«Энхийн цаг» ойрхон байна!
«Бүх юм товлосон цагтай... дайн хийгээд энхийн цаг» (НОМЛОГЧИЙН ҮГС 3:1, 8, ШЕ).
1. ХХ зуунд дайн ба энхийн тухайд ямар гайхалтай нөхцөл байдал ажиглагдсан бэ?
ИХЭНХ хүн энх тайвныг хүсдэг нь бүрэн үндэстэй юм. ХХ зуунд энх тайван байдал түүхийн аль ч зууныхаас бага байлаа. Гэтэл энэ зуунд энхийг сахих талаар урьд өмнө хэзээ ч хийж байгаагүй их ажил хийсэн нь гайхалтай. 1920 онд Үндэстний Холбоо үүсэн байгуулагдсан. Нэгэн лавлах номд «Дэлхийн Нэгдүгээр Дайны дараа энх тайван байдалд хүрэх гэсэн нилээд хэдэн оролдлогын хамгийн агуу нь» гэж нэрлэгдсэн Келлог-Брайндын гэрээ 1928 онд байгуулагджээ. Уг гэрээнд «дайнаас татгалзах хэрэгтэй гэдгийг үндэсний бодлогын зэвсэг болгон зөвшөөрсөн дэлхийн бараг бүх улс» гарын үсгээ зурсан байна. Хожим нь 1945 онд, оршин тогтнохоо больсон Үндэстний Холбооны оронд Нэгдсэн Үндэстний Байгууллага бий болов.
2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын албан ёсоор тунхагласан зорилго нь юу байв? Энэ зорилгоо аль хир биелүүлж байна вэ?
2 Нэгдсэн Үндэстний Байгууллагын албан ёсоор тунхагласан зорилго нь Үндэстний Холбооныхтой адил, энхийг сахих явдал билээ. Гэвч тус байгууллагын амжилт өчүүхэн юм. Одоо дэлхий дахинд дэлхийн хоёр дайнтай дүйх хэмжээний дайн байхгүй нь үнэн боловч хэдэн арван жижиг мөргөлдөөнүүд энх тайван байдал, эд хөрөнгө, хэдэн зуун мянган хүний амийг урьдын адил үгүй хийсээр л байна. Тэгэхлээр Нэгдсэн Үндэстний Байгууллага XXI зууныг «энхийн цаг» болгож чадна гэж найдаж болох нь уу?
Жинхэнэ энхийн үндэс
3. Жинхэнэ энх амгалан байдал нь ямар учраас үзэн ядалттай цуг нэг дор байж болдоггүй вэ?
3 Улс орон, ард түмнүүдийн дунд энх тайван тогтоход зөвхөн ганц тэвчээр хангалтгүй. Хэн нэг хүн үзэн яддаг хүнтэйгээ эвтэй найртай байж чадах уу? «Ах дүүгээ үзэн яддаг нэг нь алуурчин мөн» хэмээн 1 Иохан 3:15-д бичсэнээр бол энэ нь боломжгүй юм. Айхтар үзэн ядалт нь хүчирхийлэл болж хувирахдаа амархан байдгийг орчин үеийн түүх баталж буй.
4. Зөвхөн хэн амар тайван байж болох вэ? Яагаад?
4 Ехова «энх тайвны Бурхан» учраас Түүнийг хайрладаг, зөв зарчмуудыг нь гүнээ хүндэтгэдэг хүмүүсийн дунд л энх тайван байдал байж чадна. Ехова бүх хүнд энх тайвныг өгдөггүй гэдэг нь ойлгомжтой. «„Хилэнцтэд амар амгалан байхгүй“ гэж миний Бурхан айлдаж байна». Хилэнцэт хүмүүс Бурхны ариун сүнсийг удирдлагаа болгож, түүний үр жимс болох амар тайвныг хүсдэггүй шүү дээ (Ром 15:33; Исаиа 57:21; Галат 5:22).
5. Жинхэнэ христосын шашинтнуудын хувьд санаанд багтамгүй зүйл нь юу вэ?
5 Хүмүүсийн эсрэг дайн хийх нь жинхэнэ христосын шашинтнуудын хувьд санаанд багтамгүй зүйл боловч өөрсдийгөө христосын шашинтан гэж нэрлэгчид үүнийг цаг үргэлж, ялангуяа ХХ зуунд их хийсэн билээ (Иакоов 4:1–4). Жинхэнэ христосын шашинтнууд Бурхны талаарх буруу ташаа сургаалтай тэмцдэг агаад энэ тэмцэл нь хүмүүст тус болохоос, ус болдоггүй. Хүмүүсийг шашны үзэл бодлын ялгаанаас болоод хавчих юм уу, үндсэрхэх үзлийн шалтгаанаар биед нь хохирол учруулах нь жинхэнэ христосын шашны зарчимтай эрс зөрчилддөг. «Та нараас хамаарах тул аль болохоор бүх хүмүүстэй эвтэй байхыг хичээ» хэмээн Паул Ромын христосын шашинтнуудад сургамжилсан байдаг (Ром 12:17–19; 2 Тимот 2:24, 25).
6. Жинхэнэ энх амгаланг зөвхөн хаанаас олж болох вэ?
6 Өнөөдөр Ехова Бурхны жинхэнэ шүтлэгтнүүдийн дундаас л Бурхны бэлэглэсэн энх тайвныг олж болно (Дуулал 119:165; Исаиа 48:18). Эдгээр христосын шашинтнууд хаана ч улс төрийн хувьд төвийг сахидаг учраас улс төрийн ямар ч ялгаа эдний эв нэгдлийг эвддэггүй (Иохан 15:19; 17:14). «Адил бодол, адил санаа дотор хамтдаа нягт нэгдсэн» байдаг тул шашны ямар ч ялгаа тэдний амар тайванд аюул учруулдаггүй (1 Коринт 1:10). Еховагийн Гэрчүүдийн амсан эдэлж буй энх тайван байдлыг орчин үеийн гайхамшиг гэж хэлж болно. Энэ нь «Чиний төр баригчийг энх амгалан болгон, чиний харгалзагчийг үнэн зөв болгоно» гэсэн Бурхны амлалтын ачаар боломжтой болсон (Исаиа 60:17; Еврей 8:10)
Ямар учраас «дайны цаг» вэ?
7, 8. а) Еховагийн Гэрчүүд энх тайвныг эрхэмлэдэг ч өнөө үеийг хэрхэн үздэг вэ? б) Христосын шашинтнуудын байлдааны гол зэвсэг нь юу вэ?
7 Еховагийн Гэрчүүд энх тайвныг эрхэмлэдэг ч одоо үндсэндээ «дайны цаг» байна гэж үздэг. Гэхдээ энэ нь жинхэнэ дайн биш гэдэг нь мэдээжийн хэрэг юм. Хэрэв хүмүүст библийн мэдээг албадан хүлээлгэх зорилгоор зэвсэг хэрэглэвэл «Хүссэн нэг нь амийн усыг үнэгүйгээр аваг» гэсэн урилгатай зөрчилдөх байсан (Илчлэлт 22:17). Итгэл бишрэлийн асуудалд хүчээр хандах тухай энд яриагүй билээ. Еховагийн Гэрчүүдийн явуулж буй сүнслэг дайны талаар л энд өгүүлж байна! «Бидний байлдааны зэвсэг бол махан биеийнх биш, харин бат бөх цайзуудыг эвдэж нураах Бурханд буй хүчит зэвсгүүд юм» хэмээн Паул бичжээ (2 Коринт 10:4; 1 Тимот 1:18).
8 «Бидний байлдааны» гол «зэвсэг» бол «Бурхны үг болох Сүнсний сэлэм» юм (Эфэс 6:17). Энэ бол их хүчтэй зэвсэг. «Бурхны үг амьд бөгөөд үр нөлөөтэй, хоёр талдаа иртэй ямар ч илднээс илүү хурц иртэй бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог. Зүрхний санаархал хийгээд бодлыг шүүх чадвартай юм» (Еврей 4:12). Христосын шашинтнууд энэ сэлэмний тусламжтайгаар «Бурхны мэдлэгийн эсрэг босогч аливаа өндөрлөг зүйлийг» түлхэн унагааж чаддаг (2 Коринт 10:5). Энэхүү Үг нь тэдэнд хуурамч сургаал номлол, хор хөнөөл бүхий зан заншил хийгээд Бурхны мэргэн ухааныг бус, харин хүний бодол санааг тусгасан философийг илчлэн ялгах боломж олгодог (1 Коринт 2:6–8; Эфэс 6:11–13).
9. Нүгэлт биетэйгээ тэмцэх тэмцлээ бид яагаад сулруулж болохгүй вэ?
9 Сүнслэг тулааны өөр нэг хэлбэр нь нүгэлт биетэйгээ тэмцэх явдал юм. Христосын шашинтнууд «Бусдад дэлгэрүүлчихээд, өөрөө зохисгүй болчих вий гэж биеэ зовоож, боол болгодог» гэж хүлээн зөвшөөрсөн Паулын жишээг дагадаг (1 Коринт 9:27, ШЕ). Колоссайн христосын шашинтнуудад «Тиймд та нар газар дээрх биеийн эрхтэн болох ёс бусаар эр эм болох явдал, бузар байдал, тачаал, муу хүсэл, завхайрал болон зохиомол шүтээн шүтэх явдлыг үхүүл» хэмээн уриалсан буй (Колосай 3:5). Иуда захидалдаа «ариун хүмүүст нэгэнтээ бүрмөсөн тушаагдсан итгэлийн төлөө тэмцэхийг» христосын шашинтнуудад уриалжээ (Иуда 3). Бид яагаад тэгэх ёстой юм бол? «Хэрэв та нар махан биеийн дагуу амьдарвал үхэх ёстой. Харин хэрэв та нар Сүнсээр биеийн үйлсийг үхэлд хүргэвэл амьд байх болно» гэж Паул хариулсан юм (Ром 8:13). Муу хүсэлтэйгээ тэмцэх тэмцлээ сулруулж болохгүй гэдгийг энэ үг харуулж байна.
10. 1914 онд юу болсон бэ? Энэ нь ойрын ирээдүйд юунд хүргэх вэ?
10 Өнөө үеийг дайны цаг гэж үзэх өөр нэг үндэс нь «бидний Бурхны өс авах өдөр» ойрхон байгаад юм (Исаиа 61:1, 2). Мэссиагийн Хаанчлалыг тогтоож, түүгээр Сатаны тогтолцооны эсрэг дайн явуулах Еховагийн товлосон цаг 1914 онд ирсэн. Тэгэхэд засаглалыг Бурхны оролцоогүйгээр явуулах, хүмүүст олгосон туршилтын цаг дууссан. Бурхны томилсон мэссиагийн Захирагчийг хүлээж авахын оронд ихэнх хүн I зууны үеийн хүмүүсийн адил үл ойшоосон хэвээрээ л байна (Үйлс 28:27). Тиймд Хаанчлалыг эсэргүүцдэгээс болж Христ «дайснуудынхаа дунд байж захирах» шаардлагатай болсон (Дуулал 110:2). Тэр «ялахын тулд» гарч ирсэн тухай Илчлэлт 6:2-оос уншиж мэдэхэд баярламаар сайхан. Энэхүү ялалт еврейгээр Хармагэдоон гэсэн нэртэй «Төгс хүчит Бурхны агуу их өдрийн дайн»-аар болно (Илчлэлт 16:14, 16).
Одоо бол «ярих цаг» мөн
11. Ямар учраас Ехова ер бусын тэвчээртэй ханддаг вэ? Эцсийн эцэст юу болох вэ?
11 Хүмүүсийн үйл хэрэгт эргэлт гарсан 1914 оноос хойш 85 жил өнгөрчээ. Ехова хүмүүст ер бусын тэвчээртэйгээр ханддаг.Тэрбээр одоо эрчимтэй ажиллах нь хэчнээн чухал болохыг Гэрчүүддээ бүрэн ойлгуулсан байх талаар санаа тавьжээ. Олон сая хүний амь нас аюулд тулж ирээд байна. Тэд бүгд энэ талаар урьдчилан мэдсэн байх эрхтэй. Учир нь Ехова «хэнийг ч мөхүүлэхийг зоридоггүй харин бүх хүмүүс гэмшил рүү ирэхийг хүсдэг билээ» (2 Пэтр 3:9). Тэр тусмаа удахгүй «Эзэн Есүс хүчирхэг тэнгэрэлчүүдийнхээ хамт... тэнгэрээс илчлэгдэн» ирнэ. Тэр цагт Бурхны Хаанчлалын тухай мэдээг санаатайгаар үл тоомсорлосон бүх хүмүүс Есүсийн, «Бурхныг үл мэдэгсдэд ба бидний Эзэн Есүсийн сайн мэдээг үл дагагсдаас» авах «өшөөг» амсах болно (2 Тэсалоник1:6—9).
12. а) Агуу их гамшиг хэзээ эхлэхийг тогтоох гэсэн оролдлого ямар учраас утгагүй вэ? б) Үүнтэй холбоотой ямар аюулын талаар Есүс урьдчилан сануулсан бэ?
12 Тэгвэл Еховагийн тэвчээр хэзээ дуусах вэ? «Агуу их гамшиг» хэзээ эхлэхийг тогтоох гэсэн ямар ч оролдлого утга учиргүй юм. Есүс: «Харин тэр өдөр, цагийг Хүү ч, тэнгэрэлчүүд ч үл мэднэ» гэж тов тодорхой хэлсэн. Гэхдээ үүний сацуу: «Тиймээс сэргэг бай. Учир нь Эзэн тань хэзээ ирэхийг та нар мэдэхгүй... Тиймээс та нар бас бэлэн бай. Учир нь Хүний Хүү та нарын бодоогүй цагт ирэх юм» хэмээн уриалжээ (Матай 24:21, 36, 42, 44). Үүнийг тодруулбал, бид өдөр бүр дэлхийд болж буй үйл явдлуудыг ажиглан, агуу их гамшиг гэнэт ирж болно гэдгийг мартахгүй байх ёстой гэсэн үг (1 Тэсалоник 5:1–5). Нэг их сүржигнэхгүй шиг, ердийн л амьдралаар амьдарч, үйл явдлын цаашдын өрнөлтийг хараад л суувал барав гэж бодох нь юутай аюултай! «Өөрсдөдөө санаа тавигтун. Ингэх нь Та нарын зүрх хэт идэж уух, согтуурал болон амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүй бөгөөд тэрхүү өдөр та нарт хавх мэт гэнэт ирэхгүйн тулд болой» гэж Есүс хэлсэн (Лүүк 21:34, 35). Еховагийн «дөрвөн тэнгэрэлчийн» одоо тогтоон барьж буй сүйтгэл авчрах «дөрвөн салхи» эцэс төгсгөлгүйгээр баригдаж байхгүй гэдэгт бид итгэлтэй байж болно (Илчлэлт 7:1–3).
13. Зургаан сая орчим хүн юу ойлгодог вэ?
13 Тооцоо хийх өдөр улам бүр ойртсоор байна гэдгийг харгалзан үзвэл «ярих цагийн» тухай өгүүлсэн Соломоны үгс онцгой утга санаатай болох ажээ (Номлогчийн үгс 3:7). Одоо бол ярих цаг үнэхээр мөн гэдгийг ойлгосон зургаан сая орчим Еховагийн Гэрч Бурхны Хаанчлалын алдрыг идэвхтэй дэлгэрүүлж, Бурхан өшөө авах тухай урьдаас сануулдаг. Тэд Христийн хүчний өдөрт бэлэн байх болно (Дуулал 110:3; 145:10—12).
«Энх амгалан үгүй атал „энх амгалан“» гэж яригсад
14. МЭӨ 7-р зуунд хуурамч зөнчид нь ямар хүмүүс байсан бэ?
14 МЭӨ 7-р зуунд Бурхны зөнч Иеремиа Екезиел нар Бурханд дуулгавартай байхаа больсон Иерусалимыг Бурхан шүүх тухай мэдээг дамжуулсан. Хэдийгээр нэр нөлөө бүхий шашны удирдагчид Бурхны элчүүдтэй зөрөлдөж байсан ч гэсэн тэдний зөгнөн хэлсэн сүйрэл МЭӨ 607 онд болсон. «Энх амгалан үгүй атал „энх амгалан“ гэж ярин [Бурхны] ард түмнийг төөрөгдөлд оруулсан» шашны удирдагчид «солиотой зөнчид» болсон (Езекиел 13:1–16; Иеремиа 6:14, 15; 8:8–12).
15. Өнөөдөр хуурамч зөнчид шиг хүмүүс байдаг уу? Тайлбарлана уу
15 Тэр үеийн «солиотой зөнчдийн» адилаар өнөөдөр ч гэсэн ихэнх шашны удирдагчид хүмүүст ойртон ирж буй Бурхны шүүх өдрийн тухай урьдчилан сануулахгүй байна. Үүний оронд тэд энх амгалан, аюулгүй байдалд хүргэх хүчин бол эцсийн дүндээ улс төрийн бүлгүүд гэж итгэн найддаг ажээ. Бурханд гэхээсээ илүү хүнд таалагдахыг хүссэн тэд Бурхны Хаанчлал тогтож, Мэссиа Хаан удахгүй ялна гэж тайлбарлахын оронд өөр дээр нь ирдэг хүмүүсийн л сонсохыг хүсдэг зүйлийг ярьдаг (Даниел 2:44; 2 Тимот 4:3, 4; Илчлэлт 6:2). Тэд хуурамч зөнчдийн адил мөн л «энх амгалан үгүй атал „энх амгалангийн“» тухай ярьдаг. Буруугаар төсөөлж, нэр алдрыг нь ихэд гутааж байсан тэд Түүний уур хилэнтэй тулгараад ирэхээрээ итгэлтэй байдал нь тун удахгүй санаанд оромгүй айдсаар солигдох болно. Библид садар эмтэй зүйрлэдэг хуурамч шашны дэлхийн эзэнт улсын удирдагчид төөрөгдөлд оруулдаг амгалан энхийн тухай уухайныхаа төлөөсийг амиараа төлөх болно (Илчлэлт 18:7, 8).
16. а) Еховагийн Гэрчүүд юугаараа алдартай вэ? б) Тэд хуурамч шашнаас юугаараа ялгаатай вэ?
16 Жинхэнэ амгалан энхийн тухай Бурхны амлалтад итгэдэг хүмүүс нэр, нөлөө бүхий ихэнх удирдагчид энх тайвныг тогтооно гэж гоё сайхан үгээр үргэлжлүүлэн амласаар байна гэдэгт огтхон ч эргэлздэггүй. Еховагийн Гэрчүүд зуу гаруй жил Бурхны Үгийг үнэнчээр хамгаалж, хуурамч шашныг зоригтойгоор эсэргүүцэн, Бурхны Хаанчлалд тууштай найдаж байгаагаараа алдартай. Тэд хүмүүсийг амгалан энхийн тухай яруу сонсголонт амлалтаар бүүвэйлэхээс хол хөндий байдаг ба харин ч одоо бол дайны цаг гэдгийг хүмүүст мэдүүлж, тэднийг сэрээхийг хичээдэг (Исаиа 56:10–12; Ром 13:11, 12; 1 Тэсалоник 5:6).
Ехова дуугүй байхаа болино
17. Ехова удахгүй дуугүй байхаа болино гэдгийг яаж ойлгох вэ?
17 Тэрчлэн Соломон: «Жинхэнэ Бурхан зөв шударга ба хорон муу хүнийг аль алиныг нь шүүнэ. Учир нь ажил хэрэг болгон товлосон цагтай» хэмээн хэлжээ (Номлогчийн үгс 3:17, ШЕ). Тийм ээ, Ехова хуурамч шашин болон «Эзэн ба түүний Тослогдсон нэгний эсрэг... хоорондоо» хуйвалдсан «удирдагч нарыг» шийтгэх цагаа товлосон билээ (Дуулал 2:1–6; Илчлэлт 16:13–16). Энэ цаг үе болоход Ехова «нам жим дуугүй» байхаа болино (Дуулал 83:1; Исаиа 62:1; Иеремиа 47:6, 7). Мэссиагийн Хааны сэнтийд заларсан Есүс Христээр дамжуулан тэрбээр эсэргүүцэгчидтэйгээ ойлгомжтой нэг хэлээр «ярих» болно. Тэрбээр: «Эзэн дайсан мэт урагшилж, цэргийн хүн мэт босон, дуугаа өндөрлөн дайнд уухайлж, Өөрийн дайсныг сүр жавхлангаар дарна. Би удаан хугацааны турш чимээгүй тэвчиж, биеэ барьж ирлээ. Харин одоо төрөх гэж байгаа эх мэт хашгирч, амаа ангайлган, бахардах болно. Би уул толгодыг хоослон, тэдний бүх ногоог хатаан, гол мөрнийг нь арлууд болгож, цөөрмүүдийг нь ширгээнэ. Би хараагүйчүүдийг тэдний мэдэхгүй харгуйгаар хөтлөн, үл мэдэх замаар тэднийг удирдаж, тэдний өмнө харанхуйг гэрэл болгон, барзгар замыг шулуун болгоно. Энэ бол миний хийх юм. Би тэднийг орхихгүй» гэнэ (Исаиа 42:13–16).
18. Бурхны албатуудад удахгүй «дуугүй» байх болно гэдгийг хэрхэн ойлгох вэ?
18 Ехова захирах эрхээ хамгаалан «ярьж» эхлэхэд ард түмэн нь өөрсдийгөө хамгаалах гэж ярих хэрэггүй болно. Тэр цагт тэдний «дуугүй» байх ээлж ирнэ. Эрт цагийн адилаар дараах үгсийг Бурхны албатуудад хамруулж болно: «Энэ удаад та нар тулалдах хэрэггүй. Харин байраа эзэлж зогсоод Ехова та нарыг аврахыг харагтун» (Судрын дэд 20:17).
19. Христийн сүнслэг ах дүүст удахгүй ямар алдарт үйлс бүтээх үүрэг оногдох вэ?
19 Сатан болон түүний байгууллагыг бут ниргэх нь ямар аймшигтай байх бол оо! «Энх тайвны Бурхан та нарын хөл дор Сатаныг удахгүй устгана. Бидний Эзэн Есүсийн ивээл та нартай хамт байх болтугай» гэсэн амлалтын дагуу Христийн алдар цуутай ахан дүүс үнэн зөвийг хамгаалан, ялалт байгуулах болно (Ром 16:20). Дараа нь удаан хүлээсэн энх амгалан ирнэ.
20. Удахгүй юуны цаг болох вэ?
20 Еховагийн хүч чадлын агуу их илрэлийг эсэн мэнд даван дэлхий дээрээ амьдрах тэр хүмүүсийн амьдрал хэчнээн ивээлтэй байх бол оо! Хүч чадлын илрэлийн дараахан дахин амилах цаг нь болсон эрт дээр үеийн үнэнч эрэгтэй эмэгтэй хүмүүс тэдэнтэй нийлнэ. Христийн удирдлагын мянганжил үнэхээр «тарих, анагаах, босгох, инээх, үсрэх, тэврэх... хийгээд хайрлах цаг байх болно» (Номлогчийн үгс 3:1–8; Дуулал 29:11; 37:11; 72:7).
Давтах асуулт
◻ Бат бэх амгалан энхийн үндэс юу вэ?
◻ Ямар учраас Еховагийн Гэрчүүд одоо бол «дайн тулааны цаг» гэж үздэг вэ?
◻ Бурхны ард түмэн хэзээ «ярих», хэзээ «дуугүй» байх хэрэгтэй вэ?
◻ Ехова хэзээ, яаж дуугүй байхаа болих вэ?
[13-р хуудасны хавсралт/зураг]
Ехова дараах үйл явдлууд болох цагийг товлосон
◻ Гогийг Бурхны ард түмэн уруу халдуулахаар турхирна (Езекиел 38:3, 4, 10–12, ШЕ);
◻ тэрээр агуу их Вавилоныг устгах санааг хүний удирдагчдын зүрхэнд бий болгоно (Илчлэлт 17:15–17; 19:2);
◻ Хурганы хурим болно (Илчлэлт 19:6, 7);
◻ Хармагэдоон хэмээх дайн эхэлнэ (Илчлэлт 19:11–16, 19–21);
◻ Сатан гинжлэгдэх ба Христийн мянганжилийн захиргаа эхэлнэ (Илчлэлт 20:1–3).
Эдгээр үйл явдлууд Бичээст байдаг дэс дарааллынхаа дагуу бичигдсэн болно. Энэ таван үйл явдал Еховагийн товлосон тэр л цагт мөн дэс дараагаараа болно гэдэгт бид эргэлзэхгүй байж болно.