас зайлсхийж чадахыг санаарай. Бас дөлгөөн, хүндэтгэлтэй хандвал зарим хүн Библийн болон бидний талаарх үзэл бодлоо өөрчилж болох юм. Итгэл үнэмшлээ «хамгаалахад бэлэн байгаарай». Хүмүүсийг «гүнээ хүндэтгэж, дөлгөөн байгаарай» (1 Петр 3:15). Тийм ээ, дөлгөөн байх нь хүчтэйн шинж! хц23.09 х. 19 д/м 18–19
12 сарын 3, лхагва
Тэвчээрийг өмс (Кол. 3:12).
Тэвчээртэйгээ харуулах дөрвөн аргыг ярилцъя. Нэгдүгээрт, тэвчээртэй хүн уурлахыг урьтал болгодоггүй. Ийм хүн бачимдаж цухалдах үедээ, эсвэл таагүй хандсан хүнд хариу барихын оронд тайван байхыг хичээдэг (Ег. 34:6). Хоёрдугаарт, тэвчээртэй хүн юмыг тайван хүлээдэг. Тийм хүн аливаа юмыг өөрийнх нь бодсоноос илүү удаан хүлээх болсон ч сандрах юм уу бухимдахгүйг хичээдэг (Мат. 18:26, 27). Гуравдугаарт, тэвчээртэй хүн яараад байдаггүй. Тиймээс чухал ажлыг хийхдээ яарах юм уу хурдхан дуусгах гэж бачимддаггүй. Харин ажлаа төлөвлөхдөө ч, хийж гүйцэтгэхдээ ч хангалттай цаг хугацааг зориулдаг. Дөрөвдүгээрт, тэвчээртэй хүн сорилт тулгарахад гомдоллодоггүй. Өөдрөг байж Еховад баяр хөөртэй үйлчилсээр байхын тулд чадах бүхнээ хийдэг (Кол. 1:11). Христийн дагалдагч хүн эдгээр аргыг хэрэгжүүлж тэвчээртэй байх ёстой. хц23.08 х. 20–21 д/м 3–6
12 сарын 4, пүрэв
ЭЗЭН хүмүүний зүрхийг шалгадаг (Сур. 17:3).
Зүрхээ хамгаалах нь амин чухал. Учир нь Ехова хүний зүрхийг шалгадаг. Энэ нь Бурхан гадаад байдлыг бус сэтгэл зүрх нь ямар вэ гэдгийг онцлон хардаг гэсэн үг. Мөнх аминд хүргэх зөвлөгөөг нь үргэлж эргэцүүлэн боддог бол Бурхны хайрыг татна (Ёох. 4:14). Мөн Сатан болон түүний ертөнцийнхний ёс суртахуунгүй байдал, худал үгэнд автахгүй (1 Ёох. 5:18, 19). Еховатай дотно болохын хэрээр түүнийг илүү их хайрлаж, хүндэтгэнэ. Бид тэнгэрийн Эцгээ гомдоохыг хүсдэггүй учраас нүгэл үйлдье гэж огт бодохгүй. Хорватад амьдардаг Марта гэдэг Гэрч эмэгтэй сорилтод ороод ёс суртахуунгүй юм хийх хүсэл төрөх үедээ ямар байснаа ингэж бичжээ. «Саруул ухаанаар сэтгэх болон түр зуурын таашаал авах хүслээ дарах нь надад хэцүү байсан. Гэхдээ Еховагаас эмээх сэтгэл минь намайг хамгаалсан». Яаж? Буруу шийдвэр гаргавал ямар үр дагаварт хүргэхийг эргэцүүлэн бодсон гэж Марта хэлсэн. Бид ч ингэх нь зүйтэй. хц23.06 х. 20–21 д/м 3–4
12 сарын 5, баасан
“Тэдний нүдэн дээр Би та нарын дунд өөрийгөө ариун хэмээн батлах үед үндэстнүүд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна (Езе. 36:23).
Еховагийн зорилго бол нэрээ ариусгаж, цагаатгах явдал гэдгийг Есүс мэдэж байв. Ийм учраас дагалдагчдадаа «Тэнгэрийн Эцэг минь, таны нэр ариусаасай» гэж залбирахыг захисан (Мат. 6:9). Энэ нь оюун ухаант бүх бүтээлд хамаатай хамгийн чухал асуудал гэдгийг тэрбээр ойлгож байв. Тиймээс Еховагийн нэрийг ариусгахын тулд орчлонт ертөнцөд хэнээс ч илүү ихийг хийсэн. Гэтэл дайснууд түүнийг баривчлаад хэрхэн буруутгасан билээ? Бурхныг доромжилсон гэж! Эцгийнхээ ариун нэрийг доромжлох эсвэл гүтгэх нь хамгийн байж боломгүй нүгэл гэж Есүс бодож байсан нь гарцаагүй. Өөрийг нь ийнхүү буруутгасанд их зовж шаналсан. Баривчлагдахынхаа өмнө хэдэн цагийн турш «ихэд шаналж байсных» нь гол учир үүнд байж болох юм (Лук 22:41–44). хц24.02 х. 11 д/м 11
12 сарын 6, бямба
Гэр орон мэргэн ухаанаар сүндэрлэ[дэг] (Сур. 24:3).
Амийн төлөөх уралдаанд оролцогчид Ехова Есүс хоёрыг гэр бүлийнхнээсээ илүү хайрлах ёстой (Мат. 10:37). Гэхдээ энэ нь гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ Бурхан болон Христэд таалагдахад саад болно гэж үзээд орхигдуулна гэсэн үг биш. Харин ч Бурхан Христ хоёрт таалагдъя гэвэл энэ үүргээ биелүүлэх ёстой (1 Тим. 5:4, 8). Тэгвэл бид илүү жаргалтай байна. Учир нь Ехова гэр бүлийг санаачлахдаа нөхөр эхнэрүүд нэг нэгнээ хайрлаж хүндэтгэвэл, эцэг эх нь хүүхдүүдээ сургаж хүмүүжүүлбэл, мөн хүүхдүүд нь эцэг эхдээ дуулгавартай байвал аз жаргалтай болдгоор бүтээсэн (Эф. 5:33; 6:1, 4). Та гэр бүлийн аль ч гишүүн байлаа сэтгэл хөдлөлдөө автах, зан заншил юм уу мэргэжилтнүүдийн үгийг дагахын оронд Библид байдаг мэргэн үгийг дагаарай. Библид үндэслэсэн манай ном хэвлэлүүдийг сайтар судлаарай. Тэдгээрт Библийн зарчмыг хэрхэн хэрэгжүүлэхийг заасан ач тустай зөвлөгөөнүүд бий. хц23.08 х. 28 д/м 6–7
12 сарын 7, ням
Хуулийн энэ номд бичсэн бүхнийг чанд сахихын тулд ... өдөр шөнөгүй амандаа унших ёстой. Тэгвэл чи амжилтад хүрч, аливааг мэргэн ухаанаар хийнэ (Иош. 1:8, ШЕ).
Христийн дагалдагч эмэгтэй амьдралд тустай ур чадвар эзэмших хэрэгтэй. Охид бүсгүйчүүдийн багадаа сурсан зүйл буюу эзэмшсэн зарим чадвар амьдралынх нь турш хэрэг болдог. Жишээ нь сайн уншиж, бичиж сураарай. Зарим улс оронд эмэгтэй хүн уншиж, бичиж сурахыг чухал биш гэж үздэг. Гэхдээ Христийн дагалдагч бүр энэ чадварыг эзэмших нь зайлшгүй чухал (1 Тим. 4:13). Тиймээс охид та нар хэцүү санагдсан ч хичээгээрэй. Тэгвэл олон талын ач тустай. Жишээлбэл ажилд орж чадна, ажлаа ч алдахгүй. Бас Бурхны Үгийг сайн мэдэж авахаас гадна бусдад сайн зааж чадна. Хамгийн гол нь Библийг уншиж, эргэцүүлэн бодсоноороо Еховатай улам дотносно (1 Тим. 4:15). хц23.12 х. 20 д/м 10–11
12 сарын 8, даваа
Ехова соригдож байгаа үнэнч хүнийг яаж аврахаа ... мэддэг (2 Петр 2:9, 10).
Та хорхой хүргэм зүйлийг тэвчихийг Еховагаас гуйгаарай. Төгс бус бид буруу юм хийх хүсэлтэйгээ үргэлж тэмцэх шаардлагатай. Сатан ч энэ тэмцэлд саад болохын тулд чадах бүхнээ хийдэг. Нэг арга нь ёс суртахуунгүй зугаа цэнгэл юм. Бид ийм зугаа цэнгэлээс болж муу муухай юм бодож эхэлдэг. Энэ нь биднийг бузарлаж, ноцтой нүгэл үйлдэхэд хүргэх аюултай (Марк 7:21–23; Яак. 1:14, 15). Буруу юм хийх гэсэн хүслээ дарахад Еховагийн тусламж хэрэгтэй. Есүс жишээ залбиралдаа «Хорхой хүргэм зүйлд дийлдэхгүй байхад туслаач. Хорон муу нэгнээс хамгаалаач» гэж гуйсан байдаг (Мат. 6:13). Ехова бидэнд туслахыг хүсдэг. Гэхдээ бид ч тусламжийг нь гуйх хэрэгтэй. Мөн залбирлынхаа дагуу үйлдэх ёстой. хц23.05 х. 6–7 д/м 15–17
12 сарын 9, мягмар
Гурамсалж гөрсөн сур тийм ч амар тасардаггүй (Ном. 4:12).
Гэрлэсэн хүмүүс тэнгэрийн Эцэгтэйгээ тогтоосон анд нөхрийн харьцаагаа эрхэмлэдэг бол өгсөн зөвлөгөөг нь дуртайяа дагана. Ингэснээр тэд ханиа гэсэн хайраа хөргөх зүйл хийхгүй, асуудал гарсан ч шийдэж чадна. Түүнчлэн тэд сайхан сэтгэл, тэвчээр, ууч сэтгэл зэрэг сайхан зан чанартай Еховаг дуурайхыг хичээдэг (Эф. 4:32—5:1). Ийм зан чанартай эхнэр нөхрүүд бие биеэ улам их хайрлана. Гэрлээд 25-аас илүү жил болж байгаа Лена гэдэг Гэрч эмэгтэй: «Еховатай дотно хүнийг хайрлаж, хүндлэхэд амар байдаг» гэжээ. Библийн нэг жишээг үзье. Ехова Мессиагийн эцэг эхийг сонгохдоо Давидын үр удмын олон хүний дундаас Иосеф Мариа хоёрыг сонгосон. Яагаад тэгсэн бэ? Тэдний хэн хэн нь Еховатай дотно харьцаатай байсан бөгөөд гэрлэснийхээ дараа ч өөрийг нь амьдралынхаа эн тэргүүнд тавина гэдгийг Ехова мэдэж байв. хц23.05 х. 21 д/м 3–4
12 сарын 10, лхагва
Удирдаж байгаа хүмүүстээ дуулгавартай бай (Евр. 13:17).
Бидний удирдагч Есүс төгс ч түүний томилсон, удирдах үүрэг хүлээдэг хүмүүс төгс биш. Ялангуяа хүсэхгүй байгаа юмыг маань хийгээрэй гэвэл дуулгавартай дагах хэцүү санагдаж мэднэ. Элч Петрт нэг удаа ийм юм тохиолджээ. Тэнгэрийн элч Мосегийн хуулиар хориглосон амьтныг идэхийг тушаахад тэрбээр нэг биш, бүр гурван удаа татгалзсан! (Үйлс 10:9–16). Яагаад? Учир нь Петр багаасаа л Мосегийн хуулийг дагаж ирсэн. Бас нэгэн цуу яриа гарсны дараа Иерусалим дахь ахлагчид элч Паулд сүм рүү 4 хүн дагуулж очоод цэвэрших ёсыг сахиж Мосегийн хуулийг дагадгаа харуулахыг зөвлөхөд Паул дуулгавартай дагасан. Христийн дагалдагчид Мосегийн хуулийг дагах шаардлагагүй болсныг Паул мэдэж байв. Бас цуу яриа ямар ч үндэслэлгүй байсан. Гэсэн хэдий ч «Маргааш нь Паул тэднийг дагуулж яваад цэвэрших ёсыг сахижээ» (Үйлс 21:23, 24, 26). Тэрбээр дуулгавартай байснаар эв нэгдлийг хадгалсан (Ром 14:19, 21). хц23.10 х. 10 д/м 15–16
12 сарын 11, пүрэв
Еховагаас эмээдэг хүмүүс түүнтэй дотно харьцаатай байдаг (Дуу. 25:14, ШЕ).
Дотнын найзууд нэг нэгнээсээ айх ёсгүй гэж та бодож байж болох юм. Гэхдээ Еховатай дотнын найз болохыг хүсвэл түүнээс эмээх ёстой. Бид Еховад хэр удаан үйлчилсэн гэдгээс үл шалтгаалан түүнээс эмээх учиртай. Бурхнаас эмээх гэдгийг юу гэж ойлгох вэ? Ийм хүн түүнийг хайрладаг. Түүнтэй тогтоосон харьцаандаа сэв суулгах юуг ч хийдэггүй. Есүс ч Бурхнаас ийнхүү «эмээдэг» байв (Евр. 5:7). Тэрбээр Еховагаас айн чичирч байгаагүй (Ис. 11:2, 3). Харин ч чин сэтгэлээсээ хайрлан хүндэтгэж, түүнд ямагт дуулгавартай байсан (Ёох. 14:21, 31). Бид ч Есүсийн адилаар Еховаг хайрын сэтгэлтэй, ухаантай, шударга, хүчирхэг Нэгэн гэдгийг мэддэг учраас гүнээ хүндэтгэдэг, биширдэг. Мөн Ехова биднийг хайрладгийг, удирдамж зааврыг нь хэрхэн дагаж байгааг ажигладгийг бид мэддэг. Хэрвээ бид дуулгаваргүй байвал Ехова гомддог, харин дуулгавартай байвал баярладаг (Дуу. 78:41; Сур. 27:11). хц23.06 х. 14 д/м 1–2; х. 15 д/м 5
12 сарын 12, баасан
Хүчирхэг болмогц зүрх сэтгэл нь ихэд бардам болсноос болж, тэрээр завхарч, өөрийн Бурхан ЭЗЭНд итгэлгүй хандав (Ш.дэд 26:16).
Уззиа хаан хүчирхэг болмогцоо Еховагийн ачаар хөгжин цэцэглэснээ мартсан. Эндээс юу мэдэж авах вэ? Бидний эдэлж буй завшаан, бас бүх сайн сайхан юм Еховагаас ирдгийг үргэлж санах нь зүйтэй. Амжилтаараа сайрхахын оронд Еховагийн тусламжтайгаар хийж чадсандаа талархах хэрэгтэй (1 Кор. 4:7). Бид төгс бус гэдгээ, бас сахилгажуулж байх хэрэгтэйгээ даруухнаар хүлээн зөвшөөрөх ёстой. 60 настай Гэрч эрэгтэй: «Би алдаа гаргачихвал сэтгэлээр хэтэрхий их унах хэрэггүйгээ ойлгосон. Зөвлөгөө авбал алдаагаа засаж, чадах бүхнээ хийн Еховад тасралтгүй үйлчлэхийг хичээдэг» гэжээ. Хэрэв бид Еховад дуулгавартай, бас даруу байвал жинхэнэ ёсоор жаргалтай амьдарна (Сур. 22:4). хц23.09 х. 10 д/м 10–11
12 сарын 13, бямба
Бурхны таалалд нийцүүлснийхээ дараа л амлалт биелэхийг үзэх тул та нарт тэвчээр хэрэгтэй (Евр. 10:36).
Христийн эртний дагалдагчид тэвчээрийг хөгжүүлэх хэрэгтэй байв. Хүн болгонд тулгардаг бэрхшээлээс гадна өөр сорилтууд ч учирна. Тэдний олонх нь Иудейн шашны удирдагчид, Ромын эрх баригчдаас гадна гэр бүлийнхнийхээ дарамт шахалтад өртөж байв (Мат. 10:21). Заримдаа хурлыг хагалан бутаргах гэсэн тэрслэгчдийн гажууд сургаалын нөлөөнөөс өөрсдийгөө хамгаалах хэрэг гарна (Үйлс 20:29, 30). Гэхдээ тэд үнэнчээр тэвчсэн (Илч. 2:3). Яаж? Судраас Иов шиг тэвчээртэй хүмүүсийн жишээг эргэцүүлэн бодсон (Яак. 5:10, 11). Мөн хүч өгөхийг гуйн залбирсан (Үйлс 4:29–31). Бас тэвчвэл ямар сайн үр дүнд хүрэхийг анхаарсан (Үйлс 5:41). Бурхны Үг болон байгууллагын ном хэвлэлээс тэвчээртэй байсан хүмүүсийн жишээг тогтмол судалж, эргэцүүлэн бодвол бид ч тэвчээртэй байж сурна. хц23.07 х. 3 д/м 5–6
12 сарын 14, ням
Хаант төр болон Бурхны зөв гэж үздэг бүхнийг үргэлж эн тэргүүнд тавьж амьдрагтун. Тэгвэл Бурхан та нарт энэ бүхнийг өгнө (Мат. 6:33).
Ехова Есүс хоёр биднийг хэзээ ч орхихгүй. Элч Петр Есүсийг үгүйсгэснийхээ дараа дагалдагч нь хэвээрээ байх уу, болих уу гэдэг маш чухал шийдвэр гаргах хэрэгтэй болсон. Итгэлээ алдахгүй байхад нь Петрт туслахыг Есүс Еховагаас гуйн залбирсан. Тэрбээр ийнхүү залбирснаа ч, мөн хожим ах дүүсээ батжуулна гэдэгт нь итгэж байгаагаа ч Петрт хэлсэн (Лук 22:31, 32). Петр Есүсийн энэ үгийг санан ямар их урамшдаг байсан бол оо! Бид ч амьдралдаа чухал шийдвэр гаргах болоход Ехова үнэнч байхад маань хайр халамжтай ахлагчдаар туслуулж болох юм (Эф. 4:8, 11). Ехова Петр болон бусад элчийн хэрэгцээг хангасан. Хэрэв өөрт нь үйлчлэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавивал биднийхийг ч бас хангана. хц23.09 х. 24–25 д/м 14–15
12 сарын 15, даваа
Ядуу хүнд харамгүйгээр өгөгч хүн ЭЗЭНд зээлүүлж байгаа хэрэг. Тэр хүний сайн үйлийнх нь төлөө ЭЗЭН буцааж төлнө (Сур. 19:17).
Бусдын төлөө хийсэн өчүүхэн юмыг ч Ехова анзаардаг бөгөөд үнэ цэнтэй золиос, буцааж төлөх өр гэж үздэг. Хэрэв та өмнө нь туслах үйлчлэгчээр юм уу ахлагчаар үйлчилж байгаад больсон бол хайрандаа хөтлөгдөн хийсэн бүхнийг тань Ехова мартдаггүй (1 Кор. 15:58). Ехова өөрийг нь болон хүмүүсийг улам их хайрладаг болоосой гэж бид бүгдээс хүсдэг. Еховагийн Үгийг уншиж, эргэцүүлэн бодож, тогтмол залбирвал түүнд улам бүр хайртай болно. Ах дүүстээ бодитоор тусалдаг бол тэдэнд улам их хайртай болно. Хайр маань лавшрахын хэрээр Еховатай болон итгэл нэгтнүүдтэйгээ улам дотносож, үүрд мөнхөд нөхөрлөнө. хц23.07 х. 10 д/м 11; х. 11 д/м 13; х. 13 д/м 18
12 сарын 16, мягмар
Хүн бүр ачаагаа үүрнэ (Гал. 6:5).
Эрүүл мэнддээ хэрхэн санаа тавих нь Христийн дагалдагч хүний шийдэх ёстой зүйлийн нэг юм. Бид ямар эмчилгээ хийлгэхээ шийдэхдээ цуснаас цээрлэх болон ид шидтэй орооцолдохгүй байх талаар Библийн тушаалыг дагах хэрэгтэй (Үйлс 15:20; Гал. 5:19, 20). Эдгээрээс бусад эмчилгээний аргыг өөрөө сонгох учиртай. Бид ямар эмчилгээг сайн гэж үздэгээс үл хамааран итгэл нэгтнүүдийнхээ сонголтыг хүлээн зөвшөөрөх ёстой. Ингэхдээ дараах 4 зүйлийг санаарай. 1) Зөвхөн Бурхны Хаант төр л бүх хүнийг төгс эрүүл болгоно (Ис. 33:24). 2) Христийн дагалдагч бүр хамгийн сайн эмчилгээг сонгосон гэдэгтээ «итгэлтэй» байх ёстой (Ром 14:5). 3) Бид бусдыг шүүмжлэх юм уу бүдрүүлэх ёсгүй (Ром 14:13). 4) Христийн дагалдагчид нэг нэгнээ хайрлаж, хурлын эв нэгдлийг өөрийн үзэл бодлоос илүү чухалд үзэх ёстой (Ром 14:15, 19, 20). хц23.07 х. 24 д/м 15
12 сарын 17, лхагва
Тэрбээр назир байх бүхий л хугацаандаа Еховад ариун юм (Тоол. 6:8, ШЕ).
Та Еховатай тогтоосон харьцаагаа эрхэмлэдэг үү? Эрхэмлэдэг нь лавтай! Эрт үеэс олон хүн тантай адил сэтгэлээр эрх ашгаа хойш тавин Еховад үйлчилж ирсэн (Дуу. 104:33, 34). Тэдний дунд «зориулагдсан» буюу эртний Израйлын назир хүмүүс орно. Тэд эрх ашгаа хойш тавин Еховад тусгай аргаар үйлчилдэг идэвх зүтгэлтэй хүмүүс юм. Мосегийн хуульд эрэгтэй, эмэгтэй хүн Еховад онцгой тангараг өргөж, хэсэг хугацаагаар назир хүний ёсоор амьдрах тухай заалт байв (Тоол. 6:1, 2). Энэ тангаргийг өргөсөн хүн бусад израйлчуудад тавигддаггүй шаардлагыг биелүүлэх хэрэгтэй байжээ. Тэгвэл яагаад тэд назирын тангараг өргөдөг байсан бэ? Еховаг гүнээ хайрлаж, өгсөн бүхэнд нь чин сэтгэлээсээ талархдаг байсных бололтой (Д.хууль 6:5; 16:17). хц24.02 х. 14 д/м 1–2
12 сарын 18, пүрэв
Эзэн минь, ... Таныг хайрлаж, Таны тушаалуудыг сахигчдад Та ... хайр энэрлээ өгдөг (Дан. 9:4).
Библид «үнэнч», «үнэнч хайр» гэж орчуулсан еврей үгний утга нь үйлчлэгчдэдээ илэрхийлдэг Бурхны халуун хайр юм. Мөн энэ үгээр Бурхны үйлчлэгчид өөр хоорондоо илэрхийлдэг хайрыг ч хэлдэг (2 Сам. 9:6, 7). Үнэнч байх гэсэн сэтгэл жил өнгөрөх тусам улам хүчтэй болдог. Даниел хэрхэн улам бүр үнэнч болсныг ярилцъя. Еховад үнэнч эсэхийн сорилтыг Даниел насан туршдаа үзсэн. Гэхдээ хамгийн хүнд бэрх сорилтын нэг нь 90 гарч явахад нь тохиолджээ. Дариус хааны түшмэд Даниелыг үзэн яддаг, Бурхныг нь хүндэлдэггүй байсан. Тиймээс түүнийг алахаар төлөвлөсөн. Тэд хаанд үнэнч үү, Бурхандаа үнэнч үү гэдгийг нь сорихоор шийдэж, нэгэн тушаал гаргуулжээ. Даниел хаанд үнэнч гэдгээ харуулахын тулд Еховад 30 хоног залбирахгүй байх хэрэгтэй болов. Гэхдээ тэрбээр Еховад үнэнч байсан (Дан. 6:12–15, 20–22). хц23.08 х. 5 д/м 10–12
12 сарын 19, баасан
Бие биеэ хайрлаж явцгаая (1 Ёох. 4:7).
Ехова биднийг итгэл нэгтнүүдээ үргэлж хайрлаасай гэж хүсдэг. Хэрэв итгэл нэгтэн тань Христийн дагалдагч хүний ёсоор хандаагүй бол сайныг үйлдэхийг хичээж байгаа бөгөөд санамсаргүй л ингэчихлээ гэж та түүний тухай бодоорой (Сур. 12:18). Төгс бус ч үнэнч үйлчлэгчдээ Ехова хайрладаг. Биднийг алдаа гаргалаа гэхэд нүүр буруулдаггүй, уурлаад ч байдаггүй (Дуу. 103:9). Бид ч тэнгэрийн Эцгээ дуурайж бусдыг уучилдаг байх нь хэчнээн чухал вэ! (Эф. 4:32—5:1). Төгсгөл ойртох тусам ах дүүстэйгээ дотносох хэрэгтэй гэдгийг санаарай. Хавчлага улам ширүүснэ. Итгэл үнэмшлээсээ болж шоронд ч орж магадгүй. Ийм юм болбол ах дүүсийн маань тус дэм хэзээ хэзээнээс илүү чухал (Сур. 17:17). хц24.03 х. 15–16 д/м 6–7
12 сарын 20, бямба
Хүмүүний алхаа гишгээг ЭЗЭН залдаг (Сур. 20:24).
Еховатай дотносож, тааллыг нь хүртэн жаргалтай амьдарсан хүүхэд залуусын түүх Библид цөөнгүй байдаг. Нэг нь Давид юм. Тэрбээр залуу насандаа Бурхны талд зогсож, хожим нь үнэнч хаан болжээ (Х.дээд 3:6; 9:4, 5; 14:8). Чи Давидын амьдралыг судалбал Еховад үнэнчээр үйлчлэх урам зоригтой болно. Мөн Марк юм уу Тимотын тухай судалж болох юм. Тэд бага залуугаасаа Еховад үйлчилсэн бөгөөд сайшаалыг нь хүртэж жаргалтай амьдарсан. Чиний амьдрал ямар байх нь одоо юу хийхээс шалтгаална. Өөртөө бус, Еховад найдвал тэрбээр зөв шийдвэр гаргахад чинь тусална. Чи аз жаргалтай амьдарч ивээл хүртэнэ. Ехова өөрийнх нь төлөө чиний хийсэн юмыг үнэлдгийг санаарай. Хайр халамжтай тэнгэрийн Эцэгтээ үйлчлэхээс илүү сайхан амьдрал байна гэж үү? хц23.09 х.13 д/м 18–19
12 сарын 21, ням
Бие биеэ дуртайяа уучилж байгаарай (Кол. 3:13).
Паул итгэл нэгтнүүдээ төгс бус гэдгийг ойлгодог байв. Жишээлбэл Иерусалим дахь хурлын зарим хүн түүнийг дагалдагч болсонд итгэхгүй эмээж байсан (Үйлс 9:26). Бас нэр хүндийг нь унагах гэж араар нь муулсан хүмүүс ч бий (2 Кор. 10:10). Мөн нэг ахлагч бусдыг бүдрүүлж болзошгүй буруу шийдвэр гаргасныг Паул харсан (Гал. 2:11, 12). Түүнчлэн дотнын хамтрагчдынх нь нэг Марк урмыг нь ихэд хугалсан (Үйлс 15:37, 38). Паул дээрх хүмүүстэй харьцаагаа тасалж болох л байв. Харин ах дүүсийнхээ талаар эерэг бодолтой байж, Еховад идэвх зүтгэлтэй үйлчлээд л байсан. Яагаад ийн тууштай үйлчилж чадсан бэ? Паул итгэл нэгтнүүдээ хайрладаг байсан. Тэднийгээ гэсэн хайрандаа хөтлөгдөн сул талыг нь биш, сайхан зан чанарыг нь анхаардаг байв. Мөн тэрбээр өнөөдрийн зүйлд бичсэнийхээ дагуу ах дүүсээ уучилдаг байсан. хц24.03 х. 15 д/м 4–5
12 сарын 22, даваа
Эзний боол хэрэлдэх ёсгүй. Харин бүх хүнтэй эелдэг харьцдаг (2 Тим. 2:24).
Дөлгөөн байх ач тустайг харуулсан түүх Библид олон байдаг. Исаакийн жишээг бодъё. Түүнийг филистчүүдийн Герар нутагт амьдарч байхад тэндхийнхэн атаархаж, эцгийнх нь зарц нарын ухсан худгийг шороогоор булсан. Исаак тэдэнтэй тэмцэлдэхийн оронд хол өөр газар нүүж дахин худаг ухдаг (Эх. 26:12–18). Филистчүүд тэр худгийг ч өөрсдийнх нь гээд маргасан. Гэсэн ч Исаак эв эеийг сахисан (Эх. 26:19–25). Хүмүүс өдөөн хатгасан ч дөлгөөн байхад түүнд юу тус болсон бэ? Тэрбээр эцэг Абрахамын тайван зан болон эх Сарагийн «даруу, дөлгөөн зангаас» суралцаж, тэдний биеэ авч явах байдлыг ажигладаг байсан нь лавтай (1 Петр 3:4–6; Эх. 21:22–34). хц23.09 х. 15 д/м 4
12 сарын 23, мягмар
Төлөвлөсөн зүйлсээ Би заавал хийнэ (Ис. 46:11).
Ехова ууган хүүгээ дэлхий рүү илгээсэн. Хүү нь Хаант төрийн тухай хүмүүст зааж, тэднийг нүгэл болон үхлээс чөлөөлөхийн тулд амиа золиосолсон. Ехова Есүсийг тэнгэрт амилуулж, хожим нь Хаант төрийнхөө хаанаар томилсон. Христ тэргүүнтэй Хаант төрөөр Ехова дэлхийн талаарх санаа зорилгоо биелүүлж, нэрээ ариусгах нь Библийн гол сэдэв юм. Еховагийн санаа зорилго хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэрбээр хэлсэн бүхнээ заавал биелүүлэхээ амласан (Ис. 46:10; Евр. 6:17, 18). Дэлхий диваажин болох үед Адам Евагийн зөв шударга үр удам нь төгс болж, үүрд жаргалтай амьдарна (Дуу. 22:26). Гэхдээ Еховагийн санаа зорилго илүү өргөн хүрээтэй. Туйлын зорилго нь тэнгэр газар дээрх оюун ухаант бүх бүтээлийг нэгтгэх явдал юм. Тэд бүгд хэмжээгүй эрхт Эзэн Еховад үнэнчээр захирагдана (Эф. 1:8–11). Ехова санаа зорилгоо ийн биелүүлэхийг мэдээд бишрэх сэтгэл өөрийн эрхгүй төрж байгаа биз ээ! хц23.10 х. 20 д/м 7–8
12 сарын 24, лхагва
“Зоригтой бай ... би та нартай хамт байна” гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова тунхаглаж байна (Хаг. 2:4, ШЕ).
Иудейчүүд Вавилоноос Иерусалимд буцаж ирээд удаагүй байхдаа эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал болон эсэргүүцэлтэй нүүр тулсан. Ийм учраас Еховагийн сүмийг сэргээн барих ажлыг анхаарахад амаргүй байв. Харин Ехова ард түмнийхээ урам зоригийг бадраахын тулд Хаггаи, Зехариа гэдэг хоёр зөнчөө илгээсэн нь үр дүнтэй байжээ (Хаг. 1:1; Зех. 1:1). Гэвч 50 орчим жилийн дараа, иудейчүүд дахин урам зориггүй болов. Хуулийн чадварлаг хуулан бичигч Езра Вавилоноос Иерусалимд ирж, жинхэнэ шүтлэгийг амьдралынхаа эн тэргүүнд тавихыг уриалан Бурхны ард түмнийг зоригжуулсан (Езр. 7:1, 6). Бурхны эрт үеийн ард түмэнд эсэргүүцэл тулгарахад Еховад бат итгэсээр байхад нь Хаггаи Зехариа нарын зөгнөл тус болсон. Мөн өнөө үед ч бидэнд ямар ч бэрхшээл тулгарсан Еховад итгэсээр байхад маань тустай (Сур. 22:19). хц23.11 х. 14–15 д/м 2–3
12 сарын 25, пүрэв
Хайрыг өмс. Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм (Кол. 3:14).
Итгэл нэгтнүүдээ хайрладгаа хэрхэн илэрхийлэх вэ? Нэг арга нь тайвшруулах юм. Өрөвч сэтгэлдээ хөтлөгдвөл үргэлж «бие биеэ тайвшруулж» чадна (1 Тес. 4:18). Бие биеэ халуун сэтгэлээр хайрлаад л байхын тулд яах вэ? Ах дүүсийнхээ алдаа дутагдлыг уучлахад амаргүй санагдсан үед ч уучилж байгаарай. Өнөөдөр хайр яагаад бүр ч их чухал вэ? Үүний шалтгааныг Петр ийн хэлсэн. «Бүх юмны төгсгөл ойртжээ. Тиймээс ... бие биеэ халуун сэтгэлээр хайрла» (1 Петр 4:7, 8). Бузар муу энэ ертөнцийн төгсгөл ойртох тусам бидэнд юу тохиолдох вэ? Есүс дагалдагчдадаа «Миний нэрнээс болж бүх үндэстэн та нарыг үзэн ядна» гэж хэлжээ (Мат. 24:9). Бид үзэн ядагдсан ч Еховад үнэнч байхын тулд эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Ингэдэг бол биднийг хагалан бутаргах гэсэн Сатаны оролдлого талаар болно (Флп. 2:1, 2). хц23.11 х. 13 д/м 18–19
12 сарын 26, баасан
Бид бол Бурхны хамтран зүтгэгчид (1 Кор. 3:9).
Бурхны Үгэн дэх үнэн асар их хүчтэй. Бид хүмүүст Еховагийн тухай, чухам ямар Бурхан болохыг нь зааж өгөхөд гайхалтай юм болдог. Тэдний нүд нээгдэх мэт Сатаны худал үгэнд хууртахаа больж, хайртай Эцэг маань ямар гайхалтай болохыг ойлгодог. Хязгааргүй хүчтэйг нь мэдээд биширдэг (Ис. 40:26). Шударга зантайг нь ойлгоод итгэдэг (Д.хууль 32:4). Мэргэн ухаантай түүнээс их юм сурдаг (Ис. 55:9; Ром 11:33). Бурхан бол хайр гэдгийг мэдээд тайвширдаг (1 Ёох. 4:8). Тэд Еховатай дотносох тусам хүүхдүүд нь болж мөнх амьдрах найдвар нь улам бодитой болдог. Ийнхүү тэнгэрийн Эцэгтэйгээ ойртоход нь тэдэнд тусалдаг маань үнэхээр хосгүй завшаан! Ийм ажил хийдэг биднийг Ехова «хамтран зүтгэгчдээ» гэж үздэг (1 Кор. 3:5). хц24.02 х. 12 д/м 15
12 сарын 27, бямба
Амлаад үл биелүүлснээс амлахгүй байх нь дээр (Ном. 5:5).
Та Гэрч эцэг эхээрээ юм уу өөр хэн нэгнээр үнэнийг заалгаж байгаа бол баптисм хүртэх талаар бодож байна уу? Ийм зорилготой бол үнэхээр магтууштай! Харин баптисм хүртэхээсээ өмнө Еховад өөрийгөө зориулах хэрэгтэй. Еховад өөрийгөө хэрхэн зориулдаг вэ? Зөвхөн өөрийг нь шүтэж, хүслийг нь амьдралынхаа эн тэргүүнд тавина гэж амлан түүнд залбирдаг. Тэгээд «бүхий л зүрх, бүхий л амь амьдрал, бүхий л оюун ухаан, бүхий л хүчээрээ» үргэлж хайрлахаа амлана (Марк 12:30). Та үүнийгээ Еховад ганцаарчлан хэлнэ. Харин өөрийгөө зориулснаа олон нийтэд харуулж баптисм хүртэнэ. Бурханд өөрийгөө зориулах нь ариун тангараг билээ. Та тангаргаа биелүүлэх учиртай. Ехова ч тэгээсэй гэж хүсдэг (Ном. 5:4). хц24.03 х. 2 д/м 2; х. 3 д/м 5
12 сарын 28, ням
Хүн бүр өөрийгөө хайрладаг шигээ эхнэрээ хайрлах ёстой. Харин эхнэр хүн нөхрөө гүнээ хүндэтгэх ёстой (Эф. 5:33).
Бэрхшээлгүй гэр бүл гэж байхгүй. «Гэрлэхээр санаа зовох юм нэмэгдэнэ» гэж Библид шулуухан хэлжээ (1 Кор. 7:28). Яагаад? Учир нь зан ааш, хүсэл сонирхол нь ялгаатай, өөр ахуй соёлтой төгс бус хоёр хүн нийлсэн. Хуримлахаас өмнө анзаарагдаж байгаагүй зарим шинж чанар дараа нь илэрч болох юм. Энэ нь маргаанд хүргэх нь ч бий. Хэрүүл маргаан гарахад хэн хэн нь буруутайгаа хүлээн зөвшөөрч асуудлаа хамт шийдэхийн оронд нэг нэгнээ буруутгадаг. Цаашлаад тусдаа амьдрах юм уу салах нь зөв шийдэл гэж бодож болох юм. Гэхдээ энэ нь зөв үү? Үгүй. Хамт амьдрахад хэцүү байсан ч, гэрлэлтэд хүндэтгэлтэй хандахыг Ехова эхнэр нөхрүүдэд заадаг. хц24.03 х. 16 д/м 8; х. 17 д/м 11
12 сарын 29, даваа
Тэр найдвар талаар болохгүй (Ром 5:5).
Өөрийгөө зориулж, баптисм хүртсэний дараа ч та Еховаг улам сайн мэдэж, түүнийг хайрладаг болж, мөн Диваажин дэлхий дээрээ үүрд мөнх амьдарна гэдэг найдвар тань улам бат болсоор ирсэн (Евр. 5:13—6:1). Ром 5:2–4-т бичсэн үгний үнэнийг та өөрийн биеэр мэдэрсэн нь дамжиггүй. Янз янзын зовлонг тэвчиж Бурхны таалалд нийцсэнээ ойлгосон байх. Ийнхүү Еховад таалагддагаа мэдэхлээр амлалт нь биелэхийг харна гэдэгт бат итгэнэ. Найдвар тань анх мэдэж авсан үеийнхээс улам бат, бодитой болсон. Тиймээс гэр бүлийнхэндээ хэрхэн хандах, ямар шийдвэр гаргах, цагаа юунд зориулах зэрэг амьдралын тань бүхий л хүрээнд нөлөөлж байгаа. Бурхны таалалд нийцдэг хүний найдварын талаар элч Паул нэг чухал юмыг хэлсэн. Найдвар нь баттай биелнэ гэжээ (Ром 15:13). хц23.12 х. 12–13 д/м 16–19
12 сарын 30, мягмар
[Ехова] чиний цаг хугацааны бат суурь (Ис. 33:6).
Хүнд сорилтын үед сэтгэл мэдрэмж, бодол санаа, үйл хөдлөл маань ердийн үеийнхтэй харьцуулахад тогтворгүй байдаг. Далайн шуурганд усан онгоц ийш тийш шидэгдэх шиг бид янз янзын сэтгэл хөдлөлд автдаг. Сэтгэл санаа тогтворгүй болсон үед Ехова бидэнд хэрхэн тусалдаг вэ? Ехова сэтгэл санааг маань тогтвортой байлгана гэж амладаг. Далайн шуурганаар усан онгоц ийш тийш шидэгддэг. Ийм үед усан онгоцыг тогтвортой байлгах зорилгоор хоёр хажуу талд нь тэнцвэржүүлэгч байдаг. Эдгээрийн ачаар хүчтэй савлах нь гайгүй болдог. Ийнхүү зорчигчид аюулгүй байж, ая тухтай аялна. Гэхдээ усан онгоц урагшилж байгаа үед л тэнцвэржүүлэх систем сайн ажилладаг. Үүнтэй адилаар, сорилт тулгарах үед урагшлах буюу үнэнч үйлчлээд л байвал Ехова биднийг тогтвортой байхад тусална. хц24.01 х. 22 д/м 7–8
12 сарын 31, лхагва
Бурханд би итгэлээ өгсөн. Би айхгүй (Дуу. 56:4).
Та айсан үедээ «Ехова урьд нь юу хийсэн билээ?» гэж өөрөөсөө асуугаарай. Түүний бүтээсэн зүйлийн талаар тунгаан бодоорой. Жишээлбэл цэцэгс болон шувууд Бурхны дүр төрхөөр бүтээгдээгүй, түүнийг шүтэх чадваргүй. Гэхдээ Ехова тэдэнд хэрхэн санаа тавьдгийг «сайн ажиглавал» бидэнд ч санаа тавина гэдэгт итгэх итгэл батажна (Мат. 6:25–32). Бас үйлчлэгчдийнхээ төлөө юу хийснийг бодоорой. Гайхалтай итгэлтэйгээ харуулсан Библийн баатрын тухай судлах юм уу Еховагийн орчин үеийн үйлчлэгчийн тухай уншиж болох юм. Түүнчлэн танд хэрхэн санаа тавьж байсныг нь эргэцүүлээрэй. Таныг үнэн рүү хэрхэн татсан бэ? (Ёох. 6:44). Залбиралд тань хэрхэн хариулсан бэ? (1 Ёох. 5:14). Хайрт Хүүгийнх нь золиосны ач тусыг өдөр бүр хэрхэн хүртдэг вэ? (Эф. 1:7; Евр. 4:14–16). хц24.01 х. 4 д/м 6; х. 7 д/м 17