Ургуулъя гэвэл үрийг услах хэрэгтэй
1. Юуг усалбал ургадаг вэ?
1 Талбайд суулгасан үрийг ургуулъя гэвэл услах хэрэгтэй. Үүнтэй адилаар, хэсгийнхээ хүмүүсийн зүрхэнд суулгасан үнэний үрийг ургуулахын тулд услах учиртай (1 Кор. 3:6). Бэлгэдлийн үрийг үндэслүүлж, ургуулж, жимс ургуулъя гэвэл давтан уулзаж, Бурхны Үгээр услах шаардлагатай.
2. Дараа уулзах үндсийг хэрхэн тавих вэ?
2 Асуулт тавих: Оршил үгийн зэрэгцээ сонирхол татахаар асуулт бэлдэх нь сайн. Тэр асуултынхаа хариуг өгөхийн тулд давтан уулзана гэсэн үг. Асуултаа ярианыхаа төгсгөлд тавиад дахиж хэзээ уулзахаа тодорхой товлоорой. «Библийн сургаал» номоос асуулт сонговол Библийн хичээл яаж хийдгийг үзүүлэх боломж гардаг сайн талтайг олон дэлгэрүүлэгчийн туршлага харуулдаг.
3. Анх уулзаад юу юу тэмдэглэх нь сайн бэ?
3 Тэмдэглэл хийх: Ярилцаж дуусмагцаа цаг гарган тэмдэглэл хийгээрэй. Тухайн хүний нэр, хаягийг бичээрэй. Бас уулзсан сар, өдөр, цаг, ярилцсан сэдвээ бичих нь сайн. Хэвлэл өгсөн бол ямар хэвлэл өгснөө тэмдэглээрэй. Ямар шашин шүтдэгээ хэлсэн үү? Гэр бүлтэй юү? Юу сонирхдог, юунд санаа зовдгоо хэлсэн үү? Иймэрхүү зүйлийг тэмдэглэж авбал давтан уулзалт хийхдээ тухайн хүнд тохирох сэдвийг сонгоход тус болно. Түүнчлэн, хэзээ уулзах, ямар асуултад хариулахаар болсноо бичээрэй.
4. Сонирхсон хүнд туслахын тулд цөхрөхгүй байх хэрэгтэйн учир юу вэ?
4 Цөхрөхгүй байх: Сатан хүний зүрхэнд суулгагдсан «үгийг зайлуулах» гэж улайран зүтгэдэг (Марк 4:14, 15). Тиймээс сонирхсон хүнтэй дахин уулзах амаргүй байлаа гэхэд бүү шантраарай. Захидал юм уу зурвас бичиж ирээд үлдээвэл яадаг бол? Нэг эхлэгч нэг эмэгтэйтэй гэрийнх нь үүдэнд Библийн хичээл хийжээ. Гэвч дараа нь гэртээ байхтай нь огт таарахгүй байж. Тэгэхлээр нь өнөөх эмэгтэйд захидал бичсэн байна. Хожим нь түүнийг гэртээ байхтай нь таарч уулзахад эмэгтэй өөрт нь тийн санаа тавьсанд их баярласнаа хэлжээ. Үнэний үрийг усалбал үндэслэж ургаад «гуч, жар, зуу дахин их үр жимс гаргахыг» нь үзэж, баяр баясгалан эдэлнэ (Марк 4:20).