Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц99 10/1 х. 11-14
  • Эцсээ хүртэл тэвчиж болно

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Эцсээ хүртэл тэвчиж болно
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг Тунхагладаг 1999
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Зохих хоол тэжээлгүй бол барахгүй
  • Үзэгчдийн зүгээс үзүүлэх урамшуулал
  • Хурдаа зөв тохируул
  • Шагналд анхаарлаа хандуул
  • Төгсгөл ойртож байгаа цаг үед
  • Тэвчээртэй гүйгтүн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2011
  • Барианд орцгооё
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
  • «Та нар ялахын тулд ... гүйцгээ»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2011
  • Еховаг хайрладаг хүнийг «бүдрүүлэх зүйл ч байдаггүй»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг Тунхагладаг 1999
хц99 10/1 х. 11-14

Эцсээ хүртэл тэвчиж болно

«Урьдах уралдаандаа тэвчээртэйгээр гүйцгээе» (ЕВРЕЙ 12:1).

1, 2. Тэвчих гэж юу гэсэн үг вэ?

«ТА нарт тэвчээр хэрэгтэй» гэж 1-р зууны үеийн еврей христосын шашинтнуудад зориулж элч Паул бичжээ (Еврей 10:36). Элч Пэтр энэ чанар чухал гэдгийг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ бас «итгэл дээрээ... тэвчээрийг,... хамтатга» хэмээн христосын шашинтнуудыг уриалсан (2 Пэтр 1:5,6). Тэгвэл тэвчээр гэж юу вэ?

2 «Тэвчих» гэсэн утгатай грек үйл үг «орхиж явахын оронд үлдэж хоцрох... байрлалаа алдахгүй, тэсэж өнгөрөөх» гэсэн санааг илэрхийлдэг. «Тэвчээр» гэсэн утгатай грек нэр үгийн талаар нэгэн лавлах бичигт: «Энэ бол зовлон бэрхшээлийг зүгээр нэг хүлцэн дагах байдлаар бус харин халуун итгэлтэйгээр тэсвэрлэж чадах сэтгэлийн тэнхээ юм... Энэ бол салхи сөрөн зогсож байгаа үед нь хүнийг хөл дээр нь тогтоон барьж байх чанар юм. Энэ бол хүнд тохиолдсон хамгийн хэцүү сорилтыг алдар гавьяаны хэрэг болгон хувиргаж чаддаг ач тустай зүйл юм. Яагаад гэвэл тийм хүн зовлонгийн цаана байгаа зорилгоо харж байдаг» гэж бичжээ. Өөрөөр хэлбэл тэвчээр нь хүнд итгэл найдвараа алдахгүйгээр зовлон бэрхшээл, саад тотгорыг даван туулах боломжийг олгодог. Энэ чанар чухам хэнд хэрэгтэй вэ?

3, 4. а) Тэвчээр хэнд хэрэгтэй вэ? б) Бид эцсээ хүртэл тэвчих ёстойн учир юу вэ?

3 Бүх христосын шашинтнуудыг тэвчээр шаардагдсан гүйлтэд оролцож байна гэж жишээлэн хэлж болох юм. Ойролцоогоор МЭ 65 онд элч Паул өөрийнхөө үнэнч дагалдагч бөгөөд хамтран ажиллагч Тимотод: «Би сайн тэмцэлд тэмцэн, гүйх замаа дуусгаад, итгэлээ хамгаалсан» гэж урам зориг хайрласан үг бичиж байжээ (2 Тимот 4:7, МАБ). Паул «гүйх замаа дуусгасан» гэж хэлэхдээ христосын шашинтны амьдралаа тодорхой замаар барианы шугам уруу гүйх гүйлттэй зүйрлэсэн. Эдгээр үгсийг хэлж байх үедээ Паул гүйлтээ ялалтаар дуусгах дөхчихсөн байсан бөгөөд шагнал авна гэдэгтээ итгэл дүүрэн байлаа. «Үүнээс хойш зөвийн титэм нь надад зориулагдан зэхэгдсэн ажээ. Үүнийг зөв шүүгч болох Эзэн тэр өдөр зүтгэлийг минь үнэлж өгнө» гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлсэн юм (2 Тимот 4:8). Паул эцсээ хүртэл тэвчсэн болохоор шагнал авна гэдэгтээ итгэлтэй байсан. Харин бидний тухайд юу хэлж болохсон бол?

4 Паул гүйж эхэлсэн хүмүүсийг зоригжуулах зорилгоор «урьдах уралдаандаа тэвчээртэйгээр гүйцгээе» гэж бичсэн (Еврей 12:1). Есүс Христээр дамжуулан өөрийгөө Еховад зориулсан тэр мөчөөсөө эхлэн бид тэвчээр шаардсан христосын шашинтны энэхүү гүйлтээр гүйж эхэлдэг. Христосын шашинтан дагалдагчийн замыг эхэлнэ гэдэг тун сайн хэрэг боловч эцсийн дүндээ барианд орж чадах эсэх нь туйлаас чухал бөлгөө. «Эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно» гэж Есүс хэлсэн (Матай 24:13). Гүйлтээ амжилттай дуусгасан хүмүүс мөнх амийн шагнал авах болно! Тийм учраас бид зорилгоо санан, эцсээ хүртэл тэвчих ёстой. Энэ зорилгоо биелүүлэхэд маань бидэнд юу туслах вэ?

Зохих хоол тэжээлгүй бол барахгүй

5, 6. а) Амийн төлөөх гүйлтдээ тэвчээртэй байдлаа хадгалахын тулд бид юуг анхаарах хэрэгтэй вэ? б) Бид сүнслэг ямар хоолоор хооллох хэрэгтэй вэ? Яагаад?

5 Дээр үед алдарт Истмийн наадмыг зохион явуулдаг газар грекийн Коринт хотоос холгүйхэн байдаг байлаа. Тэнд зохиогддог хөнгөн атлетикийн болон бусад тэмцээнүүд Коринт хотын ах дүү нарын тухайд танил ойлгомжтой гэдгийг Паул мэдэж байсан нь эргэлзээгүй. Паул үүнд тулгуурлан оролцож байгаа амийн төлөөх гүйлтийг нь тэдэнд сануулж: «Гүйгчид гүйлтийн замаар бүгд гүйдэг ч нэг нь шагнал хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү? Та нар хүрэхийн тулд ийнхүү гүйцгээ» гэж хэлсэн. Замаасаа гарчихгүй барианд орохын төлөө тууштай тэмцэх нь хэчнээн чухал болохыг Паул онцлон тэмдэглэсэн. Гэвч ингэхэд тэдэнд юу туслах байв? Паул: «Өрсөлдөгч хүн бүр бүх талаараа биеэ барих чадварт өөрийгөө дасгалжуулдаг аж» гэж нэмж хэлжээ. Тийм ээ, эртний тэр наадамд оролцогчид ялалт байгуулахын тулд биеэ үл нөөн бэлтгэл сургууль хийж, хоол ундаа маш нарийн тохируулан, амьдралаа хатуу дэглэмд захируулдаг байжээ (1 Коринт 9:24, 25).

6 Христосын шашинтнуудын гүйж эхэлсэн гүйлтийн талаар юу хэлж болох вэ? «Амийн төлөөх гүйлтэд тэвчээртэй байдлаа хадгалахын тулд сүнслэг ямар хоол идэж байгаа билээ гэдгээ анхаарах хэрэгтэй» гэж Еховагийн Гэрчүүдийн хурлын нэгэн ахлагч хэлжээ. «Тэвчээр өгдөг Бурхан» Ехова бидэнд сүнслэг ямар хоол олгодогт анхаарлаа хандуулаарай (Ром 15:5, ШЕ). Бидний хоол тэжээлийн гол эх булаг нь түүний Үг, Библи юм. Бид Библи унших чанд дэглэм баримталж болохгүй гэж үү? Тэрчлэн Ехова «итгэлтэй мэргэн боол»-оор дамжуулан «Харуулын Цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлүүд болон Библи дээр үндэслэсэн бусад хэвлэлүүдээр биднийг цаг тухайд нь хангадаг (Матай 24:45). Энэ бүгдийг нягт нямбай судалж байж бид сүнслэг талаараа бэхжих болно. Тийм ээ, бид бие даан судлахдаа зориулж «тохиромжтой цаг гаргах» ёстой (Эфэс 5:16, ШЕ).

7. а) Бид мэдлэгээ христосын шашинтны үндсэн сургаалаар хязгаарлаж болохгүйн учир юу вэ? б) Боловсорсон байдал уруу хэрхэн тэмүүлж болох вэ?

7 Христосын шашинтны дагалдагчийн зам дээр үлдэхийн тулд бид «анхдагч ойлголт» дээр зогсохгүй, харин «боловсорсон байдал уруу тэмүүлцгээх» хэрэгтэй (Еврей 6:1). Үүний тулд бид үнэнийг «гүн, өндөр, урт хийгээд өргөнөөр» мэдэхийг эрмэлзэх ёстой. Мөн тэрчлэн «боловсорсон хүмүүст тохирох» «бор хоолоор» хооллох хэрэгтэй (Эфэс 3:18; Еврей 5:12–14). Матай, Марк, Лүүк, Иохан нарын Евангели болох Есүсийн дэлхий дэх амьдралын талаарх үнэн магадтай дөрвөн хүүрнэлийг жишээ болгон авч үзье. Евангелийг нягт нямбай судлах ахул Есүс ямар бие хүн байсан хийгээд тэрбээр юу хийж байсныг мэдээд зогсохгүй, үйл ажиллагааных нь учиг болсон бодол сэтгэлгээнийх нь төлөв байдлыг ухан ойлгож болно. Харин энэ нь биднийг «Христийн бодол санаатай» болгодог (1 Коринт 2:16).

8. Христосын шашинтны цуглаанууд амийн төлөөх гүйлтэд тэвчээрээ хадгалахад маань хэрхэн тусалдаг вэ?

8 Паул итгэгчдийг: «Биедээ халамжтай байя. Ингэхдээ хайр ба сайн үйлсийг хөхүүлэн урамшуулж, зарим хүмүүст зуршил бий болсончлон хамтдаа цуглахаа үл больж, харин тэр өдөр ойртох тусам нэг нэгнээ улам зоригжуулъя» хэмээн уриалсан (Еврей 10:24, 25). Христосын шашинтны цуглаанууд бидэнд ямар их урам зориг өгдөг билээ! Мөн таныг эцсээ хүртэл тэвчихэд тань туслахыг хүсэж, таны төлөө анхаарал халамж тавьж байдаг хайрт ах эгч нартайгаа харьцаж нөхөрлөснөөр та хэчнээн их хүч авдаг билээ! Бид Еховагийн энэ бэлэгт хөнгөн хуумгай хандаж болохгүй. Хичээл зүтгэлтэйгээр бие даан судалж, цуглаандаа тогтмол оролцох явдал маань биднийг «ухаанаараа боловсорсон хүн» болгог (1 Коринт 14:20).

Үзэгчдийн зүгээс үзүүлэх урамшуулал

9, 10. а) Үзэгчид гүйлтийн тэмцээнд оролцогчдыг тэсвэр хатуужилтай байхад нь хэрхэн урамшуулж болдог вэ? б) Еврей номын 12:1-д дурдсан «биднийг хүрээлэгч гэрчүүдийн үүлийг» юу гэж ойлгож болох вэ?

9 Гэхдээ гүйлтийн тэмцээнд хэчнээн чармайж бэлтгэсэн байлаа ч гэсэн замд урьдчилан бодоогүй ямар нэгэн зүйл тохиолдож болох бөгөөд тэр нь гүйлтийг яах ч аргагүй таслан зогсоож болох юм. Паул: «Та нар гүйсээр байсан. Хэн та нарыг үнэнд дуулгавартай байхад чинь саад болсон бэ?» гэж асуусан (Галат 5:7). Галатын зарим нэг христосын шашинтнууд муу хүмүүстэй нөхөрлөсөн бөгөөд энэ нь тэднийг амийн төлөөх гүйлтээс холдуулсан бололтой. Нөгөө талаас, эргэн тойрныхоо хүмүүсээс авч байгаа дэмжлэг, тэдний хайрласан урмын ачаар гүйлтийн үед тэвчээрээ хадгалах нь дөхөмтэй байсан байж болох юм. Энэ нь спортын уралдаан тэмцээнд оролцогчдод үзэгчдийн зүгээс үзүүлдэг нөлөөлөлтэй тун төстэй аж. Бахдан хөөрсөн олон түмэн гараанаас алдсан өрсөлдөгчөө бариа хүртэл гүйцэх гэсэн хор шарыг нь нэмэгдүүлдэг. Хөгжөөн дэмжигчдийн гараа сарвалзуулж, хөгжим орилуулан уухайлах дуун барианд дөхөөд ирсэн үед нь тэмцээнд оролцогчдод чухал шаардлагатай нэмэлт хүчийг өгдөг. Тийм ээ, сэтгэл нь хөдөлсөн үзэгчид гүйлтийн тэмцээнд оролцогчдод эерэг нөлөө үзүүлж болно.

10 Тэгвэл амийн төлөөх христосын шашинтнуудын эхэлсэн гүйлтийг үзэгчид хэн байж болох вэ? Паул Еврей номын 11-р бүлэгт гардаг, христосын шашин бий болохоос өмнөх үеийн Еховагийн үнэнч гэрчүүдийг тоочоод: «Тиймээс бидэнд ч биднийг хүрээлэгч гэрчлэлийн [«гэрчүүдийн», ШЕ] тийм үүл байдаг тул аливаа саад тотгорыг ба биднийг тун амархан урхидах нүглийг хажуу тийш нь тавьж, урьдах уралдаандаа тэвчээртэйгээр гүйцгээе» гэж бичсэн (Еврей 12:1). Паул үүлийг зүйрлэл болгон авахдаа тодорхой дүрс болон хэлбэр хэмжээтэй үүлийг заадаг грек үгийг хэрэглээгүй юм. Тэрбээр толь зүйч В. Е. Вайны томъёолсон «тэнгэрийг бүрхдэг, тодорхой хэлбэр дүрсгүй, бараан үүлийг заадаг» тэр үгийг ашиглажээ. Паул бараан үүлийг санагдуулам тоо томшгүй, үй олон гэрчүүдийн тухай хэлсэн нь тодорхой.

11, 12. а) Христосын шашин бий болохоос өмнөх үеийн үнэнч гэрчүүд холын зайд тэвчээртэйгээр гүйгч биднийг ямар байдлаар урамшуулдаг вэ? б) «Гэрчүүдийн үүл» бидэнд хэрхэн илүү ихээр тусламж дэмжлэг үзүүлж болох вэ?

11 Христосын шашин бий болохоос өмнөх үеийн үнэнч гэрчүүд бодит утгаараа эдүгээ цагийн уралдаан тэмцээний үзэгчид байж болох уу? Хаанаас даа. Тэд бүгд дахин амилуулалтыг хүлээн үхлийн нойроор унтаж байгаа. Харин тэд амьд сэрүүн байхдаа өөрсдөө амжилттай «гүйгчид» байсан бөгөөд тэдний жишээ Библийн хуудсуудад амьдран байдаг. Бичээсийг судлах үед маань эдгээр үнэнч хүмүүс биднийг замаа дуустал гүйхэд урамшуулж, оюун ухаанд маань амилдаг ажгуу (Ром 15:4).

12 Тэгвэл энэ ертөнцийн ямар нэгэн зүйл дур сонирхлыг маань татах аваас египетийн эрдэнэсээс татгалзсан Мосегийн жишээг хянан үзэх ахул бид замаасаа харахыг хүснэ гэж үү? Хэрэв бидэнд тохиолдсон ямар нэгэн сорилт хүнд юм шиг санагдах аваас Исаак хүүгээрээ өргөл өргөх тушаал авсан Абрахаамын хүнд сорилтыг эргэн санавал итгэлийн төлөө тэмцэлдээ бууж өгөхгүй байхад шаардлагатай тийм хүчийг бид заавал олж авна. Бид тэднийг ухан ойлгох нүдээрээ хэдийчинээ тод харна эдгээр гэрчүүдийн «үүл» биднийг төдийчинээ урамшуулах болно.

13. Орчин үеийн Еховагийн Гэрчүүд амийн төлөөх гүйлтэд биднийг хэрхэн урамшуулдаг вэ?

13 Энэ цагт ч биднийг мөн Еховагийн үй олон Гэрчүүд хүрээлэн байна. Тослогдсон христосын шашинтнууд, мөн тэрчлэн «үй олон хүмүүс» итгэлийн ямар гайхамшигтай жишээг үзүүлнэ вэ! (Илчлэлт 7:9). Тэдгээрийн намтар түүхээс энэ сэтгүүл болон Харуулын Цамхаг Нийгэмлэгийн бусад хэвлэлд үе үе нийтэлдэг. Эдгээр үнэнч хүмүүсийн итгэлийн талаар эргэцүүлэн бодох нь биднийг эцсээ хүртэл тэвчихэд түлхэц болдог. Мөн Еховад үнэнч үйлчилдэг ойр дотны найз нөхөд, төрөл төрөгсдийн маань тусламж дэмжлэг юутай үнэтэй вэ! Тийм ээ, амийн төлөөх гүйлтэд олон юм биднийг урамшуулдаг.

Хурдаа зөв тохируул

14, 15. а) Хурдаа зөв тохируулах нь ямар учраас чухал вэ? б) Урдаа зорилго тавихдаа бид ямар учраас ул суурьтай байх хэрэгтэй вэ?

14 Марафон мэтийн холын зайн гүйлтийн тэмцээнд оролцож байгаа хүн хурдаа зөв тохируулах ёстой. «Хэрэв та хэтэрхий хурдан гүйх аваас буруудна. Яагаад гэвэл үлдсэн сүүлчийн зайгаа та маш удаан, арай ядан туулах юм уу эсвэл замаасаа гарахад хүрнэ» гэж нэгэн сэтгүүлд («New York Runner») бичжээ. Холын зайн гүйлтийн нэгэн тамирчин: «Тэмцээнд бэлдэж байхдаа суусан нэгэн лекц дээр илтгэгч: „Өөрөөс чинь түрүүлээд гүйж байгаа хүнийг гүйцэх гэж бүү хичээ. Хурдаа тохируул. Эс тэгвэл барианд ортол хүч чинь хүрэхгүй болно“ гэж их тодорхой сануулсан юм. Энэ зөвлөгөө намайг барианд ороход тус болсон» гэж дурсан ярьжээ.

15 Амийн төлөөх гүйлтэд Бурхны үйлчлэгчид бүх хүчээ дайчлах ёстой (Лүүк 13:24). Гэтэл дагалдагч Иакоов «Дээрээс буух мэргэн ухаан нь... ул суурьтай» гэж бичсэн байна (Иакоов 3:17). Бусад хүмүүсийн эерэг сайн жишээ биднийг илүү ихийг хийхэд урам зориг болох боловч, ул суурьтай хандах нь өөрийнхөө чадал чансаа хийгээд нөхцөл байдалд тохирсон ухаалаг зорилго өмнөө тавихад маань туслах болно. Ариун Бичээс бидэнд: «Хүн бүр өөрийн үйл хэргийг шалгая. Тэгвэл магтаал нь бусдад биш зөвхөн өөрт чинь байх болно. Учир нь хүн бүр өөрийн ачааг үүрнэ» гэж сануулдаг (Галат 6:4, 5).

16. Даруу байх нь биднийг хурдаа зөв тохируулахад хэрхэн туслах вэ?

16 Мика 6:8-д (ШЕ): «Өөрийн Бурхны өмнө даруухан явахаас... өөр юуг Ехова чамаас шаарддаг вэ?» гэсэн эргэцүүлэн бодохоор үгс бичээстэй буй. Даруу байна гэдэг нь бид өөрсдийнхөө боломж бололцооны хэмжээ хязгаарыг ойлгож мэднэ гэсэн үг юм. Биеийн эрүүл мэнд муудах болон нас хөгшрөх зэрэг нь Бурханд үйлчлэх боломжийг маань ямар нэг хэмжээгээр хязгаарлаж болох уу? Үүнээс болоод сэтгэлээр унах хэрэггүй. Ехова бидний хүчин чармайлт ба золиосыг «байхгүйгээр нь биш, байгаагаар нь» харж хүлээн авдаг (2 Коринт 8:12; Лүүк 21:1–4-ийг харьцуул).

Шагналд анхаарлаа хандуул

17, 18. Есүс тарчлаах шонд хадаатай байхдаа тэвчээрээ хадгалахад нь тусалсан юу уруу ширтэн харж байсан бэ?

17 Амийн төлөөх гүйлтэд тэвчээртэй байдлаа хадгалах нь маш чухал гэдэгт Коринтын христосын шашинтнуудын анхаарлыг хандуулан, коринтчуудын тэмдэглэхдээ мөрддөг байсан Истмийн наадмын өөр нэгэн төрлийг Паул дурссан. Энэ наадамд оролцогчдын талаар Паул бичихдээ: «Тэд муудах навчин титмийг хүртэхийн төлөө, харин бид үл муудах титмийн төлөө [гүйдэг] юм. Тиймээс би ямар ч зорилгогүй мэт бус, зангидсан гараараа агаарыг хий цохиж байгаа мэт бус гүйдэг» гэжээ (1 Коринт 9:25, 26). Эртний тэр тэмцээнд ялалт байгуулсан хүн нарсны юм уу эсвэл өөр модны навчаар хийсэн титэм, тэр ч байтугай хатсан зэрлэг цоохор майлзын «муудах навчин титэм»-ийг шагнал болгон авдаг байжээ. Харин эцсээ хүртэл тэвчсэн христосын шашинтныг юу хүлээж байв?

18 Бидний Жишээ Есүс Христийн тухай Паул: «Хүлээн буй баяр баясгалангийнхаа төлөө тэрбээр гутаалтыг эс тоон, тарчлаах шонд байхдаа ч тэвчээрээ хадгалсан бөгөөд Бурхны сэнтийн баруунтайд залран суусан юм» хэмээн бичжээ (Еврей 12:2, ШЕ). Есүс тарчлаах шонгоос цаашихыг харж байсны ачаар хүнийхээ амийн эцсийг хүртэл тэвчсэн юм. Тэрбээр Еховагийн нэрийг ариусгахад тус дэм болох, хүн төрөлхтнийг үхлээс зольж авах хийгээд дуулгавартай хүмүүсийг диваажин дэлхийд мөнх аминд хүргэх Хаан хийгээд Ахлах тахилчийн ёсоор захирах зэргийг ухамсарлан ойлгосноос баяр хөөр болохыг өөртөө багтаасан шагналаа ширтэн харж байлаа (Матай 6:9, 10; 20:28; Еврей 7:23–26).

19. Бид христосын шашинтны дагалдагчийн замаар замнахдаа юун дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй вэ?

19 Христосын шашинтны дагалдагчийн замаар замнаж яваа биднийг хүлээж буй баяр баясгалангийн тухай бодоцгооё. Ехова бидэнд Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг дэлгэрүүлж, бусдад Библид байдаг авралын мэдлэгийг дамжуулахыг даалгасан бөгөөд энэ нь бидэнд гүн таашаалыг авчирдаг юм (Матай 28:19, 20). Жинхэнэ Бурхныг таньж мэдэхийг хүсдэг хүнийг олж, түүнд амийн төлөөх гүйлтийг эхлэхэд нь туслах хэчнээн сайхан бэ! Дэлгэрүүлж байгаа хүнийхээ зүгээс ямар нэгэн талархал, нааштай хандлага хүлээхгүй байлаа ч Еховагийн алдар нэрийг ариусгахтай холбоотой ажилд оролцоно гэдэг бол нэр төрийн хэрэг мөн. Хэсгийнхээ хүмүүсийн зүгээс үзүүлэх эсэргүүцэл хийгээд хайхрамжгүй хандлагыг нь эс тоон, Бурхандаа тэвчээртэйгээр үйлчлэх юм бол бид Еховагийн зүрх сэтгэлийг баярлуулах бөгөөд үүгээрээ сэтгэлийн таашаал эдлэх болно (Сургаалт үгс 27:11). Харин түүний бидэнд амлаж байгаа агуу их шагнал бол мөнхийн амь бөлгөө! Ямар сайхан аз жаргал вэ! Бид энэхүү ивээлийн зүг нүд цавчилгүй ширтэн харж, гүйлтээ зогсолтгүй шаргуу үргэлжлүүлэх хэрэгтэй.

Төгсгөл ойртож байгаа цаг үед

20. Бариа уруу ойртохын хирээр амийн төлөөх гүйлтийг юу хүндрүүлж болох вэ?

20 Амийн төлөөх гүйлтэд оролцож байгаа бидний хувьд гол дайсан болох Сатан Диаболыг эсэргүүцэх хэрэгтэй. Төгсгөл уруу ойртохын хирээр Сатан биднийг бүдрүүлэх юм уу гүйлтийг маань сааруулахыг цөхрөлтгүй оролдож байна (Илчлэлт 12:12, 17). Эргэн тойронд маань «төгсгөлийн цаг үеийн» онцлог шинж болох дайн самуун, өлсгөлөн гуйланчлал, өвчин тахал болон өөр бусад зовлон дарамт байгаа нөхцөлд Хаанчлалыг идэвх зүтгэлтэй, үнэнч дэлгэрүүлэгч хэвээрээ үлдэнэ гэдэг амаргүй (Даниел 12:4, ШЕ; Матай 24:3–14; Лүүк 21:11; 2 Тимот 3:1–5). Түүнээс гадна төгсгөл нь бидний бодож байснаас, ялангуяа бид гүйлтээ хэдэн арван жилийн өмнө эхэлсэн бол, бүр удаашраад байгаа юм шиг санагдаж болох юм. Гэхдээ төгсгөл ирнэ гэдгийг Бурхны Үг батлан илэрхийлдэг. Төгсгөл саатаж хоцрохгүй гэж Ехова хэлдэг. Төгсгөл аль хэдийнээс харагдах болсон (Хабаккук 2:3; 2 Пэтр 3:9, 10).

21. а) Амийн төлөөх гүйлтэд биднийг юу хатуужуулах вэ? б) Төгсгөл ойртсон өнөө үед бид яах ёстой вэ?

21 Тэгэхлээр амийн төлөөх гүйлтээ амжилттай дуусгахын тулд Еховагийн хайраараа биднийг сүнслэгээр хооллож байгаа тэр зүйлээс бид хүчийг олж авах ёстой. Тэрчлэн бид гүйлтэд мөн адил оролцдог итгэл нэгтэй ах дүүстэйгээ тогтмол харьцаатай байж, түүгээрээ урамшин зоригжиж байх хэрэгтэй. Тэр ч байтугай хүчтэй хавчилт юм уу урьдчилан хараагүй нөхцөл байдал гүйлтийг маань хүндрүүллээ гэхэд бид эцсээ хүртэл тэвчиж чадна. Учир нь Ехова бидэнд «хязгаар давсан хүчийг» өгдөг (2 Коринт 4:7). Биднийг замаа ялгуусан амжилтаар дуусгаасай гэж Еховагийн хүсдгийг мэдэх нь ямар их найдвар төрүүлнэ вэ! «Хэрэв бид шантрахгүй бол цаг нь болохоор хурааж авна» гэдэгт өчүүхэн ч үл эргэлзэн, «урьдах уралдаандаа тэвчээртэйгээр» тууштай гүйцгээе (Еврей 12:1; Галат 6:9).

Давтах асуулт

◻ Бид ямар учраас эцсээ хүртэл тэвчих ёстой вэ?

◻ Еховагийн ямар бэлгийг бид үл тоомсорлож болохгүй вэ?

◻ Хурдаа зөв тохируулах нь яагаад чухал вэ?

◻ Гүйлтээ үргэлжлүүлж байгаа биднийг ямар баяр баясгалан хүлээж байгаа вэ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах